ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН \ОУВС\-ГИЙН ЗӨВЛӨХ Тогмидын Доржханд

\  цуврал ярилцлага-24\
Тогмидын Доржханд
…Өнгөрсөн намар Т.Доржхандтай АНУ-ын нийслэл Вашингтон ДС хот дахь ОУВС-ийн төв байранд уулзаж ярилцсан юм. Тэрээр ОУВС-ийн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байсан болохоор миний сонирхлыг татаж байв. Тэр өдөр танилцан өрөөнд нь уулзаж ярилцсанаар хязгаарлалгүй хэд хэдэн удаа уулзаж зөндөө олон асуудлын талаар санал бодлоо солилцсон. “Хүн төвтэй хөгжил”-ийн талаарх түүний санал бодол надад таалагдаж, миний зорьж, хийж яваа нэг биш санаануудтай адил холбоосоор холбогдож байсан нь биднийг илүү ойртуулан дотносуулсан юм. Энэ ярилцлагыг хийсний дараа тэрээр ОУВС-д хариуцаж байсан ажлаа хүлээлгэж өгөөд Монгол руугаа улстөрийн амьдралд оролцохоор буцлаа. Ажил амьдралын хувьд “боломжтой” байсан хэдий ч түүний энэ “эрсдэл” нь чин сэтгэлийн дуудлага байсан гэдэгт би эргэлздэггүй. Түүнтэй ярилцсан тэмдэглэлээ та бүхэнд хүргэж байна.

IMG_0196
Нэг. НАМТРЫН ТОВЧООН
Боловсрол:
•Төрийн санхүүгийн бакалавр, МУИС-ын ЭЗСургууль, УБ, 1995-1999
•Төрийн бодлого, Эдийн засгийн магистр, Хитоцубаши Их Сургууль, Токио, 2002-2004
•Удирдах ажилтны хөтөлбөр, Харвард 2011, Оксфорд 2012
Ажлын туршлага:
•Мэргэжилтэн, Төсвийн бодлогын газар, Сангийн яам, 1999-2000
•Мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Сангийн яам, 2000-2002
•Дадлагын ажилтан, Татварын алба, Сангийн яам, Япон, 2003-2004
•Газрын дэд дарга, дарга, Зээл, тусламжийн нэгдсэн бодлогын газар, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газар, Сангийн яам, 2005-2013
•Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх, ОУВС, 2013-2015

Хоёр. ДҮРСГҮЙ ХҮҮХЭД НАС
-Г.Галбадрах: За хаана төрж, хаана хэрхэн өсөв дөө?
-Т.Доржханд: Би 1977 онд Улаанбаатарт 1-р төрөхөд төрсөн. Аав маань Завханы уугуул, ээж минь Увсын Завхан сумынх. Би дээрээ 2 ах, 1 эгчтэй айлын бага нь. Тэр үеийн гэр бүлүүдийн нийтлэг стандартаар өсч хүмүүжсэн юм уу даа. Аав ээж нар нь ажилдаа явж, хүүхдүүдийн том нь багыгаа харж асардаг байв. Ах эгч нар маань тоглоод явчихдаг, би болохоор орны хөлнөөс уяатай тэндээ уйлж байгаад унтаад өгдөг, тиймэрхүү л амьдрал дунд өссөн гэдэг.
-Г.Галбадрах: Сургуульд элсэхдээ?
-Т.Доржханд: 1-р ангидаа бол 10 жилийн 2-р дунд сургуульд орсон. Ах нар маань намайг хатуу гараар өсгөсөн болохоор жаахан “хүнд гар” талдаа. Нилээд хөдөлгөөнтэй, хүүхдүүдтэй зодолдож ихэвчлэн шарх сорви болсон нөхөр л явдаг байж. Дунд ах маань хүүхэд байхдаа бага биетэй, ихэвчлэн хүн өмөөрөөд өөрөө зодуулчихдаг хүүхэд байсан гэсэн. Тэгээд намайг хүнд дээрэлхүүлэхгүй гээд өөрөө дасгалжуулдаг, бас айлын хүүхдүүдтэй байнга зодолдуудаг байсан юм билээ. /инээв/
-Г.Галбадрах: Дүрсгүй байсан хүүхдүүд аль нэгэн талдаа авьяастай байдаг сан?
-Т.Доржханд:  Нэг удаа хэрэг тариад шийтгүүлээд ангийн шал угааж байхад багш минь намайг дуудаж хүний “нөхөөс”-нд математикийн олимпиадад орууллаа. Өгсөн тоог нь бодчихоод түрүүлж гараад гүйчихсэн, аминдаа шал угаахаас зугтаасан юмуу даа. Гэтэл өнөөхөд нь түрүүлчихсэн юм билээ. Дараа нь дүүрэгт шалгарч оролцоод бас л түрүүлэв. Тэгээд багш маань ч, би ч бас урам орж математикт сонирхолтой болсон. Би бага ангидаа нилээд биерхүү дээрээсээ эхэнд шахуу зогсдог байсан бол 4,5-р ангид орох үед бараг хамгийн дор зогсох шахуу, үндсэндээ миний өсөлт жаахан зогсонги болсон байв. “Том болохгүй” байгаадаа сэтгэлээр их унана. Уг нь би бага ангидаа шатар даамаар их хичээллэдэг байсан юм. Сүүлдээ сагс волейвол их тоглодог болсноос хойш жаахан өсч тайвширч билээ.
-Г.Галбадрах: Дунд сургуулиа төгсөөд ямар сонголт хийсэн юм бол?
-Т.Доржханд: 8-р ангиа төгсөөд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шалгалт өгч тэнцсэнээр 9,10-р ангидаа “боломжийн” сурч төгслөө. 1995 онд 10-р ангиа төгсөөд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн санхүүгийн ангид элсэж оров.
Гурав. АЧААЛАЛ ДУНД ӨНГӨРСӨН ОЮУТАН ЦАГ
-Г.Галбадрах: МУИС-ийн энэ хуваарь тэр үедээ нилээд өрсөлдөөнтэй байсныг санаж байна.
-Т.Доржханд: Тэр үед Улсын эдийн засаг амаргүй байсан болохоор тэтгэлэгт хөтөлбөрүүд үндсэндээ зогсчихсон байсан юм. Улсын математикийн олимпиадад амжилттай оролцож байсан олон залуус энэ ангид орж ирсэн болохоор нилээд өрсөлдөөнтэй болж ирж байгаа юм. Тэр өрсөлдөөн надад их таалагдаж байв. Сургуулийн анги танхим хүрэлцээгүй байсан болохоор аажимдаа оюутнуудаа цөөлөх бодлого барьж, нилээд сайн шалгуур тогтоож байсан. Ямар сайндаа 300 гаруй оюутнууд элссэн байснаас 1-р курс төгсөхөд үндсэндээ тал нь шалгарч үлдэж байхав. Сургуульдаа тэнцэж үлдэхийн тулд байнга математикийн болон эдийн засгийн онолын тест бөглөнө. Тестүүд дээр математик суурь сайтай хүүхдүүд хоорондоо өрсөлддөг болохоор хэн, хэн нь нилээд сайн хөгжиж байгаа юм.
-Г.Галбадрах: Хэр сайн суралцаж байв?
-Т.Доржханд: 10 жилд сурч байхдаа ачаалал даагаад сурчихсан байсан болохоор МУИС-д зав муутай, ачаалал ихтэй суралцсан. Ингэж ачаалал дааж сурсан нь миний  амьдралд сайнаар нөлөөлж байв. Миний амьдралд тохиолдсон нэг эрхэм хүн Д.Сүхбаатарын хэлсэн “Хэрэв хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг нь өөрөө тогтоно” гэдэг үгийг хэлж утгыг нь тайлбарласан нь тархинд минь шууд бууж билээ. Яг мэргэжлээ сонгохын өмнө “Чи ямар мэргэжилтэй болохыг хүсч байна вэ?” гэж асуугаад “Ямар мэргэжилтэй болохоо сайн мэдэхгүй байна” гэж хариулахад “Чи тэгвэл номоо сайн уншиж, хичээлээ л сайн хийгээд бай, тэгэхэд хандах зүг өөрөө тогтдог юм” гэж хэлсэн нь миний амьдралд маш том тус болсондоо. Ажаад байхад хүн болгон л янз янз. 1-р курст их сайн сурч байсан зарим залуус жил ирэх тусам сурлага нь буурсаар эцэстээ хоцорч эхэлж байгаа юм. Тэгэхээр ачаалал дааж сурна гэдэг чинь амжилттай сурч, ажиллах том боломж юм болов уу? даа.
-Г.Галбадрах:Тийм шүү, санал нэг байна. Ачаалал дааж сурна гэдэг амжилттай суралцах нэгэн боломж нь мөн.
-Т.Доржханд: Эдийн засгийн мэргэжил надад их таалагдсан. Эдийн засгийн бодлого нь ард түмний амьдралд яаж нөлөөлдөг вэ? гэдэг асуудал нь өөрөө их сонирхолтой. 2-р курст сурч байхдаа 5-6 байгууллагаар дамжин дадлага хийж байв. Эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд оролцдог. Энэ хуралд оролцохын тулд их ч уншиж судална, бас илтгэж сурсан.  Их ч идэвхитэй оюутан байв. 3, 4 курсууддээ Татвар, Гааль, Монгол Банк, бас Сангийн Яаман дээр ч дадлага хийлээ. Энэ бүхэн дундаас үйл ажиллагааны цар хүрээ, бодлого, шийдвэр гаргах түвшиндээ хамгийн өргөн хүрээнд ажилладаг нь Сангийн Яам байсан юм. Сангийн Яамны “байгууллагын соёл” нь надад маш их таалагдсан. СЯ нд “Гавьяат Эдийн Засагч” Шарав гэдэг хүний удирдлага дор дадлага хийж байв. Шарав гуай маш их ажилсаг, өглөө 8 цагт ажилдаа ирээд шөнө 12 цагт л гэртээ харина. Тэр хүнээс их зүйл сурч, дадлагаа ч сайн хийлээ. Ер нь бол сургуулиа төгсөөд хаана очиж, яаж ажиллах вэ? гэдэг баримжаагаа авчихсан байв.
-Г.Галбадрах: Их л идэвхтэй, “хэнхэгдүү” оюутан байжээ?
-Т.Доржханд: “Оюутан үе бол зугаатай, хөгжилтэй, амьдралын баяр хөөр, адал явдлыг туулдаг залуу нас” гэж олон хүмүүс үздэг бол миний хувьд тийм зүйл бараг мэдрээгүй өнгөрсөн гэхэд болно доо. Миний хувьд шоргоолж шиг л хичээж ажилласан үе л дээ. Ангийнхантайгаа ч тэр бүр нийлээд байдаггүй. Оюутан байхдаа гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон байсан болохоор илүү их хариуцлагатай, илүү их ачаалалтай байхаас өөр аргагүй байлаа. Гэр бүлээ авч явахын тулд оройн цагаар ажил хийнэ, бас Сангийн Яаманд ажиллана. Гэр бүл гэдэг чинь хүнд их ч хариуцлага үүрүүлдэг.
Дөрөв. НАМАЙГAЖИЛД СУРГАСАН САНГИЙН ЯАМ
-Г.Галбадрах:МУИС-аа төгсөхөөсөө өмнө хаана ажиллах сонголтоо хийсэн байх нээ?
-Т.Доржханд: Сургуулиа төгсөхөөс өмнө Сангийн Яамны Дашдорж дарга надад хандаж “Сангийн Яаманд залуу хүнийг авч ажиллуулдаггүй юмаа. Гэхдээ бид одоо Яамандаа шинэчлэл хийж залуу хүмүүсийг авч ажилуулах бодолтой байгаа. Шарав гуай, Батмөнх хоёр чиний талаар танилцуулж санал болгосон” гэж хэлснээр миний хувьд асуудал шийдэгдсэн. Би ч бас баяртай байлаа. Энэ талаар гэрийнхэндээ хэлж саналыг нь сонсоход “Миний хүү өөрөө мэд дээ, хүмүүст хэрэг болох тийм л газар ажилласан нь дээр дээ” гэж зөвлөв.
-Г.Галбадрах: Сангийн Яам шинэ залуу боловсон хүчнээ хэрхэн хүлээж авав?
-Т.Доржханд: 1999 онд сургуулиа хичээж сайн төгссөний дараа Сангийн Яаманд хуваарилагдаж ирсэн. Сургуулиа төгсчихсөн, бас дөнгөж аав болчихсон залуу өмнө нь 5,6 сар ажиллаад үзчихсэн Сангийн Яаманд ажилд орж байгаа юм. Намайг ажилд ороход: 1.  Байгууллагын зүгээс чамд байр өгч чадахгүй 2.Таван жилийн хугацаанд гадагшаа сургалтад явуулж чадахгүй 3. Өндөр цалин өгч чадахгүй, харин ажиллуулж сургана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ нөхцөл болон шаардлагууд нь надад угаасаа тодорхой байсан л даа. Хөгжилтэй нь, “Чи гэр бүлтэй болох цаг бараг гарахгүй дээ” гэж хэлсэн ч би аль хэдийн гэр бүлтэй, хүүхэдтэй болсон байв.
-Г.Галбадрах: Ер нь хатуу шаардлага байна шүү?
-Т.Доржханд: Тийм ээ, шаардлага ч хатуу, ажил ч их байлаа.Ажилд орох үед Улсын Төсвийн бүрдүүлэлт хийгдэж байсан болохоор “нусаа хацартаа наана” гэдгээр л ажиллав. Төсөв зохиох, нэгтгэх, төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага гээд маш сайн ойлголттой болсон. 4 сар маш их ачаалалтай, бараг гэртээ ч харихгүй шахам ажил дээрээ хонох шахуу ажилласан. Миний хувьд аль болохоор цаг гарган, шөнөөр гэртээ гүйж очин хүүхдийнхээ даавууг угааж, хоол хүнсийг нь авч, бас бус асуудлуудыг нь зохицуулдаг байв. Тэр үед одоогийнх шиг хүүхдийн памперс гэж байсан биш, хүүхдийнхээ даавууг гараараа угаана шүү дээ. Манайх 13-р хороололд байр түрээсэлж амьдарч байсан болохоор ихэвчлэн алхчихна.  Сангийн Яам үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийг зорьж байсан болохоор, залуучууд биднийг олон улсын түвшинд шинэ соргог зүйлсийг судалж, олж мэдэхийг шаарддаг байв. Бид интернет ухаж, бусад сувгаар олон мэдээллүүдийг олж судалж байв. Улсын төсөв гэдэг чинь ямар чухал зүйл болохыг, орлого оруулахын тулд ямар арга замуудыг сонгож болох, төсвийн бүрдүүлэлт нь улс орны эдийн засаг болоод хүмүүсийн амьдралд ямар чухлаар нөлөөлдөг талаар маш сайн ойлгож мэдэж авсан.
-Г.Галбадрах: Мэдээж СЯ бол “том” газар. Залуугаасаа ажиллаж эхэлсэн болохоор сурах зүйл их байсан байх?
-Т.Доржханд: Биднийг Сангийн Яаманд ороход үе солигдож байлаа. Би тэгэхэд 22 настай. Хамт ажиллаж байгаа хүмүүс маань ихэвчлэн нас тогтсон, төсвийн асуудлаар ирж байгаа хүмүүс нь бас тодорхой хэмжээгээр ажлын туршлагатай, бас хариуцлагатай хүмүүс. Яамдуудын сайд нар ирнэ, Сангийн Яамны мэргэжилтэн санхүүжилтийн асуудлыг нь шийдэхэд нөлөөлдөг гэдэг утгаар хэн ч байсан хүндэтгэлтэй ханддаг байв. Хэдийгээр би залуу хүн байлаа ч нэгэнт тогтсон байгууллагын соёл, хэм хэмжээг эвдчих вий гэж санаа зовно. Ийм байдалд дассаар наснаасаа эрт буйр суусан байхаа. \инээв\ Гол нь асуудалд их нухацтай, хариуцлагатай ханддаг болсон. Энэ байгууллагын уламжлал нь ахмад үеэсээ уламжлагдан залуус бидэнд шилжиж ирж байсан, бид ч түүнийг сайнаар хүлээж авч үргэлжлүүлж байсан юм шүү.
-Г.Галбадрах: Байгууллагын соёл ажиллагсадынхаа төлөвшилд их нөлөөлдөг байсан байх?
-Т.Доржханд: Надтай сургууль хамт төгссөн залуусаас олонхи нь өндөр цалинтай ажил, ашиг орлоготой бизнес эрхэлж, амьдрал ахуйгаа дээшлүүлээд амжсан байхад би Сангийн Яамны ажилтан хэрнээ тэдний энд хүрэхгүй байсан үе бий. Тухайн үед боломжоо ашиглаад амьдралаа дээшлүүлэх сонирхлоос би өөрийн ирээдүйгээ илүү тод харж байсан гэх үү дээ. Улс орны эдийн засагт хамгийн сайн нөлөө үзүүлдэг байгууллагад, өндөр зарчим шаардлагын дор үнэнч шударга ажиллаж сурна гэдэг нэг талаасаа хүн болгонд олдох боломж ч биш, нөгөө талаасаа миний цаашдын ирээдүйд тус дэм болно гэдгийг би ойлгож байлаа. Тийм болохоор би тийм ч их харамсаж байгаагүй. Одоо эргээд харахад Сангийн Яаманд тэгж ажиллаж сурсан нь миний хувьд ямар ч их мөнгөөр хэмжихийн аргагүй үнэ цэнэтэй зүйл байсан юм шүү. Сайхан үе байсаан.
Тав. МИНИЙ ОРОЛЦСОН “ТЕНДЕРИЙН ХУУЛЬ”
-Г.Галбадрах: Тийм шүү, “Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх” гэдэг хэлц бий. Ирээдүйгээ өөдрөг харна гэдэг сайн үнэлэмж?
-Т.Доржханд: 1999-2000 он, 2000-2004 онууд бол маш хүнд үеүд байлаа. Экспортын бүтээгдэхүүнүүд байж болох хамгийн доод түвшиндээ очиж, орж ирж байгаа орлого нь Эрдэнэт, АПУ хоёроос л орж байсан байх шүү. Энэ үед Сангийн Яам нилээд шинэчлэлүүдийг хийж эхэлж байв. Зарлага тал дээр буюу ЗГ-т бараа нийлүүлэлт, худалдан авалтын  шинэчлэл дээр ажиллах санал надад тавьсан юм. Энэ тал дээр ил тод, нээлттэй, бүх талуудад хүрэлцээтэй байх зарчим, нөгөө талаас төсөв дээр бий болж буй дарамтуудыг багасгах боломжууд дээр бид багаараа ажиллаж их анхаарсан. Энэ өөрчлөлтийг Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны худалдан авах зарчим дээр тулгуурлан бараг жил гаруй хугацаанд ажиллаж 2000 онд хуулийн төсөл боловсруулан бэлэн болголоо. Товчдоо бол “Тендерийн хууль” л даа.Энэ бол ЗГ болон орон нутгийн төсвийн байгууллагууд шаардлагатай материал, бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах харилцааг сайн зохицуулсан хууль болсон гэж би хувьдаа боддог. Үр дүн нь ЗГ-ын санхүүжилтийн зардлыг 10-15%  хэмнэсэн хэмнэлт.
-Г.Галбадрах: Энэ хуулийн талаар би бага зэрэг мэдэх юм байна. Хэрэгжилт нь хэр зэрэг байсан юм бол?
-Т.Доржханд: Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд тухайн үеийн 18 аймаг, хотуудаар явж сурталчлан, сургагч багш нарыг бэлтгэх, заавар зөвлөлгөө өгөх чиглэлээр ажиллав. Эрдэнэтийн ГОК, МИАТ, АПУ зэрэг “Төрийн өмчит”, худалдан авалт, борлуулалт ихтэй том компаниудад ч ажилласан. Энэ бүхэн амаргүй байлаа. Хэн нэгний “халаас”тай хамааралтай хуучин тогтолцоог өөрчлөн шинэчилж байгаа болохоор. Энэ хуулийг эхэндээ хүмүүс янз бүрээр ойлгож хүлээж авч байсан боловч дараа нь “шүүмжилж” эхэлсэн. Энэ хуулийн заалтаар өмнө нь 100 төгрөгөөр худалдаж авч байсан бараа бүтээгдэхүүнээ 10 төгрөгөөр худалдан авч байх жишээтэй. Улсын төсөвт энэ нь тэр хэмжээгээрээ хэмнэлт болж үлдэнэ. Ийм оролдлогыг Орост 10 жил бэлтгэж байж хийсэн бол, Хятадад 20 жил бэлтгээд одоо хэр нь хийж амжихгүй л байна. Бид болохоор эхлээд шүүгч нарыг сайн бэлтгэсэн, дараа нь ЗГ-ын худалдан авалтын хяналтыг бүх аймгуудад байгуулж, бас компаниудад ч байгуулсан. Өөрөөр хэлбэл хяналтын тогтолцоог нь илүү сайн бий болгох хэрэгтэй байлаа. Амаргүй хэрнээ маш их ажиллагаа болсон. Бидэнд маш бага төсөв баталж өгсөн ч бид боломжоороо зүтгээд хийж чадсан. Гарын авлага, сургалтын материалаа гараар шахуу шөнөжингөө хэвлээд, багийн 3 хүнтэйгээ өөрсдөө машинаа бариад аймгуудаар явах үе зөндөө байлаа.
-Г.Галбадрах:Сайн ажиллажээ. Мэдээж үр дүнгээ өгч эхэлсэн байх?
-Т.Доржханд: Хууль батлагдсанаас бараг жилийн дараа сонин дээр анхны “Тендерийн урилга” хэвлэгдэж, бид ч баяртайгаар үр дүнгээ тэмдэглэж байв даа. Одоо бол бүх худалдан авалт, борлуулалт энэ хуулиар явагдаад хэвшиж орхижээ. Энэ хууль бол олон улсын жишигт нийцсэн, олон улсын байгууллагуудад түгээмэл ашигладдаг зөв системийг бий болгосон хууль. Гэрээг нь стандарт болгоод өгчихсөн. Энэ гэрээг зөв бөглөөд өгчихсөн байхад Олон Улсын арбитр дээр очоод ч “унахгүй”. Бүх үзүүлэлтүүд нь өөр өөрийн стандарттай. Зөвхөн ЗГ гэлтгүй хувийн хэвшлийн бүх байгууллага, компаниуд авч ашигладаг стандарт юм шүү дээ. Хөдөө орон нутгуудаар явж байхад социализмын үед төрдөө “үнэнч шударга” ажиллаж байсан хүмүүс, энэ хуулийг хурдан ойлгож, талархан хүлээж авч байгаа нь анзаарагдсан.
-Г.Галбадрах: Миний анзаарч байгаагаар одоо ч “Тендерийн хууль” дээр маргаанууд гарч байгаа нь хуулийг буруугаар ашиглаад байгаа юм уу? даа гэсэн эргэлзээг төрүүлдэг?
-Т.Доржханд: Харамсалтай нь одоо үед энэ хууль болон стандартыг буруугаар ойлгож, буруугаар ашиглах тохиолдлууд гарсаар байгаа. Одоо хүртэл энэ хуулийг буруушааж, шүүмжилж байгаа хүмүүс ч байгаа шүү дээ. Энэ хуульд хамрагддагүй худалдан авалтууд байдаг. Тухайлбал, Батлан Хамгаалах Яамны худалдан авалтууд нийтэд ил байх албагүй. Гэтэл улстөрчид хуйвалдаж байгаад оруулсан маш буруу заалт нь “Хөгжлийн Банк”-тай холбоотой заалт. Өөрөөр хэлбэл “Хөгжлийн Банк”-аар дамжин худалдан авалт, борлуулалт хийж байгаа бол дээрх хуульд хамрагдахгүй гэсэн утгатай заалт нь их хэмжээний хуйвалдаан завшлын боломжийг бүрдүүлсэн гэж харагддаг. Одоо маргаан дагуулаад байгаа “Бонд”-ын мөнгөөр хэн хаана, юу хийсэн бэ? гэдэг хариу нэхсэн асуулт үүний муу үр дагавар мөн. Энэ систем нь зөв байлаа ч системийг хөдөлгөж байгаа хүмүүсийн буруу ашиглалтаас мэдээллийн олон нийтэд хүртээмжтэй бус байдал үүсэх аюул бий. Үүнийг засч залруулах үүрэгтэй хяналт, шалгалтын системийг нь ч бас “завааруулж” орхих юм бол, энэ хууль нь өөрөө бусдад “муухай” харагдаж эхэлнэ.
-Г.Галбадрах: Тийм л дээ. Гэхдээ таны харж байгаагаар сул тал нь юу байна вэ?
-Т.Доржханд: Тендер шалгаруулахад тухайн салбарын стандартаа маш сайн мэддэг мэргэжилтнүүд оролцож байх ёстой. Хэрэв мэргэжилтнүүд нь үндсэн өгөгдөл, техникийн шаардлагуудыг нь мэргэжлийн түвшинд зөв гаргахгүйгээр мэргэжлийн бус хүмүүс энд оролцох юм бол нөгөө л авилгал завшлын боломжийг бий болгож орхино гэсэн үг. Жишээ нь: Зам барих тендер зарласан тохиолдолд тухайн салбарын мэргэжилтнүүд нь  тухайн замын зузаан, өргөн нь ямар хэмжээтэй байхыг хэр даацын хичнээн машин энэ замаар зорчиж болох судалгаан дээр үндэслэн гаргаж өгөх ёстой. Тэгж байж төсөв болон өртөг, эдэлгээ болон чанарын асуудал тодорхой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл худалдан авах, шинээр байгуулах болон үйлдвэрлэл үйлчилгээний үндсэн стандартуудыг мэргэжлийн хүмүүс л үнэн зөв, бодитой гаргаж өгдөг.
Зургаа. ЯПОНД СУРЧ, ДАДЛАГАЖСАН  ЖИЛҮҮД
-Г.Галбадрах: Энэ асуудалтай тань санал нийлж байнаа. Дахиад өөр хууль дээр ажилласан уу?
-Т.Доржханд: Төрийн аливаа бодлогууд хуулиар дамжиж хэрэгждэг болохоор байнга л хуулийн төслүүд дээр сууж ажилладаг байсан. Томоохон санхүүгийн шинэчлэлийн хуулиуд дээр сургуульд сурч ирээд түлхүү ажилласан даа. 2002 онд дарга дээрээ орж гадагшаа явж сурах талаар саналаа хэлэв. Дарга маань зөвшөөрч дэмжсэнээр, бие даан бэлтгэж Англид сурах тэтгэлэг, Америкт суралцах Фульбрайтын, Японд суралцах Олон Улсын Валютын Сан \ОУВС\-гийн тэтгэлгүүдийг авах боломж бүрдсэн. Аав минь Япон амьдралын хэв маяг соёлд дуртай хүн байсан болохоор надад “боломж чинь олдвол Япон явж сурахыг бодоорой” гэж захиж, би түүнийг нь “заавал биелүүлнэ” гэж дотроо амласан байсан болохоор энэ удаад Японд ОУВС-ийн тэтгэлгээр суралцах боломжийг сонгосон юм. Сангийн Яаманд ажиллаж байхдаа ОУВС-ийн ажлын хэсгийн хүрээнд ажиллаж байсан мундаг чадвартай хүмүүстэй холбоотой ажиллаж байсан болохоор, ОУВС-ийн тэтгэлэг миний хувьд “нэр төрийн хэрэг” байв.  ОУВС-ын тэтгэлгээр сурахад цаашдаа энэ байгууллагад ажиллах боломж гарч магадгүй гэсэн битүү горьдлого ч надад байлаа.
-Г.Галбадрах: Аавынхаа захиасыг биелүүлж Япон явсан уу?
-Т.Доржханд: 2002 оны 9 сард Японд сурахаар явлаа. Миний суралцсан Хитоцубаши гэдэг сургууль маань эдийн засгийн чиглэлээрээ Япондоо тэргүүлдэг, төрөлжсөн сургалттай, нэр хүндтэй хүмүүс суралцаж төгссөн сургууль л даа. Энэ сургуульд “Төрийн бодлого, эдийн засгийн онол” чиглэлээр суралцаж мастераа хамгаалсан. Өмнө нь бакалавраа “Төрийн санхүү” сэдвээр хамгаалсан байсан. 2 жил тэнд сурахад япончуудын хөдөлмөрч, зарчимч, үнэнч шударга зан надад маш их таалагдсан. “Миний байх ёстой газар байна даа” гэж дотроо бодож байв. Японы Сангийн дэд сайдаар ажиллаж байсан хүн манай сургуульд багшилж байсанд аз таарч би шавь нь болсон юм. Хожим нь тэр багш маань Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгчөөр ажилласан л даа. Одоо бол Японы Төв Банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Бид их дотно харилцаатай байсан төдийгүй тэр хүний дэмжлэгээр Японы Сангийн Яаманд нэг жил дадлага хийх боломж надад олдов.
-Г.Галбадрах: Энэ бол маш том боломж байжээ, миний бодлоор?
-Т.Доржханд: Японы Сангийн Яаманд дадлага хийсэн нь надад сургамжтай, маш хэрэгтэй туршлага болсон. Сангийн Яаманд татварын чиглэлээр, мөн гадаадын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр сонирхож дадлагажив. Япон бол ЗГ-ын хувьд, 1868 он буюу Мэйжигийн эрин үеэс уламжилж тогтсон системтэй орон. Яг л цэрэгжлийн хатуу сахилга баттай, маш өндөр мэдлэг, тэргүүлэх чадвартай мэргэжилтнүүд нь ажилладаг, төр нь тэднээрээ, тэд ч тэнд ажилладагаараа бахархаж байдаг юм билээ. Төрийн албанд ажиллахад маш олон шалгалтуудыг байнга өгч байдаг учраас хүн болгон байнга өөрийгөө хөгжүүлж байхаас өөр сонголт үгүй. Тэнд баян, ядуу гэсэн ялгаа үгүй бүгд л нэг системээр цагийн механизм шиг л ажиллана. Хариуцлага нь өндөржихийн хэрээр цалин хангамж нь ч дагаж өсч байдаг. Улстөр нь өөрчлөгдөж байдаг хэдий ч засаглал нь тэгтлээ гуйвж дайвахгүй, бодлого нь уламжлагдаж явдаг тогтсон хатуу системтэй байдаг нь тэдний хүчирхэг байхын нууц нь байх л даа. Хэрийн оролдлого энэ тогтсон системийг эвдэж чадахгүй, тийм бүтцийг тэд бий болгож чаджээ.
-Г.Галбадрах: Улстөрчдөөс хамааралгүйгээр ажиллах өөрийн гэсэн дэг жаяг, тогтсон систем гэдэг нь хамгийн чухал тогтолцоо байна шүү?
-Т.Доржханд: Японы Сангийн Яаманд ажиллахдаа миний маш сайн ойлгосон туршлага бол “Энэ системийг л Монголдоо бий болгох” санаа байв. Энэ системийг бий болгоход олон хүчин зүйл нөлөөлдөг.  Манай орны хувьд Сангийн Яаманд хайрцаглагдаад багцлагдсан улсын төсвийг УИХ-ын 76 гишүүд \өөрөөр хэлбэл 76 Сангийн сайд шиг\ өөрсдийн дур зоргоор зарцуулахыг хүсдэг. Гэтэл Японы ЗГ-аас оруулж ирж буй улсын төсвийг Парламент нь 10% иас дээш хэмжээгээр өөрчлөхийг зөвшөөрдөггүй. Тийм тохиолдолд Засгийн тэргүүн нь Парламентыг тараах хүртэл эрхтэй. Учир нь энэ төсвийг жинхэнэ мэргэжилтнүүд маш нарийн тооцоо судалгаан дээр тулгуурлан бэлтгэсэн байгаа. Нөгөө талаас ахмад хүмүүст хандах хандлага нь өөр. Тэднийг ажил, амьдралын хувьд туршлагатай гэж үздэг. Сангийн Яаманд шалгуурыг нь даваад орж ирсэн ямар ч хүнийг дараа нь ажилд орсон  хүн нас харгалзахгүй хүндэлж, үгийг нь сонсож байдаг. Нэг өдрийн түрүүнд ажиллаж байсан бол тэр ажлын хувьд илүү туршлагатай гэж тэд үздэг. Манай Сангийн Яаманд мөн ийм систем байсан юм шүү.
-Г.Галбадрах: Японы энэ дэг жаягийн талаар сонсож байсан юм байна. Захирах хийгээд захирагдах ёс зүй гэдэг нь сайн систем юм?
-Т.Доржханд: Энэ бол тушаалаар явдаг цэргийн сахилга баттай адилтгаж болох систем. Ажилтан бол даргаасаа өмнө ажилдаа ирж, өөрийн ажлаа тайлагнаж байх үүрэгтэй. Тэр хүний өгсөн үүрэг даалгавар, санал зөвлөмжийг ямар ч тайлбаргүйгээр биелүүлэн гүйцэтгэж байх ёстой. Ямар ч шалтаг шалтгааныг тэд хүлээж авахгүй, учир нь энэ бол төрийн алба, энд ажиллаж байгаа хүмүүс бол бэлтгэгдсэн боловсон хүчин.
Долоо. ШИНЭ СИСТЕМИЙГ СУУРЬШУУЛАХ ОРОЛДЛОГО
-Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд Монголдоо буцаж ирсэн үү?
-Т.Доржханд: Сургуулиа төгсөөд тэндээ үргэлжлүүлэн докторт сурах боломж байсан хэдий ч би Монгол уруугаа яарч,  үзсэн сурсанаа туршмаар санагдаад байв. Японы ЗГ-ын системийг Монголдоо “нутагшуулах” хүсэл их байлаа. Намайг буцаж ирэхэд Сангийн Яаманд Гадаадын зээл, тусламжийн бодлогын газрын дэд даргаар томиллоо. Тэгээд л Сангийн Яаманд ажиллаж байсан газар хэлтсийн дарга нар болон өөрийн үеийн залуустаа энэ санаагаа танилцуулсан. Тэр үед улстөр ярьдаг хүмүүс хэт олон хэрнээ хийдэг хүмүүс цөөхөн байлаа. Бид дээрх санааг ярилцаж ойлголцоод улстөрөөс хамааралгүйгээр дээрх системийг бий болгохын төлөө хамтран ажиллахаар шийдэцгээв. Японд сургууль төгссөн залуус цөөн биш байсан. Бид үндсэн ажлаа явуулахдаа, хүмүүстэй харилцахдаа, байгууллагынхаа дотоод соёлд дээрх системийг нэвтрүүлэхээр тохиролцсон юм.
-Г.Галбадрах: СЯ-даа буцаж ирээд хариуцаж байсан ажлын чиглэл тань юу байсан юм бэ?
-Т.Доржханд: Миний хувьд Гадаадын байгууллага болон Олон Улсын байгууллагуудаас “мөнгө босгох” ажлыг хариуцаж байсан юм. ЗГ-ыг төлөөлөн ихэвчлэн гадагшаа явж гэрээ хэлцэл хийх үүрэгтэй байлаа. Багш маань Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болохоор намайг аль болохоор ойлгож дэмжинэ. Ийм үүргээр нилээд хэдэн жил ажиллаж, энэ чиглэлээрээ ч мэргэжиж байв. Зарчим бол зарчим л даа. Гэхдээ багшдаа асуудлыг зөв талаас нь ойлгуулсны хүчинд 2006-2007 онд АХБ-аас Монголд оруулсан 180 сая долларын зээлийг буцалтгүй тусламж болгож чадсан юм. Энэ 180 сая доллар Монголын хөгжилд тодорхой хэмжээгээр нэмэр болсонд би баяртай явдаг. 2008-2009 оны эдийн засгийн хямралын хүнд үед Японоос болон Олон Улсын байгууллагуудаас 200 гаруй сая доллар “босгосон”. Ийм жишээнүүд цөөнгүй бий.
-Г.Галбадрах: Харин энэ чинь нилээд сайн үр дүн байна шүү?
-Т.Доржханд: Сүүлд СЯ наас үүрэг болгосны дагуу “Хөгжлийн Банк” байгуулагдахад “Өрийн асуудал”аар бодлого боловсруулахад оролцлоо. Уул уурхайн үнийн хэлбэлзлээс хамааран савлаж байдаг эдийн засагтай манай орны хувьд энэ бол чухал асуудал байсан. Баялгийн үнэ өсөх үед хуримтлал үүсгэн, баялгийн үнэ унасан тохиолдолд зөв зарцуулах зорилготой “Баялгийн сан” болон, баялгаас хүн болгон хувь хүртэх боломж болон зөв зарцуулахад туслах чиглэлтэй “Ирээдүйн Өв Сангийн тухай хууль” боловсруулахад оролцов. Энэ бол үүссэн “Өр”-ийн асуудлыг зөв шийдэх системийн санаа байсан юм. Бид багаараа ажиллаж энэ санаануудаа төсөл болгон боловсруулж, хууль болгон бэлтгэсэн.  Ийм санаачлагуудад улстөрчид тэр болгон таатай хандаж байгаагүй. Энэ хуулийг батлуулах асуудал хойшилсоор байсан үед би ОУВС-д ажиллахаар томилогдлоо.

IMG_3352
Найм. ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН  \ОУВС\
-Г.Галбадрах: Хэдэн онд ОУВСд ажиллахаар ирэв?
-Т.Доржханд: 2013 онд АНУ-д ОУВС-д ажиллахаар ирлээ. ОУВС бол миний мөрөөдөл байв. Энд яс үндэс, арьс өнгө ялгахгүйгээр дэлхийн хэмжээний мундаг эдийн засагчдыг нэгтгэн ажиллуулдаг. ОУВС-д ажилладаг эдийн засагчдын 95% нь Ph.D зэрэгтэй. Миний дотор бодлууд байсан л даа. Хүчтэй ЗГ байгуулж ажиллуулахын тулд хүчтэй мэргэжилтнүүд бэлтгэх ёстой. Мөн маш хүчтэй зөв систем, бас сайн стандартууд байх ёстой. Ийм байхын тулд бид дэлхийн хэмжээний бодлого тодорхойлдог нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж, бас суралцах хэрэгтэй юм. Миний энд ажиллахаар ирсэн зорилго бол товчдоо ийм байв.
-Г.Галбадрах:Ер нь ОУВС-ийн зарчим, үйл ажиллагааны чиглэлээр товч танилцуулж болох уу?
-Т.Доржханд:  Дайны дараа олон орнууд сүйрсэн эдийн засгаа босгохын тулд бүтээн байгуулалт хийх шаардлагатай байлаа.Энэ бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх зорилгоор Дэлхийн Банк, ОУВС-г зэрэг байгуулсан юм билээ. ОУВС-ын үндсэн зорилго нь дэлхийн санхүүгийн ертөнцийг тогтвортой байлгах, Дэлхийн Банк болохоор дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах чиглэлтэй. ОУВС бол дэлхийн макро эдийн засгийн бодлогод түлхүү анхаарч, Дэлхийн Банк болохоор макро эдийн засгийн бодлого дээр тулгуурлан хөгжлийн санхүүжилтийг нь гаргаж өгдгөөрөө үйл ажиллагаа нь хоорондоо уялддаг юм. ОУВС-д 100% эдийн засагчид ажилладаг бол Дэлхийн Банкинд эдийн засагчдаас гадна бусад салбарын мэргэжилтнүүд ажиллана. ОУВС нийтдээ 188 гишүүн оронтой. Эдгээр орнууддаа жил болгон эдийн засгийн үнэлгээг нь хийдэг юм. Дэлхийн эдийн засаг асар хурдан өөрчлөгдөж байгаа төдийгүй бие биедээ нөлөөлж байгаа нөлөөлөл нь их болсон болохоор эдгээр харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон.
-Г.Галбадрах: ОУВС-д өөрийн тань хариуцаж байсан албан тушаал тань юу байсан юм бол?
-Т.Доржханд: ОУВС-гийн шийдвэр гаргадаг байгууллага нь “Захирлуудын зөвлөл”. Захирлуудын зөвлөлийн нэг суудал нь Ази Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын суудал. Би болохоор Ази Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг юм. Манайх дотроо 16 оронтой, түүнээс Монгол, Узбек, Микронез  \Австрали, Шинэ Зеландын орчмын жижиг арлын улс\ гэсэн 3 орныг нь би хариуцна. Эдгээр 3 оронтой холбоотой асуудлуудыг судалж, захирлуудын зөвлөлд оруулан шийдвэр гаргуулах үүрэгтэй. Нийтдээ 188 орныг хариуцаж ажиллах 5 зөвлөхтэй, бид орнуудаа хуваагаад хариуцдаг. Миний хариуцсан 30 орчим орнуудаас Захирлуудын зөвлөл дээр асуудал хэлэлцэгдэхэд бүс нутгаа төлөөлөн оролцдог.  Захирлуудын зөвлөлөөр ОУВС-аас гаргаж буй бүх стандарт, олон улсад хэрэглэгддэг судалгааны материалууд, бүх орнуудын эдийн засгийн үнэлгээнүүд зэрэг олон асуудлууд хэлэлцэгдэж, шийдвэрүүд нь батлагдаж явдаг юм. Эдийн засаг нь хүндэрчихсэн орнууд өөрсдөө хүсэх юм бол санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлнэ.
-Г.Галбадрах: Энд хэр их ачаалалтай ажилладаг вэ?
-Т.Доржханд: Бидний өдөр тутмын ажил маань маш их мэдээлэл, ачаалал дунд өнгөрдөг. Хариуцлага нь ч тэр хэрээрээ өндөр. Тухайн асуудлаар холбоотой бүх мэдээлэл, судалгаануудыг уншиж танилцаад, өөрийн бүс нутгийн орнуудыг төлөөлж байр сууриа Захирлуудын зөвлөлд илэрхийлдэг тул сул мэдэгдэл хийж хэрхэвч болохгүй. Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос зэрэг 16 орнуудын өмнөөс мэдэгдлээ хийж, байр сууриа хамгаалдаг болохоор хариуцлага тэр хэмжээгээр өсдөг. Санал зөрвөл эсрэг талд ажлын хэсгийн баг, дэлхийн туршлагатай эдийн засагчид өөрсдийн судалгаатайгаа сууж байгаа болохоор нэлээд үндэслэл, тооцоо дээр тулгуурлаж асуудлаа хамгаалах шаардлагатай болдог. Ер нь ОУВС надад их таалагдсан, олон Монголчууд ирж ажиллаасай гэж үнэхээр хүсч байна. Би бодсон л доо. Дэлхийн хэмжээнд нэр хүндтэй олон улсын байгууллагад ажиллаж, Японы СЯ-нд дадлага хийж, Монголдоо СЯ-нд үйл ажиллагааны болон хуулийн төсөл дээр ажиллаж байсан туршлагуудаа нэгтгэж хараад цаашаа яах билээ гэж. Эргээд хартал 20 гаруй жил завгүй сурч, ажиллан дөрвөн хүүхэдтэй болсон байна. Амьдралын идэвхитэй насаа энд биш Монголдоо зориулж жаахан сурсан мэдлэг, туршлагаа улс орныхоо төлөө, бүр ядаж үр хүүхдүүдийнхээ төлөө өнгөрөөх нь илүү агуулгатай юм байнаа гэдэгт улам бүр итгээд байгаа.  Монголдоо буцаж очоод итгэл, сэтгэл, үзэл бодлоор нэгдсэн нөхдийн хамт улстөрд орж хамтдаа улс орноо босгоё гэж шийдвэр гаргаад байна даа. Тун удахгүй энэ ажлаа хүлээлгэж өгөөд Монгол руугаа буцнаа.
Ес. ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ САНАА
-Г.Галбадрах: Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан тань?
-Т.Доржханд: Японоос буцаж ирээд Сангийн Яаманд шинэ системийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тохиролцоог хийж байхдаа найз нар болон хамтран ажиллагсдадаа хандан “Улстөрд орохгүй шүү” гэж хэлж байв. Гэтэл би одоо улстөрд орох шийдвэр гаргачихаад байдаг. Монголын улстөрийн гадаад нөхцөл байдлаас бус дотоод нөхцөл байдал нь ийм шийдвэр гаргахад хүргэж байгаа. Америкт ирж ажиллаад надад анзаарагдсан зүйл нь “Монголчууд бид үнэхээр баян орон юм байна шүү дээ” гэдэг ойлголт байлаа. ОУВС-ийн гишүүн 188 орны олон үзүүлэлтүүдийг гарган харьцуулахад л ойлгомжтой. Монгол орон болон монголчууд бидэнд маш олон давуу талууд байна. Баялгийн маш их нөөц, социализмын үед бэлтгэгдсэн боловсон хүчин, одоо үед өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдэж буй залуус гээд. Бидний тооцоогоор 1-3 триллион долларын баялаг газрын дор булаастай байгаа.
-Г.Галбадрах: Бид ихэвчлэн баялгийн тухай яриад, хүний тухай бага анхаарч байгаа юм шиг надад санагдаж байна л даа?
-Т.Доржханд: Орчин үеийн эдийн засгийн онол, өсөлтийн эдийн засгийн загвараар хүний мэдлэг чадвар бол хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг болжээ. Зарим нэг баялаг бол хязгаарлагдмал, өсөж үржихгүйгээр байж байдаг зүйл. Гэтэл үүнийг өсгөж үржүүлэн хязгааргүй баялаг болгох боломж нь хүн өөрөө юм. Тэгэхээр хүндээ хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх хэрэгтэй юм. Бид Монгол дээрээ аваад үзэхэд их том газар нутагтай хэрнээ цөөхөн хүн амтай,  хүн амын эзэлхүүнд байгаа хувь дээр нь харах юм бол мэдлэг чадвартай хүмүүс цөөхөн байна. Ийм их баялаг, боломжийн нөгөө тал дээр тэнцвэр нь алдагдаад байгаа үзүүлэлт нь хүний хөгжил юм. Өөрөөр хэлбэл ийм их баялгийн эзэн нь болоод зөв сайнаар зарцуулах хүмүүс бэлэн бус байна. Одоогийн байдлаар бидний сул тал нь энэ болж байгаа хэрэг. Бид баялагтаа хэт шунаад хүний хөгжилдөө огт анхаарахгүй байна гэж таны хэлж байгаатай санал нэг байна.
-Г.Галбадрах: Тэгэхээр бид хүмүүсийн оюун санааны өөрчлөлт, хөгжилд илүү анхаарах хэрэгтэй болж байна, тийм үү?
-Т.Доржханд: Тийм ээ, үнэн. Өнөөдөр зээл аваад гудамж талбайгаа сайхан болгох нэг хэрэг. Гэтэл тэр гудамж талбайг үргэлж гоё сайхнаар нь байлгахад хүмүүсийн ухамсар, соёл түүнээс ч дутуугүй чухал. Хүнд оруулж буй хөрөнгө оруулалт хамгийн чухал төдийгүй үр өгөөжтэй гэдэг нь судалгаагаар батлагдаж байгаа. Тэгэхээр Монголын маань төрийн бодлого нь хүн рүүгээ чиглэж, монгол хүндээ хөрөнгө оруулахад чиглэх ёстой юм болов уу? гэж бид харж байна. Хүнээ хөгжүүлэхийн тулд бүтэц, систем нь хэрэгтэй. Үгүй бол бид бодлогын том алдаа хийчих гээд байна. Тухайлбал, Аргентин улс эдийн засаг нь өссөн боловч улстөрийн хувьд популизм хийсээр байгаад хүрч болох сайн үр дүн, боломжуудаа алдсан. Эдийн засаг нь уналтад ороод ирэх үед нэгэнт бий болгосон хэрэглээний өсөлтөө өр зээл тавьж шийдэх гэж оролдоод, сүүлдээ энэ уналтаа дэлхий дахинд зарлахад  хүрсэн гашуун туршлага бий. Энэчлэнгээр бид заавал бусдын алдааг давтаж, тэдний араас явах хэрэг байна уу?
-Г.Галбадрах: Бусад орнуудын ийм алдааг бид мэдсээр байж, давтаад байгаа нь надад ч харамсалтай санагдаж байна?
-Т.Доржханд:Монголын минь ийм жишээнүүд сэтгэл эмзэглүүлээд байна л даа. Ийм алдаануудыг засаж залруулах богино болоод дунд хугацааны бодлогын зохицуулалтууд шаардлагатай байнаа. Энэ бүхнийг ойлгож мэдсээр атлаа өөрчлөхийн тулд одоогийн албан тушаалаа эндээ хашаад яваад байх нь хангалттай биш байна. Бид шүүмжлээд дүгнээд суух биш, өөрсдөө энэ бүхэнд бодитоор оролцох шаардлага бий болж байна. Тийм болохоор тун удахгүй ОУВС-ийн ажлаа өгөөд Монгол руугаа буцах гэж шийдсэн байгаа. Энэ бол иргэн хүний хувьд миний итгэл үнэмшил, үүрэг хариуцлага минь юм.
Арав. УЛС ТӨР ДАХЬ СОНГОЛТ
-Г.Галбадрах: Монголдоо буцаж очоод улстөр дахь таны орон зай?
-Т.Доржханд: Эх оронд минь ийм хэрэгцээ шаардлага байгаа болохоор найзуудтайгаа ярилцаж зөвлөлдөөд Монголдоо ХҮН \Хөдөлмөрийн Үндэсний Нам\-ыг байгуулсан юм. Монголынхоо байдлыг гаднаас нь харж дүгнэж, боломжуудыг хайж мэдэрч байгаа над шиг олон хүмүүс бий. Бид энэ талаар олон жил ярьж ойлголцож, зөвлөлдөж байлаа. Тийм болохоор энэ намд гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад боловсрол эзэмшиж, зарим нь энэ улс орнуудад ажиллаж амьдран туршлага хуримтлуулсан олон залуус нэгдсэн байгаа. Тэд өөрсдийн ажил амьдралаа цэгцэлж чадсан, тодорхой түвшинд өөрийгөө хөгжүүлж туршлага хуримтлуулж чадсан, Монгол эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний зөв сайн төлөвшлийн төлөө ухамсартайгаар зүтгэж чадах залуус. Эр зориг, ухамсар, олон сайхан боломжууд биднийг нэгтгэж байгаа. Өмнө нь улстөрд орж сайн муу зүйлтэй хутгалдаж байсан хүн бараг байхгүй дээ. Би тэдэнд итгэж байгаа.
-Г.Галбадрах: ХҮН-ыг ямар хүмүүс бүрдүүлж байгаа юм бол?
-Т.Доржханд: Бид эхлээд клубуудын зохион байгуулалтад орж ажиллаж байлаа. “Цахим өртөө”, “Майнд”, “Реформ”, “ Эв Монгол”” зэрэг клубууд болон АНУ, Англи, Герман, Японд төгсөгчид голдуу нэгдэж “Үндэсний хөгжил-Монгол хүн” клубыг үүсгэн байгуулсан. Дараа нь ХҮН-ын бодлого чиглэлийг тодорхойлж үйл ажиллагааг нь удирдах болсон. Бид намыг инситути болгох систем дээр нилээд сайн ажилласан л даа. Намын удирдлагад ажиллаж буй хэн боловч алдаатай буруу шийдвэр гаргавал хариуцлагаа хүлээгээд өөрөө огцорч чаддаг байх ёстой. Намын гишүүдээс зүй бус ёс суртахуунгүй үйлдэл гаргах юм бол нам өөрөө “цэвэрлэгээ” хийдэг байх ёстой. Ийм системүүдийг намын дүрмэндээ тусгасан байгаа.  Бид эхлээд “хөдөлгөөн”-ий хэлбрээр үйл ажиллагаа явуулах саналтай байсан боловч Монголын улс төр дахь шаардлага нь нам болон бүртгүүлж үйл ажиллагаа явуулах л орон зайг үлдээсэн байв.
-Г.Галбадрах: Яагаад “Хөдөлмөрийн Үндэсний Нам” \ХҮН\ гэж нэрлэсэн юм бэ?
-Т.Доржханд: Энэ бол хуучин байгуулагдаад дорвитой үйл ажиллагаа явуулж чадахгүй байсан намын нэр. Чадвартай мэдлэгтэй, зөв монгол хүнээ бий болгох нь манай намын гол зорилго. “Хүн дээд үзэл” бол манай намын гол чиглэл. Энэ намын нэрийн товчлол нь энэ агуулгад тохирч байв. Нөгөө талаасаа монгол хүн хөдөлмөр хийж байж, өөрөө хөгжиж сайхан амьдарна. Хөдөлмөрч монгол хүмүүсийг бий болгон тэднийг дэмжиж, тэдэн дээр тулгуурлан хөгжих нь төрийн бодлогын нэг хэсэг нь. Нэрийн хувьд аль ч талаасаа тохирч байлаа.
-Г.Галбадрах: Та нарын ард хэн нэгэн байгаа гэж олон хүмүүс хардаж байгаа. Тэр тусмаа нэр зааж хүмүүстэй холбож харддаг?
-Т.Доржханд: Бид нарын ард БИД байгаа. Хүмүүс янз бүрээр л хардаж дүгнэдэг л дээ. Мэдээж улстөрийн намуудын зорилго нь сонгуульд ялалт байгуулан намын мөрийн хөтөлбөр болох Монгол орны хөгжлийн төлөөх бодлого, зөв систем, түүнийг хэрэгжүүлэх арга зам, боломжуудаа олж авах явдал. “ХҮН дээд үзэл” болоод монгол хүний хөгжил нь Монгол орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэдэг, үүний төлөө зорьж яваа ямар ч улс төрийн хүчин, байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахдаа бид баяртай байх болно. Хэдийгээр олон намуудад хуваагдан маргалдаж, мэтгэлцэж байгаа ч бидэнд нэг л том эрх ашиг бий. Энэ бол монгол ХҮН-ий хөгжил мөн. Монгол хүн хөгжиж байж Монгол орон зөв сайн хөгжинө. Харин  бид үүний төлөө тууштай зогсож, өөрсдийн хийж чадах зүйлээ хийх болноо.
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа, Доржханд аа. ОУВС-ийн зөвлөх албан тушаалын талаар эхэлсэн яриа маань ХҮН-ын тухай ярилцлага болон өндөрлөж байна. Монгол хүний зөв сайн хөгжил нь Монгол орны зөв сайн хөгжилд нөлөөлнө гэсэн санаа тань надад их таалагдаж байна. Би ч бас тэгж бодож, хичээж явдаг. Сайн муу юу ч тохиолдлоо гэсэн энэ санаанаасаа бүү урваарай. Танд амжилт хүсье.
-Т.Доржханд: Танд ч бас их баярлалаа. Таны хийж байгаа санаачлагуудыг ч анхааралтай ажиглан дэмжиж явдаг шүү. Бид өөр өөр замаар явлаа ч гэсэн бидний уулзах цэг нэг гэдэгт итгэж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй, Монгол хүний сайхан чанарыг, сайн ур чадварыг харуулахыг зорьж тэдгээрээр бахархах боломжийг бидэнд олгож байгаад тань үргэлж талархаж явдаг шүү. Монгол хүн, Монгол орны нийтлэг эрх ашгийн төлөө бид хичээх болноо.
…Энэ ярилцлагын дараа тэрээр ОУВС-ийн ажлаа хүлээлгэж өгөөд Монгол руугаа явсан. Монголдоо очоод ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Бид хааяа утсаар ярьдаг юм. Олон улсын нэр хүндтэй байгуулагуудад ажиллан Монголын хөгжлийг “гаднаас” нь харж дүгнэж байсан дүгнэлт, Монголын санхүү эдийн засгийн гол судас болох СЯ-нд ажиллаж, зорьж бүтээж байсан туршлага болгон нь Монгол орны шинэ хөгжилд хувь нэмэр болно гэдэгт би итгэж байгаа. Учир нь ажил амьдралын хувьд “боломж”-нд хүрсэн хүн болгон ийм эрсдэл хийдэггүй. Зөвхөн ярилцлага хийх гэж бус адил төстэй олон санаанууд дээр санал бодлоо солилцон ярилцаж байсны хувьд би түүнийг үнэлдэг. Монгол орны хөгжил хийгээд монгол хүний оюун санааны өөрчлөлтийн төлөө сэтгэлээ чилээн зүтгэж яваа олон залуусын нэг. Тэдэнд амжилт ерөөе.

Share Your Thoughts