СОНГУУЛИЙН ДАРААХ ЭРГЭЦҮҮЛЭЛ

Сонгууль ч дууслаа. Залгаад наадам эхэлсэн хэдий ч наадам бас дууслаа. Манай эрх баригчид наадмын өмнө сонгууль явуулж амждаг нь учиртай.  Хүмүүс ” юу болоод өнгөрчих вөө?” гэж бодож амжилгүйгээр наадмын баяр хөөр, сэтгэл догдлолтой учирна. Тэр хооронд сонгуультай холбоотой сайн муу сэтгэгдлүүд баяр наадмын догдлолтой хамтад замхарч орхих. Наадмын дараа найрын улирал эхэлдэг болохоор дуу хуур, дуниартсан хөлчүүрсэн сэтгэлтэй хамтад бүх зүйл мартагдаж орхих. Тэгээд л дээр доргүй хувь заяатайгаа эвлэрч орхино доо. Өнөө цагийн монгол ухаан, улстөрийн холч хараа гэж…
МАНАН сарнисангүй
Сонгуулийн өмнөх хүмүүсийн сэтгэл зүйг ажиглаж байхад  “Монгол орныг харийнханд худалдаж, баялгийн тэгш бус хуваарилалтын улмаас цөөн хэсэг нь хэт баяжиж, олонхи хэсэг нь хэт ядуурч байгаа” тухайд бухимдсан сэтгэлээ илэрхийлж МАНАН-г арилгахыг уриалж байв.  Энэ бүхнээс “гуравдагч хүчинд боломж олдож мэдэх юм” гэсэн битүүлэг таамаглал тэнүүчилж байлаа.

МАХН-ын удирдагч Н.Энхбаярыг “хорьж”,  сонгуульд орох эрхийг нь хязгаарласан болохоор ИЗНН эвсэлд  боломж нь илүү байж болох мэт санагдаж байв. Гэвч нийтлэлч Баабарын урьдчилсан таамаглал ёсоор болж АН дийлэнх, МАН удаалж, МАХН-МҮАН -ын эвсэл цөөнгүй суудал авч ИЗНН эвсэл арай гэж 5 хувийн босгыг давлаа.

Намуудын нэрээр санал хураасан дүн нь:  АН 399,194 хүний санал буюу 35,32 хувь
МАН 353,830 хүний санал буюу 31,31 хувь
МАХН-МҮАН эвсэл  252,077 хүний санал буюу 22,31 хувь
ИЗНН эвсэл  62, 310 хүний санал буюу 5,51 хувь
тус тус авчээ.

Нийслэлд АН олонхи болж харин хөдөөнийхөн МАН-д илүү итгэл үзүүлэв. Үүнийг мэдээлэл болон хүмүүсийн шинэ хуучин сэтгэл зүйн ялгаатай холбож болох мэт.  Харин МАХН-МҮАН эвсэл хүмүүсийн өрөвдөх сэтгэлгээ болон “хуучин бууны хугархай” -н дээр багагүй санал авлаа. Яг үнэндээ Н.Энхбаярын босгосон “овоон дээр суух шаазгай” олон байгааг илтгэх мэт. Ардчиллын үнэт зүйл гэдэг утгаар, АН энэ удаад дангаараа ЗГ-ыг бүрдүүлж, өөрийн хийж чадах өөрчлөлтийн баталгаагаа  гаргасан бол арай дөхөм байх мэт. Гэвч тийм боломж олдсонгүй. Харин одоо АН алинтай нь яаж эвсэхээс их зүйл хамаарах болж байна даа. АН МАН-тай эвсэж хуучнаа үргэлжлүүлэх, эсвэл МАХН-МҮАН-ын эвсэлтэй нэгдэж Н.Энхбаярын хувь заяагаар “барьцаалах” амаргүй сонголтод учраад буй. Хүмүүс энэ сонголтыг наадмын их насны морины уралдааныг харах мэт сэтгэл догдлон хүлээж буй.

АН-д олдож буй боломж
Хэдийгээр үнэмлэхүй олонхийн санал авч чадаагүй ч АН-д энэ удаад боломж олдлоо. Ихэнхдээ МАН-тай хамтарч, тэдний тоглоомоор тоглож байсан ч энэ удаад тэд энэ боломжоо “гэнэн” байдлаар алдахыг хүсэхгүй байх. Энэ бол тэдний сүүлийн боломж. Энэ боломжийг алдах аваас тэдэнд дахиад олдож болох маш олон боломжийг тэд алдах болно. Энэ хэрээрээ тэд  “ардчиллыг өмчлөх, түүний үнэт зүйлийг хадгалж үлдэх” сүүлийн боломжоо ч алдана. Хэрэв өнгөрсөн жилүүдэд олонхийн урмыг хугалсан үйлдэл давтагдах аваас  тэд олон нийтэд “олигархи” гэсэн цолоор үдүүлж одно.

Хэдийгээр тэд УИХ-д үнэмлэхүй олонхи болж чадаагүй ч нийслэлд үнэмлэхүй олонхи болсон нь бага бус боломж. Хэрэв тэд Улаанбаатар хоттой холбоотой олон асуудлыг зоригтойгоор, алсын хараатай  шийдэж чадвал олон нийтийн итгэлийг дахиад олж авч чадах болно. Улаанбаатарын утаа, замбараагүй барилгажилт, газрын наймаа, замын түгжрэл, инженерийн шугам сүлжээгүй хэт бөөгнөрөл, хүмүүсийн соёлгүй, бүдүүлэг байдал, хотын захиргааны хүнд суртал, авилгал хахуулын заваан сүлжээ гээд шийдэж болох маш олон асуудал байгаа.  Мэдээж нэг далайлтаар шийдэж амжихгүй ч аажим аажмаар шийдэж эхэлбэл, эхэлсэн ажил нь бага боловч хүмүүсийн амьдрал, сэтгэлгээнд сайнаар нөлөөлж эхэлбэл тэднийг дэмжих дэмжлэг нэмэгдэх болно.

Аль ч намтай хамтарсан байлаа ч  тэд олон нийтийн хүсээд байгаа шударга ёс, иргэнээ дээдэлсэн зарчим, алсын хараатай бодлогоо хэрэгжүүлж, үүний төлөө тууштай зогсож чадвал амжилтад хүрнэ. Хэрэв тэд урьдын адил намууд болон бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө “хуйвалдаж”, Монгол улсын тусгаар тогтнол болон монгол хүний нэр хүнд үнэ цэнийн эсрэг үйлдлүүд хийх аваас итгэж сонгосон олон хүмүүсийн урам зоригийг хугална.  Энэ хэрээрээ үнэ хүндээ алдаж, өөрсдийн орших эс оршихуйн асуудалд тулж очих болно. Мэдээж Монгол оронд ардчиллыг эхлүүлсэн, бас олон жил ардчиллыг хамгаалах гэж хичээсний төлөө олон монголчууд та нарт боломж олгосон, үүний төлөө бодитой үр дүнг хүлээж байгаа.
Сэтгэлд хүрээгүй олон сонголтууд
-Намуудын жагсаалтаар олон жил Монголын төрд “хуц, ухна” болон сууж байгаа эрхмүүд дахиад л орж ирлээ. Бараг “Гиннесийн ном”-онд орохоор Монголын улстөрд сууж байгаа Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж,  Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Ч.Улаан нар дахин сонгогдов. Мэдээж тэд хувь хүнийхээ хувьд сайн хүмүүс байж болох ч улстөрчийн хувьд дархлагдсан энэ олон жил “та нар юу хийв ээ?” гэж асуумаар байна.  Айлын хойморт хүндлүүлэн суух нэг хэрэг, Монголын улстөрийн хойморт хүндлүүлэн суух ямар нэгэн гавьяаг тань санахгүй байнаа.

Архагшсан, догирхсон сэтгэлгээгээр “хор найруулж”  байдаг болов уу? гэж хардаж байгаагаа нуух юун. Үнэндээ та нараас хүмүүс олон зүйл хүлээж байсан ч энэ итгэлийг бодитойгоор биелүүлж чадаагүйн тань төлөө олон хүмүүсийн урам хугарч байгаа та нар мэддэг үү?
-МАН-аас Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар олон нийтэд мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн нь нотлогдсоор атал сонгогдон УИХ-ын танхимд орж ирлээ. Өмнөх сонгуульд Б.Чойжилсүрэн яг ингэж улайм цайм мөнгө тараасаар сонгогдсон. Асуудлыг шийдэх учиртай СЕХ нь “өөх ч биш, булчирхай ч биш” хандсаар,,, Мөнөөх л “мөнгө цагаан нүд улаан” гэдгийн үлгэр хэвээрээ. Бид ч энэ мэт олон асуудалд хулчгар, зусар зангаар хандсаар өөрсдөө ч дасаж, өрөөл бусдыг ч даврааж орхиж дээ.
-Нэгэн цагт “Иргэний хөдөлгөөн” нэрээр намуудын хууль бус үйлдлийн эсрэг, амлалтаа биелүүлээгүйн төлөө ард олныг  уриалан, жагсааж тэмцэж байсан Ж.Батзандан, Л.Цог, Г.Уянга нар УИХ-д орж ирлээ.

Хачирхалтай нь Ж.Батзандан АН-аас Л.Цог, Г.Уянга нар  МАХН-МҮАН-аас нэр дэвшин орж ирлээ. Тэднийг үзэл бодол, ёс суртахууны талаас нь шүүмжлэхээс илүүтэй, өөрсдийн тэмцлээ гудамжинд бус УИХ-д үргэлжлүүлэх гэж бодсон биз хэмээн найдаж байна. Мэдээж гудамжинд чанга яригчаар ярьж шаардахаас УИХ-ын индэр дээрээс хэлж шаардах нь илүү байж болох юм. Г.Уянга  УИХ-ын гишүүн болсныхоо дараа “Үндэсний их эвлэрэл”-ийн төлөө уриалсан нь нэгийг бодогдуулсан.  Эрх мэдэл, их шуналын төлөө уусах эс уусах нь тэдний хэрэг. Харин одоо л та нар юуны төлөө тэмцэж байсныг жинхэнээр нь харах цаг ирлээ.
-УИХ-д удам дамжсан О.Содбилэг, хөрөнгө чинээгээрээ “наймаалцсан” гэх Н.Номтойбаяр зэрэг залуус хүч, хөрөнгө түрэн орж ирлээ. Нэгэн цагт Н.Номтойбаяртай хамтран ажиллаж байсан нэгэн сонгуулийн сурталчилгаанд түүний эсрэг олон муу баримтуудыг дэлгэсэн боловч тэрээр үнэмлэхүй олон саналаар ялж гарч ирэв. Өндөр хөгжилтэй оронд сайн боловсрол эзэмшсэн хэмээн яригддаг энэ залуусыг ямар зорилгоор улстөрд орж ирснийг цаг хугацаа харуулах биз. Мэдээж залуу хүмүүсийг дэмжих сэтгэлдээ би л лав тэднийг харж байна. Гэхдээ “эх орон гэдэг хилийн чулуунаас эхэлдэг” гэдгийг биеэр амсаж үзээгүй тэднийг, “бүх зүйлийг зөвхөн мөнгөөр шийдэж болдог” гэдэг бодлоор хандах аваас хэн тэднийг өхөөрдөж уучилж өнгөрөөнө гэж?

Ирж яваа цагийн шинэ үеийн залуусын төлөөлөл болсон тэднийг харах л үлдлээ. “Мөнгөнөөс үнэтэй олон сайхан зүйл байдаг” гэдгийг эрхбиш ном уншсан тэд мэдэх биз хэмээн найдья.
Сонгуулийн эргэн тойронд
-Энэ жилийн сонгуулийг гараар биш тоологч машинаар тоолсон нь нэг биш хүмүүст таалагдсангүй.  Сонгуулийн зарим хуудсыг гар аргаар тоолох санал ч нилээд хүмүүсийг тэвдүүллээ.  Гэхдээ мэдээж сонголт бол сонголт, хууль бол хууль. Тоологч машинаар тоолохоор хуульчилсан л бол хэн түүнийг өөрчлөх гэж? Сонгуулийн хуудсыг гараар тоолсон энэ олон жил хэрхэн “будилиантуулж” болохыг олон хүн санууллаа. Гэхдээ л зарим газар будилаантуулсан гэдэг маргаан гарч өнөө хэр шийдэгдээгүй л байна. Өвөрхангай аймгийн сонгуулийн будлиан, учир битүүлэг байдал нь олон жил “архагших” төлөвтэй. Тэр жил ингэж дуншиж дуншсаар эцсийн шийдвэр нь МАН-АН-ын харилцан зохицолдоон дээр дууссаныг бид ч, түүх ч мартаагүй.

-Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед сонгуулийн дүн 24 цагийн дотор шийдэгдэх боломж нь Монгол оронд алдагдаж орхижээ, Өвөрхангайн 10-р тойрог, Баянзүрх дүүргийн  22 -р тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн маргаан шийдэгдээгүй, МАХН-МҮАН эвслийн зарим гишүүд түр хүлээзнэснээр УИХ-ын 76 гишүүд хамтдаа тангараг өргөсөнгүй. Яг л эмтэрхий шаазан мэт. Энэ бэлэгдэлгүй байдал сүүлийн жилүүдэд уламжлал болж буй. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг”, “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг хэллэгээр алив зүйлийн сайн сайхан эхлэл алдагдсаар. Үүний бурууг хэн хүлээх юм бол. Асуудал шийдэгдэхгүй удах тусмаа улсын наадмын тавын давааны “найраа” мэт санагдаж, сэтгэлд сэв суух. Улирч байгаа цаг хугацаа болгон хардлага дагуулсаар…

-Энэ сонгуульд 544 нэр дэвшигч “тоос”-оо өргөлөө. 76-аас бусад нь “шатсан” гээд бодохоор харамсмаар. “Шатсан” хүмүүсийн төлөөлөл болж Хөвсгөл аймгийн  ТВ-ийн дарга нь согтуугаар ажилтнууддаа агсам тавьж, хайр найргүй зодож байгаа бичлэг интернет дээр тавигдаж олон нийтийн сонирхол, дургүйцлийг зэрэг хөдөлгөв. Манайд сонгууль хэрхэн явагддаг  “хөшигний цаадах жүжиг” -ийн үнэн төрх иймэрхүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн эрх чөлөө, хараат бус байдал Монголд иймэрхүү. “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг” бодит жишээ энэ.  Байдал ийм байхад сонгуулийн сурталчилгаа яаж явагддагийг төсөөлөхөд хэцүү биш. “Ялааг заан болгож болдог”-ийн үлгэрээр захын луйварчинг аугаа болгож харуулах нь хэцүү биш.  Харин үүний цаана “хүн чанар” болон “үнэн” худалдагдаж байдаг.

-Энэ сонгуулийн өмнө АН-ын Х.Баттулга, МАН-ын Ц.Нямдорж хоёрын маргаан өрнөсөн. Тэд өөр өөрсдийн үзэл бодлоо хамгаалцгаав. Эдний маргаан “Түмний нэг” кинон дээр гардаг морины наймааны үнэ хаялцаан шиг “мөнгөндөө бус” үзэл бодолдоо байлаа. Миний хувьд “20 гэр бүлийн ашиг сонирхлоос илүүтэй, 2,7 сая хүний эрх ашиг орхигдож байна” хэмээн дуугарсан Х.Баттулгын санаа таалагдсан. Өдийг болтол ямар ч улстөрч ингэж дуугараагүй.  Бас түүний дэвшүүлж байгаа олон санаа таалагдсан. Амьдралд ойрхон “үнэн”-ий төлөө олон хүмүүс Х.Баттулгыг дэмжсэн байх. Тогоон дотроо олгой яаж буцалж, бас хагарч байдгийг бид мэдэхгүй л дээ. Гэхдээ тогооноос гарч байгаа үзэл бодол, хөтөлбөр, хариуцлага нь Монгол орны зөв сайн хөгжил болон  монгол хүний үнэ цэнэ болон хөгжлийн төлөө бол хэн ч дэмжинэ. Зарим хүмүүс надаас “Х.Баттулга, Ц.Нямдорж нарын хэнийг нь дэмжиж байна?” хэмээн асуудаг. Энэ бол хувь хүн гэхээсээ үзэл бодлыг нь сонжиж байгаа хэрэг. Ц.Нямдорж ч тийм муу хүн биш. Өөрийн үзэл бодолдоо тууштай хүн. Ийм ил тод маргаан мэтгэлцээн эхэлж байгаад  бид ч бас баяртай байгаа.

Энэ бол нийгэм эрүүлшихийн шинж.
-УИХын гишүүн болохын тулд нэгэн эрхмийн халаасны нам байгуулдаг цаг нэгэнт улирчээ. “Буян” гийн Жаргалсайханы БНН, “Эрэл”-ийн Эрдэнэбатын “Эх орон “нам, Энхбаярын “МАХН” намууд үүний жишээ. Энэ хүмүүс ардчилал гэхээсээ илүүтэй мөнгөн дээр тогтсон дарангуйлал тогтоодог. Тэд хүмүүсийг  өөрсдийн өмнө бөхөлзүүлэхийг  хүсч, үүнийхээ төлөө хүссэнээ л шаарддаг. Тэдний эргэн тойронд үзэл бодол гэхээсээ илүүтэй зусардалт л оршдог. Энэ жилийн сонгууль энэ бүхнийг сонгоогүйгээрээ “эрүүл сонголт”-ын жишээ болж буй.
Намуудыг гишүүнчлэлээс салгая
Энэ жилийн ч, өмнөх үеийн сонгуулиуд ч сурталчилгааны хугацаандаа Монголын төрийн ажлыг бараг зогсоосон. Хэдийгээр төрийн албан хаагчдыг намын харьяаллаас түдгэлзүүлсэн ч тэд сонгуулийн сурталчилгаанд нууцхан оролцож, сонгуулийн үр дүнг сэтгэл түгшин ажигласаар. Монгол орон даяараа ажиллахаа больж, бүх асуудлыг “сонгуулийн  дараа” хэмээн хойш тавьсаар. “Аль нам сонгуульд ялахаас миний энэ суудал дээр байх эсэх нь хамаарах болно” гэдэг шаналал сэтгэлээс салахгүй.  Олон нийт төрийн ажлын энэ “гацаа”-нд ч дасаж орхиж.

Хүн ам цөөтэй аймаг сумын төвүүдэд ч байдал яг л адилхан. Жалгаар нэг тарсан айлуудад “Манай хамаатны нөгөө хэн нэр дэвшиж байгаа. Түүний төлөө саналаа өгвөл бидэнд ч чамд ч тустай” гэсэн аман сурталчилгаа хуй салхи мэт тархсаар.  Юун үзэл бодол, мөрийн хөтөлбөр. Наадмын дараа бол “шатсан ” нь гунигаа тайлж. ялсан нь баяраа тэмдэглэж “хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж” найрлацгаана.  Харин зусардагчид эргэн тойронд нь дүүрэн. Тэд амтат “бялуу”-г хуваахыг хүлээж буй. Аймгийн засаг дарга, үгүйдээ сумын засаг дарга, арга ядахдаа багийн засаг дарга болохыг хүсэцгээнэ.  Тэд хийж чадах эс чадах нь хамаагүй, “батганы толгой явснаас барын сүүл” явсан нь тэдэнд амар. Олон олон найрын ширээний ард олон олон албан тушаалын амлалтууд явж байгаа.

Сонгууль болгонд намууд хүмүүсийг гишүүнчлэл нэрээр хуваан авч талцуулна. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон олон “од”-дыг намдаа элсүүлэн баяр жавхлантайгаар батлахаа гардуулан сурталчилна. Магадгүй тэдэнд олон олон зүйл амалдаг байх. Хүмүүс ч энэ хоногуудад талцан талцан, муудалцан муудалцан маргалдацгаана. Цөөхөн монголчуудад ингэж талцах хэрэг бий гэж үү? Ингэн ингэж муудалцах шалтгаан бий гэж үү? Аав хүү, эхнэр нөхөр, анд найз нар, ажлын болон албан газартаа талцан маргалдацгаана. Зарим нь мөрий тавина. Маргаж хэрэлдэнэ.

Одоогийн “архаг нам”-уудыг хэдхэн хүн удирддаг. Тэд “мөнгөө төлсөнд” нь албан тушаал, сонгуульд өрсөлдөх эрх, бусад боломжуудыг хуваарилна. Тэд хучирхэгжжээ. Түүний тод жишээ нь энэ жилийн сонгууль. Тэд өөрсдөөсөө хүчтэй, чадалтай залуусыг Монголын төрд оруулахгүй. Гэтэл энэ хэрээр Монголын хөгжил, залуусын итгэл алдагдсаар. Эрүүл саруул ухаан, эрч хүч суларсаар. Олон түмний найдвар алдагдсаар.

Намуудыг гишүүнчлэлээс салгаж, тэд өөрсдийн багаараа Монголын өнөөгийн бодит байдалд судалгаа хийж, үүнийг сайжруулан өөрчлөх мөрийн хөтөлбрөө боловсруулан өрсөлдаж баймаар. Ард иргэд нь өөрийн итгэл үнэмшил саруул ухаанаар сонгож баймаар. Бас мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлж чадаагүйн төлөө хариуцлагаа хүлээж баймаар.  Заавал сонгуулийн хийрхэлд авталгүйгээр хүн болгон ажлаа хийж амьдралаа залгуулж баймаар. Баяр наадмаар олон хоног найрлан хөлчүүрхэж, жаргаж цэнгэж байхаа болимоор. Өдөр хоног цаг хугацаа урсан урссаар. Харин бид сонгууль, наадмын хөөрлөөсөө салахгүй хамаг ажлаа алдсаар. Соёолонгийн тоосонд булуулж байхдаа ирэх өвлийн Улаанбаатарын утаагаа ч умартана. Наадмын дараа намар ирдгийг мартан мартан найрласаар өвөлтэй нэгэнтээ золгоно.  Тэгээд бухимдацгаана. Хэзээ бид өөрсдийнхөө төлөө санаа тавьж сурах юм бэ?
Төгсгөл
Энэ сонгуульд АН санаачлагыг авсанд миний хувьд талархаж байгаа. Тэд 1990 онд ардчиллыг эхлүүлэхдээ мөрөөдөж хүсч байсан бүхнээ эргэн санаасай гэж хүсч байна. Олон жил хүлээсэн боломжоо бүрэн ашиглаасай гэж хүсч байна. Тэд өлсөж түгшиж байхдаа, халаасандаа байгаа мөнгөө шавхан шавхаж цуглаан зохион байгуулж байхдаа, жавартай өвлийн хүйтэнд  хэдэн мянган хүний амнаас савсах уур, талбайд түрхрэх чимээнд омогшиж байхдаа л зорьж, тэмүүлж, мөрөөдөж байсан бүхнээ мартаагүй гэдэгт тань итгэж байна.  Тэр үед та нар зөвхөн эрх чөлөө, тэгш эрх, ардчиллыг  л хүсч байсан. Халаас хоосон тэмцэж байхдаа та нар жаргалтай, нүүр дүүрэн баяртай байсан.  Тэр үед “монголчууд бид бүгдээрээ мундаг шүү” гэж итгэж байсан. Одоо та нар үүнийгээ эргэн санацгаагтун. БҮҮ МАРТАГТУН.  Хэрэв энэ бүхнийг МАРТВАЛ БИД СӨНӨНӨ.

Share Your Thoughts