Сайн сэтгэлийн үзүүрт

Хэдхэн хоногийн өмнө фейсбуукт энэ мэдээлэл тавигдсан байсан юм.  “Денверээс Ариунаа гэдэг бүсгүй Вашингтон ДС-д очиж байгаа.  Тэрээр 17, 15, 4 насны гурван хүүхэдтэй. Амьдралын хүнд байдалд орсон бөгөөд таних мэдэх хүнгүй болохоор тусламж хэрэгтэй байна.  Боломжтой монголчууд туслахыг хичээгээрэй” гэсэн утгатай.

Ажлаасаа ирээд удаагүй байтал “Вашингтон ДС орчмын оюутан залуусын клуб”-ын гишүүд  болох Хишгээ, М. Нямсүрэн, Ж.Болд нар над руу утасдаж уулзахыг санал болголоо.  Тэд фейсбуук дээрх мэдээллийн дагуу Ариунаа бүсгүйтэй уулзаж туслахаар ярилцсан аж.  ЭСЯ дээр очиж Ариунаатай уулзан учир байдлыг нь сонсож, дараа нь хамтдаа хоол идэх явцдаа тэд, Дөнвөр рүү буцах зардлыг нь  олж билет бичүүлэх талаар ярилцав. Ариунаад туслах талаар тэд өөрсдийн фейсбуук хуудсан дээр  санал тавьсаны дараа 120 доллар цугласан тухай ярьж байсан юм. Аз болж тэр дороо 200 доллар дотор багтааж Денвер руу буцах билет бичүүлж амжлаа.

…Батмөнхийн Ариунаа 2003 онд хүү охин болон нөхрийнхээ хамтаар АНУ-д иржээ. Бусдын л адил амьдрах арга замаа хайцгааж ихэвчлэн “шалны” \цэвэрлэгээний\ ажил хийж байсан гэдэг. Ариунааг АНУ-д ирснээс жилийн дараа түүний төрсөн ах болох Батмөнхийн Бат-Эрдэнэ хойноос нь иржээ. Ах нь бас л “шалны” ажил хийж байв.  “Шалны” ажил тогтвортой байх нь ховор болохоор хэрдээ ажил хайж олон ч муж хотоор явцгааж 2005 оноос Денверт суурьшсан аж.  3 дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байтал, нөхөр нь гэнэт Цагаачлалын албанд баривчлагдан Монгол руу  2008 онд буцаагдсан гэдэг. Харамсалтай нь Монголдоо очсон нөхөр нь өнгөрсөн жил “зүрхний шигдээс”-ийн улмаас гэнэт нас барсан гэнэ.

Ах Б.Бат-Эрдэнэ нь 2012 оны 12 сард ажлаа хийж байгаад санамсаргүйгээр  хадаасан дээр гишгэж орхиж. Сахарын өвчтэй, бөөр муутай байсны нөлөөгөөр хөл нь  мэдээ муутай  байж. Аажимдаа хөл нь хавдаж, цэврүүсэн, өвдөх болсны улмаас явж ч чадахаа больж энэ тухайгаа менежертээ  учирлан түргэн тусламж дуудаж өгөхийг хүсчээ. Түргэн тусламж ирж авч яваад тэр дороо хагалгаа хийж баруун хөлийг нь өвдөгний доод хэсгээр нь тайрсан аж. Энэ бол 2011 оны 12 сарын 20 нд болсон хэрэг.  Денверээс очиж ахыгаа авчирсан түүний амьдрал энэ мөчөөс улам хэцүү болжээ.  Ганц хүний олж буй мөнгө хаана ч хүрэхгүй болсон болохоор тэд,  гэр оронгүй хүмүүст зориулсан байранд  орохоос өөр сонголт үгүй болж.  2012 оны 2 сараас энд амьдрах болсон хэдий ч Ариунаа өөрөө 6 сараас ажилгүй болжээ. Энэ хугацаанд бага охиноо цэцэрлэгт өгсөн боловч гэнэт нэг өдөр түүнийг баривчлан хүүхдүүдийг нь асрамжийн газар авсан гэнэ. Ямар учир шалтгаанаас болсныг өнөө хэр сайн ойлгоогүй тэрээр, сардаа нэг удаа л хүүхдүүдтэйгээ уулздаг болжээ.

Учир байдлаа ярьж, туслахыг хүсч олон газар, байгууллага хүмүүст хандсан боловч төдийлэн амжилт олсонгүй. Хамгийн гол нь ахыгаа Монгол руу явуулж чадвал өөрөө ажил олж хийн, хүүхдүүдээ дэргэдээ авах боломжтой гэж бодож байгаа юм байна.  Тийм болохоор тэр энэ удаад ахынхаа гадаад паспортыг сунгуулахаар Вашингтон ДС-д иржээ.  Бас дашрамд нь тусламж олдож ч магадгүй гэж бодсон байх.  Бид хоёр уулзаж ярилцсанаар  ойлголцсон зүйл энэ.
Хүний амьдралд юу эс тохиолдох билээ.  Харь оронд ажиллаж амьдарч байгаа хүн болгон жаргалтай сайхан байдаггүй. “Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин” гэдэг хаана амьдарч байгаагаас шалтгаалдаггүй.  Намайг ажил дээрээ байхад  “Пирамид” компаны захирал М.Дэлгэрцогт  утасдаж, Ариунаа бүсгүйд 300 доллар тусламж болгон өгч байгаагаа хэлж дамжуулж өгөхийг хүссэн юм.  ДС орчмын оюутан залуус маань нилээд хэдэн долларын хандив цуглуулж өгч байгаа юм байна. Хишгээ над руу утасдаж, Ариунааг өглөө онгоцны буудалд хүргэж өгөх тухайгаа ярилцлаа.  “Сайн сэтгэлийн үзүүрт тос” гэдэгчлан хэн нэгэндээ туслахын төлөө гаргаж байгаа сэтгэлийн өглөг багаддаггүй.  Одоо Ариунаа бүсгүйд,  төрсөн ах Бат-Эрдэнийгээ Монгол руу явах зардлыг нь  олох  нь хамгийн чухал байгаа аж. “Хэрвээ ахыгаа Монгол руу явуулж амжвал өөрөө ажлаа олж хийгээд хүүхдүүдээ өөр дээрээ авах боломжтой болох юм” гэж учирласан.  Гэхдээ олон зүйлийнхээ учрыг нь олохгүй байгаа бололтой.  Түүнд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл  720 364 0762   дугаарын утсаар нь түүнтэй холбогдож болох юм.  “Ядарсан цагт нөхдийн тус хэрэг болдог”.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-09-27

Share Your Thoughts