СОНГУУЛЬ БА ХАРИУЦЛАГА \СОНГУУЛИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ\

2012 оны УИХ-ыг сонгох сонгуульд 11 нам, 2 эвслээс болон бие дааж 544 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Холимог системийн сонголтоор 76 суудлын 28 -ыг нь намын нэрээр, 48 -ыг нь тухайн хүний нэрээр сонгоно. Тэгэхээр 354 нэр дэвшигч сонгуулийн 26 тойрогт өрсөлдөж, 190 нэр дэвшигч намын жагсаалтаар УИХ-д орж ирэх боломжтой. Нэр дэвшигчдийн 26 нь бие даан нэр дэвшиж байгаагаас гадна эмэгтэй нэр дэвшигч 174, хамгийн залуу нь 26 настай, хамгийн ахмад нь болох 70 -аас дээш насны нэр дэвшигч 3 байгаа гэнэ. \СЕХ-ны мэдээллээс\
  Дарга дүр
Монголчууд бид эрт дээр үеэс дарга хүнийг ихэд хүндэтгэж, түүний хэлж ярьж байгааг анхааралтай сонсож, түүний хэлж буй үг болон гаргаж буй шийдвэрийг хамгийн “үнэн” гэж бодсоор ирсэн. Дарга хүнийг гэрийн хоймортоо залж, цайны дээжээ аягалан барьж, сархадын дээжийг хундагалан өргөж, албатай юм шиг даргын хэлэх ерөөлийг сонсож “үгүй мөн лут сайхан хэлж байнаа” хэмээн хөөргөж ирсэн.

Дарга хүн машин унаж, бусдыг том дуугаар загнаж, үг хэлэхдээ заавал хоолойгоо засч, жаахан ихэмсэгдүү төрхөөр ярвайдаг дүрийг социализмын үед бий болгосон юм. Даргаас бүгдээрээ эмээж, хэрэг болгон зусардаж, болж л өгвөл тоогдчих санаатай долигонож, загнахад нь дуугүй гөлийж, магтахад нь баярлан марсайж, үг хэлэх бүрийд нь албатай юм шиг алгаа ташиж сурцгаасан даа бид.
Одоогийн бидний УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн угтаа бол дарга болох их өрсөлдөөн юм шүү дээ.  Одоогийн дарга нар их өөр болсон. Тэд үнэтэй машин унаж, машиныг нь барьдаг жолооч, цүнхийг нь барьдаг туслах, биеийг нь хамгаалдаг хамгаалагч, цайг нь зөөдөг гоо бүсгүй, хэлснийг нь биелүүлдэг үйлчлэгч гээд дутуу юм ер үгүй. Даргын эхнэр нь заавал царайлаг байх ёстой гэж боддогоос ихэнх нь дарга болонгуутаа эхнэрүүдээ сольж “сайжруулдаг” юм. За тэгээд хурдан морьтой болоод уядаг уяачтай болчихвол болоод явчихна.  Ажлаа тэгтлээ мэдэхгүй болохоор хүмүүсийг ихэвчлэн “муусайн гуйлгачингууд” гэж ирээд загнаж, өөрийг нь мэхэлж байх вий хэмээн ямагт хардана.  Энд тэнд явахдаа ихэмсэг нь аргагүй ярвайж, хэрийн юмыг тоодоггүй баян хүний төрх гаргана. Хааяадаа буян үйлдэж суварга босгох авч түүнийхээ утга учрыг тэгтлээ ойлгохгүй. Бас дэргэдийн ламтай болж “араа даалгаж” байгаа болохоор элдэв мууг үйлдэхдээ тэгтлээ сэтгэл нь зовж ичихгүй.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд өөрийнх нь ажиллаж байгаа газрынхаа эзэн буюу боссыг хараад заримдаа гайхдаг. Тэд хэрэг болоход ажилчидтайгаа хамтад ажиллаж чадна. Жижиг газруудын эзэд нь ихэвчлэн өөрөө л ажлаа хийдэг. Арай том газруудын зарим эзэд нь ажилчиддаа ихэд анхаарал тавьдаг. Учир нь тэр хүмүүс өөрийнх нь төлөө ажиллаж, өөрт нь ашиг авчирч байгаа болохоор тэр.  Тэд хүмүүсийг ажиллуулж байгаа болохоор тэдний өмнөөс хариуцлага хүлээдэг юм. Үйлчлүүлэгчдийг гомдоож, захиалгыг нь буруу, чанаргүй хийвэл ажилчин нь бус эзэн нь хариуцлага хүлээх болно, Ажиллуулж байгаа хүмүүсийнхээ  эрүүл мэндийн даатгал, татвар болон бусад тооцоог эзэн нь хариуцна. Нэг талаас харахад нэг их юм хийхгүй амар байгаа мэт харагдавч маш олон хариуцлагыг өөр дээрээ үүрч явдаг болохоор даргын ажил амаргүй. Бие амар мэт боловч байнга толгой нь ажиллаж байдаг болохоор толгой нь ямагт өвдөж, тархиар нь хатгуулан, даралт нь ямагт өсч буурч байх нигууртай, бас их үйлтэй хүмүүс. Хариуцлагаа үүрч чаддаггүй хүмүүс хэзээ ч дарга болж чадахгүй. Хариуцлагаа үүрч чаддаг байж л хүмүүс дээшээ дэвшин том дарга болно. Буруу муу зүйл хийснийхээ төлөө хуулийн хариуцлага ч хүлээх чадвар, ухамсартай байж гэмээ нь том дарга болж болно.
  Хариуцлага хаана байна вэ?
Монголын улстөрд  хариуцлагын тогтолцоо үндсэндээ байхгүй болж, дарга болсон хүмүүс нь “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж” байдаг болохоор л хүмүүс ингэж олноороо дарга болох гэж улайран зүтгээд байгаа хэрэг. Асуудлын нөгөө тал нь, улс төрд орж дарга болсон хүмүүс албан тушаал эрх мэдлээ ашиглан бизнес хийж, хувийнхаа хөрөнгө мөнгийг арвижуулаад байгаад байгаа юм. Монголын улстөр амар аргаар баяжих цорын ганц боломж болон хувирчээ. Нэгэнт шударга ёс алдагдаж, хариуцлагын тогтолцоо үгүй болсон болохоор дарга болж чадаагүй зарим нь дарга бологсоддоо зусардах нь хэвийн үзэгдэл болж байна.
Өнгөрсөн 20 гаруй жилийн дотор Монголын улстөрд ардчиллын үнэт зүйлсийг алдагдуулж, хуйвалдан завшиж, хуваан хулгайлсныхаа төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй.
– “Өмч хувьчлал” нэрийн дор социализмын үед бий болгосон “улсын” гэх тодотголтой маш олон өмчүүдийг цөөн хэсэг хүмүүс хуваан завшсан. Ихэнх иргэд нь учраа олохгүй байсаар гар дээрээ байсан хувьчлалын хөх, ягаан тасалбруудыг хямдаар бусдад арилжиж орхисон. Тэгш байдлаар  хуваарилсан гэх “өмч хувьчлал” өнөөгийн монголчуудын баян ядуугийн ялгааг зааглаж өглөө. Хэн үүний төлөө хариуцлага хүлээсэн юм бэ?
-Газар хувьчлалыг шийдсэн хэдий ч Монголын газар нутгийн ихэнхийг “лицензи” нэрээр гадныханд худалдаж орхисон нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнт их хэмжээний хахууль өгч дээрх лицензийг авсан гадныхан Монголын газар нутгийг өөрийн өмч мэтээр хашиж, түүн дотор монгол хүнийг ч оруулахгүй хажиглаж байна. Үүний улмаас Монголын газар нутаг сэндийчлэгдэж, гол ус бохирдож, байгаль орчин сүйдэж байхад хэн ч үүний төлөө хариуцлага хүлээхгүй байсаар. Тэр лиценз дээр гарын үсэг зурсан эрх мэдэлтнүүд нь яагаад хариуцлага хүлээж болохгүй байгаа юм бол?
-Уул уурхайн баялгийг гадны хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран ашиглах нэрийн дор их хэмжээний баялгийг түүхийгээр нь шууд гаргаж эхэллээ. Хэдийгээр нүүрс, зэс гэж нэрлэж байгаа ч үүн дотор агуулагдсан бусад олон баялгуудыг хэн ч тооцохгүй байна. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед ийм дагалдах баялгуудыг салгаж боловсруулах тийм ч хэцүү биш. Боловсруулаагүй байдлаар Монголын баялгийг гадныханд үнэгүй өгч байгаагийн төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ?
-Иргэддээ адил тэгшээр үйлчлэх учиртай Төрийн албыг улстөржүүлэн, намын даалгавраар томилон, намын захиалгаар ажилладаг болгон хувиргасны гайгаар Монголын төрийн албанд хүнд суртал, авилгал ноёрхож эгэл жирийн ардуудыг бухимдуулж байна. Хэдийгээр төрийн албыг улстөрөөс салгасан гэх боловч өнөөдрийн сонгуулийн сурталчилгааны үед ном журмаараа ажиллаж байгаа албан газруудаа тоол доо.  Монгол хүмүүс “үдээс өмнө ба үдээс хойш” гэсэн  хоёрхон цаг хугацааны хэмжүүртэй гэж шоолуулдаг шиг, Монголын Төрийн алба, сонгуулийнөмнө ба сонгуулийн дараа гэдэг  хуваариар ажиллаж, төрийн алба нь нэг хэсэг хүмүүсийн “амьдралаа дээшлүүлэх боломж” болон хувирсаны хариуцлагыг хэн хүлээх юм бол?
-Эдгээрээс гадна “томчуудын хэрэг” нэртэй олон хууль бус үйлдлүүд шийдэгдэхгүй замхарсаар… Хариуцлага тооцохыг шаардсан олон хэрэг явдлууд эзэнгүй байсаар…Эзэнгүй, шийдэгдээгүй олон явдлын зангилаан дээр эгэл хүмүүс бухимдсаар…
Амлалт сануулсан олон асуултууд?
Сонгуулийн сурталчилгаа ид халуун дээрээ буцалж байна. Нэр дэвшигчид уламжлал ёсоороо “ард түмэндээ хэр их хайртайгаа “нотлох гэж аргаа барсаар. “Миний монголын ард түмэн” гэдэг хэллэг энэ жил нилээд моодонд орох шив. Нэр дэвшигчид эгэл жирийн хүмүүстэй мөр зэрэгцэн, хөл нийлүүлэн алхах нь нэг л содон. Уриа лоозон нь хүртэл “Монголдоо сайхан амьдарцгаая”, “Хамтдаа хөгжих үү?”, “Олуулаа баяжих уу?” ч гэх шиг. Тонгоруулаад унших ахул өнөөгийн бодит байдал нь харагдах мэт. Нэг л их хүний хайлан болсон хүмүүс ард түмнийхээ төлөөсэтгэл нь шаналж, нулимс нь мэлтэлзэж, өр цоортол санаа алдахыг нь харах ахул баярламаар ч юм шиг, бахадмаар ч юм шиг. Одоо л монголчууд бид эднийхээ буянгаар амьдралын бал бурмыг амталж, цэнгэлийн манлайд хүрч болохоо мэдэрч байх шиг.  Гэхдээ асуух зүйл байна? Урьд нь та нар яагаад үүнийг ухаарч, өөрийн санаа бодлоо илэрхийлж байсангүй вэ? Урьд нь яагаад та нар эгэл жирийн хүмүүстэй нөхөрлөж, тэдний зовлон жаргал, бухимдал шаналлыг анзаарч байсангүй вэ?
Монголын улстөрд 20 гаруй жил сууж, дархлагдсан олон эрхмүүд бий. Харин тэд өнөөдөр түмэн олны өмнө гарахгүйгээр намын нэрээр жагсаалтад орж, “аз хүү таарвал ёоз хүүгээр цохих” гээд хүлээж сууна. Тэд бидний өмнө 20 жил элдэв гоё амлалтууд өглөө. Нэг нь ч биелсэнгүй. Сүүлийн хэдэн жил сая саяар мөнгө өгөхөөр амалсан. Бас л биелүүлж чадсангүй. Ичсэн нүүрэндээ нэг мэргэн арга олсон нь энэ сонгуулийн холимог тогтолцоо. Амлалтаа биелүүлсэн гэх нэрээр иргэд залууст бэлэн мөнгө тараасан тань ямар их гай дагуулав. Архидалт, хэрэгзөрчлөөс илүүтэй өөрөө хичээх, амьдралаа өөрөө зүтгэж байж босгох хүсэл мөрөөдлийг нь унтраалаа. Эцэст нь тэд сурсан зангаараа сонгуульд мөнгө тараах, мөнгө амлахыг тань хүлээж суудаг болсон. 12-20 жил улстөрд суусан эрхмүүд ээ, та нараас үнэндээ залхаж байна. Та нарт ядаж ичих булчирхай, хүн чанар, нэр төр гэж байна уу? Амалсан  амлалтаа биелүүлж чадаагүйн төлөө та нар хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс. “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодсон ч” та нарыг сонгомооргүй байна.
Яг үнэндээ УИХ-ын гишүүн болно гэдэг хүн болгоны хүсээд, бас хийгээд байж чадах ажил биш. Сумогоор болон үндэсний бөхөөр барилдах, тайзан дээр дуулахаас ч илүү хариуцлагатай амаргүй алба.Бөхийн дэвжээ болон урлагийн тайзан дээр тэд нар хэсэг хүмүүст үйлчилдэг бол, УИХ-ын гишүүн нийт монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс. УИХ, ЗГ бол хүмүүсийн бизнес хийж “мөнгө угаадаг” газар огтхон ч биш.Алив зүйлийг хийж эхлэхдээ эхлээд мөнгө бодож байгаа хүний ажил хэрэг цаашдаа огт явдаггүй. Тийм болохоор мөнгө, ашиг сонирхол бодож нэр дэвшиж байгаа хүмүүс минь эртхэн больсон нь дээр дээ.  “Эсгий хийх газарт нохой хэрэггүй”, “Даахгүй нохой булуу хураана “гэдэг монгол хэлц үгнүүд зүгээр л нэг амнаас унасан үгс биш. Бид энэ сонгуулийн талаар арай өөр бодолтой болж, арай өөр байдлаар харж дүгнэн цэгнэх цаг болжээ. УИХ-д ч ЗГ-т ч алба хаан ажиллаж байгаа хүмүүс шударга ёсыг эрхэмлэж, хувийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар буруу муу зүйл хийснийхээ төлөө ядаж л төрийн өмнөөс салаавч гаргаад байлгүйгээр хариуцлагаа үүрч, ялаа эдэлж чаддаг байж л “нэр дэвшиж” байвал зүгээр мэт.
Монгол оронд минь сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байна. Сонгууль гэхээр хурдан морьдын уралдаан, наадам санаанд ороод байдаг юм. Яг үнэндээ сонгуулийн төлөө хүүхэд хөгшидгүй догдолж, улс орон даяараа ажлаа зогсоон байж хийрхдэг нь биднээс өөр хаана байдаг бол? Хүн болгон л сонгуулийг тэсэн ядан хүлээж сонгуулийн дараа “шинэ амьдрал” эхлэх юм шиг хүлээнэ. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, алтан нар манддагаараа мандаж байхад сонгууль юуг өөрчилж чадна гэж? Бид ажлаа хийдгээрээ хийж, амьдралаа авч явдгаараа авч явж,товлосон өдрөө сонгуульдаа саналаа өгөхөд л болно. Харин сонголт маань хэр зөв байхаас Монгол орны хөгжилд сайн муугаар нөлөөлдөг. Харин энэ нь эгэл жирийн хүмүүсийн амьдралд тэгтлээ нөлөөлдгийг бид хэзээ болиулж чадах юм бол? Хэн үүнийг өөрчилж чадах юм бэ? гэж үү. Биднээс өөр хэн ч үүнийг өөрчилж чадах билээ. Сонголт тань мэргэн байг.

Share Your Thoughts