Тан руу нүүж явна

…Би хааяа ганцаардаж гунихаараа “уудаг”. Гэртээ гав ганцаархнаа, орныхоо өмнө хөлөө жийж суугаад монгол хөгжим аялгуу сонсоно. Хааяа хааяа балгах гашуун  ундаа зүрхийг минь бүлээсгэх ахуйд, чихэнд минь эгшиглэх монгол аялгуу зүрхэнд минь хүрч, өөрийн эрхгүй  хацар даган урсан нулимс, бүхнийг чийглэн зөөлрүүлнэ.
Охь болсон дарстай хамтад олон үдшийг монгол аялгуутай хамтад өнгөрөөсөн. Тэр л мөчид монгол аялгуугаараа бахархаж, уярах уярал, сэтгэлийг минь зөөллөн зөөллөнө. Дэлхийд гайхагдсан сонгодог олон аязаас миний монголын аялгуунууд илүүтэй миний сэтгэлийг хөвсөлзүүлэн уяраадаг.
Саяхан сайтууд “хэсч” яваад Монголын төгөлдөр хуурч Амигийн тоглосон “Тан руу нүүж явна” аялгууны клипийг үзэж сонсоод шууд л “унасан”, бас түүнд “дурласан”. Залуу насандаа “Тан руу нүүж явна” киног үзэхдээ “үүнээс илүү гайхамшигтай найруулга, шийдэл гэж юу байх вэ?” хэмээн бодож биширч асан. Тэр үедээ З.Хангал энэ хөгжмийг зохиосон гэдгийг анзаараагүй. Аливаа дүрслэл бүхэн гайхамшигт аялгуутай хослохоороо хүний зүрх сэтгэлийг уярааж, бас хөнддөг гэдгийг би тэр үед анзаарч мэдэж байсан гэж үү? Дүрслэл агуулгыг харан биширч байхдаа, сэтгэлд минь хүрч эгшиглэх тэр л аялгууг анзаардаггүй аж. Өдгөө тэр киног эргэн санахдаа тэр л гайхамшигт аялгуу миний зүрх сэтгэлийг хөглөн, бүхнийг эргэн сануулах мэт.

Цаг хугацаа улиран улирах мөч тусам монголчууд бид бие биенээсээ ямар ихээр алсран холдож байна вэ? Ямар их сайхан сэтгэл, ямар их гайхамшигаа бид өнгө мөнгөөр арилжиж “гамшиг” руу тэмүүлнэ вэ? Бидний орхиж, “нулимж” байгаа сайн сайхан бүхэн рүү минь, их мөнгөтэй болж, сэтгэл алжаасандаа амар амгалан, тайвшралыг хүсэх хүн бүхэн тэмүүлж буй.  Бид нэг л зөрөөд байна даа. Бид нэг л төөрөлдөөд байна  даа.
Тэсэлж дэлбэлж, сэг болсон хооосон газар нутаг дээрээ хожим, харамсан гашуудан сөхрөх мөчид хэн үүний төлөө хариуцлага хүлээж, хэн бидэнд үүнийг эргүүлж өгч чадах бол? Хүн өөртөө байгаа үнэтэй бүхэндээ сэтгэл ханалгүй, илүү ихэд шунан, үнэтэй бүхнээ нулимж байхдаа яг л Африкийн сармагчин мэт, Австралийн хонь мэт, Азийн цыган мэт авирлана. Тэдэнд мөнгө харагдахаас сэтгэл мэдрэгдэхгүй.
Бид өнөөдөр бүхнийг худалдаад, ганцаараа баяжаад, хулгайлаад юуг алдаж байгаагаа анзаарахгүй. Бид бие биерүүгээ бус, бие биенээсээ алсран “нүүж” байна.
…Өөрийнх нь хүүхэд эсэн мэнд төрөхийн төлөө, тусч сайхан сэтгэлийн хөөрлөөр амь насаа алдсан тэр залуугийн төлөө, үрээ алдсан эхийн сэтгэлийн шаналал, түүний “дэвтээлт”-ийн төлөө монголчууд бид бие бие рүүгээ “нүүж” явсан. Бие биенийхээ сэтгэл рүү л “нүүж” явсан.
Харин өдгөө бид газар нутгаа харийнханд худалдаж, тэдний хүслээр “тэсэлж дэлбэлэн”, өгсөн мөнгөнд нь сэтгэл “цадаж”, өөрсдийн “үнэтэй” бүхнээ сүйтгэн арилжиж байна. Эх орныхоо төлөө дуугарсан хэнийг ч болов доромжилж харааж, эв нэгдлээ хагалан бутаргаж, хэн нэгний “зууш” болохоор уралдаж буй.
…Ами говийн хөрсөнд ургасан нялх ногоог гараараа илбэж, тэнгэр ширтэх тэр л мөчид Монголын хөрс шороог дэлбэлж, уурхай “амилж” байна. Тэр л гайхамшигт аялгуу бидэнд учирлаж, уурлаж, бас хилэгнэн энэ бүхнийг сануулж байна. Би энэ клипийг хичнээн үзээд ч уйдахгүй. Ямар их гоо үзэсгэлэн, ямар их ур чадвар, ямар их гайхамшигт аялгуу хосолж вэ?

Монголчууд бид хэзээ бие бие рүүгээ нүүж ирэх юм бол? Дэлгэсэн тэрлэг шиг энэ л газар нутагт, дээдсийн өвлүүлж үлдээсэн энэ л газар нутагт бие бие рүүгээ нүүж ирэх сэн. Нүүдэл болгон руу цай идээнийхээ дээжийг гартаа барьж, газар дэвсэх гудсаа сугавчлан очих сон. Алгаа дэлгэн байж, сэтгэлээ ариусган байж монголчууд бид бие биенээ угтахсан. Домбонд хийсэн цайгаа худалдах гэж бус, тавганд тавьсан ааруул, өрмөө арилжих гэж бус, мөнгийг сэтгэлээсээ арчин байж, хүндэтгэл бахархлаа дээлэн байж Монголчууд бид бие биенээ угтахсан.
Би яг одоо “ууж”, энэ хөгжмийг сонсонгоо сэтгэлээрээ “согтож” байна. Миний хацрыг даган урсах нулимс, сэтгэлийн чанад дахь уярал, мөрөөдлийг хамтад нь урсгана. Аяа Монголчууд бид бие бие рүүгээ чин сэтгэлээсээ нүүж очихсон. Харааж зүхэж доромжлолгүй, алгаа тосож, идээний дээжээ барьж, гудас тосож угтах сан.
БИД ЭНЭ ДЭЛХИЙД ЦОРЫН ГАНЦXАН МОНГОЛЧУУД БИЛЭЭ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-12-02

Share Your Thoughts