“СОГТУУ” УРЛАГ

Урлаг бол дэндүү ариун гэгээн бүтээл. Нүдээрээ харж баясан, сонороороо анирдан бахдаж, сэтгэл зүрхний чанадад уярам зөөлөн, хайрлан дурламаар мэдрэмжийг урлаг л бидэнд өгдөг. Заримдаа нэгэн сайхан аялгууг сонордоход дотоод ертөнцөд минь “тэр” хэмээн оноохын аргагүй, “тийм” гэж төсөөлөхийн аргагүй мэдрэмж төрж, сэтгэлийн их “диваажин”д залрах үе бий. Тэр өдөржингөө юунд ч юм бэ? баясаад л, хүмүүс руу харж өөрийн эрхгүй инээмсэглээд л, амьдралд бас хамтдаа амьдарч буй үй олон амьд бодьгалуудад талархмаар, тийм гоё мэдрэмжийг урлаг бидэнд бэлэглэдэг. Сайхан шүү, тийм аугаа бүтээлүүдийг бүтээж, түүнийг нь амилуулан бидний мэдрэхүйд хүргэдэг хүмүүс гайхамшигтай сайхан хүмүүс. Тийм болоод л бид тэднийг хайрлан биширч, хүндлэн дээдэлдэг. Жинхэнэ урлагт хэзээ ч хил хязгаар байдаггүйн адил, жинхэнэ уран бүтээлчид ч хил хязгаар үйлчилдэггүй.
Монголын минь урлаг гайхамшигтай. Бид хар багаасаа л дуу шиг ертөнцөд өссөн болохоор дуу сонсох, дуулах дуртай. Дэлгэр зуны улиралд хаяаг нь шуусан монгол гэрийн дотроос дуурсах уртын дууны шуранхай, тэртээ алсад ууссан ууссаар тэнгэрийн тэртээд шингэж дуурсах нь монголчууд бидний бахархал. Биднээс өөр хэн ч ийм мэдрэмж дунд өсөөгүй болохоор бид хэрдээ бардам. Наран зүгт нүдээ онийлгон, чихээ дэлдийлгэн байж тэр л аялгууг сонсдог болохоор бид өөрсдийгөө “тэнгэрийн амьтад” хэмээн төсөөлдөг байх. Бүжиг нь хүртэл агсал, бардам түрэмгий хэмнэлтэй. Хааяадаа уян налархай, наалинхай мэт байвч нэг мэдэх дор хөдөлгөөн нь хурдасдаг. Хуурын аялгуу хурдан морины довтлох төвөргөөн бас л бидний амьдарлын хэмнэл. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлж боломгүй тэр л орчинд бид өсчээ. Монголчууд бидний амьдрал нүүдэлчдийн урлагийн гайхамшиг дунд өрнөж асан. Аашлах нь хүртэл сургааль шиг, аргадах нь хүртэл дуу шиг аав ээжийнхээ ачлалд төрж өссөн бид азтай хүмүүс.
Харь оронд монголчууд ажиллаж амьдарсаар олон он жилийг үдэж байна. Нутгаа, эжий аавыгаа санасан сэтгэлийг нь “дэвтээх” гэж урлагийнхан тэднийг зорьж очдог болсоор багагүй хугацааг элээж байна. Эхэндээ сайхан байсаан. Тэдний дуу болгоныг эх нутгийнхаа салхи шиг, ээжийнхээ хайр ивлэсэн сүү шиг, эцгийнхээ учирлах сургааль шиг л уяран хайлан хүлээж авдаг байлаа. Одоо бол өөр болж байнаа.
…Шил шилээ даран Америкийн олон хотуудаар аялан тоглолт хийх урлагийнхан үнэ мөнгөндөө ч болдог байх, ядруухан баар цэнгээний газруудыг сонгоно. Сүржин маягаар сурталчилж, зарласан цагтаа эхлэхгүй. Түрүүлж ирсэн нь хүлээж цөхрөөд урам нь хугарна. Хүмүүс бие бие рүүгээ утасдаж “хүмүүс цуглаж байгаа эсэх”-ийг лавлана.” Монгол цаг”-ийн хэмнэлд дассан тэд, зарласан цагаас 1-2 цагийн дараа “эхэлж магадгүй” гэсэн баримжаатай. Хүлээж, залхаж цөхсөн хойно эхэлсэн урлагийн тоглолтын эхэнд хүмүүс нилээд гэрэвшингүй. Гэрэвшилээ дарах гэж зориг орох гэж хүмүүс байн байн архи, пиво худалдаж байгаа хэсэг рүү очно. Аажим аажмаар дуучны дуу нь чангарах хэрээр үзэгчдийн дуу ч дагаж чангардаг. Тоглолтын өрнөл хэсэгт бүгдээрээ хачин их хөгжилтэйгээр дуучныг дагаж дуулна, бас хамтдаа бүжиглэнэ. Эв зайг нь тааруулж байгаад зургаа селфидэж амжина. Тоглолтын төгсгөл хэсэгт нь дуучны дуунаас үзэгчдийн дуу давамгайлж эхэлнэ. Сүүлдээ дуучин яг ямар дууг яаж дуулаад байгааг хүмүүс анзаарахгүй шахам болно. Маргааш нь энэ тухай санахгүй байх тохиолдол зөндөө. Дуучид ч сүүл хэсэгт нь хам хум дуусгасан болоод “арилж” одно. Харин найр үргэлжилнэ.
Заримдаа ийм тоглолтууд ” урлаг” гэхээсээ “Хэн нь өрсөж их мөнгө олох вэ?” гэсэн зэрлэг өрсөлдөөн мэт санагдаад байдаг юм. Дуучид нь “ам барьж” дуулах дүрээс эхлээд хошин шогийнхон нь хошин шогоо үзүүлэхийн оронд дуулсаар байгаад дуусгах, дуучин нь согтуу гарч “марзганах” тохиолдол ч бий. Америкийн хот хотуудын Монголчуудын Холбоод “шинэ жил” ээ хийх гэтэл хорлонтой юм шиг хошин шогийнхон цуваад “төвөг удах” нь хэвийн үзэгдэл боллоо. Өрсөлдөж байгаа юм шиг байж байж байгаад хэдхэн хоногийн зайтай ирж үзэгчдийг хуваан талцуулах тохиолдол зөндөө. Хэн нь ч хэнийгээ хүндлэхээ больсон “СОГТУУ УРЛАГ”. Бид энэ байдалдаа дассаар уджээ. ХЭРЭВ УРЛАГИЙНХАН УРЛАГАА, БАС ӨӨРСДИЙГӨӨ ҮНЭЛЖ, ХҮНДЛЭХГҮЙ ЮМ БОЛ ХЭН ТЭДНИЙГ ХҮНДЛЭХ ВЭ? Ийм тоглолтуудаас урлагийн сайхан мэдрэмж, таашаалыг авч чадахгүй болохоор хүмүүс залхаж эхэлж байгаа. Урлагийн сайхнаар үзэгчдээ цэнгүүлж чадахгүй юм бол энэ нь урлаг биш, “халтуур” л болно. Та нарт төлж байгаа мөнгө болгон нь харь энэ газар урсгасан хөлсний дусал нь. Уухыг хүсвэл тэд хаана ч ууж чадна. Урлагийн тоглолтоос хүссэн сайхан мэдрэмжээ авч чадаагүйдээ хорсоод ууж байгаа юм шиг надад санагдаад байх болсон. Согтуу сэтгэлээр урлагийн гоо сайхныг мэдэрч чадах уу? ЭНЭ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛЖЭЭ. Энэ бүхэнд бодлого, зохицуулалт хэрэгтэй болжээ.
Сиэтл хотод МУГЖ дуучин Т.Ариунаатай уулзахдаа бид хоёр энэ сэдвээр ярилцсан юм. “Би Монголын урлагт 30 жил дууллаа. Мэргэжлийн дуучны хувьд хийхээр зорьж, судалж байгаа ажлууд их байнаа. Урлагийн үнэлэмжийг сайжруулах, Америкийн урлагийн орон зайг судалж, залуу уран бүтээлчдийг чиглүүлж хөтлөх, Монгол туургатан урлагийнхантай хамтарч ажиллах талаар сонирхон судалж байгаа” гэж тэрээр учирласан. Түүний тоглолт нь сайхан болсон. Тэрээр очсон хотуудынхаа монгол сургуулиудаар зочилж, хүмүүстэй уулзан санал бодлоо солилцож байгаа нь надад сайхан санагдаж байв.
Би лав урлагийн тансаг тайзан дээрээс уянгалаг сайхан монгол аялгуунуудаа сонордохыг хүсч байна. Тайзан дээрх эрхэмсэг оршихуй,  урлагийн гоо сайхныг мэдрүүлж байдаг юм. Тайзан дээр хүмүүс хэзээ ч хундага дарс барьж гардаггүй, харин гоёмсог цэцэгсийн баглаа барьж уран бүтээлчдийн өмнө мэхийн ёсолдог. МОНГОЛЧУУД БИД ӨӨРИЙГӨӨ болон БУСДЫГ ХҮНДЛЭХГҮЙ БОЛ ХЭН БИДНИЙГ ХҮНДЭЛНЭ ГЭЖ? Нэгэн сайхан аялгууг нүдээ аниж байгаад сэтгэл зүрхнийхээ гүнд сонсож, гайхам тансагийг нь сэтгэлээрээ мэдрэх сайхан шүү дээ. Ийм урлаг соёлын аугаа бүтээлүүдийн тусаар үндэстэн мөнхөд оршдог юм даа.

Share Your Thoughts