Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал

…Хөдөөгийн нэгэн айлд зочлон ирсэн нэгэнтэй ярилцаж суухдаа гэрийн эзэн ийн өгүүлсэн гэнэ. Нүүдэлчид амьдралынхаа бүх л хэмнэлд өөрсдөө бүх зүйлээ шийдэж, үр хүүхдээ үлгэрлэн дагуулж, учирлан сургадаг байсан. Илүү их цаг гаргаж амждаггүйдээ , эсвэл эрх дураар хүүхдээ өхөөрдөхдөө ингэж хэлсэн байж болох. Цаг наргүй, зогсоо чөлөөгүй хөдөлж  хөдөлмөрлөж, амьдралаа авч явдаг байсан монголчууд, энэ л амьдралаасаа их зүйлийг сурч, даддаг байсан төдийгүй, сайн хооллож, сайн унтаж амарч байх нь эрүүл байхын үндэс гэж үздэг байсных ч байж болох.

…Өнгөрсөн цагаан сарын өмнө, сонгуулиар амалсан 1.5 сая төгрөгийн амлалтаасаа ‘үнэртүүлэх’ гэж, хөгшид хүүхдүүдийн сэтгэлийг “хөгжөөх” гэж, үлдсэн олон нийтийг “горьдоох” гэж 70 000 төгрөг тараасан нь багахан “дажин” болох шахсан гэнэ. 2008 оны УЙХ-ын сонгуулийн үеэр МАХН, АН-аас нэр дэвшигчид ийн амалж, амлалт дагасан олон бэлэг сэлт, эелдэг сайхан аашинд уярахдаа олон нийт тэднийг сонгосон.  Зүгээр сууж байгаад л бэлэн мөнгө авч, зоволгүй жаргаж, зогсолтгүй цэнгэх мөрөөдлөөр тэднийг сонгож орхиж. Харин сонгуулийн дараа, мөнөөх амлалт нь “молиго”  байсныг мэдэрсэн олон нийт, “оргүйд орвол охинтой” гэгчээр, өгсөн 70 000 төгрөгийг нь авч, “ямар уужуу юм бэ? монгол хүний сэтгэл” гэсэн уулга алдалт дор, цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэн, төрийн сүлдэндээ залбирцгаав.
Ард олонд бэлэн мөнгө амалж, сонгуульд саналыг нь худалдаж авах санаачлага,  Оюутолгой, Тавантолгойн орд газар нээгдэж, ашиглах боломж бүрдэх цагаас л эхэлжээ

“Алаагүй баавгайн арьс” болсон алсдаа үр ашгаа өгч магадгүй баялагийн хуваарилах эрх мэдлийн төлөө, энэ эрх мэдлийг “чулуу ” болгож, “Тамирын голын мөсийг долоохгүйгээр баяжихын төлөө” улстөрчид их мөнгө хаяж, эрээ цээргүй худал амалсан нь үнэн. “Хүний юм үнэгүй юманд нугасгүй дуртай” болохоороо л сонгогчид
тэдэнд итгэж, сонгож, одоо ч горьдлого тасраагүй байгаа нь бас л үнэн.
Бэлэн мөнгө ба мунхаг хүсэл
…Хүн мөнгөнд их дуртай. Хэн нэгэн зүгээр л мөнгө өгөөд байвал ихэд баярлаж, тэр хүнийг “их сайн хүн юм” гэж бодож эхэлнэ. Дахин дахин мөнгө өгөөд байвал эхэндээ ичингүйрэн санаа зовж байвч, тэр хүнийг бишрэн, талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд хэлсэн бүхнийг нь зөвшөөрч, хий гэсэн бүхнийг нь хийхэд бэлэн болно. Ийн удаан хугацаагаар дасал болж, мөнгө авсаар, нэгэн өдөр өгөхөө больж орхивол, эхэндээ гайхах боловч эцэстээ уурлаж бухимдан, уцаарлан учраа олохоо болино.
Зүгээр өгч байгаа мөнгийг аван авах бүрдээ, “энэ бол байж болох зүйл, тэр надад өгөх ёстой, би авах ёстой” гэдэг бодолдоо итгэн захирагддаг. Яг л циркэд тоглох амьтан сургуулилж буй мэт.

…Зүгээр авч байгаа мөнгөндөө эхлээд баярлан, итгэж ядна. Дэлгүүр хэсч дуртай зүйлээ худалдан авч, бас наргих цэнгэх санаа төрнө. Хэсэг хугацааны дараа эрчүүд нь ууж, мөрийтэй тоглон, бүсгүйчүүд нь үнэтэй зүйл худалдан авч, өөрсдийгөө гоёцгоох. Улам улмаар эрчүүд нь баярхан гайхуулж, өөр хоорондоо зодолдож, бие биеэ дарамтлан, бүсгүйчүүд нь өөрийгөө бусадтай харьцуулан жишиж, ил далд атаархан өрсөлдөж бие биеэ муу хэлцгээнэ.
Ажил хийж өөрийгөө зовоохгүй, ном үзэж толгойгоо зовоохгүй, наргиж цэнгэж, жаргаж буй мэт төсөөлөх энэ амьдралаас, цээжний чанадад баярхан гайхуулах, омгорхон онгирох хүсэл улам улмаар бадарч, эр бяр, элдэв хараал зүхэл амтагдах аж. Амар хялбар, болж бүтэж буй мэт амьдрал, хүний хүсэл тэмүүллийг унтрааж, сэтгэх тархийг хатааж, итгэл найдварыг мөхөөдөг. Яг л амьтдын хүрээлэнгийн үзмэрийн амьтад мэт.
“Эх орны хишиг”, ” эрдэнийн хувь” гэхчилэн сайхан нэрээр ард иргэдэд тараах бэлэн мөнгөний балгаар, ажилгүй залхуу, боловсролгүй бүдүүлэг, хөгжлийн үр шим мэдрэхгүй мулгуу байдалд хүргэх нь хэнд ашигтай вэ? Баялгийн хишгийг бэлэн мөнгөөр тарааснаас “ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал болоо” гэх ард иргэд олшрох нь хэнд хэрэгтэй вэ?

Баялгийн хараал
…Оюутолгойн гэрээг баталж, Тавантолгойн ашиглалт, бусад ордын тухай яригдаж буй энэ цаг дор, олон олон ухаант хүмүүс “баялгийн хараал”-ын тухай олон жишээ баримтад тулгуурлан бичиж, сануулцгааж байна. “Гэнэт цадах гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй”  гэж сургаж анхааруулдагчлан, баялгаас олдож болох их мөнгийг зөв зарцуулахгүй аваас, үүнээс ч илүү гай гамшиг нүүрлэж мэднэ хэмээн олон хүний сэтгэл нь зовж байгаа.
Байгалийн  асар их баялгийн ашгийг буруу зарцуулснаас, цөөн хүмүүс хагартлаа баяжиж, олон нийт нь улам ч ядууран хоосорч, үндэстний эмгэнэл болж буй тухай, баялаг болон, газар нутгийн хишиг болгон олон нийтэд их хэмжээний мөнгө зүгээр өгдөгөөс ард олон нь арчаагүй залхуу, ухаангүй тэнэг, урагшгүй бүдүүлэг болж, улам улмаар мөхөлд хүргэж буй тухай, олон олон улс үндэстний гашуун туршлагаас сануулж, сэрэмжлүүлж байна.

Их мөнгөний сургаар улайран шунаж, эрээ цээрээ, “алингаа” aлдаж, “ичих булчирхайгаа гээж” байгаагаараа манай улстөрчид, “шинэ үеийн баячууд ” хэмээн өөрсдийгөө өргөмжлөгчид, Дэмбэрэл шиг “юм үзээгүйгээ” харуулах юм даа. Худал амалж, хуйвалдаж, луйвардаж, урваж шарваж энэ баялгийн төлөө элдэвлэх хэрэг юун. Хамтаараа нэгэн санаа бодолтой байж, хүн чанар нинжин сэтгэлтэй байж, холыг харах ухаан, оноч мэргэн шийдвэртэй байж гэмээ нь энэ баялгийн ашиг нь монгол хүн болгонд хүрнэ гэдгийг тэд мэдэхгүй байна гэж үү? Ганцаараа идэж, гахай шиг таргалж, эцэстээ хагарах нь тийм ч хүсмээр тавилан биш гэдгийг мэдвэл мэдэхээр л хүмүүс байлтай.
Нэгэн цагт дэлхийг захирч асан аугаа өвөг дээдсийн минь өнөөгийн бидэнд өвлүүлж өгсөн энэ баялгийг, өчүүхэн ашиг сонирхлын төлөө арилжиж, үр ашиггүйгээр устгах эрх, өнөөгийн хэн нэгэнд бий гэж үү? Баялаг дагасан шуналын улмаас, олон нийтийг бэлэн мөнгөөр хахуулдаж, мунхаглал тэнэглэлийн туйлд хүргэн, мохоож мөхөөх хүсэл өнөөгийн хэн нэгэнд байна гэж үү? Шунал тэнэглэлийн сүлэлдээнээр, өдий болтол оршиж ирсэн монгол орноо, үр хойч ирээдүй үедээ, ухсан газар, овоолсон шороо болгон өвлүүлэх эрх өнөөгийн бидэнд бий гэж үү?
Нэгэн цагт баялаг нь дуусахад, алтыг нь харийнхан зөөж, хоосон авдар нь монголд үлдэх нь гашуун үнэн. Харин авдрандаа юутай үлдэх нь, бидний ухаан юм шүү дээ.

Баялгийн хишиг
Өнөөдөр олон бүгдээр амьсгаа даран, хараа сунган ажиглаж байгаа Оюутолгой, Тавантолгой, бусад олон баялгийн ашиглалт бидэнд “хараал” бус “хишиг” авчрах учиртай. Амлаад байгаа бэлэн мөнгөнүүдээс бүгдээрээ татгалзаж, үр дүнтэй зарцуулахын төлөө монгол хүн болгон, ухаанаа уралдуулж, шаардлагаа тавьж, хяналтаа чангатгах цаг болж байнаа. “Тэд ч идэх нь гарцаагүй иднээ, харин багахан шиг идэж, бидэнд шавхруу ч болсон олдоосой” гэх арчаагүй сэтгэлгээ, “Тэд хулгайлж завшиж байгаа цагт бид адилхан л хулгайлж завших хэрэгтэй” гэх барьцаалсан сэтгэлгээнүүд, уулын орой дээр,  хоёр барын ноцолдооныг харж суух үнэгний үлгэр лугаа болохыг үгүй гэх газаргүй.  Баялгийн арилжаанаас монгол орны тусгаар тогтнолоо өгч болно гэж үү?
-Энэ баялгийн хишиг нь, монгол орны хөгжилд хэрэгтэй шинэ технологи, шинэ хөгжилд
-Энэ баялгийн хишиг нь монгол хүний боловсрол, эрүүл мэнд, хөгжил дэвшилд
-Энэ баялгийн хишиг нь байгалийн нөхөн сэргээлтэд заавал зарцуулагдах учиртай.
Энэ бол монголчууд бидэнд дахин олдохгүй их боломж. Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж, хамтдаа хөгжих боломж. Монгол орны үүрд мандан хүчирхэгжих боломж.

Төгсгөл
Монголчууд бид цөөхүүлээ. Тэрбүм хүнтэй Хятад, хэдэн зуун саян хүнтэй Орос, Америк гүрэн биш. Цөөхөн мөртлөө заавал мулгуу байх албатай гэж үү?
Асар уудам газар нутагтай, арвин их баялагтай атлаа, дэлхийн дундаж хотын хүн амтай тэнцэх ард иргэдээ ингэтлээ ялгаврлан бухимдуулах хэрэг юун. Ийм их баялгийг хүртэх учиртай цөөхөн монголчууд бидэнд эрдэм ном хэрэгтэй, эв нэгдэл хэрэгтэй, эрүүл ухаан хэрэгтэй, их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй.
…Хүмүүс мөнгөнд дуртай. Гэхдээ бусдаас зүгээр авч бус өөрөө хөдөлмөрлөж, бүтээж олсон мөнгө ямар сайхан гээч. Тэр мөнгийг харж суухдаа урссан хөлс хүч, гаргасан сэтгэл зүрхнийхээ үнэ цэнийг мэдэрдэг. Бас өөрийн хүч чадлаа мэдэрч, өөртөө итгэх итгэл нь улам улмаар батжидаг. Хорвоо ертөнцийг арай л өөр өнгөөр харж, маргааш гарах нарыг ч тунгалаг сайхнаар төсөөлнө. Сайхан даа.
Нойр хоол яах вэ? ном эрдэм их сурч, өөрийн монгол эх орондоо ажиллаж амьдрах бүр сайхан. Баян байх сайхан. Гэхдээ итгэл, сэтгэлээр баян байх бүр ч сайхан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-03-15

Share Your Thoughts