СОНГУУЛИЙН ДАРААХ БОДОЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль  явагдаж дууслаа.  Нийт 1, 864 595  сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 1, 239 784 сонгогч саналаа өгсөн нь сонгуулийн ирцийг 66, 49 %-д хүргэжээ.  Энэ удаагийн сонгуульд  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж  622,794  сонгогчийн санал авснаар  50, 23%,  МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ  520, 380 сонгогчийн санал авснаар  41, 97%,  МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал  80, 563 сонгогчийн санал авснаар 6,5 % гэж тооцогдон, хуулийн дагуу Ц.Элбэгдорж энэ сонгуульд ялалт байгууллаа.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд сонгуульд саналаа өгөх боломжтой болж, сонгуульд саналаа өгч байгаа 2 дахь тохиолдол. Гадаадад байгаа монголчуудаас Ц.Элбэгдоржийг  20739 сонгогч, Б.Бат-Эрдэнийг 1238 сонгогч, Н.Удвалыг 182 сонгогч дэмжжээ.  \мэдээллийг СЕХ-ны урьдчилсан мэдээллээс авав\. Сонгуулийн өмнөх их хийрхэл, талцал намжиж, үндэсний их эвлэрлийн үе эхэллээ.  Тэнгэр нижигнэж, цахилгаан цахилж, тэнгэрт хуралдсан бараан үүлсээс аадар бороо асгарч, хэсэгхэн зуур хамаг юмсыг бужигнуулаад өнгөрдөгтэй адил мэт.   Сүртэйеэ асгарч өнгөрөх аадрын дараа, өнгө засан солонгорох байгалийг ажиглангаа монголчууд бодол билчээдэг.
   Санал хураалтын өмнөх их хийрхэл талцал
Бидэнд нэг муу тал байнаа. Сонгууль болохоор л амаа авч давхидаг агсам морьд шиг аашилцгаана. Сайн муу аль аль нь хосолсон бие хүний нэг болох нэр дэвшигчдийг   нэг бол “тэнгэрт тултал магтана”, эс бол “газар доогуур ортол нь муулна”.  Аливаа асуудлын сайн муу талуудад нь бодитоор хандана гэж үгүй. Намуудын гишүүнчлэл гэдэг “үүрэг”, “намын даалгавар”-аар, “юу ч болж байсан хамаагүй, нүдээ аниад л гүрийнэ” гэдэг шиг л авирлах.  Нөгөө, “дүүрсэн хэрэг дүрээд л үхье” гэдгийн үлгэр шиг. Хэрэв өөрийнх нь  дэмжсэн хүнийг нь дэмжихгүй бол  “дайсны тал”, дэмжиж байвал “манай тал” гээд л талцаж орхино. Өөр хоорондоо хэрэлдэж маргана, өрөөл бусдыг доромжилж гутаана, бүтэх бүтэхгүй олон шалтаг нэрлэж будлиулна.
Яг үнэндээ бид, сонгуульд нэр дэвшихдээ санал болгож байгаа мөрийн хөтөлбөр, тухайн хүн энэ ажил үүргийг гүйцэлдүүлж чадах эсэх, нэр дэвшигчийн ард байгаа бодлогоор дэмжих баг зэрэгт огт анхаарлаа хандуулахгүй. Өөрийн хүнээ магтах, өрсөлдөгч нэгнийг муучлах нь арай л хэрээс хэтэрдэг. Сурталчилгааны өнгө аясыг нь ажиглах аваас нэр дэвшигч тэдгээр эрхмүүд нэг бол “тэнгэрийн амьтан”, бидэнд азаар заяасан “бурхан”, бүх ид шид нь цогцолсон “аврагч”, нөгөө бол хүн ойртохын аргагүй “бузар амьтан”,  шоронд сууж байх ёстой “гэмтэн”, есөн шид нь бүрэлдсэн “гай түйтгэр” мэт. Энэ манан дунд шударга үнэн гэж үгүй болж, хүний мөс чанар алга болж орхино. Бие биенээ муучлах гутаах, гүтгэж гүжирдэх нь арай хэрээс хэтэрдэг. Харин сонгуулийн дараа бүгд чив чимээгүй. Хэн ч хариуцлага хүлээхгүй.  Гүтгэсэн нь ч гүтгүүлсэн нь ч огт тоохгүй. Монголчууд бидний “хээгүй”, “гүндүүгүй” чанар юм уу даа.
Энэ их хийрхэл, талцал, гүтгэлэг, солиорлыг зохион байгуулж, өгдөөж байгаа эзэд нь Намуудын удирдагчид. Намууд нэр төр, мөн чанараа аль хэдийн алдаж орхижээ. Энэ сонгууль Монголд оршиж байгаа намуудын үнэлэмжийг тогтоож өгөв. Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа олон хүн, нэр дэвшүүлж байгаа МАН-д дургүй байхад, Ц.Элбэгдоржийг муулж байгаа олон хүн АН-ыг дэмжсэндээ, Н.Удвалыг МАХН-ын нэрээр Н.Энхбаярын “захиалгаар нэр дэвшиж байна” гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байсан байх. МАН, АН, МАХН-уудын хувьд, ардчилал ялснаас хойшхи олон жилд улс орны эрх ашгаас “урваж”, шударга ёсыг “уландаа гишгэж”, хуйвалдан зохицож, хуваан завшиж байгаа “шунал нь шулам” болсон, олон олон олигархиудыг эгнээнээсээ төрүүллээ. Яг үнэндээ аль ч нам нь ялгаагүй. Ядаж л АН, энэ бүхний эцэст арай л өөрөөр “харж”, шинэчлэлийг зориг гарган эхлүүлж байгаадаа олон нийтийн дэмжлэгийг хүлээж байна.  МАН, МАХН-ын хувьд  “айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн ална” гэдгийн үлгэр болж буй.
Ард олныг ухамсаргүйгээр талцуулж, ухаангүйгээр хийрхүүлж,  бодолгүйгээр солиоруулж байгаа энэ намуудад хариуцлага тооцох цаг нь болжээ. Би энэ сонгуулийн дараа ингэж л бодож, харамсаж сууна. Сонгуулийн сурталчилгааны үеэр монголчууд бидний мөнгөний төлөө мөн чанараа ч худалдахад бэлэн сэтгэлгээ, сонгуулийн үр дүнд найдсан зусардалт, өөрийн ашиг сонирхлын төлөө хэнд ч урваж мэдэхээр хуурамч зан, мэдлэггүй, ухамсаргүй хийрхэл л илүүтэй мэдрэгдэж байв.  Хэн биднийг ийм болгож орхив оо? Одоогоор илэрч, шалгагдаж эхлээд байгаа, албан тушаал, эрх мэдлээ ашиглан улс нийтийг их хэмжээгээр хохироосон завшигчдын төлөө, эдгээр намуудыг татан буулгах ч ёстой.  Тэд энэ олон жил хууль, шударга ёсыг зөрчин байж, Төрийн эрх мэдлийг хууль бусаар  авч байсан. Тэд л монгол хүмүүсийн сэтгэлгээг мөнгөнд “хүлж”, бүх зүйлийг мөнгөөр “хэмжиж”, мөнгөний төлөө “хүн чанар” эрхэм зүйлээ худалдах арчаагүй сэтгэлгээг бий болгож байна. Үгүй гэж үү?
Эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэггүй сонгогчид
-Энэ гурван нэр дэвшигчдийн алинд нь ч санал өгсөн ялгаагүй дээ?
-Санал өгөөд ямар нэмэр байгаа юм бэ? Тэртэй тэргүй луйвардчихдаг биз дээ?
-Би сонгуульд санал өглөө гээд надад ямар хэрэгтэй юм бэ?
Сонгууль болгоны өмнө ирцээ гүйцээх гэдэг түгшүүртэй бодол улстөрчдийг зовооно. Хамаг гоёлоо өмсөөд, наадамд очих гэж байгаа юм шиг л сэтгэл нь догдолж, сонгуульдаа 99, 99%  саналаа өгч, түүнийгээ баяр бахдалтайгаар “тэмдэглэдэг” байсан үе улирч, сонгогчид “үнэд хүрэх” цаг  үе иржээ. Иргэдийг сонгуульд саналаа өгвөл “1000 нэгж бэлэглэнэ”, “Сонгуульд саналаа өгөхөд нь унаагаар үнэгүй үйлчилнэ”, “Ажлын өдөр байсан ч амарч, цалингаа бүтнээр нь авна” гэхчилэн сонгогчдийг “гүйж царайчлан”, аргадаж зусардана. Монголын Төрийн нэр хүнд, хүндэтгэл ингэтлээ дордсон гэж үү?
Иргэн болгонд сар бүр бэлэн мөнгө тарааж, оюутнуудад хөнгөлөлт үзүүлж, бэлэн мөнгө олгож “эрхлүүлдэг”-ийн муу үр дүн энэ. Улстөрчдийн өөрийн хулгайлж завшсан их завшлаа “нууж хаацайлах”-ын тулд , “эхийг нь эцээж, тугалыг тураахгүй” байлгах оролдлого тань, сонгууль бүрээр “мөнгө амалж”,  түүнээ биелүүлэхгүй олон шалтаг олж , хүмүүсийг “баярлуулан горьдоож, гомдоож” ирсэн бүх үйлдэл тань, өөрсдөө үүнийхээ төлөө уучлал гуйж, хариуцлагаа хүлээдэггүйн уршиг тань, иргэдийг ийн “их зантай”, “эрх танхи” мунхаг болгож орхисон.  Сонгуулийн үеэр  хүмүүс “Монгол Улсын иргэний үүрэг” -ээ биелүүлэхээс татгалзаж, “энэ ноён надад яаж хандана, би тэгж л хариу барина” гэх маягтай болжээ.  Яг үүнээс тань болж хүмүүсийн Төрдөө итгэх итгэл, хүндэтгэл тэгтлээ багассан болохыг анзаарахгүй байна гэж үү?
Энэ жил АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод иргэдийн саналаа өгөхөөр бүртгүүлэх, санал авах үйл ажиллагаанд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд сайн ажилласан, миний бодлоор. Харин үр дүн нь тийм ч сайн байгаагүй. Энэ нь гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын улстөрийн идэвхи сул байгаатай, өөрийн эрхэлж байгаа ажлаасаа илүүг бодох хүсэлгүй байгаатай, хуулинд зааснаар сонгуульд санал өгөхдөө өөрийн биеэр, зөвхөн батлагдсан сонгуулийн хэсэгт саналаа өгөх заалттай, бас төрд итгэх итгэл нь сул байгаатай холбоотой гэж бодогдсон. Гэхдээ л хамтдаа автобус хөлслөөд талдаа 13-15 цаг давхиж, Чикаго хотоос Вашингтон ДС хотод ирж саналаа өгсөн хүмүүсийн “эх оронч” сэтгэлийг бахадмаар байлаа. Харин дараа дараагийн сонгуулиудад , монголчууд олноор суурьшсан хотуудад сонгуулийн хэсэг байгуулах, зарим хотуудад “зөөврийн хайрцаг” -аар санал авах зэргээр хуулиндаа өөрчлөлт оруулмаар санагдаж байлаа.  Бас онлайн хэлбрээр санал авах боломжийг ч судалж үзэхэд гэмгүй байх.
Монголчууд бид үндсэн хуулиндаа зааснаар “үүргээ биелүүлж”, “эрхээ эдлэх” ёстой. Нөгөө талаас дандаа эрхээ эдлээд, үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож сурах хэрэгтэй болжээ.  Ядаж сонгуульд саналаа өгөөгүй иргэдэд, одоо тарааж байгаа 21 000 төгрөгийг нь тодорхой хугацаанд  олгохоос татгалзах,  оюутнуудад олгож байгаа хөнгөлөлтөөс нь тодорхой хугацаагаар татгалзах, гадаадад байгаа монголчуудыг эх орондоо ирэхэд нь хэрэв сонгуульд саналаа өгөөгүй бол тодорхой хэмжээний торгууль оногдуулах гэхчилэн хариуцлага тооцох боломжууд байгаа. Заримдаа бид “монголчууд бидэнд чанга хатуу удирдлага хэрэгтэй” хэмээн
Чингис хааныхаа тухай санаа алдан дурсдаг. Зүгээр л бид өөрсдөө ухамсраараа үүргээ биелүүлж, үүргээ биелүүлсэн хэрээрээ эрхээ эдэлж сурахад л болно шүү дээ.  “Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс  том” гэдэг дээ.
                  Нэр дэвшигчдийн МЭТГЭЛЦЭЭН
Сонгуулийн сурталчилгааны төгсгөлд  “нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн” болдог уламжлалтай. Тэр мөчүүд тухайн нэр дэвшигчдийн боловсрол мэдлэг, ажил хэрэгч чанар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө бусдын өмнө илэрхийлж ойлгуулах чадавруудыг яг бодитоор харуулдаг. Ийм халз мэтгэлцээний үр  дүн нь, сонгуулийн урьдчилсан таамаглалыг нэгхэн хоромд өөрчилсөн тохиолдол бий.  Энэ жилийн халз мэтгэлцээний тухай зарим хүмүүс “муухан хошин шог шиг юм боллоо”, “зүгээр л АХА тэмцээн шиг боллоо”,  “арай ч ичмээр юм аа” гэхчилэн фейсбуук дээр бичсэн байв. Зарим нь халаглаж харамсан, зарим нь өрөвдөж өмөөрч байсан ч, эцсийн дүндээ арай л харамсмаар санагдсан шүү.
Улстөр судлаач Молор-Эрдэнэ сүүлийн үеийн бичлэгүүддээ “Улстөрийн онол гэж байх ёстой”, “улстөрч хүний үнэлэмж, хэмжүүр байх ёстой”,  “Ерөнхийлэгчийн ажлыг хэн дуртай нь хийх боломжгүй” гэхчилэн илэрхийлсэн санаануудтай санал нийлж байна.  Энэ бол хэн нэгэн хүн, ямар нэгэн ажилд орохын тулд хийж байгаа ярилцлага биш, аль нэгэн сургуулийн захирал болон эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт биш, Монгол Улсын Ерөнхийлэгчийг сонгох сонгууль. “Эд нараас арай дээр боловсрол мэдлэгтэй хүн олдохгүй байна гэж үү?” хэмээн харамсах хүмүүс цөөн биш байв. Үндсэн хуулиндаа баталсан,  УИХ-д суудалтай намууд  “Ерөнхийлэгчид нэр дэвшүүлэх” заалт ийнхүү сайн боломжуудыг хязгаарладаг. Гэсэн мөртлөө ард нийтээрээ зөвхөн эндээс л  хүссэн ч хүсээгүй ч сонголт хийх үүрэг нь “жаран чавганцаас нэг нь түрүүлнэ” гэж амандаа үглэх үглэлийг авчирдаг.
Энэ мэтгэлцээн дээр судалгаа тооцоо, статистик, тухайн асуудлыг шийдэх арга зүй, шинэ санаа, зоримог шийдэл тэгтлээ сонсогдсонгүй. Манай улстөрчдийн ард олонд “таалагдах” гэсэн сулхан хэрнээ “марзан” мэдрэмж л анзаарагдаж байв. Ажаад байхад улстөрчдөөсөө эхлээд олон нийт хүртэл, өөртөө итгэлгүй “бусдад таалагдах”, “муу хэлүүлэхгүйг хичээх” ядмагхан төрхтэй болчихоо юу даа? Хүний сайн ярих чадвар нь тархинд байгаа бодлуудын илэрхийлэл. Өөрийн санаа бодлоо эмх цэгцтэй илэрхийлж чадахгүй, ээрч муураад, төөрч будилаад “алга болж” байгаа хүн, зөв сайн шийдвэрийг хэрхэн гаргаж, хэрэгжүүлж чадах билээ. Өөр хоорондоо зөрүүтэй байгаа санаа бодол болон, итгэл үнэмшил, үзэл баримтлалаа мэтгэлцэж хамгаалсан бол тэдний чадварыг мэдэрч болох. Мэтгэлцээнийг зохион байгуулсан МҮОНТВ “нүглийн нүдийг гурилаар хуурч” өнгөрөөв дөө.
    Бидний сэтгэлгээ өөрчлөгдөж байна.
Олонхийн саналыг авч АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж , Монгол Улсын Ерөнхийлэгчээр улиран ажиллах боллоо. Ардчилагчдаа  ч биш, сайхан ярьдагтаа ч биш, Монгол Улсын Ерөнхийлэгчээр ажилласан өмнөх 4 жилийн эхлүүлж, одоо хэрэгжүүлж  байгаа “шинэчлэл”-үүдийг нь хүмүүс дэмжиж байгаа. Хууль, эрх зүйн шинэчлэл бол Монголд ШУДАРГА ЁС тогтоохын эхлэл. Монгол хүний хөгжил,  нэр хүнд, үнэлэмж руу чиглэсэн бодлого бол ЭВ НЭГДЭЛ-ийн эхлэл. Улстөрчид, удирдах ажилтан, жирийн иргэдийн аль нь ч алагчлалгүйгээр хариуцлагаа хүлээж чаддаг болох нь ХӨГЖИЛ-ийн эхлэл.  Үүний төлөө бид Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа.  Түүнд итгэж найдаж байна. Түүний хэлж амалсан үгэнд итгэж байна.
Түүнийг гэмт үйлдэл хийсэн бусад Намынхныг илчлэн шалгаж, өөрийн Намын нөхдөө хаацайлан өмгөөлж байна гэж “хардах” хүмүүс нэг биш бий. Мэдээж гэмт үйлдэл хийсэн  гэж сэжиглэгдэж байгаа хүмүүсийн буруутай эсэхийг  Ерөнхийлэгч биш Хуульчид тогтоодог. Харин хуульчид ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш ажиллах шаардлагыг Ерөнхийлэгч хянах үүрэгтэй. Тэгэхээр яаж ч бодсон эрх зүйн шинэчлэлд Ерөнхийлэгч гол үүрэг гүйцэтгэнэ.  Цаг хугацаа л бүхнийг харуулж нотлох болно. Мэдээж түүнд амаргүй байх боловч , тэр үүнийг хийх үүрэгтэй.
Монголчууд бид уул уурхайн баялгаа хувааж аваад хагартлаа баяжиж, “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уун жаргах” гэж хүсээд байгаа юм биш. Монгол эх орондоо өөрийнхөө боломж чадлаар,  өөрийн шударга  хөдөлмөрийн үр шимээр, өөрийн хүссэнээрээ тайван амьдрахыг хүсээд байгаа юм шүү дээ. Бидний хойч үе, үр хүүхдүүд биднээс илүү хөгжин дэвжиж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, хожим нь бидэнд чин сэтгэлээсээ талархаж амьдраасай гэж хүсээд байгаа юм шүү дээ. Монголын залуус  өмнөө зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд шантралгүйгээр зүтгэж, амжилтад хүрч, өөрийн чадал боломжоороо аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдраасай гэж хүсээд байгаа юм шүү дээ.
Түүнээс биш: Хулгайлж завшиж олсон мөнгөөрөө бусдад гайхуулан “тансаглаж”, хоосон ихэмсэг төрхөөрөө бусдын доог тохуу болж, худлаа бүлтэрч хэн хүнд онгирч яана. Нэгэн цагт баригдаж л таарна шүү дээ, хулгайн юм хоол болдоггүй. Чадваргүй байж мөнгөөр баярхаж, чадахгүй байж бусдыг удирдах гэж хөглөж, мэдэхгүй байж үнэтэй утас барьж яана. Нэгэн өдөр хэн ч биш болж хувирна шүү дээ, хоосон дүр. Хүний мөнгөөр хүүдэгнэж, хөөрхөн царайгаар өөрийгөө үнэлж, мөнгөний боол болон амьдарч яана. Үүдэн шүд нь унаж, үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт, үзэж харах хүнгүй болно, хямдхан амьдрал.
Монголчууд бидний сэтгэлгээ өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байна. Харин Монголын улстөрчдийг өөрчлөх хэрэгтэй байна. Тэгж байж л  монголчуудын Төрдөө итгэж , Төрөө хүндлэх сэтгэлгээ, үндэсний ухамсар сэргэх болно.  Үүний төлөө шинэ Ерөнхийлэгчийг дэмжиж, түүнд  боломж олгох үлдлээ. МОНГОЛ ТӨРИЙН СҮЛД БИДНИЙГ ИВЭЭГ!

Share Your Thoughts