Сонгодог аялгуутай, тансаг төрхтэй Чикагогийн шинэ жил

…Гадаа орсон цас бүх л агаарыг цэнгэг болгож, хөл дор чахрах чимээ нь энэ агаарт тун содон , бас сонихон сонсогдоно. Нэвсийтэл дарсан цасан дээр үдшийн өнгө өнгийн гэрэл тусахад ер бишийн содон, үлгэрийн ертөнц мэт сэтгэлд гэгээ татуулна.

Гоёмсог засалтай уудам танхимд гоёлын даашинзтай бүсгүйчүүд, жэнтельмен төрхтэй залуус холхилдож, тэдний нүүрэнд баяр баясгалан гэрэлтэнэ. Танхимын голд байх  гоёмсог чимэглэлтэй гацуур модыг харах дор, бага ахуйдаа өвлийн өвгөнөөс бэлэг авах гэж тэсэн ядан хүлээдэг байсан тэртээх он жилүүдийн бүүдгэр дурсамжийг сэргээх.
Жил жилийн энэ л өдрүүдэд бүх л хүмүүсийн сэтгэл өөрийн эрхгүй хөвсөлзөж, нэг л сайхан зүйл хүлээх мэт мөрөөдөлд умбадаг. Чухам юуг хүлээгээд байгааг тэгтлээ тогтож анзаарахгүй ч, ирж яваа он цагийн хэлхээсэнд дэх олон учрал, бас хувь заяан дахь олон бэлэгдлийг л хүлээж байгаагаа мэдэрдэг.

IMG_8318

Ийм л нэгэн үдэш Чикагогийн монголчуудтай хамт нэгэн шинэ жилийг өнгөрөөв.
…Чикагогийнхан ер нь нилээд онцлогтой. Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын дундаас ажлын онцлогоосоо хамааран багагүй чинээлэг, бас тэгээд урлагийн мэдрэмж илүүтэй нь анзаарагддаг. Саяхан болж өнгөрсөн “Aяны шувуу” хүндэтгэлийн тоглолтоос Чикагогийнхнаас анхны сонгодог оркестр төрсөн. Хийл болон төгөлдөр хуурын хамтарсан оркестр нилээд өндөр мэргэжлийн түвшинд эндээс төрж, энэ л урам зориг боломжоороо тэд,  мундаг нэгдлийг бий болгож, мундаг бүтээлүүдийг төрүүлж эхэлж байгаа. Тэд энэ үдшийн шинэ жилийн гол цөм нь байлаа.

Тайзан дээрээс энэ л оркестрийн эгшиглүүлэх гайхалтай аялгуунууд энэ үдшийг сонгодог хэрнээ тансаг төрхөнд хөтөлж байлаа. Бас л ‘Аяны шувуу” тоглолтоос өөрийгөө бусдад таниулж, ур чадвараараа олон нийтэд танигдаж яваа залуу дуучин Ганзориг Вашингтон ДС хотоос уригдан ирж тэдэнтэй хамтад ая дуугаа өргөсөн нь бас нэгэн сюрприз боллоо. Энэ үдэш ердөө л сонгодог үдэш байсан. Урт сахалтай, бас нүдний шилтэй нилээд хэлэмгий байрын өвлийн өвгөн, цэнхэр өмсгөлтэй сонгодог балет бүжиглэдэг цасан охин, түүнийг дагаад тайзан дээр эргэлдэж байсан цагаан даашинзтай охидууд хүртэл сонгодог байсан гээч. Бяцxан хүүхдүүдэд тарааж байсан бэлэг нь хүртэл “сонгодог” Барбитай байсан шүү.

Энэ шинэ жилийн хүндэт зочид нь МУГЖ циркийн жүжигчин Ягаанцэцэг, МУГЖ балетийн бүжигчин Наранханд, МУСТА телевизийн нөгжмийн найруулагч Буриад /төгөлдөр хуурч Мөнгөнчимэгийн аав/, Урлаг судлаач доктор Батжаргал нар байлаа. Бусад шинэ жилүүдийн адил “шилдэг бүжигчин хос”, “азтай оролцогч”, “гоёлын даашинзтай гоо бүсгүй”, “oны шилдэг хүүхэд” гээд олон номинацид сонгодог хөгжмийн аялгуу доор шалгаруулсан. Харин Чикагогийнхан “гоёлын даашинзтай гоо бүсгүй’- н шагналаа Польшоос ирсэн бүсгүйд алдсан боловч, бусад номинацаа “дошин дээр”-ээ авсан болохоор бас ч сэтгэл хангалуун байгаа харагдсан. Шилдэг бүжгийн хос шалгаруулах явц нилээд өрсөлдөөнтэй болсон ч “хуучин бууны хугархай’ гэдгээрээ Цэдэвийн хос тодорлоо. “Aзтай оролцогч”-оор Гунанбаатар гэдэг залуу шалгарсан нь олон ч эцэг эхчүүдэд, хүүхдэдээ их л содон нэр бодож олох нь зүйтэй юм гэдэг бодол төрүүлсэн байхаа. Магадгүй ирэх жилийн шинэ жилд Нойрсож буй гүнж гэдэг нэртэй бүсгүй ийм номинацад түрүүлэх ч юм бил үү?

Харин оны “шилдэг хүүхэд”-ээр шалгарсан Жамьянхүүгийн Номундалай хүү, гимнастикийн төрлөөр мужийн аваргаар 4 удаа шалгарч байсан төдийгүй 2010 онд 30 орчим медаль тэмцээнүүдээс авсаны 20 нь алтан медаль байгаа гэнэ. Ямартай ч Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын шинэ үе, энэ оронд олон зүйл дээр “цахиур хагалах” эхлэл харагдаж байлаа. Эцэг эхтэйгээ хамтад шинэ жилд ирсэн бүх л хүүхдүүд бэлэг авцгаасан. Тэд хөлхөж, мөлхөж байгаад ч болов бэлгээ авсан нь их л өхөөрдөлтэй. Зарим нь өвлийн өвгөнөөс айж уйлсан нь монгол өвгөн харалгүй дандаа Санта Клаус харж байсных байх л даа.
Сонгодог аялгуутай, дуутай, бүжигтэй, бас олон номинацтай, дуулгага худалдаатай, идэх уух зүйлээр элбэг дэлбэг энэ шинэ жилийг www.zok.mn блогийн эзэн А.Ганзориг найз нарынхаа хамтад зохион байгуулж, ‘Sushi Mon’ ресторан, “Venice Pizza” ресторан, “MTS Cargo”, “Altai limuzin service”, “Amerikan Familey Insurance”  зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн гэсэн.

Ямартай Чикагогийн залуус “сонгодог” хэлбрийн шинэ жил хийж эхэлж байгаа нь тэдний хүсэл мөрөөдлийн илрэхийлэл байх л даа. Тэд бас шинэ зүйл эрж хайж, бас зориг гарган хийж эхэлж байна. Та нартаа ч бас их амжилт, өөдрөг тэмүүлэл хүсье.
Дараа жилийн шинэ жил даан ч хол байна даа. Гэхдээ яг ч шинэ жил дуусаагүй байгаа л даа.
Харьд ажиллаж амьдарч, алжаахдаа алжааж, баярлахдаа баярлаж чаддаг олон монголчууддаа шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, инээд баясал дүүрэн, аз жаргалтай, сайхан хүсэл мөрөөдөл, азтай олон учралуудтай шинэ оноо угтахыг ерөөе. Та нарын минь ажил амьдрал өөдрөг сайхан байг ээ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-12-28

Share Your Thoughts