НАМУУДЫГ ТАРААЯ (Надад санал байна, та анхаарч уншаач)

“Ардчилсан хүчнүүдийн улстөрийн алдааны улмаас ардчиллыг буруутгана гэдэг туйлаас шударга бус явдал. Ардчилсан орны иргэд харин ч өөрсдийгөө үүнд буруутгах учиртай”
 Карл Раймунд Поппер

Монголын нийгэмд хүмүүс бухимдаж, ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, шударга ёс тэгш хуваарилалтыг хүсээд байгаа хэрнээ “юу ч хийж чадахгүй” байгаа зэрэг олон шалтгаануудын шалтаг нь улстөрийн намууд болж байна. 24 жилийн туршид Монголын төрийн эрх мэдлийг ээлжлэн атгаж байгаа хэдхэн намуудад дандаа “луйварчид”, “хулгайчид”, хүний мөн чанараа алдсан адгийн шаарууд орж байдаг гэдэгт би эргэлздэг. Овоо эерэг зүйл ярьж, зөв сайн өөрчлөлтийн төлөө зүтгэж тэмцэж байсан олон хүмүүс намууд дотор орохоороо “дуугаа хурааж” орхино. Тэдний ёсорхуу, албархуу төрхтэй сулхан тайлбруудаас нам доторх ялзарсан “өмхий үнэр” нь мэдрэгдээд байдаг юм даа. МАХН, МАН, АН зэрэг намууд үндсэндээ ялзарч, тэд Монголын нийгмийг тэр хэрээр ялзруулж байна. Харин бид халаглаад л хараагаад л суух уу?

* НАМУУДЫН ЯЛЗРАЛ:

1. Намууд хуучинсаг удирдагчдаасаа салж чадахгүй байна.
Ардчиллын ороо бусгаа цагт байгуулагдсан шинэ намууд хийгээд, өмхөрч унасан хуучин намуудын суурин дээр байгуулагдсан намуудыг байгуулсан, хүнд хэцүү цаг үед нь дэмжиж босгож чадсан олон хүмүүс одоо хэр нь нам доторхи нэр нөлөөгөө хадгалж, архаг партизанчилал гавьяа зүтгэлээ үнэлсээр сууна. МАН-ын дотор М.Энхболд, Ч.Баяр, Дэмбэрэл, Ц.Нямдорж, гэх мэт, АН дотор Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, З.Энхболд гэх мэт, МАХН дотор Н.Энхбаяр \цорын ганц лидер\ гэх мэтийн хүмүүс одоо хэр нь сайн муу олон талаар нам доторхи нөлөөгөө хадгалсаар байгаа. “Баас хатавч өмнийгөө тавихгүй” гэдэгчлэн тэд намыг байгуулсан, дэмжиж босгосон гэдэг гавьяагаараа “үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” гэсэн үгний “амьд жишээ” болсоор. Тэд улс орон, намыг өөрчлөхийг бус, өөрсдөө өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа. Бас тэд энэ нөлөөгөө “үе залгамжлан” үлдээж, үхэн үхтлээ “хар дарж зүүдлэхгүй” байхыг хичээж байна. Тэд юу хийж чадахаа маш сайн мэддэг болжээ. Намууд ийм хүмүүсээс улам ихээр хамааралтай болж байна.

2. Намууд улстөрийг бизнес болгон хувиргасан.
Сонгуульд ялсан намууд эрх мэдлийн хуваарилалтдаа “үнэ хаялцуулан”, Монголын улстөрийг бизнес болгон хувиргасан нь Н.Энхбаяраас эхэлж өдгөө улам ч хөгжсөөр байгаа. Эрх мэдэлд хүрэхийн тулд их хэмжээний мөнгө намдаа “хаяж”, хариуд нь олж авсан эрх мэдлээрээ “хаясан” мөнгөө хэд нугалан эргүүлж олж авахын төлөө тэд өөр хоорондоо хуйвалдацгаадаг. Учир нь шийдвэр гаргах, түүнийг нь баталгаажуулах, ашгийг нь хувааж авах бүх процессууд төрийн хувьд өөр хоорондоо хамааралтай байдагт шалтгаан нь оршиж байгаа. Эрх баригчид болон сөрөг хүчнүүд нь өөр хоорондоо зохицолдоод байдаг хийгээд сонгуульд ялсан намууд дангаараа бус хоорондоо эвсэж ЗГ-ыг байгуулаад байдаг нь “зүгээр ч нэг тохиолдол” биш. Шийдвэр гаргагсад болон хянагсад нь өөрсөддөө “ашигтай” хувилбрууд дээр хуйвалдан тохиролцоод байгаагийн жишээ. Өнөөг хүртэл улстөрийн буруу шийдвэрийнхээ төлөө нэг ч улстөрч хариуцлага хүлээхгүй байгаа нь үүний нотолгоо. Тэдэнд зөвхөн их мөнгө л хэрэгтэй байна. Тэд үүний төлөө улстөрд орж байна. Бас хэдий ч хамаагүй мөнгө зарцуулж байна.

3. Намууд хариуцлагыг үгүй болгож байна.
Намууд сонгуульд ялахын тулд амалцгааж, амлалтынхаа “урьдчилгаа” болгон мөнгө тараадаг. Харин амалснаа биелүүлээгүйн төлөө хэзээ ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, өөрөөс хамааралгүй шалтгуудыг олно. “Оюутолгойн гэрээг толгойгоороо хариуцна” гэсэн атлаа С.Баяр зугатаж одсон. Ц.Элбэгдорж “Авилгалыг зогсоож, хариуцлагыг чангатгана” гэсэн атлаа Н.Энхбаярыг “өршөөж” гадаадад үдэж өгсөн. “Эдийн засгийн хямралыг 100 хоног дотор шийдэх болно” гэж амалсан атлаа Н.Алтанхуяг “огцрохгүй” гэж хичнээн “гүрийв”. Улаанбаатар хотын ашигтай газруудыг зарж баяжсаныхаа оронд утааг бий болгосон М.Энхболд хариуцлага хүлээхгүйгээр үргэлж дэвшиж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэж байгаа. Алдарт “7 сарын 1” ний хэрэг явдлын дараа Батзандан, Магнай нар “шоронд орохгүйн тулд” АН-д “дагаар” оров. Намууд хуулийн дээр оршиж, өөрсөддөө “ашигтай” шийдвэр гаргуулж чадаж байгаа нь олон хүмүүст “нам бол хууль бус үйлдлээс хамгаалж чадах орон зай” гэдэг ойлголт төрүүлж, хүссэн ч эс хүссэн ч намын удирдлагуудад “долигонож”, зөвшөөрсөн ч эс зөвшөөрсөн ч намын шийдвэрийг дагаж далбаганахад хүргэж байна.

…Сонгуульд ялж засгийн эрхийг авсан намуудын удирдагчид болон тэдний дэмжлэгээр төрийн албанд очсон хүн болгон сэтгэлдээ айдастай, ирээдүйдээ итгэлгүй байдаг. Тэдний толгойд байгаа “дараагийн сонгуульд ялж чадахгүй байх” гэсэн түгшүүр нь “энэхүү завшааныг ашиглан” ядаж л аж амьдралаа дээшлүүлж авах хүсэл рүү хөтөлдөг. Хууль бус үйлдлээр баяжсаныхаа төлөө хэзээ нэгэн цагт шоронд сууж магадгүй айдас нь өөртөө ашигтай хуулийн заалт батлуулж авах оролдлого рүү дагуулж байдаг. 4 жилийн богино хугацаанд юу эс болох билээ. Нам хэмээх “улстөрийн нуувч” дотор тэд улс эх орны хөгжил дэвшил бус, зөвхөн өөрийн эрх ашгаа л бодож амжина. Нам тэднийг хувь хүний мөн чанараа огоорч, ичих булчирхайгаа гээхэд хүргэж байна. Тэд өөрчлөх, өөрчлөгдөхийг хүсэвч намаас гараад “хэн ч биш” болж, намын өш хонзон дор АТГ, эс бол ямар нэгэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээхээс айж байна. Учир нь улстөрд намаар дамжиж орсон бүх хүмүүс “шавхайтай хутгалдаж” амжсан байдаг. Нам бол тэдний бузар булайг хуулиар хамгаална.

* “БРЕНД” БОЛСОН НАМУУД:

Монголчууд бид алив зүйлд дасамтгай, бас туйлшрамтгай. Залхуу юм шиг хэрнээ алив зүйлийг хялбарчлах дуртай. Сонгуульд санал өгөхдөө намуудын нэр болоод олонд танил болсон хүмүүсийг сонгох нь нийтлэг үзэгдэл. Тийм ч учраас нийгэм өөрчлөгдсөн 24 жилийн дотор тэд 3 намыг ээлжлэн олонхи болгон сонгож иржээ. Тэдэнд хайртай дуртайдаа биш, тэд тэдний аж амьдралыг өөдрөг сайхнаар авч яваад ч биш, зүгээр тэдний хувьд “бренд” болсон нэрнүүдэд л санал өгч байгаа хэрэг.

1. Монгол Ардын Хувьсгалт Нам \МАХН\. Социализмын үед Монголын төрийг барьж байсан МАХН олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд үүрд мөнх оршиж, олон гэгээн дурсамжийг сэдрээж байдаг. Энэ намын задралын үеийг овжин ашиглаж нэрийг нь сэргээж үлдсэнээрээ Н.Энхбаяр өөрөө “бренд” болж чадсан. Угтаа бол энэ нам Н.Энхбаярын хувийн нам болсон. Н.Энхбаярт “МАХН” гэдэг бренд л хэрэгтэй. Түүнээс биш социализмын үеийнх шиг нийгмийн тэгш хуваарилалт, 5 жилийн төлөвлөгөө болон гавшгайчид, баярын парад туг лоозон уриа, олон байгууллагуудын ёслол төгөлдөр их хурлууд дээр намын нэрийн өмнөөс баяр хүргэж үг хэлэн нижигнэтэл алга ташуулах гээд байгаа юм биш. Хүмүүс “МАХН” гэдэг нэрийг сонсоод л “хөөрхий минь мөн ч их ач тусаа өгсөн буянтай нам юм шүү дээ” хэмээн залбирч, одон медалиа зүүн ёслол төгөлдөр маягаар сонгуульд ялуулах гэж санал өгөхөд л хэрэгтэй.

2. Монгол Ардын Нам \МАН\. Социалист коммунист үзэл санаанаас татгалзах шалтгаанаар 1921 онд анх байгуулагдахдаа хэрэглэж байсан нэрийг сэргээсэн нь мөн л нөгөөх брендээ авч үлдэх гэсэн санаа. Харин тэд “МАХН” гэдэг брендийг хуулиар олигтойхон “хориглож” чадаагүй учраас сонгуульд санал хуваах “өрсөлдөгчөө” бий болгож орхисон. “МАН” чинь “МАХН”-ны шинэчилсэн хувилбар юм шүү дээ” гэж байнга ухуулсны хүчинд сонгуульд санал авч чаддаг. Залуучууд нь энэ намыг өөрчлөхийг хүсч оролдлого хийх авч хууччуул нь боломж олгохдоо дүргүй. Зөндөө олон сайхан залуус энэ намд бий боловч дэмжих хүсэлтэй хүмүүс нь “Уг нь чамайг дэмжмээр байвч, нам чинь биш ээ” гэж хэлдэг. Нөгөө талаар нам дотроо уламжилж ирсэн “хатуу дэглэм” сахидаг болохоор “олгой хагаравч тогоон дотроо” байж чаддаг нь бусад намаас ялгарах давуу тал. Гэхдээ завшигчид нь хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, шийдвэр гаргах эрх мэдэлд мөнөөх хууччуул нь бат бөх сууж байдаг болохоор итгэж дэмжихэд амаргүй.

3. Ардчилсан Нам \АН\. 1990 оны ардчилсан хувьсгалаар шинээр байгуулагдсан энэ нам “Ардчилсан” гэдэг нэрээрээ л шууд “бренд” болж чадсан. Энэ брендийн төлөө л Социал Демократ Нам, Үндэсний Дэвшлийн Намууд Ардчилсан Намтай нэгдсэн боловч хэзээ ч нэг нам шиг байж чадаагүй. 1996 онд сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан хэрнээ ЗГ-аа 4 удаа унагаасан тохиолдол энэ жил давтагдаж эхэллээ. Тэдэнд “Ардчилсан” гэдэг “бренд” хэрэгтэй болохоос үзэл санаа, үйлдлээрээ хэзээ ч нэгдэж байгаагүй. Намууд доторхи намууд болсон фракцуудын тэмцлийг тэд хэзээ ч зогсоож чаддаггүй. Одоо болж байгаа ЕС Н.Алтанхуягийг огцруулж, оронд нь Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарых “өрсөлдүүлж” Ч.Сайханбилэгийг гаргаж ирж байгаа үйл явц нь АН доторхи “Алтангадас” фракцийн бусад фракцуудтай хийж байгаа тэмцлийн л жишээ. Ийм тэмцлүүд хичнээн олон давтагдах тусам тэд нэр хүндээ алдаж, өөрчлөлт шинэчлэл хийх боломжуудаа алдаж байна. Уг үзэл санаа нь зөв юм шиг хэрнээ, бодит ажил болгож сайн үр дүн гаргаж чаддаггүйн шалтгаан нь энэ, миний анзаарч байгаагаар.

…Монголын улстөрд гуравдахь хүчний тухай ярих авч, бий болгож чадахгүй байгаагийн шалтгаан нь монголчуудын сэтгэлд “бренд” болон оршсон эдгээр намуудын нэр. Хэрэв тэд нэрээ өөрчлөх, эсвэл өөр нэрээр нам байгуулбал олонхийн санал авч чадахгүй гэдгээ мэдэж байгаа. “Санаа байвч сачий нь хүрэхгүй” шалтгаан нь энэ. Өөр өөрсдийн үзэл бодлоороо нэгдэж, улс оронд шинэчлэл хийж шударга ёсыг тогтоохыг хүсч буй олон залуус бий. Улс оронд үйлдвэржилт бий болгож, монголчуудын бахархал эв нэгдлийн төлөөх өөрийн санаагаа хичнээн янзаар илэрхийлээд ч улстөрийн дэмжлэг авч чадахгүй байгаа Х.Баттулгын санаачлага ч үүний бодит жишээ.

*НАМУУДЫГ ТАРААЯ:

Цаашид улстөрөөр талцсан, өөр хоорондоо үгсэн хуйвалдсан, хариуцлага хүлээдэггүй шударга бус байдал газар авсан байдлаар Монгол орон хөгжихгүй ээ. Бид зориглож өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Харин хэзээ, яаж хийх хэрэгтэй вэ? гэдэг дээр бүгдээрээ санал бодлоо илэрхийлье. Миний хувьд:

1. Өдгөө улс төрд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа, эс явуулж байгаа бүх намуудыг татан буулгаж намуудын шинэчилсэн бүртгэлийг тодорхой хугацаанд дахин хийе. Үүний тулд “Улстөрийн намуудын тухай” хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Үүнийг одоогийн намуудын удирдлагууд хамтдаа зөвшилцөж шийдэх боломжтой.

2. Шинээр байгуулагдах намуудад дээрх “бренд” болж олон нийтийн сэтгэл зүйн дэмжлэгийг авч байдаг МАХН, МАН, АН нэрүүдийг бүтнээр нь хэрэглэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна. Мэдээж “Ардын”, “Ардчилсан” нэрүүдийг хэрэглэж болох боловч одоогийн хэрэглэж байгаа бүтэн нэрийг хэрэглэж болохгүй. Энэ бол намуудын гарааны шинэ зурхай.

3. “Улстөрийн намуудын тухай хууль”-ийг өөрчилж, заавал 800 хүний гарын үсэг гэхгүйгээр, адил төст үзэл бодлоор хүмүүсийн эвлэлдэн нэгдэх боломжийг олгох хэрэгтэй байна. Эвлэлдэн нэгдсэн хүмүүс өөрсдийн намуудын үзэл баримтлалаа бий болгож институт маягаар ажиллах хэрэгтэй. Намуудын гишүүнчлэлийг болиулснаар сонгогчдод хавчлага дарамтгүйгээр саналаа өгөх, өөрийн үзэл санаан дээр тулгуурласан сонголт хийх боломжийг олгоно гэсэн үг.

4. Шинэчлэгдэн зохион байгуулагдсан намууд өөрсдийн үзэл баримтлал, Монгол орны хөгжлийн төлөөх стратеги боловсруулан өрсөлдөх ба төрийн албаны тогтолцоог тогтвортой байдлаар хуульчлан хамгаалах боломж бүрдэнэ. Төрийн алба сонгуульд ялсан намуудын албан тушаалын хуваарилалтаар бус, бодлогыг нь хэрэгжүүлэх чиглэлээр чиглэлээр тогтвортой, найдвартай ажиллах бүтэц бидэнд хамгаас чухал байна.

…Улиг болсон энэ байдалд хүмүүс “залхаж байна” гэж ярьцгаадаг. Намууд дотор байгаа шинэчлэлийг хүсч байгаа олон залуус ч ийм өөрчлөлтийг хүсч байгаа гэдэгт би итгэж байна. Монгол хүн бүрийн сэтгэл дотор “Ийм уудам газар нутагтай, ийм их баялагтай, ийм их мал сүрэгтэй Монгол оронд төрж өссөн 3 сая хүрэхгүй хүмүүсийг ийм арчаагүй байдалд оруулах ямар хэрэг байнаа” гэсэн халаглал оршиж байгаа. Зарим нь тэмцэх тухай ч бодож ярьж байна. Айдас мөрөөдөл сүлэлдсэн ийм амаргүй цаг үед зөв гарцыг олох нь л хамгийн чухал байна. Бас “Сайхан санаа байна шүү, амжилт хүсье” гэж бичиж суухын оронд бие биедээ дуулгаж, хамтдаа бодит саналаар дэмжиж байх нь хэрэгтэй байна.

Заримдаа бид яг хязгаарын огтлолцол дээр зогсож байх шиг санагдаад байдаг юм. Орших эс орших, хөгжих мөхөх, эвлэлдэх эс бол задрах. Олон ч хүмүүсийн сэтгэлд “Монголчууд бид ч их хувь заяатай хүмүүс дээ” гэж уужрал төрөх дор өөрөө ч мэдэлгүй тэнгэр рүү хардаг байх. Яалаа гэж бид эс оршиж, мөхөж, задрах билээ. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн С.Зориг нэгэн цагт ирээдүйгээ өөдрөгөөр мөрөөдөн, тамхиа татаж байхдаа хэлсэн буйз. Би ч бас та нарт итгэж байнаа.

Share Your Thoughts