Тэргүүн туршлага ба Кембрикийн хөтөлбөр

…1980-аад оноос Монголын Боловсролын салбарт  багш нар болон сургуулиудын дунд  “Тэргүүн туршлага эзэмших”  хөдөлгөөн эрчимтэй өрнөв.  Олон олон мундаг “заах аргач” багш нар бий болж, тэд сургалтын технологид шинэчлэл хийхийг оролдож байлаа. Хэтэрхий “номлосон” сургалтаас  сурагчдыг “бие даан шийдвэрлэх” чиглэл рүү хандаж байсан аргууд  үр дүнгээ өгч байв.   Өөрийн биеэр очиж хичээлд нь суун мэдэрч байсны хувьд,  тухайн үед нэрд гарч байсан Увс аймгийн физикийн багш Гомбожав, Хөвсгөл аймгийн математикийн багш Нямжав нарын заах арга барилаас үүнийг мэдэрч ойлгож байсан.
Багшийн  хичээлээ заах арга барил нь  тухайн багшийн хувийн зан араншин, өөртөө бий болгосон итгэл үнэмшил, мэдрэмж дээр тулгуурлан бий болдог.

Тэгэхээр түүний заах аргын санааг нь авч хэрэглэж болохоос тэр хүнийг яг хуулбарлан дуурайх аргагүй.  Гэтэл тухайн үеийн “тэргүүн туршлага эзэмших” хөдөлгөөн нь  нийтийг хамарсан, албадлагын шинжтэй байсан болохоор, төсөөлж байсан бодит үр дүн нь бага байлаа. Мэдээж үүн дээр тулгуурлан санааг нь голлон авч өөрийн арга барилтайгаа хослуулан амжилтад хүрсэн олон багш нар байсан хэдий ч энэ муйхардалтын улмаас маш олон багш нар өөрийн гэсэн арга барилаасаа салж, учраа ч олохоо больсон.  Баруун аймгийн  физикийн багш Гомбожавын  “Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх” арга барилыг зүүн, аймгийн монгол хэлний багш хичээлдээ яг хуулбарлан хэрэглэсний баталгаа болох “Тэргүүн туршлага эзэмшигчийн гэрчилгээ”-г гардан авч ханандаа баяр бахдалтайгаар хадах хэдий ч бодит үр дүн нь түүнтэй огт адилгүй байв.

Аливаа шинэ санаа болон хэрэгтэй туршлагын санааг нь  судалж, өөрийн боломж чадвар дээрээ тулгуурлан эзэмших нь  амжилтад хүргэдэг. Мэдээж сургууль болгоны, багш бүрийн боломж нь харилцан өөр.   Хэрэв өөрийн боломжиндоо хослуулахгүйгээр хуулбарлан дуурайх юм бол  энэ нь хэлбэрдэлт болон хувирдаг.  Үлгэрлэвээс:  Дөнгөж машин барьж сурч байгаа хүнд, дүүрэн хүүхэд суулгасан автобус бариулаад  уулын бартаат замаар давиулахтай  адил.  “Хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөв” гэдэг хэллэгээр боловсролын салбарт хэлбэрдэлт маягаар явагдсан энэ албадлагын бодит үр дүн нь  “байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг болсон.  Үүний уршгаар олон ч багш нар өөрийн гэсэн онцлогтой заах аргаа олж чадаагүй. Ажлаа сайнаар дүгнүүлэхийн тулд , ямар ч хамаагүй тэргүүн туршлага эзэмшсэн гэрчилгээ авахын тулд  багш нар мунгинаж байв. Суурийг нь сайтар цутгахгүйгээр дээр нь хичнээн сайхан барилга бариад  хэзээ ч бат бөх болж чадахгүй.
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР
Мэдээлэл техонологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед хувь хүний өмнө ч, боловсролын салбрын өмнө ч дэлхий ертөнц нээлттэй болжээ.  Монголын боловсролд  гадны хөрөнгө оруулалтай хувийн хэвшлийн сургуулиуд олширч, гадны технологи, заах арга барилыг оруулж байгаа нь тийм ч муу үзэгдэл биш. “Чанартай юм үнэтэй” байдаг гэсэн зарчмаар  тэд сургалтын төлбрөө хичнээн өндөр тогтоосон ч анги сургууль дүүргэлт огт ч багассангүй. Нэг талдаа гадныхан Монголын боловсролын салбарт “ашигтай бизнес” хийх боломж, “орон зай” байгааг сайтар мэдэрсэн хэрэг. Мөн байгуулагдаад амжилттай ажиллаж, аажим аажмаар хөгжиж байгаа монгол эзэдтэй хувийн сургуулиуд зөндөө бий.  Харин тэдний хувьд монгол хүүхдийн сэтгэлгээ болон биеийн онцлогт нь тохируулсан заах арга, шинэ барилыг эрж хайж, сонгож, түүнийгээ дэлхийн хэмжээний боловсролын стандартад нийцүүлэх гэж хичээж байгаа нь анзаарагддаг. “Сант” хувийн хэвшлийн сургуулийг удирдагчийн нэг болох З.Энхмөнхтэй ярилцлага хийхдээ үүнийг мэдэрч байв.

Өнөө цаг үед үр хүүхдүүддээ ” их мөнгө өвлүүлснээс, эрдэм мэдлэг өвлүүлсэн нь дээр” гэдгийг ухаарсан эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө “гар татах” -аа больжээ.  Хожим  амьдралд нь хэрэг болох мөнгө хурааж байснаас, сайн боловсролтой болгож чадвал өөрсдөө мөнгөө олж чадах юм гэдгийг ойлгосон нь бас л бахархууштай.  “Танай хүүхэд ямар сургуульд сурч байгаа вэ?”,  “Яагаав нөгөө Зайсанд байдаг үнэтэй сургуульд сурч байгаа. Төлбөр нь өндөр л дөө, гэхдээ яахав төлж дөнгөөд л байна” гэж баярхангуй хэрнээ гайхуулангуй  хариулангаа цаадах хүний царай нь атаархсандаа яаж ягаарахыг битүүхэндээ ажиж, “сэтгэлийн таашаал” авдаг эцэг эхчүүд ч зөндөө олширч. Хувцасны “бренд”-ээр өвчилсөн олон эцэг эхчүүд, боловсролын “бренд” -ээр өвчлөх нь ердийн үзэгдэл.  Хүүхдийнхээ сургуульд их мөнгө төлж байгаагаараа бусдад гайхуулавч, хүүхэд нь сургуульд юу сурч байгааг тэгтлээ сонирхохгүй. Өндөр төлбөртэй сургуульд өөрөө мөнгөө төлдөггүй олон хүүхдүүд, өмссөн зүүснээрээ, эдэлж хэрэглэж байгаагаараа зиндаархаж,  идэж ууж наргихаараа  бие биедээ гайхуулан  өрсөлдөх шинэ төрлийн “Нялхасын өвчин” Монголд дэлгэрч байгаа.   Ийм “Нялхасын өвчин”-өөр өвчлөгсөд  сурах гэж мэрийж байгаа нэгэндээ “гай”, “саад” болж байгаа тохиолдлууд зөндөө.  Харин үүнийг анзаарч байгаа нь хэн бол?

Сонгууль болгоны дараагаар ёс юм шиг солигддог  Боловсролын сайд нар, өөрийнхөө ээлжин дээр  “өөртөө ашигтай” ямар нэгэн шинэ санаа сэддэг. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг хэллэгээр дараагийн сонгуулийн дараа шинэ сайд ирж, “шинэ санаа” сэдэх бүрийд сургууль багш нар л хохирч үлдэнэ. Өдийг хүртэл Монголын боловсрол, монгол хүүхдийн хөгжил, сэтгэлгээ, давтагдашгүй онцлогт нь тохируулсан өөрийн гэсэн бодлоготой болж амжсангүй.  Муулаад байгаа өмнөх нийгмийн хөгжлөөс үлдсэн сайн ололтоо ч анзаарч харахгүй.  “Бид лавтайяа муу, гадны юм болгон сайхан мундаг, илүү хөгжилтэй” гэсэн ядмагхан сэтгэлгээнээсээ салж чадахгүй. Хүүхдийн хөгжил гэхээсээ “Үдийн цай” хөтөлбөр, сурах бичгийн тендер, Гадны зээл тусламжийн зориулалтаас завших  боломж, алба хаших хугацаандаа боловсролын “бизнест” хувь хүртэх зэрэгт л “анхаарлаа хандуулж” байдаг бололтой.

Өнгөрсөн 4 жил Монголын боловсролыг удирдсан  Ё.Отгонбаяр сайдын  хийж хэрэгжүүлсэн гол ажил, бахархал нь Кембрижийн хөтөлбөр.  Уг хөтөлбрийг хэрэгжүүлэхээр сонгож авсан сургуулиуд болон сурагчид нь тэдний нэрлэдэгээр “элит”. ” Кембрижийн хөтөлбөр” гэдэг  сайхан нэршил.  Харин ямар хөрсөн дээр яаж буулгаж, ямар үр дүнд хүрч байгааг огт тайлбарлаж тайлагнасангүй. Тэр ч бүү хэл уг хөтөлбрийг сонирхож үзэх гэсэн хэнд болов үзүүлдэггүй, “нууц” шахам. Аливаа зүйл ил тод биш нууцлаг байх тусмаа хардлага дагуулдаг. Миний ойлгож байгаагаар энэ хөтөлбөр мөнгөтэй боломжтой айлын хүүхдүүдэд зориулагдсан бололтой.  Энэ хөтөлбрийн тухай мэдээлэл авах боломж олдохгүй байх тусам миний сэтгэлд мөнөөх л “Тэргүүн туршлага”,  “Элит сургууль”, “Нялхасын өвчин” буугаад байдаг юм.  Мэдээж сайн үр дүн байлгүй л яахав.  Гэхдээ сайн муу үр дагавар нь олон нийтэд нээлттэй байж гэмээ нь Монголын Боловсролын салбарт нөлөөлнө.  Бусад олон сургууль багш нарт үр дүнтэй санаа болгон нь “туршлага” болон ашиглагдана. Кембрижийн хөтөлбрөөс  гадна байгаа бусад сургуулиуд  ямар  шинэчлэлт, ямар  үр дүнтэй  байгаа нь бас Ё.Отгонбаяр сайдын хариуцах ажил.
БАРИМТ ба “F” ҮНЭЛГЭЭ
Олон Улсын Боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон Коллеж, Канадын Статистикийн Газар хамтран хийсэн  “ТИМСС  ба ПИРЛС 2011” судалгааны дүнгээр Монголын ЕБС-ийн  сурагчдын сурлагын чанарын дүгнэлт нь Олон Улс дахь хамгийн доод түвшиний буюу “F” үнэлгээ авчээ. Тус судалгааны байгууллагад  Ё.Отгонбаярын удирдаж байсан БСШУЯ-ны зүгээс  1,5 сая ам доллар төлсөн байна.

Олон Улсад боловсролын чанарын баталгаа болдог дээрх судалгааны ПИРЛС-аар 4-р ангийн сурагчдын унших чадварын түвшинг судалсан бол,  ТИМСС нь 4 болон 8-р ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түвшинг тогтоосон юм билээ.  Ийм судалгаанд 80 гаруй орон хамрагдсанаас манай орон анх удаа хамрагдаж байгаа аж.
Судалгаанд хотын 12, хөдөө орон нутгийн 28 сургуулийн 4-р ангийн 43 бүлгийн 1313 сурагч, 8-р ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эх хамрагджээ.  “Сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр хариуг таамгаар сонгох,  хариултыг багцаалан хайж байгаагаас тод харагдсан” гэж судалгааг гардан хийсэн мэргэжилтнүүд дүгнэлтдээ тайлбарлажээ.  “Тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал 4-р ангийн сурагчдын хувьд  бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, уншаад ойлгох чадвар сул байна” гэж мөн дурджээ.
Эх сурвалж:  “Өдрийн сонин”   2012 оны 10 сарын 12-ны өдрийн  дугаар  244
   ХАЯЖ БОЛОХГҮЙ АМЖИЛТ
Гадаадын ямар ч оронд хүүхдүүдээ дагуулаад ирсэн эцэг эхчүүдийн гайхаж бахархдаг зүйл нь хүүхдийнх нь ерөнхий мэдлэг.  Тэр тусмаа математик, физик, хими, түүх, газарзүйн хичээлээр тэр хүүхдүүд, орж байгаа сургуулийн нэг ангийнхнаасаа илүү. Дээр нь хэл сурах авьяасыг дурдвал.  “Хэ ийм амархан байсан юм уу? миний хүү ч гялалзаад байх юм байна даа” гэж бахархал  гайхашрал сүлэлдсэн тайвшралд автана.  “Хичээл болгон нь амархан” санагдах тайвшрал нь хэрэгцээнд түшиглэсэн сургалтын явцад аажим аажмаар хоцорч байгаагаа анзаарахгүй.  Эхэндээ бардам, “мундаг ” байсан хүүхэд эцэстээ  бусдаас илт хоцорч эхлэх нь бий. Гэхдээ миний анзаарч байгаагаар Америкт суралцаж байгаа маш олон монгол хүүхдүүд ангийнхаа сургуулийнхаа “бахархал” нь болж яваа.  Тэдний ерөнхий мэдлэгийн түвшин нь бусдаас илүү, гэхдээ сургуулийнх нь сургалтын арга барил нь хэрэгцээнд холбоод ирэхээр тэд илт илүүрхэж эхэлдэг.

Нөгөө талаар Америкийн сургуулиуд сурагчдынхаа хувь заяа хөгжлийг дангаараа хариуцдаггүй, эцэг эхтэй нь хамтдаа хариуцдаг.  “Юуг яаж сурч байгаа болон цаашид яаж сурах” талаар байнга мэдээлэл солилцон, тэдэнд үүрэг хариуцлагыг нь байнга сануулдаг. Зүй бус харьцааны төлөө тэр сурагчийн гэрт нь  багш нь сургуулийн захиралтайгаа хамт очих нь ердийн үзэгдэл.  Учир нь сургууль эцэг эх хамтдаа үүрэг хүлээдэг.

Өнгөрсөн зуунд  бүх иргэдээ бичиг үсэгтэй болгож чадсанаараа дэлхийд гайхагдаж байсан Монголын боловсролд  алдаа онооны аль аль нь бий.  Хэдийгээр хэт ШУ-нжсан мэдлэгийг  хүчээр олгож байсан ч, тэр мэдлэгийг амьдралд нь хэрэгцээ болгож чадахгүй байсан. Гэхдээ дунд сургууль төгссөн монгол хүүхдүүд маш олон орны түүхийг мэддэг, бүх тивүүдийг улс орны хамтаар газрын зураг дээр зааж нэрлэж чаддаг, үгүйдээ л Австралид имж, Африкт анааш амьдардагт огтхон ч эргэлздэггүй.  Геометрийн дүрсүүд болон шугам зургийн  байгууламжуудыг уншиж чаддаг. Хэдийгээр хэцүү хичээл гэж халгадаг байсан ч математик, тригинометрийн үйлдэл томьёог мэднэ.  Химийн урвалжууд болон бидний уудаг ус нь H2O гэж шууд хэлж чадна. Физикийн таталцалын болон чөлөөт уналт болон хурдны хуулийг гадарлана.  Солгой хоолойтой ч бай дуулж дөнгөнө. Энэ дэлхийд  Шекспир, Шопен. Леонарда да Винчи, Чайковский, Ньютон, Эйнштен нар амьдарч байсан гэж “танина”.  Хаана ч очсон хэнтэй ч ямар ч сэдвээр ярьсан дөнгөнө.  Улстөрөөр бол “халуурч” чадна.

Хувь хүний ерөнхий мэдлэг гэдэг сайн зүйл.  “Мэддэг гэхээр мэдэхгүй, мэдэхгүй гэхээр мэддэг юм шиг” гэж хааяадаа бид өөрсдийгөө шооловч, энэ л ерөнхий ойлголтууд нь тухайн хүнийг цаашид өөрийн сонголтоороо хөгжихөд суурь болно.  Хэрвээ энэ мэдлэгүүдээ амьдралд хэрэглэж чаддаг бол бүр ч гайхамшигтай байх сан. Тэгэхээр бидний ололт энэ юм. Бас монголчуудын бусдаас илүүрхдэг, хаа ч очсон дасан зохицох чадвар болон, ямагт илүү өндөрлөг рүү тэмүүлдэг араншин болгон нь бидний онцлог.  Тийм болохоор бид гаднаас хэрэгтэй зүйлээ авахдаа, өөрсдийн энэ онцлогоо хадгалж үлдэх хэрэгтэй мэт.  Хэрвээ бид өөрсдийн энэ давуу талаа үгүйсгэж, зөвхөн гадны сургалтыг сохроор аваад байх аваас хэн болох бол? “Уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй” гэдэг үг бий.
Заавал “Кембрижийн”, “Харвардын” гэж сүржигнэлгүйгээр өөрсдийн онцлог хөрсөн дээр дэлхийн хэмжээний боловсролын стандартыг зөв сайнаар суулгавал…  Зүгээр л сурагчид өглөө хичээлдээ орохоос өмнө Монголын төрийн далбааны өмнө гараа цээжиндээ авч байгаад “Төрийн дуулал” аа дуулдаг болчихвол, анги танхим дахь гадаад үзэмжээрээ бусдын дотоод сэтгэлийг “дарамталдаг” хийрхүү үзэгдлийг зогсоож чадвал, хүүхдээрээ гайхуулдаг эцэг эхчүүд нь сургуультай хамтран ажилладаг болчихвол, сурагчид нэгэн анги танхим дотроо бие биенээ хүндэлж, чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөн хамтран ажиллаж сурвал, хичээлдээ явахдаа чин сэтгэлээсээ баярлан яарч, хичээлээсээ харихдаа сургууль дээр сурсан зүйлээ хэрэглэж үзэх гэж догдолдог  болчихвол  бид хурдан өөрчлөгдөж хөгжинөө.
ТӨГСГӨЛ
Хөгжиж байгаа монголчууд бидэнд авах гээх зүйл их байна. Үр дүн нь удаан илэрдэг боловсролын салбрын хувьд шинэчлэх зүйл зөндөө байна. Ядаж л “элит”, “эгэл”  сурагчдын ялгаагаа арилгамаар.  Сургууль бүрд хөгц мэт дэлгэрч байгаа ялгаварлан гадуурхалтаа зогсоомоор. Багш нараа шинэчилж өөрчлөн тэдэнд боломж олгомоор.  Яг үнэндээ боловсролын салбарт нэвтэрч байгаа шинэчлэл болгон” түгшүүр” төрүүлж байна.  Хүүхдүүдээ сургах хөгжүүлэхээс илүүтэй “Үдийн цай”-нд хордуулмааргүй, хичээлээсээ тараад харих замдаа дээрээд унах  ямар нэгэн төмөрт өртмөөргүй, “нийллэг” нэрээр цэнгээний газарт ууж согтуурмааргүй, хэн нэгэн мөнгөтэй айлын хүүхдүүдэд дээрэлхүүлмээргүй.  Боловсролын “бизнест” шунагсадын золиос болмооргүй.
Шинэ санаа, туршлага, шинэ хөтөлбөр болгон өөрийн гэсэн хөрсөн дээр буудаг. Тэр хөрсөө цэвэрлэхийн тулд хийх ажил их байна даа.  Хэрвээ бид энэ хөрсийг цэвэрлэж, зөв бордож чадвал бидний хүссэн бүхэн гайхамшигтай сайхнаар ургах болно.  Бохир заваан хөрсөн дээр юу ч тариад ургаж амжилгүй хог өвсөнд дарагдаж орхидгийг бид мэднэ. Харин энд хамаагүй хүн гэж үгүй.  Заавал төрийг харалгүйгээр бид ч өөрсдөө хийж чадах зүйл олон байна. Тэр бол бидний өөрсдийн үр хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж, бас сургууль багш нараас шаардах шаардлага. Бас сонголт.  ХҮҮХЭД бол ЦЭЦЭГС юм.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-11-18

Share Your Thoughts