Сэтгэлгээний хямрал

Өдгөө Монгол оронд минь төдийгүй, дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж буй. Олон хүмүүс ажилгүй болж, олон бизнес зогсонги байдалд орж, мөнгөний эргэлт удааширч, хүмүүс төдийгүй улс орнууд ч өөрийн үр ашиггүи хэрэглээгээ багасгаж, аль болохоор бага алдагдалтайгаар давахыг хичээж байна. Зарим хүмүүст нууцхан айдас төрж, яахаа ч сайн мэдэхгүй хэрнээ бас ч сэтгэлдээ бухимдалтай.
Монголд юмны үнэ нэмэгдэж, бас олон бизнесүүд зогсож байгаа ч баяр болгоноо сүр жавхлантай тэмдэглэсээр…
Одоо ерөнхийлэгчийн сонгууль эхлэх гэж байна. Алив үйлдлийн төгсгөл бүрийн дараа ёс юм шиг бөөн маргаан, бухимдал. Бид анзаарахгүй байгаа боловч Монгол оронд минь “сэтгэлгээний хямрал”  аль эрт нүүрэлжээ. Харин бид “Оюу толгой”, “Таван толгой”,  “эрдэнийн хишиг”, “сонгууль бас дахин сонгууль” гээд юуг ч анзаарах сөхөө алга.
Бидэнд эдийн засгийн хямралаас илүүтэй, сэтгэлгээний хямрал нүүрлэж, биднийг ядрааж бухимдуулсаар байна.
Мэдээллийн хямрал


 Монголчууд биднийг сэтгэлгээний хямралд оруулж бухимдуулахад, хэвлэл мэдээллин хэрэгслэлүүд их үүрэг гүйцэтгэж буй.
…УБТВ цагаан сарын өмнөхөн УЙХ-ын гишүүд болон зарим алдартнууд оролцсон “Урилга” нэвтрүүлэг гаргалаа. Их л гоёмсог зассан ширээний ард УЙХ-ын эрхэм гишүүд, бас ч үгүй зарим одонцор эрхмүүд их баяр баясгалантай, бас халамцуухан хөгжилдөж, дуулж, найрлаж байх юм. Улс орныхоо хөгжилд эвлэлдэн нэгдэж чадахгүй, талцах хэрнээ ууж идэх, наргиж наадахдаа найрсаг дотно. “Цагаан сараа яажшуухан тэмдэглэнэ дээ”  хэмээн цалингаа тоолон хүргэж ядаж яваа иргэд ийм нэвтрүүлэг үзээд баярлаж бахдана гэж бодмооргүйсэн.
…Мартын баярын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр, УЙХ-ын эрхэм гишүүдийн эхнэрүүд төрийн ордонд чуулж, танилцан, жаргал зовлонгоо хуваалцаж, нөхрүүдийнхээ улс орныхоо төлөө зовж зүдэрч явааг гайхан “өрөвдөцгөөж”  байгаа тухай дуу дуугаа авалцан мэдээлэв. “Эхнэр хүүхнүүд нь төрийн хэрэгт оролцох нь дутаж гэнэ, илүүдээ гарсан зардал вэ?” гэж энгийн иргэд эгдүүцэн, цухалдана.
…Телевизээр гарч, хэвлэлд ярилцлага өгч байгаа нь нөгөө л УЙХ-ын гишүүд, бас зарим “алдартнууд”. Ёолоод ч байгаа юм шиг ёжлоод ч байгаа юм шиг ийм ярилцлагуудад авууштай санаа, сонсууштай сонин даан ч үгүй. Өөрийгөө магтаж, өрөөлийг муулсан, бас догирхсон ийм ярилцлагууд бас л иргэдийг бухимдуулна. “Амалж, амалж сонгодчихоод, адаг сүүлд нь юу ч хийхгүй юм” гэж сонгосон хойноо гомдох.
…Энд тэнд гарсан элдэв гэмт хэрэг, ёс бус үйлдлийг ихэд бахдалтайгаар сурталчилна. “Толгойгүй цогцос олдсон тухай, хэн нэгнийг хүчирхийлсэн тухай, хэн хэнээс салж хэнтэй сүүлэрсэн тухай” гэхчилэн элдэв бараан мэдээлэл тасрахгүй. Эгцэлж харах аргагүй дүрс, зургаар бас чимнэ. Ажлаас ядарч ирэх нэгэнд, алжаал тайлах бус айлгаж ичээх ийм мэдээллүүдэд “бодлого”  гэж үгүй болж дээ.
…Элдэв хов жив, эмс охидын нүцгэн бие, эрээ цээргүй “үүлэн борооны явдал” үзүүлж харуулахгүй л бол интернет дахь хуудас, элдэв кино, жүжгийг хүмүүс үздэггүй гэх. Ийм болохоор их урлаг, интернетийн хуудсууд ийм үзүүлбэрүүдийг голчлон сонгоно. Ингэтлээ “хормойгоо өшигчин”  эрээ цээрээ алдах боллоо гэж үү? бидний монголчууд.
Харин  зарим сайтууд дээр тавигдсан сэтгүүлч Г.Золжаргалын эгэл хэрнээ, зүрхэнд хүрсэн, “Гарын таван хуруу”, ” Дотуур байр”, “Хичээл дуусах болоогүй”  нэртэй баримтат кинонууд шиг бүтээлүүд дэндүү их үгүйлэгдэж байна даа. Их хурлын гишүүд, элдэв дуучид, хэн нэгний хоосон сайрхлаас илүүтэй, эгэл атлаа сайхан сэтгэлтэй, илүү дутуугүй амьдралаа авч яваа, өрөөл бусад сайхан сэтгэлээр хандаж тусалдаг хүмүүсийн тухай яагаад сурталчилж, үзүүлэхгүй байна вэ? Эгэл жирийн амьдарч яваа хүмүүст,  эгэл жирийн хүмүүсийн амьдрал, сэтгэл илүү ойр тусдаг гэдгийг эрх биш мэдмээр юм даа, энэ сэтгүүлчид.
Өдгөө эдийн засгийн хямрал, гэдгийг урьдчилан муугаар сүрдүүлэн сурталчилж, өөрийн хүч, тэвчээр, хөдөлмөрөөр бус, өрөөл бусдын тусламж дэмжлэгээр л давна гэж өдөр бүр сурталчилж буй мэдээллийн энэ болхи тогтолцоог яалтай.
“Айлаас эрэхээр авдраа уудал”  гэдэг члэн дотоод нөөц боломжоо шавхан, ард иргэдийнхээ “бүсийг чанга бүслүүлэх”-ийн оронд, айлаас мөнгө гуйн бадарчлах төрийн тэргүүнүүдээ яалтай.
Өөрсдийгөө “од”-од өргөмжилсөн, өчүүхэн дүрдээ өөрөө итгэсэн, эрхмүүдийг сурталчилж, өнгө, мөнгөөр өөрийгөө үнэлэх сэтгүүлчдийг яалтай.
Мэдээллийн сувгуудыг мэдэлдээ авч, социализмын үейинх шиг хяналт тогтоон, өөрсдийн эрх ашиг, өчүүхэн сонирхлын төлөө өргөн олны тархийг угаах “баячуудыг”, бас “мэдэлтэн”-үүдийг яалтай.
Итгэл-сэтгэлийн алдрал


  Алив бусармаг муу зүйлийг өөрчилж чадахгүйдээ итгэл алдарч, “байж болох зүйл” мэт сэтгэл алдарч, урам зориг, өөдрөг сэтгэлээ алдах нь сэтгэлгээний хямралын бодит илрэл юм.
…Өөрийн амьдрал, ажил, үр хүүхдийнхээ төлөө олон зүйлийг хөөцөлдөхдөө дүрэм журам, ном ёсоор бүтнэ гэдэгт байнга эргэлзэх. Ямар материал яаж бүрдүүлэн, ямар хугацаанд хэрхэн шийдвэрлэхийг ёслон заасан журам дүрэм байгаа хэдий ч үүнийг дагаж мөрдөх нь даан ч үгүй. Заавал хүнд суртлын өмнө бөхөлзөж, хэн нэгний халаасанд авилгал шургуулж байдаг энэ тогтолцоо, үүндээ дасан, эвлэрч буй үзэгдэл нь хямрал биш гэж үү?
…4 жил тутамд болдог олон сонгуулийн үеэр:
“Энэ ч заваан юм болно доо” гэж бодсоор
“Эд ч мөн будлиан хутгаж байна даа”  гэж харсаар
“Эцэст нь шударга бус боллоо” гэж бухимдсаар энэ байдалдаа дасан зохицох дөхөж байна даа. Өөрийн эрхээ эдэлж, энэ эрх нь худалдагдсаар, бас жуйвардуулсаар атал, “иймл байх ёстой юм байлгүй”  гэж гутрах энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
…”Удахгүй бензиний үнэ нэмэгдэнэ”  гэсэн шуугианаар “одоо  бүх юмны үнэ дагаад өснөө” гэдэг бодлоор өөрт байгаа хэдэн төгрөгөөр амжиж хүнсээ худалдан авч нөөцөлнө. “Та бүхэн тайван амгалан байцгаа. Тийм муу зүйл болохгүй ээ. Цуурхлын учрыг магадлая” ноёдууд айлдавч “ёртой юм ёроороо”  болж, үнэ нэмсэн бензиний үнийг дагаад бүх зүйлийн үнэ нэмэгдэж орхино. Төрдөө биш цуурхалд итгэдэг болсон энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
… Тал дүүрэн нутагтай, таван хошуу малтай энэ л орондоо шударгаар хөдөлмөрлөж, амар сайхан амьдрахыг хүсэвч бас болж өгөхгүй. Үнэнээр ажиллаж байгаа нь ядуурч, үнэгэн залиар шогшиж байгаа нь баяжина. Баян ядуугийн ийм ялгаа, худал үнэний их зөрөө, эгэл иргэдийн итгэл сэтгэлийг а;даруулж буй. Үнэнийг худал нь ялж, хөдөлмөрийг жуйвар нь давж, итгэлийг гутрал орлож буй энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
… Өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилтад хүрч буй хэн нэгнийг “Өө, энэ бас л луйвардаа биз”  хэмээн өөчилнө. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино”  гэдэгчлэн, улстөрч л бол “луйварчин”, урлагийн хүн л бол “завхай”, өнгө зүс сайтай бол “хоосон толгойтой”, мөнгө хөрөнгө ихтэй бол “хулгайч”  хэмээн нийтээр цоллох энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
Итгэл сэтгэлийн ийм алдрал, үнэнийг харах билгийн нүдийг хааж, үйлсийн сайныг дэмжих урмыг хугалж, ирээдүйн сайханд итгэх итгэлийг алдагдуулж байна. Эдийн засгийн гэхээсээ “сэтгэлгээний” хямрал, монгол оронд минь илүү нүүрэлжээ.
Хүнээс үнэтэй ашигт малтмал, хүнээс үнэтэй мөнгө, хүнээс үнэтэй алдар гэж бий бил үү?
Сэтгэгдэл үү? доромжлол уу?


 Нэгэн цагт “Үнэн”, ” Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”  нэртэй, үзэл сурталжсан цөөхөн сонин албаар уншдаг байсан монголчууд, “мэдээллийн эрин үе”  гэгддэг энэ зуунд үй олон цахим болон хэвлэмэл мэдээллүүдийг уншиж буй. Үүнийг дагаад сэтгүүлч мэргэжилтэй, бас ийм мэргэжилгүй хэрнээ өөрийн бодол санаа, зовинол, өрөөл бусдад хэрэгтэй санаануудыг бичигчид олширч байгаа. Тэд монгол улсын үндсэн хуульд зааснаар “…Хүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, …үг хэлэх, …бичих, …хэвлэн нийтлэх”  эрхээ эдэлж буй. Тэд зөвхөн өөрийн бодол санаагаа илэрхийлж буй болохоор заавал “туйлын үнэн”  байх, бусдад заавал “таалагдаж байх”  байх алба үгүй. Хэн нэгний сэтгэл оюун, зав цагаа зарцуулан бичиж буй зүйлүүд нь сайн ч муу ч тэр хүний оюуны бүтээл.
Харин монгол оронд минь өдрөөс өдөрт өргөжиж буй “сэтгэлгээний хямрал” -ын бодит жишээг, ийм бичлэгүүдийн дор бичигдэж буй “сэтгэгдэл”  гэгчээс уншиж болно.
Бичиж буй зүйлийн талаархи, өрөөл бусдын санаа бодол, шүүмж, дэмжлэгийг уншиж “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”  гэдгээр олон сайхан санааг бие биедээ дамжуулах нь үнэхээр хэрэгтэй.
Харин энэ боломжийг муугаар ашиглаж, бичсэн зүйлийн талаар бус, бичиж буй эзнийх нь талаар элдэв зүйл бичиж, үүндээ бусдыг татан оролцуулахыг хичээх, эсрэг бичсэн хэн нэгнийг элдвээр харааж, хэрүүл өдөх нь нэн элбэг боллоо. Тэд бичсэн хүний хувийн амьдрал, асуудал, бие эрхтэний согог, үндэс угсаа, болж өнгөрсөн алдаа дутагдлыг нь илчлэн, нийтэд зарлаж, өөрийн атаа хорсол, үзэн ядах сэтгэлдээ бусдыг нэгдэн нийлэхийг уриална. Ингэж болно гэж үү? Энэ бол сэтгэгдэл биш доромжлол юм.
Бичиж буй зүйлийн санаа, агуулга нь чухал болохоос бичиж буй хүний хэн байх нь уншигчдад сонин бишээ.  “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоордоггүй”  гэдэг үг бий. Хүн болгон төгс төгөлдөр бус болохоор энэ амьдралд алдаа оноотой.
Алив зүйлд авах гээхийн ухаанаар биш, атаа хорсол, өш хонзонгийн тэчьяадалаар хандаж, өөрөө төдийгүй өрөөл бусдыг ийм үзэгдэлд уриалан дуудаж байгаа энэ бусармаг үзэгдлийг зогсоох цаг болсон. Энэ бол монголчуудад эвлэрэлийн эсрэг, эвдрэлд уриалж байгаа, хорон санаа гэхээс өөрөөр үзэх арга үгүй.
Өрсөлдөгч нэгнээ гутаан доромжлохын тулд, зохион байгуулалттайгаар, зарим хүмүүсийг цалинжуулан ийм зүйлийг бичүүлдэг улстөрийн хүчин байгаа тухай таамаг байгаа. Үүнийг илчлэн нотолж чадваас, зөвхөн үүнийх нь төлөө, монголын ард түмний эв нэгдлийн эсрэг хийсэн муу үйлсийнх нь төлөө, уг улс төрийн хүчнийг татан буулгах үндэслэл болно.
Хүн мөнгөөр тоглож болно, харин хүний сэтгэл зүйгээр тоглож болно гэж үү?
Төгсгөл


 Хямрал гэдэг муу зүйл мэт боловч заримдаа сайн үр дагавар авч ирэх нь бий.  Хямрал хүндрэлийг авч ирэх боловч, энэ бүхэн юунаас болов, хэрхэн яаж үүнээс гарах вэ гэж эргэцүүлэн бодох, ухаарлыг авч ирдэг. “Яагаад?”, ” Юунаас болов?”, “Яах хэрэгтэй вэ?” гэхчилэн олон асуултууд бидний толгойд эргэлдэж буй.
Алдаа заримдаа ашигтай байж, хуучнаасаа илүү сайн боломж, сайн үр дүнд хүргэх нь бий. Эдийн засаг аяндаа цэгцэрнээ. Харин монголчууд бид “сэтгэлгээний хаямрал”аасаа салахын тулд дор бүрнээ хичээхсэн.
-Алив зүйлд байнга гутранги, хар бараан өнгөөр харж, хандахаас илүүтэй, өмнөө байгаа гэрэл гэгээ. өөдрөг сайхныг олж харж сурахсан даа. Амьдралд хар цагаан ээлжилдэг ч цагаан нь хараасаа арай илүү. Тиймдээ ч харанхуй шөнөөс гэрэлтэй өдөр нь урт байдаг гэнэм.
-Хэвлэл мэдээллин хэргслэлүүд ч, сэтгүүлчид ч, бичиж нийтлэгчид ч хоосон магтаал, сенсаац, дуулиан. сүржин мэдээллээс илүүтэй, хүмүүст гэрэл гэгээ, ухаарал, илүү бодитой боломжуудыг санал болгож байхсан. Энэ ертөнцөд сайн хүн нь муугаасаа олон, сайхан үйлс үзэгдэл, муу муухай үзэгдлээсээ олон.  Тиймдээ ч амьдрал агуу. бас сайхан байдаг гэнэм.
-Цөөхөн монголчууд бид энэ цаг дор бие биеэ ойлгож, хүндэлж, илүү найрсаг хандаж байхсан. Цөөхөн монголчууд бид “эвтэй байхдаа хүчтэй байж, эв нэгдэлгүй тархай байхдаа бусдын идэш болж байсан”-ыг түүх гэрчилдэг. Эв нэгдэл гэдэг том зүйлээс бус, өнөөдөр бие биедээ илгээж буй сайхан инээмсэглэл, урмын сайхан үгнээс эхэлдэг гэнэм.
Хүн бүр мөнгөөр бус сайхан сэтгэл, урмын үгээр дутаж байдаг ажээ.
Монголчууд бид дор бүрдээ өөдрөг урам зоригтой байж, бие биедээ тусалж, сэтгэлгээний хямралаасаа гарцгаая.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2009-04-04

Share Your Thoughts