Оюуны баялгийг бүтээгсэд

\Монголын багш нарын өдөрт зориулав\

…Монголын  нийгмийн баялгийн тухай бид олонтаа дурддаг.  Эхэндээ  бид улсын мэдлийн  өмч хөрөнгө, хүмүүсийн хөдөлмөрлөж бүтээсэн бүхнийг “баялаг” гэж боддог байсан бол, сүүлийн жилүүдэд  “уул уурхайн баялаг” бас “баялгийн хараал” гэх мэт хэллэгүүд нилээд хүч түрэн орж ирж байна.  “Уулын буганд эврээ алдаж, өдөр болгон түүнээ харуулдан санаашрах тэмээ”ний үлгэрээр монголчууд бид  уул уурхайн баялаг тойрон “цэц булаалдаж”, хамаг анхаарлаа түүнд хандуулан “хүлээж” байна.  Монгол орныг хөгжүүлэн, монгол хүн болгоныг “лусын хаан мэт баяжуулах” их эрдэнэсийн төлөө хүн болгон сэтгэлээ чилээн хүлээж байгаа. Уул уурхайн баялаг өгөөжөө өгч эхлэх цаг дор ” хутга тавилгүй мах зооглож, хундага тавилгүй дарс хөнтрөх” юм шиг гэнэн мөрөөдөл, өнгө мөнгийг “шүтээн” болгосон олон хүмүүсийн  сэтгэлд  “хонгилын үзүүр дэх гэрэл” шиг л сүүмэлзэж буй.
Харин бид хамгийн эрхэм баялаг болох “хүн” -ээ мартаж орхиж.  Их баялгийн галыг манаж, монголчуудын сэтгэл дэх сүүг нь ээдүүлж гашилгачихгүйн тулд багш нар өөрсдийн чадах бүхнээ хийж, сэтгэлээ чилээж буй.

“Ардын багш”, “авралт ачлалт”, “оюуны мэлмий”, “оньсыг тайлагч” , “нандин эрдэнэ” гэхчилэн хоосон магтаалын эрин үе аль хэдийн өнгөрчээ. “Цаг цагаар нэг цадаж, цагаан сараар нэг цаддаг” гэдэгчлэн жил жилийн “Монголын багш нарын өдөр” -өөр багш нараа  гэнэт санаж, магтаал ерөөлийг сархадтай хольж, шагнал тэмдгийг  бахархалтай хутган байж тэмдэглэдэг заншил хэвээрээ. Харин сар жил, өдөр хоногоор “үнэ хүнд” нь буурсаар байгаа багш нарын тухай, гунигтай боловч бодит үнэнийг хэн анзаарч байгаа юм бол? “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг шиг сайн ч багш нар олон бий, саар муу нь ч бишгүй бий. Гэхдээ сайн муу үнэлгээний шалтгаан нь хүндээ бус тогтолцоондоо байгаа гэдгийг бид мартах шахаж байна. Өнгө мөнгөний төлөөх улайрлын манан дунд  мартан  будилж байгаа.
Ардчилал Монгол оронд ялснаас хойш олон зүйл өөрчлөгдөн шинэчлэгдлээ.  Ахуйн ядууралд байсан бид, баяжихийн тулд мөнгөнд улайрч байхдаа сэтгэлгээний ядууралд орж байгаагаа анзаараагүй.  “Мөнгө бүхнээс хүчтэй, мөнгөөр л бүх зүйлийг худалдаж авч болох юм” гэж “эндүүрч” байхдаа бид, өөрсдийн үнэ цэнэтэй зүйлээ алдаж эхэлцгээсэн.  Хүмүүсийн мөн чанар мөнгөний сүүдэрт “хиртэж”, боловсрол мэдлэг, авьяас чадвар мөнгөний сүүдэрт “үнэгүйдэж”, шударга ёс мөнгөний сүүдэрт  “алдагдаж” байхад ч бид тоогоогүй.  Сургуулиуд “эзгүйрч”,  дээд боловсролын диплом “арилжигдаж”, багш нар  “ядуурч” аргаа барж байхад ч бид тоогоогүй. Цээж өвчтэй “шинэ баячууд”  номны оронд архи “уншин” хөлчүүрч, ямбатай тэнэг авгай нарын булган шубаны дотроос  дээд сургууль төгссөнийг нотлох ромбо хэд гурваараа гялалзаж, баян айлын  “эрхийн тэнэг” хүүхэд,  ангийн багшаа “шоолон тохуурхаж” байхад ч бид тоогоогүй.
Сэтгэлгээний  “хүлээстэй”  БАГШ нар
Ардчиллын манарсан тоосон дунд булагдан үлдсэн боловсролын салбар өдгөө болтол дорвитой шинэчлэгдсэнгүй. Салбрын сайдууд нь солигдох бүртээ албатай юм шиг л “шинэчлэлийн” нэгэн загварыг “сэтгэдэг”.  Зүйрлэх аваас, хуучирч муудсан  барилгын шавар ханан дээр  ямар нэгэн гоёмсог өнгийн  будаг “нялах” мэт. Хэн ч барилгаа шинэчлэх тухай бодсонгүй. Шинэчлэлийн бодит үр дүн нь дор хаяж 10-12 жилийн дараа мэдрэгддэг болохоор, “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэж  хэн ч сэтгэхгүй. Харин бууриа сахиж үлдсэн багш нар хичнээн хичээвч, сэтгэлгээний  хүлээс нь тэднийг “алхуулахгүй. Харин энэ хүлээсийг тайлахыг хэн ч хүсэхгүй. Ямар хүлээс вэ? гэж үү?
-Ажлын ачаалал. Сургалт нь богино хугацаанд  үргэлжилдэг багшийн ажилд анги дүүргэлт буюу сурагчдын тоо ихэд нөлөөөлдөг. Хичээлийн 40 минутад 10-15 сурагчтай ажиллах, 25-30 сурагчтай ажиллах гэдэг дэндүү ялгаатай.
-Хяналт буюу дарамт шахалт. Багшийн ажлыг хүүхдийг хэрхэн хөгжүүлж, хэрхэн хүндлэгдэж байгаагаар  нь бус,  бичиг цаасан дээрх үзүүлэлтээр нь дүгнэдэг тогтолцоо хэвээрээ байгаа. Хичээлийн төлөвлөгөө конспектоос эхлээд  уламжлалт, “нэрэмжит” шалгалтууд , түүний үнэлэх аргачлалууд нь багш нарыг хүссэн хүсээгүй “чанараас илүүтэй тооны үзүүлэлт” -эд  анхаарахад сургадаг.
-Багш нарын эрх чөлөө. Багш болгон өөрийн арга барилаар ажиллахаас илүүтэй, дээрээс гаргаж буй удирдамж чиглэлд зохицон ажиллах болдог. Энэ чиглэл нь хүүхэд бүрийг  боломжит хэмжээнд нь бус тэгшитгэн сургахад чиглэдэг болохоор байнгын зөрчил дагуулна.
-Сонголтгүй байдал. Багш суралцагчаа сонгох, суралцагч өөрийн багшаа сонгох, багш өөрийн ажиллах сургуулиа сонгох, сургуулиуд өөрийн ажиллах багшаа сонгох сонголт гэж үгүй. Албадлагын шинжтэй томилгоо, албадан удирдах ба албадан ажиллуулах тогтолцоо нь шударга өрсөлдөөнийг үгүй болгодог. Шударг өрсөлдөөн үгүй энэ орчин, багш нар болон суралцагчийн сэтгэлзүй болон үнэлгээнд ч сайнаар нөлөөлж чаддаггүй.
-Амьдралын ядуу байдал. Авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй болохоор багш нар элдэв муу зүйлийг сэтгэж эхэлдэг. Сурах бичиг болон хэвлэмэл номоо “шахах”, ямар нэгэн арга хэмжээний төлөө суралцагчаас “мөнгө татах” зэрэг маргаантай асуудлууд зөвхөн үүнтэй л холбоотой. Нийгмийн тодорхой халамж болон хамгаалалт үгүй бол суралцагчаасаа ядуу багш суралцагсдад хэрхэн сайнаар нөлөөлж чадах билээ.
Ийм л хүлээсэн дунд “авьяас чадвартай хүн” л хийх ёстой багшийн ажлыг “аргаа барсан” зарим хүмүүс  хийж “өөх ч биш, булчирхай ч биш” байдлаар сургалт явуулж байгаа нь нууц биш. Боловсролын салбарт  “ардчилал” үгүйгээс удирдлагадаа таацан зусардах, өөр хоорондоо хуйвалдан зохицох, бие биетэйгээ авьяас чадвараар бус “арга заль”-иар өрсөлдөх нь хэвийн үзэгдэл хэвээр байсаар байна.
                                                Яаж шинэчлэгдэх ёстой юм бэ? гэж үү?
Өнөөөдрийн Монгол оронд амьдралд ашиглагддаггүй “хоосон мэдлэг” -тэй биш, энэ нийгэмд  зөв сайнаар амьдарч чадах иргэд л хэрэгтэй байна. Мэдээж бусдаас илүү авьяас чадвартай бас авьяас сонирхлоо хөгжүүлэх хүсэлтэй залууст энэ боломжийг нь олгох ёстой. Тэгэхээр сургуулиудын зорилго нь:
1. Суралцагсдыг амьдралд бэлтгэх
2. Суралцагсдын авьяас чадвар болон сонирхлыг нь хөгжүүлэх
чиглэлд хандаж байвал зохилтой.  Тийм болохоор  ЕБС-иудад суралцагсдад олгох суурь боловсролыг  суралцагсдыг “амьдралд бэлтгэх” чиглэлээр  стандарт тогтоон хэрэгжүүлэх хэрэгтэй болох нь. Үүнд:
-Хууль эрхзүйн боловсрол
-Гоозүйн боловсрол
-Байгаль экологийн боловсрол
-Хэл харилцааны боловсрол
-Математик, эдийн засгийн боловсрол
-Техник, технологийн боловсрол
-Мэдээлэл зүйн боловсрол
-Бие бялдар болон эрүүл мэндийн боловсрол
-Гадаад хэлний боловсрол
-Түүх, ёс заншлын боловсрол
-Гэр бүл, бэлгийн боловсрол
гэж байж болох юм.  Харин хүүхдүүдийн авьяас чадвар болон сонирхлыг хөгжүүлэх чиглэлээр бол нилээд гүнзгийрүүлэн, шинжлэх ухааны нарийн чиглэлээр хөгжүүлэн сургаж болох юм.
Хэрвээ бид суралцагсдыг  “амьдралд бэлтгэх” чиглэлээр маш сайн сургаж чадвал ядаж л хууль дүрэм журмыг сайн сахиж мөрдөж чаддаг, хол замд явахдаа овоо босгосон өндөрлөг газар “бие засаад” байхгүй, ямар нэгэн урлагийн тоглолт болон уран зургийн үзэсгэлэнг сонирхож, ойлгож үздэг, гэр ахуйн цахилгаан хэрэгслэл болон ахуйн хэрэглээний олон бараа хэрэглэгдэхүүний зааврыг уншиж ойлгодог, эх орон түүхээрээ бахархдаг, шаардлагатай өргөдөл болон бусад баримт бичгийг хэн нэгнийг гуйж царайчлахгүйгээр өөрөө боловсруулан бичиж чаддаг, интернетийн хэрэглээнээс өөрт хэрэгтэй мэдээллээ сонгон ашиглаж чаддаг, эрүүл мэнддээ анхаарч зөв хооллон, аятай сайнаар хувцаслаж чаддаг, гэр бүлийн өмнө өөрийн хүлээсэн үүргээ биелүүлдэг хүмүүс бий болно гэсэн үг юм.
     Монголын багш нарт эрх чөлөө, боломж олгоё
Багш нар бол боловсролын салбрыг өөрчилж шинэчлэх, хөгжүүлэх гол хүч юм. Хэрэв тэд  ямар ч албадлагагүйгээр өөрсдөө өөрсдийгөө хөгжүүлэхийг  хүсвэл тэднийг дэмжих хэрэгтэй байна.  Учир нь тэднээр л дамжуулж Монголын ирээдүй үеийг бид зөв сайнаар хөгжүүлнэ. Цэцэрлэгийн насны хүүхэд зам хөндлөн гарахдаа гарцаар, ногоон гэрэл асч байхад гарахыг багш нар дадуулж чадна. Бас нэгэн анги дотроо эвтэй найртайгаар тоглож, хамтарч, бие биенээ  ойлгож хүндлэх заншилд багш нар тэднийг сургана. Үгүйдээ л ахмад хүнд суудал тавьж өгч, өөрт нь тусалсан хэн нэгэнд “баярлалаа” гэж заавал хэлж хэвшихэд багш нар тэдэнд нөлөөлөх болно. Багш нар, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаанд жижиг зүйл гэж үгүй.
Монголын багш нар өөрсдөө хөгжихийг хүсч байгаа, Тэдэнд сонголт болон боломжийг олгох хэрэгтэй байна. Цалингаа чамлан “ажил хаяхад” биш, нийгмийн халамж үйлчилгээндээ талархан, Монголын ирээдүй хойч болсон залуус хүүхдүүдийн зөв сайн төлөвшилийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг болохыг дэмжих  хэрэгтэй байна. Харин “Яаж?” гэсэн асуултад бид биш, төр илүү оновчтой хариулж чадна. Учир нь тэдэнд эрх мэдэл болон боломж нь байгаа.
Багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо ч мөн адил хуучирчээ.  Багш нарт зориулан явуулж байгаа олон сургалтууд нь тэднийг хөгжүүлэхээс илүүтэй, зэрэг дэв болон цалингаа нэмүүлэх кредитэд нөлөөлөх зохицолдоотой бол  бодит үр дүнд хүрч чадахгүй. Харин өөрийн арга барил болон сэтгэлгээгээ “хоцрогдож” байгааг шударгаар хүлээн зөвшөөрч, орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжихийг хүсвэл, суралцагсад болон эцэг эхчүүдэд таалагдах биш, тэдэнд хэрэгтэй зүйлийг сургахыг хүсвэл, адил сэтгэлтэй олон олон залуу багш нар хамтдаа хөгжихийг хүсвэл боломжууд нь байж байгаа. “Ажил хийхийг хүсвэл арга нь олдоно, хийхийг хүсэхгүй бол шалтаг нь олдоно” гэдэг хэллэгээр.
Америкийн олон хотуудаар явж олон олон мундаг залуустай уулзаж ярилцаж байхад энэ сэдвийг хөндөж, өөрийн сурч мэдсэн мэдлэг болон туршлагаа Монголын багш нартай хуваалцан, хамтарч ажиллах хүсэлтэй залуус  цөөнгүй байв. Тэдний сэтгэлийн зовинол, Монголын боловсролын шинэчлэлийн төлөөх  санаачлага нь бидэнтэй адил байгаа. Хэрэв тэднийг ойлгож дэмжвэл тэд, Монголын багш нарт өөрсдийн боломжоороо сургалт явуулж, санал бодлоо солилцон, багш нарыг мэдээлэл болон  гарын авлагаар ханган, урт хугацаанд хамтран ажиллахыг хүсч байна.  Гадаад орнуудын мэргэжилтэн “мундаг” гэхээсээ Монголын боловсролын салбарт ажиллаж байгаад, энэ чиглэлээрээ  өндөр хөгжилтэй орнуудад  суралцсан, мэргэжил дээшлүүлсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан  монгол залуус илүү бодитой, Монголын хөрсөнд  соёолж чадах аргачлалыг санал болгож чадна.  Тэд үүнийг хүсч байна.
Өдгөө Монголын Боловсролын сайдаар ажиллаж байгаа Л.Гантөмөрийн хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан.  Дотроо зорилготойгоор энэ салбрыг хариуцаж авсан залуу сайдын санаа бодолд боловсролын салбрын шинэчлэлд зайлшгүй хэрэгтэй олон асуудлууд “эргэлдэж” байгаа  юм билээ. Багагүй цаг хугацаа шаардагдах “Монголын боловсролын салбрын шинэчлэл”-д багш бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй байгаа. “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэдэг хэллэгээр сургууль, багш нар, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа бүр ч хэрэгтэй болж байна. Тэр тусмаа монголчууд бидэнд  үгүйлэгдээд байгаа “багийн болон хамтын ажиллагаа”-г дэлхий нийтээрээ  дэмжиж, үнэлж байгаа өнөө цагт.
            Төгсгөлийн оронд
Бид мунгинаад, төр нь будилуулаад байгаа болохоос үнэн хэрэгтээ Монгол орныг уул уурхайн баялаг биш, монголчууд бидний оюуны баялаг л хөгжүүлнэ. Хөрсөн дор оршиж байгаа эрдэнэс баялаг дуусах дор бид юутай үлдэх вэ? Сүйтгэгдсэн газар нутаг, согтуурч манарсан ухаан,  идэж завшихын төлөөх улайрсан шунал, илүү дутуу хэрэглээгээрээ өрсөлдсөн солиорол, эрх ямбаны төлөөх мунхаглал, бэлэн мөнгөнд чөдөрлөгдсөн залхуурал,  аугаа ихийн дэмийрэлтэй  үлдэх гэж үү? Биднийг өглөө босоод  гэрээсээ явахад үнсүүлж үлдэж, үдэш буцаад гэртээ ирэхэд хүзүүдэн тосдог үр хүүхдүүд минь цаг ямагт биднийг харж дуурайж байгаа.  Аргалж завшихийн төлөөх аав ээжийн шивнээ, сархадад хөлчүүрэхдээ  саган  баярхах агсамнаан,  нүүрэн дээр нь зусардан магтаж,  нүүрнээс далдуур нулимж хараах увайгүй араншин,  шажигнан тоолох мөнгөний  дэвсгэрт дээр бужигнах эхүүн үнэрт тоосыг  анзаарч л байгаа.
Зуу зуун жил урсах буурал түүхийн саарал тоосон дунд бүдгэрээ нь үгүй үлдсэн Монгол бахархал, аугаа өвгөдийн минь монгол ухаан.  Зуу зуун жилийн орших эс оршихуйн тулаанд  эмтрээ нь үгүй үлдсэн  Монгол нутаг, аугаа өвөг дээдсийн минь халуун цус. Зуу зуун жил илчээ алдаагүй нарны гэрэлд  уусч арилаагүй монголчууд бид, аугаа их тавилан. Энэ бүхэн нийлээд  Монголын баялаг. Энэ бүхний дэргэд “мөнгө” , “шунал” юу юм бэ?
Монголчууд бидний оюуны их галыг манаж байгаа багш нартаа талархаж байна. Өдрөөс өдөрт бидний нүдэн дээр өсч өндийж байгаа ирээдүй үеийнхний оюун сэтгэлгээг Монголын баялаг болгон хувиргах аугаа хувь тавилан та нарт буй.  “Биеийн чадлаар ганцыг дийлнэ, оюуны чадлаар олныг дийлнэ” хэмээн бидний өвөг дээдэс сургаж асан. Тиймдээ ч тэд “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” , “Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог”, “Эрдэмд орой үгүй” гэж захиж үлдээжээ.  Эрдэм оюун, ухаан далайн хөтөч нь багш та буюу.
Уламжлалт нэгэн баяр болох “Монголын багш нарын өдөрт” Монголын бүх багш нартаа баяр хүргэе. Монгол орныг хөгжүүлэх ОЮУНЫ ИХ БАЯЛАГ-ийг бүтээгсэд нь та нар билээ. “ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ”

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-01-31

Share Your Thoughts