ТАНД ТААЛАГДААГҮЙ бол “МУУ ХҮН” ҮҮ?

-“Тэр надад ёстой таалагддаггүй юм. Ер нь онцгүй хүн дээ. Чи нэг их ойртож дотносоод хэрэггүй шүү”. Дотно найзууд заримдаа хэн нэгний тухай ингэж аминчлан ярилцдаг. Найзад нь “таалагдаагүй” тэр хүнтэй уулзаж ярилцаагүй мөртлөө, сэтгэлд нь хургасан жавар мэт “таагүй” бодлоосоо болж жаахан “жийрхэнэ”. Бас болоогүй ээ, өөр нэгэн танилдаа “тэр хэн чинь ер нь онцгүй хүн гэсэн шүү?” гэсэн “хуурай” мессежийг өгч амждаг. Бид бусад хүмүүстэй уулзаж ярилцан, сэтгэлээ нээж амжаагүй мөртлөө хэн нэгний амаар “муу хүн” гэсэн сөрөг ойлголттой болж, бие биедээ таагүй хандах нь бий.

ХҮМҮҮС БИД, БИЕ БИЕНДЭЭ ТААЛАГДАХГҮЙ БАЙХ ОЛОН ШАЛТАГ БИЙ

-Амьдралын бартаат замд сэтгэл зүрхэндээ ойр дотно байсан хүмүүс, өмнө нь тулгарсан ямар нэгэн ээдрээтэй асуудлаас болж санал зөрөх тохиолдол байдаг. Санал зөрсөн асуудлаар хүн болгон өөр өөрийн санаа бодлоо “зөв” гэдэгтээ итгэнэ. Санал зөрж байгаа нь амьдралын тэр асуудалд өөр өөрийн өнцгөөс л харж байгаа хэрэг. Заавал адил өнцгөөс харж байх албагүй л дээ. Хэрвээ тэд энэ талаар нухацтай ярилцаж ойлголцож чадахгүй л бол, бие биедээ “таалагдах”-аа болино. Ойлголцоогүй сэтгэл зүрх болгон өөр өөртөө, “Хн ийм юм ойлгохгүй тэнэг хүн бэ?” гэж бухимдах. Заримдаа тийм “тэнэг хүн”-ийг харахаас ч дургүй нь хүрнэ.

-Ихэд дотно сайнаар итгэлцэж, нөхөрлөж явсан хүмүүс, дундуур нь орж ирсэн хэн нэгэн хүний тухай дүгнэлтээсээ болж санал зөрөх тохиолдол байдаг. Жирийн л хов жив ярилцан инээлдэж хөхрөлдөх гэдэг нэгэн хэрэг, харин бие хүн ороод ирэхээр л байдал өөр болно. Тэр хүн чинь тэдэнтэй адил өөрийн санаа бодол болон хэл яриатай. Найзууд тэр хүнийг өөр өөрийн сэтгэлээрээ л тольдож байгаа хэрэг. Хүн л болсон хойно, тэр этгээд хүн болгонд таалагдах албагүй л дээ. Ямар хоёуланд нь таалагдах гээд марзаганаад байлтай биш. Хэрэв дотно сэтгэлээ нээж ойлголцохгүй бол, найзууд урьдынх шигээ илэн далангүй байж чадахаа больдог. “Ямар хөгийн юм бэ? Ийм нэг тэнэг юмнаас болж надтай маргалдаад байхдаа яах вэ? Тийм мундаг юм бол тэд найзлаад яваг л даа” гэх шазруухан бодол нь бага зэргийн “хардалт”, бас өөр хэн нэгэнд муучлан ярьж “сэтгэлээ онгойлгох” дуудлага руу хөтөлж байдаг.

-Хамт ажиллаж, эсвэл нөхөрлөж дотносож явсан хүмүүс, нөгөө нэгнийхээ санаатай болон санаандгүй хийсэн цочмог үйлдлээс болж санал зөрөх тохиолдол байдаг. Загварчлагдсан сэтгэлгээтэй бидний хувьд, санаанд оромгүй хийх үйлдэл нь айдас, гайхшийг зэрэг төрүүлнэ. “Чи чинь яаж байгаа юм бэ” хэмээх уулга алдалтын хариуд “Яадаг юм бэ? би өөрөө тэгж шийдсэн юм” гэх хэгжүүрхэл нь өөрөө ч тайлбарлаж боломгүй, бас тайлбарлахыг хүсэхгүй байгаа олон шалтгааныг агуулдаг. “Хүлэгдээгүй сэтгэл” гэдэг чинь өөрийн мэдрэмждээ хөтлөгдөж байдаг. Нэгэнт ойлгохгүй, ойлголцохгүй болохоор “ёроолгүй тэнэг” түүнд дургүйцэхээс өөр арга үгүй.

-Бие биенээ сайн мэдэх хүмүүсийн хэн нэг нь хичээл зүтгэл, авьяас чадвараараа амжилт гарган өөрөөс нь илүү болоод ирэхэд таалагдахаа больж эхэлдэг. Бага байхдаа хамтдаа “нусаа гоожуулаад” л, сайдалцаж муудалцан тоглож явсан тэр л хүнийг насан туршдаа “тийм л байх учиртай” гэсэн богинохон бодлоосоо болж, түүний амжилтыг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Түүнийг магтан бахархаж ярьсан хүний өмнөөс аргаа барахдаа “Тэр чинь багадаа арчаагүй амьтан байсан юм, одоо л нэг их том болж гэнэ дээ” гэж ядмагханаар хэлэх үгний өнгөнд “худлаа байгаасай” гэх хорон атаархал холилдож байдаг. Ирээдүйгээ харж биш, өнгөрсөн дурсамжаараа сэтгэлээ “зогоон” амьдардаг олон хүмүүст, ямагт урагшаа харж, ирээдүй рүүгээ тэмүүлж яваа хүмүүс огтхон ч таалагдаггүй.

-Улстөрчдийн элдэв үйлдлээс шалтгаалан тэднийг дэмжсэн, эсвэл дүргүйцсэн хэсэг бүлэг хүмүүст, өөрсдийг нь дэмжээгүй бусад олон хүмүүс таалагддаггүй. Тэд өөрсдийн итгэл үнэмшилээ “туйлын зөв” гэдэгтээ итгэх хэрээр, бусдыг өөрсдийг нь заавал дэмжих учиртай гэдэгт хатуу итгэдэг. Тэднийг дэмжиж байгаагаас бусад хүмүүс тэдний гаргаж тавьж байгаа асуудалд болгоомжтой хандаж байхад, нөгөө нэг хэсэг нь шууд “хулчийдаг”, зарим хэсэг нь асуудлыг олон талаас харахыг хичээж байгаа. Найзууд болон дотно хүмүүс энэ сэдвээр ярилцаж байгаад маргалдаж мэтгэлцэх тохиолдол элбэг. Өөрийн санаа бодолдоо хатуу итгэсэн итгэл, алив зүйлд уян хатан хандах гэсэн хандлагууд хоорондоо “гал, ус” мэт харшилдан, бие биенээ үгүйсгэнэ. Хэн хэн нь нөгөө нэгийгээ “Иймхэн зүйлийг ойлгохгүй ямар тэнэг юм бэ” гэх үгүйсгэлд хашигдан муудалцдаг.

…Амьдрал дээр иймэрхүү жишээ зөндөө.

БИД БУСДЫН САНАА БОДЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ОЙЛГОЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

Хүн болгон өөрийн өссөн орчин, хүмүүжлийн хэвшлээсээ болоод өөр өөр санаа бодол, өөр өөр итгэл үнэмшил, амьдралын олон үзэгдэлд хандах өөр өөрийн хандлагатай. Бид гаднаасаа харахад адил төстэй хэлбэр дүрстэй болохоос, дотор сэтгэлдээ огт өөр. “Хүний биеийг нь хүлж болохоос, сэтгэлийг хүлж болдоггүй” гэдэг хэллэгээр бусдын дотоод сэтгэл зүрхийг бид захирч чаддаггүй. Та хэн нэгнийг урдаа суулгаад зэмлэж байхад, тэр хүн гадна төрхөөрөө “гэмшиж” байгаа мэт харагдавч, дотор сэтгэлд нь “миний зөв юм чинь” гэсэн хэгжүүхэн бодол эргэлдэж байгаа тааж мэдэх аргагүй. “Хүний биеийг нь төрүүлэхээс, сэтгэлийг нь төрүүлдэггүй” гашуун үнэнийг аав, ээжүүд жинхэнээсээ л мэдэрдэг. Өөрөө төрүүлээгүй сэтгэлд ядаж л эерэгээр нөлөөлөхийн тулд хайрлаж, халамжилж, тэвчээрээ шавхан байж “хүмүүжүүлнэ”. Хэрвээ яг л өөр шигээ болгох гээд хүүхдүүдээ “тэнэг” гэж зэмлээд, дарамтлаад байвал, тэд “тэнэг” л болох байх даа.

Бид өсч өндийж, зөндөө олон найз нөхөдтэй болохдоо сэтгэл зүрхээрээ дотносон, ойлголцохыг хичээдэг. Тэгээд л бие биендээ “Чи тийм байх ёстой, тэгэх хэрэгтэй”, эсвэл “Тэгж болно, ингэж болохгүй” гэхчилэнгээр зааж зааварчилна. Хэрэв яг л чиний үгээр болж байвал найз чинь чамд таалагдана, харин хэлснээс чинь зөрж байвал чамд таалагдахгүй. “Чи өөрөө өөртөө таалагддагт” л хамаг учир нь байгаа юм шүү дээ. Аав ээжүүд, анд нөхөд, хэн нэгнийг яг л өөр шигээ байлгах гэж хүсээд, загнаж зэмлээд байгаа чинь угтаа бол чамайг өөртөө таалагддаг , “өөр шигээ” болгох хүсэлтэй л холбоотой. Гэтэл чи тэгж хүсэхгүй байгаа болохоор л та нар муудалцаж, зөрчилдөөд байгаа хэрэг. Уг нь бол хүн гэдэг чинь огт давтагдашгүй өвөрмөц бодьгал, сэтгэлгээний давтагдашгүй ертөнц. Хэрвээ бид хэвэнд цутгасан мэт ав адилхан бол бүгдээрээ л “суут ухаантан” эсвэл “засрашгүй мунхагууд” байхсан. Сайн муу бүхэн холилдож оршдгийн нэгэн нууц нь бид бие биенээсээ огт өөр гэдэгт л багтаж байдаг.

Бид өнөө цагт бие биенийхээ санаа бодлыг ойлгож, хүндэтгэж сурах хэрэгтэй болжээ. Хүн болгонд дотоод сэтгэлийн өвөрмөц орон зай, амьдралын элдэв асуудал, өсөх цагт төлөвшиж бүрдсэн итгэл үнэмшил, аав ээжээс өвлүүлж сургасан амьдралын хэвшил, дадаж дадсан амьдралын хэмнэл бий. Бага зэрэг төсөөтэй байж болох боловч огт өөр, өөр ертөнц. Бид заримдаа өөрийгөө ч таньж мэдэж амжилгүй энэ ертөнцөөс одох нь бий. Өөрийгөө таньж мэдсэн нэг нь өөртөө итгэлтэй болдог. Нэгэнт бид бие биетэйгээ огт адилгүй болохоор бие биенийгээ сонсож, ярьж нотолж байгаа зүйлийг нь ойлгож, үгүйдээ л ойлгохыг хичээж сурах хэрэгтэй болж. “Өдөр болгон халамцуу яваа нэгэн, өвчнөө намдаах гэж уудаг байж болох, өглөө ажлаасаа хоцорч ирж байгаа бүсгүй өвчтэй хүүдээ эм уулгах гэж тэвдсэн байж болох, өнөөдөр болзооноосоо хоцорч ирж байгаа хайрт чинь, аав ээжээсээ нуугдаж гарах гэж зовсон байж болох, гуйлга гуйж суугаа хүү, гэртээ ганцхан талх авч очих гэж хичээж байж болох, гудамжаар ганцаараа сэлгүүцэх нэгэн, орхигдсон хайраа үгүйлж гансарч байж болох, гомдолдоо уйлж орилох нэгэн, хүн чанараа өөрөөсөө нэхэж байж болох”.

…Амьдрал дээр бодож эргэцүүлэх юм зөндөө бий.

“БИД ЗААВАЛ БУСДАД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ”

…Бид бие биенээсээ огт өөр ертөнц болохоор заавал хүн болгонд таалагдах албагүй. Бидэнд таалагдаагүй хүн болгон “муу хүмүүс” биш, бидэнд таалагдсан хүн болгон “сайн хүмүүс” бас биш. Сайрхан магтаж, бас үзэн ядах ч хэрэггүй. Тэд өөр өөрсдийнхөөрөө л байх эрхтэй. Чамд зарим хүмүүс таалагддагүйтэй адил, чи ч бас зарим хүмүүст таалагдахгүй байгаа.

Хүмүүс бид өөртэйгээ адил төст санаа бодол, адил төст хүмүүжил хэвшилтэй хүмүүстэй найзалж, нөхөрлөхийг хүсдэг. Бас тийм хүмүүстэй ойр дотно байхыг хүсдэг. Энэ бол ойлголцол юм. Заримдаа санал бодол зөрөлддөг ч, ойр байх хүслээсээ улбаалан бүхнийг заавал эргэцүүлж бодно. Эргэцүүлэл болгон алив зүйлд өөр өөр өнцгөөс харж, заримдаа огт санаанд оромгүй тохиолдлоос ухаарал авах боломжийг олгодог. “Би нээрээ яагаад урьд нь ингэж бодсонгүй вэ? ” гэх олзуурхал сэтгэлд тань шинэ боломжуудыг мэдрүүлдэг. Энэ бол ухаарал юм. Бие биенээ ойлгож ухаарал авах тусмаа хүмүүс бие биенээ хайрлан хүндэлж талархдаг. Дараа нь санаа бодол зөрөлдсөн ч хэлж буй санаанаас нь нэгэн их учирлалыг олж мэдрэхийг хичээдэг. Түүнээ олж авахдаа баярлаж, тэр хэрээрээ өөрөө ч хөгжиж эхэлнэ, баг өөрчлөгдөнө. Энэ бол нөхөрлөл юм.

Заримдаа бид муудалцдаг л даа. Муудалцах хэрээр заавал бие биенээ үзэн ядаж яана. Энэ ертөнцийн түмэн хүмүүсээс чамтай ойлголцож дотносох хүмүүс олдож л таараа, санал нийлээгүй тэр найзтай чинь ойлголцон дотносох хүмүүс олдож л таараа. Ертөнц гэдэг нэгхэн учралаар төгсгөл болдоггүй. Санал бодол зөрөлдөж муудалцсан хэн нэгнээ үзэн ядаж, бусдад муучлан сурталчлана гэдэг, чиний өөрийн тань “өчүүхэн” -ий илрэл. Хэрэв хэн нэгэн чамд бусдыг муучлан ярьж байгаа бол, дараа нь хэн нэгэнд чамайг муучлан ярихын баталгаа. Дургүйцэж, үзэн ядсан нэгнээ бусдад муучлахдаа, хамтдаа “үзэн ядах”-ыг уриалдаг хүмүүс бишгүй бий. “Идсэн эрүү хувхайрч, ирүүлсэн бут ногоордог” гэдэг хэллэгээр хүнийг муулж ярьсан яриа бодит “үнэн” биш, цаг хугацааны урсгал дунд элэгдэж мохоогүй үлдсэн “мөн чанар” л үнэний баталгаа болж үлддэг.

Бид энэ ертөнцөд дэндүү олуулаа. Тэр тусмаа мэдээллийн техник, технологи үсрэнгүй хөгжиж байгаа энэ цаг үед бид цахим ертөнцөд ч олон найз нөхөд, адил санаа бодол, төст зорилготонгуудтай учирч байна. Хөдөө сумын нэгэн жалганы саахалт айл, дэлхийн хязгааргүй орон зай дахь их ойлголцол, нөхөрлөлийг хооронд нь жиших аргагүй болжээ. Дэндүү уудам, хязгааргүй орон зай. Бид өөртөө таалагдаагүй нэгэнтэй заавал муудалцаж, бусдад муулан хамтдаа “үзэн ядаж” яана. Зүгээр л энэ ертөнцөд “хүн” болж мэндэлснийх нь хувьд, нэгэн цаг үед хамтдаа аж төрж байгаагийнх нь хувьд, амар мэндээ мэдэлцэж, нүүр рүү нь харан инээмсэглэж болно шүү дээ. Заавал дотносож, “долоон булчирхай” гаа тоочилгүй сайн сайхан харилцаж байх түм буман хүмүүс бидний өмнө байна. Мэндлэл, инээмсэглэл гэдэг бол хүмүүсийн бие биеэ хүндэлж байгаагийн нэгэн илрэл. Зусардал, “доошоо орсон” зүйл огт биш.

…Танд таалагдаагүй нэгэн “муу хүн” биш. Таны хувьд “муу хүн” мэт санагдах боловч бусдын хувьд бас л “сайн хүн”. Тэр хүний хувьд та ч яг л адил. Хүмүүс бид бие биенээ “байгаа хэмжээ”нд нь ойлгож, байгаа хэмжээнд нь хүндэтгэж болно. Тэртэй тэргүй чиний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа нэгэнд заавал ойлгуулах гэж “үйлээ үзэж” яана. Ойлгох зүйлийг нь л ярьж болно. Өөртөө таалагдахгүй байгаа хүнтэйгээ заавал “зууралдаж” яана. Зайгаа барьчихаад, тааралдахаараа зөвхөн мэндлээд явж болно. Амьдрал гэдэг чинь их уужим орон зай шүү дээ.

Амьдралд байгаагаараа л байх сайхан. Харин “жүжиглэж” л болохгүй. Бид чинь өөрөө уйлж энэ ертөнцөд ирээд, өрөөл бусдыг уйлуулж энэ ертөнцөөс буцах тавилантай. Өөрийн “мөн чанар” -аа л хадгалж чадаж байвал болох нь тэр.

Share Your Thoughts