“Салхит” хэмээх Чикаго хотод аялсан тэмдэглэл

…Онгоцноос буугаад  хотын төв рүү салхи татуулан давхихуй замын хоёр талаар угтан урсах,  навчсаа хаялж амжаагүй модод  өнгөнөөс өнгөнд уусан жирэлзэнэ.  Машины цонхыг үл ялиг нээхэд  урдаас  хүчтэйеэ үлээх салхи нэг л дотнохон үнэр илгээнэ.

“Яг л Монголын намар шиг сайхан байгаа биз?” хэмээн намайг тосч авсан анд минь бахархалтайгаар  “ам асууна”.  Намрын тухай гунигт бодол минь энэ л салхинд ор мөргүй хийсч,  “нээрээ сайхан байна шүү!” гэж сэтгэлийн гүнээс  баяртайгаар хариу барина.

Одоогоос 4 жилийн өмнө Лос-Анжелес  хотод  эхэлж байсан  уран уншлагын  “Утгын чимэг” наадам өнгөрсөн жил Денвер хотноо  “Тулга”-нд гал асааж, тэр гал нь өнөө жил Чикаго-д бадамлаж байгааг сонирхох гэж салхит хотыг зорин ирж байгаа минь энэ.

Америк хэмээх их гүрэнд  сурч, ажиллаж, аж төрж байгаа монголчууд маань  амьдралын хэмнэлдээ дасах гэж, амин зуулгын  хэрэгцээт мөнгөө олох гэж өдөр шөнийг ч ялгалгүй, алжааж ядрахыг ч умартан зүтгэж байсан хүнд цаг  мөчууд ард өнгөрч, эргэн тойрноо ухааран ажиж, эргэцүүлж, амьдралын  хэмнэлээ өөрчлөх болсон олон сайн үйлийн  нэгэн жишээ нь  жилээс жилд уламжлал болон дэлгэрч буй “Уран үгсийн чуулган” наадам юм.  Энэ наадам хүрээгээ тэлж  Монголын их уран зохиолтой дөрөө харшуулж байгаагийн илрэл нь энэ наадмын хүндэт зочноор оролцонгоо өөрийн бүтээлээ хуваалцдаг  Монголын зохиолчид, яруу найрагчид.
Аман билгийн баялаг уламжлалтай монголчууд бидний  олон жилийн өмнөөс эхлүүлж өдгөө уламжлал болон хэвшсэн яруу  найргийн “Болор цом” наадам үндэсний хэмжээний наадам болон хөгжиж, сэтгэл оюуны их цэнгэлийг эдлүүлдэг болсныг хэн боловч мэднэ.  Харин Америк оронд  уламжлал болон өргөжиж буй “Уран үгсийн чуулган” хэмээх наадам  яруу найраг төдийгүй үргэлжилсэн үгийн төрлийг хамтатгаснаараа онцлогтой.  Үргэлжилсэн үгийн  “Утгын чимэг”  наадмыг  Лос-Анжелесийнхон санаачилсан гэхэд, үүн дээр яруу найргийн галыг нэмж бадамлуулсан нь  Денверийн “Тулга” нэгдэл  гэдэгтэй хуучилж суусан бүгд санал нийлж байлаа.

Энэ жилийн наадам сайхан боллоо.  Зорьж ирсэн зочид нь нэгэн оройг уран яруу уншлага , сэтгэл сэмэлсэн учирлал, аньсага чийглэсэн уярал дор өнгөрөөлөө.  Сархадад биш сайхан яруу хэллэг дор “согтож”, сэтгэлийн чанад дахь уяралаа нулимс эгшээн “илчилж”, цээжин доторхи омогшлоо  баяр бахадлаар  “бадраана” гэдэг хэн хүн бүрт тэр бүр олдох мөч биш.  Энэ сайхан мөчүүдийг эрхэм  бичгийн  мэргэд, түмэн олонд  толилуулна гэж амалсан болохоор мөхөс би наадмын  эргэн тойрон дахь элдэв сониныг дуулгахаар хичээв.

         Чикаго дахь “МОНГОЛ НОМЫН САН” нээлтээ хийв.

Одоогоос  нилээд хэдэн жилийн тэртээ Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог санаачилж, үүсгэн байгуулж байсан Х.Ширчин, Б.Бишүүгарам, Д.Дашдорж, С.Амарсанаа, Д.Даваадорж, Л.Мөнхтөр, М. Баясаа, Б. Жавхаа  нарын олон залуус “Бүгдээрээ номын сантай болох юмсан,  цаашлаад  АНУ-ын бүх хотууд Монгол Соёлын Төв, Монгол номын сантай болбол мөн сайхнаа” хэмээн мөрөөдөж байсан гэдэг.  Тэр гэгээн мөрөөдлийг биелүүлэх  гэж Лос-Анжелест Алтанхуяг, Ган-Энхбаяр нар өөрсдийн санаачлилга, зүтгэлээр  “Монгол номын сан” байгуулж,  уг номын сангаас  жил бүр “Утгын чимэг” уран уншлагын наадам зохион байгуулж ирснээс хойш өдгөө олон ч хотууд “Монгол Соёлын Төв” тэй, “Монгол номын сан”-тай болж байна. Тун саяхан Сакраменто хотод  “Монгол Соёлын Төв” нээлтээ хийлээ.

Чикаго хотод  “Монгол номын сан” байгуулах  санаачлагыг Бишүүгарам, сэтгүүлч Уранзул нар эхлүүлж, цаашдаа үүнийг “аятай сайнаар аваад явчих хүмүүс” хэмээн  “Монгол хоолны газар”-ыг ажиллуулдаг Б.Мөнхбат, Л.Сувдмаа нарт хандсан гэдэг.  “Хоолны газар номын сан байгуулж хамтатган ажилуулах нь хэр зохимжтой байх бол?” гэж эргэлзсэн тэд, Чикаго хотноо гадныхны байгуулсан  хэд хэдэн  номын сангууд дэргэдээ хоол, цайны газартай байгааг судалж мэдээд “сэтгэл шулуудсан” аж. Нөгөө талаар ийм номын санг “сайн дурын” сэтгэл дээр аваад явах амаргүй гэдгийг ч мэдэж байв. Тэгээд л олон нийтийн ажлын идэвхи, уран уншлага болон дуу хөгжмийн авьяас чадварт нь  “тулгуурлан” Мөнхбат, Сувдмаа нарт “даатгасан” аж.
…”Энэ оны 10 сарын 18 нд “Номын сан” гийн тулгын чулуугаа тулснаас хойш  100 гаруй номтой болж амжлаа.  Монголчууд маань цаг зав багатай байдаг болохоор энд орж хоол идэнгээ монгол дуу хөгжмөө сонсож, бас дуртай монгол сэтгүүл, номоо сонгон уншиж байх боломжийг олгох гэж л хичээж байна.  Одоо жаахан жигдэрч байгаад сар болгоны нэг өдрийг “номын өдөр” болгон  хэвшүүлэх санаатай.  Ядаж л нэг ном, эсвэл нэг зохиолчийн бүтээлийг сонгож ярилцаж байвал  хүмүүсийн оюун санаанд хэрэг болох байх. Магадгүй яруу найргийн өдрүүд ч хийж болох байх.  Одоо дөнгөж эхэлж байгаа ч цаашдаа бодож санаж байгаа зүйл зөндөө байнаа” гэж Л.Сувдмаа биднийг сайхан монгол хоолоор дайлангаа хуучилсан юм.
“Уран үгсийн чуулган” эхлэх өдөр Монголоос ирсэн зохиолчид болох  Г.Мөнхцэцэг, П.Бадарч, Дан.Нямаа, М.Галсансүх нар энд зочилж, өөрсдийн номуудаасаа дурсган, бэлэгдэлтэй сайхан ерөөл хэлэлцжээ.  Бас Лос-Анжелосоос  “чанартай ганц морь”-той ногт ганзагалан ирж, уг наадмын “түрүү”-г авсан  Ган-Энхбаяр энд зочилж, хуучлангаа нилээд “аминчхан зөвлөлгөө” өгсөн гэнэ.  Чикагод ажиллаж  амьдардаг монголчуудынхаа  ходоодыг монгол хоолоор “цатгадаг” энэ газарт  оюун  тархийг нь  номоор “тэтгэдэг” болсон нь цөөн биш хүмүүсийн талархал дэмжлэгийг хүлээх буйз. Ямартай ч өөдрөг хүсэл тэмүүлэлтэй энэ залууст амжилт хүсч байна.  Зөвхөн Чикаго гэлтгүй энэ хотод саатан өнгөрөх хэнд ч болов тэдний үүд хаалга нээлттэй ажээ.
Хаяг нь:  8335 Skokie blvd, Skokie, IL 60077

АНУ-ын муж хотуудад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа олон олон “Монгол номын сан”-гууд  харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа оюун санааг монгол үгсийн баялаг хэллэг, монгол сэтгэлгээгээр тэтгээд зогсохгүй энэ оронд өсч өндийж байгаа
хүүхэд залууст ч монгол хэл, монгол сэтгэлгээ, монгол ахуйгаа мартахгүй байхад нь туслах боломжийг бүрдүүлж байна.  Тэд ийм санаачлагаараа их мөнгө олж баяжихгүй ч, харин бусдын сэтгэлд илч гэгээ, итгэл урам хайрлаж байгаа нь буянтай үйлс.  Тийм болохоор тэднийг дэмжиж, талархаж байх хэрэгтэй мэт. “Номын цагаан буян дэлгэрэх болтугай”.

      “МАНАЙ СУМААР” буюу “ХАЛХАЙ ПАЛХАЙ” аялал

Чикаго хотод  хэдэнтээ  очиж байсан боловч тэгтлээ “тухалж” амжилгүй, яаруу сандруу  буцаж байсан болохоор энэ удаад “Уран үгсийн чуулган” -ы хоёр дахь өдрийн хөтөлбөр болох  Чикаго хотоор аялах хөтөчтэй аялалд оролцлоо. Наадмын зохион байгуулагч Д.Энхболд  энэ аялалаа “манай сумаар” гэж нэрлэсэн нь ойлгомжтой байсан төдийгүй  “Халхай палхай” нь  аялалын эцэст  “хорхог” идэж халуун чулуу атгах сонирхлыг дагуулсан болохоор сунагар урт автобус дүүрэн хүнтэй хөдөллөө.  Хөтөч тайлбарлагчийн үүрэг хүлээсэн Бишүүгарам, Батмагнай нарын  бэлэн урсах үгсийн  цэцнийг яана, ээлжилж дуулах мэндчилгээт дуунуудын уянгатайг яана,  шинэхэн танилцсан найзуудын наргиантайг яана! За тэгээд заавал зааланд гэлтгүй  дугуйт тэрэгний уудам зайнд хэрхэн  “хөгжилдөж” болдгийг  ёстой нэг үзүүллээ дээ. “Үерхэлдээ үнэнч байх”  амлалтаас эхлээд “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн санаашрах хүртэл  их олон үйл явдал  энэ үед болж өнгөрөв.

…1830-аад онд байгуулагдаж байсан Чикаго хотод хамгийн анхны оршин суугч нь  Гаити, Францын эрлийз боол залуу байсан гэнэ.  1870 оны аймшигт сүйрэл дагуулсан гал түймрийн аюул,  энэ хотыг шинээр босгоход  ихэд нөлөөлжээ. Түймэрт юу ч үгүй сүйдсэн Чикаго хотыг дахин сэргээн босгохдоо  дэлхийн хэмжээнд нэрд гарсан олон архитекторчдийг урин авчирч  хот төлөвлөлтийг  хийсэн нь  энэ хотыг  “Дэлхийн хэмжээний хот” гэж нэрлэхэд нөлөөлсөн.  Хот төлөвлөлтөд оролцсон Англи, Франц, Герман инженерүүдийн ачаар  Европ төрхтэй ч дэлхийд гайхуулах “уран барилгын чуулбар” бий  болсон аж.  Одоо хэр нь Чикаго хотод Польш, Грек, Ирланд, Швед, Англи, Франц, Укриан, Литва, Болгар, Мексик, Энэтхэг, Хятад зэрэг үндэстнүүд  төвлөрсөн дүүргүүд байдаг гэнэ. Харин өндөр барилгуудаа барихдаа газрын гүнд лав суулгасан ган тулгууруудыг ихээр ашигласан болохоор үндсэндээ “ган хийц” зонхилдог, үүгээрээ ч ихэд алдаршин нэрлэгддэг.  Бас өмнөх түймрийг унтраахад усаар дутагдаж байснаа тооцон ус урсгах шуудууг татаж, түүнээсээ усан хангамжаа шийдсэн болохоор хот бүхэлдээ үүндээ зохицон шоо дөрвөлжин байгууламжинд захирагджээ.

Чикагочууд  “Өвгөн тэнгис хоёр”, “Зэр зэвсэг минь баяртай” зохиолуудаараа монголчууд бидний танил болсон дэлхийн алдарт зохиолч  Э.Хэминвуэй,  “Загалмайлсан эцэг” киноны гол баатар  мафийн толгойлогч Аль Пачино, Сагсан бөмбөгийн  “амьд домог” Майкл Жордан, ТВ шоуны алдарт хөтлөгч  У.Опра нараараа ихэд бахархдаг болохоор тэдэнд зориулсан хөшөө дурсгал болон байгууламжууд  олон байв. Мөн Чикаго хотыг  40 жил удирдсан аав хүү Richard Dаley нараар бахархдаг аж. Аав нь 1950-аад оны сүүлчээс 1970-аад оны сүүлчийг хүртэл хотыг удирдаж байсан бол, хүү нь 1980-аад оны сүүлчээс тасралтгүй 22 жил хотыг удирдсан гэнэ. Тийм болохоор энэ хотын хөгжил дэвшил тэдний сэтгэл, хичээл зүтгэлтэй ч холбоотой аж.

Чикаго хотын төвд Америкт төдийгүй дэлхийд алдартай  “Boeing”,  “Моtоrоlа”, “Wriggle”, ” Walgreens” , ” United Airlines” зэрэг компаниуд болон томоохон банкнуудын “толгой оффис” нь байрладаг ба тэд хамтарсан хөрөнгөөрөө “Миллeниум” паркийг байгуулжээ.  Америкийн нөгөө эрэг болох Сиэтлээс зүүн эрэг болох Бостон хүртэлх хурдны зам Чикагог дайран өнгөрнө. Нисэх онгоцны “О,Hare” буудал нь зорчигч эргэлтээрээ дэлхийд  4-т ордог бол, нислэгийн зурвас болон талбайн хэмжээгээрээ 1-д ордог.  Мичиган нуурын эрэг дагуу 16 mile дугуйн болон гуйлтийн зам байдаг нь хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьсан мундаг арга хэмжээ гэж оршин суугчид нь талархдаг байна.

Мах болон газар тариалангийн үйлдвэрлэл сайн хөгжсөнөөс   махны болон улаан буудайн үнэ Чикагогийн биржийн үнээс хамааран дэлхийн хэмжээнд хэлбэлздэг аж. Чикагочууд өөрсдийн хотоо соёл урлагийн томоохон төв гэдгээрээ бахархдаг.  Түүхийн музей, Арт Урлагийн  Хүрээлэн, Жааз хөгжмийн, балет, дуурийн урлагийн төвүүдээрээ алдартай. Бас олон сонирхолтой шоунууд явагддаг. Саяхан шүдний эмч нарын шоу явагдаж өнгөрсөн бол одоо нүдний эмч нарын шоу явагдаж байгаа гэнэ.  Тэр ч бүү хэл “шарил хадгалах газрын шоу” гэж хийгдэж байсан удаатай. Маш олон үзэгчтэй болдог ийм шоунуудын ачаар сонирхогч жуулчдын хөл ч тасардаггүй.

Чикаго хотод баримжаагаар 5000 орчим монголчууд амьдардаг гэж мэдээллээ.  Монголчуудын олонхи нь  “өндөр настан асрах”, гоо сайхны салонд ажиллах, такси болон хүнд даацын машины жолоочийн ажлууд хийдэг.  Жилээс жилд хувийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ.
…Энэ аялалд оролцож ийм мэдээлэл, танилцуулгуудыг сонсож байхдаа  “Бид үргэлж л өөрсдийгөө завгүй, боломжгүй гэдгээр шалтгаалан өөрсдийн ажиллаж амьдарч байгаа газруудаараа тухтай аялаж амжихгүй юм даа. Хөдөлмөрлөж олсон мөнгөө өөрсдөөсөө ч харамлан байж Монгол руугаа илгээж байхдаа “за яахав дээ би ч тэгж байгаад болох л байлгүй, арга нь олдоно” гэж боддог. Чухамдаа бид өөрсдийн дэргэд байгаа олон гайхамшигуудаа  үзэж харж, мэдэрч байх нь бидэнд, бас бидний сэтгэл санаанд их л сайнаар нөлөөлж болох юм” гэж бодож байлаа.  Заавал ямар нэгэн баяр ёслол, арга хэмжээг хүлээлгүйгээр санаа нийлсэн найз нөхөд, гэр бүлээрээ хамтдаа ингэж аялж байвал сэтгэлийн гэгээрэлд, найзалж нөхөрлөхийн учирт их хэрэгтэй юм санж.

                 ТӨГСГӨЛ

Аялалын дараах үдшийн, Монголоос ирсэн зохиолчидтой уулзах цэнгүүнд оролцож амжаагүй.  Буцаж нисэх цаг минь болчихсон байлаа.  Гэхдээ л энд зорьж ирэн үзэж харж, дуулж мэдсэн бүхэндээ сэтгэл хангалуун байв.  Энэ арга хэмжээний үеэр Денверийн “Тулга” клубийг санаачлагч  Х.Лхамжав анд маань Монголын Зохиолчдийн  Эвлэлийн шагнал хүртэж,  Чикагод амьдарч байгаа яруу найрагч Х.Тэргэл, Вашингтон ДС-д амьдарч байгаа UMON ТВ-ийн эзэн Б.Уранчимэг нар “Соёлын Тэргүүний Ажилтан” цол  тэмдгээр шагнагдлаа.  Денверийн “Тулга” клубээс 9 уран уншигч уралдаанд оролцож, тэднийгээ дэмжих гэж 20-иод хүн хамтдаа ирсэн байв.  Сайхан байсан. Жилээс жилд ийм арга хэмжээний ачаар танил дотно нөхөд олонтой болж, яриа сэтгэл хамтдаа нийлэн сүлэлдэж байхад сайхан байдаг.  Тэр тусмаа уран яруу үгсийг хамтдаа амьсгаа даран сонсож, талархсан сэтгэлдээ баяр хүргэн алгаа ташиж суухад бүр ч сайхан.  Хүн бүрийн царайд  сэтгэлийн гэрэл гэгээ нь цацарч , бие бие рүүгээ инээмсэглэж  байх нь  дулаахан сайхан.
Чикагогоос хөөрсөн онгоцны цонхоор газрын одод гялалзан гэрэлтэж харагдана.  Газраас тэнгэрийн оддыг ширтэх, тэнгэрээс газрын оддыг ширтэх олон олон учрал тавилан дунд амьдрал утгатай, учиртай болдог мэт.  Дараа жилийн “Уран үгсийн чуулган” бидний амьдардаг  Вашингтон ДС хотод болно.  Сэтгэлд найраг хөглөгдсөн өдрүүд айсуй.
Баяртай! Чикаго. Сайн байна уу? Вашингтон ДС.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-11-15

Share Your Thoughts