“Надад хэлэх үг байна-3” \Чикаго\ үргэлжлэл

IMG 1987

6. Б.УРТНАСАН   \Prodee University Los-Angeles,CA\

“МОНГОЛ ХҮНИЙ УХАМСАР, СОЁЛ, ХҮНЛЭГ ЧАНАРЫГ БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН ӨӨРЧЛӨХ НЬ”
*Манай ард түмэнд сайн чанар олон байгаа ч хууран мэхэлдэг, цаг барьдаггүй, залхуу,  хээл хахуулд идэгдсэн гээд тоочоод байвал олон муу шинжийг бид агуулсан байгаа нь “гашуун ч гэсэн үнэн” гэдэгтэй санал нийлэхгүй хүн цөөхөн болов уу? Мэдээж аливаа зүйлсэд шалтгаан байдаг бөгөөд дээрх ухамсар, соёлын доройтлыг монголчуудын туулж өнгөрүүлсэн түүх, уламжлалтай нь би холбож ойлгодог. Тэдгээрээс дурдвал:

1.Монголчуудын уламжлалт нүүдлийн ахуй амьдрал нь монголчуудыг цаг барих, ажлыг төлөвлөх тал дээр асуудалтай болгосон.
2. Манжийн дарлалд байсан 220 жил монголчуудыг өөрийн толгойгүй, бусдаас хараат байдалд дасгасан.
3. Коммунист дэглэм нь чанарт биш, тоо ширхэгт анхаардаг байсан явдал нь монголчуудын аливаа ажлыг чанартай, сэтгэлээсээ хийх чанарыг үгүй болгож, зөвхөн өнөө маргаашийг бодож амьдрахад хүргэсэн.
4. Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш биднээс, зоосны нүхээр аливааг шийдэх, хууран мэхлэх, бусдаас бурууг хайх зэрэг муу чанарууд гарах болсон бөгөөд улмаар хүнд итгэх итгэлээ алдаж эхэлсэн зэргээр нэрлэж болох юм.

Мэдээж хэрэг “Тамын тогооны үлгэр” гэгчээр дээрх ухамсаргүй чанаруудаас болоод олон олон асуудaлд орж, улмаар бидний өсөн дэвжих, өөдлөх боломжууд хаагдсаар байгаа билээ.
*Тэгэхээр бид цаашид энэ маягаар амьдраад, юу болохыг бурханд даатгах уу? Мэдээж үгүй. Өөрчлөлт хийх, хүмүүсийг ухамсарлуулах, нийгмийг цэвэрлэх цаг болсон гэж бид үзэж байна.
“Эх нь булингартай бол адаг нь булингартай”.  Миний бодлоор хүүхэд багачуудыг төлөвшүүлэх, бие хүн болгох тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Ер нь хүүхдүүд бол хүрээлэн буй орчин, сургуулиараа хүмүүждэг.  Хүүхэд бол яг цагаан цаас шиг байдаг учраас тэдний сэтгэлд буусан зүйл байгаагаараа буюу шууд хүрэх нь элбэг.
2011-2012 оны хичээлийн жилд  Монгол улсад 505 409 сурагчид Ерөнхий Боловсролын Сургуульд  суралцаж байсан бөгөөд 46 749 хүүхэд шинээр элсэн орсон байна.  2008-2009 оны хичээлийн жилд 5-р анги төгсөгчдийг 12 жилийн сургуулийн 7-р ангид дэвшүүлж, шилжилтийн хөтөлбрөөр хичээллүүлэх замаар 5 жилд багтаан бүх шилжилтийг дуусгана.  2008-2009 оны хичээлийн жилд 6 буюу түүнээс дээш ангийн сурагчид шилжилтэд хамрагдалгүйгээр 11 жилээр суралцаж төгсөх юм. 12 жилийн сургуулийн анхны төгсөлт 2014-2015 онд болно. Эдгээр хүүхдүүд нийгэмд ухамсартай иргэд болон өсч чадвал 10 жилийн дараа 1 сая хүн, 20 жилийн дараа хүн амын дийлэнх хэсэг нь ухамсартай төлөвшсөн бие хүн болж чадах юм.
*Тэрээр зарим бодит зүйлийг санал болгон тайлбарласан юм. Үүнд:

1. Хүүхдүүдэд зориулсан сонирхолтой видео хичээл бэлтгэх:
-Юмыг хайрлах
-Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх
-Эцэг эх, эх орноо хүндлэн хайрлах
-Муу зүйлсээс жигшээх  зэрэг сайн үр дүнг авч ирэх болно.
2. Боловсролын системийг сайжруулан өөрчлөх:
-Сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах
-Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
-Багш, албан хаагчдыг урамшуулах
3. Нийгэмд нөлөөлөх:
-Эцэг эх, хүүхдүүдийн хооронд эерэг харилцаа, халамжийг нэмэгдүүлэх
-Сурталчилгаа ухуулга явуулах.
*Дүгнээд хэлэхэд: Мэдээж өөрчлөлт гарахад цаг хугацаа орох боловч, энэ цаг хугацаа бидний ирээдүйг  илүү гэгээлэг болгоно гэдэгтэй би санал зөрөхгүй байна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг бол хоосон үг биш бөгөөд Монгол улсын хувьд хөрсөн дээрх болон доорх толгойн талаар биш, хүзүүн дээрх толгойн талаар эхлээд бодох нь бидний ирээдүй гэж бодож байна. Хүн болгон эрдэмтэн байх албагүй ч тэд хүнлэг чанар ухамсартай байх ёстой. Эцэст нь хэлэхэд бидний Монголын оюунлаг ард түмэн мөнх оршиг.

7. Б.БЯМБАДЭЛГЭР  \Benedictine University Naperville, IL\ 

IMG 2037

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ба ТА”
*Гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл санааны дарамт үзүүлэх, ойр дотныхноос нь хөндийрүүлэх, буруутган гүтгэх, хүүхдээр түрий барих, үйл хөдлөлөөр айлган сүрдүүлэх, хүсээгүй бэлгийн харилцаанд оруулах явдлууд юм.  Бид гэр бүлийн хүчирхийлэл гэхээр, хамгийн түрүүнд архитай холбож, архинд бурууг өгдөг.  Гэвч ШУ бидэнд,  гуравдагчид бурууг өгөхөө больж, “өөрөөсөө бурууг хай” гэдэг болжээ. Хүн дарангуйлах, бусдыг хүчирхийлэх  зан авирыг байгаа орчноосоо сурдаг.  Хүчирхийлэлтэй орчин байж болно гэдгийг үзсэн хүн, хүчирхийлэлтэй орчин байх ёсгүй гэдэгт суралцаж болно. Сурч, засрах боломжгүй зүйл гэж үгүй.  Харин засрахыг хүсэхгүй байх явдал элбэг байдаг.  Засрахыг хүсэхгүй байгаа хүн өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгээ ойлгохгүй, эсвэл мэдэхгүй байгаатай холбоотой. Ийм тохиолдолд хөндлөнгийн туслалцаа заавал хэрэг болдог.

*Бид өнөөдөр юуг засах гээд байна вэ? гэхээр: -Цэцэрлэгийн насны хүүхдүүд бие биетэйгээ айл гэр болж тоглохдоо “Чи манай гэрээс зайл” гэж зүхэж байгааг, -8 настай бага ангийн сурагч “хичээлээ хийгээд, үсгээ цээжлээд хурдхан том болох юм сан” гэх хүүхдийн гэнэн мөрөөдлийнхөө оронд, “намайг хичээлдээ явчихсан хойгуур аав, ээжийг минь зодчих вий” гэсэн айдастай зовинож явааг, – Ирээдүйн Монголынхоо төрийг тулах учиртай өсвөр насныхан маань  аав ээжийн хайр халамж дутсанаас болод татаж байгаа танхиныхаа утаа шиг гутамшигтайгаар согтуу гунхаж явааг, -Сүү шиг сайхан сэтгэлтэй гэгддэг эмэгтэйчүүд нь  “сүнсгүй болчихсон бие” явааг, -Хан уул шиг түшигтэй монгол эрчүүд нь нурах гэж байгаа хашаа байшин шиг болчихсон нийгмийг засах гэсэн юм.
-Статистикийн үзүүлэлтээр 1990 онд Монгол Улсад  1, 127 шүүхийн шийдвэртэй хууль ёсны гэр бүл цуцлалт байсан бол, 2012 оны зөвхөн эхний 6 сард 1, 034 гэр бүл салах өргөдөл шүүхэд өгөгдсөн байна.  1990 онд бид Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш гэр бүл салалт үндсэндээ 50% өсчээ.
* Б.Бямбадэлгэр энэ бүх тайлбрынхаа эцэст  өөрийн санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа  хөтөлбрөө танилцууллаа.
“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ба ТА” сургалтын хөтөлбөр
-Та өнөөдөр хэн бэ?
-Нийгэм болон таны гэр бүлийн уур амьсгал таныг хэн болгосон талаар хэлэлцэж өөртэйгээ бусдын нүдээр танилцах
Сургалтанд
-Аз жаргалтай гэр бүлийн зан чанар
-Гэр бүлийн гишүүд хэрхэн бие биенээ харилцан хүндэтгэх
-Үр хүүхдээ хүндэтгэх
-Хоорондын харилцааг хэрхэн соёлтой байлгаж, санал хүсэлтийг хэлэлцэх вэ?
-Үл ойлголцол, хоорондын зөрчилдөөн  гарсан үед асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
– Амьдрал, таны хүүхдийн нүдээр буюу хүүхдийнхээ хамгийн дотны найз, сайн зөвлөгч байх
-Урмын үг тань хүүхэд бидэнд уураг сүү шиг хэрэгтэй байдаг юм шүү дээ
-Хүүхдийнхээ үгийг бүрэн сонсолгүйгээр загнавал, хүүхэд тань танаас зайгаа бариахд хүргэдэг тул  үгийг нь сонсоод уужуухан учирлаад үзээрэй
гэхчилэн гэр бүлд тулгарч байгаа олон асуудлыг хэлэлцэн , өөрсдөөсөө суралцах юм.
Энэ сургалтад сууснаар та өөрийгөө таньж, хүчирхийлэлгүй орчинд өссөн иргэд минь шинэ нийгмийн үндэс нь болох юм. Тэдний алаг үр нь шинээр ургаж буй цэцгийн дэлбээ болж, ирээдүйд Монголын нийгэм  минь  “Цэцдийн хүрээлэн” болох буй заа.

8. Д.ХИШИГДЭЛГЭР  \Harvard Kennedy School   Arlington, VA\ 

IMG 2189

“ХҮЧИРХЭГ МОНГОЛ ХӨТӨЛБӨР, ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ЗОХИСТОЙГООР ШИЙДВЭРЛЭХ НЬ”
*Хөгжингүй орнуудын эдийн засгийн болон боловсролын шинэчлэлийнхээ хүрээнд энэ тэргүүнд хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийн тоонд, цахим засаглал маш үүрэг нөлөөтэй болох нь улам батлагдсаар байна.  Монгол улсад мэдээллийн технологийн хүчтэй салбар болох цахим бүртгэл, аюулгүйн программ хангамж бол нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд юм. Нийгэм дэх сөрөг үр дагавруудыг засч залруулах, мөн арилгахад үндэсний статистикийн мэдээлэл бодитой байх нь чухал билээ.  Тиймээс миний санал болгож буй “Хүчирхэг Монгол” хөтөлбрийн үндсэн зорилт бол, гадаадад суугаа монгол иргэдэд төрийн мэдээллийг шуурхай хүргэх бөгөөд цаашид сонгуульд оролцох боломжийг нээх, эдийн засаг, бизнесийн салбарт хамтын оролцоог дэмжих,  хүний хөгжилд шалгарсан арга зүйг нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.  Товчоор бол монгол хүн бүр ажилтай, бүтээгч, үйлдвэрлэгч, орлоготой байх төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд энэ хөтөлбөр бүрэн нийцэж байгаа юм.  Хөгжил дэвшил бол зөвхөн шинэ нээлт бус, тэдгээрийг хөдөлгөгч оюун санааг хөгжүүлэх явдал юм. Тиймээс эх орны хөгжилд миний оролцоо бол “Оюуны хөрөнгө оруулалт” гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Цахим Төрийн Үйлчилгээний Төв \ЦТҮТ\. Монгол хүн бүр өөрийн ЦТҮТ өөсөө “хувьцаа” гаа авч бас арилжиж, бизнес, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, төрийн болон олон нийтийн байгууллагуудын үйлчилгээнд эерэг үр дүн нэмэгдэх, харьд суугаа иргэд, үр хүүхдүүдээ “цахим сургууль”д  суралцуулан хэл соёлоо мөнхөд хадгалан үлдээж, Монголын мэдээ мэдээлэл олон улсын хэл дээр цацагдаж, нэг ёсондоо “бум бужигнаж, түм түжигнэсэн”  хүчирхэг цахим ертөнцийг байгуулах явдал билээ.
*Хилийн чанадад буй хэдэн арван мянган иргэдээ эх орондоо эргүүлэн татах, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх  боломжтой. Үүнд:

А. Одоогоор энэ асуудлыг хамаарч байгаа Ерөнхий сайдын “Ажлын алба”-ыг Төрийн захиргааны нэгж байгууллага буюу “Төрийн Хэрэгжүүлэгч Агентлаг” болгох
Б. Хилийн чанад дахь Монголчуудын Иргэний Танхимыг  Ерөнхий сайдын дэргэдэх олон нийтийн байгууллага болгон дээрх асуудлыг хамааруулах. Ингэснээр туршлагатай, боловсролтой, хүчтэй ажлын баг, ажлаа хийх боломжийг бүрдүүлэх юм.
В. Хилийн чанад дахь иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, давхар иргэншлийн асуудал дээр  олон улсын  туршлага судлан дорвитой арга хэмжээ авах
Г. Хилийн чанад дахь Монголчуудын Иргэний Танхимын удирдах зөвлөлд Төр, олон нийт, бизнесийн байгууллагууд болон иргэдийн төлөөллийг нэмэгдүүлэх
*Д.Хишигдэлгэрийн хийсэн үйл ажиллагаа, санаачлага, хөтөлбрүүд:
1. Дэлхийн Банкны Хүрээлэнд  “Хилийн чанад  дахь Монголчуудын хөдөлмөрийн эрх зүй”-н талаарх эссэ бичлэгийн уралдаанд байр эзлэн, урилгаар Дэлхийн Банкны Хүрээлэнд суралцах эрхээр шагнагдав. 2006-2009
2. Вашингтон ДС орчмын монголчуудын дунд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын аян өрнүүлж, хандивыг “Эртний нийслэл Хархорум” нийгэмлэгийн шугамаар Монголд хүргүүлэв. 2006
3. www.mongolianworld.com сайтыг үүсгэн байгуулав.  2006
4.ДЭлхийн монголчуудын зар мэдээллийн системийг хөнгөвчлөх  үүднээс  “Нэгдсэн зарын үйлчилгээ”-г санаачлав. Монгол улсын 21 аймаг, 3 хот, дэлхийн монгол туургатнууд, хилийн чанад дахь Монголчууд, тив, хотуудаар хэсэгчилсэн зарын төвийг байгуулав.
5.Вашингтон ДС орчмын “Монгол сургууль”-ийн үйл ажиллагааг эхлүүлэх үүсгэн байгуулахад оролцож, “Анхны багш” өргөмжлөл хүртэв.  2006-2007
6. Хилийн чанад дахь монголчуудынхаа ахуй амьдралыг бодит байдлаар харуулахыг  зорьж, анхны “Амьдрал” нэртэй ТВ нэвтрүүлэг хийв.  2007-2008
7.Хилийн чанад дахь монголчууддаа зориулж онлайн ТВ болон видео порталыг www.mongolianworld.com -д суурилуулав. Ингэснээр аливаа мэдээ, мэдээллийг үнэгүй авч үзэх боломжийг олголоо.
8. Харвардын Их Сургуулийн Жонн Кеннедийн Сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэж “Төрийн бус байгууллагуудын удирдлагын менежмент” чиглэлээр суралцаж дүүргэв. 2009-2010
9. Хилийн чанад дахь монголчуудыг бүртгэх үйл ажиллагаанд албан ёсоор оролцохоо мэдэгдэж www.mongolianworld.com -д бүртгэлийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх маркетинг сурталчилгааг сайн дурын үндсэн дээр хийв. 2011
10. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүүд “Хүчирхэг Монгол”, “Мэдээллийн Технологийн мастер төлөвлөгөө”-г хүргүүлэв. 2011
11. Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, БСШУЯ -тай хамтран зохион байгуулсан “Эх орныхоо хөгжилд миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд “Монголын төлөө цохилох зүрх” нийтлэлээрээ “тусгай байр” эзлэв.
12. Хилийн чанад дахь” Монголчуудын Иргэний Танхим”-ыг үүсгэн байгуулав. 2009
13. Хилийн чанад дахь монголчуудыг Сонгуулийн эрхийг эдлүүлэх, сонгуульд оролцуулах уриалга санаачлагыг өрнүүлэв.
14. Чикаго хотноо болсон “Америк дахь Монголчуудын Худалдааны Танхим”-ын 5 дахь уулзалтын үеэр  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн албаны дарга Энх-Эрдэнэтэй, “Зөгийн үүр” хөтөлбрийн хүрээнд хамтран ажиллахаа албан есоор илэрхийлж, төслөө гардуулав.

9. Б. НАМУУН  \Lindenwood University  St. Louis, MO\ 

IMG 2199

“УС ХОВОР ЭРДЭНЭ”
*Монголчууд бид усыг “чандмань эрдэнэ” гэж эрт дээр үеэсээ үзэж ирсэн билээ. “Чандмань” гэдэг үгийн үндэс яг юуг илэрхийлж байна вэ? Цэнгэг усны нөөцийг 100 л гэж төсөөлөн бодвол 0,003 л буюу цайны халбаганы тал нь эх дэлхийн минь цэвэр усны нөөц байдаг ба үүнээс 30%ийг нь газрын доорх ус эзэлдэг. Тэгвэл Монгол орныхоо усны нөөцийг энэ хэмжээтэй харьцуулан жишихэд шиврэн орох борооны ганцхан дуслыг сая хуваасны хэдхэн хэсэгтэй дүйцнэ.  Иймээс бид энэ ховор, ариун байгалийн  нөөцийг хайрлан  хамгаалж, хамгийн нандин зүйлийг бэлэгдэх ” Чандмань эрдэнэ” гэсэн үгээр усыг эрхэмлэн дээдэлж, үеэс үед ёс жаяг, зан үйлээрээ чандлан сахиж ирсэн нь усны үнэ цэнийг юу юунаас илүү чухалчилж ирсний гэрч юм.

-Монгол орны усны нөөцийг судалсан өнөөгийн байдлыг тоо хэмжээгээр дурдвал: Усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр 608 000 сая м.куб ба үүнд 34 600 сая м.куб гол мөрөн, 500 000 сая м.куб нуур, 62 900 сая м.куб мөнх цас, мөсөн гол, 10 800 сая м.куб газрын доорх усны нөөц тус тус багтдаг.  Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба  тэдгээрт багтах 17 томоохон гол мөрөн, тэдгээрийн цутгалгуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг онцлогтой.  Өнөөдөр хүн төрөлхтөн өдөрт 7 миллиард тн  усыг унд, ахуй, үйлдвэрийн хэрэгцээнд хэрэглэж байна. Манай орны хувьд нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая м.куб байна.

-Дэлхийн цэвэр усны нөөц 2025 он гэхэд шавхагдана гэсэн тооцоо судалгааг эрдэмтэн судлаачид хийж байгаа. Харин Ази тивийн усны нөөц 2018 онд дуусна.  Учир нь дэлхийн хүн амын 60% нь энэ тивд амьдардаг. Дээр нь асар их хэмжээгээр газар тариалан эрхэлдэг , усныхэрэглээ өндөртэй бүс нутаг юм. Бидний биеийн 70%-ийг ус эзэлдэг учраас , хүн хоолгүй 20 хонож чаддаг хэрнээ усгүй 2 хоноход л хэцүүднэ.
*Б.Намуун цааш нь “Манай орны хувьд хамгийн үнэтэй байх учиртай ус маань хамгийн үнэ цэнэгүй байна” гэдгийг дурдаад усны үнийг өсгөх, усаа хайрлан гамнах талаар өөрийн саналаа дэвшүүлсэн юм.

1. Иргэдийн усны хэрэглээ, чанарын талаарх боловсролыг нэн тэргүүнд сайжруулах. Үүний тулд сургуулийн өмнөх боловсрол болон дунд сургуулийн сургалтын стандартад  нь усны тухай ойлголтыг тусгаж, усны үнэ цэнийн талаар боловсролтой болгох.
2. Усны замбараагүй хэрэглээнд хэмнэлт хийх. Орон сууцанд амьдарч буй өрхийн хүн бүр хоногт 40 л ус, крантаа хаахгүйгээр нэг удаа шүдээ угаахад 6-7 л ус үргүй асгадаг гэсэн тооцоо байна.  Иймээс усны бүх төрлийн хэрэглээнд хязгаарлалт хийж тоолууржуулах,  ус хэмнэлттэй гоожуулах дэвшилтэт технологи бүхий мэдрэгчтэй төхөөрөмжүүд, гоожуурууудыг нэгдсэн системтэйгээр жигд нэвтрүүлэх. Түүнчлэн цэвэр усны үнийг өсгөвөл хүмүүсийн сэтгэлгээ болон хэрэглээнд өөрчлөлт оруулж чадна.
3. Усны нөөцөө зөв ашиглах. Манай улсын усны бүх хэрэглээ газрын гүний дахин нөхөгдөх боломжгүй цэвэр усаар хангагдаж байгаа. Гэтэл машин угаалгын газарт, гадаргын цэвэр усаар машинаа угааж байна. Үүнд “саарал ус” буюу дахин цэвэрлэсэн усыг ашиглах боломжтой.
4. Үйлдвэрлэлийн салбрын ус ашиглалтад хатуу шаардлага тавьж, хуулийн хариуцлагыг дээшлүүлэх.  Манай орны говийн бүсийн усны нөөц харьцангуй бага. Гэтэл эх орны хөгжилд нөлөө үзүүлэхүйц Оюутолгой, Тавантолгой зэрэг нь говийн бүсэд байрлаж байгаа бөгөөд уул уурхайн томоохон үйлдвэрүүд усгүйгээр алт нүүрсээ  олборлож чадахгүй нь ойлгомжтой.  Тэгвэл тэнд усыг хамгийн бага хэмжээтэй, хэмнэлттэйгээр ашиглах тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх хэрэгтэй байна.  Хэмнэлттэй технологи нэвтрүүлэхийг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад шаардах, хэрэглэсэн усаа эргүүлэн ашигласныг нь дэмждэг байх хуулийн хариуцлагыг бий болгох хэрэгтэй байна.
Хүн бүр усны талаарх хэрэглээний сэтгэлгээгээ өөрчилж чадвал бид эх ногоон дэлхийдээ эрүүл энх, амар амгалан амьдарч чадна.  Монгол орны хойч үе болсон залуус бид, сэтгэлгээний өөрчлөлтийг хийхэд манлайлан оролцогч нь байж чадна.

10. Ц.БАРХАС  \Virgina Internatoinal University  Vienne, VA\ 

IMG 2182

“ЖУНТО ОНЛАЙН МЭДЭЭЛЛИЙН САН”
*-Мэдлэг гэдэг их гоё л доо. Учир нь, надад 1000 $ байгаад би түүнийгээ найздаа өгсөн бол би хоосорч, найз минь баяждаг. Харин надад 1000 мэдлэг байгаад би түүнийгээ найздаа өгвөл би ч баян, миний найз ч баян болж хувирдаг. “Барьсан загасаа биш, харин барих аргыг нь найздаа зааж өг” гэдэг бол бас л үүнийг хэлж байгаа болов уу даа. Монголчууд бид дан дангаараа маш их зүйлийг мэддэг. Харамсалтай нь хэзээ ч бусадтайгаа хуваалцдаггүй.  Бид 1+1=3 байдгийг мэдэх ёстой юм болов уу? Санаанаас санаа төрдөг. Хоёр хүн бие биентэйгээ мэддэг зүйлээ хуваалцахад, мэдэхгүй байсан өөр нэг зүйлээ ойлгодог гэсэн санаа. Мэдлэгээ хуваалцаж бие биенээсээ зөв хуулж сурах нь биднийг маш бүтээлч болгодог  гэж хэлбэл олон хүн гайхах болов уу?  Тэгвэл хуулна гэж юуг яриад байна вэ? Мэдлэгээ яаж хуваалцаж бүтээлч болгох вэ?

-АСУУДАЛ:
Тэрээр сургуулиа төгсөх гэж дипломын ажлаа бичиж байхдаа л академик судалгааны ажил ямар форматтай байдаг, ямар байх ёстой юм бэ? гэдгийг ойлгож авсан гэдэг. Одоо бодоход, хэрвээ тухайн үед стандарт хангасан судалгааны ажлуудыг нэг дороос олж унших боломжтой байсан бол би энэ тухай аль эрт мэдэж болох байжээ.
Вилсон Милцнер \Wilson Mizner\ нэртэй зохиолч хэлж л дээ. “Хэрвээ чи нэг хүнээс хуулбал тэр чинь плажиризм. Харин олон хүнээс хуулсан бол тэр чинь СУДАЛГААНЫ АЖИЛ.  Академик судалгааны ажил хийхдээ, тухайн сэдвээр өмнө нь хийгдэж байсан гол гол ажлуудыг олж уншаад , өөрийнхөө судалгааны ажилдаа заавал багтаасан байх ёстой байдаг. Бид хүнийг дуурайж байж л юмыг сурдаг.

Намайг Монголын  Лектор Төвийн сургалтанд сууж байхад  багш минь хэлж байсан. Санаанаас санаа төрдөг. Архимедээс хойш бүгд бие биенээсээ хуулсан. Гэхдээ тэнд 2 янзын хуулалт байгаад байгаа юм.Манай ангид байсан Дорж гэдэг хүүхэд гайхалтай хуулдаг байсан. Тэр бол ангийн нөгөө буланд “онц” сурлагатныг суулгахад, үзэгнийх нь хөдөлгөөнөөр хуулдаг байв. Тэр үг үсэг , цэг таслал алдалгүй хуулна. Доржид бол тооны хичээл, зургийн хичээл шиг санагддаг байсан байх. Тоо нэртэй жижиг дүрсүүд хуулж зурж байгаа болохоос өөр ялгаа байхгүй.
Харин америкчууд бол зөв хуулж чаддаг. Тэдний хуулах технологи нь арай өөр. Чи санааг хуулж болно, гэхдээ үгийг хувилж болохгүй. Ангийн онц сурлагатан та хоёрын хариу адилхан байж болно, гэхдээ арга нь адилхан байж болохгүй. Та хоёр төстэй сэтгэж болно, гэхдээ төстэй тайлбарлаж болохгүй. Үүнд л ялгаа нь байгаа юм.
Их сургуульд байхдаа судалгааны ажил хийхийн тулд сонингоос материал хайх нь хамгийн төвөгтэй, цаг үрсэн ажил  байж. Харин тэрний оронд “онлайн мэдлэгийн сан” байсан бол ёстой нөгөө хурууны үзүүрээр “бие даалт” гэгчийг нь хийнэ шүү дээ. Тэгвэл энэ “онлайн мэдлэгийн сан” гэж юуг хэлээд байна вэ? Дээрх бүх асуудлыг яаж шийдэж болох вэ?

IMG 2136

-ШИЙДЭЛ:
Ер нь санаа нь бол иймэрхүү… Чанартай гэсэн бүх судалгааны ажил, өдөр тутмын сонин, ШУ-ны сэтгүүлүүдийг нэг дор цуглуулж онлайн бааз үүсгэнэ.  Үүний дараагаар оюутнууд сургуулийнхаа аль нэг компьютер дээр суугаад л  онлайн мэдлэгийн сангийн аппликейшн \application\  руу ороод  түлхүүр үгээр хэрэгтэй материалуудаа хайхад хангалттай.
Гадаадад сурдаг оюутнууд бүгд мэднэ дээ. Их сургуулийнхаа компьютер дээр  суунгуут EBSO, ProQuest-ийн аппликейшнууд дэлгэц дээр нь байдаг. Судалгааны ажил хийхдээ Википэдиа \Wikipedia\ биш ЭБСКО, Прокүэст-ийг ашиглаарай гэж багш нар аминчлан захина. Бид эдгээрийг л монгол судалгааны ажилтай, монгол хэл дээр, монгол хүнд зориулсныг хийе гээд байгаа юм.
-ХЭРЭГЖИХ БАЙДАЛ:
Жунто онлайн мэдлэгийн баазыг эхлүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нэг англи хэлц үгтэй тохирч байгаа юм. “Think globally, start locally”. Монголчилбол “нүд чинь мянган бээрийн цаадахыг ширтэж, хөл чинь нэг нэг бээрээр тийшээ алхах ёстой” гэсэн үг юм уу даа. Төслийг хэрэгжүүлэх процесс дараах байдалтай явна:

1. Би Монголдоо СЭЗДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тиймээс багш нартайгаа ярьж байгаад хамгийн түрүүнд мэргэжлийнхээ оюутнуудын дипломын ажлуудыг нэгтгэн нэг сан үүсгэнэ.
2. Түүний дараагаар “Эврика”, “Голомт” зэрэг Монголд нэр хүндтэй томоохон ЭШ-ний хурлуудын материалуудыг зохих байгууллагуудаас нь зөвшөөрөл авсны үндсэн дээр цуглуулна.
3.Дараа нь “Монголбанк” зэрэг эдийн засгийн судалгаа хийдэг газрууд, судлаачдын материалыг нэгтгэнэ. Энэ үед “Эдийн засаг” гэсэн томоохон мэдлэгийн сантай болчихсон байх болно
4. Хүнд үзүүлэх харуулах зүйлтэй болсны дараагаар Монголын томоохон сонин сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж тэдний архивыг хадгалж, уншигчдын тоо бүрээр хамтрагч байгууллагуудад рояалти төлнө.

-ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧИД:
1. Дунд болон ахлах сургуулиуд
2.Бүх Их Дээд Сургуулиуд
3.Бизнесийн байгууллагууд
4.Судалгаа шинжилгээ хийдэг газрууд
5. Засгийн Газар
6. Судлаачид бүгд манай хэрэглэгчид байх болно

-ГАРАХ АШИГ ТУС:
-Оюутнууд академик судалгааны ажлын олон улсын стандартыг эртнээс ойлгож, хэрэглэж чаддаг болно
-Оюутан залуучууд бие даан өндөр түвшинд судалгаа хийх чадвартай болно
-Монголын оюутан судлаачдын судалгааны ажлын чанар сайжирна
-Сургууль болгон оюутнуудынхаа хийсэн сдуалгааны ажлын плажиризмыг шалгах боломжтой болно. Үүний дараагаар нэг бие даалтыг 2-3 хүнд зардаг, эсвэл нэг дипломын ажлаар 2-3 Их сургуульд хураалгадаг үзэгдлүүд алга болно.

-ДҮГНЭЛТ:

Эд хөрөнгийн хулгай, байгаа зүйлийг үгүй хийдэг бол оюуны өмчийн хулгай, бий болох гэж байсан зүйлийг үгүй хийдгээрээ маш аймшигтай. Эд хөрөнгийн хулгай нүдэнд харагдаж, гарт баригддаг. Тиймээс ч бид түүнтэй тэмцэх, зогсоох харьцангуй хялбархан. Харин оюуны өмчийн хулгайг “энэ байна” гээд бариад, базаад авах юм байхгүй учир хэцүү. Гэхдээ “хэцүү” гээд бид шантрах ёсгүй.
Хүний зохиосон зүйлийг өөрийн юм шиг бичнэ гэдэг бол хүний түрийвчнээс мөнгийг нь зөвшөөрөлгүй авахаас илүү хор хөнөөлтэй гэдгийг ойлгосон цагт Монгол оронд шинэ бүтээл, шинэ санаа “борооны дараах мөөг” шиг л гарах болно. Эцэст нь хэлэхэд Монголын сайхан ирээдүйд би бат итгэдэг. Ирээдүй нь болох залуучууддаа итгэдэг. Хөгжин дэвших эх орондоо итгэдэг. Хөгжүүлээд амьдрах иргэдэд нь бас итгэдэг. Монгол орон минь үүрд мандан бадрах болтугай.

                                               ТЭМЦЭЭНИЙ ДҮН
IMG 2101

Энэ арга хэмжээнд дээрх оюутнуудын тавьсан илтгэлүүдийг:
1. Л.Баярмагнай  \Шинжлэх УхаанТехник Мэдээллийн Төвийн Судалгаа Технологийн
албаны дарга\
2.Б.Мөнхжаргал \Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны консулын хэлтсийн дарга\
3. Г.Дөлгөөн \ЭСЯ-ны консулын хэлтсийн туслах\
4. Б.Аюуш \Эрүүл Мэндийн ШУ-ны мастер, НҮБ-ийн Хүн Амын Сангийн дарга\
5. Г.Галбадрах \нийтлэлч\
нар шүүж байр эзлүүлэн шагнал гардууллаа.
1-р байр:  Ц.Бархас  \Virgina International University\  “Жунто онлайн мэдээллийн сан”
2-р байр: Г.Ууганбаяр  \St Louis Community College  St Louis MO\  “Монгол Улсын шатахууны дарамт”
3-р байр: Д.Хишигдэлгэр  \Harvard  Kennedy School  Arlington VA\ “Хүчирхэг Монгол” хөтөлбөр, Хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэх нь”  итгэлүүдээрээ тус тус эзэлж,  ЭСЯ ны болон зохион байгуулагчдын шагналыг хүртсэн юм.

ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ
IMG 2186

-Хэн нэгний зохион байгуулж байгаа ажилд зочноор оролцоод,  сайныг нь магтаж, мууг нь шүүмжлэх амархан.  “Шал дэмий цаг үрсэн юм хийж байх юм” гэж бусдад ихэмсэгдүү муулж, шүүмжлэх  бүр ч амархан. Харин энэ бүхнийг санаачлан бэлтгэж, зохион байгуулах гэдэг, ямар амаргүй болохыг хүн болгон мэдэхгүй.  Чикаго хотын Монгол Оюутны Холбоо \ MASA\-н залуучууд энэ арга хэмжээг маш сайн зохион байгууллаа. Арга хэмжээ эхлэхээс л дор бүрнээ хичээж байсан тэдний тэвдүү царай, “Сайхан боллоо, баяр хүргэе” гэж хэлсэн үгэнд урамшин, дороо л гэрэлтэж байв. “Нээрээ сайхан болсон уу? Яанаа” гэж уулга алдан лавшруулангаа, царай рүү минь нухацтай харсан. Байр олох, зочид буудалтай гэрээ хийх, мөнгө олж зардлаа төлөх, илтгэгчдийн бичиг цаасны ажил, завсарлагааны үеэр бусдын зооглох зоог, танхимын чимэглэл, өсгөгч микрофон гээд юу эсийг бэлтгэх билээ.  Энэ ажиллагааг гардан зохион байгуулсан  Г.Батчимэг, Э.Энхтуяа, Э.Энх-Эрдэнэ,  Б.Бямбадэлгэр нартаа маш их баярлалаа. Та нар үнэхээр мундаг байлаа.

-Мөн оюутнуудаа дэмжиж, энэ арга хэмжээг ивээн тэтгэсэн:
1. Mon Trans
2. Moнгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ
3.Л.Баярмагнай
4.MGL Logistics
5. American Family Insurance Agent  С.Энхбаяр
6. Mongolian Women s Development Foundation
7. MGL Trans
8. American Mongolian Assoication Л.Гэрлээ  нарт ч талархал илэрхийлье.  Та нарын чин сэтгэлийн дэмжлэг, энэ арга хэмжээг үр дүнтэй сайхан болгоход их нэмэр боллоо. Чин сэтгэлийн тус багаддаггүй гэдэг билээ. Тэр тусмаа залууст, та нар ямар их урам зориг өгч чадсанаа төсөөлөхгүй дээ.

oluul 2

-Жил болгон уламжлал болон  өргөжиж байгаа, Америкт суралцаж, ажиллаж байгаа монгол залуусын “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” нэртэй арга хэмжээ, жилээс жилд чанаржиж байна. Яагаад ч юм бэ?  “Ийм залуусын урмыг хугалахгүй дэмжиж байх сан” гэдэг бодол сэтгэлд эргэлдэж байв. Бараг 2 сарын өмнө Г.Батчимэг над руу утасдаж, энэ арга хэмжээнд оролцохыг урьсан юм. Тэгэхэд огт эргэлзээгүй. Учир нь харь орон бидний ирээдүй болсон монгол залуус “ҮГЭЭ ХЭЛЖ” байна. Тэдний дуу хоолой бидэнд хэрэгтэй.  Бас энэ дуу хоолойг бусдад хүргэх хэрэгтэй байлаа.

oluul 1

-Энэ жилийн илтгэлүүд дотор  өөрсдөө санаачлан эхлүүлж байгаа олон санаачлагууд байгаа нь илүү анхаарал татсан. Ц.Бархасын санаачилж байгаа шиг, жил болгоны илтгэлүүдийг “онлайн мэдээллийн сан”-д нэгтгэн байршуулбал, дараа дараагийн арга хэмжээнүүдэд  “копи” маягаар их л хэрэг болох санж. Бараг 3 жилийн өмнөөс л Америкт суралцаж байгаа монгол оюутнуудын “Мэдээллийн нэгдсэн сан”-г  бий болгох, хот болгонд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Оюутны Холбоод нэгдэж, нэг сүлжээнд орох санаанууд хэрэгжих ойртож буй бололтой. Хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн болгон заавал сайн санаа руу хөтөлдөг.  Тасалдалгүй хийж байгаа уулзалт болгон монгол залуусыг нэгтгэх их боломж руу хөтөлж байна.

-Аливаа санаачлага хэрэгжиж эхлээд тодорхой үр дүнд хүрэх тусам, санаачлагч нь болж, гавьяаг нь үүрэх сонирхолтой хүмүүс нэг биш гарч ирдэг муу жишиг бий. “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” нэртэй энэ арга хэмжээг 3 жилийн өмнө Лос -Анжелосийн оюутан залуус анаачилсан  юм. Тэдэнд бид ямагт талархаж байх учиртай. Зарим хүмүүсийн андуурч байгаа шиг, би энэ арга хэмжээг санаачлагч биш бөгөөд анхнаас нь дэмжиж байгаа дэмжигч . Цаашдаа ч та нарыг өөрийн боломж, чадлаар дэмжиж байх болно.  Зөв сайнаар өсч хөгжиж байгаа  залуусыг дэмжихгүй байж хэрхэн болох билээ.  Залуус та нар мундаг, ажил хэрэгч, санаачлагатай байх тусам монголчуудын  сэтгэлгээний их өөрчлөлтийг манлайлж чадах болно. Та нартаа амжилт хүсье.
oluul 3
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2013-04-12

Share Your Thoughts