Төрийн төлөөх оготно ба “муур багш”

…Бидний багад “Муур багш”  гэдэг үлгэр ихэд дэлгэрч, хүүхэд бүр мэддэг, уншдаг байж билээ. Хулгана барьж иддэг муур нэгэн удаа хулганууд дээр очиж, өөрийгөө ихэд “гэгээрсэн” тухайгаа итгүүлж, тэр ч бүү хэл тэдэнд ном эрдэм зааж, “буян болох”  саналаа ч хэлж. Угаасаа байнга ” улс төрждөг”  хэрнээ, басxүү эв найрамдлыг эрхэмлэдэг болохоороо хулганууд ч зөвшөөрч. Итгэл үнэмшилдээ үнэнч, бас гэнэн хулганууд муур багшийн хичээлд суугаад, тарахдаа, сэжигтэй байдлаар “цөөрсөөр” буйгаа анзаарч орхино. Тэнэг, гэнэн хэдий ч басxүү алив зүйлийн наана цааныг гадарлах болсон мөнөөх хулганууд, хоорондоо зөвшилцөн, мөнөөх багшдаа хөөргөн, онгиргож байгаад хүзүүнд нь хонх зүүлгэдэг юм.

Хэдийгээр зальтай ч, магтаал өргөмжлөлд дуртай муур багш, уг хонхоо хүзүүндээ зүүж, урьдын адил хичээл тарах үед, сүүлд нь  гарах хулганыг барихаар ухасxийхэд, хүзүүнд нь зүүлттэй хонхны дуугаар бусад хулгануудад баригдана. Үлгэр иймэрхүү маягаар төгсдөг л дөө. Түүнээс хойш чухам юу болсныг мэдэхгүй ч, балчир насандаа үргэлжлүүлэн ургуулж бодож асан.
Муур багшид дургүй хэрнээ, түүний худал амлалтад итгэн, багагүй хохирол амссан мөнөөх хулганууд одоо хэрнээ өөрсдийн нүхэндээ ‘улстөржсөөр ”  байгаа ч юм бил үү? Лав л хүзүүндээ хонх зүүсэн муур багшаар дахиад хичээл заалгаагүй л байх. Харин муур багш мөнөөх хонхоо дуугарган, хаа нэгтээ өөр гэнэн тэнэг хулганууд байж болох юм гэж эрж хайн бэдэрч яваа ч юм бил үү?
…Монголчууд “төрийн төлөө оготно боож үхэв” хэмээн сануулах бас ч шоолох маягаар хэлдэг. Бодвол төрийн төлөө энгийн “хулганууд”  нэг их санаа тавиад хэрэггүй ч гэдэг юм уу, эсвэл их оролцоод, шүүмжлээд байвал ” муур багш” бариад идчихдэг юм гэж эмээгээд байсны ул мөр байж болох. Гэхдээ л бидний сонгосон төр маань, оготнуудын цуглуулсан хөеөг нь өөрсдийн нүхэндээ зөөж аваачаад идэж завшаад, эсвэл муур багш шиг , худал амлаад нэг нэгээр нь барьж идээд байвал, “боож үхдэггүй юм”  гэхэд ядаж л дуугүй суугаад байж боломгүй. Ядаж л хулгана байлаа ч өөрийн нүхэндээ, хөеөгөө цуглуулаад бас ч тайван амьдарч, бас амьд байж энэ байгалийн сайхан болон ээвэр нарны илч дулааныг мэдэрмээр.

…Өнөөгийн Монголын төр засгийн гажуудал, хууль бус үйл ажиллагаа, хэт даварсан заль луйврын тухай бид амьдрал дээр ажиж, бас мэдэрдэг. Өөр хоорондоо ч ярилцана. Гадна талдаа болж бүтэж байгаа мэт харагдавч, яг дотооддоо хэрхэн ялзарч “өмхийрч”, “заваарч” байдгийг бид таамаглаж байвч, нотолж хараахан чаддаггүй. Яг л дээрхи үлгэрийн “муур багш” , хичээлийн дараа сүүлчийн хулганыг барьж идчихээд, маргааш юу ч болоогүй аятай , “гэгээн”  дүр үзүүлэн ном айлдаж байдагтай агаар нэгэн адил. Ийм л ил тод биш, хардлага дагуулсан, ойлгомжгүй байдалд л хүмүүс бухимдаад байдаг юм.
Хардаад, таамаглаад байгаа хэрнээ, нотолж чаддаггүйд л хамаг шалтгаан нь байгаа юм даа. Саяхан Монголын ТВ-ээр болон, өдөр тутмын зарим хэвлэлээр монгол Улсын экс ерөнхийлэгч Намбарын Энхбаяр илэн далангүй, “гэгээрсэн “өнгө аясаар, ” халуун сэтгэлээ” уудлан, бас онгойлгон байж ярилцлага өгчээ. Дотроо багтарч байсан бүхнээ дэлгэн урт амьсгаа авах мэт…
Сэтгэлээ уудлан, илэн далангүй ярьсан энэ ярилцлагаас, бид ил гаргаж нотолж чадахгүй, сэтгэл дотроо таамаглан, бухимдаж байсан олон асуудлын нотолгоог олж уншлаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Соёлын сайд, ерөнхий сайд, УЙХ-ын дарга, Монгол Улсын ерөнхийлэгч зэрэг бүх албан тушаалыг хашиж байсан ” ховорхон хувь заяат ” энэ эрхэм, худлаа таамаг төдий зүйл яриагүй гэдэгт миний бие итгэж байна.

ТААМАГЛАЛ ба НОТОЛГОО
-ТААМАГЛАЛ.  Өнөөгийн монголын төрийн эрх мэдэл барьж байгаа эрхмүүд, энэ ажилдаа чин сэтгэлээсээ ханддаггүйн илрэл нь, санаачлагагүй хариуцлагагүй байдлаар харагдаж байгаа.  Тэд мөнгө унагаахын тулд ” ямаанд 20 тэрбүм төгрөг хуваарилж”, яг хөгжлийн төлөө ХАА-н салбарт санаа тавьж, бодит ажил хийдэггүй. Намар намрын цагт дарга, цэрэг, малчид бүгдээрээ л найр наадам хэсч наргиж цэнгэж, морь уралдуулж, бэл бэнчингээ гайхуулж байсаар, өвлийн хариг цагт зуданд хамгаа алдана. Үүнээс болж гарах муу үр дагаврын төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа.
-НОТОЛГОО. Шуудхан хэлэхэд, энэ үгний цаана ажил хариуцсан хүмүүс, албан тушаалтан, төр засагт санаачлага сэтгэл дутаж байна гэсэн шүүмжлэл, гомдол аль аль нь байгаа. Ер нь хаана сэтгэл дутна, тэнд сэтгэл дутдаг шүү дээ. Энэ бол байгалийн зуднаас гадна “бодлоггүйн зуд, хариуцлаггүйн гамшиг”  гэгч айхавтар хэнэггүйтэл нүүрлэсний гай.   / Н.Энхбаяр/

-ТААМАГЛАЛ. Алив нэгэн асуудлаар намууд шийдвэр гаргахдаа, олон нийтийн эрх ашгийн төлөө бус, тодорхой бүлэглэлийн эрх ашгийн төлөөх хандлага давамгайлдаг. Асуудлыг эрүүл саруулаар хандаж, шүүмжилж эсэргүүцсэн хэнийг ч болов үл ойшоож, олонхоороо хуйвалдан шийдэх байдал газар авч байна.
-НОТОЛГОО. Нээрээ том зааланд ганцаархнаа эсрэг санал өгөх хэцүү шүү. Гэхдээ буруу замаар будаа тээвэл бүр ч хэцүү учир, ганцаараа ч гэсэн зөв юмны талд зогсох шаардлага хүний амьдралд тулгардаг. Олонхи дандаа зөв байдаггүйг тэгэхэд би яс махандаа мэдэрсэн. /1996 он/     /Н. Энхбаяр/
-ТААМАГЛАЛ. МАХН болон АН,  УЙХ-ын болон орон нутгийн сонгууль, ерөнхийлэгчийн сонгуулийн дүнг албаар будлиантуулж, олон нийтийн сонголтыг дур мэдэн өөрчлөх заваан үзэгдэл улам улмаар төгөлдөржсөөр байна. Тэд олон нийтийн сонголтод нөлөөлөхийн тулд худал амлах, мөнгө өгөх зэрэг муу аргуудаас гадна, санал тоолох явцыг албаар будилуулж, үүний төлөө элдэв хууль бус үйлдлийг хуйвалдан хийх болжээ. Энэ байдлын улмаас олон нийт,  сонгуульд саналаа өгөхөөс татгалзах, сонгуулийн дүнд эргэлзэх, тэр ч бүү хэл дургүйцэх үзэгдэл их гарах болсон. Үүний тод илрэл нь 7 сарын 1 ний үймээн байлаа.

-НОТОЛГОО. Урьд өмнө хэзээ ч, ямар ч сонгуулийн үед байгаагүй онцлог нь МАХН-ын удирдлагын, хуруу даран тоолбол, гарын таван хуруунд багтах цөөхөн хүн сонгуулийн ялалтын төлөө нойроо хугаслан, хоолоо хагаслан зүтгэж байсан намынхаа мянга мянган гишүүдээ дооромжлон, саналаа өгсөн олон зуун мянган сонгогчдоо үл тоомсорлон, намдаа ялалт авчрахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн нэр дэвшигчээ хууран мэхэлж, санаатайгаар унагаасан. Eрөнхийлэгчийн сонгуулийн луйвrыг 2008 оны УЙХ-ын сонгуулийн зарим, тойрогт туршиж үзчихээд, тэр ов мэхээ давтан хийсэн ч гэж хэлж болно.
…Сонгуулийн луйвар булхайн тухай бид өмнө ч их ярьсан. 7 сарын 1 ний үйл явдал ч сонгуулийн луйвартай холбоотойгоор өрнөсөн шүү дээ.       /Н.Энхбаяр/
-ТААМАГЛАЛ. Сүүлийн үед сонгуулийн тойргоор наймаалцаж, өөр хоорондоо хуйвалдаж, зохицох байдлаар ард олны сонголтыг бүдүүлгээр зохицуулах үзэгдэл МАХН, АН-ын удирдалгуудын оролцоотойгоор ил тод хийгдэх болсон.  Энэ нь МАХН-аас М.Энхбoлдыг нэр дэвшсэн нөхөн сонгуульд, АН-аас нэр дэвшиж байсан
Элбэгдөрж нэрээ татаж, энэ жилийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Зоригтыг АН дэмжиж сонгуулсан үзэгдэл улс төрийн хуйвалдааны том жишээ байгаагүй гэж үү? Энэ намууд эрх мэдлийн хуваарилалтын төлөө, сонгуулийг ч хуйвалдаан болгон хувиргах болжээ.

-НОТОЛГОО.  Нэр дэвшүүлэх бага хуралд намайг оролцуулаагүй, үг хэлүүлээгүй, социолагийн судалгаагаар хэн нь ямар реитингтэй байгаа юм бэ? гэж асуухад ч хариулаагүй. Ийм л юм болсон. Ичмээр юм болсон. Цаанаа АН-тай наймаалцчихсан, үгсчихсэн байсан тул, бодит реитинг, үнэн дүр зургийг нуух хэрэгтэй байж л дээ.       /Н. Энхбаяр/
-ТААМАГЛАЛ. Ямар ч тохиолдолд, хэн ч байсан Улс орны эрх ашгийн төлөө улстөрчид нэгдмэл нэгэн бодлого, зорилттой байж л тусгаар тогтнолоо хамгаалдаг. Харин сүүлийн үед Оюу толгой болон Тавантолгой, бусад ашигт малтмалын ордуудын ашиглалтын төлөө улс орны бус хувийн, эсвэл тодорхой бүлэглэлийн  ашиг сонирхлын төлөө “наймаалцаад байна”. Тэд энэ үйлдлээрээ Монгол Улсын хөгжил болон тусгаар тогтнолын асуудалд ноцтой хохирол учруулж болзошгүй болж байна.
-НОТОЛГОО. Уг нь гадаад харилцааны асуудал дээр хэн бугай ч, ямар ч байгууллага Монгол Улсын эрх ашгийн төлөө нэг л дуу хоолой, зарчим, байр суурьтай байх ёстой. Гэхдээ Монголчууд хэн нэгнийгээ муулахын тулд, “өртэйгээ ” хүлээн зөвшөөрч байхад, тэд “аманд орсон өөх”-ийх хэлээрээ юу гэж түлхэх юм бэ?
…Харин хохирогчид нь албан тушаалтнууд бус, ард түмэн болж байгаа юм.
…Нэг хариуцлагагүй үг, нэг булхайтай сонгууль ард түмэнд ямар хүнд, ямар өндөр өртөг, үнэтэй тусч байна вэ?     /Н.Энхбаяр/

-ТААМАГЛАЛ. Эрх мэдэл, албан тушаалын төлөө сонгуульд худлаа амалж, хууран мэхэлсний төлөө, ичдэггүй, хариуцлага хүлээдэггүй эрээ цээргүй байдал газар авах болжээ. МАХН, АН сүүлийн сонгуулиудад ард иргэдэд өгнө гэж амалсан 1.5 сая төгрөгийн амлалт үүний жишээ. Өнөөдөр амлалтаа биелүүлж чадахгүй байгаагийн төлөө тэд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаагаар үл барам, амлалтаа биелүүлэх нэрийн дор бага хэмжээний мөнгө тарааж ард нийтийн сэтгэхүйгээр тоглож, улсын эдийн засагт муугаар нөлөөлж байгаа. Энэ амлалтаа биелүүлж чадахгүй, хуурч мэхэлж байгаа үйлдэл нь, энэ 2 намд хариуцлага тоооцон татан буулгах үндэслэл болох учиртай.
-НОТОЛГОО. Одоо хараад байхад, худлаа ярьж, хуурч мэхэлснээ улстөрчид шалавхан мартуулахыг хичээдэг болж. Өөрсдөө мартвал хүмүүс мартана гэж боддог бололтой.
…Хэн сайн хуурсан нь, хэн хэлснээ мартаж, бултсан нь хождог, хамтарч том том, хүнд хүнд асуудлыг шийдэх бус, хамтарч аваад хуйвалддаг улс төр байгаа цагт, цөөн дарга нар жаргаж, ард түмэн зовно.     /Н.Энхбаяр/
-ТААМАГЛАЛ. Заль мэхээр эрх мэдэл, албан тушаалд очсон эрхмүүд уг ажлаа сайн хийж, улс орны хөгжилд санаа тавихын оронд, өөрсдийн эрх ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа нь нууц биш. Монголд хариуцлагын тогтолцоо байдаггүйн улмаас тэд улам бүр эрээ цээргүй аашлах болжээ. Эх мэдэлтэнгүүд заль луйвар, тэр ч бүү хэл гэмт хэрэг үйлдээд ч хариуцлага хүлээхгүй байгаа нь тэдэнд дураар аашлах боломжийг олгож байна.
-НОТОЛГОО. Сүүлийн үед сонгууль ч байсан, төр засгийн, эсxүл намын ажил ч байсан тэрэндээ эзэн болж хийхийн оронд эзэнгүйдүүлж орхидог, хариуцлагаас бултдаг “моод” дэлгэрч байх шиг. Ийм “урваач, шарваач” улс төр газар авбал, нэг хүнд биш нийт улс оронд хортой.        /Н.Энхбаяр/

-ТААМАГЛАЛ. Улстөрийн намуудын удирдлагууд , улс төрийг бизнес болгон хувиргаж,
албан тушаал эрх мэдлийг наймаалцан, хүнд суртал, авилгал, хээл хахуулын торон сүлжээгээр “мөнгө босгон” баяжицгааж байна. Төрийн албан тушаалд очихын тулд авилгал өгдөг, ах дүү танил тал, тодорхой бүлэглэлээрээ эрх мэдлийг авч, сүлжээгээрээ дамжуулан бизнес хийж байгаа нь өнөөгийн Монголын төрийн албыг хүчгүйдүүлж байгаа. Шийдвэр гарах түвшинд чин шударга, ажил хэрэгч, эрдэм чадалтай бус хэн нэгний “татаас “, болон “хармааны ” хүмүүс ажиллаж байгаа нь олон нийтийн бухимдах, барьцах сэтгэлгээг бий болгож байна.
-НОТОЛГОО. Шулуухан хэлэхэд өнөөдөр Монголд “рэнт” -ийн буюу “төлбөрийн тогтолцооны ” гажиг үүсэн тогтсон байна. Цөөн бүлэг хүмүүс албан тушаал, авилгал хээл хахуул,  алт мөнгөөр бие биедээ тал засан, “төлбөр” төлж, нэг нэгнийгээ хаацайлан хамгаалж, харин ард түмнээ үл тоон амьдардаг гажуудлыг олон улсад “төлбөрийн тогтолцоо” гэж томьёолдог.
…Чадваргүй, ёс суртахуун дорой хүмүүс “төлбөр төлж” албан тушаалд томилогддог, эрх мэдэлд хүрдэг шүү дээ. Намдаа төлбөр төлнө. Албан тушаал, сонгуулийн луйвар, бэлэн мөнгө, лиценз, газраар төлбөр хийгдэнэ. Худлаа ярьж, ам ажил нь зөрнө. Нилээн хэд хууртсаар залхсан ард түмэн ч сонгуулиар эрхээ эдлэх биш саналаа “худалддаг”, нэг ёсны эрх чөлөөгөө худалддаг болно. Ингэснээр хариуцлага үгүй болдог.     /Н.Энхбаяр/
-ТААМАГЛАЛ. Ардчилсан хувьсгал ялсанаас хойшхи 20 жилд, бидний хүрч болох олон сайхан үр дүн, аажим аажмаар үгүй болж байгаа төдийгүй, цөөн хүмүүс ардчилалыг өмчилж, үр дүнгийг нь завшиж, “ингэх эрхтэй ” мэтээр олон нийтэд ойлгуулахыг оролдож байна. Тэд өдгөө болтол өөрсдийгөө дархалж, алдаршуулахыг хүсч, үүнийхээ төлөө төр болон хууль ёсыг гажуудуулж байна.
-НОТОЛГОО. Ардчилалыг хэдэн хүн “хувьчлаад авчихсан” л байгаа гэдэг нь нууц биш.
Ардчилал гэдэг, ард түмнийхээ дуу хоолойг сонсоно, тэднийхээ хүсэл зорилгыг үйл хэрэг болгоно гэсэн үг. Гэтэл дарга нар жаргаж, ард түмэн зовно гэдэг бол, иргэдийнхээ үг, хүсэл эрмэзлэлийг дээрээ сонсохгүй байна, өөрсдөө санаанд орж ирсэнийгээ ард түмэнд тулгаж байна гэсэн үг.         / Н.Энхбаяр/
-ТААМАГЛАЛ. Өнөөгийн Монголын төр нэгдсэн бодлогогүй болж, төрийн эрх мэдэлд гарч ирсэн бүлэглэлүүд, өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс дур зоргоороо авирлах болжээ. Үүний тулд тэд өмнөх эхэлсэн ажлын үр дүнг үгүйсгэх төдийгүй, ямар ч тооцоо судалгаагүйгээр, баримжаагаар төрийн ажлыг явуулж байна. Нэн тэргүүнд анхаарч санаа тавин, өөрчлөх учиртай хууль зүй, боловсрол, эрүүл мэндийн салбар болон татвар даатгалын тогтолцоонд ямар ч сайн зүйл хийгээгүйгээр барахгүй хийхийг ч оролдохгүй байгаа  нь үүний нэгэн тод жишээ.
-НОТОЛГОО. Төр засаг бодлогогүйгээсээ болж, эсxүл бодлоготой байхад түүнийг мэдэн будилж, зөрчин гаргасан шийдвэр, улсаа ч гадаад түншээ ч,хувийн компаныг ч, мөнгө босгох гэж буй банк санхүүгийн байгуулллагыг ч бүгдийг нь хооронд нь зөрчилдүүлэн талцуулж, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм.
…Төрөөс бизнесийн үйл ажиллагаанд хутгалдахаа болих, түүний оролцоог аль болохоор хумих,  удирдах, даргалах бус, үйлчлэх туслах зарчмыг хатуу баримтлахгүй бол, зах зээлийн харилцаа, эрүүл бизнес, эдийн засгийн эрх чөлөө бодит утгаараа хэрэгжихгүй, ажлын байр бий болохгүй, арилжааны банк олноороо дампуурсан хэвээр, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа зогссон хэвээр байх болно.
/Н.Энхбаяр/

-ТААМАГЛАЛ. Удйрдаж байгаа улс төрийн хүчин,  түүгээр дамжин эрх мэдэлд хүрч байгаа хүмүүс өнөөгийн хөгжлийн шаардлагыг хангаж чадахгүйд хүрч байна. Тэд энэ ажлыг муу хийж байгаагийн төлөө, хийж чадахгүй байгаагийнхаа төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаагаас тэдний ёс суртахуун улам улмаар доройтож, ичих санаа зовох зэрэг наад захын хүнлэг чанараа алдаж, улайрал шуналд хөтлүүлсээр байна. Тэд өвдвөл төсвийн мөнгөөр гадаадад эмчлүүлж, хүүхдүүдээ төрийн сангийн мөнгөөр гадаадад сургаж, үүнийгээ эрх мэдэл албан тушаалын илэрхийлэл гэж үзэх болтлоо “мангуурч ” байгаа.
-НОТОЛГОО. Би бодохдоо хүний албан тушаал, хариуцлага 2 шууд холбоотой. Албан тушаал ахих тусам хариуцлага нэмэгдэж, муу зуршил алга болох ёстой.Учир нь албан тушаал дээхслэх тусам, тэр албан тушаалтны хэлсэн үг, хийсэн ажлаас олон хүний, магадгүй нийт ард түмэн, улс орны хувь заяа түүхэн тэр хугацаанд шалтгаална шүү дээ.
…Ер нь аливаа асуудалд улстөржих, шоудах, амин хувийн явцуу эрх ашигт нийцүүлэх үүднээс сэтгэлийн хөөрлөөр, цээжиний бангаар хандах нь туйлын хортой үр дагавартай байдаг гэдгийг манай улс төрчид ухаарч, ш/у ны үндэслэлтэйгээр асуудлыг хөндөн тавьж байх нь чухал байна.             /Н.Энхбаяр/
-ТААМАГЛАЛ. Өнөөгийн монгол төрийн удирдах тогтолцоо бүрэн гажуудалд оржээ. Энэ байдлыг өөрчлөхийг олон нийт хүсч байна. Гэхдээ үүнийг яаж хийхээ сайн мэдэхгүй байгаагийн хажуугаар одоогийн Монгол оронд тогтсон олигархжсан төрийн хууль бус тогтолцооноос эмээж байгаа. Олон нийт төдийгүй өнөөдөр төрийн алба хашиж байгаа, намуудын удирдлагад байгаа эрүүл саруул бодол санаатай хүмүүс ч ийн бодож байна. Ямартай ч өнөөдөр энэ байдлаар удаан явж болохгүй заавал өөрчлөх шаардалагатай гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа.
-НОТОЛГОО. “Төлбөрийн тогтолцооноос хариуцлагын тогтолцоо руу ” хурдан шилжихгүй бол, улсын хөгжил, хүний амьдрал аль аль нь баталгаагүй байна.
…Уг нь ард түмэн тийм дорвитой өөрчлөлт хүлээж байдаг нь ойлгомжтой учир, тэгэх хүсэл, зориг тухайн орны удирдлагад байгаа эсэхээс бүх асуудал шууд хамаарна.
/Н.Энхбаяр/
Сэтгэлээ нээж, “гэгээрсэн” энэ ярилцлагаас өөрийн таамаглаж байсан зүйлдээ олж авсан нотолгоо энэ. Тэрээр ярилцлагын төгсгөлдөө,  хэрэв Монголын ард түмэн, өнгөрсөн “алдаагаа ухаарч”, түүнд итгэж найдваас, бас “эргэн хүсэмжлэвээс”, татгалзахгүйгээр барахгүй, дахиад л “хүчин зүтгэх хүсэлтэй ”  байгаагаа шууд илэрхийлнэ билээ.

ДҮГНЭЛТ
Н.Энхбаяр гэдэг хүнийг хувь хүнийх нь хувьд би мэдэхгүй. Тэрээр намайг шагнаж, эсвэл шоронд хийж байгаагүй болохоор хувь хүнийхээ хувьд тэр хүнийг учиргүй магтаад, эсвэл үзэн ядаад байх шалтаг надад үгүй. Харин өнөөгийн монгол орны хөгжил, монгол хүний үнэ цэнэ алдагдаж байгаа энэ цаг дор ” төрийн төлөөх оготно ” болж байдгийн хувьд , өөрийн бодлоо хэлэх эрх надад буй.
-Монгол оронд ардчилал ялснаас хойшхи 20 жилд Монголын хуучинсаг мөртлөө, өнөөдөр ч хүчтэй байгаа МАХН-ыг удирдаж байсан, энэ намаар дамжин, үнэмлэхүй эрх мэдэл болох Монгол улсын Соёлын сайд, ерөнхий сайд, УЙХ-ын дарга, Ерөнхийлэгчийн албыг халаагүй хашсан энэ эрхэм өнөөдөр өөрөө шүүмжлээд байгаа тогтолцоог бий болгоход гол үүрэгтэй оролцоогүй гэж үү?
-Энэ бүх эрх мэдэлд байж, төрийн эрх мэдлийг гартаа атгаж ахуй цаг дор, өнөө ухаарч байгаа энэ “гэгээрэл ” -ээ хэрэгжүүлэх боломж байгаагүй гэж үү? Одоо ч гишүүн байгаа МАХН-аа дарга нь байхдаа өөрчилж чадахгүй байсан гэж үү? Энэ хүнээс илүү эрх мэдэлд хүрч байсан “хувилгаан” өнөө хэр Монгол оронд төрөөгүй байгаа. Тийм ч болохоор маш олон муу үзэгдлийн хариуцлага түүнтэй шууд холбоотой. Үгүй гэж үү?

-Н.Энхбаярыг энэ бүх эрх мэдлийг атгаж, улс орныг удирдан жолоодож байх хугацаанд хувийн ашиг сонирхлыг урьтал болгон, албан тушаалыг бизнес болгон худалдаалж,   авилгал хээл хахуулаар баяжиж байгаа баримтуудыг нэрт нийтлэлч Баабар болон улстөр судлаач Д.Ганхуяг нар удаа дараа бичсэн боловч, хэн ч үүнийг нотолж, хариуцлага хүлээлгээгүй. Гэсэн атлаа хэн ч үүнийг эсэргүүцэн няцаагаагүй. Ийм л “өөх ч биш, булчирхай ч биш”  үзэгдэл дунд эгэл бид амьдарч, гайхаж, хардаж, бас бухимдаж байгаа.
-Өнөөдөр гадаадад болон монголдоо ажиллаж амьдарч байгаа олон олон монголчууд,  өнөөгийн монголын улстөрийн хариуцлагагүй тогтолцоог өөрчилж, шударга ёс, хууль зүйг сахиж мөрддөг эрх тэгш тогтолцоог бий болгохыг хүсч байгаа. Гэхдээ тэд өөрчлөх хүслээс илүүтэй, мөнгөжсөн, бүх зүйлийг мөнгө эрх мэдлээр шийдэж, хууль ёсыг зөрчиж, бусдыг дарамтлан сүрдүүлж байгаа энэ тогтолцооноос айж байгаа нь нууц биш. Олон нийтийг ийн дарамталж айдаст автуулан, сонгох, сонгогдох эрхээр нь тоглоом тохуу хийж байсны төлөө хэзээ нэгэн цагт та нартай хариуцлага тооцох цаг ирнээ.

-Чин үнэнийг хэлэхэд ” иргэн” Н.Энхбаярын энэ ярилцлагыг уншаад олон хүн уярч уйлсан байж магадгүй ч, миний зүгээс түүнд итгэхгүй байна. Үүнийг уншаад Монгол орны хөгжлийн төлөөх чин сэтгэлийн санаа зовинол бус, ямар нэгэн аргаар улс төрд байж, хэн нэгэнтэй, бас олон нийттэй тооцоо бодох хүсэл мэдрэгдэж байна. Хариуцлагаас зайлсxийх, улам илүү эрх мэдэлтэй болж, олон нийтэд таалагдах гэдэг өчүүхэн хүсэл. Биднийг цаг хугацаа бас түүх шүүдэг гашуун үнэн бий. Энэ бол зөвхөн Энхбаяртай хамаатай ч бус өнөөдрийн Монголын төрд эрх мэдлээрээ дураараа дургиж, хэзээ ч хариуцлага хүлээхгүй мэтээр мунхаглаж яваа бүх хүмүүст хамаатай.
…”Муур багшийн үлгэр” ингээд л төгссөн. Хүзүүндээ хонх зүүсэн муур багш хаана яаж явааг мэдэхгүй. Хонх зүүсэн хулганууд хаана байгааг ч хэлж мэдэхгүй. Гэхдээ “төрийн төлөөх” оготнууд дахиад муур багшаар хичээл заалгаж гэнэдэхгүйг л мэдэж байна. Тэр оготнууд өөрсдөө хөеөгөө цуглуулан, гадаах нарны дулаан элчинд, жаргалтай сайхнаар дулаацан, амар амгалан амьдрахыг л хүсч байгаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-03-18

Share Your Thoughts