Сургууль- Яагаад сүм шиг байж болохгүй гэж? \цуврал-05\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал-5
…Шашин бүр өөрийн сүмтэй. Хүмүүс өөр өөрийн сүсэг бишрэлдээ хөтлөгдөн сүмд очно. Өөрийн амьдралдаа тулгарч байгаа олон асуултуудад хариу олж авах гэж, бас өөртөө итгэл найдвар, итгэл үнэмшил олж авах гэж сүмд ирцгээдэг. Тэд энэ газар сэтгэлээ ариусгаж, өөрийн зүрх сэтгэлээ чагнаж, өөрийн итгэл үнэмшилээ баталгаажуулна.
Хүмүүс сүмд байхдаа ямар ч муу зүйл хийдэггүй. Тэнд архи ууж, хэрэлдэж зодолдон, муу муухай хараал хэлэхгүй. Тэд энэ орчноо цэвэр ариун байлгахыг хичээн, бие биеэ хүндэтгэнэ. Хүмүүс сүмийн босгыг алхсан үеэсээ л намуухан, зөөлхөн алхаж, оюун бодлоо төвлөрүүлж, дотоод сэтгэлтэйгээ ярилцана. Тэд сүмд хандив өргөж, үүнийгээ “буяны үйлс” хэмээн харамгүй сэтгэлээр итгэдэг.
Олон олон зуун жил  сүмүүд ийнхүү хүмүүсийг өөртөө татаж, итгэл найдварыг нь хадгалсаар иржээ.

Өнөөгийн сургуулиуд
 “Өөдлөх айл үүднээсээ”  хэмээн монголчууд хэлэлцдэг.
-Манай сургуулиудын ширээ сандал, тавилга сэлт нэг л хүнд, болхи загвартай. Засвар хийж байна хэмээн жил бүр дээрээс нь нэмж будсаар, үндсэн өнгө гэж үгүй, нэг л ядарч зүдэрсэн царайтай.

-Хүүхдүүд хагалчихна гээд бараг цонх бүрээ төмрөөр торлох шахна. Гаднах хаалгаа хатуу резинээр татуулж, бараг төмөрлөх шахна. Хүүхдүүдэд зориулсан хөрөнгийг хүүхдээс хамгаалж байгаа аргачлал нь энэ.
-Сургуулийн коридоруудаар дүүрэн ЗАН болон бусад сургалттай холбоотой, төрөл бүрийн материалуудаар хийсэн элдэв самбарууд өлгөөтэй. Хүүхдүүд хичээл завсарлаад коридортоо гармагц дахиад л суралцахад зориулсан ийм “дарамтууд” тай учирна. Хаашаа л харна,  элдэв дүрэм заавар, уриа шаардлага бүхий олон дарамтууд. Энэ бүхэн сургуулийн сурагчид төдийгүй, багш ажилчид удирдлагуудыг залхаахгүй байна гэж үү?
-Сургууль дээр байгаа бүх зүйл, анги танхим өрөө тасалгаанууд,  тэдгээрт байгаа бүх сургалтын техник хэрэгслэл, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалууд цоожтой саванд хадгалагдана. Сургуулиуд өмч хөрөнгөө өөрсдийнх биш “улсынх” гэж тооцож, яг л социалист зарчмаар хадгалан хамгаалдаг.  Өмч хөрөнгө дутагдуулсан багш болон хэн нэгэн төлбөр тавигдаж, цалингаасаа төлдөг тогтолцоотой болохоор хэнийг ч буруутгах арга үгүй. Тэд сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж байгаад төлбөрт орж байснаас сайтар хадгалж байгаад тооллогоор бүрэн бүтэн данстай байлгаж байсан нь дээр гэдэг сэтгэхүйтэй болдог ажээ.
Өөрийн бус “улсын” нэртэй өмчийн ийм харилцаан дээр очихоор “сургуулийн эзэн нь хэн бэ?”  гэдэг асуултын хариуг олоход хэцүү болно. Бүх өмч хөрөнгөө нуун хамгаалж байдаг болохоор хүүхдүүд лав биш, эвдэрч, алга болсон зүйлийг цалингаасаа төлж байдаг болохоор багш нар бас биш, харин бүхнийг зандарч, бас төлүүлж, шалгаж байдаг болохоор захирал “эзэн”  байж болох юм. Гэтэл дээрээс байнга санхүүгийн шалгалтад орж, өмч хөрөнгө завшсан байж болзошгүй хэмээн хардагдаж байдаг болохоор захирал “эзэн”  байх арга үгүй. Сургуулиудын өмч хөрөнгийг “улсын”  гэж нэрлэн, хэрэглэгчдээс нь харамлан хамгаалж, тооцож төлүүлж байдаг энэ тогтолцоо өмч хөрөнгийг “эзэнгүйдүүлж”, бас итгэлцэлгүйгээс зөв ашиглан хэрэглэх боломж нөхцлийг үгүй болгож байна бус уу? Өмчийн харилцааны “эзэн’  сэтгэлгээг өнөөдөр Улаанбаатар хотод адил тэгш ажиллаж байгаа “улсын” болон “хувийн’ сургуулиудаар ороод харахад л “өдөр “, “шөнө”  шиг энэ ялгааг мэдэрх болно.
Хүүхдээс алив зүйлийг нууцалж, харамлах тусам тэдний сонирхлыг илүү татаж, авч ашиглах хүслэнг илүү төрүүлдэг. Хүүхдээс тоглоом харамлавал заавал авах гэж уйлна. Харин тоглоомыг нь өгчихвөл хэсэг тоглож байгаад уйдахаараа орхино.
Үүн лугаа адил сургуулийн модон хаалгыг хүүхэд эвдэлнэ гээд төмөрлөвөл хүүхэд заавал өшиглөж үзнэ, харин эсрэгээр нь шиллэж орхивол хөлөөр өшиглөн хагалж арай зүрхлэхгүй.
Өнөөдөр бүх шатны сургуулиудад “эзэн сэтгэлгээ”  үнэхээр дутагдаж байна. Суралцагсад болон багш нартаа итгэл өгч чадахгүй, өмч хөрөнгөө хамгаалах гэж сэтгэлтэй нь  хамтад нь “цоожилж”, эдэлж хэрэглэхээс илүүтэй, эвдэлж төлбөрт орох айдсаар “хүлж” сургууль хөгжихгүй ээ.
Сургууль бүгдэд нь зориулагдсан
-Өнөөдөр тэнд суралцаж бас ажиллаж байгаа сурагчид, багш ажилчид , сургуулийн удирдлага бүгдээрээ сургуулийн эзэд юм. Хагарсан нэг цонх, эвдэрсэн нэг техник хэрэгслэл ч бүгдэд нь хамаатай. Нэг цонх хагарахад бүгдээрээ л даарна. Нэг техник хэрэгслэл эвдэрэхэд бүгдээрээ л ашиглах боломжгүй болно. Сургууль бохир заваан байвал зөвхөн цэвэрлэгчид бус бүгдэд нь хамаатай. Учир нь бүгд хамтдаа энд өдрийг өнгөрүүлдэг. Тийм болохоор тохигүй, эмх цэгцгүй, бохир заваан, хариуцлагагүй байдлын төлөө бүгд санаа тавьж, шаардаж байх учиртай.
-“Сайхан орчинд хүн санаа тэнэгэр” ажилладаг. Сургуулийн коридорт байдаг элдэв самбруудын оронд сайхан зураг, цэцэг ургамал, толь, гоёмсог дизайн бүхий байгууламжууд байж яагаад байж болохгүй гэж. Тэнд сурч ажиллагсад амралт завсарлагааны тэр хоромд сэтгэл сэргээж, алжаал тайлсан орчин байх нь юу юунаас илүү чухал байдаг.
-Компьютерийн болон уншлагын танхим, спортын болон урлагийн заал, хичээлүүдийн лаборатори, хоолны газар гээд байнга  нээлттэй байж,  сурагчид багш нар өөрсдийн чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэхэд зориулагдаж байх учиртай. Цаг боломжоо зөв ашиглавал, сонгон суралцах чиглэлээр стандарт бус сургалт буюу сурагчдын авьяас сонирхлыг хөгжүүлэх олон хэлбрийн сургалт явуулах боломж бүх сургуулиудад бий.
-Сургууль дээр хэн ч муу зүйл хийдэггүй, багш нар нь ч өрөө тасалгаандаа элдэв марзан зүйл ярьдаггүй, архи ууж, тамхи татдаггүй яг л сүм шиг байх боломж бий. Энд гагцхүү эелдэг найрсаг харилцаа, бие биеэ хүндэтгэх хүндэтгэл, сайтар боловсрогдож хүн бүр дагаж мөрддөг дотоод журам хамгаас чухал үүрэгтэй. Учир нь энд хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх үйл ажиллагаа явагдаж байдаг гэдгийг хэн ч мартаж болохгүй. Энд ажиллагсад хүүхдийн өмнөх амьд толь, үлгэр дуурайлал нь юм.
-Хүүхдүүд сургуульдаа хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа тээж ирдэг. Тэд өдөр бүр сургууль дээрээ шинээр сурч мэдэж байгаа зүйлдээ баярлан бахархаж, илүү их зүйлийг шинээр мэдэх хүсэлдээ тэмүүлж байх учиртай. Сургууль бол зөвхөн үүнд л зориулагдсан юм шүү дээ. Эцэг эхчүүд ч үр хүүхдээ сургууль руугаа яарч, тэмүүлж байгааг нь мэдэрч, тэднийхээ өдөр бүр сурч мэдэж байгаа зүйлдээ хэрхэн сайнаар өөрчлөгдөж байгааг харж талархаж байх нь хэрэгтэй зүйл юм.
Төгсгөлийн оронд
Сүмийг би, шашны гэдэг утгаар нь бус  хүмүүсийн итгэл найдвараа тээж зорин ирдэг ариун, хүндэтгэлтэй газар гэдэг утгаар нь төсөөлж байна. Монголын сургуулиуд ийн өөрчлөгдөөсэй гэж бид хүсч байгаа. Албадлагаар бус хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлээрээ сурагчид сургуульдаа очицгоож, багштайгаа хамтдаа өдөр бүрийг үр дүнтэй эрэл хайлт, оюуны олз омгоор дүүрэн өнгөрөөж, цаг ямагт сурч мэдэхийн баяр баясгаландаа бялхаж байгаасай гэж бид хүсч байгаа.
Ийм боломж монголын боловсролын салбарт байгаа. Юуны өмнө бүгдээрээ сургуулийнхаа эзэн нь байцгааж хамтдаа олон зүйлийг үр дүнтэй өөрчлөх болно.
Энэ бол хоосон мөрөөдөл бус хийх бодит ажил юм.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-02-11

 

Share Your Thoughts