Сэтгэлийн хүлээс

Секс хийвэл янхан болчихдог
Сэмхэн дурлавал завхай гэчихдэг
Сэвэлзэж гоёвол аалигүй болчихдог
Сэргэтлээ инээвэл ангалзуур гэчихдэг
\фейсбуук дээрх бичлэгээс\
… Буруутай үйлдэл хийсэн болон хууль зөрчсөн тохиолдолд хүнийг баривчлан гавлаж, болохгүй бол хүлж болдог. Нийгмээс тусгаарлахын тулд болон хууль зөрчсөн үйлдлийг нь нотлохын тулд шүү дээ.  Харин хүний сэтгэлийг хэзээ ч хүлж болдоггүй. Нэгэнтээ Т.Бум-Эрдэнийн “Юуг ч бодож болдог орчлон” нэртэй өгүүллийг АНУ-ын Сан-Франциско хотод  ажилаж амьдардаг уран уншигч  Уранчимэгийг уншиж байхад би ингэж л бодож асан. Тэр маш гоё өгүүллэг. Хүний сэтгэл дэх бодол хэнд ч юунд захирагдахгүйгээр энэ орчлонгийн уудам орон зайд хэрхэн тэнүүчилж болдгийг уран сайхнаар өгүүлсэн байдаг. Тэр л уудам орон зайд хэсүүчлэх хүний бодол санааг хэн ч таамаглаж хориглож үл чадна. Дэндүү эрх чөлөөтэй бодол санаа гэж…
Харин өнөө цагт монголчууд бид бодол санаагаа хүртэл хүлэх болж, харамсалтай. Бид өөртөө бус бусдад таалагдах гэж, бусдын хүсэл сонирхолд таацуулах гэж хэрхэн зовно билээ, халагламаар.
-За чи үүнийг хийж чадахгүй ээ
-Хэрээ мэдэж бяраа таньж бай
-Чи  зүгээр л миний хэлснийг дагаад явж бай
-Наадах чинь чиний чаддаг зүйл  биш
-Мөрөөрөө л  урдахаа хийгээд явж байвал барав
Бидний найз нөхөд болон хайртай хамаатан садангууд болон халамжит аав ээж, ах дүүс ингэж үглэх нь олонтаа. АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахлагч Р.Хосбаяртай ярилцлага хийж байхдаа энэ тухай түүний яриаг сонсоод би яг үнэндээ сэтгэлдээ “зогтуссан”. Тэрээр ярихдаа “заримдаа миний найз нар “надад чи ингэх байсан юм, чи ингэх хэрэгтэй” гэж сургамжлахад нь би тэдэнд “чи миний гутлыг өмсөж үзээгүй байж намайг хаашаа яаж алхах ёстойг яаж мэдэж байгаа юм бэ” гэж хариулдаг” гэж  өгүүлж билээ. Тэр мөчид би энэ үгийг сонсоод өөрийнхөө тухай гэнэт бодсон сон.  “Би энэ ертөнцөд өөрийнхөөрөө явж чадаж байгаа билүү?” гэж.
         Мөрөөдөл хүнийг урагш хөтөлдөг
Би бага балчир асан тэртээх он жилүүдийн бүүдгэр өдрүүдийн нойр хулжаасан шөнө гэнэтхэн үхлийн тухай бодохдоо ” энэ ертөнцийн хүмүүс намайг ийм аугаа, хүмүүст хэрэгтэй хүн гэдгийг мэдэхгүй өнгөрчих вий дээ”  гэж айдаг байж билээ. Тэр л үеэс “хүмүүст хэрэгтэй байх” гэдэг хүсэл маань ассан байх. Залуу байхад юу эсийг мөрөөдөх билээ. Үзэсгэлэнт бүсгүйг хөтөлсөн гайхамшигт ханхүү, хэн нэгнийг аварсан ачтан, өөрөө үхэхдээ бусдад гэрээсэлж буй баатар эр,  эх орноо элгэндээ тэврээд амьсгал хурааж буй Матросов, эсвэл гунигт үхлээр үхэхдээ бусдыг уяруулан уйлуулж буй  суут ухаантан гээд юу эс билээ. “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” гэж олон хүмүүс хэлдэг. Нээрээ ч мөнгө төлдөггүй мөрөөдөл хүнийг урагш хөтөлдөг.
Залуусыг мөрөөдөж байгаасай гэж би хүсдэг. Биелэх биелэхгүй нь ч хамаагүй, өөрөөсөө хэтийдсэн байх нь ч хамаагүй, заримдаа бусдаас ичиж нууж байх нь ч хамаагүй залуус юуг ч юм бэ мөрөөдөж байх нь сайхан.  Нэг л өглөө сэрэхдээ сэтгэлд тааламжтай тэр л зүүд мөрөөдөл хүмүүсийн сэтгэлийг сэргээж амьдралын өөдрөг гэрэл гэгээ рүү хөтөлдөг.Тэр тусмаа сэтгэлд нэг л итгэл, урам асахыг мэдэрдэг. Бусдад илүү байхыг хүсэхдээ “Би заавал Ерөнхийлэгч болноо” гэж ассан сэтгэл тань сурч мэдэх рүү тэмүүлэх эрч хүчийг өгөх ч юм билүү. Хэн нэгэнд гологдсон сэтгэлдээ “заавал би түүний сонгосон ханхүүгээс илүү гэдгээ харуулнаа” гэсэн мөчөөрхөл,  хожим нь түүнийг таны өмнө өвдөг сөхрөн “намайг хайрлаач” гэдэг гуйлтад хүргэх ч юм билүү. Хэн нэгэнд атаархсандаа “илүү гарах” гэсэн атгаг санаа тань хожмын нэгэн өдөр ууч сэтгэлд уярах ч юм билүү хэн мэдлээ.
Нэг биш хүмүүс надад хандаж зөвлөлгөө хүсч бичдэг.  Зовлонгоо тоочиж надад бичсэн бүхний хариуд би нэг л өгүүлбэр  бичдэг. “Чи өөрийнхөө зүрх сэтгэлийг сонс доо” гэж. “Далдаас хардаг Далай лам биш” болохоор би өөр юу гэж зөвлөх гэж?  Тэр тусмаа түүний “гутлыг өмсөж үзээгүй байж, хаашаа алхахыг” би яаж зөвлөх гэж? Зөндөө олон хүмүүс бие биедээ зөвхөн өөрийн амьдралын туршлагаа л “тулгадаг”. Тэр нь таарч зохирохыг хэн мэдлээ. Таарч тохирохгүй тусам л  найздаа гомдох сэтгэл нь асна. Тэгээд л муудалцана. “Чи хэн юм бэ?” гэж асууна. “Чи намайг хорлох гэлээ” гэж гоморхоно”. “Чи надад атаархлаа” гэж хардана. Түүний улмаас бие биедээ үнэнийг  хэлэхээс эмээн, сэтгэлийн гүндээ нуун “манжирхана”. Тэгээд сүүлдээ гомдсон сэтгэлдээ “учирлан” уучлал гуйн, ” үнэнийг хэлж байя” хэмээн амална. Гэвч сэтгэлийн хүлээсэн доор дахиад л бүх зүйл давтагддаг.

 

             Сэтгэлийн хүлээс
Социализмын үед бид “ёс суртахуун” гэдэг хэллэгээр бүх зүйлийг хэмждэг байж билээ.  Тэр л “ёс суртахуун” гэдэг хэмжээсээр  бүх зүйл тодорхой хэм хэмжээнд захирагдах ёстой.  “Нам байхад энэ муу хаачих билээ” гэсэн эхнэрүүдийн хэллэг дор инээлдэж асан бид нарын залуухан багш нар, маргаашийн нэгэн өдөр математикийн багш найз минь бидэнтэй хамтад ууж халамцсан  тэр өдөр эхнэртээ агсам тавьсаны төлөө,  сургуулийн Намын хорооны товчооны хурал гэрт нь хийж мань эрийг  “сануулан  донгодсон” тухай сонсоод “мэл гайхаж, цэл хөхөрч” байсан цаг  саяхан. Тэр үйлдэл бидэнд “Айхгүй ч гэсэн аягүй” гэдгийг сануулж байсан. Айж түгшсэн сэтгэлдээ олон хүмүүс өөрсдийн сэтгэлээ “хүлж” дотно нэгнийхээ сэтгэлийг ч “хүлэх”-эд тусалж байв. “Дэмий дээ, өөртөө болон өрөөл бусдад гай болохгүй явах”  тухай сургаал болон сануулгыг бие биедээ хэлдэг байж. “Дааганаас унаж үхдэггүй ч даравгараасаа болж үхдэг” гэдгийг ч мөнөөх л “ёс суртахуун” бидэнд ямагт сануулж асан.  Тэгсээр  энэ айдас дунд өөрийн сэтгэлээ хүлж, арчаагүй дорой амьдарсаар ирсэн тохиолдол зөндөө.
Харин өдгөө цагт тэр “ёс суртахуун”-ыг мөнгөөр арилждаг болоо юу даа. “Мөнгөгүй бол чи хэн ч биш” гэдэг хэллэг мэдлэг боловсролтой, авьяас билэгтэй  олон хүнийг “дорд үзэх” шалтаг нь болж буй. Хичээл зүтгэл, шударга хөдөлмөр, авьяас билэг бүхэн мөнгөний өмнө “үнэгүйдэх” тусам бидний “хүн чанар, бахархал” -ууд биднээс холдож оддог. Мөнгөөр бүх зүйлийг хэмжих тусам хүмүүсийн сэтгэл улам улмаар “хүлэгдэн”  гуниглаж, өөртөө итгэх итгэлээ ч алдаж эхэлдэг. “Уг нь надад маш сайхан санаа, боломжууд байна л даа. Даанч мөнгөгүй болохоор юу ч хийж чадахгүй юм байна” гэж гунигтайгаар бодох тусам сэтгэлийн хүлээс нь  улам улмаар чангаран хөвчирнө. “Мөрөөдөхөд мөнгө төлөх биш” гэдэг хэллэг өнөө цагт “Мөнгөгүй болохоор мөрөөдөөд ч дэмий юм” гэх харууслаар солигдоно.  Тэгээд л бид бухимдаж, үүнийхээ төлөө хэн нэгнийг үзэн ядаж, харааж зүхэж эхэлнэ.  Мөнгөтэй хүн болгоныг  үзэн ядах тусмаа өөрийн дорой арчаагүй байдалтайгаа эвлэрэн зохицох аж. Бухимдлын манан дунд бидний нүд улам улмаар бүрэлзэж, өмнөө байгаа олон боломжуудыг ч олж харахаа больсоор.
Хүн өөрийнхөөрөө байж чадахгүй тусмаа өөртөө итгэх итгэлээ алдаж бусдын тусламж,  дэмжлэгт дулдуйдэж эхэлнэ. ” Мягмар гаригт үсээ засуулах уу? болих уу?”, “Хол замд одох өдрөө ламаас асуух уу? болих уу?”, “Дурласан тэр хүн маань надад хань болох болов уу? яах бол”, “Мөнгөний даллага авахуулбал гэнэт баяжчих болов уу? ядаж л сугалаанд мөнгө хожчихгүй байгаа даа?”, “Бие минь ойрдоо өвдөөд байдаг, ламд очих уу? эмчид очих уу?”, “Энэ жил олон асуудал урд минь байдаг, түүнийгээ хийх гэвэл дэлхий сөнөчихгүй байгаа”.  Сэтгэл минь хүлэгдэх тусам хичнээн олон сонголтын өмнө бид зогсоно вэ? Бид энэ хүлээсэндээ бачуурч тэвдэнэ, бухимдаж цухалдана. Бодож санасан болгон биелэхгүй байх тусам бурууг нь өөрөөсөө бус бусдаас хайцгаадаг.  “Тэр гэж нэг юм, тэгж хэлснээс би буруудаж орхилоо” гэж гомдоллон харуусна. Тэгээд л өөрийнх нь асуудлыг өөрөөсөө илүү шийдэж чадах хэн нэгнийг хайн бусдаас сураглаж эхэлдэг. Түүний тулд “чадалтай сайн хүн хаана байгаа” г эрж хайна. Сэтгэлийн хүлээсэн дор итгэл ийнхүү давчидан бачимдах аж.  Тэгсээр жил жилийн эргэлдэх урсгалд бид өөрсдийгөө өөрөө ч мэдэхээ болин мунгинана. Нэг л мэдэх дор бидний хувь тавилан бидний гарт биш, бусдын гарт байгааг ойлгож ядан гайхдаг.
       Өөрийнхөөрөө байх гэдэг
…Хүний бодол санаа хязгааргүй орон зайд тэнүүчилдэг.  Миний дотроо бодож байгааг хэн ч мэдэхгүй болохоор сайхан бодолдоо өөрөө л өөртөө баярлан инээмсэглэнэ.  Сайхан мөрөөдөлдөө сэтгэлдээ жарган баясна. Өөртөө итгэж өөрийнхөөрөө байх тусмаа хүн жаргалтай болдог. Хүлээсгүй сэтгэл гэдэг улам л их хязгааргүй орон зай руу тэмүүлнэ, яг л шувуу шиг дүүлнэ.  Тэр тусмаа үргэлж өөдрөг сайхныг бодох тусам өөртөө гэрэл гэгээ цацруулна. Түүгээрээ бусдад илч гэрэл илгээнэ.
Заавал бусдад таалагдахгүйгээр өөрийн хийж бүтээж байгаа зүйлээрээ өөртөө таалагдаж байна гэдэг сайхан.  Өнөөдөр өөртөө байгаа боломжиндоо сэтгэл ханан амьдрач байхдаа жаргалтай.  Өөрөөс минь илүү байгаа нэгнийг анзаарахдаа “яамай даа, нэг танил маань ч сайн сайхан яваа нь юутай сайхан” гэж бодох дор сэтгэл минь сэргэнэ, яг л ургаж байгаа цэцэг шиг өнгөлөг. “Хэзээ нэгэн цагт би ч бас сайхан бүхнийг амсах болно” гэж бодохдоо өөртөө итгэнэ. Тийм үедээ бид дандаа бусад руу инээмсэглэж харан, эелдэг сайхнаар мэндэлдэг.
Хүн сэтгэлийн хүлээсгүй байхдаа бардам байдаг. Хүлээсгүй сэтгэл гэдэг энэ орчлонгийн уудам орон зайд бүхнийг харж анзаарч амждаг. Тэр хэрээрээ ухаан нэмж, ууч сэтгэлээр түүнийгээ  чимнэ.  Ирээд л буцдаг энэ хорвоод хүлээстэй сэтгэлээр давчхан амьдарч яана. Хүн болгонд атаархаж, бас дуурайж, хүрэхгүй боломжиндоо шаналж зовж яана. Орчлон ертөнц хязгааргүй болохоор хүний сэтгэл тэр л орон зайд хүлээсгүйгээр  орчиж байвал сайхан.  Тэр л орчилд хүний сэтгэлийн амар амгалан оршдог.  Тийм болохоор хүмүүс аз жаргалдаа баясан инээмсэглэдэг юм даа. Бас бусдад тус болж түүний хариуд талархсан сэтгэлд нь баярлаж амьдaрдаг юм.  Хүлээсгүй сэтгэл ээ гэж.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-10-03

Share Your Thoughts