Сэтгэлийн хир

Хэн нэгний өмсөж яваа хувцас нь хиртэй харагдвал хичнээн сайхан царай зүс, бие бялдартай байсан ч гоё сайхан харагдахгүй.  “Уг нь сайхан залуу юм, даан ч арчаагүй юм даа” гэж өөрт нь хэлэхгүй ч, сэтгэлдээ үгэлж холддог.  Хэн нэгний дотоод сэтгэлийн хир нь ярианы дунд анзаарагдвал хичнээн ухаантай, мэдлэгтэй мэт  байсан ч сэтгэлд  дотно буухгүй.  “Хөөрхий дөө яасан ч өчүүхэн сэтгэхүйтэй юм бэ дээ” гэж түүнд хэлэхгүй ч, дахиад уулзан дотно сайхнаар ярилцахаас цэрвэдэг.

Энэ жишээг би нэг бичлэгтээ  ишлэл  болгон авч байсан  хэдий ч сэтгэлээс минь огт гардаггүй юм.  …Багш нь оюутнууддаа хандан “та нар дотор сэтгэлдээ дургүй хүнийхээ тоогоор  нэг нэг төмс сонгон авч цүнхэндээ хий” гэж зөвлөжээ.  Залуус ч инээлдэн хөгжилдөж өөрийн дургүй гэсэн хүнийхээ тоогоор төмс сонгон авч цүнхэндээ хийж. Тэгээд нэг хонож, нилээд хэд хонож.

Цүнхэн доторх төмснүүд муудаж, эвгүй үнэртэй болж, авч явахад өдрөөс өдөрт  хэцүү болов. Цүнх нь хүндэрч, хэн нэгний дэргэд удаан байх аргагүйгээр эвгүй муухай  үнэртэх аж. Тэд багш дээрээ очиж энэ тухайгаа учирлан цаашид хэрхэх ёстой тухайгаа асууцгаажээ.  Хариуд нь багш нь “Та нар бусдын тухай муугаар бодох тусам сэтгэл дотроо  ийм муудсан төмснүүдийг агуулж яваа хэрэг шүү дээ” гэж хэлсэн гэдэг. Энгийн атлаа гайхамшигтай жишээ.

 

Заримдаа бид амьдрал дээр уулзаж ярилцаж байсан хүмүүсийнхээ тухай, хааяадаа элдэв олон сайтуудын сэтгэгдлүүдийг анзаарч уншихдаа, зарим нэг нэвтрүүлгүүдийн тухай санал бодлоо солилцож байхдаа “Яагаад монголчууд бид бие биенээ ингэтлээ үзэн яддаг юм бол?” хэмээн гайхашрангүй бодох үе бий.  Монголчуудын “Тамын тогооны үлгэр” гэдэг алдарт хэллэгээс эхлээд “зах зээлийн ороо бусгаа цагт учраа олохгүй яваа” гэж өрөвдөхөөс  “Монголчууд бидний хүн чанар, бие биеэ хайрлан энэрэх уламжлал алдагдаад байгаа”д харуусах хүртэл бодол учирлал оюун санаанд тэнүүчилнэ. Юу юунаас илүү монголчууд бидний бусдаас ялгарч асан “үнэт чанар” энэ цагийн муу араншингийн сүүдэр дор алдагдаад байгаа нь  харамсмаар. “Уужуу тайван, цагаан цайлган, бусдад тусч” гэж гадныхан үнэлдэг байсан тэр л чанар улам улам бүдгэрээд байх шиг.

   Мөнгөний СҮҮДЭР

Өдгөө Монгол оронд минь мөнгөний төлөөх их хийрхэл “хар салхи” мэт дэгдэж буй.” Мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч болно” гэдэг үзэл санаа, гоёмсог цэцэгсийн дунд тархан ургах хог ургамал мэт  хүний сэтгэлд ярган ургаж буй. ” Ямар ч аргаар хамаагүй их мөнгөтэй болох хүсэл” өнөөгийн залуусын сэтгэлгээг “хар тамхи” мэт мансууруулан, муу үйлдэл бүхэн рүү хөтөлж буй. Тэгээд л тэд биеэ үнэлж эхэлцгээдэг.  Тэгж олсон мөнгөө хорслоо тайлж хэрэггүй зүйлд үрнэ. Тэгэх тусмаа тэдний сэтгэл улам ихээр хиртдэг, бас улам ихээр бохирддог.

 

Монголд  мөнгөтэй баян хүмүүс олон болж буй нь муу хэрэг биш, зах зээлийн жам. Харин олон нийтэд  хамаатай өмч хөрөнгийг хууль бус аргаар хулгайлан завшиж “баяжсан” нэгэн хэсэг байхад, өөрийн эрдэм мэдлэг, уйгагүй хөдөлмөр, тэвчээр зүтгэлээр баяжсан олон хүн бий.  Өөрийн  хөлс дуссан  мөнгийг  хаа хамаагүй үрэхээс харамсдаг  байхад, бусдын хөлс цус дуссан мөнгийг огт харамсахгүйгээр цацаж, түүгээрээ бусдад гайхуулан аархдаг үйлдлээрээ тэд өөр хоорондоо ялгардаг юм.

 

Харин өдгөө Монголд минь мөнгөтэй хүн болгоныг үзэн ядах олонхи бий болжээ. Тэдний сэтгэлд “мөнгөтэй баян л бол хулгайч, луйварчин” гэдэг бодол эргэлдэнэ. “Хэн хэрхэн?” гэдгийг огт сонирхохгүй. Учир нь энд байгаа юм биш. Өөрийгөө зовоохгүйгээр их мөнгө олж, зогсолтгүйгээр наргиж цэнгэх хүсэл нь тэднийг ийн зовоож байгаа хэрэг. Өөрийгөө зовоохгүйгээр их мөнгө олох боломж нь  хууль бус үйлдэл. Казинод гэнэт их мөнгө хожоод тэгтлээ сайхан амьдарсан тохиолдол ховор. Учир нь өөрөө зовж хөдөлмөрлөөгүй хүн, мөнгийг зүй зохистой зарцуулах сэтгэлзүйн бэлтгэл үгүй.  Энд л бидний сэтгэл хиртэж буй.
Атаархлын СҮҮДЭР

Саяхан сумогийн “их аварга” Д.Дагвадоржийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзлээ.  Японы үндэсний спорт болох сумогийн ертөнцөд ноёрхож, аархаж байсан түүнийг монголчууд төдийгүй дэлхийн хэмжээнд ч олон хүмүүс шүтэн биширдэг. Тэр цагт Д.Дагвадорж монголчуудын бахархал байж, дэлхийн хэмжээнд монгол хүний аархлыг гайхамшигтайгаар сурталчилж байсан.  Харин тодорхойгүй шалтгаанаар “зодог тайлаад” ирсэн хойно нь  түүний халамцуу гишгэлт, хэн нэгэнтэй “зугаацсан” үйлдэл, сэтгэлийн гүн дэх аархлаа “нударгаар” илчилсэн бүхнийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд “дэлгэж”, түүний ямархан арчаагүй тэнэг,  бүдүүлэг замбараагүй болохыг сурталчилж олон нийтээрээ “үзэн ядах” -ыг уриалж байв.

 

Сонин юм шүү. Бахархлыг шавартай хэрхэн хутгаж болдгийг тэд харуулж  байлаа. Үүний цаана “тэр мундаг гээд байгаа хүн чинь бидэнтэй л адилхан арчаагүй ”  гэсэн өчүүхэн атгаг сэтгэлийн ХИР оршиж байв. Д.Дагвадорж нулимс чийглэн байж “Би энэ алдарт хүрэхийн тулд бөөн алаан дунд зовж, сөрж байж л гарч ирсэн. Харин өнөө цагт хүн нь хүнээ мэрж амьдардаг болжээ” гэж харамсангүйгээр учирлана билээ. Амжилт гэдэг хэзээ ч амар олддоггүй. Хөгжим зохиох гэж, ном бичих гэж, бүтээл туурвих гэж  зарим хүмүүс бусдыг амар амгалан нойрсож байхад сэтгэлдээ шаналан унтаж чаддаггүй. Олимпийн болон дэлхийн дэвжээнээс медаль авах гэж  тэдний урсгасан хөлс, бидний гурилтай шөл уугаад арчих хөлснөөс хэдэн мянга дахин үнэтэй. Тэд бусдаас илүү хөдөлмөрлөж зүтгэж байж амжилтад хүрдэг. Тэр хэрээрээ Монголыг сурталчилж, монгол хүний бахархлыг бусдад нотолдог.

 

Харин бид өөрсдөө хичээхгүй байж өөрөөс нь илүүд гарсан нэгэнд атаархдаг. Бахархсан сэтгэлдээ түүн шиг болох гэж хичээхийн оронд “баларч доройтоод над шиг болоосой” гэдэг атаархлын сүүдрээр сэтгэлээ хиртээж байдаг. Тийм хүмүүс л алдарт хүрсэн хэн нэгний алдааг олох гэж , олсон алдааг нь “ялааг заан “болтол нь дэвэргэж байж бусдад мэдээлнэ, хамтдаа үзэн ядахыг, шоолж доромжлохыг уриална. Үүнийг дэмжиж олон хүмүүс хараалын бохир заваан шүлсээ үсчүүлэн сэтгэгдэл бичихийг уншихдаа баярлан “бах нь ханана”.  Алдахгүй хүн гэж хаана ч үгүй. Алдаа онооны дэнс гэдэг амьдралын тэнцвэр. Алдаан дээр нь хүнийг өшиглөнө гэдэг муухай. Гундсан сэтгэлд нь  урам өгөх ганц үг хэлэхгүй байж, гудамжинд зөрөөд өнгөрөхөд нь араас нь нулимах бүр ч муухай. Өөрийгөө  зовоохгүйгээр “од” болох өчүүхэн хүсэл нь, өөрөөсөө илүү зүтгэлтэй нэгнийг  “шаварт хутгах” хүсэлтэй  холилдож байдагт л бидний сэтгэл хиртэж байдаг аж.

   Бухимдлын СҮҮДЭР

Зуны амралтаараа Монгол руугаа яваад ирсэн нэгэн танилтайгаа тааралдаж “Монголд  сайхан байна уу?” хэмээн сониучирхвал  “Өө сайхан байнаа, сайхан байна. Хөдөө явахаар бүр ч сайхан, харин хотод орж ирэхээр  жаахан амаргүй. Хүн болгон нь бухимдалтай, уцаардуу болчихжээ” гэсэн юм.  Хагас сая хүнтэй байхаар тооцож, төлөвлөж байгуулсан хотдоо сая илүү хүн шахцалдаж, түгжрэлдэж, засгаас тарааж байгаа бэлэн мөнгөндөө дугаарлан хэрэлдэж, зах дээр хулхидуулж, мөнгөө сүйлуулж, хямд хүнсэндээ хордож, давчхан газраа булаалдаж, дарга нарт долигонон авилгал өгч, дарамт айдсандаа бухимдан амьдрах амаргүй.  Хүн болгон л “Гуравхан сая хүрэхгүй хүнээ аятайхан аваад явчихаж чадахгүй” байгаа Төр, Засгийг байнга хараана.

 

Гэсэн хэрнээ хогоо хогийн саванд хийхгүй, хаана ч хамаагүй хаяна. Давсаг нь хүндэрвэл хаана ч хамаагүй суллаж орхино. “Үгүй энэ баар сав, буудал, зугаа цэнгээний газрууд арай дэндэж байнаа” гэх хэрнээ үдэш болгон л хэн нэгэн танилтайгаа халамцаж суух. “Энэ залуус ын архидалт арай хэтэрч байнаа” гэж халаглах хэрнээ  баяр болгоноор найз нараа урьж авчиран заавал ууцгааж, дараа нь хэрхэн “тасарсан” тухайгаа ид бах болгон хуучилж  хөгжилдөнө. Санаанд нь таарахгүй байгаа бүхнийг шүүмжлэн дургүйцэх атлаа цагаа тулахаар бид өөрсдөө л түүндээ уусан хутгалддаг.

 

“Би л болж байвал бусад нь ч яамай байнаа” гэх сэтгэлгээ бидний сэтгэлийг хиртээдэг.  Бид сэтгэлдээ хэн нэгэн дарга гарч ирээд “коммунизм” байгуулдаг шиг бүхнийг өөрчлөхийг хүлээцгээнэ. Бид өөрсдөө хичээхгүй хэрнээ, өөрөөсөө эхлэхгүй хэрнээ өөрчлөлтийг хүлээдэг. Өөрлөгдөхгүй удах тусмаа л бид бухимдана. Бухимдсан сэтгэлдээ бүхнийг үзэн ядаж, харааж зүхнэ. “Энэ муу хууль сахихгүй байхад би заавал сахих ёстой юм уу”, “Энэ муу хулгайлж завшаад баяжиж байхад  би шударгаар хөдөлмөрлөх гэж үү? гайгүй байлгүй” хэмээн амьсгаадан бухимдаж, арга замаа хэн нэгнээс сураглана. Тэр хэрээр бидний сэтгэлд бухимдлааас үүдэлтэй үзэн ядалт буцлан, бидний сэтгэлийг хиртээнэ. Яг л манан дунд төөрч яваа мэт.

        Хардлагын СҮҮДЭР

Хоёр найз уулзаад хэн нэгний тухай “Тэр тэгдэг гэнэ лээ. Их муу хүн юм шиг байгаа юм” гэж ярилцана.  Нөгөө хүн нь жаахан гайхаад “Тийм үү, чи тэгээд тэр хүнтэй уулзаж ярилцаж үзэв үү?” гэж лавшруулан асуувал “Үгүй ээ, үгүй. Нөгөө хэн л эртүүд надад тэгж ярьсан шүү дээ” гэж уцаарлангүй хариулах.  Нэг мисс бүсгүй ярилцлагандаа “Би ном унших дуртай, гэхдээ зузаан ном бол унших дургүй”  гэж тайлбарласан байсан. Уншихаас “залхуутай”, үзэхээс  “ядаргаатай”, ойлгохоос “яршигтай”,  зугаа цэнгэлд хөгжилдөж наргисан ийм хүмүүс, алив зүйлийг “ам яриагаар” дүгнэж, бусдын сэтгэлгээгээр сэтгэж амьдардаг. Тийм болохоор тэд  “тийм гэнэ лээ, тэгсэн гэнэ лээ” гэж ярина.
Ам яриа, хов жив араасаа хардлагыг л дагуулдаг. Тэгтлээ уншиж сэтгэхийг хүсдэггүй хүмүүс , алив зүйлийг эргэцүүлэхгүйгээр  бусдын үйлдлийг дагалддаг, яг л сармагчин мэт. Амьдрал дахь олон бодлогын хариуг өөрөө хайж олохын оронд мэргэч  төлөгч, бөө лам нарыг зорицгооно. Өглөгт өгсөн тэр л мөнгө амьдралын олон асуудлыг “шийдэж” чадна гэдэгт үнэн голоосоо итгэдэг.  Нэгэн мэргэч төлөгчийн төлгөнд бууснаар “амьдралд  нь атаархаж явдаг найзаа үзэн ядна”, авдар саван доторхи эд хэрэглэлээ гаргаж хаяна.

Амьдралд болж бүтэхгүй байгаа бүхний төлөө өөрийгөө бус, өрөөл бусдыг буруутгадаг.  Алдаа онооны дэнсэн дээр буруутанг олохдоо сэтгэл нь амрах авч,  сэтгэлээ хиртээж буйгаа өөрөө ч анзаарахгүй. Амар амгалан амьдралд саад болж байгаа бүхний бурууг зөвхөн  хардлагаар хайна.  Өөртөө итгэлгүй хүн, өрөөл бусдыг ямагт харддаг гэдэг.
      Шунал тачаалын СҮҮДЭР

Өдгөө бид ямар ч их зүйлд шунадаг болоо вэ? Их мөнгөтэй болохыг, эрх мэдэлтэй болохыг, мисс эхнэртэй болохыг, баян нөхөртэй болохыг, брендийн хувцастай болохыг, жип машинтай болохыг, том хаустай болохыг хүсэцгээнэ. Бидний хэрэглээ ихсэх тусам бид өөрсдөө улам жижиг болж байгаагаа анзаардаггүй.  Бидний шунал нэмэгдэх тусам бид хүн чанараа алдаж байгаагаа мэдэрдэггүй. Бид хэрэглээгээ өөртөө таацуулахгүйгээр  зөвхөн бусдад гайхуулах гэж хүсэх тусам улам өрөвдөлтэй тэнэг харагдаж байгаагаа мэддэггүй.  Бусдад хэрэглээгээрээ гайхуулах  адбиш хүсэл бидний сэтгэлийг улам ихээр хиртээдэг.
Үэзсгэлэнтэй бүсгүй хүнийг харахаар адгууслаг зөн нь хөдөлдөг, мөнгөтэй эр хүнийг харахаараа  насны ялгаа, мөн чанарыг олж харахаа больдог бол сайхан хайр гэгээн хүсэл мөрөөдлийн тухай яриад ч нэмэргүй. Адгууслаг зөн, мунаг тачаал, мөнгөний төлөөх шунал бүхэн биднийг хүн чанаргүй адгууслаг төрхөнд авч очдог. “Царайны сайхнаар цай сүлдэггүй” байсан монголчууд өдгөө цагт “Зүсний сайхнаар жаргаж болдог” гэж итгэх болж. Залуу насны гоо үзэсгэлэн, цог золбоо, эрч хүчин дээрээ өөрийгөө хөгжүүлж байх учиртай залуус маань “эргэж олдохгүй энэ насан дээрээ наргиж цэнгэж амжих”-ыг хүсдэг болж.  Харин “Үүдэн шүд нь унаад үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт” хэнд ч хэрэггүй болно гэж ухаардаггүй.
Шунал, тачаал бүхэн өөр өөрийн хэм хэмжээтэй.  Харин хэм хэмжээгээ алдах тусам хүн чанараа алддаг. Энэ сүүдэр хэр том байх тусам бидний сэтгэл тэр хэмжээгээр хиртэнэ. Дахин цэвэрлэх аргагүйгээр “шулам” болгож ч мэднэ.

                      Төгсгөлийн оронд

Хааяадаа бид “Монголчууд бид яагаад ингэтлээ бие биенээ үзэн ядаж, муулж, хорсоно вэ?” гэж боддог.  Бидний тархинд ялзарсан төмсүүд дүүрч орхио юу даа гэж гайхна. Тэр төмсүүдээ бид өөрсдөө тархинаасаа гаргаж хаяхгүй бол хэн бидний тархинаас гаргана гэж? Бидний дотоод сэтгэлээс муудаж ялзарсан эхүүн үнэр  ханхалж байхад  хэн биднээр бахархана гэж? Хэн биднийг хүндэлнэ гэж?
Сэтгэл минь хиртэх тусам бид бие биендээ итгэх итгэлээ алдаж, бие биенээсээ эмээж болгоомжилж эхэлдэг.  Ичих булчирхайгүй, эрээ цээргүй авиртай хүмүүс энэ цаг дор  далдаас хэн нэгний сэтгэл рүү “ус цацаж”, итгэл рүү нь заваан цэрээр “нулимж” сууна.  Уг нь тэднийг яг олж харах юм бол тэд даанч өрөвдмөөр өчүүхэн  л дээ.  Гэхдээ тэд  монголчууд бидний эв нэгдлийг, сайхан сэтгэлийн дэмжлэгийг, ирээдүйн сайханд итгэх итгэлийг  “хугалж” чадаад л байгаа юм даа.
Уг нь монголчууд бид “мундаг” хүмүүс  л дээ. Бид дэлхийн дайдад гарч “юм үзэж нүд тайлах ” тусмаа өөрсдийгөө таньж мэдэрч байна. Бас бусадтай харьцуулан цэгнэж, “бид юугаараа илүү, бас дутуу болох”-ыг  анзаарч эхэлж байна.  Тэр тусмаа “шинэ үеийн залуус” маань бүр ч илүү хөгжиж байгаа.  Харин сэтгэлд “бугших” энэ ХИРээ тэдэнд “өвлүүлчихгүй” юм сан даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-10-18

Share Your Thoughts