ТЭВЧЭЭР ба ХАРАМСАЛ

…Амьдрал их энгийн. Ажаад байх ахул “болох ёстой зүйл өөрийн цаг хугацаандаа л
болдог ” юм шигээ. Хүүхэд байхад минь аргамжигдсан юм шиг удаан санагдах цаг хугацаа, идэр наснаас хойш чангаагаад байхад л уяа нь алдуурсан эмнэг морь шиг хулжиж оддог. Нэг л мэдэх дор “цаг хугацаа чинь ийм хурдан өнгөрлөө гэж үү?” хэмээн арай хурдан эргээд байх шиг төсөөлөгдөх нар руу анивчин харна. Аараг довцгийн энгэрт чулуугаар гэр барьж тоглож асан насны хавар, элдэв чамин тавилгаар дүүрэн тансаг өргөө болон хувирах насны намар хүртэл өөрийн хэмнэлтэй. Заримдаа сэтгэлд хөвсөн мөрөөдлөө биелэл болгох гэж яараад, тэр нь биелэхгүй болохоор учиргүй сэтгэлээр унан хорвоо ертөнц хав харанхуй, амьдрал ямар ч утгагүй мэт санагдах орчилд бид амьдарцгаадаг. Спираль маягаар эргэлдэх цаг хугацааны эргүүлгийг бид анзаардаггүй.  Материаллаг шуналаас гадна сэтгэлийн доторхи шуналаасаа болон бид бишгүй зовдог. Нэгэнт урсаж буй цаг хугацааг өөрийнхөөрөө зогсоож, өөрийнхөөрөө өөрчилж чадахгүйдээ бид ихэд бухимдацгаана. Яараад л … яараад л … яараад л. Санаснаар болдоггүй энэ амьдралд сэтгэлийн шунал тачаалаа захирч чадаагүйгээсээ болж бид бас л тарчилдаг. Хожим нь эргээд анзаарахад “тэгэхэд би жаахан тэсээд өнгөрчихсөн бол” гэх харуусал зовлонгийн манан дундаас ухаарлын наран болон бүдэгхэн гэрэлтдэг.
Ухаараад эргэцүүлэх юм бол бид энэ амьдралд маш их тэвчих хэрэгтэй болдог. Уурлан хашгичих нэгний өөдөөс хэдийгээр чиний зөв байсан ч, уруул давуулан хараал гомдлын үг урсгалгүй тэвчих хэрэгтэй болдог.Дараа нь өөртөө шаналдаггүй юм. Өвдөж шаналсан нэгний уцаар бухимдлыг хичнээн амаргүй байлаа ч тэсч аргадаад л өнгөрөөх хэрэгтэй болдог. Дараа нь өөртөө харамсдаггүй юм. Мунхаг араншин бас тэнэг үйлдлийн өмнөөс хэчнээн хэцүү байлаа ч тэсч тэвчээд дуугүй өнгөрөөх хэрэгтэй болдог. Дараа нь өөртөө гомддоггүй юм. Тэсч тэвчих зүйл зөндөө. Өнөөдөр чиний хүссэнээр болохгүй байлаа ч тэвчээд л өнгөр, болох цаг хугацаа эргээд л ирдэг юм. Өнөөдөр чиний санаснаар бүтэхгүй байлаа ч уужуу ухаанаар тэсээд л өнгөр, үргэлжлэх хичнээн өдөр байгааг бүү март. Өнөөдөр чиний бодсоноор болохгүй байлаа ч тайвширч хойш нь тавиад хүлээ, маргааш эсвэл нөгөөдөр болж л таараа. Тэвчээрийн чагтага нь гэнэт тасарч буруу мууг үйлдсэнийхээ төлөө насаараа харамсаад ч цайруулж чадахгүй  яваа зөндөө хүмүүс бий. Хүнд хэцүү сорилтын өмнө сөхөрч сөгдөөд “бууж өгснийхөө төлөө” насаараа шаналж гутарч яваа зөндөө хүмүүс бий. Амаргүй хүнд үед шантарч цөхрөөд давж чадаагүйнхээ төлөө насаараа гундаж, бусдаас дорд яваа олон хүмүүс бий.
Тэвчих гэдэг хэцүү л дээ. Амнаас гарсан болчимгүй үг, биеэр үйлдсэн нэгэн хөдөлгөөн хормын төдийд л маш олон зүйлийг өөрчилдөг. Дараа нь хичнээн харамсаад ч түүнийг эргүүлж ерөөсөө чаддаггүй. Буруу үг, болчимгүй үйлдэл гэдэг хэзээ ч засч залруулах боломжгүй зүйл. Цахилгаан цахих шиг тэрхэн хором хорвоо дэлхийг өөрчилж чадахгүй ч хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх нь бий. Дараа нь шувуудын жиргээ ч уйтгартай сонсогдож, цэцгийн дэлбээ ч гандуу харагдаж, нарны хурц туяа ч бүүдгэр юм шиг санагдах үе ирнэ. Цээжний гүнээс хичнээн санаа алдаж, дотор сэтгэлдээ өөрийгөө хичнээн зүхэвч тэр алдааг залруулах амаргүй. Хичнээн харамсан гашуудаад ч  хүмүүс чамайг ойлгохгүй. Хэрвээ чи тэвчиж чадсан бол хэзээ ч өөртөө шаналал хураахгүй, бусдын өмнө толгой гудайхгүй. Сэтгэл дотроо тэрсэлдэн арсалдсан бүхнийг тань хүмүүс мэдэхгүй ч,  чи өөрөө өөртэйгээ тэмцэн ялж буйгаа мэдрэхдээ баяртай байдаг. Тэвчээр дээр тогтсон ялалт бүхэн чамайг баярлуулж, хором гэдэг ямархан үнэ цэнэтэй болохыг чи ухаардаг. Тэвчиж чадсан хором бүхэн чиний үнэ цэнийн хэмжүүр болж байдаг. Юу гээч,чиний сэтгэл доторхи буцалж, ээдсэн агшин бүрийг чамаас өөр хэн ч мэдэхгүй, мэдэх боломжгүй нь хамгийн гайхалтай зүйл. Сайн муу бүхний харшилдаан , сэтгэл дотроо өөртэйгээ маргалдсан хашгираан дунд чи өөрийгөө сайнаар авч үлдэнэ гэдэг чинь ухаарал байхгүй юу. Энэ чинь л тэвчээр.
Амьдрал гэдэг чинь их энгийн. Хичнээн амаргүй хэцүү үе тохиолдоход “За чи тэсэх л хэрэгтэй шүү, дараа нь харамсахгүй дээ” гэж өөртөө хэлэхэд л чи өөрийнхөө ялагч болж чадна. Ердөө л хэдхэн хором л байдаг. Тэсээд дуугүй өнгөрлөө гэхэд чи бусдаас дорд болчихгүй дээ. Чиний сайн муу хэн болохыг тэрхэн хором хэмждэггүй, урт удаан цаг хугацаа нотолдог юм. Гэхдээ тэвчээр алдсан хором тань энэ их хугацаанд илааршдаггүй. Буруу муу үг бусдын сэтгэл зүрхэнд шарх болон үлдэж, бусармаг муу үйлдэл бусдын дурсамжинд хар толбо болон тунаж хэзээ ч арилдаггүй. Хожим харамсахгүйн тулд тэвчиж, тэвчсэнийхээ төлөө хожим харамсахгүй амьдарна гэдэг чинь ухаан юм шүү дээ. Тэгээд л хүмүүс ТЭВЧ, ИТГЭ, ХҮЛЭЭ ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА гэж хэлжээ. Сайхан үг шүү.

Share Your Thoughts