Тусгаар Монгол улс

Аавын мөнгөн хазаарын
найман цэнгиийн товруун дээр
Азын алаг мэлхийн
наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
хөл нь тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхий
хөвөн наадах нууран дээр
Тусгаар  тогтнол чамайг
Тунхаглан зарлаж байна          \Д. Пүрэвдоржийн шүлгээс\
…Бид энэ уудам дэлхийн хаа нэгтээ зорчиж, аль нэгэн орны хилийн дээсэн дээр алтан соёмбот Монгол улсынхаа гадаад паспортыг үзүүлж байхдаа нүүр бардам байдаг. Алга дарамхан хэрнээ сүрлэг тэр л баримт бичиг намайг туурга тусгаар орны иргэн, сайн муу ямарч тохиолдолд өмгөөлж хамгаалах эх оронтой гэдгийг нотлон сануулдаг юм.

“Төрийн минь сүлд!” гэж сүслэн залбирдаг монголчуудыг  тэр л паспорт дээрх “алтан соёмбот сүлд” нь ямагт хамгаалж, өргөж явдаг гэдэгт бид итгэдэг.
Тусгаар улс байна гэдэг ямархан аугаа хувь заяа, бусдын өмнө гайхуулах бардамнал, өөртөө итгэх итгэл бас омогшил байдгийг бид одоо бүр ч сайн мэддэг болсон. “Чи хаанаас ирсэн бэ?” гэх бусдын асуултад “Монголоос ирсэн” гэж омог бардам хариулахдаа араас нь “Чингис хаан” гэж тодотгохоо мартахгүй. “Аан Чингис хаан!” гэж уулга алдах төдийд нь “намайг таньж, бас санаж байгаа чинь сайн хэрэг” гэх маягаар нилээд ихэмсэгдүү харахаа ч мартахгүй. Өдийг хүртэл тусгаар тогтнох гэж, бусдын эрхшээлээс гарах гэж хэрдээ тэмцэж, хичээж
байгаа улс орнуудын иргэдийг өрөвдөн, дэмжихээ ч бас мартахгүй.

Монголчууд бидний ТУСГААР ЭРХ ЧӨЛӨӨ, цэнгэг уст голын дэнж дээр хаяаг нь шуусан монгол гэрийн тооноор суунаглах аргалын утаанд, тэргэл сартай шөнийн өрх нь татаатай гэрийн хойморт байдаг юм. Эртэч шувуудын дуунаар эмнэг хангалын нуруун дээр уургын уртыг суналзуулан, уртын дууны аялгууг исгэрч дүүлэх монгол эрийн жавхаанд байдаг юм. Саалийн зэл рүү гунхалзан алхах үзэсгэлэн гоо хэрнээ, ажилсаг хичээнгүй монгол бүсгүйн сүү шиг сэтгэлд байдаг юм. Тэнгэрт татсан солонгыг барьж авах гэж, талаар нэг тонгочих хурга ишигтэй
тоглох гэж , тааваар амгалан амьдрал дунд жарган баясах монгол хүүхдийн инээдэнд байдаг юм.  Аагим халуунд сүүмэлзэх говийн зэрэглээнд, сүрлэг уулсын бэлд нүүгэлтэн буух нүцгэн мананд, тал газарт эргэн хургах хүйтэн жаварт байдаг юм.
Аргамжаа эвхэх мэт хөврөх цаг хугацааны урсгалд алс холын нутагт саатан саатах монголчууд шиг, нутаг алгасан арилжигдсан хүлэг морьд  нутгаа тэмцэн гүйх шиг, нутаг “амьтай” нь энэ дэлхийд хэр олон бол? “Суурьшина” гэж тухалдаггүй, ”буцна” гэж сэтгэлээ аргаддаг монголчууд олон бий. Тэдний сэтгэл зүрхэнд нь  хатуу ширүүн уур амьсгалтай ч сэтгэлд дулаахан, хангай говь, тал хээр хосолсон байгаль нь сэтгэлд дотно, таван хошуу мал, таана амтагдсан айраг, таваг дүүрэн цагаан идээ нь сэтгэлд өег, эргээд уулзах ээж аав элгэн садан
нь сэтгэлд дотно, туурга тусгаар МОНГОЛ орон нь ямагт оршиж байдаг. Монгол хүн монгол морь хоёр хаа ч байсан хийморио өргөж, нэгэн цагт нутгаа зорьж, санасан сэтгэлдээ яаран яарсаар эргэж ирдэг. Буцаад очих эх оронтой байна гэдэг, тухлаад суух газар шороотой байна гэдэг, аргадаад учирлах анд нөхөдтэй байна гэдэг аугаа тавилан.

“Хадны завсар хавчуулагдсан” мэт хоёр их гүрний завсар зайд тэсч үлдсэн, дэлгэсэн тэрлэг мэт МОНГОЛ орон мину. Буурал түүхийн тоосон дунд бутарч, уусч үлдээгүй МОНГОЛ нутаг мину. Он цагийн хэлхээсэнд мандаж, доройтож явсан ч бүрэн бүтэн үлдсэн МОНГОЛ заяа мину. Энэ л их цагийн урсгалд эх орныг минь бүтнээр нь, туурга тусгаар хэвээр нь, баларч бүдгэрээгүй түүхтэй нь хамтад бидэнд үлдээж өгсөн өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанд бишрэн, энэ л өдөр ТАЛАРХАЛ-аа өргөж байна. Туурга тусгаар МОНГОЛ орны иргэд нь болсон нэгэн хувь
заяат Монголчууд та нартаа ч “тусгаар тогтнолын өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, энэхүү аугаа хувь заяанд тань ТАЛАРХАЛ-аа өргөж байна. Бид эв нэгдэлтэй байх аваас бидний Монгол эх орон мөнхөд орших болно.  ТУСГААР МОНГОЛ УЛС МИНЬ МӨНХӨД МАНДАН БАДРАГ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-11-24

Share Your Thoughts