СУДАЛГАА-Ш/У – ГҮЙГЭЭР “ЗАМЫН ТҮГЖРЭЛ” БАГАСАХГҮЙ (Санаачлага дэвшүүлсэн санал)

Улаанбаатар хот дахь замын түгжрэлээ багасгахын тулд хотын төвөөр “дэмий сэлгүүцэгч” иргэн бүрээс сард 50 000 төгрөг хураах тухай шийдвэр гаргах гэж байснаа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад “түр хойшлуулав”. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив” гэдгээр асуудлыг шийдэх аргаа олж чадахаа болихоороо иргэдийнхээ халаас руу “гар дүрэх” сонирхол эрх баригчдад хэвшил болж ужиграх янзтай.

Улаанбаатар хотын авто замууд өдөр өдрөөр ихэсч байгаа тээврийн хэрэгслэлүүдийнхээ ачааллыг дийлэхээ больж өдөр, цаг тутам үүсч байгаа түгжрээ нь энэ хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын уцаар бухимдлын том шалтгаан болж буй. Машин жолоодож ажил албандаа зорьж байгаа хэн боловч нэгхэн хором хожих гэж өчүүхэн завсар зай гармагц машиныхаа “хамрыг” шургуулж амжаад хээв нэг зогсож орхино. Хичнээн орилж бархираад ч, хашгирч харааж зүхээд ч “дүлий дүмбэ”. Урдуураа машин оруулах аваас асар ихээр доромжлуулж, нэр нүүрээ гутаалгаж, дээрэлхүүлж байгаа мэт санадаг монгол хүний сэхүүн болоод мунхаг араншин “чи муу тэгж зүтгээд хожихыг нь харья л даа” гэсэн хоролхуу, өсөрхүү бодолтой холилдоод “наашаа ч үгүй, цаашаа ч үгүй”. Улаанбаатарын замын гацаанд орсон иргэд дээшээ Ерөнхийлэгчдээ “залбираад ч”, доошоо замын цагдаадаа “мөргөөд ч” тусыг эс олох. Авто замын түгжрэлийн гайтай олон шалтгааны нэг нь энэ. Сүүлдээ энэ байдалдаа дасч орхиод “тэмээ туйлаад тэнгэрт гардаггүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдгийг ойлгоцгоох болсон доо.

Шинэ засгийн газар байгуулагдаж “Улсын баатар” Э.Бат-үүл Улаанбаатар хотыг удирдахдаа, авто замын түгжрэлийг багасгах гэж арга ухаанаа уралдуулж, олон ч янзаар үзэв дээ. Дугаарын хязгаарлалт хийж нэг үзэв, нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглож үзэв, зөвшөөрөлгүй газар зогссоныг нь “ачиж” үзэв, төмөр замаар “райлбус” явуулж үзэв. Тусыг эс олов доо. Одоо авто машины дугуйг нь түгжих юм гэсэн. Гэхдээ юу ч хийхгүй зүгээр суугаад байсан бусдыг бодвол оролдож үзэж байгаа. “Оролдлого ихт оройд нь гардаг” гэсэн үг бий. “Хөөрхий муу дарга нар минь ч их оролдох юм, бид ч их дэмжих юм, гэхдээ болохгүй л байнаа” гэж зарим нь хуучилж байна. Гэхдээ энэ их оролдлого дунд, түгжрэл яагаад үүсээд байгаа талаар бодитой судалгаа хийж, энэ судалгаан дээрээ тулгуурлан дэлхийн хэмжээнд болон олон улсын түвшинд энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа арга замыг Монголынхоо орчинд тохируулан хэрэгжүүлэх талаар төдийлэн санаа тавихгүй байгаа мэт санагдав. Одоо авч байгаа арга хэмжээнүүд нь зөвхөн “өнөөдрийг аргацааж байгаа” мэт байгаа нь, “сүх далайтал үхэр амар” гэдгийн үлгэр лугаа мэт. Бодитой судалгаа хийгээд, түүндээ тулгуурлан Ш\У ны үндэстэй зөв арга замыг сонгож хэрэгжүүлэхгүйгээр замын түгжрэл багасахгүй ээ.

Нэг. БЭЛЭН БОЛОМЖ БАЙНАА

Саяхан Лос-Анжелос хотод очихдоо А.Баярмаатай зориуд уулзаж, энэ талаар санал бодлоо солилцсон юм. АНУ-ын Калифорни мужийн Өмнөд хэсгийн захиргаанд \Southern California Association of Governments\ тээврийн анализ, математик загвар зохион бүтээгчээр ажиллаж, Калифорни мужийн 2030 он хүртэлх тээврийн бодлого төлөвлөлтийн загварыг зохиоход оролцож байгаа А.Баярмаатай би өмнө нь уулзаж ярилцан “Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал” гарчигтай ярилцлага хийж олны анхааралд хүргэж байсан юм.

Ярилцлагын линкийг нь энд хавсаргалаа. Хэрэг болгож сонирхох хүмүүс нь уншиж болно.
61. “Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал” \ярилцлага-13\ А.Баярмаа
http://medeelel.com/news/item/2071

“Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал” чиглэлээр Японд Ph.Dr хамгаалсан тэрээр Нидерландад судалгааны ажлаа үргэлжлүүлэхдээ 2011 оны “Шилдэг бүтээл”-ийн шагналыг хүртсэн юм. Энэхүү шагналыг “Environment and Planing B, Planing and Design” буюу “Байгаль орчин ба төлөвлөлт В, Төлөвлөлт ба Загварчлал” сэтгүүлийн редакторын зөвлөлөөс жилд нэг удаа, хамгийн шилдэг санаа дэвшүүлсэн болон практикт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлд олгодог юм. А.Баярмаагийн энэ аргачлалыг одоогоор Япон, АНУ-ын Калифорни муж “Тээврийн бодлого төлөвлөлт” дөө хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд, ойрын үед Мариланд муж хэрэгжүүлэх талаар судалж эхэлж байгаа юм байна.

А.Баярмаагийн аргачлалыг судалж хэрэгжүүлэхээр Чехээс мэргэжилтнүүд нь ханджээ. Тэр хүсэлтийнх нь дагуу удирдлагадаа хандахад тэд ч татгалзалгүй зөвшөөрч. Яг одоо А.Баярмаагийн хажууд Чехээс 2 оюутан ирж, түүний ажилд нь туслангаа аргачлалаас нь суралцан өөрсдийгөө бэлтгэж байгаа аж. А.Баярмаагийн ажлын газар тэдгээр оюутнуудад өрөө гаргаж өгч, компьютер болоод бусад техник хэрэгслэлээр хангаж өгч дэмжжээ. Чехийн тал А.Баярмаад хандахдаа өөрсдөө төслөө хийж, түүнд илгээснийг тэрээр надад үзүүлж, бид хамтдаа сонирхсон юм. Энэ талаар бид ярилцаж суухдаа “Яагаад ийм бэлэн боломж байгаа дээр Монголдоо төсөл болгон хэрэгжүүлж болохгүй гэж?” хэмээн зөвлөлдлөө. Бид нилээд удаан ярилцаж, хамтран баг болж ажиллахаар тохиролцсон. Мэдээж би мэдээлэл сурталчилгаа, олон нийтэд зөв ойлголт өгөх, яг ажил хэрэгч хүмүүстэй холбож, ажлын явц болон үр дүнд хяналт тавих , А. Баярмаа маань энэ асуудлыг төсөл болгон бэлтгэж Монголын талын мэргэжилтнүүдэд зөвлөлгөө өгөх, энэ чиглэлээр ирээдүйн мэргэжилтэн болон судлаачид бэлтгэх ажлуудыг хариуцах юм. А.Баярмаагийн ярилцлагын дараа нэг биш хүмүүстэй холбогдож санал бодлоо солилцож байсан боловч, яг үнэндээ тэдний зүгээс ажил хэрэгт хандах хандлага, хариуцлага, цаг хугацааг ашиглах талаар удаан байнаа. Тэгээд л олон нийтэд асуудлыг ил тод гаргаж, дэмжих хүмүүстэй хамтран ажиллах санал тавьж байгаа юм.

Хоёр. БИДЭНД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЭЧ

1. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг “Авто Тээврийн Газар”, Улаанбаатар хотын “Тээврийн Газар” зэрэг мэргэжлийн байгууллагуудтай холбогдож хамтран ажиллах саналтай байна.
2. Монгол орны болоод Улаанбаатар хотын хүн амын нягтрал суурьшил, ажил хөдөлмөр эрхлэлт, амьдарч байгаа байр орон сууцны байршил төвлөрөл, тээврийн хэрэгслэлүүдийн төрөл тоо гэх мэт, “түгжрэл” ийн шалтгаан бий болгож байгаа олон үзүүлэлтүүдийн талаар статистик судалгааг тодорхой аргачлалын дагуу хийж өгөх баг, залуучууд, мэргэжилтнүүд.
3. Ирээдүйд улам ихээр хэрэг болох “Тээврийн бодлого төлөвлөлт” мэргэжлээр суралцаж дадлагажин, энэ чиглэлээр нарийвчлан судалгаа хийх сонирхолтой, англи хэлний өндөр мэдлэгтэй оюутан залуус.
4.Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг багасгахад хамтран баг болж ажиллах энэ чиглэлийн ажил хэрэгч чадварлаг, бас мөнгөний төлөө бус ирээдүйн сайн сайхны төлөө шударгаар ажиллаж чадах зөв сэтгэлтэй хүмүүс.
5. Мөн ийм төслийг дэмжиж санхүүжүүлэн, ирээдүйд үр бүтээлтэй хамтран ажиллах төрийн байгууллага, бизнесийн байгууллагууд, бусад дэмжигчид
Холбогдох цахим хаягууд: А.Баярмаа bayarma@gmail.com Г.Галбадрах gala_mn@yahoo.com

Гурав. ЭНЭ БОЛ ЭХЛЭЛ

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сайн мэргэжил эзэмшин олон улсын болон тухайн улс орнуудын түвшинд үнэлэгдэн ажиллаж яваа олон монгол залуус бий. Тэдгээр залуусыг олж ярилцлага хийн олон нийтэд таниулж, тэдний мэдлэг чадвар боломжийг Монгол орныхоо хөгжил, монгол залуусын хөгжил дэвшилд ашиглах чин хүсэл надад байгаа. Үүний төлөө маш их сэтгэл зүтгэл, цаг заваа зарцуулж байна. Олдож болох боломж бүрийг ашиглахсан гэж хүсч буй. Тийм болохоор энэ санаачлагыг олон нийтэд хүргэж байгаа юм. Боломжийн хэрээр бусдад тарааж, бие биеэ дэмжих нь Монгол орны хөгжилд оруулж байгаа хүн бүрийн хувь нэмэр.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлэгч, Монгол Улсын ЗГ болоод олон ч байгууллагууд гадаадад суралцаж ажиллаж байгаа өндөр мэдлэг чадвартай залуусаа Монгол орондоо ирж, хөгжилд нь гар бие оролцохыг уриалж байгаа. Уриалах нэг хэрэг, ажил хэрэг болох нь багагүй цаг хугацааг даван туулдаг. Зүгээр л энэ цаг хугацаа болжээ гэж бидэнд бодогдож байна. Бид өнөөдөр үүнийг эхлэхгүй бол хэн, хэзээ эхлэх юм бэ? Өөрт олдож байгаа боломж бүрээ эх орныхоо хөгжилд сэтгэл гарган байж зориулах нь гадаадад ажиллаж амьдарч байгаа төдийгүй Монголдоо ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн үүрэг. Мэдээж эхлэл болгон амаргүй байх авч бие биенээ дэмжиж байгаад ч болов ажил хэрэг болгож чадвал, бидэнд өөр илүү олон боломжууд нээгдэх болно. Хэрэв яриад л шүүмжлээд л суугаад байвал магадгүй 10, 20 жилийн дараа ч бид сайхан ярьсаар л суух болно.

ТӨГСГӨЛ

Бүх төрлийн тээврийн хөдөлгөөнүүдээ зохицуулж, замын түгжрэл үүсгэж, иргэдээ бухимдуулж ядраахгүйгээр зорьчуулах олон сайн арга замууд олон улсын практикт байдаг юм билээ. Мэдээж улс орон болгон л хөгжлийнхөө явцад энэ бэрхшээл зовлонг туулж гарсан л байгаа. Бид заавал тэдний алдааг давтах хэрэг юун. Тийм болохоор бидэнд судалгаа болоод Ш\У ны үндэслэлтэй аргачлал хэрэг болно. Ямар лам дээр очоод “миний машиныг түгжрэлгүй хурдан явуулж өгөөч” хэмээн өглөг барьж, ном уншуулалтай биш.

-Хамгийн гол нь монголчууд бидний замын хөдөлгөөнд оролцох соёл л илүү нөлөөлнө дөө. Боломжтой үедээ яарсан нэгэндээ зам тавьж өгөх нь тийм ч “дорой, арчаагүй” хүний шинж биш шүү дээ. Яарч урдуур зүтгэсэн 30 хан секунд, насан туршид нь харамсал болж үлдэх тохиолдол зөндөө.

-Монгол минь автомашины стандарт, жолоочийн хариуцлага заавал хэрэгтэй. Буруу талдаа жолоодлоготой машинуудыг аажмаар халахын тулд одооноос татварын бодлого барьж болно. Замын хөдөлгөөнд аль болох эвдрэх магадлалтай хуучин машинуудыг оролцуулахгүй байхаар шийдвэр гаргаж болно. Нэг хүний өчүүхэн эрх ашиг, нийт олны өргөн их ашгаас хэзээ ч дорд байх учиргүй.

-Албаар болон хүндэтгэх шалтгаангүйгээр зам таглаж зогссон машины жолоочийг хариуцлагад татах, шаардлагатай гэж үзвэл машин жолоодох эрхийг нь урт хугацаагаар хасч болно. Нэг хүний бүдүүлэг хэрцгий авираас болж, олон хүн хохирох учиргүй.

Хийж болох шийдэж болох зөндөө боломжууд байгаа. Шийдэж эхэлж байгаа байх л даа. Монголд минь хүмүүсийн дунд үүсч байгаа бухимдал, уур уцаар, хараал зүхлийн нэгэн шалтаг нь автозамын “түгжрэл” болж байгаа нь үнэн.

“Бидний тархи түгжрэлгүй байвал, зам түгжрэхгүй дээ”.

Share Your Thoughts