НЭГ ХҮНИЙ АШИГ СОНИРХОЛ- НИЙТ ОЛНЫ ЭРХ АШИГ

Монгол оронд ардчилал бий болсноос хойш бид олон зүйлийг ойлгож мэдэрч байгаа. Хүн заримдаа “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж ” болох хэдий ч энэ нь тодорхой хэмжээнд хязгаарлагддаг. Хязгаарлаж байгаа зүйл нь нийт олны эрх ашиг. Тухайн хүн дуртайгаа ярьж, хүссэнээ хийж болох ч  энэ үйлдэл нь нийт олны эрх ашигт муугаар нөлөөлж байвал хариуцлага хүлээх хэрэгтэй болно. Эрх мэдэл бүхий хүмүүс болон шийдвэр гаргах түвшний ажил хариуцдаг хүмүүсийн хувьд энэ бол бүр ч илүү хамаатай.  Тэд худал ярьж, хийсэн буруу үйлдэл нь улс орны хэмжээнд хохирол учруулахаар бол үүнийхээ  төлөө заавал хариуцлага хүлээхээр барахгүй, олон нийтийн хувьд  “жигшүүрт жишээ” болон ой санамжинд хадгалагдан үлддэг. Тэгэхээр хариуцлагатай ажил болох “дарга”-ын ажил, хүн болгоны хүсээд чадаад байх зүйл хараахан биш.
“Хэнд  эрх мэдэл буй түүнд хилэнц буй” гэсэн сургаал буй.  Хөдөлмөрлөж  чаддаггүй, мэдлэг чадваргүй, эд мөнгөний шуналтай нэгэнд эрх мэдэл очвоос, “эрхийн тэнэг” түүний үйлдлүүд нь  бусдад зовлон болон хувирдаг.

Нэг биш нилээд олон “эрхийн тэнэгүүд” нийлж орхивол, муу үр дагаварууд  нь нийгэм даяар хямрал үүсгэнэ.  Тэнэгүүдийн мунхаг үйлдлийг нийт олноороо зусардан дагаваас улс гүрний орших, эс оршихуйн аюулд тулгардаг. Хэн ч  төрж өссөн өөрийн эх оронгүй байхыг хүсэх билээ. Тэр тусмаа монголчууд бид…
Нэгэн жишээ: “Нарийн болон өргөн царигтай төмөр зам”
“Монголын төмөр зам” ТӨХК-ны захирлаар томилогдоод удаагүй байсан М.Энхсайхан ажлаасаа гэнэт халагдахдаа,  Монголын төмөр замын эргэлзээтэй асуудлуудаар өөрийн бэлтгэсэн мэдээллээ олон нийтэд хүргэлээ.  Угтаа бол Монголын төмөр зам өргөн болон нарийн царигтай байх маргаан нь, ямар сайн болоод муу үр дагавартай байж болох талаар болон Монголын төмөр замын ослын аюул дагуулсан “хоцрогдлын” талаар  жишээ баримттайгаар мэдээлсэн нь олон нийтийн дунд шуугиан дэгдээж орхив. Олон нийтийн сэтгэл зүй, өргөн царигтай төмөр замыг сонгож байгаа Х.Баттулга нь “Оросын тагнуул”, нарийн царигтай төмөр замыг сонгож байгаа М.Энхсайхан нь “Хятадын тагнуул”  гэсэн хялбархан ангиллаар талцаж эхлэв. Бид угаасаа өөрсдийн санаа бодолд нийцээгүй хэн нэгнийг  ” гадаадын тагнуул” гэж тооцдог болохоор нэг их гайхах зүйлгүй юм.
М.Энхсайханы нотолж байгаачлан өргөн царигтай төмөр замаар нүүрс болон хүдрээ тээвэрлэвэл: 1. Нүүрс ачсан вагоны дугуйг урд хил дээр солиход хүндрэлтэй, бараг боломжгүй.
2. Монголын хилээс вагоноор тээвэрлэж авч очсон нүүрсээ буулгаад, өөр вагонд шилжүүлж ачих нь асар их эрсдэлтэй, байгаль орчин муу нөлөөтэйгээс гадна уг ачааны чанарт муугаар нөлөөлнө
3. Өргөн царигтай замыг шууд нарийн царигт шилжүүлэх нь одоогоор боломжгүй байгаа гэсэн үндэслэлүүд нь  миний сонирхлыг татсан.  Бас тэрээр Х.Баттулгыг энэ ажлыг хариуцаж байхдаа   40 сая орчим ам доллараар босгосон далангийн тухай дурдаад, одоо тэд “Чингис бонд”-ын 400 сая ам доллараар дахиад ийм далангууд босгох гэж байгаа нь “мөнгө угааж байгаа нэгэн хэлбэр” хэмээн хардаж байгаагаа ч нуусангүй. Дараа нь тэрхүү далангийн зургийг баримт болгон тавьсан нь олон нийтийн зэвүүцлийг бадрааж, Х.Баттулгыг “харааж зүхэх” шалтаг нь болж орхив.
М.Энхсайханы мэдээлэл нотолгооны хариуд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “УИХ-аар батлагдсан “Монголын төмөр замын бодлогын дагуу энэ төмөр зам өргөн царигаар баригдана” хэмээн нэмэлт тайлбаргүйгээр мэдэгдсэн. Х.Баттулгыг энэхүү маргаанд ямар нэгэн тайлбар өгөхийг хүлээсэн авч тэрээр  “Бүх зүйлийн буруу зөвийг цаг хугацаа харуулж нотолно” гэсэн байр сууриар маргаан дээр “тос нэмсэнгүй”.  Их өртгөөр босч буй далангийн тухай мэргэжлийн хүнээс лавлавал: “Яг үнэндээ төмөр зам барих ажлын 70% нь  далан байгуулах юм шүү дээ” гэж тайлбарласан юм.
Монголын улстөрд өөр өөрийн гэсэн “орон зай”, өөр өөрийн төрхтэй Х.Баттулга, М.Энхсайхан нарыг аль алийг нь хүндэлж үнэлж явдгийн хувьд, хэн нэгнийг буруутгахыг яарсангүй. Учир нь бид зөвхөн мэдээллээр гарч байгаа зүйлийг л харж, уншиж сонсож байгаа болохоор яаран дүгнэлт хийх амаргүй. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр аль болохоор их мэдээлэл гаргаж байгаа хүн болгоны “зөв” байх ч албагүй.  Харин асуудлыг санаачилсан болон шийдвэр гаргасан хүмүүсийн буруу зөвийг цаг хугацаа шалгаж нотолдог.
Монголын дотоод  гадаад зорчигч эргэлт болон ачаа тээвэрлэлтийн ихэнх хувийг гүйцэтгэдэг “Монголын төмөр зам”-ын хөгжил, бодлогын асуудал нь Монголын нийт иргэдэд хамаатай. Энэ бол нийт олны эрх ашигт хамгийн хамааралтай асуудал.  Энд хувь хүний ашиг, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол гэж байж боломгүй. Хэдийгээр энэ асуудалд хоёр хөршийн ашиг сонирхол, бодлого орж ирж байгаа ч бид өөрсдийн тусгаар улсын эрх ашгийн үүднээс асуудлыг шийдэх учиртай. Харин би нэг зүйлийг, “Х.Баттулга, М.Энхсайхан нар өөрсдийн тавьж байгаа асуудлаар уулзаж ярилцан, буруу зөв бодлогын талаар ойлголцож яагаад болдоггүй юм бол?” гэж гайхаж байна. Энэ асуудал нь тэдний цэц мэргэнээ сорих салбар биш, Монгол орны хөгжил, тусгаар тогтнол, Үндэсний Аюулгүй Байдалд хамаатай асуудал. Заавал талцаж, бие биенээ үгүйсгэж, олон нийтийг талцуулан бухимдуулж байх хэрэгтэй гэж үү?
Нэгэн жишээ:  “МИАТ-ын удирдлагын завшил”
МИАТ компаны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, коммер санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн нар албан тушаалаа ашиглан маш их хэмжээний мөнгө завшсан хэрэг одоо шалгагдаж байна.  “Дайны эрсдлийн даатгал” гэсэн нэрээр зорчигч болгоны худалдаж авч буй тасалбрын үнэ дээр 5 ам доллар нэмж, энэхүү хуримтлагдсан 870 сая ам долларыг гадаадад байршуулан хувааж завшсан нь нотлогдсон аж. МИАТ компанид 2 ширхэг байдаг онгоц цэнэглэгч машиныг бусдад “түрээслүүлжээ”. Харин түрээслэгч компани нь  МИАТ-ийн онгоцнуудыг цэнэглэхдээ тонн тутмаас нь 100 ам доллар авч байсан юм уу даа. Нэг бодлын манай үнээг саачихаад сүүг нь бидэнд зардагтай адил юм уу даа.
Монголд “Төрийн Өмчит” компаниуд зөндөө бий. Б.Цэнддоогийн тодорхойлсноор “бидний ч биш, хэний ч биш өмч” юм уу даа. Тэр компаниуд нь хувийн биш, бас хэний ч биш гэхдээ төрөөс санхүүжүүлдэг болохоор энд бүх “завшил” явагддаг “монгол жишиг”  тогтсоны жишээ нь энэ. Төрөөс тэрбумтангууд төрөхдөө “Төрийн өмчит” компаниудад “шахааны бизнес” хийж  “төрдөг”. Тийм компаниудад хэрэгтэй ч бай, хэрэггүй ч бай олон зүйлийг гаднаас хямд үнээр олж ирэн 10-20 нугалан “шахаж” ашиг олдог. Нэгэнт ТӨР мөнгийг нь төлдөг болохоор айж харамсах, ичиж  халаглах зүйл огт үгүй. Энэ хулгай дээрмээ хууль ёсоор болгохын тулд энэ олон “ичих булчирхайгүй” нөхдүүд УИХ-ын гишүүн болох гэж улайраад байгаа юм шүү дээ. Төрийн мэдэлд байдаг маш олон компаниуд  ашигтай байж болох авч “ашиггүй” ажиллаж, “үнэ цэнээ “алдахаараа хямд үнээр бусдад хувьчлагддаг жишээ бий. Хамгийн гайхмаар нь Төрд байхдаа ашиггүй ажиллаж байсан компаниуд хувьд очихоороо “ашигтай” ажилладаг явдал. Заримдаа ТӨХК-аас завшсан мөнгөөрөө, тэр компаниа “худалдаж” авах тохиолдол ч бий. Бусдын авдранд байгаа мөнгийг хулгайлаад,  гэрийг  нь худалдаж авахын үлгэр юм уу даа.
Монголд “Төрийн Өмчийн Хороо” гэж бий. Монголд нэг үе “Улсын наадамд түрүүлсэн бөхийг нь Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг байлаа” гэдэг шиг, Пүрэвдорж, Сугар гэх мэтийн нөхдүүд сүүлийн жилүүдэд  удирдсан. Ихэвчлэн наадамд “унасан бөх” буюу сонгуульд ялагдсан нөхдүүд “өр цайрах” маягаар тавигддаг юм.  Тэд ТӨХК-ны захирлуудыг томилдог болохоор их эрх мэдэлтэй. Гэхдээ өөрсдөө мэдээд биш л дээ, өөрийг нь “тавьсан” журмын нөхдийн даалгавраар. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэгчлэн тэд ТӨХК-ны захирлуудыг мөнөөх л “унасан бөх”чүүдэд  “бялуу хүртээх” маягаар “томилно. Тэгээд л “найраа” , “шахаа” эхэлнэ дээ. Эрдэнэтийн ГОК, МИАТ, МТЗ гээд  “Монголын вант улс” нэртэй “Сүүтэй үнээнүүд “зөндөө бий. За тэгээд жижиг хэрнээ “их сүүтэй” үнээнүүд бишгүй  бий.  Ямар сайндаа МИАТ-ын завшлын үед ТӨХ-ны дарга байсан Л.Сугар гэгч нөхөр “тийм юм болсон юм уу? би мэдээгүй шүү дээ?” гэж гэж “алиалж” байхав. Ажил хариуцсан хүний хариуцлага нь хаана байгаа юм бол?
Нэгэн жишээ: “Бидний төлсөн татварын мөнгө?”
Үндэсний Татварын Ерөнхий Газар  \ҮТЕГ\-т даргаар ажиллаж байсан Б.Баттөмөр гэгч өөрийгөө “сайн ажилласан” гэж 3 сая төгрөгөөр шагнасан төдийгүй, сүүлийн 2 жилд мундаг ажилтнуудаа “харж үзэн” 632 тэрбум 500 сая төгрөгийг  тэднийгээ амарч зугаалахад нь зарцуулжээ. Тэр нь хувийнх нь биш мөнөөх татварын мөнгө шүү дээ. Мөн ҮТЕГ-ын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нь татварын байцаагч Бямбасүрэнгийн дансанд 1-2 тэрбум төгрөг, эрсдлийн судлагаа үнэлгээний хэлтсийн дарга Ч.Энхбат эхнэрийнхээ дансанд  4 сая ам доллар хадгалж байсан хэргээр шалгуулж байгаа гэнэ.  Энэ бол зөвхөн эхлэл.
Уг нь ТӨР бол бидний татварт төлсөн мөнгийг сайн менежментээр зөв хуваарилах үүрэгтэй юм шүү дээ. Тэр хуваарилсан мөнгөөр нь эмч, багш, хууль сахиулагчдыг цалинжуулж, тэдний нийгмийн олон асуудлыг шийдсэнээр татвар төлөгчид бид өөрсдөө төдийгүй, бидний үр хүүхдүүд ч амар амгалан, сэтгэл тэнүүн орчинд төрж, өсч, хөгжиж, ажиллаж амьдарч байх учиртай. Гэтэл татварын ажилтнууд нь тэр мөнгийг нь хувьдаа хулгайлж завшаад байхаар яах билээ. Эмч багш нар нь ” цалингаа нэмүүлье”, “ажиллах нөхцөл байдлаа сайжруулья” гэхээр урдаас нь “тайван амгалан байцгаа, одоогоор мөнгө алга байна, алсдаа харж үзнээ” гэж амыг нь таглана. Гэтэл татварын байцаагчид нь эхнэрээ харьд  эмчлүүлж, хүүхдүүдээ гадаадад сургах мөнгөө ингэж олохоор яаж ч тэдний зовлонг ойлгох билээ.
ТӨР өөрөө өмчтэй, түүнийгээ “зохицуулах” хороотой, төрийн албан хаагчид нь ” нэмэлт орлоготой”, шийдвэр гаргагсад нь “шахааны бизнестэй”, бүр томчууд нь “хувьцаатай” болохоор бусдын зовлонг ойлгохоо больчихдог байх. Өөртөө өмчтэй төр, үндсэн үүрэг нь болох ТАТВАРын хураалт, хуваарилалтад  “санаа зовж” хяналт тавихаа больчихдог юм болов уу? Сүүлийн үед манай улстөрчдийн амнаас “Монголчууд бид нэгэн үе мөнгөгүйн зовлонг эдэлдэг байсан бол одоо мөнгөтэйн зовлонг эдэлж байна” гэсэн бахархмаар ч юм шиг баярламаар ч юм шиг үгнүүд урсах болж. Мөнгөтэй болсны гол зовлон нь нийт олны хөгжил дэвшлээс нэгэн бүлэг хүмүүсийн завшилд таацуулах зовлон юм болов уу? “Шаазгай зүү олоод хийх газар олддогүй” гэдэг үг бий дээ. Их мөнгө, ухаантнуудад “боломж” болдог бол, тэнэгүүдэд “зовлон” болдог.
Нэгэн жишээ: “Газрын наймаа”
Ашигт Малтмалын Газрын дарга асан Батхуяг гэгч хууль зөрчин, өөрийн эрх мэдлээ  буруугаар ашиглан бусдад 107 лиценз олгосон үйлдэлдээ 6,6 жил чанга дэглэмтэй хорих газарт хоригдох, 5 сая төгрөгийн эд хөрөнгөө хураалгах, Төрийн албанд ажиллах эрхийг нь 3 жилээр хориглох ялаар шийтгүүлжээ. Хууль зөрчиж, дур мэдэн олгосон 107 лицензэндээ “авилгал аваагүй” гэдэгт манай шударга хуульчид үнэн голоосоо “итгэсэн” бололтой.  Бодвол гэнэн цагаан, санамсар болгоомжгүй, эсвэл хүний гуйлтад “үгүй” гэж хэлж чаддаггүй нэгэн байсан бололтой. Төрийн хуулийг зөрчиж буруу үйлдэл хийсэн ч 3 жилийн дараа “Төрийн албанд” ажиллаж болох нь байна шүү дээ. Зарим хүмүүст манай хууль “энэрэнгүй үйлчилдэг”-ийн жишээ.
Сүүлийн жилүүдэд их хэмжээний эд хөрөнгө мөнгө завшиж, улсад хохирол учруулсан үйлдэлдээ, эрх мэдэлтэй байсан хүмүүс  иймэрхүү ял эдэлдэг жишиг тогтож буй. Тэднийг ялаа эдлээд гарахад нь  бараг л “баатарлаг үйлстэн”, “шилийн сайн эр” мэт сурталчлах нь бий. “Гаалийн Баатар ялаа дуусгаж гараад Солонгос руу мордов” гэх мэтээр мэдээлнэ. Улсад их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсоор атал, Төрийн мөнгийг эрх мэдлээ ашиглан завшсан нь мэдэгдсээр атал хөрөнгийг нь хураадаггүй болохоор тэд ингэж бардамнахаас өөр яах билээ. Насаараа идэх мөнгөө биднээс завшчихсан хүн нарсанд хэдэн жил суугаад, үлдсэн амьдралдаа санаа зовохгүйгээр “тансаглаж” болох боломж Монголд бий болжээ. Жирийн иргэд  6-7 жил  яаж ч хичээж ажиллаад  ийм хэмжээний мөнгөн хуримтлал бий болгож чадахгүй.
Улсын өмч болон  мөнгийг завшсаанаар, завшсан мөнгөө хураалгадаггүй, цөөн жил ял эдэлсэн болоод гарч ирдэг ийм боломжууд нь улстөрчдийн бүлэглэлд  хамтаараа завших боломжийг олгож байна. Бүлэглэж завшсан хэрэг нь илрэхээр, нэг нь “ялыг үүрч” бусад нь арыг нь “дааж” эргээд хамтдаа хуваадаг заншил тогтвол, хуульчдад хэн итгэж, хуулийг хэн дагаж мөрдөх вэ? Улстөрд олны итгэлийг хүлээж ороод, бидний өмнөөс шийдвэр гаргахдаа өөрсдөө завшиж баяжиж байгаа хүн болгоныг хамгийн хатуугаар шийтгэж, завшсан хөрөнгийг нь хурааж, үеийн үед жигшээж байвал зохилтой. Монголын их хаад ийм хууль зарлигтай байхдаа л хамгаас хүчтэй байсан.
Нэгэн жишээ: “Нэг хүнд үйлчилдэг НАМ”
Монгол Улсын экс Ерөнхийлэгч Н.Энхбаярын байгуулсан МАХН гэж нам бий. Тэд өнгөрсөн сонгуульд  өрсөлдөхдөө олны чамгүй дэмжлэгийг авч УИХ-д багагүй суудалтай болж, зарим нь Засгийн Газрын сайд ч болсон. Хуулиар “буруутай” гэж тогтоон ял эдэлж байгаа Н.Энхбаярын талаар хүмүүс талцсан бодолтой. Зарим нь “Н.Энхбаяр бол Монгол орныг өрнөөс салгасан ачлалтай удирдагч” гэж биширч байхад, нөгөө хэсэг нь “Н.Энхбаярыг ялласан хэрэг нь ердөө ч өчүүхэн хэсэг нь. Хэрэв цааш шалгаж үзвэл маш том хэргүүд байгаа” гэж хардлагаа нуухгүй өгүүлнэ. Н.Энхбаяр өөрийгөө “буруугүй” гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа бол, түүнийг дэмждэг улстөрийн бүлэглэлүүд нь “Энэ бол улстөрийн хэлмэгдэл” хэмээн зарлаж олон нийтийг айдас түгшүүрт уриалж байгаа.
Ял эдэлж байгаа хүн хуулинд зааснаар “улстөрийн үйл ажиллагаа явуулах нь хориотой” ч Монголын нийгэм даяар түүний хорих газраас явуулж байгаа улстөрийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа нь “баас хатавч өмхий” гэдгийн үлгэр адил. Н.Энхбаярын шаардлагаар түүний хүү Э.Батшугарыг Монгол Банкны дэд ерөнхийлэгчээр томилж, МАХН-аас Хууль зүйн Яамны орлогч сайдаар томилогдсон нэгэн Интерполд захидал, хүсэлт бичиж, МАХН-аас томилуулсан  Эрүүл мэндийн сайд нь тусгай эмнэлгийг “хорих эмнэлэг ” болгон хувиргаж “хоригдлуудад санаа зовж байгаагаа” нотлон, хэзээ ч хохирч байгаа эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө тэмцэл хийж байгаагүй эхчүүд “Н.Энхбаярыг суллуулахаар” өлсгөлөн зарлан “хайраа илчлэв”. Энэ бүхэн нэг хүний ашиг сонирхолд ил тод үйлчилдэг улстөрийн нам болон бүлэглэлүүдийн жишээ. Гэхдээ энэ нь мөнгөний төлөө, эсвэл эрх мэдлийн төлөө, нөгөө бол “хүн чанар”-ын төлөө гэдгийг өнөө хэр ялган салгах боломж үгүй.
Хууль хүн болгонд яг адил тэгш үйлчлэх ёстой. Энэ бол ардчиллын үнэт зарчмын нэг нь. Хүн болгон өөр өөр тавилан, өөр өөрийн хүсэл бодолтой байдаг ч “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” зарчмаараа ав адилхан.  Хууль бидний адбиш хүсэл сонирхлыг тодорхой зааг дотор хязгаарлаж байдаг.  Шударга ёс гэдгийг бид биш, бидний амьдарч байгаа орчинд үйлчлэх учиртай хууль л тогтоодог. Тэр нь бидэнд таалагдах эс таалагдахаас хамаарахгүйгээр бид дагаж мөрдөх ёстой. Тэгж байж л бид амьд байх, өөрийнхөөрөө хөгжих, хүсэл бодлоороо амьдрах эрх хамгаалүүлна. Нэг хүнд болон нэг хэсэг хүнд үйлчилдэг хууль гэж хаа ч байхгүй, харин бүх нийтээрээ дагаж мөрдөх хууль гэж л бий. Хэрэв хэн нэгний буруутай үйлдэл биднийг бухимдалтай, ядуу зүдүү, айдас түгшүүртэй амьдрахад нөлөөлж байгаа бол тэр хүмүүс буруутай үйлдлийнхээ төлөө заавал хариуцлага хүлээж байх учиртай.
       Төгсгөлийн оронд
Өчигдөр буюу 2 сарын 17 нд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ганбат нар тэргүүтэй төлөөлөгчид, энэ хотод ажиллаж амьдарч байгаа  монголчуудтай уулзаж ярилцлаа.  Тэд Монгол оронд хийгдэж байгаа “Хуульзүйн салбрын шинэчлэл”-ийн хүрээнд АНУ-ын хууль зүйн салбрын  үйл ажиллагаатай танилцаж яваа юм байна.
Хүмүүсийн сонирхсон асуултын гол нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү чиглэж байсан нь гадаадад байгаа монголчууд Монгол орон дахь хууль, эрх зүйн таатай орчныг сонирхон хүлээж байгаагийн илрэл гэлтэй.  Х.Тэмүүжингийн хариулт болон тайлбар яриа миний сонирхлыг ихэд татсан. Улстөрчидийн  хүмүүсийн асуултад ерөнхий албархуу хариулах хариултаас, шинэчлэлийн төлөө зорилго тавиад, түүнийгээ  шаналж зовж хийж байгаа хүний яриа илт ялгарч мэдэгддэг. Х.Тэмүүжингийн хувьд Монголын хууль зүйн салбрын шинэчлэлийн төлөө нилээд олон жил “дуугарч”, өөрчлөлтийг хийх гэж оролдож байгаа хүний нэг. Энэ удаад эрх мэдэл боломж нь олдсон дээр түүний хийж эхлүүлж байгаа бүхнийг сонсож суухдаа “түүнийг дэмжих хэрэгтэй юм байна” гэж бодогдсон. Мэдээж амаргүй хүнд байгаа боловч энэ мөчид олон нийтийн эрүүл саруул дэмжлэг түүнд хэрэгтэй байгаа. Хоосон магтаж, талархал илэрхийлэхээс илүүтэй монголчууд бид өөрсдөө дор бүрнээ хууль ёсыг сахиж, эрүүл саруул сэтгэлгээний төлөө бие биенээ дэмжиж байх хэрэгтэй мэт.
Монголчууд бидний нийтлэг эрх ашиг бол бидний төрж өссөн Монгол эх орон минь. Түүний хөрсөн дээрх болон хөрсөн доорх баялагууд, эртнээс уламжилж ирсэн эх хэл,  соёл урлаг,ёс заншил, түүх бахархал, монголчууд бидний алив зүйлд дасан зохицох чадвар, сэтгэлгээний их чадвар бүхэн нь бидний баялаг юм. Өвөг дээдсийн минь өдий хүртэл бидэнд үлдээж өгсөн энэ баялгийг монголчууд бид өөрсдөө зөв зохистой ашиглах төдийгүй, ирээдүй үедээ арвижуулан үлдээх учиртай. Түүнээс хэсэг бүлэг хүмүүс, харийн “ашиг хайгчид” завших эрхгүй.  Байгалийн баялгаа оюуны баялаг болгон арвижуулахад л өнөөгийн монголчууд бидний ухаан бодол, эв нэгдэл, хичээл зүтгэл хэрэг болох буюу.  ШУДАРГА ЁС ДЭЛГЭРТҮГЭЙ

Share Your Thoughts