Сэтгэгдэл ба хариуцлага

…Ц.Дамдинсүрэн гуйн “Хийдэг ганц хэлдэг гурав” нэртэй өгүүлэл бий.  Нэгэн гэрт хамаг ажлаа хийдэг бүсгүй, түүний хийж байгаа болгоныг  аав ээжийнхээ хамт өөлж шүүмжилж, загнаж зандарч байдаг эр нөхөр нь болох  залуугийн тухай өгүүлдэг юм.  Өглөөнөөс эхлээд л хамаг ажлаа хийж байгаа хөөрхий бүсгүйн  хийж байгаа болгоныг нь голж, “үгүй чи ингээч, тэгээч, арчаагүй гэдэг нь” гэхчилэн  загнаж зандарцгааж, толгой сэгсрэн харуусна. Тэгсэн атлаа нэг нь ч гараа хөдөлгөж, юу ч хийхгүй. Зүгээр л загнаж зандарч суух мөртлөө өөрсдийнхөө ядарч зүдэрч байгаагаа гайхаж ялархана.  Амьдралд байдаг энгийн зүйл шиг атлаа, юм бодогдуулсан өгүүллэг.
…Саяхан фейсбуук дээр нэг залуу бичсэн байсан.  Түүнийг юм бичихээр л  ” тэгж ч бичсэнгүй, ингэж ч харсангүй, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй” гэхчилэнгийн сэтгэгдлүүд урсаж өгнө.

Тэгэхээр нь шүүмжийг нь хүлээн авч  бичлэгээ сайжруулаад, бас хажуугаар нь “зөвлөмж” болгосноор нь олон нийтэд  хэрэг болох жаахан ч болов үйлс хийж эхэлж дээ.  Тэгсэн дахиад л шүүмжилж байна гэнэ. “Чи энэ ажлыг ингэж ч муу хийж байна, тэгж хийх хэрэгтэй, өөр тийм ч зүйл санаачлах хэрэгтэй” гэхчилэн.  Бас санаа аваад л сайжруулж гэнэ. Тэгээд анзаарсан чинь шүүмжлээд байгаа хүмүүс нь өөрсдөө юу ч хийхгүй, шүүмжлээд л сууж байдаг байгаа.  Тэгээд гэнэтхэн мань хүн “яагаад энэ шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө юу ч хийхгүй байгаа юм бол?”  гэж анх удаа бодсон гэдэг.
Алив зүйлийг уншаад шүүмжлэх хамгийн амархан.  Бас зарим хүмүүст ч их зугаатай байдаг бололтой.  Ямар нэгэн сэдвээр өөрийн бодол санаагаа илэрхийлж бичих гэдэг хүн болгоны хийж чадаад байдаг амархан ажил биш. Хүмүүс өдрийн ажлаа хийгээд амарч байхад тэр хүний толгойд бичих гэж байгаа сэдэвтэй холбоотой маш олон бодлууд эргэлдэж байдаг. Бас бичих гэж байгаа сэдэвтэйгээ холбоотой бусад хүмүүсийн бичсэн зүйлийг унших хэрэгтэй. Шаардлагатай баримт нотолгоог олох хэрэгтэй. Хүмүүс унтаж  амарч байхад уг санаа бодлоо цаасан дээр буулгах гэж “үйлээ үзнэ”. Болох нь ч бий, болохгүй нь ч бий. Тэгж зовж зүдэрч байж бичиж нийтлүүлсэн зүйлийг нь, хэн нэгэн  ширээний цаана сууж байгаад хальт уншаад “нулимж” орхих амархан.  “Хэ хайран цаг, ингэж дэмий юм сараачиж байх ямар хэрэг байнаа” гэнэ. Гэхдээ өөрөө хэзээ ч бичихгүй.  Бас уншихаа болихгүй.
САЙТУУД ба СЭТГЭГДЛҮҮД
Урьдын цагт зөвхөн мэргэжлийн зохиолчид сэтгүүлчид,  “манай эрин үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар болсон” МАХН-ын захиалгаар ард олны “тархийг угаан үзэл сурталжуулах” маягаар  бичдэг байсан алдарт жишгийг 1990 онд Монгол улсад  ялсан ардчилсан хувьсгал өөрчилсөн. Өөрийн оюун сэтгэлгээний “эрүүл” бодлоор бичих гэж хүсэх  дор, “дээлээ нөмрөнгөө” алдаж байсан  их айдсыг энэ үед л авч хаяв. Хүмүүст оюун сэтгэлгээний их эрх чөлөөг л ардчилал  авчирч өгсөн. Түүний буянгаар бид Ерөнхийлэгч байсан хүнээ “балин хамарт”, “бажгар арав”, “хүйтэн царайт”, “тагдгар” гэхчилэн “амны зоргоор” аймшиггүй чалчин нэрлэж  чаддаг болсноор барахгүй, үүнийхээ төлөө шоронд орохгүйгээ мэддэг болов. Эр зоригтойдоо биш л дээ, мөнөөх “аймшигт” цагт сэтгэл дотроо хурааж байсан “их айдсаа”, сэтгэлийн гүн дэх хорслын хамт гадагшаа гаргаж цацаж, нулимж байгаа хэлбэр юм уу даа. Нэг бодлын хорслоо бах тавтайгаа  холин гадагшлуулж байгаа хэрэг.
Ардчиллаас хойш сонин сэтгүүл, вэб сайтууд,  блогууд, твиттеэр, фейсбуук  гээд өөрийн санаа бодлоо илэрхийлж болох орон зай асар хурдтайгаар хүрээгээ тэлэв. Үсрэнгүй хөгжиж байгаа мэдээллийн асар том орон зай руу монголчууд бид  “үсрээд” л орчихсон.  Бичиг үсэг мэддэг хүн болгон л “дураараа дургиж, дун чөмгөөрөө  жиргэж” болох орон зай, гэдгийг хамгийн сайн ойлгов. Бичээчид олшрох хэрээр сэтгэгдэлчид ч олшров. Ялгаа нь гэвэл, бичээчид нэрээ заавал бичиж тавьдаг бол сэтгэгдэлчид нэрээ “нуудаг”.  Энд л жинхэнэ зугаа тоглоом эхэлж байгаа юм. Нэгнийхээ нүдийг нь боож, дундаа оруулж суулгаж байгаад, бусад нь тойрч зогсоод элдэв зүйлээр шидэж онодог тоглоом маягтай юм уу даа, зүйрлэвэл.  Эхэндээ санаа бодлоо хуваалцдаг байсан бол, аажимдаа гутаан доромжлох, одоо бол хувийн өс хонзонгоо авах орон зай болон хувирч байна.
1. ЭРҮҮЛ СЭТГЭГДЭЛ: Аливаа бичиж бийтлүүлсэн зүйлийн талаар өөрийн санаа бодлоо илэрхийлэгсэд.  Тэд санал нийлж байгаа зүйлээ дэмжиж, санал нийлэхгүй байгаа зүйлд дургүйцлээ илрэхийлэн бичдэг. Мэдээж бичиж байгаа зүйл болон хөндөж байгаа санаа нь, нэг л хүний санаа бодол болохоор заавал “үнэний туйл” байх албагүй. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нь “нэг загварынх” биш болохоор олон янзын араншин илэрдэг. Юу юунаас илүү тэр хүн, тухайн бичсэн зүйлийн талаар сайн ч муу ч өөрийн санаа бодлоо илэрхийлж хуваалцаж байгаа нь хамгийн чухал. Магтаалд нь хөөрч баярлаад муулахад нь гутарч гуниад байх хэрэг ер үгүй.  Эндээс бичээч ч сэтгэгдэл бичигч ч их зүйлд суралцдаг. Энэ бүхний цаана монголчууд бидний нийтлэг эрх ашиг л оршиж байдаг юм даа. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг хэллэг бий.
2. ХОРССОН СЭТГЭГДЭЛ: Аливаа бичиж нийтлүүлсэн зүйлийн талаар бус  огт өөр асуудлаар доромжилж бичигсэд.  Ажаад байхад, бичсэн зүйлийг хальт уншаад л  сайтар ойлгосон болон ойлгоогүйгээс хамааралгүйгээр санаанд орсон зүйлээ бичдэг хүмүүс нилээд бий. Нэг бодлын өөрийн амьдралдаа дутуу дулимаг яваа шалтгаанаа өөрөөсөө бус өрөөл бусдаас хайдаг, сэтгэлийн хорслоо цээжиндээ “уугиулж” яваа, “морь унасан толгойгүй хүн” гэмээр.  Тэд андашгүй. Бичиж байгаа бүхэн нь хараал зүхлээр дүүрэн, юм болгоныг үзэн ядсан шинжтэй, “тэмээний тухай” бичихээр “ямааг хараагаад” байдаг  араншинтай. Яасан ч их завтай байдаг юм бэ? Сайт болгон дээрх  бичлэгүүд  болгоны доор тэдний “ул мөр” дурайж байдаг юм.  Хэрэв хэрэг болгон олоод харвал тэд даанч “өчүүхэн” л дээ.  Харин тэд нэрээ нүүртэйгээ хамтад “нуугаад” байж чадна гэж “эрддэг” хүмүүс.
3. ХОНЗОГОНОСОН СЭТГЭГДЭЛ: Аливаа бичиж нийтлүүлсэн зүйлийн талаар бус, бичиж нийтлүүлсэн  болон ярилцлага өгсөн хүнийг нь доромжилж бичдэг хүмүүс. Тийм хүмүүс бичээчийн болон ярилцлага өгсөн хүний   дотно байсан хүмүүс болон одоо ч дотно байгаа хүн байх нь олонтой.  Тэд бичиж байгаа зүйлд огт анхаарлаа хандуулахгүй. Зүгээр л тухайн хүний хувийн олон асуудлыг олон нийтэд  дэлгэж, “ямаршуухан бузар булай амьтан” болохыг нь “илчилж”,  хамтдаа “үзэн ядаж, шоолж гутаахыг” уриална. Тэр хүний сэтгэл дотор “чамайг сайн явахыг нь үзнээ гайгүй” гэсэн хорсол ямагт буцалж байдаг юм.  Мэдээж хүн болгон амьдралдаа алдаа гаргадаг, алдах ч эрхтэй.  Бичээч ч, ярилцлага өгөгч, сэтгэгдэл бичиж байгаа хүн болгон ч алдаа оноотой. Харин тухайн хүний өөрийн санаа бодлоо илэрхийлж байгаа болгоныг нь хувийн асуудлаар нь “хучиж” харлуулахыг хүсэх нь даанч өрөвдөлтэй үзэгдэл. Харин үүнийг сонирхон дэмжигсэд ч цөөн биш.  Үүний уршгаар олон олон бичээчид  сонирхлоо орхисон. “За даа хүмүүст ингэж муугаа дэлгүүлж байхаар мөрөөрөө явж байсан нь дээр “гэх аргаа барсан бодол тэднийг “тушдаг” юм даа. Тэд бүгдээрээ хамтдаа хөгжихийг бус, хамтдаа л арчаагүй дорой байлгахыг хүсдэг юм.
4. БУУНЫ НОХОД:  Харин эд бол Монголын Төрийн эрхийг 20 жил ээлжилж барьсан МАНАН-ын бий болгосон хүмүүс. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийг “гартаа авсан” хэсэг бүлэг хүмүүс , интернетийн орон зайд хяналтаа алдахаараа, “хөлсний сэтгэгдэлчид”-ийг бий болгосон.  Тэд өөрсдийн муу муухай, буруу муу үйлдэл болгоныг олон нийтээс нуухын тулд  “морь унасан толгойгүй” маягийн хүмүүсийг олноор нь цалинжуулж, шаардлагатай бичлэгүүдийн доор доромжилж гутааж, мохоож цөхрөөх зорилгоор элдэв заваан сэтгэгдэл бичүүлнэ. Тэр нь андашгүй  “урвагч, хулгайч, хятадын эрлийз, тагнуулч”, “янхан, биеэ үнэлэгч, завхай” гэхчилэн “цоллож”  энэ бүхнийгээ асар олноор нь хувилж бичлэгүүдийн дор зай завсаргүй тавьдаг. Ийм хүмүүсийг монголчууд эртнээс л “бууны нохой” гэж нэрлэдэг байсан юм.  Тэд хэдэн төгрөгний төлөө бол хэнийг ч юу ч гэж гүтгэж,  доромжилж, харааж зүхэхээс сийхгүй. Тэдэнд “ичих булчирхай болон хүн чанар” гэж огт үгүй. Тэд хүнд цагт найз нөхдөө, тэр ч бүү хэл эх орноо ч худалдахдаа  санаа нь чилэхгүй.  Харин одоо цагт энэ ажиллагаа өргөжөөд, бидний хоёр хөрш болох Орос, Хятадын  сонирхол давамгайлж байна хэмээн би хардаж байгаа юм. Нотлох аргагүй ч, үүнийг Монгол төрийн “нүд чих” анзаарч байгаа буйз. Харин нэг л зүйлийг “энэ ажиллагаа бол монголчуудын эвлэлдэн нэгдэх”-ийн эсрэг явуулж байгаа том “гэмт үйлдэл” гэдгийг л хэлж чадна.
ХАРИУЦЛАГА ХААНА БАЙНА ВЭ?
Саяхан Монголын Засгийн Газраас гаргасан “Цахим орон зай дахь сэтгэгдлүүдийг хянах” тухай шийдвэр нилээд маргаан дагуулж буй.  Олон олон хүмүүс “ардчиллаар бидэнд олдсон ололтыг үгүй хийх гэлээ” хэмээн эгдүүцэж, зарим нь  “Засгийн Газар өөрийн үйл ажиллагааны талаарх алдаа дутагдлыг шүүмжлэхээс айж, зөвхөн магтаалыг нийтлэн хүмүүсийн  “тархийг угаах” гэж байна ” хэмээн дургүйцэж,  нөгөө нэг хэсэг нь “Ерөнхийлэгчийн сонгууль ойртож байгаатай холбогдуулан зориуд ийм арга хэмжээ авч байна” хэмээн хардаж байна.  Алийг нь ч нотлох бас үгүйсгэх аргагүй.  Гэхдээ энэ асуудал олны анхаарлыг татсан хэвээр байна.
Миний бодлоор бол:
1. Цахим ертөнц дахь хоорондоо ав адилхан мэдээллүүдийг нэг нэгнээсээ хуулбарлаж тавьдаг Монголын сайтуудын хариуцах хариуцлага нь хаана байна вэ? Монголын ЗГ ийм шийдвэр гаргаснаараа, тэдний өмнөөс хариуцлага хүлээхийг хүслээ гэж үү? Ямарваа мэдээлэл  болон бичлэг эх сурвалжаараа, эсвэл хуулбарлагдсан ч бай, аль нэгэн сайт дээр тавигдсан л бол тэр сайт түүнтэй холбоотой сэтгэгдлүүдийн төлөө хариуцлага хүлээх ёстой.  Тэр сайт өөрийн нийтлэлийн бодлого, өөрийн админ, өөрийн бичээчтэй байх ёстой. Тэр бодлого, зарчим нь өөрийн гэсэн хариуцлагыг үүрүүлдэг. “Энд бичигдсэн сэтгэгдлүүдийн төлөө манай сайт хариуцлага хүлээхгүй” гэсэн тайлбарууд нь  өөрийн бодлого, өөрийн сэтгүүлч, өөрийн имижгүйгээр энд  тэндээс авч тавьсан эрээвэр хураавар мэдээллүүдийн цуглуулга л гэсэн үг.  Ядаж зохиогчийн эрхийг тоодоггүй юм аа гэхэд бичлэгийг нь авч тавьсан зохиогчийн нэр төрийг хамгаалах үүрэг хүлээхгүй гэж үү? Тэдэнд бичлэгийн “урамшуулал” өгдөггүй юм гэхэд,   хувь хүнийх нь хувьд доромжилсон сэтгэгдлүүдийг нь хянаад устгаад байж болноо доо.  Тийм ээ, Монголын энэ олон сайтууд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа. Тэд заавал хариуцлага хүлээж байх учиртай.
2. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн аль комьютерээс бичиж байгаа IP -ийг заавал дугаараар нь тавьж байх хэрэгтэй. Миний нэг бичлэгийн дор бичигдсэн 60 сэтгэгдлээс, намайг доромжилж бичсэн 23 сэтгэгдлийг нь  зөвхөн нэг хүн орж бичсэн тохиолдол гарч байсан. Тэр хүмүүс бичээчийг маш олон хүн “үзэн ядаж” байна гэж бусдад ойлгуулахын тулд нэг компьютерээс хэрнээ өөр өөр нэрээр орж бичдэг. Хэрэв IP  дугаарыг заавал тавьж байвал ядаж л нэг компьютерээс хэдэн удаа сэтгэгдэл бичиж байгааг харж болно. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс хүсвэл өөрийн нэр хаягаа тавьж болно.  Зохиогч “бичсэн зүйлийнхээ төлөө би өөрөө хариуцлагаа хүлээнэ” гэдгээ батлан нэр, э-майл хаягаа тавьж болж байхад сэтгэгдэл бичигч ч ингэж бичиж ягаад болохгүй гэж? Нэрээ нуух олон янзын шалтгаан бий. Харин үүн дээр л бохир сэтгэгдэл бичигчид тоглодог юм даа.  Харин бичээчийн зүгээс гомдол гаргаж тухайн сайтад хүсэлт гаргавал, доромжилж бичсэн хүний мэдээллийг гаргаж өгч, хэрэв шаардлагатай гэж үзвэл гомдлоо шүүхээр шийдүүлж байх зарчим тогтоож болно. Засгийн Газар үүнд заавал хутгалдаж, сайтын өмнөөс “гүйх” хэрэг байгаа гэж үү? Буруу зөвийг ялган салгаж шийдвэр гаргадаг шүүх гэж байгууллага байна.
3. Харин зохион байгуулалттайгаар, мөнгө авч, захиалгаар сэтгэгдэл бичдэг “бууны ноход”-ыг төрөөс хянаж, илрүүлэн зохих арга хэмжээг авч байх ёстой.  Энэ асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдалд хохирол учруулах хэмжээнд очиж байна,  хэмээн би хардаж байгаа. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал,  уул уурхайн буруу ашиглалт, байгаль орчныг бохирдуулан хордуулж байгаа муу үйлдлүүдийн  эсрэг бичиж байгаа  бичлэгүүдийн дор ийм сэтгэгдлүүд маш ихээр гарч байгаа нь ийм хардлагыг төрүүлэх үндэслэл юм. Баялгийн хэмжээгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон улсын хэмжээнд  “шунал” бадрааж байгаа Монгол орны хувьд, гадны улс орнуудын ашиг сонирхол ямар ч байдлаар илрэх боломжтой. Тэр тусмаа  “хямдхан  худалдагдах боломжтой” гоо гадаад ертөнцөд “нотолж амжсан” Монголын зарим улстөрчдийн муу  үлгэр жишээний уршгаар.  Тийм ээ, энэ бол Төрөөс цахим ертөнц  дэх сэтгэгдэлд тавих хамгийн гол хяналт байх ёстой. Харин үүнийг бусад сэтгэгдэл  бичигчтэй хольж, хутгах хэрэггүй юм даа. Үүнийг бид зааж зөвлөх үүрэгтэй ч биш. Харин тэд ийм үүрэгтэй гэдгийг сануулах хэрэгтэй байх.
4. ЗГ-ын зүгээс зохих албадаар дамжуулан одоо үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн сайтуудад  үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөж туслан, хамтран ажиллах шаардлага бий болж байгаа. Бий болгосон зүйлийг устгах хамгийн амархан, харин бий болгож босгох амаргүй. Түүнтэй адил үйл ажиллагааг нь “хааж зогсоох” гэдэг тийм ч үр дүнтэй сайн зүйл биш. Харин нэгдсэн стандарт шаардлага гаргаж мөрдүүлэх бол өөр хэрэг. Тэр тусмаа өнөө цагт дэмжиж туслах, төрийн үйлчилгээ их дутагдаж байгаа нь үнэн.  Яг үнэндээ монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маш олон сайтуудын мэдээллүүд нь ялгахын аргагүй. Дээр нь тэд сайтуудаа өөрсдийгөө зовоохгүй амар аргаар ажиллуулж, хялбар байдлаар мөнгө олох боломж  болгохыг л хүсээд байна.  Гэхдээ тэд монголчуудын хувьд оюун санааны болон мэдээллийн хэрэгцээг хангаж чадаж байгаа нь маргашгүй үнэн. Харин одоо тэднийг дэмжиж, зөв гольдролд нь оруулах цаг болж байна.  Харин төр тэднийг “айлгах” биш,  дэмжих хэрэгтэй болов уу? Хэрэв сайтууд жинхэнэ шаардалгаараа ажиллаад эхэлбэл өнөөгийн бидний анхаарлыг татаад байгаа “сэтгэгдэл”-ийн асуудал аяндаа л цэгцэрнэ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Монголчууд бидний ардчиллаар олсон, одоо хэр нь хэрэгжиж байгаа эрх чөлөө бол бичиж нийтлэх, бас сэтгэгдэл бичих эрх чөлөө.  Алив зүйл сайн муу хоёр талтай байдагчлан хэвлэн нийтлэх, үүний төлөө санаа бодлоо илэрхийлэх үйлдэл сайн муу талтай байгаа.  Гэхдээ мэдээллийн  энэ их орон зай монголчууд бидний хөгжил болон сэтгэлгээний өөрчлөлтөд хүссэн хүсээгүй нөлөөлж байна.  Одоо хэр нь зарим уншигчид “хорсол” ханхлуулсан бохир сэтгэлгээг, эрүүл сэтгэлгээнээс ялгаж салган “Жингийн цуваа явж л балдаг, жингэрийн ноход хуцаж л байдаг” хэмээн бичээчдийг дэмжин урамшуулж байна. Фейсбуук, твиттер дээр олон олон адил төстэй сонирхлоороо найзалж нөхөрлөн, нэгдэж  олон сайхан үйлсийн эхлэлийг тавьж байна.
“Чи муу баярлалаа ч бархирлаа ч цаана чинь Ардын засаг яллаа” гэдэг шиг  хичнээн хориглож, хаалаа ч интернет орон зай улам бүр хүчээ авсаар л байна. Хүмүүс бага багаар ч болов нэгдэж, бие биенээ ойлгож, дэмжиж  эхэлж байна. Сайн муу, сайхан муухайг ялгаж салгахад энэ орон зай “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь хаа байлаа” гэдэг хэллэгээр,  Засаг Төрөөс илүү нөлөөлж байгаа нь үнэн.  “Тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй, ямаа туйлаад ч янгиа  эвдэхгүй” гэдэгчлэн  хорсож, хонзогоносон сэтгэгдэлчид  “даваа даваад гүйцэгдэх үнэн”-ээс хаа зайлж чадна гэж. Харин  хаана ч хэнд ч юуг ч “худалдаж” мэдэх “бууны ноход л амаргүй. Тэдэнтэйгээ л  тэмцэж үз дээ, Төр Засаг минь.
Би нэг зүйлээс, “монгол хүн өөрийн сэтгэл доторх санаа бодлоо илэрхийлж чадахаа больчих вий ” гэдгээс л айж байна.  “Хүмсаа нуусан муур “шиг, монгол хүн болгон “сэтгэл доторх бодлоо нууж” эхэлбэл бидэнд олдсон ардчилал арилж одох бус уу. Энэ бол жижигхэн асуудал биш. Бидний ОРШИХ, ЭС ОРШИХУЙН тухай асуудал юм.  Харин би нэгэн цагт С,Зоригийн хэлж байсан  “БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ” гэсэн сайхан үгийг давтан ишлэмээр байна.
“ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИТУГАЙ” бас “МЭРГЭН УХААН МЭДТҮГЭЙ”

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах                                                                                            2013-01-13

Share Your Thoughts