Оюуны хувьсгал

Хувьсгалын тохироо
Аль ч улс оронд, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд өөрчлөлт заавал шаардагддаг. Улс орны хөгжил зогсонги болох, ард иргэдийн амьдралд нааштай өөрчөлөт гарахаа болих, ерөнхий тогтолцоо, түүний үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдахгүй болох үед, ард иргэд өөрчлөлтийг хүч эхэлдэг. Ийм өөрчлөлтийг хүсэх хүсэл, шаардлага нь хувьсгалын тохироо болон бүрэлдэнэ. Ийм хүлээлт шаардлагад нийцүүлэн гарч ирж буй хөдөлгөөн санаачлага нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хувьсгал болон өрнөж, хүсч буй өөрчлөлтийг авч ирдэг аж. Монгол оронд 1911 онд болсон, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь, олон зуун жилд Монгол оронд ноёрхсон Манжийн дарлалыг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлэлээс үүдсэн.
Харин 1921 оны Ардын хувьсгалын талаар,  өдгөө янз бүрээр дүгнэн тайлбарладаг ч, Монгол Улсыг тусгаар тогтнуулж, дэлхийн газрын зураг дээр өөрийн хил хязгаартай, бие даасан тусгаар улсын статусыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэнд гол ач холбогдол нь оршдог.
1990 оны Ардчилсан хувьсгал, монгол оронд олон жил орчин тогтнож байсан нийгмийн тогтолцоог халж, дэлхийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага руу тэмүүлсэн, эрх чөлөө, чөлөөт сонголтын төлөөх өөрчлөлт байлаа.
Хувьсгал болгон өөр өөрийн аргатай. Хүчирхийлэл, цус урсгалт, бас тайван замаар гэхчилэн. Харин бид, бүгдийг туулж өнгөрүүлсэн.
1990 оны ардчилсан хувьсгалаас монголчууд их олон зүйл, өөрчлөлтийг хүлээж байлаа. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт, олсон ололт багагүй байгаа хэдий ч, хамгийн гол зүйл болох шударга ёс, эрх чөлөө, чөлөөт сонголт төдийлэн хэрэгжсэнгүй. Энэ хувьсгалаас олон нийтэд хүртэх ёстой, олон нааштай үр дүнг, цөөхөн олигархууд хуйвалдан завших боллоо. Дэлхийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, шударга ёс, шударга хөдөлмөр, иргэддээ тавих нийгмийн халамж, хүндэтгэлийн тухай, гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа, бас зорчиж байгаа олон  монголчууд мэдрэх болсноор, харьцуулан харж,  ийм байдалд дургүйцэж байна.
Тэд өдөр хоногоор Монгол орныг бүрхэж буй, ажилгүйдэл, шударга бус байдал, хүнд суртал, авилгал хээл хахуулийн тогтолцоонд дургүйцэн бухимдаж байна.
Тэд өөрчлөлтийг хүсч байна.
Юуг өөрчлөхийг хүсч байна вэ?
1. Шударга ёс. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу гэж ялгалгүйгээр, хууль зөрчсөн хэн боловч  хариуцлага хүлээдэг тогтолцоог хүсч байгаа. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хэн нэгэн хуулийг зөрчиж болдог, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, мөнгөгүй, ядуу амьдралтай нэгэн, өчүүхэн алдааныхаа төлөө “төрийн төмөр нүүр” харж байдаг энэ бохир тогтолцоог өөрчлөхийг хүсч байна. Зөв шударга хууль, түүний тэгш үйлчилгээ л , өнөөгийн монголчууд бидний бие биедээ атаархан хорсох, барьцах, бие биенээ доромжлон зүхэх муу сэтгэлгээг халж, эв нэгдлийг бий болгох болно.
2. Найрсаг төр. Төрийн албыг бизнес болгон хувиргаж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан олон нийтийн өмч хөрөнгийг завшин баяжиж буй, энэ тогтолцоог өөрчлөхийг хүсч байгаа. Энэ үзэгдэл л монгол төрийн албыг, хүнд суртал, хээл хахуулын сүлжээ болгон, улмаар хүчгүйдүүлж буй. Өнөөдөр Монголын төрийн энэ бохир тогтолцоог зад татаж, ийм бусармаг этгээдүүдээс цэвэрлэх хэрэгтэй. Үүнийг хийхгүйгээр юуг ч өөрчилж үл чадна. Чин сэтгэлээсээ Монгол орны хөгжлийн төлөө ажиллаж чадах, мэдлэг чадвартай, ажил хэрэгч, үнэнч шударга, туршлагатай хүмүүсийг Монголын төрд ажиллуулах боломжийг нээх хэрэгтэй. Монголын  төр иргэдийнхээ сайн сайхны төлөө л ажиллах учиртай.
3. Монгол хүний үнэлэмж. Монгол хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж, тэднийг хөгжүүлж, эрүүл саруул, айх айдасгүй тайван амьдрах боломжийг нь олгох цаг болжээ. Гадаадад хар ажил хийн мөнгө олох гэж бус, аялаж юм үзэх гэж, суралцаж хөгжих гэж явдаг болгох хэрэгтэй байна. Монгол оронд төрсөн хүн бүр, Монгол орондоо өөрийн боломжоороо ажиллаж, хүссэнээрээ, элэг бүтэн  амьдрахыг хүсч байгаа. Одоогийн эрх баригчид хүсэхгүй байгаа болохоос, ийм боломжууд бүрэн бий. Үүний тулд, нийгмийн халамж үйлчилгээ, татвар, даатгалын цоо шинэ тогтолцоо шаардагдаж байгаа.
Энэ 3 гол өөрчлөлтийг хэрэгжүүлэх явцад бусад олон асуудлууд үүнтэй уялдан шийдэгдэх боломжтой. Наад зах нь дэлхийн жишигт хүрсэн загвар сургуулиуд, эмчилгээ оношлогооны сүүлийн үейин төв гээд шийдэж болох олон асуудал бий.
Үүнийг хэн хийж чадах вэ?
 Лав л 1990 оноос хойш, Монголын төрийг нийлж нэг, салж нэг барьсан МАХН, МАН аль аль нь биш. Тэд ийм өөрчлөлтийг хийхийг хүслээ ч, нам доторхи олигархжсан бүлэглэлүүд, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолууд, хийхэд нь саад болж буй. Хэрэв үүнийг үгүйсгэвэл, энэ хугацаанд та нар яагаад хийж чадахгүй байгаа юм бэ? гэж асууя л даа. Өөрчлөх боломж байсан хэдий ч, зориг гаргаад хийж чадаагүйн төлөө, ард иргэдийн итгэл алдарч байгаа.
Сүүлийн үед гадаадад байгаа монголчуудад гэж хаяглан, одоогийн Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр, одоо Монгол Улсын ерөнхийлэгчээр сонгогдоод буй Ц.Элбэгдөрж, нэрт нийтлэлч Б.Баабар нарын захидалууд, энэхүү өөрчлөлтийн төлөө хэнд найдаж байгааг илтгэж байна.
Тийм ээ! Энэ өөрчлөлтийг гадаадад байгаа болон монголдоо байгаа зөв, өөдрөг бодолтой, мэдлэг чадвартай, ажил хэрэгч залуус нэгдэж байж хийж чадна. Тэд;
-Өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн зөв тогтолцоо, хууль дүрмийн хэрэгжилт, нийгмийн халамж үйлчилгээ, ард иргэдийн тайван амьдралын баталгааг, нүдээр үзэж, биеэр мэдэрсэн хүмүүс.
-Өөрсдийн хүч боломжоо дайчлан, дэлхийн түвшинд зөвшөөрөгдсөн боловсрол мэдлэг эзэмшиж, зохих чадвар дадалд суралцсан хүмүүс.
-Ажил хөдөлмөр, мөнгөний үнэ цэнэ, хүн бүр өөрийн боломж чадвараа ашиглан, зорьсондоо хүрч амжилт гаргаж болохыг биеэрээ мэдэрсэн хүмүүс.
-Өөрсдийн зардлаар өөрийгөө хөгжүүлсэн, ажил хэрэгч, соёлтой, “юм үзэж, нүд тайлсан”, алив муу зүйлд автаад байхааргүй, шинэ үейин залуус.
-Хамгийн гол нь тэд монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө, чин сэтгэлээсээ санаа зовж,  өөрчлөлтииг хийхийг хүсч байгаа.
Монголын өнөөгийн төрд, ийм залуусын оролцоо үнэхээр их хэрэгтэй байнаа. Тэд өнөөдөр олон олон оронд, өөрийн сурч мэдсэн, мэргэжил чадвараараа нэр төртэй ажиллацгааж байгаа. Гэхдээ тэдний сэтгэл зүрхэнд нь Монгол орны хөгжлийн төлөөх зовинол, өөрийн хүч, боломжоо Монгол орныхоо хөгжилд зориулах чин хүсэл бий.

Бидэнд юу саад болж байна вэ?
 Миний бие Орлоо.ком. Даяар монгол.ком сайтууд дээр өнгөрсөн жил “Орон бүхэнд байгаа монголчууд нэгдэгтүн” нэртэй цуврал, энэ жил “Mонголдоо очмоор байна, гэхдээ..” нэртэй нийтлэл бичиж, олны анхааралд энэ асуудлыг хандуулахыг оролдсон. Бичлэгүүдийн дор бичигдэж байгаа олон сэтгэгдэлүүд болон миний цахим хаягаар ирсэн олон бодол санааг уншиж, бас эргэцүүлж бодож байж өнөөдөр энэ сэдвийг дахин хөндөж байна. Мэдээж олон хүн сантай муутай гэдэгчлэн, дэмжсэн, муулсан олон зүйл байлаа.
Ихэнхи хүмүүс “хэн үүнийг яаж хийх юм бэ?” гэж асуусан байсан.  Монголчууд биднээс өөр хэн ч үүнийг хийхгүй ээ. Хийхийн тулд бидэнд, юуны түрүүн эв нэгдэл, бие биеэ дэмжих дэмжлэг хамгаас чухал байна. Харин саад болох маш олон зүйл бий.
-Өдгөө монголчууд бид алив зүйлийг шүүмжлэх маш их дуртай болжээ. Мэдээж ажил хэрэгт шүүмжлэл, зөв сануулга хэрэгтэй. Гэхдээ энд ийм хандлага гэхээсээ, “болохгүй, бүтэхгүй”  гэдэг талаасаа, илт басамжилж дормжилсон зүйл байх нь элбэг. Бичих , шүүмжлэх амархан, харин санаачилж, хийж хэрэгжүүлэх амаргүй. Дэмжихгүй атлаа, элдвээр тавалж гутаагаад байх нь “чамд ч үгүй, надад ч үгүй”  гэх санааны илрэл болж, олон хүний урам, итгэлийг хугалдаг юм аа. Сайн, зөв зүйтэй санаачлагын эхлэлийг дэмжиж байх нь өнөөдөр бидэнд илүү хэрэгтэй.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа болон монголдоо байгаа монголчууд амьдралын боломжоосоо илүү гарч үнэхээр чадахгүй байна. “Санаа байвч сачий хүрэхгүй” гэдэгчлэн сайн үйлийг дэмжмээр санагдавч, боломж нь хүрэхгүй байгаа. Элдэв зүйлд анхаарлаа хандуулснаас өнөөдрийн амжиргааны асуудлаа шийдэх нь илүү чухал нь мэдээж. Гэхдээ бидний үр хүүхдийн, маргаашийн сайхан ирээдүй бүх хүнд л хамаатай. “Сэтгэлд гал байвал, зууханд гал олдоно”  гэдэг сэн.
-Олон сайхан хүмүүс санаа бодлоо илчилж, бичиж, үнэнийг хэлэхээс эмээх болжээ. Тэднийг санаачлага гарган, бичиж хэвлүүлэх, санаа бодлоо илэрхийлэх төдийд “сэтгэгдэл”  нэрээр, элдвээр гутаан доромжилж, яг л тасчин хаяхыг хүсэх ноход лугаа адил авирлана. Бид яасан ч хэрцгий болсон юм бэ дээ. Хэдийгээр “жингийн цуваа явж л байдаг, жингэрийн ноход хуцаж л байдаг”  гэж хэлэвч, өнөөдөр жингэрийн ноход нь дэндүү их болоо юу даа. Наанаа ухаантай, ухамсартай царайлавч, цаанаа чухам юуг занаж зүхээд байгааг ойлгоход хэцүү.
-Бидний зүрх сэтгэлээс айдас арилахгүй байнаа. Намчирхаж талцсан, мөнгө эрх мэдлээр бүхнийг хэмжсэн, олигархжсан бүлэглэлүүд, зохион байгуулалттайгаар олон нийтэд дарамт учруулж, айдас төрүүлж байна. Саяын сонгуулд Н.Энхбаяр ялагдаж, Ц.Элбэгдөрж ялах үед, олон хүний зүрхнээс гарч буй санаа алдалт энэ мэдрэмжийг илэрхийлж байлаа. Тэмцлийн хэлбэр нь зөв ч буруу ч бай, шударга үнэний төлөө дуу хоолой болж байсан нэг хэсэг нь худалдагдаж, нөгөө хэсэг нь шоронд орж байсан энэ үзэгдэл, нийгэм даяар айдасын мананд умбах нэгэн шалтаг. Одоо ч хүмүүс энэ л айдас дарамтаас гарах хүслээр Ц.Элбэгдөржийг аврал мэтээр ширтэн харж байнаа. “Хийвэл бүү ай. айвал бүү хий” гэдэг сэн.
-Бид өөрсөддөө төдийгүй бусдад ч итгэх итгэлээ алджээ. Хүн бүр л Чингис хаан шиг гайхамшигтай нэгэн удирдагчийг сэтгэлдээ хүсэмжилнэ. Өнөө цагт, нэг сайн удирдагч байгаад олон нийтийн дэмжлэггүйгээр юу хийж чадах билээ. Хүч чадал, омогшилоор бус ухаан тэвчээр, уйгагүй зүтгэлээр л өөрчлөлтийг хийж чадах болно. Гагцхүү монголчууд бидний эв нэгдэл хамгаас чухал байна. “Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй” хэмээн сулхан дуугарч байхдаа ч өөрсдөдөө итгэж чадахгүй байна. Өөрчлөлт хийхийг хүсэгч бусдад ч итгэхгүй байна. Бид цөөхүүлээ ч гэсэн эвлэлдэж, зориглон сайн үйлсийн төлөө зүтгэвээс , дэмжих хүч байгаа гэдгийг саяын сонгууль бидэнд нотоллоо.

Бидэнд боломж байгаа
 Өнөөдөр Монгол орон даяар, энэ шударга бус байдал, хүнд суртал. авилгал хээл хахуулын сүлжээнээс залхаж, өөрчлөлтийг хүсэж байнаа. Харин хэн? хэзээ? яаж ?
гэдэг асуултууд олон хүний толгойд эргэлдэж буй.
Өөрчлөлтийг бид өөрсдөө л хийнэ. Өөрчлөлтийг экспөртөлж, эсвэл харь гариг болон далдын хүч бидэнд туслахгүй. Эсвэл Ганданд их өргөл өргөж, ном хуруулаад ч үүнийг шийдэхгүй. Харин монголчууд бид дор бүрнээ хичээх хэрэгтэй болж байнаа.
Ядаж л өөрсдийн болон ойр орчныхнийхоо сэтгэлгээг ажиглаж, өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй байна. Мэдээж маш олон санаа, боломжууд бий.
Бид ухаалгаар энэ өөрчлөлтийг хийхгүй бол, их ч боломж, цаг хугацаагаа алдах болно. Ядаж л зөв эхлэлийг тавьж чадвал, цааш алхах босгоо цэвэрлэж чадвал, бидний хөгжлийн зам нээгдэнэ. Ядаж л өөрсдийн төдийгүй үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө шүү.
Мэдээж өөрчлөлтийг нэг амьсгаагаар хийх боломж үгүй. Их ч тэвчээр, цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл шаардагдана. Үүний тулд оюуны хувьсгал хийх хэрэгтэй. Харин яаж?
  Оюуны хувьсгал
 Өнөөдөр Монгол оронд, хамгийн зөв алхам нь хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтийг хийх явдал юм. Хүмүүс алив зүйлийг бодитойгоор харж, ойлгож, дор бүрнээ хичээж, өөртөө итгэж, зөв сайн үйлсийг чин сэтгэлээсээ дэмжиж сурах нь хамгийн чухал зүйл юм. Мэдээж хүн бүр хууль дүрэмээ судалж, түүнийг сахиж, зөрчсөн үйлдэл бүхний эсрэг тэмцэж, дуугарч байх нь тийм ч хэцүү бишээ. Өөрийгөө хамгаалах хамгийн сайн хэрэгслэл бол хууль. Үүнийг маш олон хүн мэдэрч бас хүсч байгаа.
Гудамжны жагсаал, цуглаан, өлсгөлөн, хариу өлсгөлөн, хоосон уриа лоозон, амлалт , сүржигнэлээс хүмүүс үнэхээр залхжээ. Хүмүүс сонгууль бүрээр, мөнгөний амлалт сонсож, хууртагдаж залхаж байна. Ажил олдохгүй аргаа барахдаа, амалсан мөнгийг нь аваад зүгээр суун, жаргахыг мөрөөдөх болжээ. Энэ хөгжил гэж үү?
Ард түмнийг хуурч, басамжилж болдог гэдэг бодолдоо эрх баригчид үнэмшиж, ард иргэд хоосон амлалтыг “байх л зүйл ” мэт хүлээж авах болтлоо бид сэтгэлгээний ядууралд оржээ.
Алив зүйл ойлгомжгүй байх тусмаа хардлага. бухимдлыг төрүүлдэг. Ойлгомжгүй байх тусмаа бусдад атаархаж хорсож, барьцаж, өөртөө итгэх итгэлээ улам улмаар алдана. Сэтгэлгээ ядуурах тусам, өөртөө, ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, амьдралын олон боломжийг харж чадахгүйд хүрч, улмаар бухимдана.
Энэ олон сонгуульд яг хийх ажлаа, шийдэх асуудлаа сайнаар боловсруулсан хөтөлбөртэй нэг ч нам байсангүй. Бүгд л хоосон лоозон. амлалтаар өрсөлдөж бие биеэ гутаан доромжилж, гарч ирсэн хойноо өөрсдөө “бялуу хуваах”.  Ингэж болно гэж үү?
Хийх гэж буй ажил, хэрэгжүүлэх гэж буй бодлого нь ойлгомжтой, хэрэгжүүлэх аргачлал нь тодорхой, хариуцах эзэд нь ил байж гэмээ нь сонголт хийж, хариуцлага тооцох боломжтой болно. Энэ бол оюуны сонголт, бас өөрчлөлт юм. Бид өнөө цагт мөнгөнд бус монгол хүний оюун ухаан, чадварт л итгэх цаг болжээ. Ингэж гэмээ нь бид хөгжинөө. Бас олон зүйлийг өөрчилж чаднаа.

“Яагаад?”  клуб байгуулах гэж байна
 “Монгол орны хөгжлийн төлөө”  гэдэг уриатай, “Яагаад? нэртэй клуб байгуулж, монгол орны хөгжлийн төлөө нэгдэн, зөв сайн эхлэлийг хийж эхлэх тухай миний бие нилээд бодсон. Олон ч хүмүүс миний бичлэгүүдийг уншаад “чи шүүмжилж цэцэрхэж байхаар, чадах зүйл байвал хийгээч”  гэж шүүмжлэн шаардсаныг ч бодож байна. Гэхдээ би ганцаар юуг хийж чадах билээ. Санаачлагыг гаргаж, чин сэтгэлээс дэмжих аваас би өөрийн чадах бүхнээ зориулах болноо.
-Гадаадын аль ч оронд байгаа болон монголдоо байгаа, зөв бодол санаа бүхий. өөрчлөлтийг хүсэж байгаа хэн боловч энэ клубт гишүүнээр элсэж, надтай хамтарч болно.
-Бид цуглаж, хурал зөвлөгөөн хийхгүй бөгөөд, интернетийн орон зайг бүрэн ашиглах болно. Интернетэд “Яагаад?”  нэртэй вэб хуудас нээх бөгөөд, энэ цахим хуудсанд зөвхөн гишүүд нэвтэрч, бүх мэдээлэл санаа бодлоо солилцож, хамтран ажиллах юм.
-Гол хийх ажил маань, Монголын хөгжлийн төлөө, олон олон төсөл боловсруулах юм. Гишүүд өөр өөрийн боломж сонирхлоор хоорондоо нэгдэж, хийж болох төслүүдээ хийх боломжийг олгоно. Гэхдээ энэ төсөлдөө,  өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалж, монголын нөхцөлд тохируулан хэрэгжүүлж болох зарчмыг барина. Мэдээж Монголоос судалгаа, статистик баримтуудыг авах болно. Миний төсөөлж байгаагаар нэн чухал чиглэлүүд болох;
боловсролын салбрын шинэчлэл
эрүүл мэндийн салбрын шинэчлэл
хуулийг хэрэгжүүлэх арга зам, тогтолцоо
нийгмийн халамжийн үйлчилгээ
татварын тогтолцоо
даатгалын тогтолцоо  гэх мэт.

-Клубын гишүүд санал мэдээллээ солицсоны үндсэн дээр, төслийн загварыг эхэлж босгох бөгөөд, гишүүд энэ төслүүд дээр өөр өөрсдийн санал бодлоо нэмэрлэх, сайжруулахад оролцоно. Энэ явцад төслийн үндсэн баг бүрдэх бөгөөд, энэ төсөл тэдний оюуны өмч болох юм. Нэг төслийг босгоход ойролцоогоор 1-2 жил шаардагдана гэж төсөөлж байна.
-Бэлэн болсон төслийг дэмжиж сурталчлах, хэрэгжүүлэх боломжийг хамтдаа эрж хайх нь клубийн гишүүдийн хамтын ажиллагаа байх болно. Хэрэгжүүлэх ажлыг төслийн үндсэн баг гардана. Энэчлэнгээр жижиг гэлтгүй монголд хэрэгжүүлж болох олон төслүүд бий болох боломжтой. Энэ явцад клубын гишүүд ч өөрсдөө уншиж судалж, бие биенээсээ суралцаж, хамтдаа хөгжих боломж бүрдэнэ.
-Клубт анх гишүүнээр элсэхдээ, гишүүн бүр 100$ төлөх бөгөөд, энэ мөнгө, вэб хуудсыг байнга ажиллуулах админ болон,төслийн хэрэгтэй материалыг бэлтгэхэд зарцуулах болно. Нөгөө талаас, энд мөнгөн дээр тулгуурласан тодорхой хэмжээний хариуцлага байх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ мөнгө тусдаа дансанд байх бөгөөд санхүүгийн тайлан гишүүдийн өмнө тодорхой байхаар вэб хуудсанд дээр байнга байрлана.
-Шаардлагатай бол гишүүд тодорхой хугацаанд , интернет ярилцлага хийж болох бөгөөд ийм боломжийг “Орлоо.ком”  сайтын Тайван бэлтгэсэн байгаа.
-Хэрэв клубийн үйл ажиллагаа амжилттай болж, төслөө хэрэгжүүлэх боломжийг авах зорилгоор өргөтгөж, улстөрийн нам болох асуудал, гишүүдийн мэдэлд байна.
Монголд өнөөдөр жинхэнэ ард түмний төлөө ажиллаж чадах улстөрийн шударга хүчин үгүйлэгдэж байгаа нөхцөлд, энэ боломжгүй зүйл бишээ. Харин энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүнгээс шалтгаалах зүйл юм.
-Клубийн гишүүнчлэл нээлттэй байх хэдий ч, хувийн ашиг сонирхол, албан тушаал эрх мэдлийн төлөөх мөрөөдөл, бусдын оюун санааны хулгай болон ашиглалтаас сэргийлэх бүх арга хэмжээг хуулийн дагуу авах болно. Гагцхүү монгол оронд хийх өөрчлөлт шинэчлэлийн төлөө, оюун санаа, мэдлэг чадвар, туршлагаа зориулах хүмүүс нэгдээсэй гэж хүсч байна.
-Клубийн өөр нэгэн зорилго нь, гадаадад байгаа монголчгуудын сонгуулийн эрхээ эдлэх боломжийн төлөө “Цахим өртөө” -ны санаачлагыг дэмжиж, хамтран ажиллах явдал мөн. Энэ асуудлыг 2012 оны сонгуулиас өмнө шийдүүлэхийн төлөө санаа тавих болно.
-Клуб аль болохоор бие биеэ ойлгож дэмжсэн, сайн найз нөхөд, ажил хэрэгч хамтын ажиллагааны орон зай байгаасай гэж хүсч байна. Үүний төлөө чадах бүхнээ хийх болно. Та энэ клубийн гишүүний хувьд, хүссэн цагтаа, боломжгүй бол амралтын өдрүүдээрээ, вэб хуудсандаа нэвтэрч, мэдээлэл солилцож, санаа бодлоо хуваалцаж, өөрийн саналаа оруулж байхад хангалттай. Таны ажил амьдралд энэ бүхэн саад болохгүй.
Харин одоо надад тусламж хэрэгтэй байна
 Энэ бол мэдээж анхны санаа бөгөөд, элсэхийг хүссэн хүмүүс чин сэтгэлээсээ санаа бодол, туршлагаа хуваалцаж, сайжруулна гэдэгт итгэж байна.
1. Веб хуудасыг нээж, хариуцан ажиллах боломж, хүсэлтэй хүн холбоо барина уу
2. Клубын ажиллах болон, санхүүгийн данс нээж, зарцуулах болон бусад олон асуудлуудаар зөвлөлгөө өгч хамтран ажиллах хуульч  холбоо барина уу
3. Энэ саналыг дэмжиж. гишүүнээр элсэн, хамтран ажиллах хүмүүс миний e-mail:gala_mn@yahoo.com  хаягаар санал. хүсэлт зөвлөгөөгөө ирүүлбэл ихэд баярлах болно. Мөн өөрийн зүгээс хийж чадах, боломжтой олон зүйлээ санал болгоорой.
4. Энэ мэдээллийг аль болох олон хүн болон найз нөхөддөө дамжуулан хүргэж, дэмжихийг хүсч байна. Мөн хамтарч ажиллах хүсэлтэй, хэвлэл мэдээлэл болон бусад байгууллагуудаас татгалзахгүй.
Төгсгөл
 Нэгэнтээ мэдээллийн хэрэгслэлүүдээр, ийм төстэй санаачлага уриалга гаргаж байсан, Намхайн Нацагням /Англи/ “Монгол инженерүүд хувьсгал хийх цаг болжээ”,
Ц.Бээжин /Монгол/ “Түмний зам” төсөл, Дэмбэрэлийн Очир-Эрдэнэ /Герман/
“Нийтийн тээвэр болон Улаанбаатар дахь замын түгжрэлийн асуудал” нарыг энэ клубт нэгдэн, бие биеэ дэмжиж хамтран ажиллаасай гэж хүсч байна.
Бид эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, бие биеэ дэмжих аваас амжилтад хүрч болно гэж найдаж байна. “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр”  гэдэгчлэн, овоог бид босгож,  олон олон шаазгай цуглан сууж, “эвт шаазгай буга барих”ын үлгэрийг үзүүлнэ буй заа.
Уншигч та ч гэсэн намайг доромжилж шоолох гэж бүү яар! Анхааралтай уншаад үз!
Танд таалагдах ч юм бил үү.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Монгол төрийн минь сүлд өршөөг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

2009-06-09

 

Share Your Thoughts