Согтуу толгой

\архийг тааруулж ууж чаддагүй хүмүүст зориулав\

Ууж эхлэхдээ

…Өмнөө байгаа шилтэй архинаас хундагалан уртаар амьсгаа аван татахуйяа”галзуурсан тэр ус” хоолой зуран давж, ходоод руу халуу дүүгүүлэн урсаж,хаа нэгтээ очин сэтгэл бүлээсгэнэ. Ярвайн хүчлэн байж залгилсан эвгүй төрх, нэгэн газар очижхалуу дүүгүүлсэн илчинд аажим аамжаарялдамхан хэрнээ аалигүй төрхөөр солигдох аж.Тэрхэн мөчид ямар нэгэн асуудлаас болж шаналж байсан сэтгэл бага зэрэг тайтгарлыг олж”амьдрал ч нээрээ сайхан юм даа” гэх хөгжүүн бодолтой сүлэлдэж эхлэх.

Дахин хундагалаж залгилахуйяа мөнөөх “галзуурсан ус”, өмнө нь явж дадсан замаараа давхих машин мэт хээв нэг давхиж хүрэх газраа хүрнэ. Хэд хэдэн хундаганы дараа орчин тойрноо тогтон харахуйяа нэг л сайхан хөгжүүн. Тэрхэн үедөмнөхөн шаналж байсан олон бодлууд аажим аажмаар сүрэг шувууд мэт үргэн нисч “хэ, тэр муу асуудал үер нь юу юм бэ?” хэмээн омогшин бодохуйяа дараа дараагийн хундага дарсыг сэтгэлийн чанадад урин дуудна. Эргэн тойрны бүх л зүйлс эрдэнийн өнгөөр гялалзан тодорч, сэтгэл ер бусын хөгжилтэй болох аж.

Галзуурсан усны ачаар сэтгэл нь хөгжиж хөөрөхдөө хэн нэгэнд сайхан үг хэлмээр ч юм шиг, хэн нэгэнтэй бүжиглэмээр ч юм шиг , эсвэл хэн нэгнийг дайлмаар ч юм шиг. Сэтгэлнь уярч өнгөрсөн амьдралаа бодохуйяа өөрийгөө өрөвдөн уйлмаар ч юм шиг, өрөөл бусдад зовлонгоо тоочин учирламаар ч юм шиг, бас бусдыг сурган хүмүүжүүлмээр ч юм шиг.

Ахиад сайхан хайртай учирч болмоор ч юм шиг, амьдрал ахуйгаа өөд нь татаж болмоор ч юм шиг, аугаа ихийг бүтээж чадмаар ч юм шиг.

Согтож эхлэхдээ

…Нилээд хэдэн хундаганы дараа ходоод нэгэнт халуу оргихоо больж тэндээс хөөрсөн манан толгойд очин нүүгэлтэнэ. Мөнөөх эрдэнийн өнгөөр гялалзаж байсан орчин аажим аажмаар манантан сүүмэлзэж бүх л юмс үзэгдэл сааралтан будантаж эхлэх. Толгойд буусан манан орчныг бүрхэхүйеэ юмс үзэгдэл тэр манан дунд хэд дахин томорчөнгө зүс, хэлбэр дүрсээ хамелион мэт хэд дахин өөрчлөх нь нэн сонин. Юмс үзэгдэл хамелион мэт өөрчлөгдөх тусам сэтгэлийн хөөрөл түүнийг даган олон янзаар савлан өөрчлөгдөх аж.

Олон олон хундаганы дараа толгой улам улмаар эргэж, хүүхдийн паркийн эргэдэгтоглоом дээр суусан мэт нэг л хөгжүүн.Эргэдэг тоглоом дээр суусандаа баярланинээмээр ч юм шиг, эсвэл үүниийх нь төлөө хэн нэгэнд гомдон уйлмаар ч юм шиг, нэг учраа олохгүй.Уух тусмаа, толгой эргэн эргэх тусам өөрийгөө, зөвхөн өөрийгөө л улам улмаар өрөвдөн гаслана, яг л нохой мэт.Өрөөл бусдыг харах тусам тэд миний хажууд өчүүхэн мэт. Өдмөөр ч юм шиг, нулимж орхимоор ч юм шиг, эсвэл инээд алдаж тэвэрмээр ч юм шиг, нэг сонихон.

Анх орж ирэхдээ тоомжиргүйхэн харсан хажуу ширээний бусгуй мисс ч юм шиг.Хавь ойрын хүмүүс бүгдээрээ найз эсвэл дайсан болох нь үл ялгагдана. Харин тэр өөрийгөө , зөвхөн өөрийгөө “баатар” мэт төсөөлнө.Эргэн тойрныбүх хүмүүс түүнээс айж сүрдээд ч байгаа юм шиг, алж устгахаар зэхээд ч байгаа юм шиг, мөнөөх “мисс” бүсгүй өөрт нь хандраад ч байгаа юм шиг, эсвэл аврал эрэн учирлаад ч байгаа юм шиг. Харин хорвоо дэлхий тэнхлэг дээрээяагаад ийм хурдан эргээд байгааг ойлгож үл чадна. Энэ хурдан эргээд байгааг хөлөөрөө хөшиж зогсоон, бусдыггайхашруулмаар санагдах авч тэгж үл чадна.

 Шогтож эхлэхдээ

…Сэтгэлд сүүмэлзэж байсан саарал манан, хундага дарс болгоны дараа улам улмаар хурдан харанхуйлна. Харааны түвшин тогтохоо больж, бүх л юмс аягүй хурднаар эргэлдэх аж.Энэ дэлхий намайг унагаах гэхдээ ингэж хурдан эргэж байгаад эгдүүцэн зэвүүцнэ. Дэлхийг үүнийх нь төлөө өшиглөж орхимоор, намайг түшиж аваагүйнх нь төлөө хэн нэгнийг занчиж орхимоор. Би дэлхийн тэнхлэг дээр ганцаараа зогсож байгаа болохоор бусад хүмүүс өчүүхэн харагдаж, тэгж санагдана. Юуг ч юм бэ? яриад байгаа тэр эрхмийн үг нь бус, эрүү нь л ойрхон харагдана. Түүн рүү гараа явуулж орхивол хүмүүс бахархан дуу алдаж мэдэхээр…

Хажуугийн ширээнд сууж байсан мөнөөх бүсгүйг тэврэн бүжиглэмээр гэнэт санагдаж орхих. “Би ийм л сайхан, ийм мундаг юм чинь” гэх бодолдоо тэр бүсгүйг бүжгэнд уриад татгалзсан хариу сонсохдоо гэнэт бачимдан уурлана. Өөрийг нь хэмжээ хязгааргүй доромжилсон тэр бүсгүйг урж тасдаад гадаа гаргаж шидмээр санагдах авч өчүүхэн сэтгэлдээ тэгж үл чадна. Харин согтсон сэтгэлдээ дотроо “чи муу янхан шүү дээ” гэж хараавч тэрээр сонссон эсэхийг үл мэднэ. Өөр нэгнийг өлөн, шүлэнгэтсэн харцаар хайвч, хараа сэтгэл огтоос тогтохгүй савлах аж. Аятайхан харагдсан нэгэн эрэгтэй, эсвэл бүсгүй алин болохыг ялгаж үл чадах.

Согтон шогтох тусам эргэн тойрны хүмүүс гагц түүнийг л бишрэн харж байгаа мэт санагдах аж. Бусдад өөрийн ид хаваа гайхуулах сэтгэлдээ юуг ч хамаагүй хиймээр. Тэр дуулж байгаа хүний микрофоныг булааж аваад түүнээс дээр дуулж чаддагаа харуулмаар, эсвэл хүмүүсийг гайхан биширтэл сайхан үг хэлмээр, үгүй бол хэн нэгнийг барьж аваад балбаж орхимоор. Зүгээр л яаж ч хамаагүй бусдын анхаарлыг өөр дээрээ татаж чадвал чармай нүцгэн явсан ч чадахаар ер бусын адбиш хүсэл цээжинд асах аж. Согтох тусмаа сэтгэлээр тэчьяадаж “яасан ч яах юм бэ?” гэх омогшил, тэнэгтэл зэрэгцэн холилдоно.Харин тэр хэмжээгээр дэлхий улам улмаар хурдан эргэлдэж түүнийг унагааж орхино. Яагаад хөл дээрээ тогтож чадахгүйгаа байгаагаа ганц тэр л ойлгож ядна.

Согтож шогтсон шөнө

…Ам хатаж, элсэн манхан цөлд ангаж ядарч явна.Эргэн тойрондаймшгаар дүүрэн. Мөлхөж явсаар нэгэн голын усан дээр очиж залгилан залгилавч цангаа үл тайлагдана. Амнаас галын утаа сүүмэлзэж байгааг мэдрэх авч түүнийг унтрааж үл дийлнэ. Цангах тусмаа улам улмаар тарчлах аж.Тэр л тарчлаан гаслан дунд олон юм зүүдлэгдэнэ. Ууж байхад манантан будантсан сэтгэлийн чанадаас нар гийх нь үгүй. Түнэр харанхуйн дунд мангас чөтгөр зүүдлэгдэнэ. Тэртээ нэгэн цагт алсад одсон аав ээж нь зэмлэж учирлаж зүүдлэгдэнэ. Тэвэрч амраглаж байсан тэр хайрт нь уйлж учирлаж зүүдлэгдэнэ. Ажилладаг газрын даргатайгаа хэрэлдэж муудалцаж зүүдэлнэ. Алтан нарыг хэзээ үзэхгүйгээр хоригдож байна хэмээн шаналж зүүдэлнэ.

Аваад залгилья гэвч авч хүрэхгүйн зовлонг яалтай. Залгилаад залгилавч цангаа тайлахгүйн шаналлыг яалтай. Сэрье гэвч сэрж чадахгүйн тамаллыг яалтай. Харж дарж зүүдэлсэн шөнийн тарчлалыг яалтай.

Өглөө сэрэхдээ гудамжинд нохой мэт, танихгүй нэгнийд хөсрий мэт, таних нэгнийд дараа мэт сэрэх л аймшигтай.Харин гэртээ сэрэхдээ аягүй ч гэлээ сэтгэлдээ баяртай.”За даа ямартай ч гэртээ хүрээд ирж дээ” хэмээн тайтгарахуйяа, тэр шөнийн элдэв аяг аашаа санаж ядан тарчилна. Хөнжлийн завсраас сэмхэн “шагайж” тэр өдрийн цаг агаар болон, уур амьсгалын өөрчлөлтийг эхнэрийн нүүр царай болон байр байдлаас битүүхэндээ “тандана”. Гэвч тэнд хэзээ ч гэрэл гэгээ болон алтан нарны баяр баясгалант цацрагийг олж үл харжчадах. Эхнэр ууртай, хүүхдүүд битүүхэндээ болгоомжилсон байх нь түүнд мэдрэгдэнэ. Гэвч яалтай билээ.

Уусны маргааш

…Толгой ангалзан өвдөнө, дотор билбэгэнэнэ. Толгой дотор арван зараа орж орхисон мэт, амнаас ханхлах эхүүн үнэр нь”арван гахайн үнэр ” мэт. Өмхийгээр хэрхэрнэ, огино, бас унгана. Авах юм ер алга. Сэтгэл бөөн шаналгаатай.”Өчигдөр би яасан бол?” гэдэг бодол аймшигт түгшүүр дагуулна. Сүүлийн мөчид “тас явсан” -аас хойш юу ч санагдаггүй ээ. Яг л харанхуй шөнө мэт. Хичээгээд ч юу ч харахгүй. Хэн нэгэнтэй муудалцсан, магадгүй зодолдсон байж магадгүй гэж бодохдоо бэртэл гэмтлээ тэмтэрч үзнэ. Нөгөө хандраад байсан хүүхэнтэй “учир ургуулсан юм болов уу?” гэж эмээхдээ түрүүвчээ шалгаж үзнэ.

“Үхсэн яадаг юм бэ? Би ганцаараа уугаа юу? Бүгдээрээ л адилхан ууж, байдалд ордог шүү дээ?” хэмээн дотор сэтгэлдээ хэн нэгэнтэй хэрэлдэх авч тайтгарах нь үгүй.Энэ өдрийн нар нэг л “бүрхэг”. Сэтгэлийн доторх манан дотроо өнөө хэр “төөрсөөр”. “Ядаж байхад яр” гэгчээ машинаа барьж ажилдаа явж байхдаа шаналсан бодолдоо урдах машинаа мөргөх шахам тоормосголно. Гудчина. Тэр болгондоо хараал урсгана, өөртөө эсвэл хэн нэгэнд харааж буйгаа ч ялгаж үл чадна. Ажил дээрээ очлоо гэвч “толгой ажиллахгүй” бөөн шаналал дүүрэн. Ахиадууж орхивол арай амар мэт. Гэхдээ амьдралын шаналгаа сэтгэл зовооно.”Дэмий ч ууж орхив уу?” гэх эргэлзээн” Бусадтай адилхан л ууж байна шүү дээ” гэх өмөөрөлтэй сүлэлдэн сүжирнэ.

Их л олон үглэл яншаан, нулимс учирлал, аргадалт тайтгарлал, ам өчиг дунд бид эвлэрцгээдэг. Гэхдээ тэр их шаналал дундах итгэл бага багаар алдагдсаар. “Амьдралаа бас хүүхдүүдээ бодоод” гэдэг шалтгаан дунд хардсан сэтгэл, сэмэрсэн сэтгэл, гомдсон нулимс “хатдаг”.Аргаа барсан зарим нь хамтдаа халамцаж сэтгэлээ “аргаддаг”. Орхиж боломгуй амьдрал, салж боломгүй хайр дунд олон хосууд аргаа барахдаа хамтдаа л ууж буй.Бид энэ л амьдралын архин далайд хамтдаа “живж” хамтдаа “сэлж” буй. Энэ л хамгаас гуниг. Монголчууд бид ямар ч их ууж, ямарч ихээр согтож, ямар ч ихээр “алингаа алдаж байна вэ?”

Төгсгөлийн орон дахь учирлал

…Хүмүүс бид архи хэмээх “идээний дээж” -ийг амтлахдаа ерөөл хэлдэг. Ерөөл болгон бэлэгдэл. Сайн сайхны төлөөх учирлал. Бас алсын алсад тэмүүлэх хөтөч. “Тааруулж уувал жаргал буюу, хэтрүүлж уувал зовлон буюу”. Нэгэн хэмжээг давж сэтгэл хөдлөлөөр хэтрүүлсэн дарс болгон ходоодонд хүрч, халуу дүүгүүлэн, уур болон уураг тархинд очдог. Тэр мөчид толгой согтдог. Хүний уураг тархины үйлдэл болгон хүний бие организмыгзахирч байдаг. Толгой согтвол хөл гуйвна, яг л тархины савалгаатай адил. Хүн эрүүл байхдаа сэтгэлээ захирч чаддаг бол, согтсон мөчдөө юуг ч захирч үл чадна, яг л адгуус мэт. Хүн эрүүл байхдаа хүсэл сонирхлоо захирч чаддаг бол, согтох үедээ юу г ч үл тогтоож чадна, сармагчин мэт.

Монголчууд бид энэ олон баяр бахадлыг тэмдэглэж мөн ч их ууцгааж байна даа. “Үг хэлбэл арга хэмжээ, үг хэлээгүй бол архидалт” гэсэн ёжтой хэллэгээр ерөөл болгоныг хэлсээр,ёс болгоныг дагасаарбид архидаж сурч байна даа. Хундага дарс болгоны ард сэтгэлийн шаналал түгшүүр, хагарсан хундага болгоны ард салж бутарсан амьдрал, хараал хэрүүл болоны ард нулимс цөхрөл. Хичнээн олон гэр бүл үүний улмаас салж, хичнээн олон зүрх сэтгэл, хайр халамж энэ бүхний ард цөхөрч, хичнээн олон шаналал зовлон үүний ард урсаа бол?

Нэгэн хундага дарс хүний сэтгэлийн чанад дахь эгшгийг хөглөдөг байж болох. Магадгүй уйтгар гунигийг сэргээдэг байж болох. Мохож гэрэвшсэн сэтгэлийн хаалтыг зад татдаг байж болох. Тэр л зогсоол дээр амаа татаж, тэнцвэрээ хадгалж чадахгүй бол бүү уугтун. Их ууж согтсон ч гэлээ өмнөө байгаа хундага дарсыг харж суухдаа “хэрэв үүнийг уувал миний ухааны чагтага тасарч мэдэх юм” гэж бодох дор больж сурах хэрэгтэй мэт. Хэрэв уух хэрэгтэй цаг ирвэл дотно найз нөхдийн хүрээн дотор, сэтгэлээ нээн бага багаар шимж уун сэтгэлийн дотно үгээ хэлэлцэж суувал юутай сайхан. Алив зүйл хэмжээг давбал булингартдаг, үертэй голын ус мэт. Хэмжээндээ таацаж байвал тунгалаг дөлгөөхөн голын ус мэт.

Бид энгийн байхдаа өөрсдийгөө толинд харавч үнэн төрхөө бодит байдлаар харж чаддаггүй. Санамсаргүй байдлаар согтуу байхдаа хийсэн бичлэгээ харахдаа учиргүй ичдэг. Бид өөрсдийн хацраа өөрөө үнсэж чаддагүйтэй адил өөрийн сотгуу байсан төрх, араншингаа өөрөө олж харж чаддаггүй. Харин кино үзэж буй мэт бусдын согтож алингаа алдсан төрхийг өөрийн нүдээр харахдаа зэвүүцэн шоолдог. Тэгэхээр бидний согтуу байхдаа гаргаж буй араншин төрхийг видео бичлэг хийн өөрт нь харуулбал яах бол? Бусдын өмнөөс ичих булчирхай байгаа болохоор өөрийнхөө согтуу төрхөөс ичих булчирхай нь түүнээс ч илүү байж болох.Оролдоод үзвэл хэрэг болох ч юм бил үү?

Монголчууд бид энэ тухай эргэцүүлэн эрүүл ухаанаар бодох цаг нэгэнт болжээ.”БАЛГАЖ ТААРУУЛЖ УУВАЛ ЖАРГАЛ БУЮУ, БАЛАЙ ИХЭЭР УУВАЛ ЗОВЛОН ШАНАЛАЛ БУЮУ”

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2012-07-21

Share Your Thoughts