Наадам сайхан

mail_final

…Наадам сайхан. Монгол хүн монгол наадамдаа монгол гэдгээ мэдрэх гэж л очдог. Дээл хувцсаар гоёсон бие биенээ харах гэж, уулзалгүй удсан нэгэнтэйгээ уулзах гэж, бас ч сонин сайхан зүйл ярих гэж, бас өөрийгөө бусдад харуулах гэж наадамд очдог. Уртын дууны шуранхайд сэтгэл уярч, монгол төрийн дуулалд цээж огшиж нулимс чийглэх гэж, талбай дүүрэн хангинах цагаан хоолойн чимээг сонсох гэж наадамд очдог. Идэр залуус барилдахыг харах гэж, хэн нэгнийг өвдөг шороодох мөчид уулга алдах гэж, сэтгэлдээ сэмхэн харуусах гэж наадамд
очдог. Хурдан хүлгүүд барианд орохыг харахдаа самсаа шархирах гэж, хүүхэдгүй морь барианд ороход нь өрөвдөн хайлах гэж, хурдтай соёолонгийн тооосонд даруулан сэтгэлээ аргадах гэж наадамд очдог. Эрхий мэргэн харваачдын оночыг харах гэж, эртэй хүмүүний цэц мэргэнийг бахдах гэж, энгүй талдаа дуурсах уухайн түрлэгийг сонсох гэж наадамд очдог.
…Наадам сайхан. Энэ тэрүүгээр холхиж, инээд баяслаар бусдыг уриалах гэж, эвлэгхэн хэрнээ намбалагхан алхаж бусдын харааг булаах гэж наадамд очдог.

Халуун хуушуураар хурууны өндөгөө хайрах гэж, ‘халхай’ гэж уулга алдан бусдын анхаарлыг татах гэж, хазлан хазалж амтыг нь баяр хөөрөөр хачирлан байж идэх гэж наадамд очдог. Айргийн амтанд согтох гэж, аалигүйтэн бусдыг өдөх гэж, учиргүй инээд алдан халамцах гэж наадамд очдог. Бие биенээ харан сэтгэл баясах гэж, бид цөмөөрөө адилхан монголчууд шүү дээ гэж  бардамнах гэж, бас бусдад монголоороо гайхуулах гэж наадамд очдог. Шинээр төрсөн хүүхдээ бусдад харуулах гэж, сэмхэн түүгээрээ гайхуулах гэж, сэтгэлдээ түүнийгээ баярлуулах гэж наадамд хөтөлж очдог. Хайртай хүнээ бусдад харуулах гэж, хөтлөлцөн алхаж бусдад гайхуулах гэж, түүнд ямар их хайртайгаа бусдад нотлох гэж дагуулж очдог. Үндэсний хувцсаараа гоёх гэж, өөрийнхөө жавхааг бахдуулах гэж, тэр л өдөр бусaдтай ижилсэх гэж наадамд гоёж очдог.
…Наадам сайхан. Харьд байлаа ч эх орноо дурсах гэж, харшиж ядарч байвч сайн яваагаа харуулах гэж, сэтгэл зүрх минь монголоороо байгаа гэдгээ нотлох гэж наадамд очдог. Салхинд хийсэх төрийн далбаандаа сүслэх гэж, сайхан монгол дуундаа уярч хайлах гэж, салхины сэвшээнд хийсэх үсээ сэтгэлтэйгээ хамтад илбэх гэж наадамд очдог. Халуун наранд урсах хөлсөө арчих гэж, хэнтэй ч хамаагүй баярласан сэтгэлээ хуваалцах гэж, хэн нэгний инээд алдсан хөөрхөн царайг харах гэж наадамд очдог. “Сайхан наадаж байна уу?” гэж тааралдсан
хүнтэйгээ мэндлэх гэж, бусдын гоёлыг сонжих гэж, монгол хувцасны донжийг мэдрэх гэж наадамд очдог. Сүүдрэвчин дор тухлах гэж, зүлэг ногоонд хөлийнхөө улыг гижигдүүлэх гэж, ам цангасан мөчид хүйтэн ундаа залгилах гэж наадамд очдог. Ханиа сугадан хүүхдээ хөтөлж, хамтдаа цэцэг шиг найгах гэж, хааяадаа бусдын өмнө эрхэлж хайрын үгээр бие биенээ өхөөрдөх гэж, халуун сэтгэлээ наранд хөлслөн байж эврээх гэж наадамд очдог.
…Наадам сайхан. Энэ л өдрүүдэд бид гагц монголоороо гоёдог. Бас монголоороо гайхуулдаг. Эв нэгдлээ энэ л өдрүүдэд илэрхийлдэг. Тал дүүрэн найгах цэцэгс шиг гоёсон монголчуудыг, талбай дүүрэн сонсогдох инээд баяслыг, тэнгэрт эгшиглэх уртын дууны аялгууг, уухайн түрлэг уулга алдах аялгуут чимээг дэлхий дахин энэ л өдөр гайхан гайхан биширдэг.
Монгол наадмаас нь салгачих юм бол монголчуудыг хэн таних юм бэ? Энэ л өдрийг бид сэтгэлээ чилээн байж жил хүлээдэг. Энэ л өдөр монголоороо гоёх гэж наадамд бид очдог.
Их л олон жилийн ой давхацсан бэлэг дэмбэрэлтэй монгол наадмын мэндийг монголчууд та нартаа дэвшүүлье.

САЙХАН НААДААРАЙ. МОНГОЛ ТӨРИЙН СҮЛД ИВЭЭГ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-07-09

Share Your Thoughts