Сургуулийг захирах уу? удирдах уу? \цуврал-06\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал-6
Монгол оронд ардчилал ялахаас өмнөх үейиг захиргаадалтын үе гэж хааяа цохон дурсдаг. Бүх зүйлийг дээрээс төвлөн удирддаг тогтолцоотой, төвөөс гаргаж буй шийдвэрийг доод шатандаа санал, сонирхол, дур хүслийг огт харгалзахгүйгээр, захиргааны аргаар албадан хийж хэрэгжүүлэдэг байсан үе л дээ. Дээд шатны шийдвэрийг захиргааны аргаар албадан хийлгэх үүрэг хүлээсэн хүмүүсийг захирал гэж нэрлэж байв.  Нэг ёсондоо энэ бол төрийн захиргааны алба юм даа. Тэр үеэс өдгөө хүртэл сургуулиудыг удирдаж байсан хүмүүсийг “захирал” хэмээн нэрлэж байсан нь хэвээрээ.
Ардчилал ялснаас хойш сургуулийн захирлууд нэн чухал үүрэгтэй төрийн албан тушаал болж хувирсан. Сум дүүргийн сургуулиудын захирлууд аль нам сонгуульд ялахаас хамаарч байнга өөрчлөгдөнө. 1996 онд “Ардчилсан холбоо эвсэл”  сонгуульд ялж засгийн эрх авсан үед, нилээд олон залуус захирал болж, бусад үед МАХН-ын гишүүн, найдвартай “хор найруулагчид”  сургуулиудыг удирдсаар ирлээ.

Төдийлэн улс төржих шаардлагагүй баймаар дунд сургуулиудын удирдлагад ингэтлээ улс төрийн ач холбогдол өгөх хэрэг юу билээ? гэж бодмоор. Сонгуулийн сурталчилгааны үеэр хөдөлмөрчидтэй уулзалт хийх өрөө танхимын түлхүүр, сонгуульд санал өгөх насанд хүрсэн ахлах ангийн сурагчдыг “тал тохой татах”  гэхчилэн улстөржихөөс аргагүй шалтгаанууд бас байдаг аж. Ийм учир шалтгааны улмаас дунд сургуулиудын захирлууд, улс төрийн тодорхой хүчний хувьд “онцгой ач холбогдолтой”  албан тушаал болж хувирсан нь нууц биш.

Сургуулийг захирахуй
Байнга ачаалалтай ажиллаж, ажилдаа сэтгэл, чадвараа зориулдаг зарим багш нарын  нүдээр харахад сургуулийн захирал гэдэг, сурагчдад хичээл заахгүй, бусдыг захирч дарамталсан, хийх ажил багатай мэт санагддаг. Дээрээс ирсэн удирдамж, заавар бүхий бичгийг хамт олны өмнө уншиж танилцуулах, хааяа хурал. зөвлөлгөөнд сууж ирээд тэнд яригдсан зүйлийг дамжуулан мэдээлэх, дээд газрын заавраар шалгалт авч дүнг нь дээш нь мэдээлэх зэрэг “захиргааны арга”-аар ажиллаж байгааг харахаар хэн ч хийж болох ажил мэт. Ядахнаа санхүүгийн эрх мэдэл төдийлэн их биш, дээрээс хуваарилсан төсвийг хуваарын дагуу зарцуулахад гарын үсэг зурах үүрэгтэй.
Гэсэн хэдий ч хөөрхөн эрх мэдэлтэй. Багш ажилчдыг ажилд авах, ажлаас халах, шагналд тодорхойлох, шийтгэл, арга хэмжээ төлөвлөх, ажиллагсдын ажил байдлын тодорхойлолтод гарын үсэг зурах, тэдний цалинг нэмэх бас бууруулах этх мэдэл байгаа болохоор бас зусардахгүй байхын арга үгүй. Энэ эрх мэдлийнх нь
төлөө ажиллагсадзахирлын ажлын арга барилаас илүүтэй,  хувийн зан чанар, хүсэл сонирхлыг нь сонирхон судална. Захирал жаахан балгах дуртай бол төрсөн өдрөөр нь болон бусад баяр ёслолын өдрүүдээр “ёс алдахгүй”  дайлах, хувийн сонирхол, шуналтай бол, эгзэгтэй үейиг нь тааруулан бэлэг сэлт болон хэрэгтэй зүйлд нь гар сунган тусалж “оноо цуглуулах”, жаахан шалиг бол ядаж л аятайхан харагдаж бага зэрэг аалигүйтэх хэрэгтэй болно.
Өөрийн бодол чадвараар бус дээд газрын заавар, зөвлөмж аргачлалыг дамжуулах, үгчлэн дагаж мөрдөх маягаар сургуулийг “захирдаг”  удирдлагатай нөхцөлд, хамт олны ерөнхий чиг хандлага нь ажил хэрэгт бус амин хувийн ашиг сонирхолд нийцэх дур хүслийг илүүтэй төрүүлж байдаг. Тэр тусмаа өдгөө монгол оронд хавтгайран дэлгэрсэн, дээд газрын хэн нэгэн эрхмийн дэмжлэгтэйгээр захирлын суудалд заларсан бол юун ажил хэрэг, сургалтын чанартай манатай, зусардан бялдуучлахын их аян өрнөнө. Нэгэн үед дунд сургуулиудад сайн багшаа захирал болгож туршиж байсан бол өдгөө дээрээ татаатай, дэргэдээ дэмжлэгтэй хүний хийх ажил болон хувирчээ. Магадгүй өнөөдөр сургуулиудын захирлын албан тушаал нь намын харьяалалтай, тодорхой мөнгөн үнэлгээтэй болсон гэвэл би л лав гайхахгүй. Сургуулийн удирдлагад бий болсон ийм бусармаг зарим үзэгдлүүд монголын боловсролын салбрын хөгжлийг “чөдөрлөж”  байна даа.
Сургуулийг удирдахуй
Сургуулийг удирдана гэдэг захирахаас шал өөр ойлголт юм. Сайн удирдагч гэдэг хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байх учиртай. Энэ хүн бол биднээс аль ч талаараа илүү, бид энэ хүнийг сонсч хүндэлж, итгэж, хамтран ажиллах хэрэгтэй гэдэг ойлголтыг өөрийн сэтгэл зүтгэл, хөдөлмөр үлгэрлэлээрээ хамт олонд бий болгох ёстой. Хүний амь насыг хариуцдаг эмнэлэгт, хүнд өвчтөнд ямар хагалгааг яаж хийж амь насыг аврах шийдвэрт  ерөнхий эмч гарын үсэг зурдаг. Олон олон итгэл найдварын төлөө тэр хүн өөрийн ур чадвар, мэдлэг чадвараа барьцаалан шийдвэр гаргана. Мэдээж тэр хүн бусад эмч нараасаа илүү мэдлэг чадвар, ур ухаантай байж л ийм шийдвэр гаргах эрхийг олж авдаг.
Үүн лугаа адил сургуулийг удирдаж буй хүн ерөнхий сурган хүмүүжүүлэгч байх учиртай. Тэд ирээдүй монгол орны сайн иргдэйин төлөө зөв оновчтой шийдвэр гаргана. Ядаж л ямар ч мэргэжлийн багшийн хичээлд суугаад л арга зүйн талаас нь үнэтэй санал зөвлөлгөө өгчихдөг, хэрэгтэй үед багш сурагчид хэнд ч хэрэгтэй мэдээлэл, ашигтай зөвлөмжийг өгч чаддаг байж л сургуулийг удирдана шүү дээ.
Сургуулийг удирдаж буй хүний хамгийн үнэт чанар нь хувийн өндөр ёс суртахуунаас гадна, сургуулиа судалж, цаашид хөгжүүлэх бодлого, боломжоо боловсруулж, үүнийгээ хамт олондоо ойлгуулж, зөвшөөрүүлэх чадвар юм. Өнөөгийн сургуулийн удирдлагын чадвар дадлыг:
-Харилцааны өндөр соёл
-Бодлого боловсруулж, төсөл зохиох чадвар
-Мэдээлэл хүлээн авч задлан боловсруулах чадвар
-Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх өндөр боловсрол, чадвар
-Сургууль удирдах арга барил
-Эдийн засгийн боловсрол
-Хууль эрх зүйн өндөр боловсрол
-Хувийн өндөр ёс суртахуунтай байхаар төсөөлж байна.
Сургуулийн удирдлагыг бэлтгэхдээ авьяас чадвартай, өөдрөг сэтгэл, өөртөө итгэлтэй залуусыг  УБИС-ийн дэргэд мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлийн сургалтаар бэлтгэх боломжтой. Сургуулийг удирдаж буй хүн өөрийгөө хамт олондоо ойлгуулж, тэднээр хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг их ур чадвар, ухаан, тэвчээр шаарддаг юм даа.
Хамт олны удирдлага
Өмнөх цувралдаа миний бие сургуулийн хамт олон, сургуулийнхаа “эзэн”  нь байж адил санаа тавьж байх хэрэгтэй  тухай цухас өгүүлсэн. Сургуулийн хамт олон гэдэгт зөвхөн удирдлага, багш ажилчид төдий бус, сурагчид бас эцэг эхчүүд  ч   хамаатай. Тиим ч учраас    сургуулийг удирдахад хамт олны оролцоо заавал хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал ямар хүн байхаас үл хамаарч сургууль өөрийн чиглэл боломжоо өөрөө тодорхойлж байх нь бие даан үр дүнтэй ажиллахын эхлэл юм.
Одоогоор бүх шатны сургуулиудад ёс төдий байгаа “сургуулийн удирдах зөвлөл”  гэгч их л зөв алхам.  Харин сургуулийн захирал ямар асуудлаар бие даан шийдвэр гаргах болон ямар асуудлаар заавал хамт олны саналыг харгалзаж байх шаардлагатайг маш тод ялган заалгах нь хамгаас чухал.  Нэг хүний эрх мэдэл удирдлагад давамгайлах, эсвэл эрх үүрэг тодорхой бус байх нь хамт олны зөрчилдөөнийг ихэсгэж, итгэлцэл ойлголцлыг үгүй болгож орхидог.
Сургуулийн хамт олны удирдлагад “Сурган хүмүүжүүлэх зөвлөл”, “сурагчдын зөвлөл”, “эцэг эхийн зөвлөл”  адил тэгш эрхтэй байгууллагууд их хэрэгтэй. Гагцхүү үйл ажиллагааны чиглэл, хариуцлага, эрх мэдэл, удирдлагад оролцох үүрэг нь илүү тодорхой байх учиртай. Түүнчлэн явуулж буй үйл ажиллагаа нь хэлбэрийн төдий бус жинхэнэ ажил хэрэг байхад л хамаг гол ач холбогдол нь орших болно.
Хүн бүр сургуулийнхаа эзэн нь байж,  өөрийн сурч, ажиллаж буй сургуулийнхаа ирээдүйн сайн сайхны төлөө  бодитойгоор санаа тавидаг байхын үндэс нь хамт олны удирдлагын хэлбэр юм.
Төгсгөлийн оронд
 Өнгөрсөн намар Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо монголчуудтай хийсэн уулзалтад  Яамдын сайд нарын томилгооны талаар өдгөө ЭМ-ийн сайдаар ажиллаж байгаа С.Ламбаагаар жишээлэлн ярьж байсныг санаж байна. УЙХ-д хэд хэдэн удаа сонгогдож байсан С.Ламбааг нэгэн цагт нийслэлийн нэгэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсныг миний бие бага зэрэг мэдэх юм.Энэ эвслийн засгийн газарт С.Ламбаа БСШУ-ны бус ЭМ-ийн сайд хийж байгаад олон хүн гайхаж байгаа.  Ерөнхий сайд С.Баяр үүнийг тайлбарлахдаа, “Яамны сайд бол улстөрийн албан тушаал. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүргээрээ заавал  мэргэжлийн байх алба үгүй ”  хэмээн тайлбарлана билээ. ЭМЯ-ны боловсон хүчний нэгж нь эмч нар. БСШУЯ-ны боловсон хүчний нэгж нь багш нар. Боловсролын салбрын талаар багагүй ойлголт, зохих туршлагатай ЭМ-ийн сайд С.Ламбаа захын эмнэлэг дээр очоод эмч нартай уулзаж, мэргэжлийн нарийн ширийн зүйл болон эмчилгээ оношлогооны талаар юу ярьж, зөвлөж, шийдэж чадахсан билээ. Харин нийслэлийн аль нэгэн дунд сургууль дээр очиход  сургуулийн удирдлага болон багш нартай олон зүйл ярилцаж, ойлголцож, зөвлөж, шийдэж чадна. Аль ч салбрын сайд хүн салбрынхаа анхан шатны нэгж дээр очоод ажиллагсадтайгаа илэн далангүй ярилцаж ойлголцож чадна гэдэг хамгаас чухал бус гэж үү? Үүнийг л бид хүсээд байгаа юм шүү дээ.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байгаад өдгөө БСШУ-ны сайдаар ажиллаж байгаа Отгонбаярыг боловсролын салбарт дорвитой өөрчлөлт хийнэ гэдэгт нэг их итгэхгүй байна. Салбар бүрийг улстөржүүлж,  “бялуу хуваах”  зарчмаар тэмээчин хүнээр ямаа хариулуулж байгаа энэ үзэгдлийг монгол орны хөгжлийн төлөөх нааштай алхам гэж үзэх арга үгүй.
“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй”  гэж монголчууд хэлэлцдэг. Улстүрийн албан тушаал гэдэг нэрээр чадваргүй, сэтгэлгүй хэн нэгнийг салбар болон хамт олныг удирдуулахаар томилж, мэдэхгүй чадахгүйг нь нөхөж, дэмжих зорилгоор ” дэд сайд”,  бусад олон орон тоог бий болгож байгаа нь “зуун ямаанд жаран ухна’ гэдэг үлгэрээр, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хамхуул мэт хийсгэх нэгэн учир шалтгаан болж байна.
Дээрээс ирэх шийдвэр, заавар зөвөлмжөөр сургуулийг “захирах’  амархан, харин өөрийн бодлого ур чадвараар сургуулийг “удирдах” амаргүй. Хаа хаанаа зөв шударга, чадварлаг ухаалаг удирдлагатай  байх нь монгол орны хөгжилд тун хэрэгтэй сэн.
“Мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархан ч мориноосоо буугаад төр улсыг төвхнүүлнэ гэдэг аматгүй ажээ”  хэмээн нэгэн цагт их эзэн  Чингис айлджээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-02-15

Share Your Thoughts