Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ

-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ.
-Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье.
Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг “монгол заншил”.
Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж  хийсний дараа л “За яасан, ямар баярт явдал тохиолдов?” гэж асууна. Мэдээж сайхан баярт үйл явдлыг сонсоод сайн сайхан бэлэгтэй ерөөл хэлж тулган уух эхний 3 хундага.
…”Найрын 3 дугараа”  гэдэг эртний монгол хэллэгт яагаад ч юм бэ монголчуудын сархад уух хэм хэмжээг заасан юм шиг надад санагдаад байдаг юм. Магадгүй цэвэр сүүнээс гаралтай нэрмэл монгол архийг 3 дугараа уух нь монгол хүний сэтгэл санааг сэргээж, бие махбодид сайнаар нөлөөлдөг байж болох юм.  Түүнээс цаашихыг албадан шахдаггүй, үргэлжлүүлэн уухыг хүссэн нь бага багаар тааруулан ууж, уухыг хүсээгүй нь хэм хэмжээндээ тааруулан баяр хөөрөө хуваалцаад явдаг байсан байх.

Харин сэтгэлийн хөөрлөө дарж чадалгүй хэтрүүлэн ууж, агсам тавьсан нэгийг хөгжилтэй гэгчээр нойтон эсгийд боож унтуулаад сэргэсэн хойно баалж шоолон ичээдэг байсныг би бага зэрэг мэдэх юм. Монголчууд “тэнэг, бүдүүлэг” биш болохоор  хэм хэмжээг мөрдлөг болгож байсны үрээр одооных шиг ийм олон эрүүлжүүлэх байр байгуулж, хашраадаггүй байсан болов уу.
Өнөө үед хэм хэмжээнээс 3 дугараанаас цааш үргэлжлэх бусад дугараанууд л бүх зүйлийг хиртүүлж, утга учраа алдахад хүргэдэг. Эцэстээ баяр хөөрөө хуваалцаж байсан 2 анд бие биеэ танихаа болитлоо согтож, маргалдан муудалцаж, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гунигт тохиолдлын тухай бид олонтаа сонсож бас харж байсан. Маргааш нь шартаж, хиртсэн сэтгэлдээ ‘юу болоод өнгөрсөн”-ийг тааж ядахдаа бүх бурууг өөртөө бус уусан сархадандаа өгнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ “бүгд л адилхан ууцгаадаг шүү дээ” гэж аргадна.
Монголчууд бид алив баярыг заавал сархад ууж тэмдэглэдэг, сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулж, омог бардам, эр зоригтой болдог зуршлаасаа салах цаг болжээ.
Сэтгэлийн хөөрөл-сархад
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпоос анхны алтан медалийг Н.Түвшинбаяр хүртсэн их баярыг Монгол орон даяар хэрхэн баярлан бахдаж тэмдэглэж байгааг интернетээр үзлээ. Мэдээж гадаад оронд байгаа бид ч баярлаж тэмдэглэсэн. Энэ бол туйлын их баяр бахдал, сайхан гавьяа, мундаг амжилт. Ард олны ихэнхи нь хөөрч догдолсон сэтгэлээ халамцуухан илэрхийлж байсныг ойлгож байнаа. Ердийн үед ярилцлага авах микрофоноос зугатах шахам байдаг тэд энэ өдөр харагдсан микрофон бүрийг шүүрч аван сэтгэлийн үгээ баяр талархлаа хэлж байсныг ойлгож байнаа. Энд тэндгүй Монголын алтан соёмбот далбаа намирч, баярлаж хөөрсөн хүмүүс “уухай” хашгирч, гар гараасаа барилцан “Халуун элгэн нутаг”-ийг дуулалдаж таних танихгүй хэн боловч бие биеэ тэвэрч байгааг харахад сэтгэл огшиж нүд чийгтэж байсан. Үнэхээр сайхан байлаа.
Харин төрийн 3 өндөрлөг маань ард олныхоо өмнө халамцуухан гарч ирж, хөөрч баярласан сэтгэлээ “илэн далангүй”  илэрхийлж байгаа байдлыг нэг л ойлгосонгүй. Одоо хүртэл хүмүүс талцаж, “Хөөрхий минь, хүн л юм чинь ингэж баярлалгүй яахав”,  “Нэг их сүртэй юм биш, харин ч ард олныхоо дунд, бидэнтэйгээ адилхан сайхан л байна шүү дээ”, “Ийм их баярын үед яагаад ингэж болохгүй гэж” хэмээн өмөөрч байна. Үүнийг уншиж байхдаа та ч гэсэн ингэж бодож байгааг гадарлаж байна. Монголчууд бид хоорондоо юу ч гэж  өмөөрч магтан, өөчилж муучилж болноо. Харин “төрийн “гэх тодотголтой энэ эрхмүүд энэ албан тушаалууддаа байгаа цагтаа  Энхбаяр, Баяр, Лундээжанцан биш “Монголын төр” гэж харагддаг юм даа. ” Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж манай өвөг дээдсүүд санамсаргүй хэлээгүй байх. Тийм учраас л “монголын төр” энэ өдөр ард олныхоо өмнө халамцуухан тультраатаж, монголын далбааг булаацалдан савчуулах нь үнэхээр муухай харагдаж байлаа. Зөвхөн би ч биш гадаад ертөнц ч тэднийг “Монголын төр”  гэж хардаг юм. Ямар ч их баяр хөөрөө монголын ард түмэн төртэйгээ хамтдаа сархад ууж халамцуухан тэмдэглэдэг юм гэж тэд ойлговол яах вэ?  Хэн нэгэн “согтуу монгол” гэж биднийг доромжилбол уурандаа цохиод унагаж арай болохгүй байх.
Үүний төлөө энэ эрхмүүд ард түмнээсээ уучлал гуйвал ёс суртахуунд  ч нэр төрд ч цаашдын монгол төрийн хэм хэмжээнд ч зөв алхам болох санж.

Нэгэн зүйл: Олимпоос хос алтан медаль, хос мөнгөн медаль хүртсэн тамирчдын маань сэтгэлийн хөөрөл өнөө хир дарагдаагүй л байгаа байх. Ард иргэд тэдэнд үнэхээр баярлаж бахадсан сэтгэлээ “албархалгүй” илэрхийлж, төр засаг бусад байгууллагууд шагнал урамшуулал, бэлэг, дэмжлэгээ харамлалгүй хайрлалаа. Одоо тэднийг шагшин магтаж, алдаршуулан алдрын титэм өмсгөх “сарын аян’ таньдаг болон шинээр танилцаж байгаа хүмүүсийн дунд өрнөж байгааг гадарлаж байна.
-“Чи бол монголын төдийгүй энэ ертөнцийн од сар нар”, ‘Чи бол дахин давтагдашгүй гайхамшиг”, “Аугаа суу билэгтэн” гэхчилэн толгой эргэм магтаалд бүү үнэмшээрэй. Та нартай адилхан хэдэн сая хүмүүс энэ ертөнц дээр байгаа. Та нар тэдний л адил авьяаслаг хөдөлмөрч хүмүүс.
-Аль нэгэн компаний болон намын бэлэг тэмдэг болж УИХ болон ерөнхийлөгчийн сонгуульд бүү нэр дэвшээрэй. Та нарын хамгийн сайн хийж их амжилт гаргаж чадах зүйл чинь зөвхөн их спорт шүү. Тэд та нарыг улаан туг мэт урдаа дэврүүлж өөрсдийн нэрийн хуудас болгон ашиглахыг хүсч байгаа.
-Хөөрсөн сэтгэлээ сархадаар бүү даруулаарай. Сэтгэл болон хувь заяа тань ‘хиртдэг” юм шүү. “Урьд бид ямар байлаа, Уучих” гэсэн хундаганы тулгалтад ‘Одоо бид шинэ монголын эхлэл болсон” гэж хариулаарай.  Аав ээжийн чинь сэтгэл шаналж, ‘эвдрэх бий”  гэж айж байгаа. Түүнийг анзаараарай. Бүү эвдрэгтүн. Та нар бол монгол хүний үнэлэмжийн эхлэл, хэм хэмжээний илэрхийлэл юм шүү.
Тийм ээ! Монголчууд бид сэтгэлийн хөөрлөө илэрхийлж чаддаг болсон нь сайн хэрэг. Харин сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулан дэвэргэдгээ больчихвол бидэнд тун хэрэгтэй сэн. Өнгөрсөн 7 сарын 1-ний үймээн үүний тод илрэл. Заавал уух хэрэгтэй бол бидний хэм хэмжээ 3 дугараа. Үүнээс цааших нь бидэнд зохих ч үгүй. Хэрэв уухыг хүсээд байгаа бол ядаж л тааруулж ууж сурвал өөрт тань төдийгүй монгол орны ирээдүй хойч үед хэрэг болно доо.
Сэтгэлийн хөөрөл-хэм хэмжээ

Хүн өөрийн гэр орондоо ганцаараа байгаа үедээ юу дуртайгаа хийж болно. Бусдын өмнө бол өөр хэрэг. Бусдын ашиг сонирхолд саад болохгүй, тэдэнд төвөгтэй байдал учруулахгүйн тулд ямарч хүн тодорхой хэм хэмжээнд захирагддаг. Иргэд төдийгүй, төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн үйлчилгээний ажилтнууд ч ялгаагүй. Эрх чөлөөгөө эдэлж байна гээд гудамжаар бусдын өмнө чармаа нүцгэн явдаггүйтэй адил, бусдын өмнө биеэ авч явах байдал болон өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ ч тодорхой хэм хэмжээг баримталдаг.
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпийн наадмын явцыг Монголын хэвлэл мэдээллийн албаныхан үнэхээр сайхан үзүүллээ. Одоо нийтийн дунд түгээд байгаа “илүү, илүү” гэдэг онигоо маягийн хэллэгээс үүдээд монголд өнөөдөр мэргэжлийн түвшинд ажиллах спортын сэтгүүлчид үгүйлэгдэж байна. Үйтүмэн үнэхээр сайн тамирчин, сайн ч зохион байгуулагч. Тэмцээн тайлбарлаж байх явцдаа өөрийн сэтгэлийн хөөрлөө барьж чадалгүй тайлбарлахаа умартаж байсан нь бусдад “өхөөрдөм” харагдаж байсан ч нөгөө л хэм хэмжээгээ алдагдуулж орхисон.  Америкийн спортын сувгуудаар олимпийн наадмыг тайлбарлаж байсан нэвтрүүлэгчид ямар ч үед сэтгэл хөөрсөн үзэгч болон тамирчдын хооронд сэтгэхүйн гүүр болж өөрийн ажлаа чадварлаг гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Монгол орны эв нэгдэл мандан бадралд их түлхэц өгсөн спортын төрлүүдэд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх нь цаашид тамирчдын амжилтад сайнаар нөлөөлөх болноо.
Нэгэн зүйл: Саяхан Улаанбаатар хотод болж өнгөрсөн Японы сумо бөхийн үзүүлэх тоглолтод манай төрийн 3 өндөрлөг оролцож, ерөнхийлөгч маань сүүлийн өдөр цом гардуулах гэж арай гэж эхлэж байгаа УИХ-ын чуулганд оролцогсдыг хүлээлгэсэн тухай мэдээлэл бас л нэгийг бодогдуулж байлаа. Сүүлийн жилүүдэд арлын Японы үндэсний спорт болох сумо бөхийн төрөлд Монголын гайхамшигт олон хөвүүд ид хаваа гайхуулах болсон нь монголчуудад ойртуулж, сонирхлыг татах болсон. Харин энэхүү спортыг монгол төрийн хэмжээнд ингэтлээ анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлж байх нь хэр зохимжтой юм бол. Тэр тусмаа манай гайхамшигт үндэсний бөхөд талцаан үүсэж хөгжил нь зогсонги байдалд ороод байгаа энэ үед.
Ер нь сүүлийн үед алив арга хэмжээнд төрийн 3 өндөрлөг маань 3-уулаа хөтлөлцөж очиж оролцоод байх нь элбэг болжээ. Одоо хошин шогийн тоглолтыг төрийн 3 өндөрлөг  3-уул үзэж ард түмнээ баярлуулав гэвэл би нэг их гайхахгүй болох нээ. Ямар ч арга хэмжээнд тухайн орны төрийн тэргүүнүүд хамтдаа оролцохыг зөвшөөрдөггүй нь болзошгүй муу тохиолдолд улс орны удирдлага эзэнгүйдэхээс сэргийлсэн байдаг гэж сонссон. Энэ л монгол төрийн хэм хэмжээ алдагдаад байх шиг.
Тийм ээ! Монголчууд бид урагшлан хөгжихийн тулд ард иргэд нь ч төр засаг нь ч хэм хэмжээгээ баримтлах цаг болжээ. Нэгэн зохиолчийн хэлснээр энэ цаг дор ‘шувуу нь хүртэл буруу дэвээд ” байх шиг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-09-03

Share Your Thoughts