Найраа

Өнөөгийн Монголын амьдралд “найраа” гэдэг үг нэгэнт хэвшил болж олон дасал болжээ. Найраа гэдэг үг хууль бус үйлдлийн хэв шинж, хувь хүмүүсийн хоорондын тохиролцоо гэдэг утгаар олонд нэгэнт танил болсон аж.
…Монголын үндэсний баяр наадмын, үндэсний бөхөд “начны” болон бусад олон цолны найраа нэгэнт хэвийн үзэгдэл болж, олны дургүйцэл зэвүүцлийг хүргэх авч хүлээн зөвшөөрөгдсөн зүйл болж  дээ. Жил жилийн наадмаар энэ жил хэн хэнийг амлан авч, ямар жишгээр начин төрүүлэхийг мэдсээр таамагласаар атлаа, “үл мэдэгчийн дүр эсгэн”  баяр талархал уухай хадуулан, “дэмжинэ”.
“Начны найрааны” үндсэн дэглэгчид “нутгийн зөвлөл”  хэмээх гуншинтай эрхмүүд их гавьяа байгуулсан мэт эрвэлзэх. Энэхүү найраатай тэмцэхээр Нямдорж тэргүүтэй, дархан аварга Баянмөнх, улсын заан Ганболд “эсэргүүнтэй”, даян аварга А.Сүхбат дараалалтай зориг шулуудавч “тусыг эс олох”. Учир нь цаг цагтаа тэд, энэ бүхэнд оролцож байсан болохоор, тэдэнд хэн ч үл итгэнэ.
Мунхаг миний бодлоор, начин авсан нэгэнд тухайн оны “начин” гэсэн цол олгож, 3 удаа баталж чадвал “улсын”  гэх тодотгол олгож байхаар хуулиндаа зааж орхивол болох мэт.

Тэртээ тэргүй 3 удаа баталж чадахгүй хэн нэгний төлөө ийнхүү мөнгө үрж, нэрээ барж байх  “нутгийн зөвлөл”  гэгчийнхэнд хэрэг юун. “2008 оны начин” хэмээх “улсын”  цолгүй нэгэнд нутгийнхан нь хөл алдаж, хот хотоор хонь, хөл дүүжлэх унаа бэлэглэх сонирхол төрөх бил үү?
Дээшээ ахидаггүй, доошоо буудаггүй монгол бөхийн “уямал” цолны уршгаар өдгөө монголчууд эрэмбэ заасан, сумо бөхийг сонирхон шимтэх болсон нь нууц биш. Яг энэчлэнгээр монголчууд олон олон үзэгдэлд “уямал”, “хадмал”  цол гуншингаас залхаж байгаа. Үнэн хүчийг үзэн байж түрүүлэн 3 сая төгрөгийн бай авснаас, 5-ын даваанд найран байж 45 сая төргөр авах нь “авсан өгсөнтэй өлзийтэй” гэдэг бичигдээгүй хууль үйлчилж буй.
Жаахан бодолцож, учир ухаантай хандахгүй бол монгол үндэсний бөх энэхүү найраанд мөхөх дөхөж буй.

…Найзындаа ярьж , ууж суусаар цаг нилээд орой болж, халамцуухан хэрнээ харих гэж машинаа жолоодон, юунд ч юм найдан гэрийн зүг хөдөлнө. Гай таарч замын цагдаа зогсоох тэр мөчид, хууль зөрчлөө гэхээсээ илүүтэй “яаж найрах билээ” гэдэг бодол л толгойд эргэлдэнэ.
-За та уусан байна даа? Эрүүлжүүлэх явнаа
-Үгүй ээ! ах нь жаахан балгасан юм аа, үнэндээ, гэхдээ хоёул ярилцья
-Та хэнтэй яриад байнаа, би чинь төрийн цагдаа хүн шүү
-Тийм ч тийм л дээ, гэхдээ бид бүгдээрээ амьдрах гэж л ядаж яваа улс шүүдээ
-Та тэгээд яах гээд байгаа юм бэ?
-Хэн хэнээ бодоод ах нь 40000 төгрөг өгье, ахыгаа явуулчих
-ЗА за тэгээд олон юм яриад байлгүй мөнгөө өгөөд зайл даа. Харин иймээ тиймээ юм болбол та бид 2 тааралдаагүй шүү
-Хэ тэгэлгүй яахав! дүү хүүд их баярлалаа
Дүрэм зөрчсөний төлөөх торгуулийн мөнгө, улсын төсөвт бус, тэр замын цагдаагийн халаасанд орсны төлөө бид нэг их харамсдаггүй.
Энэчлэнгээр монгол улсын төрийн байгуулалгуудад бидний хандах хандлага яг л иймэрхүү. Тэд ч “найраанд” oрж авч амтшиж, бид ч өгч аргалж заншсаар олон олон оныг үдэж байна даа. Тэгээд ч  бага цалинтай мөртлөө “их найраатай” энэ албанд хүмүүс амтшин “хоргодсоор”. Төр нь энэ бүхнийг мэдсээр харсаар атлаа арга хэмжээ авалгүй харан харан “өхөөрдсөөр”.

…Саяхан Монгол Улсын УЙХ-ын нөхөн сонгууль болж өнгөрөв. Сонгууль болохоос өмнө ч, сонгуулийн явцад ч, энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Зоригт ялах болно гэж таамаглан мэдээлээд, давхар давхар сурталчлаад ч “ёсоор”  боллоо. Сонгуулийн өмнө, МАН-аас түр үнэмлэхээ аваад байсан С.Эрдэнийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр энэхүү “найраа” эхэлж байгаа нь мэдэгдсэн. Бүгд л энэ тухай бичиж нотлоод ч харамсалтай нь “найраа”  найраагаараа л болж байдаг. Улс төрийн энэ хүү найраа гэгч одоо улам улмаар “төгөлдөршиж”  байна даа. Эцэс сүүлдээ цөхөрсөн зарим нь ингэж ард олны сэтгэхүйгээр тоглож байхаар хоорондын “найраагаа” ил тод зарлаж, зардал  хэмнэж байвал яасан юм бэ ? гэж сануулах. Өнөөдөр МАХН, АН хоёул төрийн эрхийг ээжлэн, хамтран барих хугацаандаа “найран найрсаар”,  нам болон сөрөг хүчин гэдэг утгыг алдагдуулсаар буй. Энэ бүхний эцэст, монгол орны хөгжил л ухран ухарсаар.

Найрааны цаана

Спортын ч, төрийн албаны ч, улс төрийн ч “найрааны” цаана асар их мөнгө, ашиг сонирхлын, нэр хүндийн наймаа явагдаж байна. Нэгэнтээ мөнгөөр “улсын начин”  цол авсан хэн нэгний таахалзан алхах дүрийн цаана, ард иргэдийн зусар зулгуй шүлс, олны жишиг дагсан зуйрган баялдуучлал, хэнд ч нэмэр болохгүй хоосон цол явж байна. Заавал дагаж мөрдөх журмаа зөрчин байж авилгал авсан замын цагдаагийн энэ үйлдлийн цаана, хууль журмыг зөрчиж болох юм гэдэг сэтгэхүй, аргалж болно гэдэг найдвар, үүнээс улбаалсан олон олон гашуун хэрэг, нөхөж баршгүй хохирол, эргэж олдохгүй амь нас оршиж байгаа.
Улс төрийн “найрааны” цаана, авилгал хээл хахууль, хүнд суртал, өөрсдийгөө эрхэмд бодсон тэнэглэл, улс орны хөгжлийг хойш чангаасан үйлдэл оршиж буй.
Найраа гэгчийг дагаж асар их мөнгө эргэлдэж байна. Хоосон хэрнээ маш их тэнэглэл дагалдаж байна. Хэнд ч өгөөжгүй нэр хүнд дагалдаж байна.
Яг үнэндээ та ч, би ч, бид бүгдээрээ энхүү “найраа” наас залхаж байгаа.
Ёстой юм ёсоороо гэдэг шиг үнэн хүчтэй нь цол авч, үлэмж ухаантай нь төрийн алба хашиж, үнэнч сэтгэлтэй нь УЙХ ‘д сууж монгол орныг хөгжүүлэх цаг ирнээ.
Харин  өдгөө та бид элдэв найраанаас татгалзаж, хууль зөрчсөн ч мөнгөө төсөвт тушааж, худал барилдвал наадмаас татгалзаж, хуурамч амлавал сонгуульд оролцохгүй байж сурах сан даа.
Бүх зүйл өөр хэнээс ч биш, та биднээс л шалтгаалах юм даа. Ta бид өөрсдөө мунхаг олон үйлийн  шалтаг нь болох юм аа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-11-11

Share Your Thoughts