Намайг Амараа гэдэг…

…Би ажил хийж мөнгө олдог. Гэхдээ хэрэгцээнд минь хангалттай хүрдэггүй. Цэвэр агаартай цэвэрхэн хотод төрөөсөө хамааралгүй өөрөөрөө амьдрах шударга нийгмийг байгуулна гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ агаар нь бохир, авилгалаар дүүрэн, хот маань хогтой, газар нь гадаадуудад зарагдсан улсад би амьдардаг. Бидний өмсдөг дээлийг хятад хувцас гэж цаасан дээр бүртгэсэн гэсэн. Гэхдээ дээл нь яахав, дотор нь байгаа монгол хүнийг бүртгэж чадахгүй. Гүн ухааныг судлаагүй ч, хүн ухаанаа гээгээгүй монгол хүний удам би. Уртын дуунд уярдаг ч рок сонсох дуртай, наадмын барилдаанд хөөрдөг ч хөл бөмбөгт хорхойтой, одоохондоо “чадахгүй” гэсэн айдсыг минь дарж олимпийн аваргууд төрсөнд би баярладаг.

Утаатай, соёлгүй  хот гэж харахаасаа илүү, Улаанбаатар миний нутаг гэх залуус олон байдагт би итгэдэг. Багын найзуудын ихэнхи нь гадагшаа гарсан ч би тэднийг эргэж ирээд ихийг бүтээнэ гэдгийг мэдэж байна. Санал худалдаж авах гэсэн луйварчдаас сохор зоос ч горьдохгүй залуус сайхан ирээдүйн төлөө хэдэн зуугаараа нэгдэж, ам зөрвөл гар зөрдгөө больж анд нөхөд ахан дүүс болж байна. Амалсан мөнгөний ард алгаа тосч хүлээх биш, ажлаа хийгээд орлогоо олдог, айх аюулгүй, хүнтэйгээ газартайгаа, хөндөшгүй тэгш эрхтэйгээ хүн шиг амьдарч улс шиг хөгжихийг би хүсч байна. Энэ чинь эзэнтэй, эзэн нь ирээдүйтэй, ирээдүй нь гэрэлтэй орон.

Намайг Амараа гэдэг. Нэр минь монгол, дүр минь монгол, цус минь монгол, цөс минь монгол. Эх орон гэдэг эрдэнийн зургаан үсэг элэгдэж дуусахын цагт би дуусна. Би монгол хүн.

   Нэг. Жүжигчин болох эхлэл

-Хаана төрж өсөв дөө?
-Би төмөр замын хүүхэд, тэнд төрж, тэнд өссөн. 5 эгчтэй 2 ахтай айлын бага хүү. Аав минь насаараа тээврийн тэрэг барьсан жолооч, ээж минь эмч байсан. Ээж минь одоо 85 тай, аав минь намайг 10 настай байхад өнгөрсөн.

-Хөгжүүн, дэврүүн бага насныхаа тухай дурсвал?
-Бага нас минь бусадтай яг л адилхан өнгөрсөн. Картны барааны дутуу дулимагхан үе. Бид чинь хоёр том төрийн нүүр үзлээ шүү дээ. \инээв\ Талх авах гэж талхны машин хүлээж шөнө дугаарладаг байсан гээд яривал одооны хүүхдүүд итгэхгүй дээ. Зөрж өнгөрсөн нэг охиноос “дэлгүүрт гоё юм зарж байна уу?” гэж асуусан чинь “гоё юм байнаа, шар будаа мудаа зарж байна” гэж хариулж байсан үе шүү дээ.

-Аль сургуулийг төгссөн юм бэ?
-51-р сургуулийг төгссөн. Манай удамд урлагийн хүн гэвэл “Зууны манлай” дуурийн дуучин Уртнасан, миний үеэл эгч л дээ. Миний аав ээж минь урлагт дуртай хүмүүс. Жил болгон “Учиртай гурван толгой” дуурийн нээлтийг заавал үзнэ. 10-р анги төгсч байхад манай гэрийнхэн намайг эдийн засгийн сургуульд оруулах санаатай. Би нууцаар СУИС-д очоод шалгалт өгчихөв.  Сургуульд тэнцэх болох хамгийн доод оноог авч явсаар байгаад тэнцсэн л дээ. Зарим багш нар намайг сөөнгө хоолойтой болохоор “Чиний хоолой энэ тэр чинь тэнцэхгүй болохоор сайн жүжигчин болж чадахгүй. Эртхэн замаа бодож байсан нь дээр дээ” гэдэг байсан л даа. \инээв\

-Гэхдээ л жүжигчин болж чадсан.
-Тэгээд яахав дээ, гүрийсээр яваад сургуулиа төгссөн. Яг үнэндээ сайн жүжигчин болохыг амьдрал дээр л сурдаг юм билээ. СУИС д бол азаар маш сайн багштай байсан. Одоо хэр нь “Ямар азаар ийм багштай учрав” гэж боддог юм шүү. Ангийнхан дундаа багшийгаа хамгийн их зовоосон нь би байх. Сахилгагүй, зөрүүд. СУИС-ийн багш нар бидэнд “Та нараас нэг нь жүжигчин болно, бусад нь соёлтой үзэгчид болно” гэж  хэлдэг байж билээ. Манай ангиас бол олон жүжигчид гарсан нь багшийн минь л ач. Эби, Болд-Эрдэнэ, Ялалт, Навчаа, 25-р суваг ТВ-ийн Баярхүү, Гантигмаа, ТВ-9 ийн Болорчимэг, ДОЗ Интертайментийн Зулаа гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа нь олон байгаа.

-Мундаг юм аа. Уран бүтээлээ хэзээ эхлэв дээ?
-СУИС-ийн 4-р курст сурч байхдаа Бадар-Ууган ахын “Уулын хөх сүүдэр” нэртэй кинонд тоглоод, дипломын ажлаа Камертоны Болдын дуулсан дууны клипээр хийж хамгаалж байв.  Дараа жил нь “Тавилан”, 2000 онд “Удирдагч” гэдэг кинонд тоглосон. Үндсэндээ 1999 онд сургуулиа төгсөөд хоёр жил аар саархан бүтээл хийж байгаад Ирланд руу явсан даа.

   Хоёр. Би харьд идээшихгүй юм билээ

-Ирланд руу ажил хийхээр явсан уу?
-Хүн болгон л ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр гадагшаа явж байсан үе. Тэр үед миний үеийнхэн кино жүжигт тоглож “Од” болцгоож байсан л даа. Харин би Ирланд руу явж аяга таваг угааж, элдэв хар ажил хийж байсныхаа хүчээр одоо англи хэлээр кинонд тоглож байна. Яг үнэндээ би энэ амьдралаасаа огт ичдэггүй. Амьдралд байдаг л зүйл шүү дээ.

-Яаж төвхнөж, ямар ажил хийж байв даа?
-230 доллартай Ирландад очоод солиулахад 200 аад долларын мөнгөө байрныхаа хөлсөнд өгөөд үлдсэн 24 евроныхоо 10 еврогоор нь хуучин унадаг дугуй худалдаж авч, бусдаар нь хоолны мөнгө болгож амьдралаа эхэлсэн дээ. Таньдаг залуу маань намайг нэг газар ажилд оруулж өгсөн. Эхэндээ хэл мэдэхгүй, учраа олохгүй болохоор тааралдсан ажлаа хийнэ. Юу эсийг хийх билээ. Аажимдаа хэл сайжрах тусам ажил сайжирдаг. Жил гарангийн дараа манай ажлын газар дампуурахад босс нь намайг авч үлдэв. Тэгээд л өглөөний таван цагаас эхлээд бүх ажлыг ганцаараа хийдэг боллоо. Тогооч, зөөгч, цэвэрлэгч гээд бүгдийг нь шүү дээ.

Бид кино урлагаа хөгжүүлдэггүй юмаа гэхэд ядаж дэлхийн дэлхийн хэмжээний кино зураг авах нөхцлөө бүрдүүлье л дээ. Ингэж чадвал Монголын студинүүд суралцаад, монгол жүжигчид оролцоод,  хувцас хунар, хоол хүнс гээд хүн болгон ажиллаж эхэлнэ шүү дээ.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд тийм л замыг туулдаг. Харин яагаад буцсан тань сонин байна?
-Такс төлөлгүй бэлэн мөнгөөр цалингаа авч байсан болохоор нилээд мөнгө хийж чадсан л даа. Дараа нь өөр олон газар ажилласан. Нэг л өдөр буцахаар шийдсэн. Тэр үед нэг ч монгол хүн байдаггүй, том хотоос зайдуу газар ажиллаж амьдарч байв.  Гадагшаа гараад явж байсан чинь онгоцны билетийн касс тааралдахаар нь ороод “Монгол явах билет байна уу?” гэсэн чинь “Байна, 700 евро” гэхээр нь шууд л билет бичүүлээд авчихсан. Найзууд минь ч итгэдэггүй. хоёр өдрийн дотор хамаг юмаа цэгцлээд л ниссэн. Гэрийнхэн маань ч намайг ирнэ гэдгийг мэдээгүй, сюрприз болсон доо.

-Их огцом шийдвэр гаргаж дээ?
-Би угаасаа хүний газар идээшихгүй юм билээ. Тэгээд ч юмыг удаан нухацтай бодож шийдвэр гаргадаггүй, гэнэт огцом шийддэг араншинтай юм шиг байгаа юм. Тэгж шийдээд ирсэн нь ч миний хувьд Монголдоо өөрийн орон зайгаа олоход нэмэр болсон. Монголдоо ирээд үндсэндээ уран бүтээлийн ажилдаа орлоо. Видео студи ажиллуулж эхлэв. Нийтдээ долоо, найм жил энэ чиглэлээрээ ажиллаж, нилээд олон реклам сурталчилгаа хийлээ. Сүүлдээ зориг гаргаж гэнэт шийдээд л кино руу орсон.

                 Гурав. Уран бүтээл, хүмүүст хэрэгтэй санаа өгч байх ёстой

-Гадаадаас Монголдоо ирээд хийсэн томоохон уран бүтээл болох “Бодлын хулгайч” киног тань үзсэн. Ямартай ч надад “хүн чанар”-ын тухай нэг зүйл бодогдуулж байсан шүү.
-“Бодлын хулгайч” киногоо хийсний дараа би нэг зүйлийг л маш сайн ухамсарлаж ойлгосон. “Хэрэв уран бүтээл хийх юм бол нийгмийн сайн сайхны төлөө заавал дуугарч байх хэрэгтэй юм байна” гэж. Ямар ч сэдвийн ард заавал хүнд нэг зүйл бодогдуулж байх хэрэгтэй. Түүнээс хойш хэрийн киноны саналыг хүлээж аваагүй. Саналыг нь судлахдаа “Үүний цаана хэнд юу хэлэх гэж байна вэ?” гэдэгт л анхаарлаа хандуулах болсон. Намайг маш олон хүүхэд залуус харж байгаа. Тэгэхээр би тэдэнд буруу үлгэр дуурайлал, буруу муу мессеж өгч болохгүй.

-Тийм шүү, заримдаа  сайн жүжигчдийг чанар муутай кинонд тоглож байхыг хараад харамсдаг шүү.
-“Хүн юу тарина, түүнийгээ хурааж авна” гэдэг үг бий. Зүгээр л нэг “усан хайр”, элдвийн зодоон цохионтой,  хүмүүст юу хэлж ойлгуулах гээд байгаа нь тодорхойгүй кинонд тоглож яах юм бэ? Жүжигчин хүнд ч өөрийн итгэл үнэмшил, үнэ цэнэ гэж байх ёстой шүү.

-Мэдээж жүжигчин хүн үнэ цэнэтэй байхын тулд их суралцаж, хөгжих хэрэгтэй болдог байх.
-Япончууд “Чингис хаан” кино бүтээхдээ надад Зэлмэ баатрын дүрийг санал болговоо.  “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Зэлмэ баатрын дүрийг бүтээсэн Сүхээ ах дээр очиж учраа хэлж туслахыг гуйлаа. Тэгсэн Сүхээ ах надад шууд л “Хоёулаа Дамчаа гуай дээр очьё” гэдэг юм байна. Дамчаа гуай чинь урианхай хүн, Зэлмэ баатар бол бас урианхай хүн. Дамчаа гуайнх Биокомбинатад байсан юм. Би болохоор үзэг цаас бэлдчихсэн, аминдаа ярьсан болгоныг нь тэмдэглэж авах санаатай. Дамчаа гуай гарч ирээд миний машинд сууж, тэр хоёр нэг шил юм ууцгаав. “Энэ хүүхэд япончуудын “Чингис хаан” кинонд Зэлмэд тоглох гэж байгаа юм байна. Таниас үг сонсох гэж ирлээ” гэсэн чинь, над руу тоомжиргүйхэн харснаа “Чи тоглох гэж байгаа юм уу?” гэж голонгуйхан асуулаа. “Тийм ээ” гэсэн чинь “Наад бичиг цаасаараа яах вэ? Чи зүгээр л монгол хүн яаж баярлаж, яаж уурлаж, яаж мориндоо морддогийг, яаж омогшдогийг харуулж монголоороо л тогло. Угаасаа япончууд чамайг эхний план дээр зогсоохгүй, чи сайн унш. Чи тэр “Нууц товчоо”-г унш, “Чингис хааны цадиг”-ийг унш, “Чингис хааны нууц түүх”-ийг унш, “Алтан товч” ийг унш” гэж хэлж билээ.

-Мундаг зөвлөлгөө байна шүү дээ?
-Тэгээд их ч уншсан даа. Тэгж л би түүхэнд дуртай болсон, одоо хэр нь түүхийг бол дунд сургуулийн түүхийн багшаас бараг ч дээр ярина шүү. \инээв\ Тэр кинонд  Дамчаа гуайн хэлснээр тоглосон, яг л монголоороо. Монгол хүний характер, япон хүний характер, монгол жүжигчний школь, япон жүжигчний школь газар тэнгэр шиг л ялгаатай байсан. Кинонд тоглож байхдаа л түүхийн номнуудаа уншиж байв. Тэгж л би Монголын түүхийн талаар өөрийн гэсэн ойлголт, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болж байгаа юм.

-Бидний “Алтан үеийнхэн” гэж нэрлэж, хүндэлдэг олон аугаа жүжигчид өнөө хэр ч бусдад гайхалтай үлгэр дуурайлал болж явах юм.
-Би их азтай, Дамчаа гуайтай тэгж уулзаж сургаалийг нь сонсож, дараа нь “Боолын гэрээ” кинонд хамт тоглосон. Хожим нь нэг арга хэмжээн дээр Дамчаа гуайтай тааралдаад өмнө нь сөгдөж сууж байгаад Японы кинонд тоглосон шагналын дээж мөнгөнөөсөө өгч байв.  Бодоод байхад олон сайн хүмүүсийг баярлуулж чадахгүй байнаа. Намайг анх кинонд хөтөлж оруулсан хүн бол талийгаач Бадар-Ууган багш юм шүү дээ. Саяхан миний Сугар багш маань өнгөрлөө.

Манай багшийн шавь нарыг тоолох юм бол барахгуй. Үнэхээр аугаа хүн. Багшийгаа хоёр удаа л баярлуулж амжсан гэж боддог доо. “Үргээлэг” киног бид ангиараа хийсэн юм. Түүнд багш минь их баярласан. “Марко Поло”д тоглочихоод багштайгаа уулзах гэж цэцэг барьчихаад СУИС-ийн коридороор алхаж явахад ямар сайхан, бахдалтай байсан гээч. Тэгэхэд багштайгаа хамт хоол идсэн минь бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан юм.

Сая “Марко Поло” киноны Казахстанд хийсэн нэг сарын зураг авалт дээр Нетфлекс 26 сая ам доллар зарцуулсан гэдэг. Энэ мөнгийг Монголдоо авч болох л байсан. Хэрэв тэгвэл Монголын маань бүх студи хөл дээрээ босч чадах байсан даа гэж бодогдож байв.

-Хэр олон кинонд дүр бүтээсэн бэ?
-Миний бүтээсэн кино бол тийм ч олон биш, гэхдээ чанартай. “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Аравт”, “Үргээлэг”, Япончуудын бүтээсэн “Чингис хаан”, саяын тоглосон “Марко Поло” гэх мэт.

-Зарим хүмүүс “Одооны кино их муу болжээ. Социализмын үед их сайн кино хийж байжээ” гэж харьцуулж харамсах нь бий.
-Монгол улс 1932 онд “Норжмаагийн зам” нэртэй анхны кино хийснээс хойш 1990 оны эх хүртэл нийтдээ 260 аад кино хийсэн байдаг юм. Эдгээрээс бид уйдалгүй байнга үздэг нь 100 хүрэхгүй. “Тунгалаг Тамир”, “Энэ хүүхнүүд үү?”, “Хүргэн хүү”, “Цогт тайж”, “Сэрэлт”, “Мандухай Сэцэн хатан” гэдэг ч юм уу. Тэр үед чинь киног улс продюсерлэж, мэргэжилтэн болоод жүжигчдийг нь үнэ төлбөргүй сургаж, жүжигчид, киноны багийг улс цалинжуулж, киног кинотеатрт гаргаад олох ашгийг хүртэл улс төлөвлөдөг байж. Гэтэл зах зээлд орсноос хойш кино хийж байгаа хүмүүс байраа барьцаанд тавиад, бусдаас хандив гуйгаад бүх зардлаа өөрсдөө босгож байна. Реклам зар сурталчилгаа, кинотеатр, билетээ зарах гээд бүгдийг өөрсдөө хийдэг.  Тэр хэрээрээ эрсдлээ ч бид өөрсдөө үүрч байгаа. Хэдийгээр чанартай, чанаргүй,  сайн, муу кино хийж байгаа ч өнөөгийн энэ залуус Монголын кино урлагийг өөрсдийн нуруун дээрээ үүрч яваа.

-Тийм шүү, энэ яриатай тань санал нийлж байна.
-Бид хичнээн өөр хоорондоо өрсөлдөж байгаа мэт боловч хамтдаа Монголын кино урлагийг дэлхийд гаргаж ирж чадаж байна шүү дээ. Төр засгаас нэг ч төгрөг аваагүй хэрнээ энэ залуус “гавьяа” байгуулж байгаа. Кино бүтээгээд кино театрт гаргахдаа билетийн 1000 төгрөгний 500 төгрөгийг нь кинотеатрт төлөөд үлдсэн 500 төгрөгөөр нь зардлаа дарж, дахиад кино хийх гээд л зүтгэж байна. Энэ амархан гэж үү? Монголын киноны зах зээлд хоёрхон кинотеатртай. Хүмүүс кино үздэггүй, бусдын уран бүтээлийг хулгайлж байна гээд зовлон тоочвол зөндөө л зүйл бий. Ийм хүнд нөхцөлд кино урлаг Монголд хөгжиж байгаа.  Нэг киноноос нөгөө кино хийхдээ бид ахиж байгаа. Уран бүтээл хийж байгаа хүмүүс алдаж байж онодог, алдаагаа давтахгүй гэж өөрөө хөгжиж байдаг юм.

                Дөрөв. Холливууд ба “Марко Поло”

…Интернет Media Netflix Inc компанийн 90 сая ам.доллараа бүтээсэн “Марко Поло” телевизийн цуврал 10 ангит кино энэ сарын 12-ны өдрөөс нийтийн хүртээл болж эхэлнэ. Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Нью-Йорк хотын Central Park West & West 67 th street  -д “Марко Поло” киноны нээлт, “Улаан хивсний ёслол” болж Монголын жүжигчин Б.Амарсайхан, эхнэр Ураны хамт уригдаж оролцлоо. Олон орны алдартай жүжигчид алхсан улаан хивсэн дээр, “Говь” компаны урласан цагаан шаргал өнгийн монгол үндэсний ноолууран дээл, нүүдэлчин монголчуудын гоёл чимэглэлээр хослон гангарсан Б.Амарсайхан эхнэрийн хамт хамгийн содон харагдаж байв. Монгол жүжигчин, Америкчуудын гайхуулан бахархдаг “Улаан хивсний ёслол” дээр монголоороо бахархуулан гайхуулж байгаа нь бидэнд үнэхээр сайхан санагдсан. Киноны найруулагч нь Амараагийн тухай “Амараа монгол жүжигчин, тэрээр энэ кинонд яг л монголоороо тоглосон нь хамгийн гайхалтай байсан шүү” гэж магтсан. Монголын түүх, Монголын жүжигчид Америкийн төдийгүй, дэлхийн кино урлагийн тавцанд омог бардам гарч ирэх эхлэлийг Амараа тавилаа. Энэ бол түүний Монгол улс, монголчуудынхаа өмнө байгуулсан том гавьяа, том бахархал.

-“Марко Поло” кинонд тоглох боломж яаж олдсон юм бэ?
-Лос-Анжелест  “United East West” нэртэй агентлаг байдаг юм. Тэр агентлагтай гэрээ хийж тэд намайг зуучилсан юм. Ийм зуучлалаар л дамжуулж бид өөрсдийгөө гаргаж ирнэ үү? гэхээс өөрөө зүтгээд гарч ирнэ гэдэг бараг л боломжгүй. Холливуудад байдаг ийм агентлагууд нь хоёр янз. Нэг нь бол жүжигчдийг тухайн кинонд зуучилж өгөөд авах юмаа аваад л явчихна. Том том нэртэй жүжигчидтэй ажилладаг гэсэн үг. Нөгөөх нь бол зуучлахын хажуугаар өөрийн байгууллагадаа байлган сургаж, сурталчлах жишээтэй. Тэгэхээр ирээдүйд Холливуудын кинонд тоглохын тулд тэд нарт таалагдах учиртай. Тэд нар руу хэдэн сая хүсэлт ирж байгаа шүү дээ.

-Хүмүүс Нетфлексийн бүтээсэн “Марко Поло” киног Холливуудын кино мөн, биш гэж маргаад байх шиг байгаа юм.
-Холливууд гэж чухам юу юм бэ? гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй юм. Миний мэдэж, ойлгож байгаагаар “Холливууд гэдэг бол Америкийн алдартай том кино студи бүгдийг нь нэгтгэсэн гудамжны нэр, тэдний оршин суугаа газрын нэр” гэж тайлбарласан байдаг. Нетфлексийн бүтээсэн кино Холливуудынх мөн үү? биш үү? гэдэг нэг их сонин асуудал биш. Нетфлекс бол аажимдаа Америкийн киноны зах зээлд маш нөлөөтэй болж байна. Одоо видео прокат гэж байхгүй болчихлоо. Том том шоунууд, бүх баримтат болон уран сайхны кинонууд, бүх ТВ-үүдийг бүгдийг нь Нетфлекс нэгтгэн үзүүлж байна. Холливууд гэж нэрлэгдээд байгаа бүх студи өөрсдийн киногоо Нетфлексээр гаргахыг хүсч байна шүү дээ. Ингээд харахаар Нетфлексийн нэр хүнд, нөлөө Холливуудаас давж гарч байгаа юм биш үү. Жишээ нь шинээр гарсан киногоо DVD болгоод 10 доллараар зарах уу? Нетфлексээр дамжуулаад хүмүүст гэртээ сууж байхад нь 10 доллараар үзүүлэх үү? гэдэг сонголтыг кино бүтээгчдэд олгож байна гэсэн үг.

“Сайн жүжигчин болохын тулд эхлээд “хүн” болох ёстой” гэж тэд ярьдаг.

-Энэ кинонд Аригбөхийн дүрийг хэрхэн бүтээв дээ?
-Аригбөх бол Хубилай хааны эсрэг талын дүр. Зохиол дээрээ ч ингэж гаргасан байсан. Аригбөх Хубилай хаантай хамт дайтах гэж байснаа” муриад” л , хүүг нь явуулж алуулах муу зүйл хийгээд л, аав хүү хоёрын дунд хатгаас хийх гэх мэтчилэн. Киноны дараа надад Жон Фуско хэлсэн л дээ, “Би энэ дүрийг эсрэг талын дүр болгож бичсэн боловч чи тоглолтоороо эерэг дүр болгож чадлаа” гэж. Би болохоор энэ дүрд Монголоо авч үлдэх гэсэн монгол хааны талаас нь тоглосон. Зохиол нь маш сайн бичигдсэн байсан.  Хубилай хааныг Хятадууд “манайх” гэж мэтгэдэг бол энэ кинонд  Хубилай хааныг Юан гүрнийг байгуулсан монгол хүн гэдэг талаас нь гаргасан юм.

-Тэгвэл энэ кино монголчуудын түүхийг дэлхийд эерэг талаас нь сурталчилсан байх нээ. Бас биднийг ч өөрсдийн түүхээ зөвөөр олж ойлгоход туслах байх.
-Тийм ээ. Аригбөх Хубилай хаанд хандаж “Би тан шиг Хятадын импер болохыг хүсэхгүй байна, эсвэл дэлхийг эзэлсэн хаан болохыг хүсэхгүй, зөвхөн Монголын хаан байхыг хүсч байна” гэж хэлдэг. Тэгсэн Хубилай хаан “Эцсийн эцэст наадах чинь адилхан, Монголын хаан гэдэг чинь дэлхийн хаан” гэж хариулсан. Мундаг үг байгаа биз дээ? Тэр утгаар нь аваад үзэхэд л энэ кино юун тухай өгүүлсэн нь ойлгомжтой байгаа. Дэлхийд ганцхан хаантай байх ёстой гэсэн санаа манай аугаа дээдсүүдэд байж. Чингис хаан ч бас ийм хандлагатай. С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” зохиолд ч бас ийм санаа бий. Тэр зохиолд Чингис хаан хоёр тохиолдолд хамгийн ойрын хүнээ алдаг. Хасарыг бас Зүчийг. Энэ бол харгислал, мунхаглал биш. Тусгаар тогтносон нэгдмэл улсыг хадгалж үлдэхийн тулд хийсэн үйлдэл.

-Киног бүтээхэд их том баг ажиллажээ?
-“Марко Поло”-г найруулсан найруулагч нь “Карибийн тэнгисийн дээрэмчид-5” киног найруулсан найруулагч. Энэ кинонд 34 орны жүжигчид тоглож, 700 гаруй хүнтэй баг ажилласан. 10 гол дүрийн жүжигчний нэг нь би. Тэд гол дүрийн жүжигчиддээ их анхаарал тавьдаг. Аригбөхийн дүрд тоглохдоо хэрэглэх байсан хиймэл үсний макетийг хийхдээ миний үсний сорьцыг шинжлэхийн тулд намайг Лондон руу нэгдүгээр зэрэглэлийн нислэгээр явуулж байгаа юм. Энэ чинь бас их хүндлэл.

-Энэ кинонд тоглоод Амараа нилээд зүйлд суралцсан байх?
-Зураг авалтын зав чөлөөгөөрөө бусад жүжигчидтэйгээ найзалж нөхөрлөн, зөндөө “буу халж”, хууч хөөрнөө. Тэд чинь их алдартай жүжигчид. “Сайн жүжигчин болохын тулд эхлээд “хүн” болох ёстой” гэж тэд ярьдаг. Ерөөсөө л товчдоо бол энэ. Хүн тоглож байгаа дүрүүдээсээ ч анзаарагддаг. Жишээ нь, Дамдинбазар гуай өөрөө амьдрал дээр ямар гоё хүн билээ. Тэгэхэд тэр хүний бүтээсэн дүр болгоноос нь өөрийнх нь мөн чанар мэдрэгддэг. Дамчаа гуай гэхэд хичнээн эсрэг дүр бүтээж байлаа ч тэр хүний мундаг мөн чанар нь илэрч байдаг.

-Энэ кинонд чамайг орлон тоглогчгүйгээр тоглосон гэж сонссон юм байна?
-Ер нь ийм кинонуудад тоглож байгаа жүжигчдэд заавал орлон тоглогч байх ёстой. Тэр тусмаа тулаантай хэсгүүд мориор давхиж байгаа хэсгүүд гэх мэт жүжигчид бэртэх магадлалтай хэсгүүдэд орлон тоглогчид тоглодог. Мориор давхиж явахад ойрхон зайд эмнэлгийн машин дагаж явдаг. Хэрэв гол дүрийн жүжигчид ямар нэгэн тохиолдлоор гэмтэхэд, зураг авалт зогсож кино цаашаа үргэлжлэх хэцүү болдог. Жишээ нь тулаантай хэсгүүдэд нэг сэлмийг л гэхэд төмөр, мод, хаймраар гээд гурван янзаар хийсэн байдаг. Миний  орлон тоглогчид нь ихэвчлэн хятад жүжигчид, надтай яг адилхан хувцас өмсөөд миний хажууд ойрхон дагаж явах ёстой.

Зураг авалтын өмнө би найруулагчдаа хандаж “орлон тоглогчгүйгээр өөрөө тоглохыг хүсч байгаа” гаа хэлсэн. Дотроо бол “Энэ дэлхийн сүүлчийн нүүдэлчин овгийн удмын монгол хүн би, ядаж морио унаад тулаанаа өөрөө хийчихье дээ” гэж бодсон хэрэг. Найруулагчид маань миний саналыг сонсоод “тэгвэл бидэнд илүү сайн байна” гэж зөвшөөрөв. Үүний төлөө найруулагчид маань бахархсан л даа. Киноны төгсгөлд “найруулагчийн зохиол” дээрээ миний гарын үсгийг зуруулж авсан. Нэг талаасаа Холливуудын кинонд тоглож байгаа анхны монгол хүн, нөгөө талаасаа угаасаа энэ кинонд монгол баатруудын араншин гарах ёстой.

                                  Тав. Дэлхийн кино урлаг ба Монголын түүх

-Ер нь дэлхийн кино урлагт сүүлийн үед Монголын түүхээр кино хийх сонирхол бий болжээ. Энэ талаар монголчууд бид өөрсдөө анхаарч бодох ёстой юм шиг санагдаж байна?
-Дэлхийн кино урлагт Хятадууд “ниссээр” байгаад л гараад ирлээ, Солонгосууд нэг ч дайнд ялж үзээгүй мөртлөө  байлдаантай түүхэн кино хийсээр байгаад гараад ирлээ, Казахстанууд түүхэндээ Монголчуудыг нэгхэн удаа ялсан түүхээрээ Ойрадуудын тухай кино хийгээд л гараад ирлээ. Тэгэхээр бид нар яах ёстой юм бэ? Бид нар түүхээ л барих ёстой. Монголчууд бид өнөө үед Шварценеггерийн тоглосон “Терминатор” шиг кино хийгээд бүтэхгүй. Бид  түүх соёл, зан заншлаараа огт өөр хүмүүс, тийм кино хийх хүмүүс биш. Харин дэлхий дахинаараа мэддэг Монголчуудынхаа гайхамшигт түүхээ барьж кино бүтээвэл бид дэлхийд гарч ирж чадна. Дэлхий дахин Монголын түүхээр кино хийж байна. С.Бодров Чингис хааны түүхээр кино бүтээлээ, сая бүтсэн “Марко Поло” кино мөн л монголчуудын түүхээр хийгдсэн кино, удахгүй Жак Уйтерфордын “Чингис хаан” -ы тухай зохиолоор Холливууд кино хийх гэж байна.

-Тийм ээ, би энэ яриатай тань санал нийлж байна. Тэгэхээр бид дэлхийд зөвшөөрөгдсөн кино хийхийн тулд яг одоо юу хийж эхлэх хэрэгтэй вэ?
-“Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг үг бий. Бид энэ хүмүүсийг Монголд ирж монголын түүх, соёл заншлыг харуулсан кино хийж дэлхийд гаргах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй байна. Кино театр, зураг авах байр талбай гээд юм болгон хэрэгтэй. Би Нетфлексийн захиалгаар Малайзд бүтээсэн тийм байгууламжийг үзсэн, үнэхээр гайхамшигтай студи. Сая “Марко Поло” кинонд Хархорумыг Казахстанд  бүтээгээд тэнд зургийг нь авлаа. Тэр үед би тэднээс “Та нар Монголын түүхэн киног Монголд ирж хийхгүй байгаа юм бэ? ” гэж асуусан л даа. Тэгэхэд тэд “Амараа, танай Монголд өндөг 30 цент, энд 4 цент, Монголд зураг авах ашигтай хугацаа хоёр сар, гэтэл энд жилийн 365 хоног зураг авч болно, танайд том студи байхгүй” гэж хариулж байгаа юм. Гэтэл Казахстанд “Мосфильм” байгаа.

“Та нар Монголын түүхэн киног Монголд ирж хийхгүй байгаа юм бэ? ” гэж асуусан л даа. Тэгэхэд тэд “Амараа, танай Монголд өндөг 30 цент, энд 4 цент, Монголд зураг авах ашигтай хугацаа 2 сар, гэтэл энд жилийн 365 хоног зураг авч болно, танайд том студи байхгүй” гэж хариулсан.

-Тэгэхээр бид Монголдоо киноны бүтээл хийх том студи байгуулах шаардлагатай болж байна гэсэн үг үү?
-Монголд маань МҮОНТВ-ийн “600 студи”-ийг эс тооцвол том студи алга. Социализмын үед босгосон “Кино үйлдвэр” ээ тараагаад хаячихсан. Ингэхээр бид яаж дэлхийн хэмжээний том кино хийх тухай ярьж, мөрөөдөж чадах юм бэ? Дэлхийн кино хөгжөөд, Холливууд дуртай газраа очиж зургаа авдаг болчихсон байна. Бид кино урлагаа хөгжүүлдэггүй юмаа гэхэд ядаж дэлхийн дэлхийн хэмжээний кино зураг авах нөхцлөө бүрдүүлье л дээ. Ингэж чадвал Монголын студинүүд суралцаад, монгол жүжигчид оролцоод,  хувцас хунар, хоол хүнс гээд хүн болгон ажиллаж эхэлнэ шүү дээ. Сая “Марко Поло” киноны Казахстанд хийсэн нэг сарын зураг авалт дээр Нетфлекс 26 сая ам доллар зарцуулсан гэдэг. Энэ мөнгийг Монголдоо авч болох л байсан. Хэрэв тэгвэл Монголын маань бүх студи хөл дээрээ босч чадах байсан даа гэж бодогдож байв.

-Бид Монголын түүхээр бусад орнуудад хийгдсэн кинонуудыг шүүмжлэх дуртай.
-“Мөнгөө төлсөн хүн л хөгжмөө захиалдаг” гэдэг үг бий. Нэгэнт санхүүжилтээ босгож кино хийж байгаа бол тэд тэд өөрсдийн хүссэнээрээ л үзүүлж харуулдаг. Дараа нь бид “Чингис хааныг минь ингэж үзүүлэх байсан юм, ингэж харуулсангүй, бидний түүхийг тэгж гуйвууллаа” гэж хичнээн гоншигоноод ч нэмэргүй. Монгол хүн болгоны зүрхэнд өөр өөрийн “Чингис хаан” байгаа. Хүн болгон өөрийн зүрхэндээ байгаа Чингис хаанаа одоо бүтээж байгаа Чингис хааны дүрүүдтэй харьцуулаад “голоод” байгаа байхгүй юу? “Тийм байх ёстой” гээд уурлаад байгаа чинь аргагүй шүү дээ. Яг тэрэн шиг монголчууд бид түүхийн өөр өөрийн ойлголтоо нэгтгээд монгол бахархал омогшилоо бий болгох хэрэгтэй юм. Тэгэхээр бид өөрсдөө энэ бүхнийг бий болгож, өөрсдийн мөнгөөрөө түүхэн киногоо хийхдээ өөрсдийн санаагаа бүрэн гаргаж чадна шүү дээ. Эс тэгвэл бидний түүхээр кино хийж байгаа хүмүүс “яаж харуулбал их мөнгө олж чадах вэ?” гэж арилжааны талаас нь бодох болно. Дэлхийд энэ интертайнмент бизнес ашигтай гэдгээрээ аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн.

-Монголчууд бид заавал уул уурхай гэж хошуурахгүйгээр түүх, нүүдэлчин соёл, зан заншлаа сурталчлаад их мөнгө олох боломж бий гэж бодогдоод байдаг юм. Даанч бид тэгж анзаарахгүй юм даа, харамсалтай нь.
-Тэгээд л “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Наад шунаад байгаа уул уурхайгаас чинь илүү их мөнгийг бид Монголын түүх, Монголын урлагаар олж болноо” гэдэг санаагаа ярьсан л даа. Жишээ нь бид “Дөрөө” гэдэг кино хийхэд л дэлхийд гайхуулж чадна. Морио зайдан унадаг байсан монголчууд эмээлийн дөрөөтэй болсноор тухайн үед одоогийн “интернет”-тэй болсон шиг л өөрчлөлт хийжээ. Морины давхил дунд дөрөөн дээрээ босч зогсдог болж, дөрөөн дээрээсээ эргэж харж харвадаг болж, морин дээрээ дурын хөдөлгөөн хийж чаддаг болж. Үүний ачаар шуудан харилцаа их хурдацтай хөгжсөн гэж үздэг. Бид үүнийгээ бариад л кино хийхэд их ч амжилт олно доо. Яг үүн шиг маш олон баялаг сэдвүүд бидний нүүдэлчин амьдрал дунд байгаа. Захаас аваад хар л даа, Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” баримтат кино Оскарт нэр дэвшиж байв.

              Зургаа.  Санаа зовоож буй хоёр асуудал

-Тэгэхээр л монголчууд бид өөрсдийн түүх соёл, зан заншлаа маш сайн судалж мэдэж, сурталчилж байх хэрэгтэй юм.
-Одоо Монголын газар нутаг дээр амьдарч байгаа монголчууд бид чинь Тулуй хааны  удам юм шүү дээ. Бид өөрсдийн түүхээ мэдэж байх хэрэгтэй байнаа. Сая Нью-Йоркод Ариунаа гэдэг монгол эгч ажиллаж байгаа орон орнуудын түүхийн музей үзлээ. Түүнийг үзэж явахдаа миний сэтгэлд “Яанаа” гэсэн харуусал төрж байв. Өнөөдөр бидний хойч үе болсон хүүхэд залуус Ipad, IPhone-ийн  ард суугаад элдвийг гөлрөөд байдаг. Бид өөрсдийн түүх бахархлаа мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна шүү дээ. Зөвхөн Улаанбаатар хот гэхэд л 375 жилийн түүхтэй гэхээр АНУ-аас ч илүү түүхтэй. Хичнээн утаатай, шороотой, бөглөрөлтэй байлаа ч түүхтэй байна шүү дээ. Энэ бол бидний хамгийн чухал үнэт зүйл юм.

-Тийм шүү, санал адил байна.
-Монгол улсын иргэний хувьд би хоёр зүйл дээр их санаа зовдог. Нэг нь Монголынхоо түүх соёлоо авч үлдэх. Манж гэдэг үндэстэн байхгүй болчихсон, манж хүн бол байгаа. Аливаа үндэстэнг устгахын тулд хэлийг нь, бичгийг нь байхгүй болгодог. Үүнийг дагаад бүх соёл нь устаж арилна. Дуу, уран зохиол, бусад юу ч байдаг юм бүх соёлууд нь байхгүй болно гэсэн үг. Соёл байхгүй бол үндэстэн алга болж устана. Хоёрдугаарт усны асуудал. Монголчууд шиг газрын гүний усаар машинаа угаадаг тэнэг хүмүүс дэлхий дээр байхгүй дээ. Монголд газар доорхи усны нөөц нь 20 хувь, газрын гадаргын хөрсөн дээрх усны нөөц нь 80 хувь байдаг юм байна. Бид газрын хөрсөн дээрх усыг ашиглаж байгаа, гэтэл газрын хөрсөн доорхи ус нь 100 жилийн хугацаанд төлждөг гэнэ. 200 грамм алт авахын тулд 930 000 тонн усыг даралтаар шахаж байна. Алт олборлож ашиг олж байгаа компаниудын үйл ажиллагаанаас болж бид ирээдүйд Монголд амьдрах хүүхдүүдийнхээ хэрэглээний усыг хороож байна. Ингэж болох уу?

-Ингэж бодож, ингэж дуугарч байгаа хүмүүс цөөхөн байнаа.
-Би энэ асуудал дээр санаа тавьж төсөл бичиж байгаа. Хүмүүст цэвэр усны зөв хэрэглээний талаар ойлгуулж, уриалах хэрэгтэй байна. Хүмүүс шүдээ угаах усаа, магадгүй усанд орохдоо хэрэглэх усаа хэмнэх гэж хичээж байхад, алт олборлохын төлөө ийм их усыг ингэж хэрэглэж, гол усыг бохируулж байгаа нь дэндүү харьцангүй үйлдэл байгаа биз дээ? Монгол руу урсч орж ирдэг хоёрхон гол байдаг. Улзын гол, Тэсийн гол. Монгол орон Азийн өндөрлөг газарт оршдог болохоор  бүх голууд нь гадагшаа урсаж бусад гол мөрөн рүү цутгана. Дэлхийн бүх суурин иргэншил зөвхөн усаа дагаж оршдог. Хэрэв бид усгүй болчих юм бол, хичнээн тонн алттай байгаад ч яах юм бэ? Жишээ нь хичнээн гоё тансаг хаус бариад, бие засах газраа усгүй болчих юм бол тэр хаусны хэрэг юу байх юм. Би “Нандиагийн ток шоу- нд оролцохдоо, “Энэ крантны цоргоос хамгийн сүүлчийн дусал ус хэзээ гоожих бол гэж айдаг” гэж ярьсан. Энэ л хамгийн том эмгэнэл, бас аймшиг.

                                   Долоо. Ан бол миний хобби

-Чамайг анд их хорхойтой гэж сонссон. Бас чиний ан хийсний дараах зургуудыг чинь цахим хуудсан дээрээс харж байсан юм байна.
-Ан чинь аягүй гоё спорт болдог юм шүү дээ. Олон хүмүүстэй уулзаж танилцан, олон газар нутаг, уул усыг үзэж байгаль орчныг судалдаг. Морь унаад анд явна гэдэг чинь байгаль орчин ан амьтад болоод хүмүүстэй яг л “амьд” харьцааг үүсгэнэ. Мориндоо тогоо шанагаа ганзагалаад нутгийн анчидтай нийлээд монголын уламжлалт заншил болоод аргаар ан хийнэ гэдэг шал өөр мэдрэмж өгдөг юм. Морьтой явж ан хийнэ гэдэг даарч хөрж, өлсөж цангаж, их ч тэвчээр ухаан шаарддаг. Ангаа судалж мөрдөнө бол бөөн урлаг юм шүү дээ. Андаа ойртож таниад нас хүйсийг нь ялгаж, тэндээсээ авлах ангаа сонгож авладаг. Агнасан ангаа бүрэн хэрэглэнэ. Эд эрхтнээс нь өвчин зовлонтой хүмүүст хэрэгтэй зүйл байвал тарааж өгнө. Түүнийг хүртэл эртний ном заншлаар нь хатааж хадгалах жишээтэй.

-Өнөө үед ингэж ан хийх нь ховордсон байхаа.
-Одоо цагт машинаар хөөж хурдан буугаар агнана гэдэг чинь дэндүү харгис, шударга бус үйлдэл юм шүү дээ. Хэдэн зуун морины хүчтэй машинаар тал дээр давхиж яваа чоныг хөөж буудна  гэдэг чинь хэтэрхий тэнцвэргүй, бидний хэлдгээр “хогийн” байгаа биз дээ. Амьтан алахын дон туссан юм шиг тэгж авирлах нь муухай зүйл, бас хайран цаг хугацаа. Би бол тэгж ан хийхгүй гэж өөртөө андгай тавьсан юм.

-Тарвага агнадаг уу?
-Би амьдралдаа нэг л удаа тарвага агнасан. Тарвага бол хөдөлгөөнгүй бай шиг, ойртож очоод сахиад хэвтчихдэг. Бас загас барих дургүй гээд бодохоор би хөдөлгөөнгүй хэрнээ тэвчээр шалгасан ан хийх араншинтай хүн биш юм шиг байгаа юм. Гүйж харайж, хурдан хөдөлгөөн овсгоо шаардсан ан хийх дуртай. Ер нь бол том ан хийх сонирхолтой талдаа шүү.

-Тэгэхээр анчны хувьд гайгүй сайндаа тооцогддог байх нээ?
-Залуучууд дундаа бол гайгүй анчинд тоогддог. Цахим ертөнцийн орон зай дотор “Адал явдалт анчдын бүлгэм” гэж бий. Тэр групп маань шинэ жилээ хийж, оны “шилдэг” ээ шалгаруулж шагнана. Нэг ёсондоо сонирхлоороо нэгдсэн залуусын нэгдэл юм даа. Залуучууд маань адил сонирхлоороо нэгдэж чөлөөт цагаа зөв аятайхан өнгөрөөдөг болсон нь бас сайн үзэгдэл шүү. Юм л бол баар саванд ороод, архи пиво гүзээлээд суугаад байвал яаж ч өөдлөх билээ.

Найм. Хийж чадах зүйлээ л сайн хийнэ

-Чиний хамгаас эрхэмлэдэг чанар тань?
-Хүнд байх хамгийн эрхэм чанар бол хаана ч хэзээ ч “хүнээрээ байх” явдал. Би мундаг жүжигчин болчихсон гээд энд тэнд ороод ярваганаад байна гэдэг утгагүй биз дээ?  Хэзээ ч хаана ч бид өөрсдийн мөн чанараараа л байх ёстой.

-Ирээдүйгээ яаж харж байна вэ?
-Хүн ер нь өөрийн сайн хийж чадах зүйлээ л хийдэг. Би бол бизнес хийж чадах хүн биш. Мэдээж жүжигчний кареераа хөөнө. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргаж ирэх тийм ч хэцүү биш. Бидэнд хөрөнгө мөнгө болоод техникийн асуудал байгаа. Мөнгөнөөс илүүтэй дэлхийн зах зээлд гарах менежментийн асуудал хамгийн чухал нь. Түүнээс бидэнд түүх соёл, зан заншил байна, авьяас ур чадвар байна.  Монголын жүжигчид маань хаана ч хэнд ч гологдохгүй. Миний өнөөдөр энэ түвшинд хүрээд, дараагийн зорьж яваа алхам бол ерөнхийдээ энэ. Яваандаа сэтгэлдээ тээж яваа бас нэг зүйл маань сургууль. Дэлхийн стандартад тэнцэх жүжигчидээ бид бэлтгэх хэрэгтэй байна. Олон хэлээр ярьж чаддаг, өв тэгш соёлтой, ухамсартай, сахилга баттай жүжигчид хэрэгтэй. Би эдний кинонд тоглохдоо монгол жүжигчин ямар болохыг л гаргаж үзүүлж, ойлгуулахыг хичээсэн. Энэ бол бусдад нээж өгөх зам.

-Тийм шүү, сайхан санаа байна.
-Бид энэ өндөр хөгжилтэй орнуудын жүжигчдийн хэмжээнд хүрэх ёстой. Тухайн орныхоо хууль, дүрэм журмыг сахидаг. Бие биенээ хүндэлдэг, хатуу сахилга бат, өндөр ухамсартай байж бид эдэнтэй адил түвшинд харилцах болно. Бид тэгэхдээ өв уламжлалаа мартаж болохгүй. Яг л япончууд шиг байхгүй юу. Хичнээн хөгжлөө ч тэд өөрсдийн соёл, зан заншил, уламжлалаа ямар мундаг авч үлдэж, сахиж чадаж байнаа.

-Уулзаж ярилцахад сайхан байлаа. Мэдээж чиний энэ амжилт бол эхлэл гэж би харж байна. Бүх зүйл урд тань байгаа болохоор амжилт хүсье.
-Алив зүйлийг яаж хэлэхдээ биш, яаж илэрхийлж ойлгуулах нь хамгийн чухал. Мэдээж залуус их өөрчлөгдөж хөгжиж байгаа. Бид хэдийчинээн томоор харж, томоор сэтгэнэ, тэр хэмжээндээ л хүрдэг. Тэгэхээр бидэнд их ирээдүй байгаа. Уулзаж ярилцсан танд ч бас их баярлалаа. Бүх монголчууддаа сайн сайхныг хүсье.

…Амараа бид хоёр багагүй хугацаанд нилээд ярилцсан. Ярилцлагын эхэнд өгүүлсэн сурталчилгааны клипээс өнөөдрийн “Марко Поло” гийн Аригбөх хүртэлх түүний уран бүтээл дандаа амар сайхан байгаагүй. Түүнээс өөдрөг тэмүүлэл, эршүүд араншин, ирээдүйдээ итгэх итгэл мэдрэгдэж байв. Монголын түүхийн тухай мэдлэг үзэл бодол, Монголын кино урлагийн хөгжлийн талаарх зовинол, сайн жүжигчин болохын тулд эхлээд “хүн” болж төлөвших тухай санаа, хэзээ ямагт хаана ч “хүнээрээ” байх тухай  зэрэг олон асуудлууд надад ч зөндөө зүйлийг бодогдуулсан.

Тэрээр өнөөдөр дэлхийн кино урлагийн тавцан дээр “монголоороо” дуудагдан гарч ирлээ. Яг л тэр жил олимпийн аварга төрөхөд олон монголчууд баярлан бахдаж, олон залууст “болох юм байна” гэдэг итгэл найдвар төрүүлсэн шиг, олон олон залууст баяр бахдал, шинэ боломжийг мэдрүүлж байна. Үүний төлөө түүнд чин сэтгэлээсээ талархах учиртай. Сэтгэлдээ хадгалж, итгэлдээ тээж яваа олон сайхан хүсэл мөрөөдөл тань заавал биелэх болноо. Амараа чамд баярлалаа.

Share Your Thoughts