СОНГУУЛЬ ба ЁС ЗҮЙ

Сонгуулийн жилийн сонгуулийн улиралд улс орон даяараа зөвхөн сонгуулиар “амьсгалдаг ” улс орон манайхаас өөр бий болов уу? Ядаж байхад бараг бие биенээ нүүрээр нь эс гэхэд сургаар нь танина. “Яагаав, нөгөө хэн нэр дэвшиж байгаа юм байна шүү дээ” хэмээн гайхашран ярих яриа нь, түүнийг өөртэйгээ эс гэхэд өрөөл нэгэнтэй харьцуулах харьцуулалтаар хачирлах бөлгөө. Тэгээд л “Хнн” гэж хайнгадуухан аялгаар өөртөө дуу алдах мөч нь уг хүний талаар сайн муу дурсамжуудыг сэргээн, сайн муу мэдээллийг нь сонирхон уншиж сэтгэлийн их “таашаал” эдлэх шалтаг нь болох авай. Сонгуулийн өдөр ойртох тусам яг л сумын, аймгийн, улсын наадам шиг сэтгэл нь догдолцгооно. Давсан бөхийн цацсан боорцог дагаж хуйлрах шиг, хурдалсан морьдын дусалсан хөлсөнд нь гар хүрэх гэж хуйлрах шиг, харвасан сумны оночыг нь даган найгаж хуйлрах шиг тийм нэгэн мэдрэмж энэ л өдрүүдэд мэдрэгдэнэ. Хөөрүү ч улсаа даа бид. Хөөрч хуйлрах үедээ ч санаж анзаарах зүйлсүүд бидэнд байнаа.
1. НЭР ДЭВШИГЧИД “МУНДАГ” ХҮМҮҮС ҮҮ?
Сонгуулийн сурталчилгааг нь ажих ахул тэд үнэхээр хүний “хайлан” аж. Эх орныхоо төлөө сэтгэл нь зовиноод шөнөжин зүүдэлж сэрдэг гэнэ, эх үрсийг хараад нүдэнд нь нулимс хурж уярдаг гэнэ, түмэн олны төлөө Данте шиг зүрхээ сугалж гэрэлтүүлэхээс буцахгүй гэнэ, төрд сонгогдож гэмээ нь хөгжлийн түлхүүрээр аз жаргалын хаалгыг нээнэ гэнэ, өмнөх нөхдийн алдааг нь засч залруулна гэнэ, өөртөө байгаа хөрөнгө бүхнээ зөвхөн бидний төлөө зориулна гэнэ, өөрөө тэгээд амиа ч хайрлалгүй бусдын төлөө зүтгэнэ гэнэ. Үгүй дээ нэр дэвшигчид минь байгаагаараа  бай л даа. Чамд алдаа оноо бүхэн байгаа болохоор заавал жүжиглэх хэрэг юун. Чи энэ сонгуульд яллаа ч ялагдлаа ч мөн чанар чинь хэвээрээ л үлдэнэ. Дараа нь хүний нүүр рүү эгц харахын тулд өнөөдөр үнэнийг л ярьсан нь дээр. Хийж чадах зүйлээ амла, хийж чадахгүй зүйлээ ч учирла. Уг нь та нарын шунаад байгаа энэ сэнтий чинь хариуцлага дээр тогтсон үүрэг болохоос мөнгөө өсгөдөг “хар зах”, төрхөөрөө гайхуулдаг шоу биш. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг үг бий дээ.
2. ӨМНӨ НЬ ХИЙЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ?
Монголын улстөрд 25 жил “ноёлсон” МАН, АН-ынхан энэ сонгуульд баруун зүүн жигүүрийг манлайлан өөрөө өөрсдөө “алдар цол”оо дуудацгааж байна. Улс орноо хөгжүүлэх учраа олж байтал хугацаа нь дууссан гэнэ, улирааж сонговол гүйцээх ажлууд их байгаа гэнэ, авилгалчдыг зайлуулж төрөө цэвэрлэх гэтэл амжилгүй хугацаа нь дууссан гэнэ, ахиад сонговол тэднийг “шоронд хатааж, шонд дүүжлэх” гэнэ, манан дунд сүүмэлзэж явсаар хонгилын үзүүрт байгаа гэрлийг олж харсан гэнэ, маргааш сонгогдвол тэр гэрэлд хамтдаа хүрэх гэнэ, ядуурч байгаа иргэдээ олж хараад баяжуулах гэтэл хугацаа нь дууссан гэнэ яг одоо сонговол бүгдээрээ баян болох гэнэ, дэлхийн хөгжилд Монголыг хүргэх гэтэл туршлага нь дутаад амжаагүй гэнэ, дахиад сонговол бүхнийг чадна гэнэ. Үгүй дээ, хуучирсан даавуу шиг, зурагдсан пянз шиг улстөрчид минь та нарт итгэхгүй байнаа. 25 жил та нар “Дагдангийн эхнэр шиг таргалж, түмэн олон Цэрмаа шиг турлаа”. Одоо ч та нар төрийн машинд сандайлж “дураараа дургин дун чөмгөөрөө жиргэсээр” байгаа. ” Хэрэг хуучирдаггүй” гэдэг үг бий дээ. Улстөргүйгээр амьдарч чадахаа больсон “хэрэгтнүүд” та нар дунд олон байгаа.
3.ЯДАЖ ЁС ЗҮЙТЭЙ БАЙ Л ДАА.
Нэр дэвшигчид улайрчихжээ. Өөрийгөө дөвийлгэж өрөөлийг доош хийх гэсэн оролдлого болгон нь тэнэглэл дагуулж, олон түмний доог тохуу болж байгааг тэд анзаарах сөхөө ч алга. “Дүүрсэн хэрэг дүрээд л үхье” гэдэг шиг, “Айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн алав”гэдэг шиг тэд юу ч хийхээсээ буцахаа больжээ. Сонгуульд өрсөлдөхдөө ёс зүй гэгчийг огт мэдэхгүй хүмүүс, сонгогдоод гарч ирвэл ёс зүйтэй байна гэж бид итгэх үү? Төрийн ордонд тамхи татаж, архидан согтуурч, элдвийг бурж байгаа бичлэгийг нэг нь гар утсандаа бичиж, бичлэг бичсэн гар утсаа “хулгайд алдаж”, түүнийг нь олсон нэгэн 200 сая төгрөг нэхэн ” шантаажилж”, гар татаж өгсөн 50 сая төгрөгийг нь голсон өрсөлдөгч нь олон нийтэд цацаж, өөрсдийгөө өмөөрөн зөвтгөсөн тайлбрууд нь биднийг “гэнэн” мэт басамжилсан “тэнэг” мунхаг байгаа нь өнөөгийн Монголын улстөр дэх бодит төрх. Ийм хүмүүст улстөрийн бүү хэл хувь хүний ёс зүй ч алга. Ёс зүйтэй ТӨР байсан бол ийм үйлдлүүд нь хуулийн хариуцлага хүлээх, улстөрөөс бүрмөсөн зайлуулагдах шалтгаан болох байлаа. Бидний өмнө ил гарч буй нь зөвхөн энэ. Цаана нь хичнээн заваан шавар шавхай байгааг бид нотолж чадахгүй байна.
4. СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЦГЭЭЕ!
Борооны өмнө хуй салхи эрчилж шороо дэгдэн, дараа нь аянга цахилгаантай аадар асгарч, чийг үнэртсэн хөхөмдөг талд өнгө өнгийн солонго татдаг шиг, сонгууль өнгөрч бидний амьдрал хэвийн гольдролдоо орно. Сонгуулийн үеэр хэдэн төгрөг олох гэж хүн чанараа арилжсан хөлсний бичээчид, нэр дэвшигчийг дагаж далдганасан зусардагсад, нам дагаж хийрхсэн сурталчид бүгдээрээ өөр өөрсдийн ажил амьдралаа бодоцгоох болно. Бие биенийхээ нүүр рүү эгц харцгааж, зарим нь ичсэндээ газар шагайж хоолойгоо засна. Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж сонголтоо хийсний маргааш өдрөөс л бид хийсэн сонголтынхоо сайн муу үр дагаврыг амсаж эхэлнэ дээ. Хараал зүхэл, хэрүүл маргаантай 4 жил эхлэх үү? итгэл найдвар, эвлэрэл зүтгэлтэй 4 жил эхлэх үү? гэдэг нь та бидний сонголтоос шалтгаална. Миний хувьд Монголын улстөрд 2-оос дээш удаа сонгогдсон нэг ч эрхмийг сонгомооргүй байна. Тэдэнд улстөрчийн хувьд хангалттай хугацаа байсан болохоор “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодсон” ч итгэж чадахгүй нээ. Улстөрд мөнгөөр аргамжигдсан “үе залгамжлагчид” биш, зүрх сэтгэлдээ “асч” яваа эрдэм мэдлэгтэй, өөртөө итгэлтэй шинэ залуус хэрэгтэй байна.
ХЭРХЭХИЙГ СОНГОГЧИД МЭДТҮГЭЙ.

Share Your Thoughts