“СҮҮТЭЙ ҮНЭЭ” БА БИДНИЙ ХАНДЛАГА

…Нилээд хэдэн үнээтэй айл байжээ.  Багагүй сүүтэй нэг үнээгээ хойд хөршийн айлтайгаа хамжин сааж, сүүг нь хувааж ашиглаж  байтал нилээд сүүтэй нэг үнээтэйгээ мэдэж дээ. Тэр нь мөнөөх эрээн үнээнээс хамаагүй их сүүтэй гэнэ.  Эндээс л хамаг хэрэг мандсан аж.  Эхнэр нөхөр хоёр ярилцаж байна.
-За хө, энэ үнээний сүүгээ л аятайхан ашиглаж байгаад амьдрал ахуйгаа сайжруулж авна байгаа. Бас ч арай холыг харж , хэдэн хүүхдээ ирээдүйд хүний гар харахгүйгээр өөрсдийгөө аваад явчихдаг болгоход ч хэрэг болно.  Бид өөрсдөө маллаж арчилж, сааж зарж чадахгүй болохоор хэн нэгэнтэй хамтрах хэрэг болох нээ.
-Харин тийм ээ, нэгэнт өөрсдөө ашиглаж чадахгүйгээс хойш арай дөнгүүр айлтай хамтраад, “авсан өгсөндөө  өлзийтэй” байвал зүгээр юм даа. Энэ урд хөршийн айл ямар бол?
-Тэр дэмий. Нэг л явуургүй улс байдаг юм. Аягүй бол сүүнд минь ус, гурил нэмж хийчихээд  бидэндээ эргүүлээд өндөр үнээр зарж байж мэдэх л улс. Заль санаа хоёрыг нь бид барахгүй байх.

Зүгээр л “дассан газрын даавуу зөөлөн” гэдгээр хойд хөршийн айлтайгаа хувааж хэрэглэвэл яасан юм бэ?
-За даа болих уу даа. Та хоёр эрээн үнээний сүүг хувааж ашиглаад баяжсан нь хаана байгаа юм бэ? Нийлж архидаж,  хулгайлж завшсаар одоо байгаагаа хар. Нийлж гудрахаараа жолоогоо татахаа мэдэх биш, үнээнийхээ тэжээлийг хүртэл хулгайлж зараад уучихдаг улс. Тэд ч биднийг уулгаж хөөргөж байгаад сүүгээ аваад явчихад, бид л эндээ хагас дутуу сүүтэй үлддэг.  Үнээгээ ч олигтой маллахгүй, өвс тэжээлийг нь хулгайлна, саалтуурыг нь эвдээд хаячихна, одоо олигтой сүү ч гарахаа больж. Нэг мэдэхэд  алаад махыг нь өөрсдөө аваад, арьсыг нь бидэнд үлдээгээд явчихад , чи юу ч хэлж чадахгүй гөлөн гээд , үлдээсэн архины шавхруун дээр нь хэлээ долоогоод л үлдэнэ биз.
…Үнээгээ хамтдаа  маллаж, арвин сүүг нь ашигтайгаар зарж борлуулан амжиргаагаа дээшлүүлэхэд нь  хамтрах айлыг хайн,  хэрдээ сураг ажиг тавьж байтал, зэргэлдээ сумаас нь “гадаад дотоод явж, гахай шувууны мах идэж”, бас ч нилээд панз наймаа эргүүлж байсан төрхтэй,   бийлэгжүү байрын нөхөр ирж уулзан, үнээний сүүг нь ашигтай нөхцлөөр хамтран ашиглах занал тавьжээ.  “За хө, үнээ чинь сүүтэй нь сүүтэй юм аа. Яахав бид маллах тэжээх, сүү саалийг нь авах,  өвс тэжээл гээд бүх л зардлыг нь гаргая. Тэгээд сүүг нь хуваая” гэж. Сүүгээ хэрхэн хуваах тал дээр нилээд маргалдав. Гэвч “юмны эзэн сумны занги” нь  өөрсдөө болохоор  элдэв шалтаг заасаар,  “Талаас илүүг нь манайх авна, үлдсэнийг нь танайх  аваад өөрсдөө мэдээд зарцуул.  Харин “шатах юм бол өөрсдөө араа даагаарай”  гэж тохиролцжээ.  Тэр ч бүү хэл  урьдчилгаа болгон нилээд хэдэн цаас зээлээр авч, хүүхэд хөгшдөө ч баярлуулаад амжиж.  Эхнэр нөхөр хоёр нилээд баярлаж байсан ч дотор сэтгэлдээ жаахан болгоомжлонгуйгаар  “ихэд бэлэн амлаад байх юм, биднийгээ хулхидаж байгаа юм биш биз” гэж хардан бодсон ч, тавьж байгаа нөхцөл нь өөрсдөд нь ашигтай болохоор өөр сонголт үгүй.
-Нөхөр бодож байна: “Урьд нь урд хойд хөрштэйгээ л хамтраад болоод байдаг байсан юм сан. Энэ удаад харь холын хүнтэй наймаа хийж үзлээ. Занг нь мэдэхгүй хэдий ч ашиг орлого нь, алсаа харсан алхам нь сэтгэлд багтаад байх юм.  Манай хоёр хөрш таагүй нь таагүй л байгаа л даа. Гэхдээ “Алийн болгон алцаганаж явах билээ. Алсаа бодоод хийсэн энэ алхам маань зөв байвал” хожмын нэгэн өдөр хэдэн хүүхдэд минь хэрэг болох л байх даа. Одоо ч энэ хэд маань бухимдаад л , хардаад л элдэв л юм болох юм. Арга ч үгүй биз дээ. Ямар жалгаасаа холдож үзсэн биш.  “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа” гэдэг шиг л азаа үзээд л алдахаас. “Сайн юманд саад мундахгүй” гэдэгчлэн  элдэв хэл амнаас болоод наймаа буцалтай биш.  Уг нь энэнээс ашиг олоод, жаахан туршлага суувал үүнээс дутахгүй сүүтэй хэдэн үнээ бий л дээ. Түүнийгээ “чулуу болгож” чадвал уг нь санаанд багтсан боломж нь хаа ч билээ. “Мөнгөгүй хүний зовлон их ч”, мөнгөтэй болохоор түүнээс ч их л зовох бололтой. Гэлээ гээд нэг олдсон энэ амьдралаа  тарчиг ядуу, хэн хүний царай алдаж өнгөрөөлтэй биш. Алс нь миний нэрээр овоглосон энэ хэд маань “мөр бүтэн, сэтгэл хангалуун явбал болох нь тэр”.  Өндөр уулын орой дээр саатангаа мориныхоо цулбуурыг  тахимандаа ороосон тэрээр, гаансан дахь тамхиныхаа үнсийг ээтгэр хоншоортой монгол гутлынхаа улан дээр товшингоо ийн бодож, санаа алдана.
-Эхнэр бодож байна: “Энэ маань ойрдоо сэтгэл нь сэвэлзээд нэг биш дээ. Жаахан юмны сураг сонсохоороо л үйтэн хуар дээлээ эгэлдэргэлж, жороо сайвраа унаад , үнэтэй хөөргөө бариад л   хавь орчны хүмүүст гайхуулан давхих юм.  Тэрний гангалах ч яах вэ, бидний өмсөж зүүсэн  нь даан ч өрөвдөлтэй гэдгийг хавь ойрынхон мэдэж л байгаа хойно.  Нэг л их том наймаа ярьж, бусдад баярхаж гайхуулсан хүн. Том наймаа нь бүтээд бидний сайхан амьдрахыг хүлээсээр хичнээн жил ч өнгөрөв дөө.  “Харганы унгас цуглуулж эсгий хийхийн” үлгэр болох вий дээ. Хааяадаа санаа зовж үглэхээр “чи юугаа мэддэг юм бэ, дуугүй л харж бай” гэж загнах юм. Уг нь гайгүй л хүн л дээ. Даан ч их мөнгөний  сураг сонсохоороо л манийгаа мартаад давхичих юм. Арай нөгөөдүүлээсээ жаахан мөнгө урьдчилж авчихаад, уусан архиныхаа халуунд урд айлын бүсгүй  рүү давхиж очин хоног төөрүүлээд байдаг юм биш байгаа даа. “Эр хүн итгэхээр эрхий хуруундаа итгэ” гэдэг дээ. Наймаа хийж  байгаа нөгөө хүнтэй нь уулзаад ярья гэхээр “Бүсгүй хүний ухаан богино” гээд нөгөөдөх маань дэмийрээд, солиорчих ч юм бил үү. Одоо ч тэгээд хэн хүнд итгэх аргагүй цөвүүн цаг болж дээ. Хичнээн жил ханилчихаад надад итгэж,  намайг тоохгүй болохоор зуухны амнаас холдож үзээгүй бүсгүй би яалтай ч билээ”.  Нойтон түлээнд асаж ядаж байгаа галаа асаах гэж ядан нүднийхээ нулимсыг гартал үлээнгээ бүсгүй ийн бодож, санаа алдана.
-Том хүү нь бодож байна: “Хэ энэ аав ээж хоёрын байж байгаа царайг дээ. Нэг л том юм ярьж, нэг л их мөнгө мөрөөдсөн хүмүүс. Хааяа хэдэн цаас орж ирэхээр архины мөнгөнөөс илүүг ч хялайлгахгүй.  Түүнийгээ ч их юманд бодохыг яана. Аав гэж нэг л их гангалаж, баярхсан хүн. Ээж болохоор хичнээн жил өмссөн ногоон торгон тэрлэгэн дотроо санааширч шаналсан хүн. Яс юман дээр энэ хэдэн үнээ тэр хоёрынх ч биш бидний л өмч. Дургүй хүргээд байвал хэзээ ч олдох нь мэдэгдэхгүй  сүүг нь харж суухаар зараад идсэн ч яадаг юм бэ. Мах нь үнэ хүрдэггүй юм гэхэд арьсыг нь урагшаа гаргаад зарахад хэдэн шил архины мөнгө болж л таараа. Муугаа мэдэхгүй байж “үнээгээ малла” гэж загнахыг нь яана. Ёстой гай л байна даа. Өөрсдөө маллаж чадахгүй байж надаар маллуулах юм гэнэ. Хэдэн үнээгээ өөрсдөө маллаж чадахгүй байж, биднийг яах ч гэж төрүүлсэн юм. Төрүүлсэн л бол тэжээж л таараа шүү дээ. Эдэнтэй ингэж нялуурч байхаар  наймаа хийж байгаа хүн дээр нь очиж, дарамталж байгаад хэдэн шил архины мөнгө салгасан нь дээр байх даа. Тэр муу манай хэдэн үнээн дээр” мөнгө хийх” гэж байгаа болохоор дургүйцээд  хаачих ч юм билээ. Болохгүй бол хэдэн найз нараа “шургаж” байгаад очиж агсам тавинаа, яадаг юм”.  Өчигдөр уусан архиндаа толгой нь мансууран өвдөх тэрээр, шараа тайлах аяга архи хайн тэмтчингээ ийн бодно.
-Удаах охин  бодож байна: “Аав ээж хоёрыг харсаар хичнээн жил ч болов доо. Өөрсдөө хичээгээд амжиргаагаа дээшлүүлэхийн оронд  “үнээний сүүгээ зараад баяжина, хүлээж бай” гэх юм. Уг нь урьд нь өөрсдөө үнээгээ саагаад хэрдээ амжиргаагаа залгуулаад болоод л байсан юм сан. Заавал бусадтай нийлж их мөнгө олох гэж зовох хэрэг байгаа ч юм болов уу. Уг нь их мөнгөтэй болбол сайхан  л даа. Ядаж л бага дүүгээ хол газар сургуульд явуулчихвал, ухаантай сэргэлэн болохоор хожим бидэнд тус болох л байх даа. Би ч гэсэн сургуульд явж сурмаар л байх юм. Гэтэл мөнгөгүй, олигтой хувцасгүй болохоор яах ч билээ.  Үнээгээ өөрсдөө саая гэхээр, цахилгаан саалтуураар сааж байгаад их сүү авч баяжина гэх юм.  Хэн мэдэх вэ? Харин муу үнээ минь л их зовох байх даа. Гараар сааж байхад их дуртай байдаг сан. Саасан жаахан сүү минь бидэндээ болоод л байсан сан. Одоо болохгүй байгаа юм байхаа. Ядаж байхад аав ээж хоёр маань байнга л хэрэлдэж муудалцаад байх юм. Энэ ах архи уухаас өөр юм ч бодохгүй юм.  Эмээ маань их зутрангүй. Заримдаа шаналахаас цаашгүй.  Энэ шаналгаан дунд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” л болох юм. Харж, хүлээж л байхаас.  Дүүгийнхээ хиртээсэн хувцсыг ванн дотор, барааны савангаар угаангаа охин ийн санааширна.
-Бага хүү бодож байна: “Аав ээж хоёр минь хэзээ үнээний сүүгээ зарж их мөнгөтэй болох юм бол доо.  Тэр их мөнгө ч яамай. Хол газар явж их эрдэмд сурвал хожим нь энэ хэддээ тус болно л  доо. Алийн болгон энэ жалганд суух билээ. Хол явж сурья гэхээр заавал их мөнгө хэрэг болох юм. Ёстой гаслантай.  Уг нь би сайн эрдэм сурвал аав ээж хоёртоо энэ үнээний сүүнээс  ч их мөнгө олж, баярлуулж чадна л даа.  Даан ч эд нар тэгж ерөөсөө бодохгүй юм. Үнээ, үнээний сүү гээд л ухаанаа алдчих юм даа. Хэ хэ хэ энэ үнээ нь үхчих юм бол бид яах юм бол доо. Тэгээд заавал гадны хүнтэй хамтрана гэх юм.  Уг нь би их эрдэм сурчихвал тэднээс юу ч гэж дутах билээ. Энэ үнээнээс манай тарлан үнээ дутахгүй их сүүтэй гэсэн. Уг нь эднээс сурч байгаад аргыг нь олж чадвал бид өөрсдөө тарлан үнээгээ саагаад бүр ч их мөнгө олж чадна даа. Аав ээж хоёр минь хөгширч, өөрсдөдөө ч итгэхгүй болж. Ах архи ууж, шараа тайлахаас өөр юу ч хийхгүй. Эгч миний төлөө санаа зовохоос ч хэтрэхгүй. Муу эмээ маань эрхээ эргүүлж маань уншихаас өөр яаж ч чадахгүй.  Энэ амьдрал хэцүү л байна даа. Уг нь мөнгө олоод намайг сургуульд явуулбал, хичээж сайн сурч байгаад үнээгээ өөрсдөө сааж сурчихна л даа”. Хүү уншиж байгаа номноосоо хараа салгалгүй ширтэнгээ, сэм сэмхэн санаа алдана.
-Эмээ бодож байна: “Хэ, эд гэж  нэг их том юм мөрөөдсөн улс. Урьд нь өөрсдөө үнээгээ саагаад балга сүү аваад амжиргаагаа залгуулаад болоод л байдаг сан. Одоо л болохоо больж гэнэ. Заавал цахилгаан салтуураар саах юм байх. За даа хөгшин бид ч ухаж ойлгох биш. “Хүн хөгширнө гэдэг хүүхэд нохойн доог болно” гэдэг ч үнэн юм даа. Хүргэн гэж торго дурдан өмсөж, тос өөхөнд бялуурсан онгироо хүн. Муу охин маань хамаг ажлыг нугалавч, ханзархайгаа нөхөж, шинийг ч аваад өмсөж чадахгүй арчаа муутай.  Энэ хэдэн хүүхэд нь өөр хоорондоо ч таарахгүй. Үг солихоор л ярдаг нохой шиг архирах юм. Цөвүүн ч цаг юм даа. Хааяа 21 000 төгрөг чулуудах л юм. Тэр нь “аманд ч үгүй, хамарт ч үгүй”. Түүнийгээ их харж үзэж байгаа маягаар  бодно. Хадан гэртээ ойртож байгаа надад юу ч хэрэг болох билээ дээ. Ахиухан хэдэн төгрөг өгчихдөг бол энэ муу бага хүү, охин хоёртоо ядаж л амаа өмөлзүүлэх юм аваад өгчих юм сан гэж бодох юм. Нэг л их мөнгө мөрөөдсөн эдний чихэнд “Алт ч хийгээд, ус ч хийгээд сэгсрэх” байх даа. Уг нь эд хэд маань дутагдах юмгүй аятайхан амьдардаг бол хожим хойчид нь хэрэг олох санж”. Гэрийн баруун хаяанд мойногхон гартаа эрхээ эргүүлэн амандаа маань унших эмээ ийн бодолдоо “үглэнэ”.
“СҮҮТЭЙ ҮНЭЭ”-ний тухай С.Баярцогт, А.Ганбаатар нарын  МЭТГЭЛЦЭЭН
Оюу толгойн гэрээ батлагдсан цагаасаа л олон нийтэд хардлага дагуулсан.  “С. Баяр Ерөнхий сайд байхдаа энэ гэрээг яаран батлуулах гэж зүтгээд санасандаа хүрсэн.  Магад тэрээр гадныханд ашигтай байдлаар батлуулж,  хариуд нь  нилээд их хэмжээний авилгал авсан байж таарлаа.  Гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар ч юу гэж хоосон байх билээ. Бас л ахиухан авилгал авсан байж таарна. Ер нь тэгээд  Монголын баялгийг  энэ хэдэн луйварчид гадныхантай нийлж  хувааж идээд,  ард олон бид үеийн үед хоосон хоцрох юм байна л даа”.  Амнаас ам дамжсан ийм яриа, хүмүүсийн сэтгэлд бараан үүл мэт хардлага төрүүлж, хамраар саагих утаа мэт бухимдалдаа бачуурч байв. Үүний хажуугаар “эх орончид” олноор төрж, хүмүүсийн бухимдлыг хөвдөнд уугих цог  мэт тасралтгүй дэвэргэх аж.
Гэхдээ хэн ч баримттай тайлбар сонсоогүй.  УИХ-ын гишүүн С. Ганбаатар энэ асуудлыг хөндөж, гэрээнд гарын үсэг зурсан талуудтай олон нийтийн өмнө ил тод мэтгэлцээн хийх саналыг гаргав.  Эргэлзээ хүлээлт дунд  хэд хэдэн удаа хойшилсон уг мэтгэлцээн саяхан болж өнгөрлөө. Мэтгэлцээн,  санаачлагыг гаргасан  УИХ-ын гишүүн С. Ганбаатар, гэрээнд гарын үсэг зурсан төлөөлөл болох УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын дунд болсон. Мэдээж монгол хүн болгоны сэтгэл дэх асуулт нэхсэн эргэлзээнд, тэд өөр өөрсдийн тайлбраа хийж, нотолгоогоо дэлгэлээ.
С.Баярцогт  энэ гэрээг Монголын талд  АШИГТАЙ, ЭРСДЭЛГҮЙ, ХУУЛИЙН ХҮРЭЭНД  хийгдсэн гэж дурдаад энэ бүхнээ нотлон тайлбарлав.  Харин Ганбаатар үүний эсрэгээр энэ гэрээ Монголын талд АШИГГҮЙ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ хийгдсэн байна гэж үзэж байгаа аж. Яг үнэндээ Ганбаатарыг энэхүү мэтгэлцээнийг анхлан санаачилсаны хувьд маш сайн бэлтгэлтэй, няцаах баримт нотолгоотой  байгаа байх гэж бодож байсан ч тэрээр илт бэлтгэл муу нотолгоо дулимагхан байсан.  Гэхдээ энэ мэтгэлцээнээс олон нийт өөр өөрсдийн бодол дүгнэлтээ гаргасан байх.   Хүн хүний санаа бодол заавал бие биедээ таалагдаж, нийцэж байх албагүй ч, анх удаа олон нийтийн өмнө маргаантай асуудлаар өөрсдийн тайлбраа хийсэн нь хамгийн сайн алхам байв.  Түүнчлэн шаардлагатай үед гэрээнд ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ гэж санал нэгдсэн нь бас нэг ололт  юм. Тэгэхээр энэ мэтгэлцээнийг санаачилсан Ганбаатар, өөрийн хариуцлагаа баримт нотолгоогоор тайлбарлан хамгаалсан  С.Баярцогт нарт  талархаж байна.
Харин бид энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
Маш олон сэтгэгдэл болон ярилцлагаас хүмүүсийн санаа бодол хэрхэн талцаж байгааг анзаарч болохоор.  Харамсалтай нь бид энэ мэтгэлцээнд тавьсан  “ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛЧУУДАД АШИГТАЙ БОЛЖ ЧАДСАН УУ?” гэдэг асуудалд биш, мэтгэлцээнд оролцсон  Ганбаатар, С.Баярцогт нарыг талцан харааж зүхэхэд  хамаг анхаарал, чадвараа хандуулав.  Зарим нь  “С.Баярцогт, Ганбаатар хоёрын хэн нь аятайхан харагдаж байв, хэн нь илүү уран цэцэн ярьж байв, бас хэн нь илүү царайлаг вэ?” гэх маягийн зугаатай асуудлаар  маргалдах аж.  Сэтгэлдээ таацаагүй нэгнээ дурын үгээр харааж зүхэж, нулимж,  элдвээр цоллож, доромжилдог  бүхэл бүтэн групп бий болжээ.  Гэхдээ тэдний ярьж тайлбарласан бүхнийг огт анхаарахгүйгээр, түүнийг задлан тайлбарлаж  өөрийн тайлбрыг гаргахгүйгээр,  эсвэл үгүйсгэж өөрийн нотолгоог батлахгүйгээр шүү дээ.
Сэтгэгдэлчид өөрсдийн  хамгийн түгээмэл хэллэг  болох  “урвагч”, “хужаагийн эрлийз”, “хэн нэгний ялгадас”  гэхчилэн цоллож,  “цаазаар авах”, “эх орноосоо хөөж гаргах”, “золигт гаргах”  санал гаргацгаана.  Хэрэв анхааран ажвал нийтлэг ийм хэллэг бүхий СЭТГЭГДЭЛ-үүдийг маш олон дахин хувилж тавин, өөр бусад сайт болгон дээр тасралтгүй урсгах аж. Сүүлийн үед  Монголын эрх ашигтай холбоотой хэн нэгний бичлэг болгон дээр ийм давтамжууд гарах болсон нь, хэсэг бүлэг хүмүүс тодорхой нэгэн санхүүжилтээр энэ бүхнийг зориуд хийгээд байгаа мэт санагдаж байна. Тэд ийм бүдүүлэг хэрцгий байдлаараа монголчуудыг байнга талцуулан хэрэлдүүлж байх сонирхолтой  байгаа нь ажиглагдах боллоо. Нэгэн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэх гэж хичээж байгаа монголчуудын сэтгэлгээг ингэж сэглэн, талцуулж архиралдуулж байх нь хэнд хэрэгтэй байж болох вэ?
Ил тод мэтгэлцээний дараа ч олон хүмүүс  хардлага тээсэн хэвээр байгаа нь мэдрэгдэж байв. Энэхүү хардлага нь  Монголын төрийн эрх баригчдын “худал амлалт”, “хуулиа дагаж мөрдөхгүй байж болдог үйлдэл”, ” мөнгө эрх мэдлийн төлөөх мунхаг улайрал”, ” хуурч мэхэлж, хулгайлж завшсаныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй тогтолцоо”-ны  муу үр дүн юм.   Нэг ёсондоо монголчууд бид  хамгийн үнэт зүйл болох ИТГЭЛ -ээ аль хэдийн алдаж орхиж. Тийм болохоор  хүмүүсийн сэтгэлд  үнэн юм шиг сонсогдовч  ХУДЛАА даа гэх хардлага,  биелж болох юм шиг санагдавч  БҮТЭХГҮЙ -дээ гэх цөхрөл  дагалдах аж.
ЗӨВХӨН МИНИЙ БОДОЛ
1. Оюу толгойн гэрээг зогсоох биш, цаашид үргэлжлүүлэх нь хэрэгтэй мэт.  С.Баярцогтын нотолж байгаачлан, энэ гэрээ  Монголын талд ашигтай байгаа бол монголчууд бид хяналтаа л зөв тавих  хэрэгтэй болох нь.  Мэдээж  компаны дотоод асуудалд биш, гэрээний биелэлтэд  хяналт тавих учиртай.
2. С.Баярцогтын санал болгосончлон  Оюутолгойн гэрээг монгол англи хэлээр хэвлэж, олон нийтэд  тараах нь зөв мэт.  Монголын талаас гэрээний биелэлтэд  хяналт тавих  үүрэг хүлээсэн албан тушаалтан, байгууллагууд нь улирал тутам энэ талаар олон нийтэд ил тод тайлагнаж, маргаантай асуудлуудыг ил тод шийдвэрлэж, мэдээлж  баймаар.
3. Харин монголчууд бидний  саяын мэтээр ил тод мэтгэлцэж, олон нийтийн санаа бодлыг тусган шийдвэрлэж байх зүйл нь,  Оюутолгойгоос Монголын талд  ашиг болгон оруулж ирэх мөнгийг  ямар салбарт, юунд  хэрхэн зарцуулж байх нэгдсэн бодлого юм.  Мэдээж бидэнд бэлэн мөнгө бус , орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээ, дэлхий рүү хандсан боловсролын шинэчлэл эн тэргүүнд хэрэгтэй байгаа.
4.Оюутолгойтой хамтран ажилласан туршлага нь  Тавантолгой,  Хөшөөт, Асгат зэрэг бусад ордыг дэлхийн уул уурхайн салбрын жишгээр  үр дүнтэй ашиглахад хэрэг болох учиртай. Тэгэхээр үүний тулд маш чадварлаг залуусыг  бэлтгэх хэрэгтэй болох нь. Уул  уурхайн инженер, эдийн засаг, техник технологи, хууль эрх зүй, жирийн ажилчдыг бодлоготойгоор бэлтгэх нь  монголчууд  бидний хөгжил дэвшилд  маш их хөшүүрэг болно доо.
5. Олон нийтийг  хоосон хардлагаас ангижруулах боломж нь  ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ,  ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО,  ИЛ ТОД БАЙДАЛ, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН юм шүү дээ. Мэдээж энэ бол Төрийн үүрэг.  Тэгэхээр Монголын Төр  илүү сайн ажиллах хэрэгтэй болох нь.
…Маш олон улстөрчид,  хуурамч “эх орончид”, элдэв албан тушаалтнууд  ОЮУТОЛГОЙ-г хуучин ЭРДЭНЭТ шиг болгохыг хүсээд байгаа юм шүү дээ.  Тэд албан тушаал эрх мэдлээ ашиглан ийм үйлдвэрүүдэд  техник, тоног төхөөрөмж, хоол хүнс, ажлын хувцас, элдэв хангамжийн  “ШАХАА” хийж баяжихыг л илүүд хүсээд байна.  Бас ямар нэгэн шантаажаар “мөнгө салгаж” завшихыг хүсч байгаа.  Бас элдэв арга залиар ХУВЬЦАА эзэмшихийг хүсч байгаа.
Мэдээж Оюутолгойн гэрээ хамгийн сайн нь биш ч, хамгийн муу нь биш л дээ.  Урд хойд хоёр хөршөөс хамааралгүйгээр гуравдагч хөршийг сонгосон нь  гадаад байдал, хандлагад  нөлөөлж л байгаа. Гэхдээ одоогоор бид өөр сонголт үгүй.  “Галт тэрэг аль хэдийн хөдөлж орхижээ”.  Харин бид одоо талцалгүйгээр эв нэгдэлтэй байж  Оюутолгойн үр шимийг зөв хүртэж, зөв ашиглаж чадвал Монголчууд бидний ирээдүй болон тусгаар тогтнол, хөгжил дэвшилд тус болно.  Магадгүй монголчууд бидний дэлхийн хэмжээнд өөрсдийгөө зөв сайнаар таниулах боломж ч болох юм бил үү? Бид эв нэгдэлтэй, ухаантай байж чадвал бидэнд үүнээс илүү их баялаг, илүү  боломж олдох болно.

 

Share Your Thoughts