ТАЛЦСАН УЛСТӨР-ЭЗЭНГҮЙ ТӨР

\урт бичлэг унших дургүй хүмүүст зориулсангүй\
Сонгуулийн өмнөх улайрч, солиорсон мэт улстөрийн явцыг ажиглаад дүгнэлт хийх амаргүй. Удаа дараалан гарч олон нийтийн анхаарлыг татаж буй үйл явцад хэвлэл мэдээлэл, олон нийтийн сэтгэл зүй хоёр хуваагдан талцаж, “хэнийх нь зөв”, ” хэнийх нь буруу” гэдгийг ялгаж салгах боломж үгүй болгож байна. Хэн хэн нь ямар ч баримт нотолгоогүй “баримжаагаар” л асуудалд хандана. Яг үнэн мөнийг нь тогтоогоод хуулийн дагуу “үнэн зөв”, “худал буруу” -г нь шийдэн, хариуцлага тооцдог ТӨР үгүй болжээ. ТӨР өөрөө ЭЗЭНГҮЙ байна. Учрыг нь ялгаж салгахын аргагүй элдэв мэдээлэл, сенсаци бүхэн  санаатай болон санамсаргүй, захиалгатай болон захиалгагүй хэлбрээр олон нийтийг талцуулан, хооронд нь маргалдуулан “дайсагнуулж” байна. Энэ бол хамгийн хортой үйлдэл төдийгүй цаашид ч намжихгүй бололтой. Би юуг мэдэрч байна вэ? гэхээр:
Нэг. БИЗНЕСТЭЙ ХУТГАЛДСАН УЛСТӨР
Хүн болгон шуналтай боловч Монголын улстөрчид бүр ч их шуналтай. Орос Хятад улстай хил залгаа уудам газар нутагтай, 3 хан сая хүн амтай Монгол оронд бизнесмэнүүд 25 жил зөвхөн өөр хоорондоо өрсөлдөж “алалцлаа”. 3-хан сая хүнтэй жижиг зах зээл дээр шүү дээ. Тэд “жалгандаа” сэтгээд, гадагшаа харж дэлхий дахины уудам зах зээл рүү тэмүүлсэнгүй. Тэд энэ өчүүхэн өрсөлдөөндөө улстөрийг ашигласаар уджээ. Хөрсөн дор буй баялгийг ухаж гаргаад ойр хөрш рүүгээ зөөхийгөө “бизнес” гэж тооцдог өчүүхэн “наймаачид”, улстөрчидтэйгээ хуйвалдаад жаахан мөнгө олохын төлөө улайрсаар 25 жилийг үдэв. Үүний тод жишээ нь MCS болон Женко группийн улстөржсөн тэмцэл. Улстөрийг бизнес болгон ашигласаар шийдвэр гаргах эрх мэдэлд удаан суусан нөхдүүд. Яг үнэндээ дэлхийн хэмжээнд харьцуулаад харах юм бол өчүүхэн шунал. Тэд хэзээ ч томоор харж сэтгэж чадахгүй байгаад хамаг гай оршиж байна даа.
Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын нуруу, сэтгэл нь тэнийж сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд бизнесээ эхлүүлэн амжилттай өрсөлдөн, өөрсдийн орон зайгаа бий болгож эхэллээ. Уг нь Монголын төр эднийг бодлогоор дэмждэг бол энэ хүмүүс ирээдүйн САЯТАН гууд, Монголдоо ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийх хүмүүс. Тэд монголчууддаа боломжийг мэдрүүлэн үлгэрлэж байна. 3 сая хүнтэй зах зээл дээр орон сууцны барилга барих, 330 сая хүнтэй зах зээл дээр орон сууцны барилга барих сонголт бидэнд байгаа. Гэхдээ ганцаараа биш хамтдаа эвлэлдэн нэгдэж байж ийм боломжийг бид үр дүнтэй ашиглаж чадна. “Монголын брендийг дэлхийн зах зээл дээр гаргая” гэж хоосон лоозогнож сүржин хашгирдгаас илүү бодит боломж, гадаадад бизнес эрхэлж буй монголчуудын тусаар бидэнд бий болж байна. Бидэнд ердөө л ЭВ НЭГДЭЛ л хэрэгтэй байгаа.
Монголын улстөрийг бизнесээс нь салгах хэрэгтэй байна. Улстөрийг ашиглан бизнес хийж амташсан нөхдүүдийг улстөрөөс зайлуулан ХАРИУЦЛАГА тооцох цаг болжээ. Хуйвалдаанаар бусдыгаа “дааж” шоронд хэдэн жил сууж гарч ирээд “томордог” хүмүүсийн хууль бусаар цуглуулсан бүх хөрөнгийг нь хурааж, бүх насаар нь улстөрд ойртуулахгүйгээр шийтгэх хэрэгтэй болж байна. Эс тэгвэл эд өөрсдийгөө хууль бусаар хамгаалсаар байх бололтой. Зөвхөн ЖАЛГА-ндаа биш ДЭЛХИЙ-н хэмжээнд сэтгэж ажиллах залуусыг улстөрд сонгох цаг болжээ. Ямар олон залуус дэлхийн хэмжээнд өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна гээч. Жалгын улстөрчидтэй харьцуулах ч аргагүй. Монголын хэдэн улстөрчид дэлхийн хэмжээнд хөгжиж байгаа залуусаас хоцрогдож байна. Тэд маш их хоцрогдож байгаа учраас, биднээс тэнэг хүмүүс биднийг удирдах гэж “алиалаад” байгаа болохоор хүмүүс бухимдаад байгаа хэрэг.
Хоёр. ЦӨӨН ХҮНЭЭС ХАМААРАЛТАЙ НАМ
Хэдийгээр” Монголд олон намын тогтолцоо байдаг” гэж тайлбарлах боловч өөр хоорондоо үзэл санаа, итгэл үнэмшил, мөрийн хөтөлбрөөрөө ялгарахгүй хэсэг хүмүүсийн нэгдэл л буй. Намыг удирдах хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт зусардан дагадаг гишүүдтэй.  Нам нь өөрийн хуульчлан тогтсон институци үгүйгээс” ганц хүний тоглолт” ямар их хор уршиг авчирдагийг нилээд хэдэн намуудаас бид харж мэдэрч байгаа. Гайгүй сэхээтэн залуусын нэгдэл болох ХҮН-ыг С.Ганбаатар яаж “самарч” чадаж байгаагаас харьцуулан анзаарч болно. Намын дарга болсон хүн нь “өөрийн хүмүүс” ээ удирдах зөвлөлд оруулан шийдвэр гаргахад хуйвалдан нөлөөлж, өөрсдөдөө ашигтай байдлаар гаргуулсан шийдвэрээ бусдад тулган хүлээлгэдэг бүдүүлэг тогтолцоо Монголд л бий. Хувааж идэх болохоороо хэдүүлээ хуйвалдаж, хэрэг нь илрэхээр гишүүдээ турхиран хамгаалуулдаг үзэгдэл Монголд л бий. Үзэл санаа, итгэл үнэмшилийн нэгдлийг тэд бий болгосонгүй, бий болгохыг ч хүссэнгүй.
Сүүлийн 25 жилд Монголын төрийн эрх мэдлийг хариуцаж, шийдвэр гаргаж байсан намуудад, ийм их баялагтай хэрнээ гуравхан сая хүн амтай Монгол орныг улстөр- эдийн засгийн маш муу чадамжтай болгосных нь төлөө ХАРИУЦЛАГА тооцох цаг нь болжээ. Тэднийг сонгохгүй байх хэрэгтэй төдийгүй тэдэнд хариуцлага тооцох шаардлагатай. Тэд “алдаагаа ойлгож байна”, “амаргүй ч шинэчлэл хийж байгаа”, “одоо олгох боломжийг маш сайн ашиглаж” чадна гэж амлах авч, “өнгөрсөн 25 жил бага хугацаа гэж үү?” гэж тэднээс асуумаар байна. Намуудын удирдах албан тушаалуудад ажиллаж маш ихээр баяжсан эрхмүүдээс ТАЙЛБАР, НОТОЛГОО гаргуулах шаардлагатай байна. Хууль бусаар төрийн эрх мэдлийг ашиглан баяжсаных нь төлөө, маш олон монголчуудын итгэл найдварыг үгүй болгосных нь төлөө, монголчуудын сэтгэлгээг доройтуулж зусар зулгүй, яс горьдсон нохой шиг үргэлж хоорондоо арсалдан хэмлэлцэж байдаг арчаагүй байдалд оруулсных нь төлөө ЯЛ АСУУХ шаардлагатай болж байна. Энэ намуудыг татан буулгах шаардлага бий болжээ.
Улстөрийн намуудыг задлах, хувь хүнээс хамааралгүй институци бий болгох, намууд гишүүнчлэлээр бус мөрийн хөтөлбрөөрөө өрсөлддөг шударга тогтолцоог бий болгох цаг болжээ. Намуудыг гишүүнчлэлгүй болгож, улс орны хөгжилд хэрэгтэй санаанд тулгуурласан мөрийн хөтөлбрүүд түүнийг хэрэгжүүлэх бодит саналаар нь сонгох боломжийг хүмүүст олгох нь өнөөгийн утга учиргүй хагарал, талцлыг багасгах нэгэн боломж. Адил төстэй санаа бодол, итгэл үнэмшил, хамтын бодит ажил дээр суурилсан намууд шинээр бий болох нь Монголын улстөр “эрүүлжих” эхлэл. Намуудад хариуцлага тооцдог маш сайн тогтолцоо хэрэгтэй төдийгүй, алив үйлдэлд “цуу яриа”, “баримжаа”-гаар хандах хандлагыг өөрчлөх цаг нь бас болжээ. Энэ бол олон нийтийн хяналтууд болон бодитоор ажилладаг судалгааны хүрээлэнгүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн хараат бус, бие даасан ажиллагаа мөн.
Гурав. ШИНЭ НИЙГМИЙГ ХУУЧИН АРГААР УДИРДДАГГҮЙ
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид ЗАХ ЗЭЭЛИЙН шинэ нийгмийг СОЦИАЛИСТ хуучин аргаар удирдах гэж оролдлоо.
-Дарга нар нь уулзалт болгон дээр оролцогчдын өмнөөс тайзан дээр гарч суун албархуу уриалсан үг хэлнэ, бусад хүмүүс нь үзэгчдийн суудлаас алгаа хорстол ташиж “итгэж, хүндэлж” байгаагаа илэрхийлнэ. Хэн нэг нь жаахан “эсэргүү” утгатай үг хэлбэл түүнийг “нам дарах” идэвхтэнүүд нь бэлэн байж байгаа. Орон нутгийн намуудын дарга нарын ажлыг хэр олон хүн алга ташиж, хэр олон хүн гал цогтойгоор дэмжсэн үг хэлж байгаагаар нь дүгнэдэг болохоор арга нь үгүй.
-Баяр наадам, наргиан цэнгээн болгонд дарга нар заавал морилж ирэн түмэн олонд ноён хувцас, түшмэд царайгаа харуулна. Сүүлдээ голохоо больсон шүү дээ. Овоо тахих наадам, суварга босгох ёслол, сургуулийн биеийн тамирын заалны нээлт, эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээн авах ёслол, хаана л бол хаана тэд үзэгдэх ёстой. Ядаж байхад тууз хайчлан телевизээр гарах яасан ч дуртай юм. Сүүлдээ хаана л бол хаана ТВ-ийн зураглаач дагуулаад явж байх. Зурагтаар их гарах тусам хүмүүс үнэлж сонгоно гэж боддог юм шиг байгаа юм.
-Орон нутаг болгон ОЙ тэмдэглэнэ. Тэгш сондгой аль нь хамаагүй ээ. Ой угтсан нэрэмжит ажлууд социализмаас улбаалан үлдсэн юм шүү дээ. Тэр нэрэмжит ажлууд нь ихэвчлэн материаллаг бүтээн байгуулалтууд. Уг байгууламжуудыг зохион байгуулж байгаа хүмүүс нь мөнөөх мөнгөнөөс нь “хумслахаа” мартахгүй ээ. Хандив өгч буй хүмүүс нь ч түүнд нь дасч “за бага шиг л хулгайлаасай” гэж ханцуй дотроо залбирах. За тэгээд ой тэмдэглэж байгаа сум болгон одон тэмдэг зохиож хүмүүсийн энгэрт зүүж өгнө. Болхи хийцийн “Төрийн есөн хөлт цагаан туг”  сум болгонд бий. Доромжлоод байгаа юм уу? Ёсорхоод байгаа юм уу? ойлгомжгүй.
-Монголын төр баяр ёслол бүрээр баруун солгойгүй одон тэмдэг, алдар цол түгээдэг хэвээрээ. Хайрт нам засгийн буянаар авч, төрдөө талархан зүүж, найр наадам үүсгэж буй “Алтангадас” одон нь хуучин соёмботой. Аль 1990 оны “Үндсэн хууль”-иар хуучин соёмбо хүчингүй болсон гээд бодохоор хүчингүй л одон байлтай. Тараагаад тараагаад дуусдаггүй яасан ч их одон медаль байдаг юм. Нэг хүнд ноогдож буй алдар цол, одон тэмдгийн тоогоороо Гиннесийн номонд орохоор болж буй хэдий ч улс орны хөгжил нь ахихгүй хэвээрээ. Гавьяа шагналд дуртай хүмүүсийн сэтгэлгээ нь ч хуучин хэвээрээ.
Хэдийгээр бид социализмаас татгалзан огт өөр нийгмийг байгуулж байгаа хэдий ч, социализмаас авч үлдэж болох олон сайхан бүтээн байгуулалтуудаас огт өөр ХҮНД СУРТАЛ, АЛДАР НЭР, ГАВЬЯА ШАГНАЛ-ыг л авч үлджээ. Үүнийгээ дагаад бидний хуучирсан сэтгэлгээ ч удаан өөрчлөгдөж байна. Илүү хурдан өөрчлөгдөх боломж нь ШУДАРГА ЁС, ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛ, ХАРИУЦЛАГА л байсан юм шүү дээ.
…2016 оны сонгууль ойртож байна. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив” гэдэг хэллэгээр улстөрчдийн алилал, марзганал хэрээс хэтэрч байгаа. “Дүүрсэн хэрэг дүрээд үхье” гэдэгчлэн юу эсийг ч үзэх бололтой. Гэхдээ олон хүмүүсийн оюун сэтгэлд БОЛОХГҮЙ БАЙГАА БҮХНИЙГ ӨӨРЧЛӨХ том хүсэл буй. Гэвч юуг ч өөрчлөхгүй хэв хэвээр нь байлгах хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй. Харанхуй мунхаг, хувиа хичээсэн, зусардагчид яасан ч олон болоо вэ? Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн “далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг” хүмүүсийн гайгаар сонголт амаргүй байж ч болох. Гэхдээ л САЙН ЦАГ АЙСУЙ. Монголчууд урлаг, спорт, оюун ухааны чадвараараа дэлхийд гайхуулж эхэллээ. Олон олон залуус дэлхийд ТООГДОЖ, дэлхий тэднийг үнэлж эхэлж байна. Бид алив зүйлийг өөрөөр харж, харьцуулж байна. ХОЦРОГДСОН УЛСТӨРЧДИЙГ ЗАЙЛУУЛЖ, МОНГОЛЫН ТӨРИЙГ УХААЛАГ ЭЗЭНТЭЙ БОЛГОХ нь та бидний СОНГОЛТ юм шүү дээ.

Share Your Thoughts