Сайхан хайр

…Өглөөний нар мандаж, шаргал туяа нь өрөөн дотор хөгжилдөн бүжихүйеэ, амтат зүүднээсээ салж ядан  нойрмоглон сэрж, хайртай түүнийгээ дэргэдээ байгааг харахдаа аз жаргалыг мэдрэнэ.  Сэрж ядах мөчдөө хошуугаа цорвойлгон эрхлэх түүнийгээ харахдаа өөрийн эрхгүй өхөөрдөн инээд алдаж  улам ч цаашлуулан, уцаарлан тунирхах төрхийг нь  хайрлан энхрийлэхдээ “амьдрал гэдэг чинь ямар сайхан юм бэ?” хэмээн сэтгэлдээ шивнэнэ. Энэ ертөнцөд бид 2 л бие биенээ хайрлан жаргаах гэж ирсэн гэдэгт тэд чин сэтгэлээсээ л итгэдэг. Хайж хайж бие биенээ олсон тэд энэ л аз жаргалдаа мансуурч байхдаа бие биенээсээ илүү сайхныг, олж үл харна. Өглөөний гэрэлт наранд нүдэнд үзэгдэж, сэтгэлд мэдрэгдэх бүх л гоёмсог, сэтгэл татам сайхныг гагц түүнтэйгээ л жишиж, хамгийн сайн сайхан бүхнийг гагц түүгээрээ л төсөөлдөг. Залуу насанд хайр гэдэг яг л өглөөний тунгалаг наран мэт үргэлжийн гэрэл гэгээ, инээд баясал, хайр энхрийлэл дүүрэн байх аж.
…Өдрийн аагим халуунд бачимдаж халууцахдаа “тэр минь ядарч ангаж байгаа болов уу?” гэж сэтгэл нь зовно. Халууцсандаа хөлсөө ч арчих завдалгүй ажилдаа улайран суух түүнийхээ төрхийг сэтгэлдээ төсөөлөхдөө өөрийн эрхгүй инээмсэглэж, өхөөрдсөн сэтгэлдээ уруулаа цорвойлгон мишээх аж. Хамтдаа байхдаа уйдахгүй ч, хааяа холдож удахдаа бие биенээ л санаж, санасан сэтгэлээ бусдаас нууж ядан ичингүйрнэ.

Хайртай түүнээ санаж байхдаа сэтгэлдээ “жаргаж”,  сэтгэлдээ түүнтэйгээ ярин учирлана. Амьдралын элдэв асуудлаас болж хааяадаа ам мурийх боловч, зөрүүдэлсэн сэтгэлээ дарж ядан  сэтгэлийн гүндээ түүнийгээ л  өрөвдөн хайрлана. Аргадаж учирлах үгийг нь гаднаа тоохгүй дүр эсгэвч, дотор сэтгэл дэх инээдээ барьж ядан, аажим аажмаар сэтгэлд ивлэн урсах хайрандаа уярах аж. Бусдын дэргэд хааяа бие биенээ “явуулан” муучлах аядавч дотор сэтгэлдээ “түүнээс минь илүү сайхан нь үгүй” гэж сэтгэлдээ өмөөрөх. Идэр насанд хайр гэдэг өдрийн наран мэт аагим халуун, 2 биедээ тавих чин сэтгэлийн халамж, бусдаас илүүрхэх сэтгэлийн бахархал байдаг аж.

…Үдшийн сэрүүнд түүнийгээ хүлээж сэтгэл чилэхдээ сэтгэлийн гүн дэхь түүний орон зайг үгүйлдэг. Өөр рүү нь алхан ойртож яваа түүнийгээ харахдаа мөнөөх сэтгэлийн орон зайд аажим аажмаар дүүргэн, сэтгэл амсхийх сайхан мөчийг мэдэрнэ. Хамтдаа суугаад хооллож байхдаа сэтгэлийн нөмөр нөөлөг, итгэлийн уул мэт түшгийг мэдрэн урд урдахаас илүү хайрламаар санагдах. Санчигнийх нь үсийг илбэн духан дээр нь аажим үнэрлэхдээ л бие биедээ ямар ихээр уусч шингэснийг мэдэрдэг. Тэр мөчдөө “би энэ хүнгүйгээр хэн ч байж чадах билээ” гэж бахархан харахдаа, өөрөө ч түүнд яг л тийм хэрэгтэй гэдгээ ч анзаарна. Өдөр сар жилийн урсгалд бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж, хааяадаа муудалцаж, сайдалцахдаа бие биенийхээ “дутууг нөхөж, дундуурыг дүүргэж” аажим аажмаар бие биедээ уусч байгаагаа мэдэрдэг. Харцаараа, үйл хөдлөлөөрөө бие биенийхээ юу хүсч, юу бодож байгааг мэдэх дор, өөр хэн ч түүнийг “орлож” чадахгүй гэдгийг мэднэ. Өтөл насанд хайр гэдэг үдшийн бүрэнхий дэх ганцаардлаас бие биенээ хайраар хамгаалсан, салж хагацашгүй халамж, итгэл байдаг аж.
Хүмүүс бид бүх л амьдралынхаа туршид “сайхан хайр”-ын тухай боддог, бас эрж хайдаг. Балчирхан бага насандаа үлгэрт гардаг “үзэсгэлэнт гүнж, гайхамшигт ханхүү”-д  дурлаж хожмын хайрлах хүнээ тэр маягаар л төсөөлнө. Хүний гаднах төрх, гаргаж буй араншин болгон дотоод сэтгэлийн сайхан муухайг мэдрүүлдэггүй болохоор бишгүйдээ л төөрөлдөцгөөнө. Сэтгэлийн чанад дахь мэдрэмжээрээ бас зөн совингоороо дурлачихаад амьдралын урсгал дунд “сайхан хайр”-ыг амталж мэдэрч жаргаж яваа залуус зөндөө. Өнгө мөнгөнд нь шунан “дурлаж” өдөр хоногийг бусдын ивээл дор өнгөрөөж сэтгэлээ зэврээх мөчдөө “хаана байнаа тэр сайхан хайр чинь” хэмээн халаглан харуусах залуус ч зөндөө л бий. Сэтгэлийн мэдрэмжээрээ бус сонирхол шохоорхлоор “дурлаж” амьдралын элдэв нугачаанд бүдэрч бүдчин бие биенийхээ сэтгэлийг гомдоон итгэлийг нь хугалж, сэтгэлийг нь шархлуулж явахдаа “сайхан хайр гэдэг чинь амьдралд  бус номонд л байдаг юм” хэмээн учирлах нэгэн байж л байгаа.

Хүмүүс “сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай” гэж хэлсэн Ч.Лодойдамба гуайн ишлэлийг дурдахдаа нэгэн цагт гэнэт хүрээд ирж магад сайхан хайрыг сэтгэлдээ хүлээн догдлон суух нь бий. Үлгэрт гардаг үзэсгэлэнт гүнж, гайхамшигт ханхүүг морилон ирж өөрийг нь гар дээрээ өргөн энхрийлж агсам мориндоо дүүрэн давхих мөчийг хүлээн суух мэт. Үлгэр мэт мөрөөдөл нь биелэхгүй удах тусам гунихран  гуниж, тэвчээр алдан гэнэтийн нэгэн сонголтод хүрэх нь бий.  Өөрөө хичээж бус, гар хумхин суусан амьдралын сонголт болгон яг л “давсгүй хоол” мэт амтгүй.  Ийм амьдрал дунд “мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” -н үлгэр мэт болох нь бий. Олон олон залуус бодит амьдрал дээр “сайхан хайр” яг л дэргэд нь байгааг олж хардаггүй. Сайхан хайрыг олж авахын тулд өөрөө сайхан болох ёстой энгийн үнэнийг ойлгодоггүй.
Хүмүүс бид аугаа мэт боловчяг үнэндээ  сэтгэлийн л амьтад. Бид бусад хүмүүст болон амьдралд яаж хандана вэ? яг тийм хариуг олж авдаг. Хэрэв чи дурласан хүнээ чин сэтгэлээсээ хайрлаж чадвал тэр чамайг яг л тэгж хайрлах л болно. Чи дурласан хүнээ хоёргүй сэтгэлээр халамжилж чадвал тэр чамайг тэр хэмжээгээр халамжлах л болно. Чи хайртай хүндээ ямагт сайхан харагдаж чадвал тэр бас чамд сайхан харагдахыг хичээх болно. Чи хайртай хүнээ ямагт магтан урамшуулж чадвал тэр ч бас чамайг магтах л болно. Чи хайртай хүнээ байнга энхрийлэн эрхлүүлж чадвал тэр бас чамайг энхрийлэн эрхлүүлэх л болно.  Мэдээж эхэндээ бүх зүйл сайхан болдоггүй хэдий ч ийм болоход сэтгэлийн их тэвчээр хэрэг болно. Магадгүй бүх зүйл чиний санаснаар болохгүй байлаа ч чи хайрынхаа төлөө заавал хийж чадвал чи өөрийн хүссэн аз жаргалаа олж авах л болно. “Зовсоны эцэст жаргадаг” гэж бидний өвөг дээдэс зүгээр л нэг ам алдаагүй юм.

Хүнд дурлаж, хайрлах ямар сайхан гээч. Энэ амьдралд жинхэн дурлал , сайхан хайр хүмүүсийн сэтгэлийг хөглөж, огтоос танихын аргагүйгээр өөрчилдөг. Энэ бол сэтгэлийн ид шид, амьдралын гайхамшиг. Өглөө болгон хайртай хүнийхээ тэврээс жаргалтай гэгч сэрж, өдөр болгон түүнийгээ санаж, үдэш болгон  хамтдаа эрхлэн суухаас илүү сайхан нь хаана бий гэж. Хүмүүний амьдралын гэрэл гэгээ баяр бахдал нь САЙХАН ХАЙР байдаг. Гэхдээ энэ сайхан хайрыг чи өөрөө л олж авдаг. Сайхан хайртай учрахын тулд мөрөөдөж суух биш, өөрөө л сайхан хүн болж чадахыг хичээж бай. “Царайны сайхан” нэгэн цагт гундаж орхиход сэтгэлийн сайхан бүх л цаг хугацаанд гэрэлтэж байдаг юм даа. “Сайхан хайр” хаана байдаг юм бэ? гэж үү. Сайхан хайр яг чиний дэргэд байгаа. Бас чи өөрөө л сайхан хайр юм шүү дээ.
Монголын залуус “Гэгээн Валентин”-ы өдрийг гэгээн хайрын өдөр болгон тэмдэглэдэг болсоор удаж буй. Хүмүүс энэ талаар янз бүрийн бодолтой байдаг хэдий ч Монголын залуус минь нэгэн өдөр зөвхөн САЙХАН ХАЙР-ын тухай ярилцаж байхын муу гэж үгүй. Сайн муугаа, сайхан муухайгаа ярилцаж бас эрж бэдэрч байгаа бүхнийгээ олж байхад энэ өдөр ерөөл болог. Монголын сайхан залуус минь өөрсдөө л сайхан хүн болж чадаж байвал та нарын хайр ямагт сайхан байсаар байх болно. САЙХАН ХАЙР ЧИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ТАНЬ БИЙ. Та нартаа аз жаргал бэлэгдье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-02-12

Share Your Thoughts