Сайхан монгол бүсгүйчүүд ба “монгол цус”

Монголын үзэсгэлэнт сарангуа
Намайг төрүүлсэн ижий
Зөөлөн цагаан гараараа
Хөдөлгөн өсгөсөн ижий
Зүйтэй уран үгсээрээ
Сурган хүмүүжүүлсэн ижий

1. Монгол ээж.

Энэ ертөнцөд хүүхэд төрүүлж, өсгөж, хүн болгон төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг эх хүний ачийг хүн бүр л магтдаг. Тэр тусмаа төрүүлсэн үр хүүхэдтэйгээ бүх насаараа “хүйн холбоотой” байдаг “Монгол эхийг” манай Монголчууд илүү их дээдлэн хүндэлж ачилдаг. “Эх” гэдэг ерөнхий нэрээс илүүтэй “ээж” гэдэг үгэнд л эрхэлж нялхамссан аялга илүүтэй мэдрэгдэнэ. “Ээжтэй хүн л эрхэлдэг юм” гэсэн мөр өтөл болсон хойно ч миний сэтгэлд чухам үнэнийг мэдрүүлнэ.

… Дөнгөж сая төрсөн үрээ элгэндээ тэвэрч ангир уургаа амлуулж буй бүсгүйн зүрх сэтгэл дэх нэг л зөөлөн, уянгалаг мэдрэмж хайр энхрийлэл, уяралыг тэр бүсгүйгээс өөр хэн мэдрэх билээ. Эхийн хэвлийгээс унаж, энэ ертөнцөд “морилон” ирсэн тэр л бяцхан “амьтан”-ыг хайр гэрэлтсэн нүдээр энхрийлэн харж зүрх сэтгэлдээ мэдрэгдэх тэр л бүлээн сайхан хайр энхрийлэлдээ уярч суугаа тэр бүсгүйгээс илүү “гэгээлэг” зүйл энэ ертөнцөд бий билүү. Өвдөж төрж, уярч нялхрахын зовлон жаргалыг бурхан өөр хэнд ч биш гагцхүү эх болж буй бүсгүй хүнд л заяажээ. Ердөө л хэдхэн хормын зайтай мэдрэгдээд өнгөрдөг зовлон, жаргалыг “эх хүн” амсч эдэлдэг нь хорвоогийн нэгэн гайхамшиг гэлтэй.

Төрүүлсэн үр нь үнэгчлэн инээх, шулганан хэлд орох, хөлд орж хорвоог мэдэрч тэнцэгнэн алхах, уйлах, унаж тусах бүрийд эхийн зүрх сэтгэл инээж баясан, уйлж, уулга алдана. Өсөх насанд нь эрдмийн ширээнд хамтдаа суралцаж, оройтож ирэх бүрд нь өнчин дэрэн дээр нойр хулжааж, өлсөж ядрах вий гэж өөрөөсөө ч харамлан “хоол халааж” сэтгэлдээ хүлээнэ.Өтөл насанд амьдралын нугачаанд алдаж онох бүрд, хүүхэддээ бус өөртөө л бурууг өгч бас баярлана. Үсэн буурал болсон хойно нь ч “үр минь” гэж сэтгэлдээ шивнэж, духан дээр нь үнэрлэнэ.

Аяа! Энэ ертөнцөд “Монгол ээжээс” илүү хэн ингэж чадах билээ. Энэ бол өдрөөс өдөрт биднээс алсран холдсоор байгаа “Монгол бахархал”, “Монгол цус” билээ. Харь газар хүнд хэцүү амьдралыг туулж яваа та, ээж рүүгээ нэг утасдаарай! Утасны цаанаас “үглэж дуулавч” зүрх сэтгэлд нь баяр бялхаж, “үр минь” гэж дуу алдахыг нь сонсохыг хичээгээрэй!Цагийн эрхээр ээж тань “гэгээн алсад” одсон бол зургийнх нь өмнө зул асааж, түрхэн зуур саатаж, зовлон жаргалаа нэгэнтээ шивнээрэй! “Гэгээн алсаас” ч эхийн зүрх сэтгэл “үр минь’ гэж шивнэдэг юм. Та сонсоорой!

Олон жил турш Монголчуудын тэмдэглэж заншсан “Мартын-8” хэмээх өдрөөр ээж таныхаа өмнө сөгдөж, “таньдаа их баярлалаа, таныгаа зовоохгүйг хичээе” гэж хэлье. Таны сэтгэл амгалан байг!

2. Монгол бүсгүй

Монгол бүсгүйчүүд минь “үзэсгэлэнт гоо”, “уян налархай” гэж та нарыгаа магтах гэсэнгүй ээ. Монгол эрийн өмөг түшиг, үр хүүхдийнхээ халамжит эх, айл гэрийн нэгэн тулгуур багана нь болж байгаа Монгол бүсгүй та, цаг хугацааны хүнд хэцүү нугачаа бүрт амьдралын төлөө тэмцэж чаддаг “хатан зоригтон” билээ.

Өнөөгийн хүнд хэцүү цаг дор, өөрт байгаа бүхнээ шавхаж, өөрөөсөө ч хэцүү ачааг нуруун дээрээ үүрч, өрх гэрийн хазайсан баганыг тэгшлэх гэж, үр хүүхдийнхээ дутуу дундуурыг дүүргэх гэж тэмцэж явааг тань магтах гэсэн юм.

Мэдээж, сайн ханийн нөмөр нөөлөг дор жаргаж яваа нэгэн байхад хугарч унасан баганын оронд тооноо ганцаар тулж өргөх гэж зовж яваа нэгэн байх. “Амьдрал минь хэцүү байна гэж”, хазайж тоононы дор уйлж суусангүй.

Босч, зүтгэж, тэмцэж, хөдөлмөрлөж, бүтээж яваа та бол “Монгол бүсгүй”. Эр нөхрийнхөө харцан дор дальтчин, эгээ л “боол” аятай хамаг бүхнийг нь үүрч, хатуу доромжлол дор хүчээр “инээмсэглэж”, гунигт хувь заяатайгаа эвлэрч явдаг “харь бүсгүйчүүдээс”, та нар минь “омог бардам” бас “дайчин” чанараараа хол илүү. Энэ бол “Монгол бүсгүй”, “Монгол цус” юм шүү.

Гэрт нь орж ирсэн ямар ч гийчнийг инээмсэглэн тосч цай аягалаж, идээ таваглаж, хүсэл зорилгыг нь анхааран сонсч, бас тусалж чаддаг “Монгол бүсгүй” танд өнөөдөр хүнд хэцүү бэрхшээлтэй олон асуудал өмнө тань байгаа ч, та “омог бардам”, “дайчин” чанараараа давж гарна. Зовсоны эцэст жаргах цаг ч танд ирнэ.

Та нарын минь тухай олон таагүй зүйл бичигдэж, яригддаг ч дийлэнхи олонхи нь “амьдралын сайн сайханы төлөө” өөрийн боломж чадлын хэрээр “тэмцэж зүтгэж” яваа гэдэгт итгэж байна. Та Монгол бүсгүй гэдгээ л мартаж болохгүй. Бүсгүй та нулимсаа арччих. Өөрийгөө толинд харж, гоёлоо өмсөхтүн! Монгол бүсгүй та нарын будаж шунхадсан царай, хуурамч инээмсэглэлээс илүү, зүрх сэтгэлийн тань “илч гэрэл”-ийг мэдрэхийг л хүсдэг юм шүү Монгол эрчүүд бид чинь. Та нартаа баярын мэнд хүргэе! Бүү ууж хөлчүүрээрэй! Зовлон шаналалаа тэртээд орхиод инээмсэглэж яв! Бүсгүй та сайхан харагдаж байна шүү!

3. Монгол цус.

Монголчууд бид цөөхүүлээ. “Монголын үрс маш олон болтугай!” гэж ерөөдөг ч, “цус цэвэр байхыг” Монгол бүсгүйчүүд маань мэддэг билээ. Хөх тэнгэрийн удамтай учраас “хөх толботой” төрдөг гэж Монголчууд маань бэлэгшээдэг болохоор, хүү төрвөл амьдралаа авч явах “бөх”, охин төрвөл өрх гэрээ авч явах “уран” болоорой гэж ерөөдөг. Төрөхөөс эхлээд үхэх хүртэлээ үр хүүхэдтэйгээ хүйн холбоотой байж, өөрийгөө ч умартан, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах Монгол эхийн сэтгэлд “Монгол үнэт чанар”-аа агуулсан “Монгол цус”-аа хамгаалах гэсэн аугаа зөн совин байдаг юм шүү! “Эх нь голчихно” гэж шувууны өндгөнд сүүдрээ тусгахаас ч эмээдэг Монгол эхийн сэтгэлд, өөрийнхөө үр хүүхдийг “харийн сүүдрээс” халхалж, Монголоор нь үлдээх гэсэн сэтгэлийн шаналал бас байдаг юм шүү!

Хайр сэтгэлийн илчээр, хатуу амьдралын балгаар харь эрийн цайг чанаж, үрийг нь өсгөж буй Монгол бүсгүй таныг буруутгах гэсэнгүй. Хөхийг тань хөхөж, сэтгэлийн илч, хайр энхрийлэл тань өсч буй бяцхан үр тань “Монгол цус”-ны хольцтой гэдэгийг бүү мартаасай!

Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн Монгол цусанд “омог бардам” араншин бий, “тэмцэн дийлэх” хүсэл бий, “өрөвч зөөлөн” сэтгэл бий. Үүнийг бүү мартагтүн! Өдрөөс өдөрт биднээс алслан холдсоор байгаа, хэзээ ч давтагдашгүй “Монголын үнэт зүйл” Монгол бүсгүй таны хөхний сүү, судсаар тань лугших цус, хайр халамжинд тань байгаа!

Та нарыг минь дээд тэнгэр ивээж, аз жаргалтай амьдруулаг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2008 он 3-р сарын 2

Share Your Thoughts