“Надад хэлэх үг байна-3” \Чикаго\ эхний хэсэг

Нэгэн зүйл:
Ард олны сонголтоор Төр барих эрхээ авч, тэдний өмнөөс шийдвэр гаргаж, олон түмний мөч тутамд төлж буй татварын мөнгийг зөв сайнаар зохицуулан зарцуулах нь Төрийн эрх баригчдын үүрэг юм. Монгол оронд “Төрийн гурван өндөрлөг” гэж Монгол Улсын Ерөнхийлэгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг хүндэтгэн нэрлэдэг. Тэр ч байтугай тэр хүмүүсийн эхнэрүүдийг нь хүртэл “Тэргүүн хадагтай” гэж өргөмжилнө. Бодвол “орон дотроо” ч сэтгэл зовоож байгаа асуудлаар “зөвлөлдөж”, шийдвэр гаргахад нөлөөлөх нөлөөллийг нь бодолцдог байх.
Монголчууд бид, одоо цагт хүн болгон “дарга” болохыг хүсэцгээж, энэ ажлыг их амархан хийж болдог, дээр нь баяжих боломжтой гэж үзэж, ичгүүр сонжуураа алдаад байгаа болохоос , “дарга” -ын ажил хүн болгон хүсч хийгээд, бас чадаад байх ажил биш л дээ. Гол учир нь гаргасан шийдвэр, хийж гүйцэтгэсэн ажил, үйлдэл, хувийн ёс суртахуун, олон нийтийн өмнө биеэ авч явах байдлынхаа төлөө ХАРИУЦЛАГА хүлээх зарчимдаа л байгаа юм. Нэгэнт эрх мэдэлд хүрсэн бол бүх талаараа бусдыг үлгэрлэж, гаргаж буй араншин, үйлдэл нь олон нийтийн өмнө ил тод байх шаардлагатай учраас олон нийтийн танил болдог. Түүнээс биш бидний одоо харж дүгнээд, өөрсдийнх нь итгээд байгаагаар тэд “од” бол огтхон ч биш.
Харин өнөөгийн Монголд минь ХАРИУЦЛАГА гэдэг зүйл огт үгүй болсноос л эрх мэдэлтнүүд “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж” байгаа юм. Тэд өөрсдийн үүрэг хариуцлагаа умартаж, олон нийтийн эрх ашгийг “нулимж”, хүмүүсийн татвараар төлсөн мөнгийг “өөрийнх нь хувийн” мэт бодож, огт ичиж зовохгүйгээр хулгайлан завшиж, Монгол Улсыг хувийн нэг компани мэт “андуурч” будилах болж. Энэ эрээ цээргүй байдлынхаа төлөө огт ХАРИУЦЛАГА хүлээхгүйгээр барахгүй, элдэв хуулийн хамгаалалтаар өөрсдийгөө хаацайлж байна. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэгчлэн “нэг тэрэгний адил дугуйнууд” бие биеэ хамгаална. Хэрвээ хэн нэг нь илчлэгдэн ХАРИУЦЛАГА хүлээх аваас дараа нь өөрийнх нь ээлж ирнэ гэдгийг сайн мэдэж байгаа болохоор тэд ингэж “тэнэгтээд” байгаа хэрэг.
ЖИШЭЭ:
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр, нэгэн цагт ТӨХ-ний даргаар ажиллаж байхад нь, одоо илчлэгдээд байгаа МИАТ-ын завшилын хэрэг үүссэн болохоор “холбогдолтой” гэж үзээд байгаа Д.Сугарын тухай баримтууд нийтлэгдэж байна. “Ядахад яр ” гэдгээр Д.Сугар нь яаж ч яваад “Үндсэн хуулийн цэц” хэмээх “ариун дагшин” асар хариуцлагатай албан тушаал дээр ажилладаг болчихсон юм, бүү мэд. Анд нөхдүүд нь түүний албан тушаалыг түдгэлзүүлж, доорхи баримтуудыг нягтлан шалгуулахаас татгалзаад байгаа юм байна. Бодвол түүнийг “ариун цагаан тагтаа” гэж боддог юм байлгүй дээ. Эсвэл ав адилхан “хар хэрээ” нүүд байх. Баримтуудыг хуулбарлавал:
-Д.Сугар нь Хонгконгийн NSBC банкнаас 2 удаа гүйлгээ хийж О.Тамирын хувийн данс руу 2007 оны 7 сарын 16 нд 199 941$, 8 сарын 10 нд 116 956$ тус тус шилжүүлжээ.
-Япон дахь МИАТ-ийн төлөөлөгч байсан Ч.Хоролсүрэн 2008 оны 5 сарын 22 нд Токиогийн Adachi дүүргийн Shinden хэмээх баячуудын дүүрэгт 48 сая иеэнийн үнэтэй байр худалдаж авчээ. Байрны үнэ болох 48 сая иеэнийг Ч.Хоролсүрэн, барилгыг барьсан Towa Real Setate Development компаны дансанд шилжүүлсэн гэнэ. Харин үүний дараа Д.Сугар эхнэрийн хамт уг компаниас шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ.
эх сурвалж: http://politics.news.mn/content/137495.shtml
-Харин үүний дараа, Д.Сугарыг Солонгос Улсын Чежу арал дээр хувийн байшин худалдаж авсан тухай баримт бас гарсан байлаа.
Д.Сугар бол Монголын төрд байгаа архагшсан авилгалчдын жижигхэн жишээ. Үүний цаана маш олон “Улсаасаа хулгайлдаг” улстөрч нэртэй завшигчид байгаа.Тэд “аалзны тор” мэт ийм сүлжээ үүсгэн сүлжилдсэн болохоор бие биенээ хаацайлдаг. Тэд энэ торны нэгээхэн хэсэг нь тасрахаас айж байна. Чухамдаа байдал ийм байгаа болоод л Монгол Улсын хөгжил цаасан дээр “хурдацтай өсч” байхад ард олны амьдрал ядуурч, хүмүүс уур бухимдалдаа цухалдаж байна. Энэ ХАРАНХУЙ ЗАСАГ биш гэж үү?
Нэгэн зүйл:
Монголын Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос баталсан “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” хэмээх албан бичиг 3 сарын 15 ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэв. Энэхүү журамд 774 үг жагсаагджээ. Жагсаалтад бичигдсэн эдгээр үгнүүдийн тусламжтайгаар монголчууд бид бусдыг харааж зүхэх арвин баялаг үгсийн цуглуулгатай болов. Эдгээр жагсаалтыг хүмүүс, кодлогдсон байдлаар хэрэглэж олон нийтийг ч хөгжөөж байгаа. Жишээ нь: “Чи битгий 1”, “Улстөрчид бол 774 шүү” гэх мэтчилэн. Хэн нэгэнд 120 \санхүүгийн дэмжлэг үзүүлнэ\, Хэн нэгнээс 119 \санхүүгийн дэмжлэг авна\.Энэ жагсаалтын 740 дугаарт байгаа “Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс” гэдэг үгний хажууд Ардчилсан Солонгос Улсын Ерөнхийлэгчийн зургийг тавиад “Би яасан юм бэ?” гэж гэж эвлүүлсэн хошин зураг фейсбуук дээр тавигдсан байлаа. Энэ бүхэн энэ шийдвэрийг гаргасан эрхмүүдийн мэдлэггүй, арчаагүй, болхи байдлыг л илчилж, шоолох шалтаг нь болж байна.
эх сурвалж: http://www.shuum.mn/news/newsid/14091/catid/17
Аливаа зүйлийг судалгаагүй, бодлогогүй, сэтгэлийн хөөрлөөр, баримжаагаар хийх нь хүмүүсийн доог тохууны “бай” болдог. Ийм хариуцлагатай шийдвэрийг ядаж олон нийтийн сэтгэхүйг харгалзан, мэргэжлийн хүмүүсийн санал бодол, зөвлөлгөөг авч байж гаргаж болноо доо. Шийдвэр гаргах эрх мэдэл дээр байгаа хүмүүс өөрсдийгөө “бусдаас илүү ухаантай” гэж боддог, “ажил хийсэн болж” бусдад харагдах гэдэг мунхаглал, хожмын муу үр дагаврыг ч олж харахгүй “тэнэглэл” -ийн жишээ энэ. Зарим эрх мэдэлтнүүдийн тайлбарлаж байгаагаар энэ 744 үг нь албан ёсны биш бөгөөд эдний жагсаалтад 200 орчим үг байгаа гэх. Гэтэл яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр ийм барим тавим мэдээлэл гарав? Албан ёсоор хориглосон үгнүүдийн жагсаалт одоо болтол олон нийтэд ойлгомжтой байдлаар яагаад тайлбарлагдсангүй вэ? Олон нийтийн доог тохуу болгоод байгаа энэхүү жагсаалт нь “албан ёсны бус” юм бол, үүнийг мэдээлсэн мэдээллийн хэрэгслэлүүдэд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Эсвэл өөрсдөө яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? “Бушуу туулай борвиндоо баастай” гэж нэг үг бий дээ.
эх сурвалж: http://news.gogo.mn/r/119879
Би энэ үйлдлийг харахдаа “өнөөгийн эрх баригчид, өөрсдийнх нь хууль бусаар баяжиж байгаа, хуйвалдан завшиж Монгол орны эрх ашгийг умартаж байгаа муу үйлдлийн төлөөх олон нийтийн бухимдлын бүдүүлэг илрэлийг өөрсдөөсөө холдуулах арга” гэж ойлгож байна. Үнэхээр олон нийтийн сэтгэл зүй болон харилцаа, хэлний соёлд анхаарах гээд байгаа юм бол боловсролын салбрын шинэчлэлдээ илүү анхаарал хандуул л даа. Дунд сургуулиудад уран зохиолын хичээлийг нь олон цагаар оруулж яруу тансаг хэллэг, тэнгэр мэт гүн утга, далай мэт үгсийн арвин сангаас сургахад анхаарч болно доо. Заавал үг хэллэгт хяналт тавих гэж “дурлаад” байгаа юм бол, хошин шог болон телевиз, элдэв мэдээллийн хэрэгслэлийн бүдүүлэг замбараагүй “модон хэллэгт” нь хяналт тавь л даа. Өөр хийх шаардлагатай, хийж болох олон ажлууд та нарт байгаа шүү дээ. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив” гэдэг үг бий.
Бид архичинтайгаа тэмцэх гэж архийг хориглож үзлээ, архичдыг бөөнөөр нь хорьж үзлээ, архины үнийг нэмж үзлээ, аргаа бараад хууль гаргаж үзлээ, дийлсэнгүй. Харин архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй хүмүүс л “мөнгөө тоолж барахгүй баян, хүнээ танихгүй ямбатай” болцгоов. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Авилгалтай тэмцэх гэж алба байгуулж үзлээ, адгийн заримыг нь хорьж үзлээ, адаг сүүлд нь суллаж үзлээ, хөрөнгийг нь мэдүүлж үзлээ, хүмүүсээс мэдээлэл авч үзлээ, барсангүй. Арга нь нарийссан авилгалчид хуулиар өөрсдийгөө хамгаалж, хам хэрэгтнүүдтэйгээ “анд бололцож”, хамаг хөрөнгө, мөнгөө гадагшаа зөөж, улс Монголыг минь сэглэж гүйцэв. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Одоо сэтгэгдэл нэрээр хэлэх үгийг нь хязгаарлаж эхлэв, хараал зүхлийг кодлож өгөв, хууль журмаар сүрдүүлж нэрлэв. Хэн ч хариуцлага хүлээхгүй. Энэ ХАРАНХУЙ ШИЙДВЭР биш гэж үү? Энэ асуудлаар нийтлэлч Цэнддоогийн бичсэнтэй санал нэг байна.
эх сурвалж: http://tsenddoo.niitlelch.mn/content/4934.shtml
Нэгэн зүйл:
Сүүлийн өдрүүдэд мэдээллийн хэрэгслэлүүд болон фейсбуукээр, бурханаар бөөлжиж байгаа Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг залуухан бүсгүйн тухай мэдээллээ. Удаа дараа, завсарлагатайгаар 20 гаруй бурхан, 2000 гаруй чулуу “төрүүлсэн” энэ бүсгүйн, зөвхөн шээсний сүвээр 9 кг цул чулуу гаргасныг нь “эрдэнэ” мэт нандигнан хадганд ороогоод тавьчихаж. “Гал гаргадаг” Өнөрмаа, харь гаригийнхантай ярилцдаг Дашцэрэн, “Алтан цөгц”-ний Дожоодорж гээд “юу эсийг үзсэн” монголчууд маань энэ асуудалд янз бүрээр л хандаж байна. Зарим нь “энэ бол тэнгэрийн умдаг” шахуу тайлбарлаж, хувь заяа, хөгжил дэвшлийн асуудлыг ч хөндөх янзтай. Харин нөгөө хэсэг нь , энэ үзэгдэл “халдварласан”ы учраар элдэв зүйлсээр “бөөлжиж”, эгдүүцлээ илэрхийлж байна. Тэр бүсгүйн “бөөлжиж” байгаа бурханыг ажваас, их л нарийн хийцийн бурхан байв. Тайлбарлаж байгаа бүсгүйн сэтгэлийн халилаар бол, “төрж” байгаа бурхан нь эхэндээ сааралдуу өнгөтэй байж, аажимдаа ногоорон, алсдаа алтрах маягтай юм уу даа. Бас төрөнгүүтээ “ээждээ” нэрээ шивнэдэг гэнэ. Хөөрцөглөж байгаа нь ч, харж байгаа нь ч адилдаа адил.
эх сурвалж: http://www.sonin.mn/video/show/612
Бид нээрээ ерөөсөө хашрахгүй юм даа. Өдөр болгон зурхай тольдож, явах зам мөрөө шийднэ. Их мөнгөний зураг дамжуулж “баяжих даллага” -д уриална. “Энэ захиаг дамжуулахгүй бол муу юм учирна” гэж сүрдүүлнэ. Гэртээ сууж байгаад “ханийн даллага авахуулж”, хэзээ нэгэн цагт гэрт нь орж ирэх Юндэн гөөгөөг хүлээнэ. Даллаад л дуудаад л суугаад байхад их мөнгөтэй, эр сайхан нөхөртэй болохыг мөрөөдөж хүлээнэ. Ажил хийхгүй, хүнийг хайрлахгүй, өөртөө итгэхгүй. Хүлээгээд л хүлээгээд л, хүссэн нь биелэхгүй бол бухимдаад, хэн нэгнийг хараагаад л… Хөдөлмөрлөж зүтгэж сайхан амьдарч байгаа нэгэндээ атаархаж хорсоод, хараал хийлгэж хорслоо тайлна. Амьдралд бол “шидэт саваа”, гэнэтийн аз тохиол, далд хүч, тэнгэрийн ивээл аз жаргал авчирдаг гэж үнэн голоосоо итгэх. Улс орныхоо хөгжилд ч хүртэл “алтан цөгц”, “харь гаригийнхан”, “бурханы бөөлжис” л нөлөөлнө гэж итгэж хүлээнэ. Яг л энэ Засгийн Газрын тарааж байгаа бэлэн мөнгөө хүлээх мэт. Өөртөө ч өрөөлд ч ер юунд ч итгэхгүй хэрнээ “сохор аз”- анд, хүн итгэхийн аргагүй зүйлд л итгэнэ. Тэр шинжлэх ухаан ч яамай байнаа гэцгээнэ. Энэ ХАРАНХУЙ СЭТГЭЛГЭЭ биш гэж үү?
Уг нь олон нийтийн ийм харанхуй бүдүүлэг байдалд Төр Засаг анхаарах учиртай юм шүү дээ. Энэчлэнгээр хичнээн олон зальхай хүмүүс энэ харанхуй мунхаг байдал дээр эрээ цээргүй бизнес хийн баяжиж байна. Ердөө л улаан цайм луйвар. Хэн нэгний зохиосон цаасан бурхан, элдэв далд хүч, арга засал, мэргэ төлгөнд эгэл жирийн хүмүүс ямар их мөнгө зарцуулж байна вэ? Сүүлдээ ийм хүмүүс эрээ цээрээгээ алдан шинжлэх ухаанаар хүртэл тохуурхаж байхад манай Төр Засаг л таг чиг. Хааяадаа хэдэн сэтгүүлчид,телевизийн хөтлөгчид л тэдэнтэй “ярилцаж” зугаагаа гаргах юм. Төр Засгийн үүрэг нь, эгэл жирийн хүмүүсийн мунхагаас үүдэлтэй” хохирол”ыг хамгаалж байх явдал юм шүү дээ. Үүний тулд шинжлэх ухааныг ашиглан “буруу, зөв”, “үнэн худал”-ыг ялган салгаж, олон нийтэд ухуулан тайлбарлаж, буруутай завшигчдад хариуцлага хүлээлгэж байх ёстой. Юун сэтгэгдэл?
Төгсгөлд нь:
“Ямар ард түмэн байна, тийм төр буй” гэж ишлэдэг. Олон нийт хэр хэмжээгээр харанхуй мунхаг байна, биднийг удирдаж байгаа төр мөн тийм байх нигууртай. Төр Засгийн эрхийг барьж байгаа эрхмүүд өөрсдөө мунхаг харанхуй байх тусмаа, олон нийтийг тийм байлгахыг хүсдэг аж. Тийм болохоороо тэд ард олонд, оюутан сурагчдад “бэлэн мөнгө” тарааж, тэднийг арчаагүй залхуу, архичин шоучин болгож байна. Ард олны мухар сүсгийг улам ихээр бадруулахын тулд, өөрсдөө энд тэнд бурхан бүтээж, шавар суваргуудыг босгож байна. Бас “араа даадаг” ламтай болж, ажил үйлсээ асуудаг мэргэчтэй болж, аргалүүлж ширэглүүлдэг бөөтэй болж “сүрийг үзүүлж байна. Нээрээ заримдаа харах ахул бидний оюуны мэлмийг мунхагийн “хар сүүдэр” таглаж орхисон мэт.
ЯМАР Ч БҮГЧИМ ЮМ БЭ ДЭЭ? НААД ХАР ХӨШГӨӨ ЯРААД ЦОНХОО ОНГОЙЛГООЧ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-03-27

Share Your Thoughts