НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ба ҮҮРЭГ /Отгоны Саранчулуун/

11045644_10202690427541260_1809386707_o

…О.Саранчулуунтай өнгөрсөн намрын өдийд Нью-Йорк хотод марафонд оролцох гэж ирэхэд нь зорьж очиж уулзан танилцаж байсан юм. П.Энхманлай тэр хоёр энэ марафонд  оролцож 42 км замыг амжилттай туулан барианд орж байв. “42 км-ээ дуусгаж чадахгүй байх вий” гэсэн айдсаа давж энэ марафонд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ангилалд түрүүлж барианд орсон нь,  бас энэ марафонд оролцохдоо сэтгэл дотроо мэдэрсэн огт төсөөлж байгаа мэдрэмжээ бусадтай хуваалцах гэж зорьсон нь амжилтад хүрэх хөтөч нь болсон байх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийн урласан чихмэл унагануудыг ачаандаа тээж ирж Америкт байгаа монголчууддаа худалдан мөнгийг нь тэдэнд аваачиж өгсөн нь сайхан сэтгэлийн илрэл. Тэр цагаас хойш бид байнга холбоотой байсан л даа. Энэ жилийн Нью-Йоркийн марафонд оролцох гэж дахин ирэхэд нь түүнтэй ярилцлага хийх гэж дахиад л зорьж очсон. Анхны уулзалтаас саяын уулзалт хүртэлх нэг жилийн хугацаанд түүний хийж бүтээж байгаа болгоныг би анхааралтай ажиглаж, өөрийн боломжоороо дэмжиж байсан болохоор бид хоёрын яриа өөрсдөд минь дотно байлаа. Тэрээр надтай уулзахдаа “Тантай сая дөнгөж уулзсан мэт санагдаад сэтгэл огт хөдлөхгүй байнаа” гэж хошигносон.  О.Саранчулууны сэтгэлийн дотоод ертөнцийг таны өмнө дэлгэж байна.

Нэг. НАМТРЫН ТОВЧООН

-1989-2000 “Ирээдүй” цогцолбор 83, 81-р сургууль
-2001-2005 МУИС Нийгмийн Ухааны Сургууль  нийгмийн ажилтан бакалавр
-2005-2007 МУИС Нийгмийн Ухааны Сургууль  нийгмийн ухааны магистр
-2007-2008  Изриал улсын Хэбрэйн Их Сургуулийн Брауны Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль нийгмийн эрүүл мэндийн магистр
-2013-2014 АНУ, Нью-Йорк дахь Колумбын Их Сургуулийн Нийгмийн ажилтны сургуульд “Нээлттэй нийгэм” хэрээлэнгийн дээд боловсролыг дэмжих хөтөлбрийн тэтгэлгээр зочин судлаач
-2013 оноос АШУҮИС Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд докторантурт суралцаж байна
-2005 оноос АШУҮИС Зан үйл, нийтийн эрүүл мэндийн багшаар ажиллаж байна
-2014 оны 7 сараас “Амжилтын хэлхээ” ТББ үүсгэн байгуулагч, “Хамтдаа гүйцгээе”, “Хамтдаа алхацгаая”, “Хамтдаа гулгацгаая” аянуудыг санаачлагч, хэрэгжүүлэгч
-2015 оны 1-р сараас “Аххилис Монгол” ОУБ-ын гүйцэтгэх захирал
-2005 оноос АШУҮИС-ын багшаар ажиллаж эхэлснээс ХДХВ, ДОХ, ” Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төсөл”, “Сэтгэлзүйн эрүүл мэнд”, “Ахмад настны эрүүл мэнд”, “Нийгмийн ажлыг чадавхижуулах”, “Нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмж” зэрэг чиглэлүүдээр 10 орчим төсөл, судалгааны багийн бүрэлдэхүүнд оролцож ажиллаж байсан.

Хоёр. АМАРГҮЙ ҮЕИЙГ ДАВЖ ГАРСАН БАГА НАС

-Г.Галбадрах:Хаана төрж, хэрхэн өсөв дөө?

-О.Саранчулуун: Би Улаанбаатар хотод төрж өссөн. Дороо 4 дүүтэй айлын том охин. Гэхдээ би бараг л 7, 8 настайгаасаа л эмээтэйгээ цуг амьдарч байсан, нэг тийм “Эмээгийн хүүхэд” л дээ. ” Баянхошуу”, “Ханын материал” гээд Улаанбаатарын захын гэр хороололд 13 нас хүртлээ эмээтэйгээ хамт гэрт амьдарсан. Эмээ минь 1 гэртэй, тогтсон хашаа байшин байхгүй болохоор  айл айлын хашаа дамжаад л амьдарна. Би бага байхаасаа бие султай байсан болохоор хүнд хүчир ажил хийхгүй ч боломжоороо эмээдээ тусалдаг байсан байх.  Эмээ маань өөрөө л хамаг ажлаа хийж, намайг болохоор “Ном их унш, хичээлээ сайн хий” гэнэ.

-Г.Галбадрах: “Эмээгийн охин” болж өсчээ. ” Эмээгийн хүүхэд” гэхээр бид ихэвчлэн хөдөөгийн амьдралыг л төсөөлдөг сөн.

-О.Саранчулуун: 1994 онд намайг 13 настай байхад Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд байдаг холын хамаатан айлд зусуулахаар явуулав. Босоод суухаар нүд бүрэлзэж, толгой эргэдэг байсан болохоор намайг эрүүл агаарт бас цагаан идээтэй газар явуулсан байх л даа. Цагаандэлгэр сум болохоор газраасаа ургасан тачир өвстэй, хад чулуу элбэгтэй газар. Тэр айл минь адуутай болохоор сумын төвөөсөө нилээд зайдуу нутаглана. Нэг удаа даага унаж сурах гэж мордсон чинь ард байсан хүүхэд гэнэт шавхуурдаад өнөөх даага нь огло харайж зүтгэхэд нь би уначихсан. Тийм ч ширүүн шидэгдэж унаагүй ч унахдаа эвгүй гишгэсэн болов уу? шагайн хэсгээрээ эвгүй болж хавдаж эхлэв ээ. Саахалт айлын хөгшчүүд болохоор хөдөөний аргаараа “давстай хар цайгаар хавдсан хэсгийг нь шавш” гэнэ. Тэгсэн хавдар нь буух бүү хэл улам ихсээд аажим аажимдаа өвчин орж их л зовиуртай боллоо. Эх хүний зөн совин ч юм уу? ээж минь нэг өдөр гэнэтхэн хүрээд ирсэн. Тэгээд л ээж минь намайг хот руу авч явлаа. Би болохоор “сургууль цуглахаас өмнө гайгүй болчих байх” гэж дотроо бодож байсан л даа.

-Г.Галбадрах: Хавдсан хөлийг давстай хар цайгаар шавших нь түгээмэл арга байсан шүү. Харин эмнэлэгт очоод оношоо тодруулсан уу?

-О.Саранчулуун: Улаанбаатарт манайх тогтсон хаяггүй учраас өрхийн эмнэлэгүүдээр явахад төвөгтэй байсан санагддаг юм. Бичиг баримт бүрдүүлэх нь их л хэцүү, бичиг баримтаа бүрдүүлээд эмнэлгүүдээр яваад ч оношоо тодруулж чадаагүй. Сүүлдээ хөлийн хавдар улам ихэсч улам дээшилсээр түрийтэй гутал өмсөхөд ч багтахааргүй боллоо. Өмнөх жилийн 7 сараас дараа жилийн 5 сар хүртэл тэгж явсан гээд бод доо. Сургуульдаа ч явах боломжгүй. Сүүлд нь нэг эмч Хавдар Судлалын Төв руу оч гэж зөвлөсөн. Хавдар Судлалын Төв дээр очиж шинжилгээ өгсөн чинь “хавдрын их хожуу үедээ оношлогдсон байна, тайрахаас өөр аргагүй” гэж хариу гарсан. “Хөлөө тайруулна” гэдгийг сонсоод би “Хөлөө тайруулахгүй” гэж уйлж, ээж минь ч дагаж уйлаад, бид 2 нэг өдөр эмнэлгээс зүгээр л гараад явчихсөөн. Эмнэлгээс гараад ээж бид 2 “мэргэлдэг барьдаг” хүн дээр очвоо. Нөгөө хүн маань “Өө энэ бол тийм ч ийм ч юмны хорлол болж” гээд нэг төмрөөр хөл рүү минь хатгаж би өвдсөндөө орилж уйлж байлаа. Эцэст нь “энэ бүхэн ер нь явцгүй юм байна” гэдгийг ээж бид 2 ойлгоод бараг 3 долоо хоногийн дараа эмнэлэг дээрээ буцаж очиж байгаа юм. Сүүлдээ хөл минь лугшиж өвдөөд тэсэхэд ч хэцүү болсон доо.

-Г.Галбадрах:Тэр үедээ цаг их алджээ?

-О.Саранчулуун: Цаг их алдсан болохоор дургүйцээд байсан ч хөлөө тайруулахаас өөр сонголт үгүй. Тэгээд 5 сард хагалгаанд орж хөлөө тайруулж байгаа юм. Хөлөө тайруулснаас хойш химийн тариа хийлгэж, бусад эмчилгээ гэсээр үндсэндээ 2 жил сургуульд яваагүй. Хөлөө тайруулснаас хойш таяг хэрэглэж сураагүй болохоор тэргэнцэр дээр суудаг байсан. Суга таяг тэр үед үнэтэй, бас олддоггүй байсан болохоор манай ээжийн маань хүргэн ах хар модоор суга таяг хийж дээд хэсгийг нь хуучин пальтоны драпан материалаар зөөлөвч болгож өглөө. Суга таяг дээрээ явж сураад 2 жилийн дараа сургуульдаа орох болсон чинь надад таарах хувцас байдаггүй. Шинэ хувцас авах гээд ээжтэйгээ зах руу явсан чинь хүн болгон нь над руу өрөвдөж харж шогшироод л, ээж рүү минь ч “Охиноо ийм болгочих гэж” дургүйцсэн харцаар хараад, дээр нь их ч халуун байсныг хэлэх үү? би гэнэт ухаан алдаж унан хавийн хүмүүсийг сандаргав.  Нэг эмэгтэй үнэртэй ус түрхэж намайг ухаан оруулаад, хүмүүс биднийг өрөвдсөн болохоор нилээд олон ч хувцас хямдруулж авсан байхаа. Инээдтэй юм шүү.

-Г.Галбадрах:Тэр үедээ хиймэл хөл хийлгэх боломж байгаагүй хэрэг үү?

-О.Саранчулуун: Тухайн үед улсад ганцхан протезны үйлдвэр байсан юм. 5 мм зузаантай үхрийн ширээр оймс хийгээд, тэр оймсныхоо араар нь хөлийг нь зангидаж барих зорилгоор бас зузаан төмрөөр бэхэлгээ хийж, хөлийг нь бариулахын тулд бүстэй хийсэн. Хөлийн хэсэгт нь татаж чангалдаг оломтой. Тухайн үед хиймэл хөлний хувьд байгаа боломж нь л энэ. Үндсэн материал нь шир учраас дотуур нь өмссөн оймс хөлрөхөөр үнэр их гарна, явахаар бэхэлгээ төмөр нь хяхтнаж дуугардаг. Түүн дээрээ дандаа өргөн өмд өмсдөг болохоор хувцасны хувьд сонголт үндсэндээ байхгүй. Би чинь бүсгүй хүүхэд болохоор гоё тирко, юбка, плать өмсөхийг хүсэх авч тийм боломж үгүй. Сургуульдаа ороод ийм байдлаасаа их ичиж зовно. Нөгөө төмөр болон бэхэлгээ нь энд тэндгүй нухаад л дээр нь ширнээс гарч байгаа эвгүй үнэр, дуу чимээ, өөрийнхөө байгаа хэлбэр зэргээсээ болоод сэтгэл дотроо их  гунигтай гутранги, хүмүүстэй ойрхон зайд байхаасаа санаа зовно. Одоо ч Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ зовлон байгаа. Тэгээд л тэд бусдад их зожиг юм шиг харагддаг байх. Тэр үе 14 наснаас эхэлсэн гээд бодохоор миний хувьд бараг 20 жил шахуу хүмүүсээс дөлж, биеэ барьсан байдалтай  явж.

-Г.Галбадрах: Ийм ганцаардал зожигролыг эрүүл хүмүүс бараг анзаарч мэдэрдэггүй байхаа. Сургуульд хаана сурч байв?

-О.Саранчулуун: 1-р ангидаа бол “Нисэх” -ийн 7 -р сургуульд орж, хожим нь мэс заслын дараа 1-р хорооллын 83-р \”Ирээдүй” цогцолбор\ сургуульд шилжиж орон, ахлах ангид орохдоо 81-р сургууль руу шилжиж суралцсан. Намайг сургуульд ороход манай багш нар их сайн хандсан. Миний анги удирдсан Цэндмаа багш өөрөө бага зэрэг хөл муутай хүн байсан юм. Тийм болохоор хөл гар муутай хүмүүсийн тухай ангийнхаа хүүхдүүдэд их ч сайн ойлгуулдаг байсан юм шиг надад санагдсан. Магадгүй намайг зориуд Цэндмаа багшийн ангид хуваарилсан байж ч болох. Цэндмаа багш миний амьдралд маш сайн зүйлүүдийг хийсэн хүний нэг шүү. Манай ангийнхан хэзээ ч над руу гайхаж, шоолж харж байгаагүй. Хүүхдүүд надад сайн хандаж дэмжиж тусалж байсан болохоор би ч хичээж “онц” сурч байв. Тэгээд юм болгонд маш идэвхитэй оролцдог байсан болохоор идэвхитэй,  баахан улаан өнгөтэй “аваргын үнэмлэх” үүдтэй болсон байсан сан.

-Г.Галбадрах: Сургууль дээр хүүхдүүд шоолж сонжихгүй байна гэдэг сайн хэрэг шүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэтгэхүйн саадаа даваад сургуульд явахдаа их амжилттай суралцдаг нь анзаарагддаг юм.

-О.Саранчулуун: Тийм шүү, гэхдээ амжилттай суралцах, цааш явахад олны тус дэм миний амьдралд  дүүрэн байсан шүү. Найз нөхдүүд их ойлгож тусална. 10 жилийн хүүхдүүдийн нэгэндээ туслалж дэмжих сэтгэлийн тухай гоё түүх надад байдаг юм. Байнга хөтлөлцөж явдаг Ари гэдэг нэртэй ангийн найз минь байлаа. Ари гэрийнхэндээ миний тухай байнга ярьдаг байжээ. Намайг шир төмрөөр үйлдвэрлэсэн хиймэл хөлтэй болсноос 3 жилийн дараа УИХ-ын сонгууль боллоо.  УИХ -д манай тойргоос нэр дэвшиж байсан “Хүүхдийн төлөө үндэсний төв”-ийн Болормаагийн сурталчилгаанд ажиллаж байсан Минжээ эгч \бид нар Дабаа гэж авгайлдаг байсан, манай ангийн надтай найзалдаг Аригийн нагац эгч нь\ надад туслахыг хүсчээ. Тэрээр миний өмнөөс нэр дэвшигч Болормаад захидал бичиж хүүхдүүдээр гарын үсэг зуруулж, бас бус материалуудыг нь бүрдүүлээд гардуулсан юм билээ. Дабаа энэ бүхнийг хийх гэж надтай уулзан манай гэрээр ирж узэж, чин сэтгэлээрээ өөрийн чадах бүхнээ хийсэн. Энэ нь миний амьдралд том тусыг авчирсан болохоор би одоо хэр нь тэр хүнд талархаж явдаг. Тэр үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилготой үйл ажиллагаа явуулж байсан Японы “Энхтайваны салхи” гэдэг байгууллагад Болормаа дарга ханджээ. Тэр байгууллага мөнгийг нь гаргаад, дөнгөж шинээр байгуулагдаж байсан  “Сайхан сэтгэл” нэртэй протезний үйлдвэр надад шинээр хиймэл хөл хийж өгсөн юм. Сонирхолтой нь, тэр үйлдвэр нь одоо бидэнтэй хамтран ажиллаж байгаа “Ахиллс” компаны үүсгэн байгуулагч Дик Траумийн хөрөнгө оруулалт, санаачлагаар байгуулагдсан юм билээ. Тэр хиймэл хөл нь өмнөх хөлийг минь  бодвол материал болоод технологийн хувьд хамаагүй сайжирсан байлаа. Гэхдээ бага зэрэг холгох, бас бус асуудлууд нь байсан л даа.

-Г.Галбадрах: Хиймэл хөлнөөс гадна өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулах, хамт олны дунд идэвхитэй байх нь бусдын зүгээс чамд хандах хандлагыг эерэг болгож байсан болов уу?

-О.Саранчулуун: Тэр үед Соросын сангаас санхүүждэг Карл Попперын “мэтгэлцээн” гэдэг хөтөлбөр сургуулиудад хэрэгжиж байлаа. Алтанцэцэг, Энхтуяа багш нар удирддаг байсан тэр хөтөлбөрт би идэвхитэй оролцож байв. Энэ мэтгэлцээн нь бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх ур чадварт хүүхдүүдийг маш сайн сургаж байсан.  Тэр хөтөлбөрт надтай хамт оролцож байсан олон залуус өнөөдөр Монголын нийгэмд манлайлж, үлгэрлэж яваа. Тэр үед л би өөрийгөө “ярих”, бас багшлах чадвартай юм байна гэдгээ анзаарсан. Тэр үед ч би Хавдар Судлалын Төв д жилдээ 1-2 удаа хэвтэж химийн тариа болон бусад эмчилгээг хийлгэдэг байсан. Манай ангийнхан байнга намайг эргэж ирж, миний хичээлүүдийг хийж надад маш их тусалдаг байв. 10 жилийн багш нар ч намайг сайн сургаж, найз нөхөд ч намайг маш сайн дэмжсэн нь миний амьдралд нөлөөлсөн. Намайг тэр амаргүй үеийг даван туулахад миний эргэн тойронд сайн хүмүүс олон байсан нь их дэм болсон гэж боддог.

IMG_6808
Гурав. ХӨЛӨӨРӨӨ БУС ТОЛГОЙГООРОО АМЬДРАХ АМЬДРАЛ

-Г.Галбадрах: Сургуульд сурч байхдаа нийгмийн идэвхитэй байсан тань магадгүй өөрийн ирээдүйгээ зөвөөр харж төсөөлөхөд тус болсон байх?

-О.Саранчулуун:Намайг хөлөө тайруулсны дараа эмээ минь ч шоконд орсон. Тэгэхэд эмээ надад хандаж “Чи хөлгүй болсон, нөгөө талаараа мөнгөтэй боломжтой айлын хүүхэд биш болохоор хэн ч чамайг хамгаалахгүй. Тэгэхээр чиний хувьд бусдаас илүү байх боломж нь маш сайн сурч, бас өөрөө маш сайн хөгжих зүтгэл юм шүү” гэсэн утгаар сургана. Яг ингэж хэлээгүй ч ийм  мессэжийг надад байнга өгч байлаа. Жирийн үе тэнгийнхнээсээ чи толгойгоороо заавал илүү байх ёстой гэсэн утга. “Хүн энэ амьдралд хөлөөрөө бус толгойгоороо илүү хол явдаг” гэж хэлж байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор “толгойгоороо явна гэж юу гэсэн үг юм бол? “гэж гайхангүй боддог байсан бол одоо жинхэнээсээ ухаарч мэдэрч байгаа. Эмээ болохоор “толгойгоороо явна” гэдгийг “ном их унш, хичээлээ сайн хий” гэж ойлгуулж байв. Тэгээд л би ном их уншиж хичээлээ сайн хийж байлаа. Одоо эргээд бодоход эмээ миний хүмүүжлийн суурийг тавьсан байна. Хажуугаар нь  хүргэн ахын гэрт тэр үед 289 ном байсан санагдаж байна, тэрнээс нь би лав 150 гаруйг нь 9 р ангидаа гэхэд дуусчихсан байсан санагдана, учиргүй тоолоод л хэхэ. Тэр номноос хамгийн анх 3-р ангид байхдаа “Заяа тавилангийн орчлон” гэж номыг уншаад уйлж байлаа. Энэ номууд эмээгийн бор гэрт байх жижигхэн охиныг олон сайхан ертөнцөөр аялуулсан даа.

-Г.Галбадрах: Амьдралд ихийг үзсэн эмээ нар ухаантай. Тэд сэтгэлийг нь зовоосон хамгийн дотно хүндээ л ингэж сургадаг. “Толгойгоороо амьдрах”-ын тулд 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв?

-О.Саранчулуун: 2000 онд 10-р ангиа төгсөөд  МУИС-д нийгмийн ухааны чиглэлээр сурах гэж элсэлтийн шалгалт өгсөн чинь яг урдуураа таслуулдаг юм. Тэгээд нэг жил “Марс” гэдэг дэлгүүрт худалдагчийн ажил хийвээ. Бараг дампууруулсан байхаа, худалдаанд би үнэхээр авьяасгүй юм билээ. Ангийнхан маань сургуульдаа яваад би болохоор сургууль ч байхгүй, дэлгүүрт худалдагч хийж байсан болохоор сэтгэл санаагаар их унаж түүнээсээ ч болсон юм уу? Хий юм хараад, нойргүйдээд сүүлдээ “Шар хадны эмнэлэг”-т хэвтлээ. 2 сар шахам хэвтсэн байх шүү. Хавар нь элсэлтийн шалгалтдаа бэлтгэж шалгалтаа өгсөн чинь МУИС, УБИС, ХУИС гээд бүгдэд нь тэнцлээ. Тухайн үед “Улсын сургууль нь дээр” гэдэг ойлголт байлаа шүү дээ. МУИС-ийн нийгмийн ажилтны ангид 2001 онд элсэж оров. Сонгосон мэргэжил маань ч шинэ. “За яахав төгсөөд ТББ байгуулж бусдын төлөө их зүйл хийх юм байна, бас төсөл хийнэ” гэсэн маягын ойлголттой байлаа шүү дээ.

-Г.Галбадрах: “Нийгмийн ажилтан”  шинэ мэргэжил байсан байх шүү.  Ямар чиглэлийг сонгож авсан юм бол?

-О.Саранчулуун: Сурч байхдаа сэдэв сонгох болоход “Нийгмийн ажилтан бол эмнэлэг дээр байх ёстой юм байна” гэж ойлгоод Хавдар Судлалын Үндэсний Төв дээр очиж сайн дурын ажилтан болохоор шийдсэн. Ер нь бол “өвчтнүүдтэй уулзаж тэдний сэтгэл санаанд сайнаар нөлөөлөх учиртай” гэдэг санаа маань, өөрөө хөлөө эмчлүүлэх гэж бариач дээр очиж байсан үеэс л надад бий болсон хэрэг. ХСҮТ дээр Нинжбадгар гэдэг сэтгэл зүйч эмч ажиллаж байсан бөгөөд тэр үед багын найз Ариунсанаа намайг түүнтэй зориуд уулзуулсан юм. Тэгээд л тэр эмчийнхээ “гарын шавь” болж 2 жил орчим сайн дураараа ажилласан. Дипломын ажлаа “Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн нийгэм сэтгэл зүйн асуудал” сэдвээр бичлээ. Дипломын ажил маань ч нилээд сайн үнэлэгдсэн. Би хавдраар өвчилсөн хүмүүстэй уулзахдаа “Би  ч бас хавдраар өвчилж байсан юм аа” гэж учирлаад ярилцахад хүмүүс ч их дуртай ярилцдаг байв. Тэгээд судалгаа ч нилээд хийж байлаа.

-Г.Галбадрах: Сонгосон чиглэл чинь сонин юм байна. Судалгаан дээрээ тулгуурлан Оюутны Эрдэм Шинжилгээний Хуралд илтгэл тавьж байсан уу?

-О.Саранчулуун: Мөнхбаатар багш АУИС-ийн багш хэрнээ МУИС д цагаар багшилдаг байсан юм. Мөнхбаатар багшийн хичээл дээр дандаа хоцорно. Тэгж хоцорсоор байгаад тэр хичээлийн шалгалтдаа унаваа. Бусад бүх хичээлдээ “онц” сурдаг, хэрэндээ “пээдгэр оюутан” байсан болохоор нэг өдөр Мөнхбаатар багш дээр очоод “Би таны хичээл дээр явахгүй байнаа. Би таны хичээлээр реферат, сайн дурын ажил, өөр юу ч  хамаагүй хийж чадна” гэсэн чинь намайг харж харж байснаа  “Чи илтгэл тавьж чадах юм уу? “гэж асуулаа. “Чадна” гэсэн чинь “Удахгүй АУИС дээр оюутны эрдэм шинжилгээний  хурал болно. Чи дуртай сэдвээрээ тэр хурал дээр илтгэл тавь, би чамайг удирдья” гэв. Өмнө нь хавдраар нилээд судалгаа хийж байсан болохоор “Эмнэлэг дээр нийгмийн ажилтан хэрэгтэй юу?” гэсэн сэдвээр илтгэл бэлдлээ. АУИС бол өөрийн соёлтой, манай сургуулиас өөр. МУИС арай задгайдуу бол АУИС нилээд албархуу соёлтой, нарийн диктатуртай, бүх л зүйлээ нотолгоон дээр суурилдаг гэх ч юм уу?  Хурал нь ерөнхийдээ намуухан, оюутнууд нь асуултад хариулахдаа хүртэл “Эрхэм …..багшийн асуултад хариулья” гэх маягаар л явна.. Тэр хурал дээр гадны сургуулийн оюутан нь би. Өөр сургуулийн жижигхэн охин илтгэл тавих гээд ирсэн байсан болохоор бусад хүмүүст содон байсан байх л даа. Илтгэлээ эхлэхдээ “Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн дасгал хийсэн хүн байвал гараа өргө дөө” гэдэг асуултаар эхэлсэн. Хүмүүс гайхаад л…Илтгэл маань 2-р байранд орсон. Тэгэхэд Дамдинжав багш надтай уулзаж миний утас мэдээллийг авч байсан л даа.

-Г.Галбадрах: Их сургуулиа төгсөөд хаана ажиллав?

-О.Саранчулуун: Сургуулиа төгсөөд удаагүй байтал АУИС-иас над руу найзаар минь дамжуулж  “АУИС дээр эрүүл мэндийн нийгмийн ажилтан чиглэлээр багш авна” гэсэн зар байгааг мэдэгдээд намайг анкетаа бөглөөд үзээрэй гэсэн. Тэр зарын дагуу 6 хүн шалгалт өгч би хамгийн өндөр оноо авсан болохоороо тэнцэж АУИС-д багшаар ажиллах боллоо. Оронгуутаа шууд багш болоогүй л дээ, эхлээд цагийн багшаар 2 жил ажиллаж байсан. Тэр хугацаандаа МУИС-даа магистрт суралцаж хамгаалсан. МУИС төгсөөд миний ажилласан цор ганц газар нь АУИС. 2005 онд багшаар ажиллаж эхэлснээс хойш бараг 10 жил болж байна. Одоо бол Анагаах гэдэг айлын нэг хэсэг болсон шүү.

Дөрөв. ИЗРИАЛЬД БИ ӨӨРИЙН БОЛОМЖОО МЭДЭРСЭН

-Г.Галбадрах: АУИС-д багшилж байсны давуу тал нь?

-О.Саранчулуун: АУИС-иас багш нар гадагшаа мэргэжил дээшлүүлэх сургалт, багшийн хөгжилт их анхаардаг  газар юм.  Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр хамгаалах гэж Израил руу хамт ажиллаж байсан багш нараас явсан байв Ер нь багш нар энд суралцаж ирээд л арынхаа хүмүүсийн замыг бэлтгэн мэдээлэл өгч, нэг тийм академик хэлхээ үүсгэдэг нь энэ сургуулийн соёл. Би анагаахын суурь мэдлэг байхгүй болохоор энэ чиглэлээр сурахыг хүсч байсан л даа. 2006, 2007 онуудад Израил руу апплакейшн бөглөөд явуулсан боловч тэнцээгүй. “За бүтэхгүй юм байна даа” гэж бодож байсан чинь нэг өдөр Израилаас над руу залгаж “Хөтөлбөрт тэнцсэнд баяр хүргэе, та э-майлаа шалгана уу?” гэдэг юм. Баярлаж хөөрөөд нисэх дөхөв. 8 сард нь би баруун аймгуудын хөдөө орон нутгуудаар “Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл”-ийн талаар судалгааны багт ажиллаж явсан юм. Тэр ажлынхаа цалингаар замын зардал хийгээд  2007 оны 9 сард Израилд ирж байв. Намайг МУИС-ийн 3-р курст сурч байхад эмээ минь нас барж, түүнээс хойш ганц бие байсан болохоороо зарим найзуудтайгаа нийлж айлын хажуу өрөө хөлсөлж амьдарч байсан учраас үндсэндээ татлаа түлхээгүй.

-Г.Галбадрах: Израилд очоод?

-О.Саранчулуун: Израилд очиход миний англи хэл муу байсан болохоор маш олон хичээлүүд дээр “унаж”, сэтгэлээр унан “Монгол руугаа буцах, эсвэл эндээ үлдээд “харлах” тухай ч хүртэл бодож байлаа. Ер нь гадаадад эрдмийн зэрэг хамгаалахаар явж байгаа хүмүүс ямар хэцүү нөхцөлд, ямар их сэтгэлийн дарамттай байдгийг би тэгэхэд сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Тэр сургуулийн багш Ихуда нэг удаа намайг дуудаж уулзаад “бүх шалгалтуудаа дахин нэг удаа өгөх боломж олгоё” гэлээ. Монголоос надтай хамт ирсэн Энхжаргал бас бусад гадаад оюутнууд надад  тусалж, намайг “чирсээр” яваад сургуулиа төгсгөсөн дөө. Тэд нарыг надад зааж тусалж байхад нь, “Би юм ойлгохгүй тэнэгтээ ч биш,  англи хэлээр сайн ойлгохгүй байсанд л хамаг шалтгаан байсан” гэдгийг ойлгосон доо. Англи хэлээрээ ойлгож эхэлсэн чинь судалж байгаа судлагдахуун нь гайгүй болоод ирсэн. Гэхдээ анагаахын талын мэдлэгийг үндсэндээ нийгмийн эрүүл мэнд, англи хэлээр судлах нь түвэгтэй байсан шүү.

-Г.Галбадрах: Ер нь гадаадад суралцаж байхдаа хүмүүс бүх зүйлийг, тэр тусмаа өөрийгөө ч өөр талаас нь таньж эхэлдэг юм шиг надад санагддаг юм?

-О.Саранчулуун: Израилд сурсан нэг жил надад маш их зүйлийг ойлгуулж, бас сургасан. Израилд сурсан чадвар одоо ч надад маш сайнаар нөлөөлж байгаа. Өөрийгөө дайчлах, цагийг зөв ашиглах, яаж сурах арга барил гээд оюутан хүнд байж болох сайн чадваруудыг би Израилд л сурсан. Иерусалимын Их Сургуульд Америкаас оюутнууд төлбөрөө төлж сурч байгаа гээд бодохоор чанарын хувьд сайн, дээр нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ч сайн сургаж байсан. Олон орноос оюутнууд ирж сурдаг.

-Г.Галбадрах: Саяхан чамайг  Израил руу явж ирсэн гэж сонссон. Дахиад Израил руу явсан шалтгаан тань юу юм бол?

-О.Саранчулуун: Саяхан би Израил явж нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчийн олон улсын чуулганд оролцож, мөн сургуулийнхаа захирал болон төгсөгчдийн холбооны хүмүүстэй уулзаад ирсэн. Миний төгссөн Брауны Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн “мэдээ” гэж гардаг, түүний “онцгой төгсөгчид” гэдэг хэсэгт нь 2008 оны төгсөгч гэж миний тухай сургуулийнхаа бахархал болгон танилцуулсан байсан юм.
Би сурч байх үедээ хөлнийхээ талаар ер мэдэгдээгүй л дээ. Би хэзээ ч хөлөө ашиглаж бусдын анхаарлыг татах гэж хүсч байгаагүй, зөвхөн өөрийн толгойгоороо л бусадтай адил хэмжээнд сурах ёстой гэж боддог. Нэг удаа надаас профессор надаас “Хөл чинь жаахан асуудалтай юм уу?” гэж асуухад нь “Энэ бол хичээлд ердөө хамаагүй, гэхдээ удаан явах, ачаалалтай үед ядрах бас бус асуудал бий” гээд хөлөө үзүүлж байсан юм. Тэгэхэд багш надад ” Чи үүнээсээ ичих хэрэггүй,  ойр орчныхоо хүмүүст найз нөхөддөө, ангийнхандаа ч хэлж болно шүү дээ, дараа нь биеэ барихгүй амар биш үү? гэж” гэж зөвлөж билээ.  Харин  2014  оноос гүйлтийн хөлтэй болоод Монголдоо гүйж эхлэхэд тэд илүү анхаарч судлан, холбоо тогтоож харилцан 2014 оны төгсөлтийн баярааар Ихуда захирал миний түүхийг ярьж, түүнийг нь тэнд байсан Израйлын пост сонины сэтгүүлч сонсоод сониндоо бүтэн нүүр дүүрэн “Human spirit out in Mongolia ” гэсэн нийтлэл бичсэн байсан.
Тав. НАДАД ОЛДСОН БОЛОМЖУУД

-Г.Галбадрах: 2008 онд Изриалаас буцаж ирээд үргэжлүүлэн багшилсан уу?

-О.Саранчулуун: Би Израилаас буцаж ирээд АУИС даа багшилж байхдаа нөхөртэйгээ танилцан гэр бүл болж бас хүүхэдтэй ч болсон. Хүүхдээ төрүүлээд жаахан амаргүй л байсан. Хадмууд минь ч зөвлөөд хөдөө эрүүл агаарт амьдрах гэж гэр бүлээрээ Сэлэнгийн Зүүнхараа руу явлаа.  Тэнд 2 жил амьдрахдаа би ногоо тарьж сурлаа. Хадам аав минь гадагшаа их явж ирэх болгондоо надад янз бүрийн ногооны үр авчирч өгнө. Багаж хэрэгслэл бүх боломжоор хангаж өгдөг болохоор их урамтай. Бараг 30 орчим төрлийн ногоо тарьсан шүү. Завтай болоод би ер нь зүгээр сууж чадахгүй юм билээ. Сумын төвөөс зайдуу газар 6 ам бүл л ажиллаж амьдарч байлаа шүү дээ. Аж ахуйгаа өргөжүүлэх гэж тахиа, гахай хүртэл авсан гээч. Ойр хавийн малчидтай бартерийн худалдаа хийгээд тэрүүхэндээ хөөрхөөн хэрэгцээгээ хангана. Хотоос хүмүүс ирэхээр тарьсан ногоогоо бэлэг болгож өгнө, заримыг нь хот руу өгч явуулна. Ер нь аж ахуй яаж эрхлэхийг жинхэнэ утгаар нь хийж үзэв дээ. Ер нь ногоо тариад л ингээд л хөдөө амьдарья гээд бодож эхэлж байгаа юм биш үү? \инээв\

-Г.Галбадрах: Чиний зүгээр сууж чаддаггүй зан чинь нөлөөлсөн байх л даа.  Хөдөө үлдээгүй шалтгаан нь юу байв?

-О.Саранчулуун: Ойр хавийн найзууд минь болохоор “Өчнөөн олон жил эрдэм номын араас явж, Их сургуульд багшилдаг хүн ногоо тарьж амьдрана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Наадах чинь чиний 50 нас хүрэхээрээ хийж болох ажил. Чи залуу хүн байна, эрдмийн ажлаа хийх хэрэгтэй”  гэцгээнэ. Би чинь хөдөө байхдаа бондойсон тарган, тэгээд нар салхинд ажилласаар байгаад тас хар болчихсон. Тэгээд ажилдаа буцаж орохоор болоод Соросын сангийн “Академик боловсролыг дэмжих хөтөлбөрийн” хүрээнд дээд сургуулийн багш нарыг дэмжих хөтөлбрийн нийгмийн ажлын салбарт нь өргөдөл өглөө. Тэгсэн чинь тэнцсэн байв. Харин АНУ-ын Колумбийн Их Сургуульд  манай тэнхмийн багш  холбоотой байсан ба  намайг удирдах профессортой холбож өгсөн юм.

-Г.Галбадрах: Энэ харин сайн сонголт байна шүү?

-О.Саранчулуун:  Хамт ажилладаг багш нар маань намайг холбож өгснөөр 2013 оны 8 сард АНУ-ын Колумбийн Их Сургуульд сурахаар ирэв. Зүүнхараагаас бөв бөөрөнхий тас хар нөхөр ирж байгаа юм. Нью-Йоркод ирэхдээ хүүхдээ хөхнөөс нь гаргаад ирсэн болохоор хүүхдээ бас нөхрөө их санана. Орой үдэшгүй скайпаар яриад л уйлаад суудаг байж билээ. Тэр үеэс л фейсбуукийг их идэвхтэй ашиглаж эхэлсэн юм уу даа. Бодож санаж байгаа зүйлээ бичиж, заримдаа шүлэг хүртэл зохионо. Гадуур гараад өөртөө хувцас авья гэсэн чинь таарах хувцас байдаггүй. Гоё хувцас биш, өөрийнхөө тарганаа нуусан хувцас л хайж байгаа юм.  Тэр үеэс л өөрийнхөө гоо сайханд анхаарахаар шийдсэн. Дасгал хийх, усанд сэлэх багш гэж бараг 800$ оор хувийн дасгалжуулагч авч хөлсөлж хичээллэж эхлэв. 800$  миний хувьд их мөнгө байсан ч ирээдүйн зорилгодоо хүрэхээс өөр сонголт үгүй. “Хэрвээ би жингээ хаяж чадвал гоё хувцас авна” гэж өөртөө амалсан. Монголдоо хийлгэсэн хиймэл хөл минь янз бүрийн дасгал хийхэд хэцүү байлаа.  Хичээлээ тараад шууд дасгал руугаа явна. Хөлнийхээ хувьд гүйхээс бусад бүх дасгалыг хийж байсан. Хөлсөлсөн багш нар маань мөнгө төлсөн хэмжээнд л заах зүйлээ заана. Үлдсэн бүх хугацаанд би өөрөө л хичээллэхээс өөр аргагүй. Заримдаа дасгалын үед хөл маань холгож цэврүүснэ. Изриалд Иерусалимийн Их Сургуульд надтай хамт Америкаас ирж сурч байсан Майкл гэдэг найз маань Нью-Йоркод амьдардаг байсан юм. Америкийн еврей л дээ.  Хааяа нэг ангийн анд Майклтай уулзана, түүнд зовлонгоо ярина.

-Г.Галбадрах: Нэгэнт өндөр хөгжилтэй оронд суралцахаар ирснийх хиймэл хөлөө солих боломж олдох байх гэж найдсан уу?

-О.Саранчулуун:  Тийм ээ. Майкл эмч хүн болохоор надад туслах хүн хайсаар л байсан юм билээ. Нэг өдөр над руу тэр утасдаад “Сараа гараад ир, хамтдаа хоол идье” гэлээ. Түүнтэй хамт ажилладаг найзынх нь нөхөр нь протезийн үйлдвэрт ажилладаг юм гэнэ. Тэдний гэрт нь очиж хоол идэнгээ гэр бүлтэй нь танилцаж зөндөө ярилцсан. Тэр залуу  “Ийм хөлийг протезийн үйлдвэрээр хийлгэхээр их үнэтэй болно. Би ажлынхаа боломжийг ашиглаад чамд хөл хийх материалуудыг цуглуулаад өөрөө хийх гэж хичээнэ” гэж хэлэв. Тэгээд 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр тэднийд очиж, хийж байгаа хөлийг нь тааруулах гэж үзнэ. Хөл бараг болж байсан чинь тавхайн хэсэг нь олддоггүй. Худалдаж авах гэхээр 7000$ -оос нааш олдохгүй. Тэд Германы ийм үйлдвэрт энэ тавхайг хийдэг Жорж гэдэг залуугаас учирлаж гуйсан юм билээ. Тэгээд бид Жоржтой уулзаж танилцан учраа ойлголцов.  Дараа нь Жорж бидэнтэй уулзах гэж ирэхдээ шинэ тавхай хайрцганд хийж авч ирж надад бэлэглэсэн. Тэгж сайн хүмүүсийн тус дэмээр шинэ хөлтэй боллоо. Тэгээд бид ч бөөн баяр.

-Г.Галбадрах: Сайхан учрал байна. Ер нь хаа газар сайн хүмүүс олон байдаг.

-О.Саранчулуун: Нэг өдөр намайг сургууль дээр байж байтал Жорж утасдаж хамт аяга кофейнд урилаа. Тэрээр ай-пад дээрээс зургууд үзүүлээд “Би сая протезийн үйлдвэрүүдийн уулзалтад оролцоод ирлээ. Тэнд нэг  компани хөлгүй хүмүүс спортоор хичээллэвэл гуйлтийн хиймэл хөл үнэгүй өгдөг гэж байна” гэж тайлбарлав. Намайг апплекейшн бөглөхийг ятган, туслахыг хүсч байгаагаа хэлсэн. Тэр хөлийг үйлдвэрлэж бэлэн болгох хугацаа нь 3 сар, гэтэл би 1 сарын дараа Монгол руу буцах гэж байдаг. Гэвч Жорж ятгасаар би апплекейшн бөглөв. Жорж миний тухай 7 хуудас тайлбар бичсэн байсныгаа ч хамт явуулсан. 5 дахь өдөр апплекейшн бөглөөд явуулсан чинь над руу 2 дахь өдөр нь утсаар ярилаа. “Бид чамаар бахархаж байна. Хэрэв чи замын зардлаа төлөөд бидэн дээр ирж чадвал бид гэрээрээ байлгаж байгаад чамд туслахад бэлэн байна” гэсэн. Тэгээд би Теннеси мужид очсон л доо. Тэдэнтэй танилцаж өдөр болгон айл айлаар зочлуулаад 7 хоноход, тэд надад энгийн болоод гүйлтийн хоёр хөл хийж өгч баярлуулсан. Нийтдээ бараг 35 000 $ зардлаар бүтсэн юм билээ, хоёр хөл маань. Энэ бол миний амьдралыг өөрчилсөн азтай тохиолдол.Тэр Жорж өөрөө нурууны гэмтлээс болоод хөгжлийн бэрхшээлтэй болсон байсан. Тэрээр надад хэлэхдээ “Уулзах ёстой хүмүүс уулздаг үйлийн үр байдаг юм шүү. Би хэзээ ч хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслахыг хүсч ингэтлээ өдөржин, шөнөжин бодож байсангүй. Чиний талаар бодсоор ийм алхам хийлээ, энэ бол ихэр охидынхоо ирээдүйн хувь тавиланд гэрэл нэмж байгаа миний сэтгэл юм шүү” гэж хэлж билээ.

-Г.Галбадрах: Тийм ээ, азтай тохиолдол байна. Гүйлтийн хөлөө хэзээнээс ашиглаж эхлэв?

-О.Саранчулуун: Шинэ хөлтэй болж Нью-Йоркод буцаж ирээд гүйлтийн хөлөө ашиглан хамт гүйх хүн хайлаа, цаг зав нь таардагүй ээ. Тэгсэн “Хиймэл хөлөн дээр гүйгчдийн холбоо”-ны Тамми гэж эмэгтэй Нью-Йоркод төвтэй “Ахиллс” гэдэг байгууллага байгаа, тэдэнтэй холбогдохыг хичээгээрэй гэж зөвлөсөн. Вэб хуудас руу нь орж тэднийг хагас сайн өдөр болгон Төв паркад цугладгийг мэдлээ. Тэнд очиж хэдэн хүмүүстэй танилцаж хамтдаа жаахан гүйх дасгал хийж байгаад ирсэн чинь хашааны нэг талд нилээд хэдэн өвөө нар гар дугуйтай сууж байна. Би сонирхож очоод нэгнээс нь дугуйг нь гуйж унаж үзэхийг хүсэхэд тэд зөвшөөрлөө. Хэд хэдэн удаа дугуйгаар тойрч үзсэн болж байна. Тэд намайг магтаад л…Монголоос ирсэн гэдгийг сонсоод сонирхож танилцсан. Тэгсэн тэр хүн нь “Ахиллис”ыг үүсгэн байгуулсан Дик Ричард Траум байсан юм билээ. Би эхэндээ мэдээгүй, хүмүүс ирж түүнтэй хүндэтгэлтэй мэндчилж байхыг анзаарч байв.

-Г.Галбадрах: Дараа нь Дик Траумтай уулзсан уу?

-О.Саранчулуун: Дик Траум гуай өөрийн байгууллагын ажилтан Гэрлээд миний тухай хэлээд бид уулзаж танилцсан юм. Тэд Монголтой энэ талаар хамтарч ажиллах гэж оролдож байсан тухайгаа ч хуучилсан. Тэд ийм оролдлогуудаа сэргээхэд туслахыг надаас хүслээ. Гэхдээ үүнийг хийхийн тулд спортод чин сэтгэлээсээ дурлаж, амьдралаа ч зориулах хэрэгтэй гэдгийг надад ойлгуулсан. 11 сард болох марафонд ирж оролцохыг ч санал болгов. Тэгэхэд 4 сар байсан шиг санаж байна. Дөнгөж шинээр гүйлтийн хөлтэй болж байгаа надад энэ санал санаанд багтахгүй байлаа. Гэхдээ надад протез хийж өгсөн найзтайгаа хамт 5 км-т гүйж, дараа нь Брукленд болсон марафонд оролцож үзлээ.  Тэр болгон надад их гоё мэдрэмж төрүүлж, “Монголдоо яг ийм марафон зохион байгуулж үзэх” хүслийг төрүүлж байв.” Би л үүнийг заавал хийх ёстой юм байна” гэдэг итгэл тэгэхэд л надад бий болсон.

IMG_6976
Зургаа: НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

-Г.Галбадрах: Монголдоо ирээд?

-О.Саранчулуун: Монголдоо ирээд гүйлтийн клуб байдаг юм болов уу? гэж хайлаа. “Гүйлт” гээд хайхаар Сэр-Одоос өөр юу ч гарч ирэхгүй. Тэгэхээр нь өөрийн фейсбуук дээрээ групп үүсгээд түүн дээрээ өөрийнхөө гүйлтийн хөлтэй зургаа тавилаа. Тэгсэн хүмүүс гайхаад зарим нь “Хүүе чи Америкт очоод хөлөө тайруулсан юм уу?” гэж хүртэл асууж байсан. Түүнээс хойш хүмүүс их нэмэгдсэн. Хагас сайн өдөр болгон өөрөө гүйж эхлэв. Эхлээд цөөхөн хүмүүс ирээд аажим аажмаар нэмэгдэж байгаа юм. Сүүлдээ 100 гаруй хүмүүс ирж хамтдаа гүйдэг боллоо. 2014 оны 30 хагас сайн өдрийг нэг ч алгасаагүй гүйсэн. Тэр зун хөдөө ч яваагүй, хагас сайны гүйлтээ таслахгүй гэж. Хүмүүс амрахаар зуслан руугаа явж байхад би гүйж л байсан. Хагас сайн болгонд нэг л газар ижил цагт гүйгээд байхаар хүмүүс мэдэж цугладаг юм билээ.

-Г.Галбадрах: Хэн нэг нь сайн үлгэр жишээг үзүүлж, уйгагүй хичээж эхлэхэд хүмүүс дэмжиж эхэлдэг.

-О.Саранчулуун:  Хагас сайн өдөр болгон надтай хамт гүйж байсан хүмүүс энэ жил марафонд оролцон гүйж байгаа юм. Хүмүүс байнга нэмэгдэж дэмжин хамтдаа гүйж, гүйлт минь өргөжөөд байгаа болохоор 5 сард 5 км-ийн марафон зохион байгуулахаар бодож байв. Гэвч байгууллага биш, хувь хүн ганцаараа болохоор боломжгүй. Гэтэл “Түгээмэл хөгжил” нэртэй дандаа тэргэнцэртэй залуусаас бүрдсэн ТББ ынхан надтай ирж уулзав. Тэд үнэхээр эрч хүчтэй сайхан залуус байсан.  Тэдэнтэй хамтарч Америкт харж байсан стандартаараа 5 км ийн гүйлт зохион байгуулахад 600 гаруй хүмүүс оролцлоо. Хүмүүс их сонирхож дэмжиж байсан болохоор, дараагийн удаад 8 сарын 30 нд хотоос зайдуу Буянт-Ухаа цогцолборт  дахин нэгийг зохион байгуулахаар шийдлээ. “Хүмүүс ирэхгүй байж магадгүй” гэж бодож байсан ч 470 хүн ирж оролцсон. Зохион байгуулах багтаа сургалт явуулж, заавар зөвлөлгөө өгөхдөө АУИС-ийн заалуудыг ашиглана. Гүйлтээ хийхээрээ цэцэрлэгт хүрээлэн, энд тэндэхийн спорт цогцолбруудаар хийнэ. Энэ бүхэн чинь яг үнэндээ олон хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмжлэг дээр л явагдаж байгаа юм шүү дээ.

-Г.Галбадрах: Хүмүүс ч энэ талаар нилээд мэдээлэлтэй болж сонирхож байсан байх.

-О.Саранчулуун: 5 сараас 8 сарын гүйлт хүртэл хагас сайны гүйлтүүд маань тогтмол явагдаж, бас хэвлэл мэдээлэл, ТВ-үүдээр ярилцлага өгч байлаа. Тэр үед Ч.Ганжавхлан намайг ТВ-ийн “4 урилга” нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан юм. “Би таныг Монголын Форест Гамп гэж боддог” гэж ирээд нэг залуу утсаар ярьж билээ. Тэр нэвтрүүлгийн дараа маш олон хүмүүс надад янз бүрийн асуудлаар хандах болов. Тэр үеэс л Ч.Ганжавхлан бид найзууд болж хамтарч ажиллан, Хүний наймааны эсрэг “Гинжийг таслая” нэртэй гүйлт зохион байгуулахад 1400 гаруй хүмүүс ирж оролцсон. Энэ бол хамгийн олон хүн оролцсон арга хэмжээ. 2014 оны зун Монголд гүйлтээр амьсгалсан зун байлаа. Бид зохион байгуулалтдаа их анхаарч “гүйлтийн соёл” бий болгохыг оролдож байв. Гэхдээ алдаа дутагдал байсан л даа.  Гол нь хүмүүст энэ талын мэдээлэл өгч, соёлд сургаж байгаа нь хамгийн чухал байсан.

-Г.Галбадрах: Энэ арга хэмжээнүүд нийгэмд эерэг ойлголт, итгэл найдварыг бий болгож байсан гэж би төсөөлж байна. Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч боломжийг мэдрүүлж байсан болов уу?

-О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидэнд хандаж тусламж хүсэх нь улам олширсоор байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нар бидэнд хандсан. Би болохоор гүйлтээс өөр юм хийж тэдэнд тусалж чадахгүй. Нью-Йоркийн 11 сарын марафонд оролцохоор ирэхдээ тэдний үйлдвэрлэсэн 300 чихмэл унага авч ирж борлуулж мөнгийг нь аваачиж өгсөн. Та тэгэхэд ирж бидэнтэй уулзан дэмжсэн болохоор сайн мэдэж байгаа. Бид “Марафонд оролцож үзье, тэр далимдаа тэр унагануудыг зарж борлуулаад мөнгийг нь аваачиж өгвөл тэр ээжүүд жаахан ч болтугай асуудлаа шийдэг” гэж л бодсон. Тэр оролдлого хүмүүсийн анхаарлыг нилээд татсан байх.

-Г.Галбадрах: Нью-Йоркийн марафонд оролцоход тань би та нарын тухай мэдээлэл авч, та нартай зорьж уулзсан. Дэлхийн хэмжээнд үнэлэгддэг Нью-Йоркийн марафонд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг байсан байх?

-О.Саранчулуун: Нью-Йоркийн марафонд Энхманлай бид 2, хоёр хөтөчтэй гүйсэн. Үнэхээр гоё байсан. Бэлтгэлийн үед шантраад “Ахиж марафонд орохгүй дээ” гэж бодож байсан бодол маань замын хоёр талаар биднийг дэмжиж жагссан хүмүүсийг хараад шууд л алга болж байгаа юм. “Надад төрж байгаа ийм гоё мэдрэмжийг бусад хүмүүст ч мэдрүүлэх хэрэгтэй юм байна” гэсэн бодол маань баталгаажсан. Марафоны дараагаар Чикагод байдаг “Алтай Лимузин”ын Цогоо ах, “Ану маркетинг” -ийн Сэргэлэн эгч тэргүүтэй  монголчууд бидний зардлыг дааж урьж аваачаад, бас Лос-Анжелесийн монголчууд ч биднийг урьж уулзсан. Тэр болгон сайхан бүхний эхлэл байлаа. Бас энэ марафонд амжилттай оролцсоны шагнал ч байх. Одоо АНУ-дахь монголчуудын дунд гайхалтай сайн сүлжээ үүсч, аль хэдийн тогтсон арга хэмжээ, үйл ажиллагаануд өргөжиж бидэнд хандив тусламж илгээсээр байгаад бид туйлын баяртай байгаа. “Нэг өдөр танилцаж мянган өдөр нөхөрлөдөг” гэдэг үнэн үг шүү.

-Г.Галбадрах: Нью-Йоркийн марафонд оролцсон тань монголчуудаас гадна бусад хүмүст ч та нарын талаар мэдэхэд тус болсон байх?

-О.Саранчулуун: Нью-Йоркийн марафон дууссаны дараа Дик Траум намайг хоолонд урьж бид нилээд ярилцаж суусан. Урд өдөр нь марафон дууссаны дараа Гэрлээ эгч бас Бямбахүү нар биднийг цэцэг барьж угтаад сайхан байсан ч, сэтгэл минь хачин болчихоод би уйлмаар байсан ч уйлаагүй. Нэг л сонин байдалтай болчихсон, яагаад байгаагаа ч өөрөө мэдэхгүй. Тэр уулзалт дээр би Дик Траумд өөрийнхөө мэдрэмжийг, бас өөртөө төрж байгаа сэтгэгдэлээ ярьсан. Спортын холбоодууд намайг нэгдээч гэж санал болгож байгаа тухай, бас олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туслаач гэж гуйж байгаа тухай, бас бус олон зүйлийг эмээдээ ярьж байгаам шиг л хуучлав.Тэгэхэд Дик надад “Чи өөрийн зөв гэж бодож байгаа зүйлээ л хий. Тэр нь алдаа ч байж магадгүй. Зөв гэж бодож байгаа зүйл дээрээ алдаа гаргах нь алдаа биш. Дараа нь өөртөө харамсахгүйн тулд хийх гэснээ хийхдээ өөрийгөө бодох зайгаа үлдээж байгаарай. Тэр нь магадгүй спорт, марафон  байж ч болох юм. Үүгээр дамжуулаад хүмүүст хэрэгтэй олон зүйлийг чи хийж чадах ч юм билүү?” гэж хэлсэн. Энэ үгийг сонссоны дараа би маш ихээр уйлсан. 1976 онд Дик Траум Америкт анх удаа марафон зохион байгуулаад юу болж байсан түүх, яг одоо Монголд миний марафон зохион байгуулаад юу болж байгаатай адилхан санагдаж байсан хэрэг. Тийм мэдрэмж миний сэтгэлд төрсөн юм. “Надад тэр үед ямар байсан шиг одоо чамд тийм байгаа байх гэж би бодож байна” гэж тэрээр ярианы төгсгөлдөө хэлсэн.

-Г.Галбадрах: Хүмүүс ямар нэгэн сайн үйлс хийхдээ өөрийн сэтгэл дэх мэдрэмжээ дагадаг байх гэж би төсөөлдөг юм. Гэхдээ түүнийг хүн болгон ойлгож мэдрэхгүй л дээ. Харин чамтай адил мэдрэмж, зовлонг амсаж байгаа хүмүүс л ойлгодог.

-О.Саранчулуун: Миний сэтгэлдээ мэдрээд байгаа хариуцлага хүлээх ёстой ч юм шиг, эсвэл бусдын зовлонг  биеэрээ туулж мэдэрсэн мөртлөө тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаагаа мэдэрч шаналах  гэдэг ямар хэцүү болохыг Дик надад ойлгуулсан байх. Дик үргэлжлүүлээд “Чи ганцаараа бүгдийг хийж амжихгүй. Сайн хүмүүсийг цуглуулж баг бүрдүүлж ажилла. Тэгвэл их зүйл хийж чадна” гэж зөвлөсөн.

Долоо. “АХИЛЛИС МОНГОЛ” СПОРТЛОГ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ

-Г.Галбадрах: Санаачилсан үйлс саваа халин өргөжих тусам ганцаараа хийж барахгүй болдог. Тийм болохоор дэмжиж хамтран ажиллах баг заавал хэрэгтэй болно. Харин багт чин үнэнчээр, ашиг завшаан хайхгүйгээр хамтарч ажиллах хүнийг олно гэдэг амаргүй.

-О.Саранчулуун: Монголдоо буцаж ирээд “Амжилтын хэлхээ” нэртэй ТББ байгууллаа. Бат-Орших, Солонгоо, Ганжавхлан, Ойдов, Болорчулуун, Баясгалан бид нар байгуулсан юм. Гэхдээ бидэнд бизнесийн хүч дутагдаад байлаа. Оффис ч байхгүй, мөнгөөр хөшүүрэгдэх хүн ч байхгүй. Тэгээд Америкт “Аян” хийж мөнгөтэй болох оролдлого хийхээр шийдсэн. Мөнгөтэй болж байж “Ахиллис”-ын ажлыг эхлүүлнэ гэж тооцсон хэрэг. Өвөл хүмүүс гүйх боломжгүй учраас хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад  “Хамтдаа алхацгаая” нэртэй клуб байгуулсан нь 600 гаруй гишүүдтэй боллоо. 7 хоногт 2 удаа алхана. Манай гүйлт, алхалтын клубынхэн их идэвхтэй, олон ч танилууд нэмэгдсээр байлаа. Мөн нийгмийн шинжтэй хурал семинар дээр ч их очно. “Мөнгө босгох хэрэгтэй байна” гэдэг бодлоор өөрт цугларсан нэрийн хуудсуудаа шүүж байгаад банкны захирлууд бас бизнесменүүдэд  хандаж захидал бичлээ. Тэр захидалдаа Америкт хийх гэж байгаа аяныхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаад санхүүгийн дэмжлэг хүссэн юм. Тэднээс Төрийн Банк, “Ариг” банк хоёр л нааштай хариу өглөө. Нилээд судалж үзээд бид “Ариг” банкыг хамтрагчаар сонгосон.

-Г.Галбадрах: “Ариг” банкыг сонгоод ямар түвшинд хамтран ажиллаж байгаа вэ?

-О.Саранчулуун: “Ариг” банкны захирал Төмөрхүү, дэд захирал Амаржаргал нартай Бат-Орших, Солонгоо нарыгаа дагуулаад уулзлаа. Тэд бидэнтэй уулзаад “Ахиллс” байгууллагын салбарыг Монголдоо хамтарч байгуулах санал тавьсан. Би жаахан эргэлзэж байсан болохоор бидний хооронд гэрээ хийх гэж бараг нэг сар болсон байх. Миний хувьд “Ахиллс” дээр хамтарч ажиллах биш, тэднийг хандивлагч байдлаар байлгахыг хүссэн хэрэг. Нэг өдөр Төмөрхүү надтай уулзахдаа “Би ээжтэй, эхнэртэй, охинтой хүн. Тийм болохоор эмэгтэй хүний босгож байгаа сайн сайхан зүйлийг булааж авах, буруугаар ашиглах хүн биш ээ. Нийгэмд хэрэгтэй сайн зүйлийн төлөө хийж бүтээх хүсэл надад байна” гэж хэлсэн нь  миний сэтгэлийн эргэлзээг шууд л арилгасан. Тэгээд бид хамтдаа “Ахиллис интернейшнл Монгол” нэртэй ТББ хэлбэрээр тус  салбарыг байгуулсан юм. Тэгэхдээ Нью-Йоркод байгаа салбартай ч зөвлөлдөж тэдний саналыг авсан. “Ариг” банктай хамтарч ажиллаж байгаа нь бидэнд олон давуу талуудыг бий болгож байгаа юм.

-Г.Галбадрах:Америкт зохион байгуулсан аяны хувьд би дэмжиж оролцож байсан болохоор мэдэж байгаа. Та нар ч мөнгө олохоос илүүтэй ирээдүйн орон зайгаа мэдэрсэн болов уу?

-О.Саранчулуун: Энэ оны 1 сард “Ахиллис Монгол”ын ажиллагаа хууль ёсоор эхэлсэн. Америкт зохион байгуулсан хандивын аянаас бид 14 000 орчим ам доллар босгосон. Гэхдээ бид мөнгө олох гэхээсээ өөрсдийн үйл ажиллагаа, зорилгоо олон нийтэд ойлгуулж, олон хүмүүс байгуулагуудтай танилцан үйл ажиллагааны хэтийн төлвөө бий болгохыг илүүд үзэв. Денвер, Нью-Йорк, Вашингтон ДС, Сант Луис, Чикаго, Сан-Франциско, Лос-Анжелес хотуудаар явж олон олон монголчуудтай хамтдаа гүйж, тэдний халуун сэтгэл, дэмжлэгийг мэдэрч байсандаа баяртай байгаа. Энэ аян олон хүмүүсийн анхаарал сонирхлыг татсан арга хэмжээ болсон. Бид энэ аяныг үргэлжлүүлнэ.

-Г.Галбадрах: “Ахиллис Монгол” байгууллага тань олон нийтэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-О.Саранчулуун: “Ахиллс Монгол” байгуулагдаад 7 чиглэлийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Удирдах зөвлөлд байгаа 7 хүн хамтаараа шийдвэр гаргаж, байгууллагаа ээлжилж удирдаж байгаа.
1. Марафон аялал- олон улсын марафонуудаар монголын төлөөллөө оруулах
2. Дүүлэн нис- хөгжлийн бэрхшээлтэй тамирчин гадаадын тэмцээнд оролцох замын зардал олгох
3. Ахиллс хүүхэд- хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах, сургууль, өдөр өнжүүлэх дээр суурилсан гүйлтүүд хийх, багачуудын гүйлт
4. Дасгалжуулагчийг дэмжих хөтөлбөр- хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сургах дасгалжуулагчийг дэмжих
5. Гараа- спортоор хичээллэж эхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй залууст тэтгэлэг олгох
6. Амьдрах ухааны сургалтын хөтөлбөр- мэс заслын дараа сэргээн засах, нийгэмшүүлэх хөтөлбөр, эмнэлэг дээр суурилсан,
7. Ахиллис монгол клуб- Хөгжлийн бэрхшээлтэй гишүүд, сайн дурынхны хамтрсан дасгалууд
Эдгээр нь манай байгуулагын сонгож хэрэгжүүлж байгаа үндсэн хөтөлбрүүд.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Ахиллс хүүхэд” хөтөлбөр. энэ нь 29-р сургууль дээр төвлөрч байгаа.  Энхманлай маань санаачлаад “Дүүлэн нис” гэдэг хөтөлбөр хийсэн. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан хөтөлбөр.  Олон улсын тэмцээнд явахаар тэнцсэн тамирчдад явахад нь зориулж зардал босгох, тэднийг дэмжих зорилготой. Саяхан Энхманлай маань Солонгос улс руу энэ хөтөлбрийн дэмжлэгээр явж түрүүлээд ирлээ.

-Г.Галбадрах: Би сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ зарим мэдээллүүдийг уншихад Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдээд байх шиг?

-О.Саранчулуун: 3-р эмнэлгийн зүрх судасны тасагт судасны хатуурлаас шалтгаалан жилд 50-70 хүн хөл гараа тайруулж байна гэдэг тооцоо гарсан. Гэтэл тэр хүмүүс одоо хаана байна гэхээр олдохгүй байх жишээтэй. Гэтэл тэр хүмүүс хөлөө тайруулсан л бол гэрээсээ гардаггүй. Тэгэхээр тэд чинь нийгэмшихгүй байна гэсэн үг шүү дээ. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй болоход 1-рт төрөлхийн, 2-рт олдмол буюу осол, гэмтэл, өвчнөөр гэсэн үзүүлэлтүүд нөлөөлж байна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдтэй “Ахиллис”-ийнхан сайн ажиллаж байгаа. Гэтэл олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яаж нийгэмшүүлж, тэдэнд яаж туслах вэ? гэдэг асуудал Монголын хувьд хоосон орон зай болжээ. Шуудхан хэлэхэд тэд нийгмийн ангал руу унаж байна гэсэн үг.Тэгэхээр тэр хүмүүстэй ажиллах шаардлагатай юм байна гэдгийг бид олж харж байна л даа. Тэдэнд зориулсан “Амьдрах ур чадвар” нэртэй хөтөлбрийг санаачилсан байгаа.

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ санаатай тань санал адил байна. Харин та нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спорт руу чиглүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа байх?

-О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг олон улсын тэмцээнд явуулья гэхээр тэр шалгуурт нь тэнцэх хүн одоогоор Монголд ховор байна. Ийм залуусыг тамирчин болгохын тулд “Гараа” хөтөлбрийг бий болгож байгаа юм. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй залуусыг спорт руу чиглүүлэхэд дэмжих зорилгоор хиймэл гар хөлтэй болгоход чиглэсэн хөтөлбөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тамирчин болох хүртэл тодорхой зай байгаа. Тийм болохоор эмнэлэг дээр энэ хөтөлбрийг суурилах хэрэгтэй юм байна. Мэс заслын дараа л хурдан туслах, мэдээлэл өгөх, нийгэмшүүлэхэд нь зуучилж туслах санаатай. За тэгээд марафон аялал хөтөлбөрүүд бол ойлгомжтой.  Дэлхийн томоохон марафонуудад эх орноо төлөөлөн байнга оролцсоор байх болно. Тэднийг байнга бэлтгэж, дасгалжуулах шаардлагатай. Тиймээс “Дасгалжуулагч” хөтөлбрийг саначилсан юм. Мэргэжлийн дасгалжуулагч нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах юм л даа.  Бид энэ чиглэлээр аль болох олон хүмүүсийг хамруулах зорилготой байгаа.

-Г.Галбадрах: Бас хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа тань анзаарч байна?

-О.Саранчулуун: Улаанбаатар хотын ЗДТГ өнгөрсөн 6 сарын 1 нд болсон “Хүүхдийн баяр”-аар бидэнд 2 асар хуваарилаад “Та бүхэн өөрийн хийж чадах зүйлээ хийгээрэй” гэлээ. Бид ч бөөн баяр. Бодож байгаад хүүхдүүдийн гүйлт хийе гэж шийдэв. “Удирдах зөвлөл”-ийн гэнэтийн шийдвэргүйгээр санд байгаа мөнгөнөөс зарцуулах эрхгүй болохоор зардлаа өөрөө босгохоор шийдлээ. Ямартай ч 300 орчим хүүхдүүд оролцоно гэж тооцоод зардлаа гаргасан \хүүхдүүдэд өгөх дугаар, бас бэлэг оролцуулаад\ чинь 1 сая орчим төгрөг болж байна. Тэгэхээр нь өөрийн фейсбууктээ энэ тухай бичээд хүмүүст хандсан юм. Орой нь бичиж тавиад унтаад өглөө босоод ирсэн чинь 700 000 төгрөг цугласан байсан. Нэг залуу 500 000 төгрөг өгөөд бусад нь бага багаар цугласан байв. 2 өдрийн дотор 1 сая 300 000 төгрөг цугласан гээд бод доо. “Хамтдаа алхацгаая” группийн ах эгч нар энэ арга хэмжээг зохион байгуулахад сайн дураараа тусласан. Хүүхдүүдэд чихэр жимс өгөхгүй, зөвхөн банана, усны сав, спортлог бэлэг л  өгнө гэж тохиролцлоо. Дараа нь хүүхдүүд усны савны тухай ойлголттой болж хэрэглэж сураг гэж бодсон хэрэг. Бидний тооцсноос олон хүүхдүүд цуглаж бага зэрэг асуудлууд үүссэн ч энэ арга хэмжээ сайхан болсон шүү. Хүүхдүүдийн гүйлтийн хэрэгцээ шаардлага их байгаа нь ажиглагдсан. Дараа жилээс илүү сайн, мэргэжлийн түвшинд зохион байгуулах болно, бодит хэрэгцээ байна шүү дээ.

-Г.Галбадрах: Харин 9 сард зохион байгуулсан марафон чинь сайн, муу хэл ам дагуулах шиг болсон шүү?

-О.Саранчулуун: Ахиллисийнхан бид “Ариг” банкныхантай хамтраад 9 сарын 13 нд “Итгэл найдвар ба боломж” нэртэй олон нийтийн марафоныг анх удаа зохион байгууллаа.  Энэ марафоныг “Ариг” банкны захирал Төмөрхүү өөрөө гардаж маш сайн зохион байгуулсан. Би бол ерөнхий удирдамжийг нь өгч байв. Оролцохыг хүсэгчид онлайнаар бүртгүүлж, онлайнаар төлбрөө төлж, гутландаа тусгай мэдрэгч зүүх байв. Бүх зүйлийг олон улсын стандартаар хийх гэж үзсэн. 1860 хүн дугаартай гүйгээд 1200 хүн дугааргүй дагаж гүйсэн. Нийтдээ 10 000 орчим хүн ирж үзэж сонирхсон. 380 орчим сайн дурын ажилтан ажиллаж 8 хүнтэй гэрэл зургийн баг оролцлоо. 23 аж ахуйн нэгж, байгууллагууд хамтарч ажилласан. Гэхдээ энд ойлголцоогүй асуудлууд гарсан. Гуталдаа зүүх ёстой мэдрэгчийг “яаж зүүж, яаж ашиглах” талаар заавруудыг бичиж хүмүүст тайлбарласан боловч олон хүмүүс тэр мэдрэгчийг цүнхэндээ хийх, буруу хэрэглэх  зэрэг асуудлууд гарсан. Нийтдээ 67 хүн гомдол гаргаж нилээд хэл ам болсон л доо. Дараа нь тэр хүмүүсийн утас, мэдээллийг нь авч үлдээд асуудлыг 2 сарын дотор нэг бүрчлэн утасдаж шийдсэн. Гэхдээ анхны марафон гэхэд дажгүй шүү, миний санаж байсанд хүрээгүй ч гэлээ. Хүмүүс марафонд оролцох зарчим, соёлд бага зэрэг боловч суралцсан байх гэж найдаж байгаа.

-Г.Галбадрах: Марафонд мөнгө төлж оролцож байгаа нь зарим хүмүүст ойлгомжгүй байсан юм болов уу? гэж би бодсон. Тэд ийм зарчим, соёлыг ойлгож мэдэхгүй байгаа нь нөлөөлсөн байх.

-О.Саранчулуун: Марафонд оролцогчид мөнгө төлж оролцдог олон улсын жишиг бий. Бид энэ марафоны 5 км, 8 км, 15 км-т гэж төлбөр тогтоосон. Тэр мөнгөндөө цэвэр ус, банана, мэдрэгч, зохион байгуулагчдын үйлчилгээ багтаж байгаа юм. Зарим хүмүүс намайг “Чи мөнгөөр гүйлт хийлээ” гэж зэмлэж над руу дайрч байсан болохоор би энд дэлгэрүүлж тайлбарлаж байгаа юм. Судалгааны талаар бид сайн ажиллаж чадаагүй. Их нүсэр болсон болохоор сүүлдээ хяналтаас гарч байсан л даа. “Марафонд яаж олон хүмүүсийг хамруулах вэ?” гэдгийг судалж байхад, төв Ахиллисаас “Олны танил хүмүүсийг оролцуулдаг талаар ” гэж зөвлөсөн. Улаанбаатар хотын дарга Э.Бат-үүл, дуучин Ариунаа, реппер Жий, марафоны тамирчин Сэр-Од нарыг нилээд хөөцөлдөж байж энэ арга хэмжээндээ оролцуулсан. Бат-Үүл даргыг “ирэхгүй” гэж надтай хүмүүс “мөрийцэж” байсан ч Бат-Үүл дарга хөдөөнөөс дөнгөж ирэнгүүтээ арга хэмжээнд оролцож үг хэлсэн.  Энэ марафон манай “Ахиллис”-ийн хувьд анхны, миний хувьд 5 дахь гүйлтийн арга хэмжээ маань анхны албан ёсны марафон. Хэдийгээр алдаа оноотой байсан ч бид сэтгэл хангалуун байгаа.

IMG_3434
Найм. МИНИЙ ХАРЖ БАЙГАА ИРЭЭДҮЙ

-Г.Галбадрах: Энэ бүхнийг яаж босгож, нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа би анзаарч байгаа.  Яагаад ингэж яваа тухайгаа бодож байв уу?

-О.Саранчулуун: Миний хувьд аз завшаанаар ч гэхүү дээ мэдлэг боловсролын түвшин арай гайгүй, бас ч үзэж харсан судалсан зүйл нь бага биш.  Тэгэхээр энэ бүхнийг бусадтай хуваалцаж, тэдэнд тусална гэдэг бол үүрэг хариуцлага байхгүй юу? Намайг энэ хэмжээнд хүрэхэд эмээ минь, ээж минь, Дабаа эгч, 10 жилийн ангийн багш, бас ангийнхан маань, АУИС-ийнхан, бас найз нөхөд минь бүгдээрээ тусалж дэмжсэн. Ядаж л эмээгийн минь надад зориулсан амьдрал үр дүнгүй байх ёсгүй. Тэр үнэ цэнийг би ингэж л гаргах үүрэгтэй.  Би одоо бол ингэж бодож ингэж л зорьж яваа.

-Г.Галбадрах: Их сайхан сэтгэл байна. Харамсалтай нь хүн болгон ингэж бодож ухаарч чаддаггүй?

-О.Саранчулуун: “Хэрэв чи хоёр хөлтэй, хоё гартай, эрхтэн бүтэн байгаа бол хэн энэ бүхнийг чиний төлөө бий болгоо вэ?” гэдгийг эргэж харж бодох ёстой. “Чиний аав чамаас үнэтэй гар утас барьж байна уу? Ээж чинь чамаас гоё хувцас өмсч байна уу?”  гэж би залуусаас асуудаг юм. Үгүй шүү дээ. Хамгийн үнэтэй, хамгийн гоё юмыг чи хэрэглэж байна. “Энэний утга учир нь юу вэ?” гэдгийг чи бодох ёстой.  “Энэ бүхний төлөө тэдний урсгасан хөлсийг чи юугаар хэмжих юм бэ?”,  “Чиний таашаал чинь зөвхөн бие махбодийн хэрэгцээ юу?”, “Тэр ийм хямдхан зүйл гэж үү?”  Би олон ярилцлага нэвтрүүлэгт орохдоо энэ бүхнийг асууж өөрийн хэрээр мессэж өгөхийг хичээдэг. Тэгэхээр залуус энэ тухай эргэцүүлж “Нээрээ би ямар үнэ цэнээр ийм байдалтай яваад байгаа билээ?”  бодож байвал бага ч болов үр дүн. Энэ мессэжийг тасралтгүйгээр залууст өгч байх хэрэгтэй юм байна билээ.

-Г.Галбадрах: Тийм ээ, санал нэг байна. Бид болохоор буруугаа нийгэмд тохоод байхаас бус өөрсдөөсөө хайхгүй байна?

-О.Саранчулуун: Монголд боловсролтой хүмүүс олон боловч өндөр хүмүүжил, ёс суртахуунтай, хүн чанартай нь цөөхөн байх шиг. Сайн дурын ажил хүмүүсийг өөрийгөө олж авдаг, хүмүүжилтэй болгодог гоё зүйл. Манай “Ахиллис” т 400 гаруй сайн дурын ажилтнууд байгаа. Тэд нэг арга хэмжээний өмнө дор хаяж 6-7 цагийн сургалтад суудаг. Тэндээс тэд их зүйл сурдаг гэдэгт би итгэлтэй байгаа. Хүмүүст тусалж байхдаа л хүн өөрийнхөө хамгийн муухай засах ёстой, эсвэл өнгөлөн зүлгэх ёстой сайн сайхан чанарыг олж хардаг. Тэрнээсээ цаашлаад өөрийн хүн чанараа бэхжүүлдэг. Тэгэхээр залуус сайн дурын ажилд их оролцож байх хэрэгтэй гэж би боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сайн дурынхан хамтарч ажиллахаар нийгэмд эерэг ойлголцол, үр дүнтэй, сэтгэл шингэсэн хамтын ажиллагаа бий  болж байна гэсэн үг.

-Г.Галбадрах: Бас одоо эхлүүлсэн, үр дүнд хүргэж байгаа ажлуудаа тасалж болохгүй?

-О.Саранчулуун: Дараа жилээс бид Монголдоо олон улсын жишгээр бүтэн марафон \42 км\ хийх бодолтой байгаа. Энэ санааг Бат-Үүл дарга бидэнтэй уулзахдаа хэлж байсан. Хэрэв бид олон улсын жишгээр бүтэн марафон хийдэг болчихвол Азийн тамирчид ч ирж оролцдог болно. Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарт ч сайнаар нөлөөлөх боломжтой. Энэ саналаа Аялал Жуулчлал хариуцсан Яаманд ч тавьсан. Өнгөрсөн жил бид ийм марафон гүйлтийн талаар ямар ч бүрэлдэхүүн, мэдээлэл, туршлагагүй байсан бол жилийн дотор бид ингэж өөрчлөгдөж чадлаа. Харахад онгирмоор ч юм шиг \инээв\. Энэ ажлынхаа тайланг Нью-Йоркийн “Ахиллис” руу явуулсан юм. Өчигдөр арга хэмжээ болж “Монгол бол үнэхээр гайхалтай болж байна” гэцгээгээд надад шагнал гардуулж өгсөн. “Ахиллс”-ын хувьд энэ жил энэ шагналаар 5 хүнийг шагнасан.

-Г.Галбадрах: Шагнал авсанд тань баяр хүргэе. Монголоос гадна гадаад ертөнцөд ч чиний Монголдоо санаачилж хэлүүлсэн зүтгэл, үр дүнг үнэлж байна?

-О.Саранчулуун: Баярлалаа, шагнал ч яах вэ? Хүмүүсийн надад өгч байгаа итгэл урам, надад бүр их хариуцлага үүрүүлж байгааг мэдэрч байна. Хүнд юм өгөх хэцүү, хүнээс авах бас хэцүү. Би одоо 2 төрлийн хүмүүстэй ажиллаж байгаа. Байгууллагадаа  мөнгө оруулахын тулд мөнгөтэй боломжтой хүмүүстэй уулзана. Нөгөө хэсэг нь мөнгө авах сонирхолтой. Хүмүүстэй уулзахдаа би хэлдэг юм. “Чи хөлгүй, гаргүй болсон юм байж. Үүний төлөө чамайг өрөвдөх ёстой юу? Чи амьд үлдсэнийхээ төлөө юу хийх ёстой юм бэ?” гэж асуудаг. Хэдий тийм болсон ч халамж аваад гэртээ суулгүйгээр өөртөө байгаа боломжоо ашиглаад амьдралын төлөө тэмцдэг байвал сайн. Ийм хүмүүсийг халамж аваад гэртээ суудаг биш, ажиллаад улсад татвар төлдөг хүмүүс болгохын тулд нийгэм нь ажиллах учиртай. Татвар төлөөд амьдралаа аваад явдаг иргэн болоход хувь хүний хөгжил хамгийн чухал. Дайчин чанар, тууштай байдал, үнэнч, өөрийн байдалдаа гутардаггүй өөдрөг байдаг, өөрийн өндөр үнэлэмж зэргийг олж авахад спорт л тусална. “Би маргааш төдөн км гүйнэ ” гэж бодож байгаа бол өнөөдөр юу идэж уух, яаж бэлтгэх цагаа хүртэл зохицуулах болно. Ингэсээр байгаад аажим аажимдаа дэмий зүйлд үрэгддэг цаг нь бага болж, хувийн менежмэнт нь сайжирдаг. Хувийн менежмэнт сайтай, тууштай хүн юу л бол юуг хийж чадна. Хувийн менежмэнт муутай хулчгар дорой хүнд ямар ч мөнгө зарцуулаад, юу ч заагаад нэмэргүй байх болно.

-Г.Галбадрах: Бид “Яагаад?” нэртэй ТВ-ийн цуврал нэвтрүүлгүүд бэлтгэж байхдаа энэ асуудлыг хөндөх гэж хичээж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл хүмүүстэй адил түвшинд ажиллаж амьдрах стандартуудыг хуульчилж хэрэгжүүлж чадвал тэд бусдаар өрөвдүүлэх биш, өөрсдөө баялаг бүтээж, татвар төлдөг иргэн болж чадна.

-О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүн болгон баялаг бүтээж улсад татвар төлдөг болчихвол нийгэм сайжирна. Энэ бол төрийн бодлогын хэмжээнд анхаарах асуудал. Үүнийг л би НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА гэж нэрлээд байгаа юм. Нийгмийн хариуцлагатай болохын тулд хүн болгон хичээх нь зөв хэдий ч төрийн бодлого нь хууль ёсны байж заавал хэрэгжиж байх учиртай.

-Г.Галбадрах: “Ахиллис Монгол” байгуулагынхаа ирээдүйн талаар?

-О.Саранчулуун: “Ахиллис Монгол” өөрийн гэсэн  хөдлөшгүй 7 хөтөлбөртэй, хөтөлбөр болгон нь өөрсдийн арга хэмжээ, ивээн тэтгэгчтэй болж байна. Өчигдөр бид энд “Ахиллис”-ын өндөр зэрэглэлийн хандивлагчдийн хүлээн авалтын арга хэмжээнд оролцлоо. Гэтэл тэнд 3 цагийн дотор 300 000 ам доллар босгож байгааг харлаа. 5 хүнд “Hero”  нэртэй шагнал өгөөд өөр хоорондоо танилцаж уулзалдаад арга хэмжээг дуусгасан. Гэтэл бид Монголдоо 3000 ам долларын хандив босгоход ч хэцүү. Бусдын өгч байгаа хандивыг бүртгээд буцаагаад тэр байгууллагад нь татвараас чөлөөлдөг тогтолцоо байхгүй байна. Одоогоор  Монголд хандив бол сэтгэлийн өглөг байхаас бус хариуцлагын үйлдэл биш байна. Тэгэхээр ийм тогтолцооны төлөө бид явах учиртай. Энэ бол миний зүгээс нийгэмд хийж байгаа сайн дурын ажил. Тогтолцооных нь хувьд ажиллах нөлөөлөл хэрэгтэй юм байна гэж бодож байна. Түүний тулд судалгаанд суурилсан нотолгоог онолын үндэстэй хийдэг болох шаардлагатай юм байна. Үүнийг бид мэдээж багаараа хийх болно.

-Г.Галбадрах:  Хувийн амьдралын хувьд?

-О.Саранчулуун: “Ахиллис”-ын ажлыг хийж эхэлснээс хойш жил гаран боллоо. Хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй юм шиг санагдах үе байсан. Тэгээд л бүх ажлаа календарчилж төлөвлөдөг боллоо. Сүүлийн үед гүйдэг, спортоор хичээллэдэг хүмүүстэй их найз болж байгаа. Яагаад гэвэл тэдэнтэй ойлголцож, хамтран ажиллахад амар байдаг юм. Гэр бүл хүүхэддээ зарцуулах цаг бага байлаа. Одоо багаар ажиллаж байгаа болохоор одоо гэр бүлдээ цаг зарцуулах боломжтой болно байх. Заримдаа гэр бүлийнхэндээ “Нийгэмд ийм их зүйл санаачилж хэрэгжүүлээд байгаа хэрнээ орлого олдоггүй юм уу? ” гэж шүүмжлүүлж ч байгаа. Гэхдээ тэд “энэ ажлаа боль” гэж хэлдэггүй нь, бага боловч үр дүн нь мэдрэгдэж байгаагийнх байх. Намайг “гүйлээ” гээд алга болчихдог болохоор нөхөр минь гэртээ “гүйлтийн зам” худалдаж авч өгсөн. Яваандаа ажлын ачаалал багасахаар судалгааны ажилдаа орох санаатай байгаа. “Ахмад настай хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг ашиглах  хэрэглээ ур чадвар” гэсэн сэдвийг бодоод л явна. Колумбийн Их сургуульд сурч байхдаа ахмадуудын чиглэлээр судалгаа хийж байсан болохоор түүн дээрээ түшиглэх санаатай.

-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа, Сараа. Би чиний хийж бүтээж байгаа бусдад тустай сайн үйлс бүхнийг анхаарч дэмжиж явдаг. Монголын өнөөгийн нийгэмд хэн нэгэн хүн салбар болгондоо сайн үйлсийн санаачлага гаргаж, олон нийтийг уриалан дагуулж байдаг бол бид амархан хөгжинө дөө гэж бодогддог юм. Энэ санаачлагын чинь төлөө чамд маш ихээр талархаж байна. Цаашид ч илүү сайн үйлсийг бүтээх байх гэж итгэж байгаа шүү, амжилт хүсье.

-О.Саранчулуун: Танд ч бас их баярлалаа. Бид үхэхэд бидний үр хүүхдүүд эрүүл саруул гоё нийгэмд амьдрах хэрэгтэй. Нөгөө талаар хүн өөрийн ойлгож сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж байх ёстой. Энэ бол мөнгөөр үнэлшгүй их баялаг, бас сэтгэл ханамж юм даа.

…Энэ жилийн Нью-Йоркийн 42 км-ийн марафонд О.Саранчулуун маань өмнөх жилийн амжилтаа ахиулж 7 цаг 48 минутад туулан барианд оржээ. Бас “Ахиллс”-ын энэ оны шилдэг нь болох “Hero” шагналаар шагнагдсан. Түүний шагналд тэгтлээ ач холбогдол өгдөггүй араншинг мэднэ. Гэхдээ түүний хөдөлмөр зүтгэл, зорилгодоо уйгагүй үнэнч, бас тэвчээртэй байсны төлөөх үнэлгээ юм хэмээн талархсан. Жилээс жилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо олширч байгаа Монгол орны хувьд О.Саранчулууны сэтгэл шингэсэн санаачлага, дуу хоолой хэрэгтэй цаг үе ирж байна. Олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сайн дурын үйлсэд зүтгэж байгаа залуусын хувьд тэрээр сайн үлгэр дуурайлал. Итгэл найдвараа алдсан олон хүмүүсийн хувь боломжийг нь мэдрүүлж байгаа хүчтэн. Ийм залуусыг өрөвдөж биш, бахархаж харах нийгмийн харааны чиглүүлэгч нь. Үүний төлөө бид түүнд талархах учиртай. Заримдаа ойлгож мэдрээгүй хүмүүс түүнийг элдвээр хэлж гомдоож байхад тэр шантраагүй. Учир нь тэр юунаас эхэлж юунд хүрэхээ сайн мэдэж байгаа. Тэгэхээр түүнд амжилт хүсэх биш харин дэмжих хэрэгтэй мэт.

Share Your Thoughts