“Пирамид”-ийн цом

Тэр ням гаригийн өдөр бүгчим халуун хэрнээ байн байн хүчтэй салхилна. Өөр газраас ирсэн танилууд маань биднээс “Танай ДС их халуун юм аа” хэмээн хөлсөө арчингаа гайхашран асууна. Бид ч хэрдээ додигорхон ” Хэ ! Одоо бол харин ч гайгүй байнаа” хэмээн хэрдээ халууцаж сурсан хүний дүрээр хариулах. Виржина мужийн Александр хэмээх дүүрэгт ашиглалтад ороод удаагүй бололтой шинэхэн хөл бөмбөгийн зэрэгцээ хоёр талбайд монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн үзэнгээ бид ийн хуучилна. Халууцсандаа сандаалаа тайлан талбайн зүлэг дээр нүцгэн хөлөөрөө гишгэхүйеэ өөрийн эрхгүй хөлөө татаж “ямар халуун юм бэ?” гэж уулга алдана. Гэсэн хэрнээ тэр л хөл түлэм халуун хиймэл зүлгэн дээр урд нь өнхрөх бөмбөгийн хойноос юуг ч үл хайхран гүйлдэх залуусыг өрөвдөхийн оронд бахархан харж , заримдаа магтаж, заримдаа зэмлэж хашгирцгаах аж. Энэ 8 сарын 5 ны ням гаригт зүүн эргийн Америкийн монголчуудын дунд хоёр дахь жилдээ зохиогдож байгаа “Пирамидийн Цом” тэмцээнийг хэрэг болгон зорьж очсон нь тэр. Талбайн зүүн талд том саравчнаас унжуулан зүүсэн, нилээд том хэмжээний Монголын Төрийн далбаа хаанаас ч харсан содон.

Вашингтон ДС-ийн наадам, бусад томоохон арга хэмжээн дээр ашиглагдах энэ далбааг УИХ-ын гишүүн асан Б. Эрдэнэбүрэн захиалж, дизайнер М.Туяа урласан юм гэдэг. Гэхдээ л энд байгаа Монголчууд энэ далбааг харахдаа омогшдог юм шүү. Нэг л дулаахан хэрнээ сүрлэг энэ далбаа бидэнд эх орныг минь ямагт сануулж, бас төлөөлж байдаг юм. Намайг очсоноос хойш нэг удалгүй нээлтээ хийсэн энэ тэмцээний тамирчид Монголын Төрийн далбаа руугаа харж зогсож байгаад гараа цээжиндээ авч Монголын Төрийн дууллаа дуулцгаав.

Тэртээх хөгшин Европын хямсгар Английн нийслэл Лондонгийн олимпоос Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн болохоор хүн болгоны царайд бахдал гийж, ярих болгондоо “Манай монголчууд мундаг байнаа” гэж чин сэтгэлээсээ хөөрөлхөн хуучилна. Тэнд тамирчид цугласан болохоор арга ч үгүй. Тэд дусал хөлс, хором тэвчээр, нэгэн хоромд ирээд одох хор шарын үнэ цэнийг дэндүү сайн мэддэг залуус. Нээлтийн ёслолын үеэр МҮОХ-ны гишүүн, “Таван цагираг” сонины Америк дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин, МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан од” одонг 1996 оны Атлантын олимпод чөлөөт бөхийн 48 кг жинд шагналт байранд шалгарч байсан ОУХМ Л.Сэргэлэнбаатарт гардууллаа. Харин МҮОХ-ны “Алтан медаль”-ийг энэ тэмцээн болон олон спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг “Пирамид” компаны захирал М. Дэлгэрцогтод гардуулав. Харин М.Дэлгэрцогт маань шагналаа гардахдаа “Уг нь энэ шагналыг Хуягаа маань авах байсан юм даа” гэж үгэлж байсан ч түүнийг хэн ч анзаарсангүй.

Өдгөө Америкийн монголчуудын дунд спортын олон төрлөөр “аварга шалгаруулах” тэмцээн зохиогддог болсны түүчээ нь хөл бөмбөгийн спорт. Тэд Америк дахь Монголчуудын спортын төрлүүдээс анхдагч гэдгээ нотолж АНУ-д албан ёсны бүртгэлтэй “Америк дахь Монголчуудын хөл бөмбөгийн Холбоо”- г байгуулж, тамга тэмдэг, албан бланк, лого эмблемтэй болсон аж. Жил болгон уламжлал болгон явагддаг “Америк дахь Монголчуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс гадна зүүн баруун эргийн уламжлалт тэмцээнтэй болохоор ярилцаж эхлүүлсний нэгэн үр дүн нь энэ. Зүүн эргийн монголчуудын дунд зохиогдох хөл бөмбөгийн тэмцээнийг Вашингтон ДС орчимд “чулууны бизнес” амжилтай эрхэлж байгаа “Пирамид” компаны үүсгэн байгуулагч М.Дэлгэрцогт, Д.Өлзийхуяг нар ивээн тэтгэж эхлүүлсэн гэдэг. Дашрамд дурдахад Д.Өлзийхуяг өөрөө хөл бөмбөг тоглодог төдийгүй, сайн залуусаар баг бүрдүүлэн удирдаж байгаа аж. Баруун эргийн уламжлал болсон тэмцээн тун удахгүй 10 сард болно гэдгийг тэмцээний ерөнхий шүүгч Ш.Баасансүрэн надад дуулгасан юм. Тэмцээнд энэ удаад 6 баг оролцлоо. Өмнөх жил 5 баг оролцож байсан бол энэ удаад илүү чанаржсан гэдгийг тэд ярьж байлаа.

1. Чикагогийн “B O S” баг. Энэ баг энэ жил Лас-Вегаст болсон “Америкийн Монголчуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах” тэмцээний аварга баг. Хоёр ч удаа аваргалсан энэ баг энэ тэмцээнд “ногт ганзагалаж” ирсэн байлаа. Тэдний тамирчид жигд бэлтгэлтэй, бие биенээ маш сайн ойлгодог, хамгаалалт сайтай.

2. “Пирамид” баг. “Пирамид” компаны залуусаас гадна Вашингтон ДС-ийн “Шонхорууд” баг нэгдсэн байв. Тэд залуус олонтой болохоор дунд болон арын шугамд сайн тоглож байв. Мэдээж тэд өөрсдийн нэрэмжит тэмцээн болохоор захиалж хийлгэсэн гоёмсог цомоо өөрсдөө авч үлдэхийг хичээж байсан л даа.

Боссууд нь “сайн толговол?” гээд нэг юм сануулсан нь лавтай.

3. Нью-Жерсид нутагтай Халимаг Монголчуудын “Жангар” баг. Тэд мэдээж цус нэгтэй ч тэмцээн дээр “найраа” байхгүй болохоор элэг нэгт монголчуудаа “будаа” болгохоор зорьж ирсэн. Бидний мэдэх орос үгнүүд “давай!” гэх дуудлагатай холилдож байлаа. Орос монголоор хольж орилолдох тэдний хэлийг бид ч “муухан гадарлаж” байсан шүү. Эхний зооноос хасагдсан хэдий ч тэд, тоглолт дуустал талбайг орхиогүй юм. Бодвол “элэг нь хаачих” билээ. Эхэндээ жаахан гоморхож заргалдаж байсан ч төд удалгүй тэврэлдэж, баяр хүргэж байсан нь сайхан санагдаж байв.

4. Вашингтон ДС орчмын “чулууныхан”, бас “эвсэл” нэгдээд “Caritol, s” нэрээр оролцлоо. Цагтаа “Монгол морьд” гэдэг нэрээр аархаж байсан “архагчууд” гомдож нэг туньж нэг, уурлаж нэг инээж нэг тоглов. “Цагтаа цалгиж явсан” тэд, адуу шиг тоос татуулан давхих залуусыг арай ядан “гүйцэж” байв даа. Хааяадаа адгаж байвч “зангараг” нь хаачих билээ. Залуусыг хаа нэгтээ “мурих” аа мэднэ, хаалганы хажууд тосч байгаад “оруулах”-аа ч мэднэ. Туршлага гэдэг зөнгөөр юм хойно доо, сайн тоглосон тэд.

5. Нью-Жерсигээс “Жигүүр” баг ирсэн. Залуус голдуу ч нилээд чамбай баг. Адуу шиг түжигнэж байв даа тэд. Танил маань надтай тааралдахдаа монгол эр хүн шиг инээж байгаад “Яахав чадлаараа үзлээ болсонгүй ээ” гэж учирлаж билээ. Учирлалын цаана “тандалт” байдаг хойно. “Дараа жилийн наадам гэж байдаг даа” гэж бодсон, бас ажигласан нь лавтай. Хожигдсондоо харамссан харуусал нь “хойтон жил хожих тактик болж” байсныг хэн анзаарах билээ. Миний танил Өлзий, Туяа хоёр надтай тааралдахдаа “бидний үед жоохон байсан хүүхдүүд танигдахын аргагүй өсчээ” гэж дуу алдсан. Судгийн ногоо шиг суга суга өсч байгаа залуус “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг нэг бодол тээж хариа биз дээ.

6. “Мon-United” баг. Нэг танил маань энэ багийн тухай “Баг бүрдэхгүй байгаа хотуудаас бүрдсэн цоохор баг” гэж тайлбарлаж билээ. Вашингтон ДС-ийн Соёлын Төв, бас манай Ц,Энхтүвшин орсон байхаар нь “цоохор ч биш цоглог нь дэндсэн баг” байж мэдэх юм гэж бодсон минь оносон шүү. Тэдний баг их жигд байсан. Харин залуу тоглогчид нь “гоол хийх” гэж яарахаараа “араа алддаг” дутагдал харагдсан. Манай М.Саруул-Эрдэнэ тактик сайн барина билээ. Саруул маань хэний жолоог хэзээ яаж залахаа мэдэрдэг хойно, зохицуулж л таараа. Тэд мундаг байсан шүү. “Багууд жигдхэн байлаа” гэж Ерөнхий шүүгч Ш.Баасансүрэн надад дүгнэлтээ “айлдав”. Учир нь энэ тэмцээний Б зоонд багууд бие биенээ тойрч хожсон. “Пирамид”, “Каритол” багууд торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд “Пирамид” нэг бөмбөгөөр хожсон, сүүлийн аваргын төлөөх тоглолтод “Пирамид”, “Чикаго”-гийн багууд удтал өшиглөсний эцэст “Чикаго” нэг бөмбөгөөр хожсон гээд бөөн л “сюрприз”. Миний мэдэхийн аль нэг нь давамгайлаагүй юм даг. Тэгэхээр “тэр өдрийн тэнгэр мэдсэн” юм болов уу? Бас “аз хүү байвал ёоз хүүгээр цохисон ” ч байж болох. Хөл бөмбөг тэгтлээ мэдэхгүй миний хувьд их өрсөлдөөнтэй байлаа. Бас эхнэрүүд нь найз бүсгүйчүүд нь хөгжөөн дэмжиж, тэргэнд суусан хүүхдээ нарны халуунаас халхлан байж “уухайлав” даа. Тэр өдрийн хуушуурын амттайг яана, шилэнд аягалсан цайны аагтайг яана. Дуу алдсан бүсгүйчүүдийн цуурайг яана, духан дээр нь үнссэн үнсэлтийн бүлээнийг яана. Хожлын дараах үнэ хүндийг яана, хожигдсоны дараах аргадалтын ялдамханыг яана. За тэгээд удтал тэмцэлдсэний эцэст , “Ногт ганзагалж ирсэн” Чикагочууд цомоо авч, Цомыг сийлсэн “Пирамид”-чууд удаалж, адуу шиг л хурдалсан “Mon-United” гуравлав. Бүгдээрээ л сэтгэл хангалуун байв. Цом авсан нь цомоо дамжуулан үнэсцгээж, медаль авсан нь медалиа хазалж үзэж, яг л ОЛИМП шиг байв даа. Сайхан байсан. Зургаа авахуулцгааж, хэн нэгнийг дуудаж, түгшиж догдолсон сэтгэл амсхийж, түүгээр үүгээр яваа хэн нэгэнтэй зургаа авахуулж, инээж, тэврэлдэж, энгийн сайхнаар сэтгэлээ нээж, сайхан байсан. Мундаг тоглосон нэгнийгээ бахдана.”Пирамид”-ийн Бямбаа, Тэмүгэ. “Мон-Юнайтед”-ийн Цэнгэл, “Жигүүр”-ийн Энхээ, “Жангар”-ын хаалгач Бямбаа, Чикагогийн Жавхаа, Улсболд, “Капитолс”-ийн Амараа, Андуул нар мундаг тоглолоо гэж магтаж байв.

Энэ тэмцээний нэг онцлог нь залуус хүч түрэн орж ирж байгаад байв. Тэд мундаг байлаа. Энэ л залуус бидний хойч үе, бас дэлхийн хэмжээнд сэтгэж, харж байгаа гэж бодохоор сайхан байлаа. …Тэр өдөр их халуун байв. Тэгсэн хэрнээ үе үе шуурч. Хаяа нь дэрвэж дээшээ хөөрөх саравчны хөлөөс бид зууран байв. Хөлсөө арчих сайхан монгол бүсгүйчүүд хайртай хүнээ дэмжих гэж ирсэндээ ер төвөгшөөсөнгүй. Хаяа нь дэрвэн хийсэх майхнууд тэнгэрт хийсч унасангүй. Магадгүй тэдний хөлнөөс сайн тогтоосных буйз. Яг үүн шиг Монголын Төрийн далбаа огт хазайсангүй, Магад олимпоос бид эх орныхоо, Оюутолгойн алтыг буцааж авчрах биз.

Тэр өдрийн халуун салхитай наранд бид Оломпод амжилтай оролцож байгаа тамирчдаа магтав. Тэднийг мундаг гэдэгт бид огтхон ч эргэлзсэнгүй. Александрт дэрвэж буй монголын минь далбаа, Лондонгийн тэнгэрт намирана гэж бэлэгшээв, бид. Ерөөлөөр болог. Тэр л тамирчид түүний төлөө нэгэнтээ медалиа шившив. Ёсоор болог. Хийморилог монголчууд бид.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах Ш.Баасансүрэнтэй хөөрөлдөв.

2012-08-10

Share Your Thoughts