Тархи угаагчид

Саяхан интернетэд тавигдсан олон бичлэгүүд дотроос нэгэн бичлэг намайг ихэд цочирдуулав.
…Нэгэн тасалгаанд Солонгос эрчүүдтэй гэрлэхийг хүссэн монгол бүсгүйчүүдийг цуглуулан дүрст бичлэг хийж байна. Монголоор сайн ярьж чадахгүй боловч тультраадуу байдлаар нэгэн нөхөр уг бүсгүйчүүдэд, хэрхэх тухай зааварчилна. Камерийн өмнө бараг нүцгэн шахуу зогсох тэр бүсгүйчүүдийг “наашаа хар, цаашаа хар, тонгой, одоо дотоожоо доошлуул, за эргэж хараад инээмсэглэ” гэх командаар тэд энэ бүхнийг дуулагавартай гүйцэтгэх аж. /www.miniih.com/
Солонгос эртэй л гэрлэж, олон ангит кинонд үзэж байсан аз жаргалтайгаа учрах, гэнэн мөрөөдөлтэй тэр бүсгүйчүүд, зуучлагч Солонгосуудын өмнө яг л мал мэт харагдаж байлаа.
Энэ чинь юу болж байнаа! Монгол хүн, монгол бүсгүйчүүд яг л мал мэт , ийм үнэ цэнэгүй болж байна гэж үү? хэмээн бодох дор үнэхээр сэтгэл өвдөх. Цагтаа Солонгос бүү хэл дэлхийн олон хаад, эздийг өмнөө бөхөлзүүлж байсан аугаа өвөг дээдсийн үр сад бид, өнөө цагт өнгө мөнгөний төлөө, яг л мал мэт арилжигдан худалдагдах болоо юу?

Миний бие үүний өмнө “Худалдагдсан бүсгүй заяа” нийтлэлээрээ энэ тухай өгүүлж, тодорхой санал дэвшүүлсэн билээ. /www.orloo.com  ” зохиогчийн булан, www.une-tsene.bblog.mn/. Энэ тухай гуниглан бодож суухдаа, өдөр болгон шахуу монголын ТВ-үүдээр цацагдаж, өнөөгийн монголын хүүхэд залуусын “тархииг угааж”  байгаа Солонгосын олон ангит “савангийн дууриуд” -ын талаар харамсан санаж байлаа.
Монголын үндэсний бахархал, монгол хүний эрхэм чанар, аугаа өвөг дээдсийн түүх, монгол хэл, ёс заншлын талаар юу ч бэлтгэж үзүүлэхгүй атлаа, амар хялбараар нь Солонгосын ийм савангийн дууриудыг үзүүлж байгаа нь та нарт ашигтай мэт боловч, Монголын ирээдүй хойч үейинхний сэтгэхүйг хэрхэн бузарлаж байгаагаа анзаарахгүй байна гэж үү? Яг энэ нөлөөгөөр чинь өнөөгийн монгол оронд, монголоо голж муулан, харийнхныг шүтэн бишрэх үзэл газар авч байна. Энэ хэний бодлого вэ?

Дөрөв дэх засаглал
Ямар ч орны хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд, тухай орныхоо ард иргэдийн сэтгэлгээ, үзэл бодол, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг. Харин тэд энэ боломжоо хэн нэгний ашиг сонирхлын төлөө бус, нийт олны ашиг сонирхолд нийцүүлэхийг хичээнэ.
-Тэд, олон нийтэд хүргэх мэдээллийн талаархи бодлого чиглэлээ тодорхойлж, үндсэн зарчмаа хатуу баримталдаг аж. Ямар нэгэн мэдээлэл баримтыг олон нийтэд, олон талаас нь ойлгомжтой байдлаар дэлгэн тавьж, уншигч нэгэн өөрийн бодол санаагаараа үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгоно. Түүнээс бус хэн нэгний захиалга, хяналтын дор нэг талыг барьсан, олон нийтийн өмнөөөс үнэлэлт дүгнэлт өгч, үүний төлөө бусдыг уриалдаггүй.
-Тэд, бүх насны хүмүүст мэдээлэл хүргэдэг учраас,мэдээллүүдээ нас насны онцлогт тохируулан багцалж, тэдэнд хүргэх арга зам, цаг хугацаагаа ч тохируулдаг аж. Өвөө, аав, хүү 3-уул зэрэгцэж суугаад “хайр дурлал, хүсэл тачаал”  шингэсэн нэвтрүүлэг үзээд, нүүрээ улайлган, хоолойгоо засч, хулмалзаад байж болохгүй шүү дээ. Яг эндээс л мэдээллийн ялгавартай, ангилалтай байх зарчим мэдрэгдэж байгаа биз. Тийм болоод тэд мэдээллийн ангилал, код-ыг хийдэг аж.
-Тэд, үзэгчиддээ өөрийн орон, ард түмний бахархан гайхуулж болох үй олон зүйлийг үзүүлэн, сурталчилахыг хичээдэг. Тэдний энгийн хэрнээ ийм төрлийн олон нэвтрүүлэгүүдээс хүүхэд залуус нь, энэ оронд иргэн болж төрсөн хувь заяандаа баярлан бахархаж, бусдад ч гайхуулан сурталчилна. Юу юуны өмнө, өөрийн эх орныхоо сайн сайхныг мэдэрч байна гэдэг, тэдэнд “эх оронч, элгэмсэг”  сэтгэлийг бий болгоход их туслах аж.
Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд, өөрийн бүтээлүүдээрээ олон нийтэд таалагдаж, тэдэнд сайн сайхнаар нөлөөлөх тусмаа, өөрсдийн орон зайгаа бий болгож, улмаар хүчирхэгжинэ. Олон нийтэд таалагдахын тулд худлаа мэдээлэл цацах, эсвэл хэт эрөтик, балмад  материал нийтлэх, хий шуугиан дуулиан дэгдээхийг хүсдэггүй. Энэ бол өөрийн уншигч үзэгчдээ хүндлэхийг хүсээгүй, эсвэл их дорд үзсэний шинж болно.

Тархи угаагчид

1. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр байнга сурталчилагдаж, олонд танил болж, заримдаа “залхмаар”  болгодог хэдэн хүмүүс нь УЙХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд, архаг улстөрч, бизнесмен, бас “одонцорууд”. Заримдаа ч “энэ хэдээс өөр хүмүүс монголд байдаггүй юм болов уу?”, эсвэл ” энэ хэд л монголын хөгжүүлэх гэж зүтгээд, бусад нь зүгээр л хараад суугаад байдаг юм болов уу?” хэмээн эргэлзмээр…Харин тэдний ихэмсэг, донжтой маягийн ярьж байгаа зүйл нь “өмнөөс нь ичмээр дамшиг”  байх нь олонтой. Монголд хэсэг бүлэг хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өөрсдийгөө байнга сурталчилж, “од” болон гялалзаж, олны танил болж, үүнийхээ төлөө юу дуртайгаа ярьж, хийж болдог гэж эндүүрээд байгаа юм биш байгаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд ч бие даасан гэхээсээ, хэн нэгэн эзний хүсэл сонирхлын төлөө “долдойчлоод”  байгаа нь мэдрэгдээд байна.

2. Монголын олон ТВ-үүдийн сувгаар өдөр бүр гарч буй, Солонгосын олон ангит кинонууд, ард иргэдийн тархийг угааж буйн сонгодог жишээ. Энэ савангийн дууриудын ачаар, “уба” хэмээн наалинхайтан нялуурах, үсээ босгож, тосолсон охид хөвгүүд, ямар ч аргаар хамаагүй солонгос хүнтэй гэрлэж, кинонд үзсэн аз жаргалдаа умбах мөрөөдөлтэй охид бүсгүйчүүд, солонгос маягаар, охидууд бидэнд дурлаж, амиа хорлохоос наагуур гуйж, царайчлах учиртай хэмээн итгэсэн шаавай залуусаар Монгол маань дүүрэх нээ.
Монголын нэрт хэдэн жүжигчдээ ч танихгүй атлаа, солонгос савангийн дуурийн хэдэн жүжигчдийн шүтэн бишрэгч, дурлалдаа “шатагсад”  олширч буй.
Өөрсдөө их ажиллаж бүтээхээс зүрхшээж, амар хялбараар нь Солонгосоос хямд үнээр авч ирж гаргаж буй энэ савангийн дууриуд тань, Монгол орон даяар, эх орноо голж муучлан, харь солонгос орныг мухар сохроор шүтэн бишрэх, “хий үзэгдэл”  болон тэнүүчилж байна даа, хэвлэл мэдээллийнхэн минь. Амар аргаар олж буй мөнгө, та нарын сэтгэлийг өвтгөхгүй байгаа бол, алсад байгаа монголчуудын зүрх нь шаналж байнаа.

3. Монголд өнөөдөр болж бүтэхгүй байгаа зүйл олон байгаа хэдий ч, “сенсаац”  хөөж, элдэв мэдээллийн хар бараан өнгөөр, ард иргэдийн тархийг угааж, айдас түгшүүрт автуулж байна. Хүчирхийлэл, нүцгэн бие, шалиг марзан яриа, гэмт хэрэг, амьгүй цогцос, согтуу хөлчүү хүмүүсийн дүр төрх, монголын нийгэмд жинхэнэ аймшигийг авчирч байна. Энэ бүхэн олон нийтэд жигшил төрүүлэхээсээ, амьдралын хүнд хэцүү, аргаа барсан үед “ингэж болох юм байна” гэдэг загварыг өгч буйгаа анзаарахгүй байна гэж үү? Эцэстээ энэ бүхэнд, нүд дасч, чих зөөлөрч орхивол яах билээ. Монголчууд ямар нэгэн бүсгүйн нүцгэн бие, хэн нэгний балмад үйлдлийг үзэж, харж байж, гоосайхны таашаалтай, эсвэл омог бардам болдог гэж эндүүрээд байгаа юм биш байгаа.
Гэсэн атлаа өнөөгийн залууст сурч мэдэхийн эрдэм ухаан, ирээдүйдээ итгэх итгэлийн сайхан илч гэрэл, өөртөө итгэж, өөрийгөө хөгжүүлэхийн ач тусыг даан ч бага сурталчилж байна даа.
Мэдээлэл сурталчилгааны хар цагаан өнгө аясын хар өнгө нь давамгайлахаар барахгүй, үзүүлж, харуулж, сурталчилж буйзүйл тань хэт эрээ цээргүй, бүдүүлэг хэрцгий болж байна даа, хэвлэл мэдээллийнхэн минь.

4. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр, хүмүүсийн хувийн амьдрал, элдэв үйлдлийг эрээ цээргүй сурталчилж байгаа нь “хэвлэлийн эрх чөлөө, зарчим ”  бишээ.
Хэн нэгэн мөнгөтэй эрхмийн олон бүсгүйчүүдтэй зугаацаж буй тухай, аль нэгэн гэр бүл салалтын дуулиант хэрүүл маргаан, ямар нэгэн одонцорын хүүхэд төрүүлсэн тухай, нэгэн эрхмийн гэр бүлээсээ салж өөр бусадтай сүүлэрч байгаа тухай мэдээллүүд хэнд хэрэгтэй, монгол орны хөгжилд ямар нөлөөтэй юм бэ?
Энэ бүхэн хувь хүний нууцад бүдүүлэгээр халдаад зогсохгүй, олон нийтийн зүгээс уг хүмүүсийг үзэн ядах, шоолох, эсвэл даган дуурайх, гутаан доромжлох шалтаг болгож байна.

5. Сүүлийн үед Монголын ТВ-үүдээр гарч буй олон төрлийн шоу, цэнгээнт нэвтрүүлэгүүд нь гадаадын ийм нэвтрүүлэгүүдийн болхи дуураймал болж дээ. Маш сайн, алдартай нэвтрүүлэгүүдийн гол санаа, үндсэн зорилгыг нь сайн ойлгож, Монголын нөхцөлдөө уялдуулан хийж болноо. Харамсалтай нь дээр үейин “монголчилно”  гэдэг хэллэгээр даан ч болхи дуураймлууд болчихоод байна.
Эндээс нэг л зүйл мэдрэгдээд байна. Монголын сэтгүүлчид маань их залхуу, өөрийгөө зовоолгүй, амархан аргаар л юм хийх гээд байх шиг. Чанаргүй юм хямд үнэтэй байдагчлан, өөрийгөө зовоолгүй амархан хийсэн зүйл чанартай байж чадах уу? Дуурайж буй нэвтрүүлэгийн гадна талыг нь бус, энэ нэвтрүүлэгийг хийх гэж ямар их сэтгэл, хөдөлмөр гаргадагийг нь дуурайвал амжилтад хүрэх боломжтой.
Бүтээл гэдэг ямархан их сэтгэлийн шаналал, алжаал, нөр их хөдөлмөр зүтгэл байдгийг бүгд л мэдэж байгаа. Харин арай л амарчлаад байна даа, хэвлэл мэдээллийнхэн минь.

Төгсгөлийн оронд
Монголын жирийн нэгэн иргэн, уншигч үзэгчийн хувьд, энэ бүхнийг мэдрэхдээ үнэхээр харамсаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд нийгмийн сэтгэл зүйг хөтөлж, залж байдаг. Тэд залуурчид, шударга үнэний хөтөч байхаас “тархи угаагчид”  бишээ.

“4 дэх засаглал”  хэмээн өөрсдийгөө үнэлдэг, Монголын хэвлэл мэдээллийнхэн минь, жаахан ч атугай өөрчлөгдөх цаг болжээ. Монгол орны хөгжлийн төлөө, монгол орны бахархалын төлөө, монгол хүний үнэлэмжийн төлөө, монголын хүүхэд залуусын ирээдүйн сайхандаа итгэх итгэлийн төлөө шүү дээ.
-Аугаа их өвөг дээдэстэй, дэлхийн хөгжлийн хандлагыг тогтоож явсан, дэлхийн түүхийг бүтээж явсан Монгол орны түүх, бахархалыг сурталчил л даа. Солонгосын савангийн дууриудынхаа оронд “Монголын нууц товчоо”, их хаад, эрхэмсэг хатдын түүхийг өгүүлж болно. Бид чинь бахархах бахархалтай ард түмэн шүү дээ.
-Монгол нутгийн байгалийн үзэсгэлэн, газар шороо, уудам тал нутаг, ус мөрөн, ой хөвч, уул нуруудаа үзүүл л дээ.Байгалиа шүтэж, сүслэн дээдэлж ирсэн ард түмний үр сад шүү дээ бид. Урсгал усны ундрагад, уул толгодын оройд овоо босгож, эдийн дээд хадгаа өргөж, хөх тэнгэтрээ сүслэн мөргөдөг ард түмэн биднээс өөр бий бил үү? Ядаж л эх нутаг, байгаль дэлхийгээ харж баясан, хамгаалж тэмцье дээ.
-Монгол зан заншил, урлаг соёл, хэл заншлаа сурталчил л даа. Эгэл хэрнээ “элгэмсэг”, ахас ихэсээ хүндлэн дээдэлж, сургааль үгийг нь сонсдог, аялгуу нь тэнгэрт уусдаг уртын дуутай, хоёрхон чавхдас дээр хорвоогийн түүхийг хүүрнэдэг морин хууртай, хөдөө талдаа зоргоор нүүдэллэн, бодлоо билчээдэг, уужим ухаантай ард түмэн билээ бид. Үүнийгээ дээдлэн хөгжүүлье л дээ. Дэлхийн олон түмэн энэ л гайхамшигийг минь биширч байхад тэгтлээ өөрсдийгөө доош нь хийх хэрэг юун.

-Монгол сэтгэлгээ, монгол оюун ухаан, монгол авьяас билэг, монгол бүтээлээ дэмжин сурталчилж, маргаашийн залуустаа их итгэл, сэтгэлийн гэрэл гэгээ бэлэглэ л дээ. Өдгөө цагт, монгол залуус очсон орон бүхэндээ “зовхи нь өөдөө, хийморь лундаатай” явж байгааг, олон олон залуусын амжилт нотолж байгаа.
Бид хэнээс ч дутахгүй, тэр ч бүү хэл, илүү байж чадна гэх монгол омогшил, бардамналыг, боломжтой нь хамтад ойлгуулья даа.
-Асар их боломжуудаа олж харан, түүнийхээ төлөө хөдөлмөрлөн зүтгэж, сайн сайханд хүрэх арга зам, боломжийг санал болго л доо. Нүүдэлчин ахуй дор хамаг бүхнээ өөрөө шийдэж, өөрөө хийж, бие даан, хэнээс ч хараат бус, омог бардам амьдарч сурсан монголчуудад их боломж буй. Нэг л газраа, олдсон ганцхан боломжиндоо шүтэж, насаа элээдэг олон үндэстэнгүүдээс, үргэлж хөгжиж дээшилж, өндөрт тэмүүлж байдаг монголчуудаа зөв сайнаар ухааруулж, урамшуулж дэмжвэл бид хөгжинөө.
Хэвлэл мэдээллийнхэн минь! Та нараас хичээнгүйлэн гуйя.
Элэг нэгт хувь заяа ихт монголчуудынхаа тархийг бүү угаагтун. Олон монголчуудынхаа оюун санаанд нөлөөлж чадахын хувьд, алдаа биеэ алжаан байж, сэтгэл оюунаа чилээн байж, монгол бахархалыг сэргээгтүн. Монгол орны хөгжил, монгол хүний үнэ цэнийн төлөө, өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, ихийг бүтээгтүн.
Тийм ээ! Өнөөгийн монгол орны, монгол хүний эв нэгдэл, хөгжилд та нарын тус их хэрэгтэй байна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-09-07

Share Your Thoughts