СЭТГЭЛГЭЭНИЙ ТӨӨРӨГДӨЛ

“Ойд төөрсөн сармагчин” гэдэг хошин хэллэг бий. Зүг чигээ мэдэхгүй, яахаа мэдэхгүй, дураараа авирладаг сармагчин. Сэтгэлгээний хоцрогдол буюу төөрөгдлийг ч ийн зүйрлэдэг. Хүмүүс заримдаа олон нийтийн дунд тэнэглэдэг л дээ. Олон нийтийн хандлага эрүүл саруул бол хүмүүс тэр хүний тэнэглэлийг өрөвдсөн харцаар харах хэрнээ тэгтлээ тоохгүй. Шоолж инээлдээд л өнгөрнө. Харин олон нийт тэр чигээрээ тэнэглээд эхэлбэл туйлын аюултай. Эрүүл саруул сэтгэлгээтэй цөөн хүмүүс түүнийг гайхан харвал нийтээрээ шоолж доромжлоод, гадуурхаж эхэлнэ. “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” явах зарчмаар түүнд зарим нь уусч шингэнэ, зарим нь зугатаж одно. Энд л улс орны эмгэнэл оршдог юм даа. Магадгүй мөхлийн эхлэл ч энэ байж болох. Учир нь дэлхийн бүх улс орнууд нийтээрээ тэнэглэдэггүй болохоор тэд бидний сул талыг ашиглана. Дэлхий ертөнц чинь тэр чигээрээ өрсөлдөөн. Олон олон тэнэг үндэстэнгүүд мөхөж, олон олон ухаалаг үндэстэнгүүд сэргэж байдаг нь нийгмийн жам. Үл нуршин өгүүлэх нь:

1. “Хөөрхөн төрсөн нь миний буруу юу?”

Монголд нэг биш нилээд хэдэн Дон Жуанууд байдаг. Дон Жуанууд сүүлийн үед ихэд олширч байгаа. Гэхдээ энэ нь жентельмен биш л дээ, зүгээр л зальт аргаар баяжсан тэнэг “баагий”. Европ Азийн “эрлийз” гэдгээрээ монгол бүсгүйчүүд ихэд алдартай. Сүүлийн үед монгол бүсгүйчүүд сайхан бие галбиртай, бас ихэд царайлаг болсон. Гадныхан бол тэдэнд “унаж тусдаг”. Мэдээж тэд ийм байхын тулд ихэд “хөдөлмөрлөж”, хичээдэг болохоор тэдний зүтгэлийг бас ч гэж магтууштай. Зарим бүсгүйчүүдийн энэ их хөдөлмөр нь их мөнгөтэй хүний анхааралд өртөж, чадвал “эхнэр нь”, эс чадвал “нууц амраг нь” болох зорилгод чиглэгддэг.

Монголд нэг их мөнгөтэй хүний эхнэр ээлж дараалан болдог царайлаг бүсгүйчүүд байдаг даа. Тэд амьдралд хөл тавих балчир насандаа, нилээд хижээл болж буй тэр хүнд “учиргүй дурлаж, хайрлах болсон тухай” -гаа мэдээллийн хэрэгслэлээр ярина. Тэгээд эхнэр нь болж цуутай хурим хийн, олны атаархал, тохуурхлыг зэрэг хөдөлгөнө. Удахгүй хүүхэдтэй болно. Дараа нь “гуниг” зарлаж салах болсон тухайгаа олон нийтэд уйлан хайлан байж “учирлана”. Дараагийн гоо бүсгүйд “зай тавьж” өгөхдөө, чамгүй хөрөнгө мөнгө салгаж дөнгөнө. Тэгээд л “жинхэнэ” амьдрал рүү тэмүүлэх авч “амаа арчаад хаясан цаас”-ыг хэн тэгтлээ тэнийлгэж “амаа арчих”. Эмгэнэлтэй хэрнээ заваан энэ дүр зургийг хэвлэлийнхэн маш их хөөрөгдөж сурталчилна. Энэ сурталчилгаа л олон олон сайхан бүсгүйчүүдийг дэлгэцийн өмнө “хөөрхөн төрсөн нь миний буруу юм уу?” хэмээн учирлаж, нус нулимсаа урсган суухад хүргэнэ. Бид үүнд аль хэдийн дасчээ. Байх л ёстой зүйл мэт…

2. “Од” болох хүслэн – Нүцгэн бие

Монголд “од” болох амархан. Ганц нэг нэвтрүүлэг хөтлөөд л, ганц нэг кинонд тоглоод л, эсвэл ганц нэг дуу дуулаад л… Гол нь дэлгэцээр гарч олон нийт түүнийг үзсэн л бол “Од” гэж тооцно. “Үгүй хө чи эртүүд ТВ-ээр нэг гарч од болов оо?” гэж найзууд бие биенээ “догионо”. За тэгээд оддыг төрүүлдэг олон нэвтрүүлэг бий. Аргагүй шүү дээ, хэрэгцээ хүсэл хоёр нь буцалж байгаа юм чинь. Ямар ч цензур, ямар ч хяналт үгүй хойно. Бас дээр нь “од” болох хүсэлтэй тэнэгүүд мөнгөө төлнө. Мөнгийг нь хармаалсан зальтан “санаа зоволтгүй ээ, анд нь чамайг “од” болгоод гялалзуулаад өгнө” гэж амална. Солонгос кино үзсээр “мансуурчихсан” олон нийт ТВ-ээр гарсан хүн болгоныг “од” гэж тооцдог болохоор энэ амлалтад хэцүү зүйл ер үгүй. Ганц нэг дуу дуулаад, эсвэл нэг киноны гол дүрд тоглоод, эсвэл ТВ “ток шоу”нд оролцоод, эсвэл… “од”. Энэ бол тэнэгүүдэд зориулсан бизнес.

За тэгээд тэд “хамраа сөхөж”, олон нийтийн өмнө ихэмсэгдүүхэн ярилцлага өгнө. Хувийн амьдрал, янаг амрагийн явдлыг нь “Соронз”, “Гранд” сэтгүүлүүд захиалгаар “дэлгэж” өгнө. Олны анхаарлын төвд оронгуутаа тэд жинхэнээсээ “од” гэж өөрийгөө бодоход хүрдэг. “Од” болон жүжиглэж явсаар хэсэг хугацааны дараа хийсэн уран бүтээл байхгүй болохоор “мөхөж, мартагдаж” эхэлдэг. Дараагийн оддын тоосонд дарагдах дор тэд тэвдэж эхэлнэ. Нөгөө жинхэнэ “Дамбий Жаа”, хуурамч “Дамбий Жаа” гэдэг шиг л хуурамч “Од” ууд хэвээрээ үлдэхийг хичээнэ. Хамгийн инээдтэй нь тэд хөдөлмөрлөж хөлсөө урсгахгүйгээр “Од” хэвээрээ байхыг хүсдэг. Тэгээд өөр сонголт үгүй болохоороо “нүцэглэж” эхэлнэ. Эхээс төрөөд “засал авч” сайжруулсан биеэрээ нэг хэсэгтээ шуугиан дэгдээнэ. Түүнийг нь харж “нүдээ хужирлан, хэл амаа билүүдэгсэд” цөөнгүй. Сүүмэлзэх төдий “од” тэгээд л унтарна. Өөр яах ч билээ. Бид харин үүнд нь дасчээ. Байх л ёстой зүйл мэт…

3. Жинхэнэ “хошин шог”

Манай Монголд сонгодог урлаг ч биш, ардын урлаг ч биш, хошин шогийн урлаг гайхалтай өндөр хөгжив. Уулзалдсан хүн болгон л “Үгүй чи тэр хошин шогийг үзэв үү, алж байнаа” гэнэ. Дэлхийн хэмжээнд үнэлэгддэг ДБЭТ-ийнхан гаднаа гунигтай сууж байхад, хажууханд нь “Соёлын Төв Өргөө” -нд хошин шогийн тоглолт пиг дүүрэн. Драмын алдартай жүжигчид санаа алдан сууж байхад хошин шогийнхон алдар цол, “гавьяат”-ын тэмдгийг оочир дараалалгүй зүүж байна. Киноныхон түүхэн кино хийх гээд мөнгө нь олдохгүй шаналж байхад хошин шогийнхон орлогын мөнгөөрөө дурын киног “үйлдвэрлэж” байна. “Зах зээл бол өрсөлдөөн, хохь чинь” гэж хэлэх хүмүүс бий. Алив юм хоёр талтай байдагчлан та нарын “үнэн” л дээ. Гэхдээ “ямар ард түмэн байна, тийм төр байна” гэдэгчлэн, “ямар боловсрол байна, тийм л үзвэр байна”. Хошин шог оо гэж.

Хошин шогийнхон мундаг л даа. Гэхдээ тэдний тайзан дээр эрээ цээргүй урсгаж байгаа хараал зүхэл, архи уугаад эхнэртээ “базуулж” байгаа хархүү, нууц амрагтаа баригдаад “хөгөө хөлдөө чирж байгаа эр, эм”, эрэгтэй нь эмэгтэй болж жүжиглэж байгаа аяг, архинд нэвчсэн “өвгөнтийхэн”, эр эмгүй согтууран хөлчүүрхэх дүрүүд тань ард олныг ухааруулж байгаа гэж бодож байна уу? Үгүй дээ та нар тэднийг энэ сэтгэхүйд дасгаж байна. Архидалт, завхайрал, завшилт, эх хэлээ буртаглаж байгаа бүхнийг тань энэ хүмүүс “ухамсарлаж” биш, шууд л хүлээж авч байгаа. Амьдралд байх л ёстой зүйл мэт. Харин та нар “баяжиж” нэр алдарт хүрч байгаа. Бас залуу үеийнхэн “сонгодог урлаг” руу биш “хошин шог” руу тэмүүлж байна. Учир нь Гоголийн “Байцаагч түшмэл”-ийг бүтээх гэж зовохын оронд “марзаганаж” чадаж байвал “од” болох учраас. Бид тэр чигтээ хошин шог болж байгаагаа анзаархгүй байна гэж үү?

4. Тал дүүрэн суварга, бас бурхан

АНУ-ын Блүүмингтон хотод аж төрж, буян номын үйлсээ үйлддэг Ажаа гэгээн Монгол дахь “Эх нялхасын эмнэлэг”-ийн хашаан дотор “Цусны хорт хавдраар өвчилсөн монгол хүүхдүүдийг эмчлэх” эмнэлэг барих гэж 3 жил сэтгэлээ чилээв. Уг нь 3 сая ам долларын өртөгтэй энэ эмнэлгийг босгох нь жилээс жилд газар авч байгаа “хорт хавдар”-ын өвчлөлд нэрвэгдэж байгаа монгол хүүхдүүдэд хэрэгтэй. Ажаа гэгээн энэ ажлаараа олон орнуудаар явж хандив босгосон. АНУ- дахь монголчууд, бусад оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд өөрсдийн боломж чадлаараа л хандив өргөв. Ажаа гэгээн буяны үйлстээ сэтгэл хангалуунаар энэ эмнэлгийн барилгын ажлыг 9 сард дуусгах гэж хичээсэн боловч амжсангүй. Бид ч хүлээж байлаа, сэтгэл гонсгор. Уг нь энэ хүн Монголын “Ардчилсан Засгийн Газар”-ын 20 жилд босгоогүй эмнэлгийг босгох гэж хичээсэн юм шүү дээ.

Манай баячууд хурдан азаргыг 500 000 сая төгрөгөөр худалдан авч, Америкийн, Солонгосын казинод хэдэн тэрбумаар алдаж “баярхдаг”. Буруу аргаар олсон мөнгөө бурхан багшаар “аргалуулах” гэж хэдэн саяар суварга, бас бурхан бүтээнэ. Тэд “Нүглийн нүдийг гурилаар биш, шавраар хуурч болно” гэдэгт үнэн голоосоо итгэдэг. Тэгээд л тэд эрээ цээргүй байдаг юм шүү дээ. Тал дээр босгосон суваргад нь тэр нутгийн ардууд үнэн сэтгэлээсээ мөргөж, түүнд талархана, тэгээд алдаршуулна. Харин хэн нэг нь хорт хавдраар өвчилөхөд, суваргатаа мөргөх үү, эмнэлэгт хандах уу? гэдэг нь эргэлзээтэй. Хүн хэдийчинээн муу үйл хийнэ, төдийчинээн мухар сүсэгт автдаг. Хуулиас гадуур “аргалах арга” нь шашин болоод мухар сүсэг. Яг үнэндээ энэ сэтгэхүй дээр ямар олон лам хувраг, үзмэрч мэргэд, бөө зайрангууд “ажилладаг” гээч. Бид энэ сэтгэхүй дээр аль хэдийн дасчээ. байх л ёстой зүйл мэт… Уг нь бид ухамсартай байсан бол энэ эмнэлэг аль хэдийн босчихгүй юу, харамсалтай.

5.Хувь заяаны даатгал.

Монголоос ирсэн нэгэн шавь маань надаас “Багш аа та үсээ засуулахдаа өдөр үздэг үү?” гэж асуув. Хариуд нь би инээгээд, “Ийм их ажилтай завгүй байхад юун өдөр үзүүлэх вэ? Амралтын өдрөө л амжиж засуулна шүү дээ” гэж хэлсэн юм. Би өдөртөө фейсбуукээр амжиж орж мэдээллүүдийг уншдаг л даа. Хэсэг хүмүүс “могойн чуулганы зураг”, эсвэл автомашины арын багажинд хадгалсан их мөнгөний зураг үзүүлээд “та одоохон энэ зургийг шейрлэвэл, тун удахгүй их мөнгөтэй болно” гэх. Бидний монголчуудын өөрийгөө зовоолгүй “гэнэт их баяжих” хүслийн илэрхийлэл. Өнөө цагт өөрийгөө зовоолгүй их мөнгө олох боломж нь -биеэ үнэлэх, -хулгай хийх, -хууль зөрчиж буруу үйлдэл \хар тамхи зөөвөрлөх, бусдыг дарамтлах зэрэг\ хийх юм шүү дээ. Өөрөө зовоолгүй олсон мөнгөө харамсалгүйгүйгээр үрдгийн жишээ нь манай олигархичууд. Тэдэнд мөнгө “цаас” байдаг бол, нэгэн цагт үүнийхээ хариуд тэд хүн биш “сүг” болж хувирах болно. Учир нь буруу муу үйлдэл ямагт цээрлэл хүлээдгийг амьдрал нэгэнт баталсан. Үгүйдээ л дараагийн төрөлдөө тэд зовно шүү дээ.

Би аливаа шашинд хүндэтгэлтэй ханддаг. Шашин болгоны ард олон зуун сая хүний итгэл үнэмшил оршиж байдаг учраас. Гэхдээ ямар ч шашин бизнес болон хувираад ирэхээрээ мөн чанараа алддаг. Мөнгөн дээр тулгуурласан шашин гэж хаа ч үгүй. Энэ чинь хүмүүсийн итгэл үнэмшил, сүсэг бишрэл. Таны хувь заяагаа лавлан асуусан лам тань чинь, жинсэн өмдөн дээр дээр орхимж нөмөрчихөөд, бохь зажлингаа, нэгэн бүсгүйтэй утсаар ярин марзагнах завсраа хувь заяаг тань хэлж өгвөл яах вэ? \нээрээ энэ үйлдэл надад нэг удаа тохиолдсон юм шүү\. Монголд сайн бөө, лам нар байгаа л байх. Гэхдээ бизнес болон хувирсан энэ тохиолдолд итгэх хэцүү, итгэхгүй байх амаргүй. Хүн болгон бие биендээ “Тэнд их мундаг сайн лам, сайн бөө байгаа” гэнэ гэж хэлэлцэх. Манай “нүгэлт улстөрчид” өөрсдийн нүглийн “арыг даадаг” лам, бөөтэй байгаа цагт энэ их хийрхэл төгсөнө гэж үү? Бид энэ мунхаглалаа аль хэдийн зөвшөөрчээ. “Зуд болоход нохой зоолно, зовлон учирахад лам баяжина” гэдэг үг байсан даа, одоо ч хуучирсангүй шив дээ.

6.”Гаднаа гяланцаг, дотроо пяланцаг”

Харьд олон жил ажиллаж амьдарч байгаа монголчуудад Монголдоо байгаа монголчууд зөвлөлгөө өгч байнаа. “За чи брендийн хувцас, үнэтэй машин, 9911……. дугаарын утасгүй бол хэн ч чамтай тоож харилцахгүй шүү” гэж. Харь оронд ажил мэргэжил, мэдлэг чадвараараа үнэлэгдсэн олон олон залуучууд Монголдоо очоод “хэн ч биш” гэх. Компьютерийн программчлалын сайн мэргэжилтнийг ажилд ороход нь зүгээр л компьютерийн ард мэдээлэл дамжуулагч болгон суулгавал хэн баярлах гэж? Бохь зажилсан, богино юбка өмссөн будмал царайтай бүсгүй, өөрийн чадлаар өөрийгөө хөгжүүлж, “үнэ цэнэтэй” болсон нэгнээс илүүд үнэлэгдэх дор хэн өөрийн үнэ цэнээ “хямдхан” үнэлэх гэж? Боовныхоо өмнө гараа зөрүүлж зогссон булиа тэнэгийн өмнө, хаалга нээхийг хүлээх ухаантан хэрхэн тэсвэрлэх гэж? Босож ирээд ухаантай царайлан мэндчилэх зальтангийн өмнө, тавьсан тэнэг болзлыг нь ямар ухаантан тэсвэрлэн хүлцэх гэж?

Гудамжаар дүүрэн хөлхөлдөх үнэтэй машин, гуяа гялалзуулан өөрийгөө худалдах бүсгүйчүүд, хуурмаг инээмсэглэл, худал амлах “манж зан”, өнөөдөр өөдөөс чинь инээж, маргааш араас тань “хутга шаах” улс төрчид, мөнгөнд тань зусардан инээн наргиж, маргаашийн өдөр бүгдийг чамаар төлүүлэх “найз” хэмээх “ноход”, мөнгөтэй бол магтан сайрхаж, мөнгө тань дуусахад чамайг муулан “нүүр буруулах” төрөл садан ах дүүс. Энэ бол өнөөгийн Монголын минь гунигт төрх, өөрсдийгөө сохроор магтан дуулагсадын дууль, өнөөгийн улстөрчдийн “үнэн нүүр царай”. Гудамжаар бусдын атаархлыг өөртөө татан алхаж, үнэтэй булган шуба мөрөндөө эгэлдэрч, 9911….. дугаартай утсаараа хэн нэгэнд сонсогдохоор “нялуурч”, зөрөөд өнгөрсөн нэгний атаархлын харцанд “шулам” шиг мушилзан инээмсэглэж, үнэнч сэтгэлийг өндөр өсгийтэй туфлиэр гишгэчин, үнэтэй машины гишгүүр дээр ихэмсэг нь аргагүй татсан янжуурын үнсийг тэдний дээр няслах хэн нэгний төрх “АРДЧИЛАЛ” гэж үү эрхмүүд ээ. Бид энэ бүхэнд аль хэдийн дасчээ.

… Бид жаахан мунхарчээ, монголчууд аа. Зовинолоо бичихээр “Чи тийм мундаг юм бол, Монголдоо ирээд хөгжүүлээч” гэнэ. Намайг яваад очихоор “хэн ч биш” болгохоо мэднээ улстөрчид. Заавал Монголдоо л байж улсаа хөгжүүлдэг юм биш л дээ. Харь оронд дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн компаниудад, сургуулиудад ажиллаж байгаа олон монголчууд “МОНГОЛ” гэдэг нэрээр л овоглогддог юм. Тэдний эрдэм мэдлэг, ур чадвар, авьяас билгийг бахадсан харийнхан “Монголчууд мундаг хүмүүс” гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм. Тэд “МОНГОЛ” гэдэг түүхийг уншихдаа бидний аугаа өвөг дээдэс Чингисээс эхлээд 200 гаруй жил дэлхийг захирсан Монголчуудын тухай мэддэг болно. Тэгээд л тэд “Монголчууд мундаг байх нь аргагүй, тэд аугаа өвөг дээсийн удам” гэж хэлдэг юм.

Ойд төөрсөн сармагчингууд биш шүү дээ монголчууд бид. Мунхаг нь цөөн болов ч ухаантангууд нь олон монголчууд. Бид энэ цагийн аясад “далдаганаад” л байнаа. Авах гээхийн ухаанаар ухаарах нь олон шүү дээ. Бид ухаарч өөрчлөгдөхдөө амархан, нүүдэлчин болохоор юмыг олон талаас нь харж чаддаг. Өнөөдөр жаахан будилаад л байна. Монгол орны эрх ашгийн төлөө бус, өөрийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө мунхарч, олны итгэл найдвараар “тоглож” яваа тэр мунхагууд хэзээ нэгэн цагт цээрлэл хүлээх болно. Тэгэхдээ та өнөөдөр бусдыг даган мунхарч байх хэрэг юун. Монгол орны өнөөгийн хөгжилд хүн бүрийн хүчин зүтгэл, ухамсартай сэтгэл хэрэгтэй байна. Зүгээр л хүн болгон өөрийн хүссэнээрээ байж, өөрийн ухамсар сэтгэхүйдээ захирагдаж, нэгэн эрхэм ашиг болох МОНГОЛ улсын хөгжлийн төлөө зүтгэх цаг болжээ. Харааж зүхэх биш, эрүүл сэтгэлгээний төлөө бид нэгдэх цаг болжээ. Яагаад бид монгол сэтгэхүй, нүүдэлчин монгол араншингаараа үлдэж болохгүй гэж? Бид чинь 30 сая биш, 300 сая биш, ердөө л 3 сая орчим монголчууд шүү дээ. Жаахан ухаантай байцгаая аа? Бид чинь сармагчингууд биш, аугаа түүхтэй монголчууд шүү дээ?

Share Your Thoughts