Сиэтлийн тэмдэглэл

gal-sea-1

…Намайг очих болгонд газар дэвтээж, сэтгэл чийглэсэн хуртай байдаг Сиатл хот. Сиатлд газардахаас өмнөхөн онгоцны цонхоор харагдах мөнх цастай сүрлэг уулс нь, нутгийн минь хайрхан Отгонтэнгэрийг санагдуулдаг юм. Гэхдээ үелээд тогтсон мэт тэр уулсын орчил үргэлжилсээр, шивээлсэн балгас мэт нэг л сонихон харагдана. Монгол хүн өндөр сүрлэг уулсыг харахаараа заавал нэг бэлэгдэлтэй үгийг олж хэлдэг. Сиатлийн монголчуудын шагайн товчоог шинээр байгуулж байгаа, фейсбуукийн анд Л.Болдтөмөр надад “Энэ их сүрлэг хайрханы нөмөр нөөлөг нь монголчууд бидэнд ивээл буянаа хайрлах байхаа” гэж өгүүлсэн. Сиатлд ирэх болгондоо ямар нэгэн шалтаг олоод л тэр уулсын бэл рүү ч болов очих хүсэл минь энэ удаад ажлын ачааллаасаа болоод биелсэнгүй.

Нэг. Монгол Соёлын Төв байгуулагдав.
5 сарын 28 нь ням гаригт Сиатл хотын монголчуудын “Соёлын Төв” нээлтээ хийх гэж байгаа тухай Х.Ширчин анд маань надад дуулгаад, боломж гаргаад ирэхийг урьсан юм. Америк оронд монголчууд олноороо суурьсан хот болгонд сүүлийн жилүүдэд “Соёлын Төв”-үүд байгуулагдаж байгаа болохоор хэрдээ сонирхон зорьж очив.

Тэд энэ төвөө байгуулахдаа “Монгол соёл, түүх, зан заншил, урлаг спортыг АНУ-д сурталчлах, монгол хэл , түүх, соёл, ёс уламжлал, урлаг спортыг залуу үеийнхэндээ өвлүүлэх, монгол судлал буюу тодорхой сэдвээр цуврал лекцүүдийг зохион байгуулах” аар бодолцсон юм билээ. Цаг завгүй урссан олон олон он жилүүдийн урсгал дунд алжааж чилсэн нуруугаа тэнийлгэж, шаналж зүтгэсэн сэтгэлээ нэг аргадаж, амьдралын хэмнэлээ анзаарч өөрчлөхийг хүссэн монголчууд сүүлийн жилүүдэд олон зүйлийг санаачилж, нэгдэж хамтрах болсон.

Монгол нутгаа санасан сэтгэл нь өсч өндийж, боловсрон хөгжиж буй хүүхдүүдийнхээ хувь заяанд “аргамжигдаж” байгаа болохоор, олдох боломж бүртээ л монгол хэл, соёл, зан заншлаа сурталчлахыг хүсдэг юм тэд. Өдөр хоногоор өсч, хөгжиж байгаа үр хүүхдүүдийн дотоод сэтгэл нь орчноо дагаад “америкжиж” байгаа болохоор сэтгэлийн чанад дахь зовинол нь үүн рүү тэднийг хөтөлдөг. “Эзээ биш монгол хүн байна даа, хүүхдүүдээ л “монгол” гэдгийг нь мартуулалгүй байнга сануулж” байх хүсэл хүн болгоны цээжинд буй. Цээжээ дэлдэж “Би Чингисийн монгол” гэж хашгирахгүй ч, сэтгэлийнхээ гүнээс “бид монголчууд шүү” гэж хүүхдүүдийнхээ зүрхэнд сонсогдохоор шивнэдэг юм тэд.
Энэ өдөр голомтоо тулж, галаа асаасан Сиатлийн монголчуудын “Соёлын Төв”-ийг Г.Уртнасан \урлаг соёл эрхэлсэн\, Х.Ширчин \монгол судлал, сургалт эрхэлсэн\, Б.Далай \уламжлал, ёс заншил эрхэлсэн\, Ё.Отгон \санхүү, гадаад харилцаа, бичиг хэрэг эрхэлсэн\ , Ц.Осорбал \зөвлөх гишүүн\, Л.Болдтөмөр \шагайн харваа\, Энхболд \бие хамгаалах урлагийн “Аранга” дэвжээ\ нар санаа нэгдэн байгуулсан юм билээ. Хүүхдүүдээ хөтөлж ирсэн эцэг эхчүүд энэ танхимд “шагай шүүрэх”, морь уралдах”, “дөрвөн бэрх буулгах” тэмцээнд оролцож хэрдээ хөгжилдсөн.

Бидний бага насны дурсамжийг сэдрээсэн “шагайн наадаан” , өнөө цагийн монгол хүүхдүүдэд сонирхолтой байсан байх. Тэрхэн зуур араар сууж байсан бид, “монголчуудын үндэсний тоглоом наадгай” нь ихэвчлэн нүүдэлчдийн уламжлалыг хадгалсан, байгаль амьтандаа сүлэлдэж байдаг талаар хэрдээ л “цэц булаалдаж” амжив.
Танхимын нэг хэсэгт нь “орчин үежиж”, нүүдэлчин амьдралаас холдсон залуус монгол гэрийн жижиг загвар дээр, гэрийн бүтээцийг нэрлэх гэж хэрдээ хөөрхөн “өрсөлдөцгөөв”. Харин танхимын нөгөө хэсэгт нь “шагайн харваа”-г сонирхогч залуус хуруунуудынхаа үеийг хорстол “сум нүүлгэв”. Хасаагаа оносон зарим нь урамшсандаа “хэ, ер нь болох юм байна шүү” гэх. Л.Болдтөмөр маань хэрдээ “туршлага заан” зааварласны хүчинд Сиатлийн “шагайн харвааны баг” бүрдэв бололтой. Магадгүй жилийн дараа Америкийн монголчуудын аварга шалгаруулах “шагайн харваа”-ны тэмцээнд оноч мэргэнээ гайхуулаад зогсож байхад “аз эзийн дэнс” гэж бодогдохгүй байхаа даа. Ямартай ч тэд амралтын өдрүүдээрээ “халуурах” нэгэн спортыг сонгоцгоов. Цэц мэргэн болцгоог.
Сиатлийн бүрсгэр тэнгэрийн дор, нэгэн өдөр монголчууд монголоороо “гоёж” өнжив. Хааяа шиврэх бороог “хувьтай хүн хураар” гэж бэлэгшээдэг болохоор, сэтгэл нь сэргэсэн хүн болгон нэгийг бодож шившээ буйз. Өөрсдөө “монгол хүн” гэдгээ мэдрэх гэж, өөрийнхөө үр удмыг “монгол хүн” гэж сануулах гэж монголчууд “Монгол Соёлын Төв”өө зорьдог. Тэр л сэтгэлийн хур дор Монголын минь хэл соёл, зан заншил, түүх бахархал цэцэглэж байдаг. Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт монголчууд монгол хэл, соёл, зан заншлаа бусдад түгээж байна. Үйлс нь өөдрөг байг.

Хоёр. “Их Засаг” дунд сургуулийн авьяаслаг хүүхдүүд Америкт
“Монгол Соёлын Төв”-ийн нээлтийн ажиллагаа өндөрлөх дөхөж ахуйд нилээд хэдэн монгол хүүхдүүд орж ирсэн нь Улаанбаатар хотын “Их Засаг” дунд сургуулийн хүүхдүүд гэнэ. Сиэтл хотноо жил болгон уламжлал болгон зохиогддог International Childrens Friendship Festival -д Монголоо төлөөлөн оролцож яваа аж. Тэднийг энэ арга хэмжээнд урьж оролцуулах санааг Сиатлийн Монголчуудын Холбооны тэргүүн Цэрэндулам гаргаж, Туркийн Соёлын Холбоо дэмжлэг үзүүлжээ. Тэд энэ тухайгаа танилцуулаад , уртын дууч охин Б.Ундармаагийн дуулсан хоёр дуугаар сонсогчдын “хорхойг гозгонуулж” орхиод , оройн 6 цагаас Сиатлийн монголчууддаа зориулан тоглох тоглолтондоо урьсан юм. Урд өдөр нь болсон фестивальд тэдний бэлтгэж тоглосон 15 минутын хөтөлбөр үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, хотын дарга нь хүртэл тэдэнд баяр хүргэж, талархсан тухай тэд хуучилсан.

Оройн 6 цагт Сиатлийн монголчуудын Христийн сүмийн байранд зохион байгуулагдсан “Их Засаг” дунд сургуулийн сурагчдын тоглолтыг үзлээ. “Бие нь бага хэдий ч бэлчээр нь нилээд том” бүжигчин хүү И.Энххүслэн, Б.Хүслэн нарын бужиглэсэн “Жалам хар”, “Аягат бүжиг”, “Хөх чоно”, “Эмнэг сургалт”, “Чингисийн бага нас” зэрэг бүжгүүд үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж орхисон. Дууны эвлэг нугалаа нь , дуулж буй төрх донжтой нь зохицон хосолсон Б.Ундармаагийн дуулсан “Цомбон туурайтай хүрэн”, “Алсын газрын зэрэглээ”, “Жинжиймаа” дуунууд нь алсын Америкийн тэнгэрт монгол дуу хуурын гайхамшигт аялгуу болон эгшиглэв. Удтал сонсоогүй монгол уртын дууны, тэнгэрийн тэртээд хүрч замхрах аялгуунаас айрагны үнэр сэнхийх шиг болж, олон ч хүний “самсааг шархируулав” даа. Д.Цолмонгийн дуулсан дуунууд, бүжигчин охин Б.Цэцэгсүрэнгийн “бий биелгээ”, нугараач охин Ж.Анужингийн нугаралт нь энэ тоглолтын өнгө төрхийг чимэв.

Сайхан байсан. Холын Америкийн нөгөө эрэгт монгол хүүхдүүдийнхээ дуу хуур, бүжиг, уран нугаралт хосолсон тоглолтыг үзнэ гэж санаагүй ээ. Хэсэгхэн зуур боловч Монголдоо очоод ирсэн юм шиг санагдсан. Хил хязгааргүй урлаг гэгч, хүмүүсийн сэтгэлийн чанадад оршиж буй хөг эгшгийг хөглөдөг л юм билээ. Олон ч үзэгчид уярч догдолж, баярлаж бахархаж байсан. Эдгээр “урлагийн бригад”-ыг “Их Засаг” дунд сургуулийн захирал Д.Ихбаяр, багш Г.Цэвэлмаа нар “ахалж” яваа юм билээ. Сиатлийн Монголчуудын Холбоо, Оюутны Холбооны залуус энэ “урлагийн бригад” ыг дэмжиж, ивээн тэтгэж, өөрсдийн баярлаж бахархсан сэтгэлээ бусад монголчуудтайгаа хуваалцахыг хүсч, хичээж байгаа нь сайхан санагдаж байв. Жил болгон уламжлал болгон явагддаг энэ фестивальд анх удаа Монголын хүүхдүүдээ урьж оролцуулан, их боломжийн “салхийг хагалсан” тэд, дараа дараагийн арга хэмжээнд монгол хүүхдүүдээ оролцуулах “аргаа олсон” доо баяртай байлаа. Америкчуудын гайхашрал, бахадлыг хөтөлсөн монгол хүүхдүүдийн авьяас билэг, урам онгод жил бүр энэ хотод дуурсаж байвал юутай сайн, юутай сайхан.

…Миний буцаж ниссэн онгоцны цонхоор мөнөөх сүрлэг уулс анир чимээгүй дүнсийнэ. Ноён оргил нь үүлэн дээгүүр ихэмсэг нь аргагүй хараачлах нь нэг л сүрлэг. Миний Монголын, үүл дэвсэж хур далласан уулс шиг. Уртын дууны эгшиг нь энэ үүлсээс давж эгшиглэх мөчид, тэр л үүлс нь уран сайхнаар нугарч, бий биелэж баярлах шиг. Бэлд нь “Жалам хар” хурц дөрвөн туурайгаараа газар “бөмбөрдөж”, хангинатал үүрсэн янцгаахдаа баярлаж нугарах үүлсээс хур хүсэмжлэн “агсамнана”. Зөөлөн зөөлөн шиврэх бороо нь ардын дуу мэт сэтгэл аргадан гэгэлзүүлнэ. Аяа сайхан монгол аялгуу минь. Аньсага норгон, сэтгэл чийглэж эгшиглэнэ. “Хувьтай хүн хурнаар” гэдэг дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-05-04

Share Your Thoughts