Тэнгэр шиг бай

…Монголчууд эрт дээр үеэс л тэнгэрийг шүтдэг байж. Дэлхийн дайд сүр хүчээ гайхуулан омгорхож явахдаа их эзэн Чингис хаан, өөрийн болон өрөөл бусад гүрний хувь заяаг, хөх тэнгэрээс лавлаж, чин зоригоор алив асуудлыг шийдэхдээ, “Тэнгэрийн тааллаар”  хэмээн зарлиглаж асан. Мөнх тэнгэрийн хүчин дор, Монголын их хаадууд дэлхийг захирч, эрдэм ухаан, ид хав, сүр хүчээ гайхуулж явсан. Энэ ертөнцийн түмэн олноос гагцхүү монгол үндэстэнг тэнгэр тэтгэж, мөнх тэнгэрийн хөх тамгатай төрүүлдэг гэж өдгөө хүртэл бид итгэцгээдэг.
Өнөө эс гэхэд, маргаашийн нэгэн өдөр “тэнгэр биднийг ивээнэ” хэмээн их хувь заяандаа битүүхэн сүсэлнэ. “Тэнгэр заяат” гэдэг үгэндээ монголчууд, дотор сэтгэлдээ сэмхэн омогшино. Тэнгэр л бидний хувь заяаг тольддог гэсэн итгэлдээ, “муу явж болохгүй ээ”  хэмээн өөрийгөө хурцлан, зоригжуулна.
…Хааяа сэтгэл тавгүйрхэж, бие чилээн алжаах мөчид санаа алдан тэнгэр лугаа ширтэхэд, тэр л амгалан хөх тэнгэр, юу ч болоогүй юм шиг цэнхэртэн ахуйд тайвшралыг олох. Тэр мөчид “нээрээ юу ч ч болоогүй, юу ч өөрчлөгдөөгүй юм байна шүү дээ”  гэж өөрийгөө аргадна.  Сэтгэлд хургасан бараан үүлс, яг л тэнгэрийн үүлс чиг яаран сандран нүүж одохуйд, сэтгэл минь тэнгэр шиг цэлмэж, уртаар амьсгаа авна.
Удаан ажихад чилсэн нүднээ чийгтэх нулимс, ширхэг дусал болон хацар норгох нь , бүхнийг ариутган чийглэх борооны цусал мэт. Заримдаа нүргэлэн, цахилан аадар асгаруулан хилэгнэх тэнгэр, аажим аажимдаа намдан, борооны дуслыг хөгжилтэйеэ үсчүүлэн аргадах нь, хүний сэтгэл мэт. Тайвшралыг олон сэргэсэн сэтгэл, борооны дараа тэнгэрт нумран, өнгө  үзэмжээрээ гайхуулах солонго мэт.

Тайвшрал
Монголчууд бид энэ цаг дор их л бухимдалтай болсон мэт. Бие биедээ уцаарлан, бэлэггүй муу үг чулуудалцан, бичсэн, ярьсаныг өөчлөн муучилж, бас маргалдаж, мэтгэлцэнэ. Хорон бүдүүлэг муу үгс, сэтгэл юуг хиртээн гундаах аж. Юунд ингэнэ билээ. Үгээр хүнийг аварч бас алж болдог гэнэм. Өнөө цагт эвийг хичээж, үгээ цэнэн, үйлээ ариусгах нь өөдрөг сайхан байхын эхлэл аж.
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч, ерөөж байвч, тэнгэр шиг бай                /О.Дашбалбар/
Амьдралд сайн муу олон л зүйл тохиолддог. Харь газар хатуу хэцүүг нуруундаа үүрч, алжааж ядрахдаа, хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт амьдран, амгалан байж чадахгүйдээ хааяа цухалдах. Бүтээгүй дурлал, зүдүүхэн амьдрал, бэрхшээл саад тохиолдоход маргаашийн сайханд итгэл алдарч хааяа гунина. Ямарч цагт итгэл алдрах л хамгаас хэцүү. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”  гэдэгчлэн бүх зүйл өөрчлөгдөн хувирах их заагт, олон сайхан учрал тохиол эргэж ирдэг. Итгэл гэдэг тэр цагийн хүлээлт байдаг аж.
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай                         /О.Дашбалбар/
Амьдралын төлөөх эцэс төгсгөлгүй зүтгэлдээ хааяа алжааж чилэх. Худал хуурмагийн өмнө хүчин мөхөсдөхдөө, хэн нэгний итгэл алдсан сэтгэлийн шаналалдаа, хэлж зөвлөх хүнгүй, ухаан дутагдах мөчид сэтгэл харанхуйлж, дотор давчдах үе тохиолддог. Тэр мөчид ” би өөрөө өөрийнхөө төлөө амьдарч яваа юм шүү дээ”  гэж өөртөө хэлэх нь, тайвшралыг авч ирдэг. Хүн өөрийн хувь заяаныхаа эзэн нь байдаг аж.
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг                 /О.Дашбалбар/
Энэ ертөнцөд үхэл, өвчин хоёроос хэцүү нь үгүй билээ. Бусад зовлон хэмээн нэрлэх зүйл энэ хоёрын дэргэд юу ч биш. Гэвч зовох нэгэн цаг байхад, жаргах нэгэн цаг ирдэг. Өвдөх нэгэн үе байхад, эдгэх нэгэн үе ирдэг. Уйлж суух нэгэн өдөр байхад, инээж суух нэгэн өдөр ирдэг. Өөдрөг бодол, тэвчээр, эзэндээ тайвшрал, бас аз хийморь авчирдаг гэнэм. Тэвчээр хүнийг ялалтад хүргэдэг аж
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март    /О.Дашбалбар/
Ямар ч үед хүн ухаанаа барьж, уужим сэтгэлээр хандаж ахуйд алдаж, зовох нь бага байдаг гэнэм. Өөртөө итгэж, өөрийнхөөрөө бүх зүйлд хандаж, өөрөө шийдэж байдагт хүн болсны шид нь байдаг. Үүнийхээ төлөө сайн муу үйлээ өөрөө үүрч, өөдрөг сайн явах нь хүн болж төрсний гавьяа хэмээнэ. Энэ сайхан ертөнцөд хүн болж төрөн, цагийг өөдрөг сайнаар элээхээс илүү хувь заяа үгүй аж.
Уур омог, урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай             /О.Дашбалбар/
Нэгэн цагт О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай”  хэмээх энэ шүлгийг уншиж байхдаа, аугаа сайхныг биширч байсан сан. Бид хааяадаа сайхан шүлгийг уншаад бахдан шагшивч, тэгсгээд мартдаг муу гэмтэй. Сайхан шүлэг, зохиол бүтээлээс ухаарал авч үлдэж байхсан даа. Өнөө цагт бидэнд хэрэгтэй олон сайхан бүтээлүүд байсаар л байна.

Ухаарал
Өдгөө цагт Монголчууд бидэнд үндэсний бахархал, омогшил, бардамнал үгүйлэгдээд байнаа. Даяаршлийн энэ эринд бид бие биенээсээ төдийлэн ялгарахгүй хэдий ч, өвөг дээдэс нь дэлхийн хөгжилд ухаан залиараа, сүр хүчээрээ, омог бардмаараа гайхуулж, сайнаар нөлөөлж байсан нь тийм олон бий бил үү?
Монголчууд бид бахархан омогших, өөрсдийгөө үнэлж, сэтгэл оюунаа хурцлах тэр л зүйл дутагдаад байна. Хий хоосон цээжээ дэлдэх бус, дотоод сэтгэлдээ “би монгол хүн учраас, тэнгэр биднийг онцлон тэтгэдэг учраас, бидний өвөг дээдсийн цус миний судсаар гүйж байгаа учраас, бий муу явж хэрхэвч болохгүй”  гэдэг омгорхол байж гэмээ нь бид өөдрөг сайхан явах ирээдүй буй.
Хүн бүр дотор сэтгэлдээ өөртөө итгэж, өөрийгөө хичээн сайнаар авч явах нь их хэрэгтэй байнаа. Бие биеэ дэмжиж, бие биеэсээ ухаарал авч, өөрт байгаа муу бүхнээ алхам алхмаар гээж, өөдрөг сайхныг өөртөө цогцлоож, өрөөл бусдад сайнаар нөлөөлж явах нь өөдлөн дэвжихийн үндэс болно. Бусдын мууг шоолон гутаалгүй, бусдын сайнд атаархан хорсолгүй, өөрийн өчүүхэн биейиг өөрчлөн сайжруулах нь тийм хэцүү бишээ. Дор бүрнээ хичээж, дотор ухаандаа тунгааж явбал, монголчууд бид өөдлөн дэвжиж, тэнгэр мэт амгалан амьдрах цаг ойрхон билээ.
Монголчууд бид “Эвтэй байхдаа хүчтэй”  гэдэг үгийг олонтаа хэлэх мөртлөө эв эейиг төдийлэн хичээхгүй өдий хүрлээ. Монгол хүн бүр бие биенээ хүндэлж, өөдрөг сайхан үгсийг хэлэлцэж, бурууд хатуу, зөвд зөөлөн хандваас эв нэгдэл буй болноо. Эв нэгдэл гэдэг хууль цаазаар бус, хүмүүний дотоод сэтгэл, хичээл зүтгэлээр бий болдог аж. Тамын тогооны үлгэрээ хүн бүр ярьсаар явбал, мянган жил ч ярих буйз аа. Үүнд өөр хэн ч бус,  гагцхүү монголчууд бид л хохирно. Үр удам, хойч үе минь ч хохирно.
Мөнх тэнгэрийн дор эвлэлдэн нэгдэвээс, Монголчууд бид хэнд ч үл дийлдэх хүчтэй, хэнд ч үл автах ухаантай болноо.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-04-23

Share Your Thoughts