СОНГОЛТ

Уурлаж уцаарлалгүй, тайвнаар эргэцүүлж бодох юм бол бидний амьдрал сонголт дээр оршиж байгааг анзаарах болно. Хэн нэгэн таныг сэтгэлгээний хувьд “хүчирхийлж”, дарамтлан албадаагүй л бол та бүх үйлдлээ зѳвхѳн ѳѳрѳѳ л сонгодог. Нэгэнт ѳѳрѳѳ л сонгосон бол амжилтдаа сагсууран гайхуулж, алдаандаа уурлан бухимдаж, гутарч гуних хэрэггүй гэсэн үг. Яагаад гэвэл та ѳѳрѳѳ л үйлдлээ сонгосон юм шүү дээ.

 

-Баян эсвэл ядуу амьдрахаа та ѳѳрѳѳ л сонгодог. Ѳѳрийнхѳѳ дуртай ажлаа сонгоод, түүндээ сэтгэл зүрхээ зориулж, шантралгүй тэвчээртэйгээр хѳдѳлмѳрлѳхѳд та заавал амжилтад хүрнэ. Баяр бахдалтайгаар олж байгаа мѳнгѳ тань амьдралд тань хүрэлцэж байгаа бол та баян хүн. Хүн болгон заавал тэрбумтан болох албагүй бас тийм боломжгүй болохоор хүн ѳѳрийн хэмжээндээ л хэрэгцээгээ зохицуулж амьдрах хэрэгтэй болдог. Гэнэт их мѳнгѳ олохыг мѳрѳѳдѳн дээшээ харж хэвтээд, эсвэл Гандан орж ном уншуулж даллага авахуулаад, нѳгѳѳ бол нэг хүнийг дуурайн хэтэвчээ агаарт даллан нүдээ аньж мѳрѳѳдѳѳд, үгүй бол нүүрномд гиюүрч “Аз аз бурзай” гэж бичээд элдэв мод, могойн зураг шэйрлээд хэзээ ч баян болдоггүй юм аа. Хэрэв энэ бүхнийг “Үнэн” гэж бодож, итгэж хүлээж байгаа бол та энэ насандаа ядуу амьдарсаар дуусах болно.  Яагаад гэж үү? Энэ бол таны сонголт учраас.

 

-Хэн нэгнийг хайрлах, хайрлуулахаа та ѳѳрѳѳ л сонгодог. “Мисс” эсвэл “босс” хүнтэй гэрлэнэ гэж санаашрах атлаа ѳѳрѳѳ тийм шалгуурт тэнцэхгүйгээ мэддэггүй. Ѳнгѳ мѳнгѳ нэгэн цагт үнэ цэнээ алдахад, хажуудаа байсан хав халуун, дулаахан сэтгэлийг анзаарахгүй алдсанаа ухаардаг. Та ѳѳрѳѳ зѳндѳѳ хүмүүстэй учирч, нийлж салах болгондоо ѳѳрийн зүрх сэтгэлдээ ойрхон хүнийг л хайгаад байдаг юм шүү дээ. Зүрх сэтгэлд тань ойрхон хүн л таныг чин сэтгэлээсээ хайрлан халамжилж, тэвчин уучилж, хар хорыг хайраар зѳѳлрүүлдэг. Гэхдээ та зѳвхѳн ѳѳрийгѳѳ л хайрлуулахыг хүсээд байх ахул нэг л мэдэхэд тэр их хайр хѳрѳѳд холдоод одно. Хэрвээ хайрлаж чадах бол хоёргүй сэтгэлээр үнэнчээр хайрла, чадахгүй бол ѳѳрѳѳ холдоод яв. Сайн хань байж чадахгүй бол хэн нэгний амьдралыг “там” болгож, цаг хугацааг нь хардлагын хүлээсээр хүлж яана. Яагаад гэж үү? Хүн болгон энэ ертѳнцѳд хайрлуулах гэж л ирсэн. Тэгэхээр бусдад боломж олгох хэрэгтэй биз дээ?

 

-Сайн эсвэл саар найзуудтай байхаа та ѳѳрѳѳ л сонгодог. Таны сэтгэл санаа гэгээлэг ѳѳдрѳг, эсвэл уцаар бухимдалтай байх нь таны эргэн тойронд байгаа найз нараас шалтгаалдаг юм шүү дээ. Хамтдаа ном уншиж, эрүүл агаарт зугаалцгааж, адил сонирхлоороо цагийг үр ашигтай ѳнгѳрүүлж, бие биенээ урмын сайхан үгсээр баярлуулж, баяр зовлонг нь хуваалцан тушиг болдог сайн найзуудтай бол та хэзээ ч хѳгшрѳхгүй. Нийлж архидан, согтохоороо шогтон солиорч, эсвэл хов базаж, хэн нэгнийг муучлан гоочилцгоож, бие биенээ ѳмѳѳрч байгаа “дүр эсгэн” бусдыг дарамтлан зовоож, бие биенээ турхиран муу үйлдэл руу түлхэж байдаг бол та амархан хѳгширч “сүг” болон хувирдаг. Яг үнэндээ байна шүү дээ, та нар хамтдаа хэн нэгнийг муулж байгаа бол маргааш таныг хэн нэгэнтэй хамтдаа муулдаг юм шүү дээ. Яагаад гэж үү? “Сурсан занг сураар боож болдоггүй” юм аа.

 

-Аз жаргалтай амьдрах эсвэл зовлон шаналалтай амьдрахаа та ѳѳрѳѳ л сонгодог. Хүмүүс аз жаргалыг гаднаас л хайн бэдэрдэг. Харин тэр нь таны сэтгэл дотор оршиж байдгийг мэдддэггүй. Хичнээн олон сайхан жишээ тоочих авч, эцсийн эцэст таны сэтгэлийн ханамж, амар амгалан оршихуйд аз жаргал тогтож байдаг. Ѳѳрийн боломжоо дайчлаад бий болгосон бүхэндээ сэтгэл ханаж амьдрах, хичнээн олон хүнийг байгаагаар нь ойлгож, үзэн ядахын оронд ууч сэтгэлээр хандах нь аз жаргалын булаг. Харсан бүхэндээ атаархаж хорсоод, таалагдсан бүхнээ авах гэж шунан тачаадаад байх аваас амьдрал тань зовлон болж хувирдаг. Улсаасаа, ард олноосоо хулгай хийж, хууль бусаар баяжчихаад түүгээрээ та бидэнд гайхуулах гэж ядаж яваа бэртэгчингүүдийг аз жаргалтай амьдарч байгаа гэж эндүүрдэг. Тэд чинь барагдашгүй шуналдаа тарчилж, баригдчих вий гэсэн айдсандаа хүлэгдэн зовж амьдардаг юм шүү дээ. Яагаад гэж үү? Энэ амьдралд бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй байдаг юм.

 

Энэ амьдралд хүчирхэг эсвэл сул дорой байх нь, ѳѳртѳѳ итгэн ѳѳрийн амьдралаа ѳѳрѳѳ удирдаж явах, ѳѳрийн амьдрал хувь заяагаа бусдад даатган тэднээс асууж шийдүүлэх хязгаар дунд хэлбэлзэж байдаг юм. Таны амьдрал, ѳмнѳѳ байгаа үй олон сонголтоос хэрхэн сонгох таны чадамжаас шалтгаалж байдаг. Муу сонголтынхоо муу үр дагаврын бурууг бусдаас хайгаад эхлэх ахул та зовсоор л байх болно. Сайн сонголтынхоо сайн үр дагаврыг ѳѳрѳѳ хүртэж, түүнийгээ бусадтай хуваалцаж байх ахул та  жаргалтай байх болно. За тэгээд нохой жил гарлаа. Цѳмѳѳрѳѳ сонголтоо хийгээд л байж дээ.

Share Your Thoughts