Туйлшрал

Бид алив зүйлийн тэнцвэртэй байдлыг илүүтэй анхаардаг. Жингийн туухайн нөгөө талд тавьсан зүйл нь, тухайн жиндээ тохирч байвал бид, хүссэн хэмжээгээ мэдэрч сэтгэл ханана. Харин  жингийн нөгөө талд уг жингээс хэт хүнд зүйл тавихад тэнцвэр алдах төдийгүй, савалж эхэлдэг.
Яг үүнтэй адил бид, амьдралд тэнцвэрийг ихэд эрхэмлэдэг мэт… Сайн муу үйл. саiхан муухай өнгө хосолсон энэ хорвоод жаргал зовлонг ч адил үүрч, гэтэлж, давж гарах учиртай.  Зовж байна хэмээн савж унаад байхгүй, жаргаж байна хэмээн сагаж дэврээд байхгүй, сэтгэлийн хат түвшин явах нь, энэ л тэнцвэрийн хэмжээс гэнэ.
Хүн бүр өөр өөрийн хувь заяаны цадиг, сэтгэл ухааны бяд, хийж бүтээхийн чадвар харилцан адилгүй байдагтай адил, амьдралд үзэж туулах, эдлэх, үүрч даах буян нүгэл нь харилцан адилгүй байдаг гэнэ. Өрөөл бусдыг харж, өөртэйгээ харьцуулж, өөрийн боломж чансаа, үүрч даах тавилангаа мэдрэх нь энэ л тэнцвэрийн мэдрэмж гэлтэй. Өнөө бид хэт туйлширч, өөрийгөө төдийгүй, өрөөл бусдыг ч шаналган зовоох болоо юу даа.
  Харьцуулалт
Өнөө цагт бид, бүх л зүйлсийг хооронд нь харьцуулан жишиж, уралдуулан өрсөлдүүлж, үнэлэн цэгнэж, сайн муу ярьцгаана. Энэ нь социализмын үейин социалист уралдаанаар жигүүрлэн далавчилж, өөр хоорондоо ил далд өрсөлдөж, басхүү сайн муу хэлэлцэж байсны уршиг. Хэн нэгийг хэн нэгтэй харьцуулан жишиж, дугаарлаж, байр эзлүүлж, нэгийг нь тэнгэрт тултал магтаж, нөгөөг нь газарт ортoл муулан хэлэлцэх зангаа өнөө болтол орхиж чадахгүй л юм даа бид.
…Дуучин Сараа, Ариунаа хоёрыг мөн ч олон жил өрсөлдүүлэв дээ бид…Ёс юм шиг л “хэн нь илүү вэ? ”  хэмээн бие биенээсээ асууж, хэлэлцэн маргалдана. Өчүүхэн өө сэвийг нь шүүмжилж, өмнөөс нь дүгнэж задлан шинжилнэ. Мөрөөрөө явсан хоёрыг мөргөлдүүлж, муудалцуулж, тэр болгоныг мэдрэхдээ сэтгэлийн таашаал авцгаах. Муудалцахад нь таашаал авч, эвлэрлээ хэмээн алга ташин баяр хүргэх. Бүр өөрсдөөс нь асуулгүйгээр шүү.
Хоёр өөр ертөнц, хоёр өөр сэтгэл, хоёр өөр авьяасыг бид заавал жишиж, жингиин туухай дээр тавьж, хэн нь илүү жин дарахыг амьсгаа даран  хүлээцгээнэ.
…Одоо Японы мэргэжлийн сумогийн дэвжээн дээр ид хаваа гайхуулж байгаа Асашюро, Хакухо хоёрыг ид л өрсөлдүүлж буй. Өөр хоорондоо ” хэн нь илүү болох ” тухай хэлэлцэн маргалдана. Өчүүхэн өө сэв бүхнийг шүүмжилж, өмнөөс нь дүгнэж, задлан шинжилнэ. Муухай харсан, муудалцсан үйлдэл бүхнийг нь талцаж, өмчилж, өөр хоорондоо шүүн маргалдах. Хоёр өөр ертөнц, хоёр өөр эрч хүч, хоёр өөр ухааны бядыг харьцуулан жишиж, сайн муу үгийг хэлэлцэцгээнэ.
…Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын ерөнхийлэгчийн сонгуульд, Элбэгдөрж, Энхбаяр хоёрыг жинхэнэ өрсөлдүүлэв бид. Үзэл бодол, итгэл үнэмшил гэхээсээ, хүзүүтэй хүзүүгүй, зальтай зальгүй, хөрөнгөтэй хөрөнгөгүй, луйвартай луйваргүй, шударга шударга бусыг харьцуулан, маргалдаж мэтгэлцэв. Өөр хоорондоо үгийн сайн мууг уралдуулан байж, үнэн худал хоёрыг мэтгэлцэн байж сонгов бид.
Тэр л цагт тэр хоёроос сайн муу нь үгүй атал, өнөө цагт ялагдсаныг нь гутаан байж, ялсаныг нь магтан байж  хэлэлцэв бид.
Ядарч явахдаа хэн нэгний хэлсэн үнэн үгийг сонсох төдий өнгөрөөж, чадарч явахдаа өргөсөн нэгний хундаганы цалгих дуслыг долоон байж туйлшрах юм даа бид. Чин сэтгэлээсээ шаналан байж хэлэх нэгний үг, сүр жавхланг үзүүлэн өргөх хундаганы харшилдаанд дарагдах юм даа, энэ цаг дор.
Өөдрөг яваа нэгнийг тэнгэрт тултал магтан өргөмжилж, зүдэрч яваа нэгнийг газарт ортол муулан дэвслэх энэ араншин, энэ цагийн туйлшрал буюу.
   Эсвэл сайн, эсвэл бүр муу
 Бурхан лугаа адил төгс төгөлдөр нь үгүй болохоор, хүн бүр сайн муу үйлийг үйлдэж, алдаа онооны дэнсийг үүрч явдаг. Бид өөрсдөө алдаж онодог хэрнээ, бусдын алдаа оноог шоолон тохуурхаж, магтан биширч, бусдад сурталчилаад байх нь төдийлэн зохимжтой бус.
Харин бид хэн нэгний сайн муу үйлийн тухай ярихаар, эсвэл их сайн, үгүй бол маш муу хэмээн үнэлдэг базаахгүй зуршилтай. Нэгэн үе, буруу мууг үйлдэн, шийтгэгдсэн эсвэл шоронд орж ял зэм эдэлсэн нэгнийг насан туршид нь “яллан”  муучилж асан гашуун тохиолдол буй. Бусдаас тусгаарлагдаж, эрх чөлөөгүй оршин ахуй тэр цаг дор, хэн нэгний насаараа зүтгээд ч олж хараагүй ухаарлыг, олж авч чадсан байж болох шүү дээ тэр хүн. Харин энэ л ухаарлаараа шинэ амьдралаа босгох гэж зүтгэсэн түүний оролдлого бүрийг, мөнөөх л туйлшралаараа “дэгээдэн унагааж”,  харамслын нулимсыг нь, сэргэсэн итгэл мөрөөдөлтэй нь хамтад нь нугачин дарж байсан тохиолдол багагүй бий. Оросын нэрт жүжигчин В.Шукшин, “Морин улаагана”  нэртэй киногоороо энэ тухай даанч сайхан үзүүлсэн дээ. Харин энэ киног монголчилж хийсэн киног нь саяхан интернетээр үзсэнээ санаж байна. Амьдралдаа алдаж байсан олон хүний, итгэл найдвар, хувь заяа, ухаарал шаналлыг бид хэрхэн нугачин дарж, эмгэнэлт хувь заяанд нь хадаж орхидог тухай энд өгүүлдэг. Гашуун ч гэлээ ийм хувь заяа бидэнд дэндүү ихээр тохиолддог.
Өнөөдөр өөрийн сэтгэл. авьяас чадвараараа аугаа сууг бүтээн, бусдыг үлгэрлэн дагуулж яваа хэн нэгний тухайд бид бурхан шиг л төсөөлж, өө сэвгүй мэтээр төсөөлж хүлээж авах нь олонтаа. Мэдээж хүн л юм чинь, гаргасан алдааных нь төлөө, тэр хүнийг дэвслэн доромжилж, элдвээр гутаан доромжлох үзэгдэл багагүй гардаг. Бид өнөөдөр нэг л зүйлийг анзаардаггүй. Тэр хүний бүтээсэн аугаа гайхамшиг нь бидэнд хэрэгтэй юу, эсвэл тэр л бие хүн нь хэрэгтэй юу гэдгийг…Тэр аугаа хүний бие нь үгүй болсон хэдий ч бүтээлийг нь бид өнөө хүртэл гайхан биширч, дээдэлж байгаа тохиолдол зөндөө бий. Францын алдарт зураач Пабло Пикассо хэдийгээр өлсгөлөнгөөр бие барсан хэдий ч, өнөөдөр түүний аугаа гайхамшигт бүтээлүүд нь дэлхийн соёлт хүн бүрийн бахадлыг төрүүлсээр л байдаг. Монголын  ноён хутагт Данзанравжаа түүхийн тэр мөчид элдвээр хэлэгдэж байсан хэдий ч,түүний бүтээлүүд нь өнөөг хүртэл гайхан шагшигдсаар л буй.
Бид гайхамшигт сайн хүмүүсийн бишрэм бүтээлийг авч үлдэхээс,  тэр хүний гаргаж буй элдэв араншин энэ бүхний дэргэд юусан билээ. Түүн лугаа адил өчүүхэн хэрнээ олон гайхамшигүүд бидний дэргэд оршиж л буй. Эзнийг нь тэнгэрт тултал магтаж, эсвэл газарт ортол муулах хэрэг юун. Өчүүхэн нэгэнд ч гэрэл мэт сайхан сэтгэл бий, аугаа нэгэнд ч алдаж эндэх осол бий.
Алдаж энэдэж, ядарч зүдэрч яваа нэгэнд, харуусал ухаарал байх аваас, нэгэн гайхамшигт үг, чин сэтгэлээр дэмжихээс бүү татгалзагтун. Тэр үг хэзээ нэгэн цагт танд эргэн ирж болох шүү дээ. Их зовлон шаналал, гэмшлээс авсан ухаарал гэгч, хэн бүхэнд үл олдох тавилан.
Нар мэт мандаж, сар лугаа гэрэлтэж яваа нэгэндээ бүү атаархагтун. Та ч хэзээ нэгэн цагт мандан бадарч болох шүү дээ. Сайн сайхан үйлс гэдэг гагцхүү сэтгэл зүрхнээс л оргилон гардаг гэнэм.
Гайхамшигийг бүтээгч нэгэнд ч, гамшигийг үйлдэгч нэгэнд ч сайн муу, сайхан муухай. алдаа оноо, алдар гавьяа зэрэг оршино. Бүлээхэн сэтгэл, бүтээлийн гайхамшиг, уярал догдлол, ухаарал шаналлыг   нь мэдрэгтүн.  Харин бүү туйлшир.
Төгсгөл
 Бид нэгэн алдартан, буруу муу үйлтэнг эрж хайн, олж илрүүлэн биширч шүтэх, буруутгаж муулах сэтгэлдээ дасчээ. Дэргэдээ байгаа аугаа сайхныг ч, атгаг мууг ч анзаарч харах сөхөөгүй болтлоо туйлшрах болж дээ бид.
Өрөөл бусдын гайхамшигийг ч, өөчилж муулах мууг ч өөрөөсөө олж харагтун. Бүгд танд буй. Үүнийгээ мэдэрнэ гэдэг, өрөөл бусдад хандан туйлшрах сайн муугийн хязгаарыг мэдэрнэ гэсэн үг. Өөрийнхөө нүд, сэтгэлээр өрөөл бусдыг харагтун. Өдгөө бид бүгд адил.
Үнэхээр алдартан хэдий ч өчүүхэн алдааг нь уучлан өршөөгтүн.
Үнэхээр арчаагүй  хэдий ч өчүүхэн сэтгэлийн гэрэл гэгээ нь дэмжигтүн.
Заавал зарлиг тогтоол хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн, өөрчилж болох зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Бүү туйлшрагтун, бүхнийг бодитоор харж сэтгэгтүн.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-06-19

Share Your Thoughts