Олимп ба медалийн мөрөөдөл

Тун удахгүй манай өмнөд хөршийн нийслэлд хүн төрөлхтөний 4 жил тэсэн ядан хүлээдэг, спортын хамгийн том баяр болох Онаадам болно. Монголчууд маань олон олон олимпод амжилттай оролцож багагүй амжилт үзүүлсэн. Нилээд хэдэн ч медаль хүртэж, Монголын алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулж, олон ч Монголчуудын “хамрын самсааг шархируулсан”. Монгол гэдэг гүрэн дэлхийд байдаг гэдгийг бусдад мэдрүүлсэн тэр агуу тамирчдаараа бид байнга бахархаж байх учиртай.
2008 оны Бээжингийн зуны олимпийн 29-р наадамд Монголын 29 тамирчин буудлага, жу-до,бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, усанд сэлэлтийн төрлүүдээр оролцоно. Олимпийн наадмын босго өндөрсөж, хэр баргийн аавын хүү, охин оролцохын аргагүй болсон энэ цаг үед ийм эрхийг авсаных нь төлөө тэдэнд талархахгүй байхын аргагүй. Энэ бол үнэлэх ёстой хөдөлмөр зүтгэл.
Сүүлийн жилүүдэд Монголын тамирчид олимпод амжилт гаргасангүй, медаль авсангүй гэж зөндөө шүүмжилж, олон янзаар тайлбарлаж, таамаг дэвшүүлж байна. Тэр ч байтугай өнгөрсөн 2004 оны олимпод амжилт муутай оролцсон тамирчдаа муудсан ногоо, өндөгөөр шидэх уриалга, сүрдүүлэг ч гарч байсныг санаж байна.

Хэлэх амархан хийхэд хэцүү гэдэгчлэн хажуунаас нь хараад ялахад амархан харагдавч цаана нь ямархан хүнд хэцүү байсныг бид мэдэрч чадна гэж үү? Энэ жил ямар байхыг бид мэдэхгүй. Гэхдээ энэ талаар арай өөр талаас нь хараад үзвэл яасан юм бэ.
  Хөгжиж буй “их спорт”
 Дэлхийн талцсан системийн задрал, хүйтэн дайны төгсгөлөөс хойш улс гүрнүүдийн тэмцэл их спорт руу шилжсэн. Үүний үрээр их спорт хөгжлийн өндөр түвшинд гарч эхэллээ. Ялангуяа олимпийн медаль нь тухайн орны нэр хүндийг өргөж, бас сайн сурталчилгаа болдог. Тийм шалтгаанаар хөгжиж буй орнууд олмипийн хөтөлбөрт ордог спортын төрлүүд болон сайн тамирчиддаа онцгой анхаарч, тэдний хөгжилд их ч хөрөнгө зарцуулж байна. Өнгөрсөн зуунд бид Хятадын тамирчид чөлөөт бөхөөр дэлхийд мундаг болно гэж төсөөлж байсан гэж үү.
Олимпод бэлтгэж байгаа Хятадын тамирчны цорын ганц хүсэл нь “гэртээ нэг очоод ирэх юм сан’ гэсэн үг байлаа гэж нэгэн хэвлэл дээрээс уншсанаа санаж байна.
Олон ч орнууд тамирчдаа ингэж бэлтгэж, ингэж хөдөлмөрлүүлж, бүх боломж нөхцлийг нь хангаж, амжилт гаргасан хойно нь үлдсэн амьдралын баталгааг нь хангаж байна. Улс орныхоо нэр төрийг дэлхийд гаргасны нь төлөө одон медаль биш санаа зовохгүйгээр амьдрах боломжийг нь бүрдүүлж байна. Үнэхээр амжилт гаргах найдвартай тамирчны ар талд нь бүхэл бүтэн институт ажилладаг аж.
Авьяас чадвартай, мундаг тамирчид ямар өндөр ханштай байдаг талаар бид одоо л ойлгож мэддэг боллоо. Спорын төрөл бүр нь мэргэжлийн түвшинд хүрч, тамирчин бүр нь үүний төлөө тууштай хөгжиж, өөрийн үнэ цэнээ бий болгож байгааг бид харж сонсож үзэж байгаа.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Ш. Сайхансамбуу нэгэн ярилцлагадаа том гүрнүүд олимпийн алтан медальд ихээхэн ач холбогдол өгч, багагүй лобби хийдэг тухай цухас дурдсан байсан. Их спорт хөгжихийн хирээр багагүй луйвар булхай гарч байгаа нь нууц биш. Иймэрхүү муу үр дүнг манай боксын тамирчид багагүй амссан.
Тийм ээ! Их спорт хөгжиж байна. Их хөгжлийнх нь тогоонд амжилт луйвар хамтдаа буцалж байдаг ажээ.

Эр зоригтой Монгол тамирчид
Наадмаар барилдах бөх, уралдах морьдоо хатуу дэг жаягт оруулж олон хорио цээр тогтоодог эртний ёс заншилтай Монголчууд бид дэлхийн наадамд оролцох тамирчиддаа арай л хайхрамжгүй хандаад байна уу даа? Энэ олимпод ихээхэн найдвар төрүүлж байгаа 2 ч тамирчны хувийн амьдрал болон асуудалд нь ихээхэн “анхаарал халамж”  тавьсан зарим хэвлэлүүд энэ өвөлжингөө  шуугиан дэгдээлээ. Ингэж болно гэж үү? Наадмын бөх морио олны хэл амнаас хол байлгадаг монгол заншил энд хамаагүй юм болов уу?
Тэр ч байтугай тамирчдаа сонжиж, шүүмжилж,  үзүүлж болзошгүй амжилтыг нь урьдчилан таамаглаж тэдний зүрхний цохилт даралтыг нь ихэсгэдэг базаахгүй зуршил өнөө хүртэл байсаар байна. Олимпод оролцох тамирчдаа анхаарах нь бүү хэл, өөрсдийнхөө учраа ч олж чадахгүй төр засагтай, Монгол тамирчид маань олимпод оролцох эрхээ “бор зүрхээрээ” зүтгээд олж авч байгаа нь бага хэрэг биш ээ.
Тэд 2 тэрбүм хүнээс сонгож бэлтгэгдсэн Хятадын, 300-аад сая хүнээс сонгож бэлтгэгдсэн Орос, Америкийн тамирчидтай өрсөлдөнө. Гэтэл тэд маань 20 ч биш 2 сая гаран хүнээс шилэгдэж байгаа хэрэг. Германд мэргэжлийн өндөр түвшинд, дээд зэрэглэлийн хангамжтай клубт бэлтгэл хийж байгаа Д. Мөнхбаяр шиг олон тамирчидтай Монголдоо даржин клубт бэлтгэл хийж байгаа О. Гүндэгмаа өрсөлдөнө. Энэчлэн бүх л тамирчдад бэрхшээл байгаа.
Гэхдээ тэд маань эр зоригтой бэрхшээлээс үл шантрах дайчин чанартай. Аугаа их өвөг дээдсийн минь цус тэдний судсаар гүйж байгаа болохоор тэд ялалт амжилтын төлөө чадах бүхнээ хийх болно.

    Медалийн мөрөөдөл
 Би ч гэсэн Монголын тамирчид маань энэ олимпоос медаль авч, алтан соёмбот далбаа минь Бээжингийн тэнгэрт мандаж, бусдыг бишрүүлээсэй гэж хүсч байна. Харин тэднийг социалист уралдаанд үүрэг авахуулдаг муу зуршлаараа хандаж, бас хүндэт даалгавар бүү өгөөсэй. Тэд дарамт, сэтгэл догдлолгүй тайван оролцог.
Монголдоо байгаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд  бүгдээрээ тэднийг сэтгэл зүрхээрээ дэмжээрэй. Та нар минь өөртөө итгэлтэй, өөдрөг байж, бүх чадал болмжоо дайчлаарай. Чадвал медаль авч эс чадвал амжилтаа ахиулаарай.
Монголын минь далбаа олимпийн тэнгэрт намирч, Монгол тамирчид минь тэнд өрсөлдөж ид хаваа гайхуулж байна гэдэг юутай сайхан. Харь газар байгаа бид ч харах дэмжих өөрийн тамирчидтай байна гэдэг бас л сайхан хэрэг.
Юмыг яаж мэдэхэв, олимпийн аваргатай болчих ч юм билүү. Монгол хүний сүлд хийморь өөдөө байг.
Тэр өдрийн тэнгэр та нарыг минь ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.