НАМ-ТӨР-БИД

*НАМУУД. Сонгуульд олонхийн санал авч ялалт байгуулан Засгийн Газраа байгуулж буй намууд:
-Засгийн Газрын бүтцийг дур зоргоороо өөрчлөн Яамдуудыг хольж солин эсвэл татан буулгаж, шинээр байгуулж байгаа нь Намууд Төрийн дээр гарч дархлааг нь үгүйсгэж байгаагийн нэгэн жишээ. Үүний гайгаар одоог хүртэл Монголын Төрийн бүтэц баталгаажаагүй, сул дорой хэвээрээ байна.
-Ялсан намууд Төрийн албан хаагчдыг олноор нь халж, өөрсдийн намын гишүүдийг  “бялуу хуваах” зарчмаар албан тушаалуудад томилдог болсон нь “мэргэшсэн” боловсон хүчнүүд бий болж туршлагажин тогтвортой ажиллах боломжуудыг шууд устгаж байгаа хэрэг. Үүний уршгаар “албан тушаалын наймаа”, “авилгал хээл хахууль” -ийн арчаагүй систем тогтоож буйгаа намууд хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй нуун халхалж байна.
-МАН, АН ээлжлэн сонгуульд ялж байгаагаас өмнөх намуудын бүтээж бий болгосон бүхнийг үгүйсгэн зогсоож, өөрсдийн санал бодлогоо тооцоо судалгаагүй “тулгаж” байгаа нь Монголын Төрийн үйл ажиллагааны залгамж уламжлалыг устгаж байгаа төдийгүй эдийн засгийг туйлдуулан үр ашиггүй болгож байгаа хэрэг. Намуудын энэ арчаагүйдэл бие биенээ үгүйсгэн “хонзон авах” хэлбрээр явагдаж байгаагаас Төрд итгэх олон нийтийн итгэл алдарч байна.
-Намууд сонгуулийн өмнө ба дараа нь бие биенээ шүүмжилж, буруу муу үйлдлүүдийг нь “илчлэн” зарлах боловч үүний төлөө аль нэгэн нам болоод хэн нэгэн улстөрч хариуцлага хүлээсэнгүй. Хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй байгаа нь хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд, улстөрчид болон уг албан тушаалд томилсон намуудаас хамааралтай байгаагийн жишээ. Үүний уршгаар олон нийтийн дунд хуулийг үл хүндэтгэн “барьцах” сэтгэлгээ давамгайлах боллоо.
-Намуудын удирдлагад байгаа муу хүмүүсийн уршгаар бий болсон муу үзэгдлүүдийг “намын гишүүд” нэртэй хийрхэгчид дэвэргэн, олон нийтийн дунд талцал маргаан үүсгэн бие биенээ муу муухайгаар дуудан эрээ цээргүй доромжлох болсон нь монголчуудын эв нэгдэл, хамтын сэтгэлгээнд муугаар нөлөөлж байна. Монголын ард олныг эдгээр намууд “гишүүнчлэл”нэрээр талцуулан хагаралдуулж байгаа нь тэдний хувьд үйлдэж буй хамгийн том гэмт хэрэг мөн.
Олон жил сонгуулийн өмнө судалгаа тооцоогүйгээр амлaсан амлалтаа биелүүлээгүй болон сонгуулийг удаа дараа будилаантуулан Засгийн эрхийг “хууль бус”-аар авч, өчүүхэн эрх ашгийн төлөө Монгол орны эдийн засгийг туйлдуулан, ард иргэдийн амжиргааг доройтуулан, Төрдөө итгэх итгэлийг алдагдуулсаны төлөө намуудaд хариуцлага тооцож татан буулгах ёстой. Намуудын задрахгүй байгаа шалтгаан нь Монгол Ардын Хувьсгалт Нам  \МАХН\, Монгол Ардын Нам \МАН\, Ардчилсан Нам \АН\ гэсэн нэрүүд олон нийтийн сэтгэл зүйд “бренд” болон хоногшсонд байгаа юм. Тийм ч учраас цөөхөн хэдэн улстөрч нэртэй хүмүүс энэ намуудын удирдлагад гарч “гишүүнчлэл” нэрээр олон нийтийн доройтсон сэтгэл зүй дээр тоглолт хийж чадаж байна. Хэрэв эдгээр намуудыг татан буулгах боломжгүй гэж үзвэл намуудыг гишүүнчлэлгүй болгох хууль гаргах хэрэгтэй болж байна. Ямартай ч бид өнөөдөр Монголын нийгэмд бий болж буй эрүүл саруулаар сэтгэдэг, мэдлэг чадвартай, Монголын хөгжлийг урагш ахиулах хүсэлтэй залуу үеийнхэнд боломж олгох цаг болж байна. Монголын Төрийн дор намуудын орон зайг тогтоох шаардлага бий болжээ.
* ТӨР ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ? Эдгээр намууд Монголын Төрийн албан тушаалуудыг “ХАРИУЦЛАГА” бус”БИЗНЕС” гэж олон нийтэд ойлгуулсанд эмгэнэл оршиж буй. Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалд ажиллагсад хариуцлага хүлээлгүйгээр “мөнгөө арвижуулж” болдог тогтолцоог бий болгосон нь, мэдлэг чадвар харгалзахгүйгээр “мөнгөтэй”, “шуналтай” хүмүүст боломжийг бий болголоо. Энэ гэмт санаа биш гэж үү?Төр юу хийх ёстой вэ?
-Хэрэв нөхөр нь согтуу ирээд эхнэрээ зодвол төр хамгаалж тэднийг хуулиар тусгаарлаж байх ёстой. Гудамжинд алхаж явахад тань хэн нэгэн ирээд дээрэмдэх гэж багалзуурдвал төр таныг хамгаалж, тэр хүнийг нийгмээс тусгаарлах үүрэгтэй. Зүгээр л та хэзээ ч хаана ч айх айдасгүй сэтгэл амар тайван байх баталгааг Төр хуульчлах үүрэгтэй юм шүү дээ.
-Та амжиргаагаа залгуулахын тулд өөрийгөө хөгжүүлж, мэргэжил эзэмшиж, ажил хийж, алба хааж, дуртай ажлаа хийж олсон мөнгө нь амьдралд тань хүрэлцэх баталгааг Төр гаргаж өгөх учиртай юм. Үүний тулд мэдлэг эзэмшиж боловсроход тань тусалж, хэрэв мөнгө тань хүрэлцэхгүй бол хожим нь “толгойгоороо дэнчин тавьж төлөх” боломжийг олгох учиртай. Зүгээр л танд өөртөө итгэх итгэлийг, боломжийг бий болгох үүрэгтэй.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яг эрүүл саруул хүн шиг эх орондоо ажиллаж амьдрах баталгааг Төр гаргаж өгөх ёстой. Та гэрлэн дохион дээр машинд дайруулахгүй байх дохиолол, дэлгүүр хэсээд дуртай газраа “бие засах ” боломж, аль ч албан газар тэргэнцэртэй яваад орох зам, хэдий түгжрэлтэй байлаа ч тэдэнд хамгийн найдвартай зогсоолыг үлдээх үүргийг Төр хариуцдаг юм шүү дээ.
-Хөдөө газар явж байгаад осолд орох, хэн нэгний бие нь гэнэт муудахад нисдэг тэргээр очиж аван амийг нь аврах, хичнээн түгжрэлтэй байлаа ч хүний амь аврах гэж яваа түргэн тусламжийн, гал командын, цагдаагийн машинд нийтээр зам чөлөөлж өгөх дүрэм, боломжийг Төр хангах үүрэгтэй. Монгол Төрийн хувьд хамгийн үнэтэй баялаг нь монгол хүн байх ёстой.
-“Үйлчилгээний алба” учраас ард олны татвараар санхүүжиж буй бүх Төрийн алба баян ядуу, хөөрхөн муухай, дарга цэрэг хэн боловч адил хандаж, “хаан” шиг хүндэтгэн үйлчилж  байх учиртай. Бид татварт мөнгө төлдөггүй бол та нар хэрхэн оршин тогтнож, хэрхэн цалинжиж, хэнд үйлчлэх билээ. Яравгар царайг инээмсэглэлээр сольж, ялгаварлан гадуурхлыг тэнцүү хандлагаар солих нь Төрийн үүрэг.
За тэгээд энэчлэнгээр олон жишээ болон асуудлууд бий. АНУ-аас бидний бэлтгэж Монголын ТВ-үүдээр гарган үзүүлж буй “Хөгжлийн замаар” нэвтрүүлгүүд үүнд л чиглэсэн юм шүү дээ. Монголын Төр ард олныхоо төлөө юу хийх үүрэгтэйг өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн халамж үйлчилгээний стандартууд дээр харьцуулан үзүүлж байгаагийн шалтгаан нь энэ. Төрийн үүрэг хариуцлагын талаар олон нийтэд бага боловч ойлголт өгч, сэтгэл зүйн хувьд итгэл найдвар бий болгон, санал санаачлагуудыг дэмжүүлэхийг хүссэн хэрэг. Уг нь Төр үүнийг ойлгож дэмжвэл олон зүйлийг хамтдаа өөрчилж, бий болгож чадна даа.
*БИД ЮУ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ ВЭ? Өнөөгийн монголчуудын ажил амьдрал бүхэн Төрөөс хамааралтай, үгүйдээ хүмүүс тэгж ойлгодогт тогтолцооны гажиг илэрч байна. Бид энэ олон жил Төрийг шүүмжилж, улстөрчдийг харааж зүхэж ирлээ. “Та өөрөө юу хийж байна вэ?” гэдэг асуулт хариу нэхсэн хэвээрээ.
-Надад ажил олдохгүй байгаад Төр буруутай.
-Бид ядуу амьдарч байгаад Төр буруутай.
-Залуус ухамсар дорой, хүмүүжил муутай байна, Төр буруутай.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд чанаргүй хэрнээ үнэ өндөр байна, Төр буруутай.
-Хүмүүс чөлөөт цагаа аятайхан өнгөрөөж чадахгүй баар цэнгээний газруудад ууж согтуурч байна, Төр буруутай.
-Гэмт хэрэг ихээр гарч хүмүүс улам харгис хэрцгий болж байна, Төр буруутай.
-Гэр бүл салалт ихэсч охид бүсгүйчүүд биеэ үнэлэх нь газар авлаа, Төр буруутай.
Мэдээж “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр Төр буруутай нь үнэн, гэхдээ 100 биш л дээ.  Эрх хүүхдээ ажилд сургахгүй дураар нь байлгаж, хүссэн бүхнийг нь биелүүлсээр эцэстээ биеэ дааж амьдарч чадахгүй арчаагаа алдахад нь “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” юм даа гэж халаглаж суух эцэг эх шиг Монголын Төр. Нэг их алдар цол, одон тэмдэг хүмүүст тарааж хөөргөх авч хөгжиж дэвжсэн нь алга л байна. “Хусмаа чамласан хүүхэд”шиг хийх ажлаа хийчихээд гавьяа байгуулсаны төлөө шагнал өгсөнгүй гэж гомдогсод олон. Яг үнэндээ Төрийн бага зэрэг оролцоо байх авч хүн болгоны ажил амьдрал өөрөөс нь шалтгаалдаг юм шүү дээ. Төрийн төлөө биш, өөрийнхөө төлөө амьдрах цаг болжээ, монголчууд бид. Гэхдээ нэг зүйлийг, “Таны дур зоргоороо байх эрх чөлөө бусдын өөрийнхөөрөө байх эрх чөлөөгөөр хязгаарлагддаг” гэдгийг мартаж боломгүй. Төр үүнийг л зохицуулах үүрэгтэй.” ТЭГЭЭД Л ТАНЫГ ХАА ЯВСАН ГАЗРАА ХАЯСАН ХОГОО ТҮҮЖ ХОГИЙН САВАНД ХАЯЖ БАЙ” гэж учирлаад байгаа юм шүү дээ.

Share Your Thoughts