НАМУУД – УЛСТӨР-СОНГУУЛЬ

…2012 оны улстөрийн сонгууль ойртож байгаа нь намуудын идэвхжлээс мэдрэгдэж байна. Тэд гэнэт “Ард түмний санал бодлыг сонсох аян зохион байгуулж”, ард түмэнд хайртайгаа илэрхийлэхийн тулд гудамжаар алхлан, олон түмэнтэй нүүр тулан уулзаж элэгсэг дотно яриа өрнүүлж, олон түмнээс санал дэмжлэг авахын тулд Оюу толгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, оюутнуудын сургалтын төлбрийг төрөөс дааж, бас дээр нь нэмж цалин өгөх тухай ярьж эхэлжээ. Ард түмний саналыг ямар ч аргаар хамаагүй авч төрийн эрх мэдэлд хүрсэн цагаасаа олон нийтийг
умартан, дорд үзэж, “дураараа дургин дун чөмгөөрөө жиргэж” байснаа сонгуулийн өмнөх жилд гэнэт ухааран сэхээрч, олон түмэнд учиргүй наалинхайтан “хайр зарладаг” жишиг тогтсоор удаж буй. Энэ бол өнөөгийн Монголын улстөрийн нэгэн үзэгдэл болжээ.

Нэг. УЛС ТӨР БОХИР ЗҮЙЛ ҮҮ?

Энэ үгийг улстөрчид болгон хэлж, энэ бохир ертөнцөд гэрэл гэгээ болон цацарч, цэвэршүүлэх гэж зовж байгаа тухайгаа ярилцлага болгондоо учирлана. Хэрэв улстөр тийм бохир зүйл юм бол, та нар яагаад үүн рүү үхэн хатан зүтгээд байгаа юм бэ? Яагаад энэ байдлыг өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм бэ? Хаалганы цаана өрнөж байгаа заваан бохир үйлдлүүдээ яагаад илчилж, цэвэрлэхийг хүсэхгүй байгаа юм бэ?

-1. Өнөөгийн Монголын улстөр бизнес болон өргөжиж байна.
Сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж олохын тулд тэд хууль бус олон зүйлийг хийцгээдэг. Эрх мэдэлд хүрсэн тэд, боломжит бүх мэдээллийг өрсөн авч, өөртөө болон өөрийн хамтрагчидтайгаа тэрхүү боломжийг ашиглан “мөнгө угаацгаана”. Олон төрлийн тендер болон гадаад орнуудаас авч буй зээл тусламж дэмжлэгийг тэд л ийнхүү ашиглацгаадаг. Сүүлийн 20 жилд манай улсад орж ирсэн зээл тусламж болон олон улсын байгууллагуудаас Монголд хэрэгжүүлсэн төслүүдээс үр ашгаа өгч чадсан тодорхой төслийг нэрлэ дээ. Монголын ардчиллыг дэмжиж
гадаад орнуудаас өгсөн бүх тусламж дэмжлэг, зээл төслүүд улстөрчдийн баяжуулахад зарцуулагдсан нь нууц биш. Мэдээж бид баримт дэлгэж чадахгүй. Гэхдээ сүүлийн 20 жилд Монголд гаднаас орж ирсэн тусламж дэмжлэгийн мөнгөний хэмжээг бодитоор гаргаад, бодит үр дүн болон өнөөгийн хөгжлийн бодит байдалтай харьцуулаад харахад л хангалттай. Улс орон хөгжиж үү? Улстөрчид баяжиж уу?

-2. Өнөөгийн Монголын улстөр авилгалаар амьсгалж байна.
Шуналд хөтлөгдсөн эрх мэдэл олон хилэнцийг дагуулдаг. Өнөөгийн Монголд аливаа шийдвэр гаргах түвшинд болон зөвшөөрөл олгох бүх л дамжлагууд авилгалаар ажилладаг бүх л бүтэн цогц сүлжээнд орсон байгаа. Банкнаас зээл авахад, ашигт малтмалын хайгуулын лиценз авахад, барилга барих газрын зөвшөөрөл авахад, улсын төсвөөр зам барих болон аль нэгэн байгууламжийн тендерт ороход, цахилгаан станцууд болон Эрдэнэтийн УБҮ, төмөр зам, МИАТ-ийн байгууламжуудад сэлбэг хэрэгслэл нийлүүлэхэд, улсын нөөцийн газарт шатахуун болон өвс
нийлүүлэхэд, хувийн эмнэлэг болон сургууль байгуулахад бүгд л тогтсон авилгалын ханштай. Аливаа мөнгөн дүнгийн 10% нь эрх мэдэлтний халаасанд ордог гээд бод доо. Үүн дээр нэмээд Гаалийн газарт, Татварын газарт, Газрын албанд гэхчилэн авилгал авч амьдралаа дээшлүүлэх боломжтой албан тушаалууд өөрсдийн үнэлгээтэй байгаа. Тэд энэ сүлжээг бий болгохын тулд бүхэл бүтэн баг болон ажиллаж байна. Энд баримт шаардахгүйгээр эргэн тойрноо эрүүл нүдээр хараад үз дээ.

-3. Өнөөгийн Монголын  улстөр ашиг сонирхлын төлөө ажиллаж байна.
Улс орны ашиг сонирхлын төлөө бус, хувийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ажилладаг хүрээ нь уул уурхайн халуурлын уршгаар олон улсын хэмжээнд хүрч эхэлжээ. Улстөрчид болгон ардаа хувийн компанитай, үгүйдээ л хувьцаа эзэмшдэг байгууллагуудтай байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулалтай компаниудын хувьцаанд шунах болж. Оюутолгой, Тавантолгой, Ураны ордууд дээр манай улстөрчид улс орны эрх ашгийн төлөө хэзээ ч нэгдэж чаддагүйн нотолгоо нь энд л байгаа. Тэд хувьцаа авч чаддаггүй юм гэхэд ядаж л их хэмжээний авилгал
авахын төлөө өөр хоорондоо “өрсөлдөцгөөж” байна. Эрүүл бус энэ үзэгдэл дэлхий нийтийн хэмжээнд олон улсын хэмжээнд ил тод болсон болохоор, тэд өөрсдийн ашиг сонирхолдоо Монголын улстөрчдийг ашиглах болжээ. Ямарваа асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд, хууль болгон мөрдүүлж чаддаггүй, байнга л эргэж буцан хэрүүл маргаан дэгдээж, “өөх ч биш булчирхай ч биш” болгож байгаа үйлдлүүд үүний нотолгоо. Энэ байдал даамжрах аваас Монголын эдийн засагт гадаад орнуудын ашиг сонирхол хэт давамгайлж, энэ байдал нь Монгол Улсын Үндэсний
Аюулгүй байдалд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрч болзошгүй.

Монголын улстөрийг бохирдуулаад байгаа эзэд нь, Монгол орны ашиг сонирхол болон зөв сайн хөгжлийн төлөө бус, зөвхөн өөрсдийн амин хувийн ашиг сонирхлын төлөө зүтгээд байгаа Монголын улстөрчид өөрсдөө мөн.

Хоёр. БАГ ба ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ

Улстөрийн эрх мэдлийн төлөө НАМУУД ард түмэнд амлалт өгч, санал аван сонгогддог. Энэ амлалтаа намууд ,өөрсдийн нэрээр сонгодсон гишүүдээрээ дамжуулж болон дэмжүүлж хэрэгжүүлэх учиртай. Нам төвтэй улстөр бол багийн тоглолт хийдэг. Учир нь тэд Намын нэрээр санал авсан болохоор, нэг хөтөлбрөөр сонгуульд орсон болохоор, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэг баг болж ажиллах ёстой. Хэрэв амлалтаа хэрэгжүүлж чадаагүй бол сонгогчид хувь хүнтэй бус НАМТАЙ хариуцлага тооцно.

Өмнөх сонгуулиудад МАН, АН-ууд мөнгөний амлалт өгч сонгуульд ялсан. Хэрэв тэд амлалтаа биелүүлсэн бол өнөөдөр Монгол Улсын иргэн болгон жилд 1.5 сая төгрөгийг бэлнээр гар дээрээ авч байх учиртай. Харин тэд сонгуульд ялсныхаа маргааш шахам “Бид энэ мөнгийг өгч чадахгүй” гэж мэдэгдэж, намын гишүүд нь “өгөх боломжгүй”, “өгч чадахгүй” гэдгээ янз бүрийн шугамаар мэдэгдэж эхлэв. Зүйрлэвээс “Горьдвоо та нар” гэж тохуурхаж байгаатай адил. Харин сонгууль дөхөөд ирэхээр нөгөө мөнгө маань 21000 + ? болж хувирах нь тэр. Эдгээр намууд яаж ч
тайлбарлаж учирлаад ч бодит үр дүн нь ийм л байгаа. Энэ бол багийн тоглолт гэж огт байхгүйгээр хэсэг бүлэг хүн нийлж байгаад олон нийтийг хууран мэхэлж байгаатай адил үзэгдэл юм.

Сүүлийн 2 удаагийн Монгол Улсын Ерөнхийлэгчийн сонгуулийг ажихад, нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам нь хүчтэй дэмжихгүй байхад “унаж” байгаа нь харагдсан. Өдгөө өөр хоорондоо нэгдээд байгаа М.Энхсайхан, Н.Энхбаяр нарт ийм гашуун хувь тохиосон. Аль аль сонгуульд хамтрагчид нь эсрэг талдаа ажилласан гэдэг маргаан гарч байв. Гэхдээ үүнийг хэн ч, шүүх ч нотлоогүй нотлох ч үгүй. Харин ийм мэдрэмж байсан гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Хувь хүн улстөрд ганцаарчилсан тоглолт хийх тусам өөрийн хүч нөлөөгөө алддаг. Үүний жишээ нь
Эрдэнэбатын байгуулсан нам, Буянгийн Жаргалсайханы байгуулсан нам, Гүндалайгийн байгуулсан намууд болон эдгээр эрхмүүдийн улстөр дахь нөлөө нотолж байгаа юм.

Харин одоогийн эрх барьж байгаа МАН, АН-уудын хувьд гишүүд нь хэт хувийн тоглолт хийдгээс тэд арчаагаа алдаж байна. МАН “бид эв нэгдэлтэй” гэж мэдэгдэн дотоод зөрчлөө нууж байгаа ч, АН “бид ардчилалтай” гэж мэдэгдэн дотоод зөрчлөө ил гаргаж байгаа ч намуудын сул дорой арчаагүй байдал нь алган дээр байгаа мэт ил байгаа. Тэд “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод” ч энэ байдлаа нууж чадахгүй. Гол учир нь намын дотоод сахилга бат гэж байхгүй болсноос гадна, гишүүдтэйгээ хариуцлага тооцож чаддаггүйд шалтгаан нь оршиж байгаа байх. Гол
учир нь намуудын дарга, удирдлага нь ч сонгогдсон гишүүд нь ч бүгдээрээ бие биенийхээ идэж завшсан болон хууль бус үйлдлүүдийг мэдэж байгаад байгаа. “Хэрэв чи надтай ингэж ярьвал би өөрөөр ярина шүү” гэдэг хэллэг л үүний илрэл. “Өөрөөр ярих яриа” л тэдний хувьд “шүдний өвчин” нь болж хувирна. “Адилдаа адил”, “Их ч барьсан өмхий бага барьсан ч өмхий” гэдэг үг л тэдэнд тохирч байна даа.

НАМУУД хүчгүй сул дорой болох тусам гишүүд нь дураараа дургиж, ганцаарчилсан тоглолт хийж эхэлдэг. Тэр ч байтугай хамтдаа хөл бөмбөг тоглож байгаад өөрийнхөө хаалганд гоол хийж орхих тохиолдол ч зөндөө. Гэхдээ үүний төлөө хариуцлага хүлээсэн нэг хүн бий гэж үү? Хариуцлага хүлээдэггүй тогтолцоо МАН, АН-ууд хамтран Засгийн эрх барих цагаас бүр ч даамжирсан. Хамтарснаар ашигтай олон зүйл хийж чадсан хэдий ч, амлалтаа биелүүлж чадаагүйн хариуцлагыг хэн хүлээх юм бэ? гэвэл бас л сонин зүйл болох байх. Гэхдээ тэд олон нийт ингэж
асууж, хариуцлага нэхэж чадахгүй гэдгийг сайн тооцоолж л байгаа. Харин тэд сонгууль дөхөж байгаа өнөө цагт дараагийн сонгуульд сонгогдох хүсэлтэй гишүүдээ “амыг нь татаж”, амлалтыг нь авахуулж чадах байх, Ингэлээ гээд байдал дээрдэх болов уу? Үндсэн тогтолцоогоо эвдэж, сайжруулан өөрчилж чадахгүй бол энэ байдал үргэлжилсээр л байх болов уу?

Гурав. ХҮЧИРХЭГ НАМ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Олон нийтийн зүгээс сонгуулийн амлалтаа биелүүлээгүй, одоогийн эрх барьж буй МАН, АН -д итгэл алдарч, дургүйцэн бухимдаж байна. Нөгөө талаас намын нэрээр сонгуульд ялж эрх мэдэл авсан эрхмүүдийн нийгмийн баялгийн ШУДАРГА БУС ХУВААРИЛАЛТ, авилгалд идэгдсэнээс бий болж чадахгүй байгаа ШУДАРГА ЁС, өнгө мөнгөний шуурганд халхлагдаад байгаа НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, монгол хүний үнэ цэнэ болон зөв сайн хөгжлийн төлөөх ТӨРИЙН БОДЛОГО байхгүйд бухимдаад байна. Энэ бүхэн дараагийн сонгуулийн хугацаанд хэвээр үргэжлэх аваас
олон нийтийн тэвчээр алдагдаж болзошгүй.

Зарим хүмүүс “НАМУУДыг татан буулгая” гэж санал болгож байна. Би ч бас тийм бодолтой байсан л даа. Гэтэл өнөөгийн дэлхий ертөнцийн улстөрийн тогтолцоонд үүнээс сайн хувилбар одоо хэр нь үгүй бололтой. Намууд мөрийн хөтөлбрөө боловсруулж, энэ хөтөлбрийг хэрэгжүүлэх багаа бүрдүүлэн сонгуульд оролцон, үүнийгээ олон нийтэд сурталчлан дэмжүүлж байж ялах учиртай. Харин сонгуулийн хугацаанд амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбрөө хэрэгжүүлж чадаагүй бол хариуцлага хүлээх ёстой. Ингээд ч зогсохгүй эрх мэдлээ буруугаар ашиглан
хууль зөрчиж, олон нийтийн эрх ашгийг хохироосон улстөрчид хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ л бидэнд дутагдаад байна даа. Өөрөөр хэлбэл бид хүчирхэг намыг л хүсч байна.

Намуудын хүчирхэг байх үндэс нь намуудын дотоод дүрэм, ёс зүй, итгэл үнэмшил, үзэл бодол нь юм. Тухайн намын зорилго болон үзэл бодол нь таалагдаж байвал дэмжихээс бус одоогийнх шиг албадлагаар гишүүд элсүүлэн батлах гардуулан “талархаж”, сонгуульд ашиглаад, бусад үед нь хайхрахгүй орхиод байх нь ямар бол? Реклам маягтай энэ байдал нь намын нэрээр улстөрд орж, эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийн “шоу” болж хувираад байна. Дээр нь сонгодсон гишүүдээ нэгдмэл бодлогоор зангидаж, тэдэнд хариуцлага тооцож чаддаггүй байдал нь бүр ч
нэрмээс болж байна даа. Энэ байдал нь Монголчууд бидний багаар ажиллаж сураагүй, ямагт амин хувийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө байнга “урваж шарван”, энд тэнд гоё сайхан зүйл ярьж явдаг муу араншинтай холбоотой юм шиг.

Яг үнэндээ Монголын төрийн эрх мэдлийг сүүлийн 20 жилд ээлжлэн барьж буй МАН, АН-ууд, бусад намууд болон шинээр гарч ирж болох намуудад боломж олгохгүйн төлөө нэгдэж чадаж байнаа. Гэсэн хэрнээ өөрсдөө өөрчлөгдөхгүй, өөрчилж чадах бусдад боломж олгохгүй байгаа нь Монгол орны өөрчлөлт зөв сайн хөгжилд саад болж байна. Тэд мөнхийн мөнхөд “хаан ширээ”нд залран, өөрсдийн ашиг сонирхлоор бүгдийг шийдэж байхыг л хүсч байгаа. Хөгжил дэвшил ямагт урагшилж байгаа нөхцөлд энэ бол боломжгүй зүйл. Тэгэхээр тэдний хувьд өөрсдөө
өөрчлөгдөн шинэчлэгдэх, тэгж чадахгүй бол бусдад зайгаа тавьж өгөх сонголтууд л буй. Гэхдээ энэ бол цаг хугацааныы асуудал.

Одоогоор Монголд сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Аль хэдийн шийдэж, тов тодорхой болгох учиртай энэ хуулийн хэлэлцүүлэг удаа дараа хойшлоод байсан нь нухацтай хандах гэснийх бус өөртөө ашигтай хувилбрын төлөөх “амбиц” гэдэг нь мэдрэгдээд байна. Тойргийн томсогосон, жижигсэгсэн хувилбрууд, намын нэрээр болон хувь хүний нэрээр сонгох тухайд тэд удаан маргалдацгааж буй. Ямраар ч шийдэгдсэн энэ бол монголчуудын хувьд Төрийн эрх барих Үндсэн хуулиар олгогдсон цорын ганц боломж нь Тэгэхээр хариуцлагагүй хандах аргагүй.
Энэ бол Монголын улстөрийн цэвэр, хариуцлагатай байх боломж. Харин үүнийг өөрсдийн ашиг сонирхлынхоо төлөө завааруулах эрх тэдэнд байхгүй.

ТӨГСГӨЛ буюу СОНГУУЛь

Дараа жил буюу 2012 онд сонгууль болно. Бид ардчилал ялснаас хойшхи 20 жилд олон сонгуулийг өнгөрөөжээ. Эхэндээ сонирхолтой сонголт байсан бол сүүлдээ мөнгөний сонгууль болж хувиран, элдэв худал хуурмаг амлалт болон бэлэн мөнгөөр саналыг “худалдан” авдаг муу жишиг тогтлоо. Энэ бүхэн нь Монголын Төрийн болон бидний зүгээс хэзээ ч ХАРИУЦЛАГА тооцож үзээгүйн муу үр дүн. “Амташсан хэрээ арван гурав дахина” гэдэгчлэн ирэх жил дахиад л энэ аргаараа гарч ирэхээр санаархан бэлтгэж буй олон ч улстөрийн хүчнүүд болон хувь хүмүүс бий.
Харин бид сонгуульд ингэж хандаад юу хожив? Хэд хоног мөнгөтэй, унших зугаацах зүйлтэй, хоолтой байсныхаа төлөө 4 жил бухимдлаа. Энэ байдал үргэлжилсээр байх уу?

-Сонгогчид бид өөрсдийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Яагаад та заавал сонгуульд санал өгөх ёстой юм бэ? Хэнд яаж өгөх ёстой юм бэ? Юуг нь анхаарч, анзаарч байх ёстой юм бэ? Энэ сонголт таны амьдралд яаж нөлөөлөх ёстой юм бэ? энэ асуултуудыг өөртөө тавиад, хэрэв зөв хариуг нь олохгүй бол бусдаас асуу, өөрөө уншиж судла. Энэ бол та цаашдаа хэрхэн амьдрах боломжоо сонгож байгаа гэдгийг л мартаж болохгүй. 4 жил гэдэг ч бага хугацаа биш. “Нэг өдрийн хангалуун амьдралаас мянган өдрийн тайван амьдрал дээр үү?” гэдгийг та
сонгох болно.

-Улстөрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү тодорхой байх хэрэгтэй байна. Яг үнэндээ улстөрийн өөр өөр чиг баримжаатай намууд ав адилхан л мөнгө амлаад эхэлсэн. Өмнө гаргаж байсан уриа лоозон болон мөрийн хөтөлбрүүдээс тань “1.5 сая төгрөгийг иргэдэд  жил бүр бэлнээр олгож байна” гэдгээс өөр юу ч үлдсэнгүй. Тэгээд ч хамтарсан ЗГ байгуулсан намуудын үзэл бодлын ялгаа, хөгжлийн бодлогын чиглэл тань огт ялгагдахгүй байна. Энэ бол одоогийн намууд тодорхой үзэл бодол дээр биш, зөвхөн ашиг сонирхол дээр нэгдсэний нотолгоо. Харин бид
одоо намуудаас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр, түүнээ хэрхэн хэрэгжүүлэх баталгааг шаардах хэрэгтэй байна.

-Бидэнд өнөөдөр ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл нь ШУДАРГА ЁС-ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО. “Сонгууль шударга явагдана” гэдэг баталгааг бид төрөөс шаардах ёстой. Эс тэгвэл 7 сарын 1ний үйл явдал болон түүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй заваан байдал арилахгүй. Нөгөө талаас сонгуулийн хууль зөрчсөн болон хууль бус сурталчилгаа хийсэн, олон нийтэд бэлэн мөнгө тараасан тохиолдол бүр дээр хуулийн хариуцлага хүлээлгэн, олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй байна. Мөн сонгогдсон хойноо дур зоргоороо авирлаж байгаа гишүүд болон
улстөрийн намууд мөрийн хөтөлбрөөсөө няцаж, биелүүлээгүй тохиолдолд заавал хариуцлага хүлээлгэж байх тогтолцоо хэрэгтэй байна. Үүний тулд л сонгуулийн хууль болон сонгуулийн хороог сайжруулах шаардлага гарч байгаа юм.

Хэдийгээр би улстөрч бас судлаач биш хэдий ч Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө өөрийн санаа зовинолоо бичлээ. Хүн бүхэнд таалагдах болон таалагдахгүй байлаа ч энэ бол зөвхөн миний л бодол, санал. Заавал улстөрчид гэлтгүйгээр иргэн бид өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, зөв сайн бодол санаагаа дэмжин нэгдэх цаг болж байна. Энэ бол зөвхөн сонгууль биш, Монголчууд бидний цаашдын хувь заяаны асуудал. Үүнд хамаагүй хүн гэж байхгүй. Хэрэв бид буруу сонголт хийх аваас өөрсдөө бухимдан зүдрэх болно. Харин
зөв сонголт хийх аваас бид зөв сайнаар хөгжин дэвжих болно.

Share Your Thoughts