“ПИРАМИД” КОМПАНЫ 10 ЖИЛИЙН ОЙ

Америкийн олон хотуудад ажиллаж амьдардаг монголчууд хот бүрдээ өөрсдийн бизнесийн давуу урсгалтай. Вашингтон ДС- орчмын монголчууд “чулууны бизнес” эрхэлж байгаа цар хүрээ, туршлага, чадамжаараа бусдаас ялгарна. 10 аад жилийн өмнөөс залуус арай үнэлгээ сайтай болохоор нь турк, иран эзэдтэй чулууны үйлдвэрүүд руу ажиллахаар орж эхэлж байхад л монгол эзэнтэй 2 чулууны үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж байсан нь М.Дэлгэрцогт, Д. Өлзийхуяг нарын ” Pyramid Granite” , Г.Ганзориг, Д.Болдбаатар эзэнтэй ” Tristate Granite” компаниуд. Түүнээс хойш монголчууд бие даан олон олон үйлдвэрүүд байгуулж хүрээгээ тэлсэн хэдий ч, “Пирамид” компани Виржина муждаа турк, иран зэрэг гадаад эзэдтэй компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрч чадсан. Түүгээрээ ч монголчуудын бусад компаниудад “үлгэр жишээ” болж, тэдний хүрч чадах цар хүрээг мэдрүүлж байгаагаараа ямагт давуу, бас бидний бахархал болж байдаг юм.

“Пирамид” компани олон олон монгол залуусыг ажиллуулж, тэдний ажил амьдралд сайнаар нөлөөлж байдгаараа, Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд зохион байгуулагддаг олон арга хэмжээ, сайн үйлсийг ивээн тэтгэж дэмжиж байдагт хүмүүс талархаж байдаг. ” Бид боломжийн ажиллаж тодорхой хэмжээний орлого олж байгаагийн хувьд боломжоороо бусдад тусалж байх хэрэгтэй. Мөнгө олох хэмжээгээрээ зөвхөн хувиа хичээж, довоо шарлуулаад байх аваас бизнес хийж амжилтад хүрэхийн хэрэг юу билээ” гэж надад хуучилж байсан М.Дэлгэрцогт, Индианагийн Блүүмингтон хотод аж төрдөг Ажаа гэгээний дотно шавь төдийгүй, олон буяны үйлсэд нь дэмжигч, хамтрагч нь. Өрсөлдөөний хатуу хуультай Америкт бизнес хийж амжилтад хүрч, өөрийн гэсэн орон зайтай болно гэдэг амаргүй. Америкчуудтай харилцаж, тэднийг өөрийн хэрэглэгчээ болгон хүрээгээ тэлэх гэдэг нь бизнесменүүдээс их тэвчээр, харилцааны өндөр соёлыг шаарддаг. Гэхдээ “Пирамид” компани ингэж чадсан юм.

Виржина мужийн Арлингтон хот дахь “Шератон” зочид буудалд 2 сарын 14 ний орой “Пирамид” компани 10 жилийн ойгоо тэмдэглэлээ. Бусдад тусладаг сайхан сэтгэлийн хариу ямагт буян болон эргэж ирдэг жамаар тэдний баярыг хуваалцаж, тэдэнд баяр хүргэж, талархал илэрхийлэхээр олон олон монголчууд хүрэлцэн ирсэн. С.Сансаргэрэлтэх Болдбаатар нарын “Basic Sound” продакшины тэдний ойд зориулан хийсэн клип, Ганаа Сараа нарын тэдэнд зориулан хийсэн хошигнолын эвлүүлэг, жижигчин Алтанбагана, Болдбаатар нарын жүжигчилсэн мэндчилгээ, залуу дуучин Бобийн хамтрагчтай дуулсан ая дууны мэндчилгээ, Японоос сумогийн их аварга М.Даваажаргалын илгээсэн дүрстэй мэндчилгээ бүгдээрээ л “Пирамид” компаны залууст талархсан чин сэтгэлийн өглөг байв. Монголоос энэ арга хэмжээнд уригдаж оролцсон “Буриад улсын гавьяат дуучин” Б.Амархүү, МУГЖ дуучин Дашдондог, гитарчин Өөжгий нарын тоглолт, энэ үдшийн баярын хөг нэмсэн аялгуу байлаа. Бусад олон баяраас илүүрхээд байсан мэдрэмж нь монголчуудаараа бахархсан бахархал, бас олон залуусын ирээдүйдээ итгэх итгэл, бие биедээ чин сэтгэлээсээ талархсан талархал байсан.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд өөртөө мөнгө олох гэж бусдад ажиллан хөлс хүчээ урсгаж байсан цаг үеэс, өөрсдийн бизнесээ босгож өөртөө төдийгүй бусад олон монголчууддаа туслах гэж хичээдэг цаг үе рүү шилжиж байнаа. Ойлголцох ойлголцохгүй, сайдаж муудах үе бишгүй тохиолдож байвч монголчууд бид урагшаа л тэмүүлж яваа. Улстөрчийн цүнхийг барьж гүйгээд, бизнесменүүдийг бараадаж зүтгээд гэнэт л “цөм хийж бөөн мөнгө олох” хүслээс, шударгаар хөдөлмөрлөж уйгагүй тэвчээртэй зүтгэлээр насан туршдаа сэтгэл зовохгүй санхүүгийн асуудлаа шийдэх сэтгэлгээ рүү шилжиж байна. Мөнгөний боол болж хүн чанараа арилжин, өчүүхэн мөнгөндөө сагаж баярхан бусдад гайхуулах мөрөөдлөөс, амьдралдаа зорилго тавьж өөрөө үнэт баялаг болох мөрөөдөл рүү нүүж байна. Монголчууд бид ийм л орчинд бие биенийхээ сэтгэл рүү нүүж яваа. Нэгэн цагт гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас дэлхийн хэмжээнд үнэлэгдэх “саятангууд” төрнө гэдэгт би итгэдэг. Магадгүй тэдний эгнээнд “Пирамид” компаныхан явах байх. Та нартаа баяр хүргэж, хүсэл мөрөөдөл тань хөх тэнгэртээ халих шонхор шувуу шиг эрэмгий байхыг ерөөе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

pyramid1

pyramid2

pyramid3C

Share Your Thoughts